Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
Хэргийн индекс | 188/2022/0513/Э |
Дугаар | 2022/ШЦТ/504 |
Огноо | 2022-04-25 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Х.Нарангуа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 2022/ШЦТ/504
2022 04 25 2022/ШЦТ/504
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан,
улсын яллагч Х.Нарангуа,
шүүгдэгч Т.Т..........гс нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг эрүүгийн 2108 0291 40279 дугаартай хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн 1 хавтаст хэргийг 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Барнууд овогт Т..........сийн Т..........гс, Монгол Улсын иргэн, Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 1988 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эх, 2 дүүгийн хамт амьдардаг, Орхон аймаг Баян-Өндөр сум, ............. тоотод түр оршин суух бүртгэлтэй, регистрийн дугаартай Р..................9, урьд
- Сүхбаатар дүүргийн шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 200а дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Баянзүрх дүүргийн шүүхийн 2012 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 33 дугаар захирамжаар 7 сар 08 хоногийн хорих ялыг тэнсэж хянан харгалзаж нэн даруй сулласан.
- Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 328 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлсэн.
- Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 473 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.Т..........гс нь согтуурсан үедээ 2021 оны 11 дүгээр сарын 07-ны шөнө 01 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ................ тоотод нагац ах Д.Г.............хийг ээжийгээ зодохоо боль гэж хэлэхэд нь маргалдан улмаар зодож эрүүл мэндэд нь зүүн хөмсөг, зүүн шанаа, эрүү, цээж, зүүн бугалга, зүүн шуу, баруун гарын чигчийн хуруу, ядам хуруу, баруун шуу, баруун сарвуунд шарх, баруун нүдний дээд зовхи, доод зовхи, зүүн нүдний дээд зовхи, хүзүү, нуруунд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.
Шүүгдэгч Т.Т..........гс нь 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо Ногоочны ................ тоот гэртээ эх Д.М................ртыг медаль авсныг гэр бүлийн хүрээнд тэмдэглэж архидан согтуурсан байна. Ийнхүү архидан согтуурч байхдаа Т.Т..........гс нь тодорхой шалтаг шалтгаангүйгээр эх Д.М................ртыг зодсон байх бөгөөд энэ үед тухайн зодооныг салгахаар очсон нагац ах Д.Г.............х нь Т.Т..........гст “эхийг ээ зодож яаж байгаа юм гэж” шаардлага тавин түүний нүүр лүү гараараа цохиход тэрээр эргүүлэн түүний биед гар, хөл, заазуураар халдаж эрүүл мэндэд нь зүүн хөмсөг, зүүн шанаа, эрүү, цээж, зүүн бугалга, зүүн шуу, баруун гарын чигчийн хуруу, ядам хуруу, баруун шуу, баруун сарвуунд шарх, баруун нүдний дээд зовхи, доод зовхи, зүүн нүдний дээд зовхи, хүзүү, нуруунд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан хэргийн нөхцөл байдал тогтоогдов.
1.2 Нотлох баримтын үнэлгээ
Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Хэрэг учрал болсон гэх газар нь Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо Ногоочны ................ тоот төв замаас баруун тийш 1000 орчим метр зайд ертөнцийн зүгээр зүүн тийш харсан ногоон өнгийн төмөр дааман хаалгатай хүрэн өнгийн модон хашаа байв...хашааны урд талд...5 ханатай монгол гэр байв. Уг гэрт хүн хутгалуулсан гэх тул үзлэгийн явуулж...орны урд талд 1х1 метр орчим талбайд цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон байсныг шинжээчийн гэрэл зургаар бэхжүүлэн авав. ...Шүүгээний шургуулгыг онгойлгож үзэхэд ажлын хэсэг 16 см, бариул хэсэг нь 9 см, ажлын хэсгийн дунд хэсэгт 1х2см талбайд цус мэт, улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон заазуур байсныг шинжээч 6 гэж дугаарлан үзлэгийн тэмдэглэлээр хурааж авав...” гэх үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 5-6 дахь тал),
- Мөрдөгчийн 2022 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн Эд мөрийн баримтаар тооцох тогтоолд: “...Хар өнгийн иштэй заазуурыг эд мөрийн баримтаар тооцов...” гэх баримт (хавтаст хэргийн 11 дэх тал),
- Хохирогч Д.Г.............хийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн эгч М................рт медаль авсан гээд намайг дуудахаар нь Сонгинохайрхан дүүргийн Ногоочны 2-44 тоотод очсон. Тэнд эгч М................рт түүний хүү Тэмүүжин нар байсан ба би эгчтэй 1 шил архи уусан, намайг очиход эгч М................рт болон хүү Тэмүүжин нар жаахан согтуу байсан. Тэгээд Тэмүүжин эгчийг зодоод байхаар нь салгах гэж очсон чинь намайг гараараа нүүр рүү хэд хэдэн удаа цохиод гал тогооны өрөөнөөсөө заазуур гаргаж ирээд эрүүний доод хэсэг рүү, баруун гарын чигчий хурууны орчимд, эгмийн ойролцоо зүүн гарын шуу хэсэгт заазуураар зүссэн, бас баруун талын хавирга руу өшиглөөд байсан хөндүүр болсон байна. Тэмүүжин манай эгчийг буюу ээжийгээ зодоод байхаар нь салгах гээд очтол намайг зодсон, би эгчийг зодоод байна яаж байгаа юм чи гээд нүүр рүү нь 1 удаа гараараа цохисон чинь намайг зодсон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дахь тал),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 10972 дугаартай дүгнэлт:
“...Хэсэг газрын үзлэгт: Баруун нүдний дээд зовхинд 4.5х1.3см доод зовхинд 4.5х1.3см хөх ягаан өнгийн цус хуралттай, орчны эдээс овойж хавдсан. Зүүн нүдний дээд зовхинд 3.5х1см хөх ягаан өнгийн цус хуралттай. Зүүн хөмсөгт 1.5см урт, зүүн шанаанд 1.5см, эрүүний зүүн болон урд хэсгийг хамарсан хөндлөн байрлалтай 8 см урт, цээжний урд дээд хэсэгт 6см урт тах хэлбэрийн, зүүн бугалганы урд дунд хэсэгт босоо байрлалтай 3,5см урт, зүүн шууны урд дээд болон дунд хэсгийг хамарсан босоо ташуу байрлалтай 13.5см урт, баруун сарвууны чигчийн хурууны уг хэсэгт 2.5см урт тус тус мэс заслын оёдол бүхий шархтай. Баруун гарын ядам хурууны уг хэсэгт 1.5см урт баруун шууны дотор доод хэсэгт хөндлөн байрлалтай 3см урт зүсэгдсэн шархтай, баруун сарвууны ард дээд хэсэгт 0.8х0.8см зах ирмэг тэгш бус хуйларсан шархтай. Хүзүүний ар хэсэгт 4х2.5см хөх ягаан өнгийн цус хуралттай. Нурууны баруун дунд хэсэгт 8,5х4см хөх ягаан өнгийн цус хуралттай...ДҮГНЭЛТ
1. Д.Г.............хийн биед зүүн хөмсөг, зүүн шанаа, эрүү, цээж, зүүн бугалга, зүүн шуу, баруун гарын чигчий хуруу, ядам хуруу, баруун шуу, баруун сарвуунд шарх, баруун нүдний дээд зовхи, доод зовхи, зүүн нүдний дээд зовхи, хүзүү, нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх шарх гэмтлүүд нь ир ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр, хуйларсан шарх, цус хуралт гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.
3. Хэрэг болсон гэх ойролцоо цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.
4. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх шарх, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт гэмтлүүд нь тус тус эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх зүүн нүдний дээд зовхи, хүзүү, нуруунд цус хуралт гэмтлүүд нь тус тус эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 22-23 дахь тал),
- Шүүгдэгч Т.Т..........гсийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Ээжийг медаль авсан гээд ээжийн дүү нар болох Г.............х ах, охин Намуун, Тунгаа эгч нөхөр нь Очироо ах 4 хүүхдийн хамт ирээд хоол унд идээд 1 шил архи уусан. Би өдөр нь архи уучихсан халамцуу байсан дээрээ нэмж ээжийн ах дүү нартай уусан. Тэгээд Г.............х ахаас бусад нь бүгд явцгаасан. Г.............х ахтай ганц нэг архи ууя гээд ахыг үлдчих гээд үлдээсэн юм. Ээж намайг гал түлчих гээд би гаднаас нүүрс оруулаад тамхи татаад гэртээ буцаад орсон чинь Г.............х ах ээжийг цохиод унагаасан байдалтай байхаар нь би Г.............х ах руу яаж байгаа юм пизда минь гэсэн чинь Г.............х ах миний нүүр рүү цохиод авахаар нь би Г.............х ахыг бас зөрүүлж нүүр рүү нь гараараа 2-3 удаа цохисон миний цээж рүү өшиглөөд байсан. Тэгээд ширээн дээр байсан иш нь хар өнгийн олсоор бүрсэн заазуурыг аваад гар, цээж хэсэгт нь зүссэн...би Г.............х ахад эмчилгээний мөнгө гээд өөрт нь 200.000 төгрөг бэлнээр өгсөн байгаа Г.............х ах намайг зодсон асуудал гомдол санал гэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 92-93 дахь тал) зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Шүүгдэгч Т.Т..........гс нь шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Т.Т..........гс нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.
1.4.Эрх зүйн дүгнэлт
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 10972 дугаартай дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Т.Т..........гс нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр “ээжийг өмөөрсөн” гэх сэдэлтээр хохирогч Д.Г.............хийн эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Шүүгдэгч Т.Т..........гс нь гараараа болон заазуурыг зэвсгийн чанартай ашиглаж хохирогч Д.Г.............хийн биед зүүн хөмсөг, зүүн шанаа, эрүү, цээж, зүүн бугалга, зүүн шуу, баруун гарын чигчий хуруу, ядам хуруу, баруун шуу, баруун сарвуунд шарх, баруун нүдний дээд зовхи, доод зовхи, зүүн нүдний дээд зовхи, хүзүү, нуруунд цус хуралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Т.Т..........гсийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Харин мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогч нар хэргийн үйл баримтын талаар хохирогч “...эхийгээ зодохоо боль гэж шаардлага тавихад намайг цохисон...” гэж, шүүгдэгч “...Д.Г.............х ээжийг цохиод унагаасан байхаар нь би цохисон...” гэж зөрүүтэй мэдүүлсэн байх хэдий ч шүүхээс хэргийн үйл баримтыг тогтоохдоо гэмт хэрэг гарсан өдрөөс хойш 2 хоногийн дараа буюу 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр өгсөн хохирогчийн мэдүүлгийг үнэн зөвд тооцож тогтоосон болно.
1.5. Хохирол, хор уршиг
Хохирогч Д.Г.............х нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд эмчилгээний зардалд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй байх тул шүүгдэгч Т.Т..........гсийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “...шүүгдэгч Т.Т..........гсийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цаг нийтэд тустай ажил хийх ял ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй гэх дүгнэлтийг...”
Шүүгдэгч Т.Т..........гс нь улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүгдэгч Т.Т..........гс нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгчийн хувийн байдлыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 44 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 42 дахь тал), шийтгэх тогтоолын хуулбарууд (хавтаст хэргийн 61-64, 79-80, 116-120, 121-124 дэх тал), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 49, 50, 52 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 45 дахь тал), Шонхор Тас ХХК-ний ажлын газрын тодорхойлолт (хавтаст хэргийн 114 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар тогтоов.
Иймд улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгч Т.Т..........гсийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Т.Т..........гсөд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсантай холбогдуулан эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8-аас дээшгүй цагийн хугацаагаар тогтоож, шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг ажлын 1 хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.
2.3. Бусад асуудлын талаар
Эрүүгийн 2108 0291 40279 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нийт урт 27.5 см урт, ажлын хэсгийн урд 17.5 см, ажлын хэсгийн өргөн дунджаар 5.4см хэмжээтэй, бариул хэсгийг утсаар ороосон хар иштэй 1 ширхэг заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.5 дугаар зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь;
1. Шүүгдэгч Барнууд овогт Т..........сийн Т..........гсийг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч Т.Т..........гсийг 480 (дөрвөн зуун наян) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Т.Т..........гсөд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагийн хугацаагаар хийлгэхээр тогтоосугай,
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.Т..........гс нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 27.5 см урт, ажлын хэсгийн урд 17.5 см, ажлын хэсгийн өргөн 5.4см хэмжээтэй, бариул хэсгийг утсаар ороосон хар иштэй 1 ширхэг заазуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн ирсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХЗУЛ