Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 754

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 184/ШШ2018/00754

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярмаа би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Б/-гийн

Хариуцагч: Д.Б/-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 8.250.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2018 оны 01 дүгээр 19-ний өдөр хүлээн авч, мөн сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баянжаргал нар оролцов.

                                                                        ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Б.Бшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х шүүхэд гаргасан тайлбартаа: Б.Бнь 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Д.Б, Б.Бнарын хооронд 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан. Б.Б2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 5.000.000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 5.000.000 төгрөг нийт 10.000.000 төгрөгийг Б.Бнь данснаасаа Д.Бд шилжүүлж өгөөд 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр гэрээг байгуулсан. Гэрээний хугацаа 69 хоногийн хугацаатай. Хүү нь 2.000.000 төгрөг байхаар талууд харилцан тохиролцсон. Хуульд заасан шаардлагыг хангаж гэрээг байгуулсан. Үүнээс хойш Д.Б нь хүүнд 2.000.000 төгрөг, үндсэн төлбөрт 4.500.000 төгрөг, нийт 6.500.000 төгрөгийг цувуулж өгсөн. Б.Бнь 2016, 2017 онуудад зээлийн эргэн төлөлтийг шаардсан боловч удахгүй төлнө гэж байсан боловч утсаа авахгүй алга болсон. Иймээс Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаад эрэн сурвалжлах шийдвэр гарсан. Үүний дагуу Цагдаагийн байгууллага Д.Б нь хуучин хаяган дээрээ байна гэсэн тодорхойлолт ирсэн. Ингээд тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэрээний хугацаа дуусахаар байсан. Зээлийн гэрээний 8 дугаар зүйлд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн хоног тутамд 0,5 хувийн алданги тооцохоор тохиролцсон байсан боловч Иргэний хуульд зааснаар үндсэн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй гэж зааснаар тооцоолсон. Иймд хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэл 5.500.000 төгрөг, алданги 2.750.000 төгрөгийн хамт 8.250.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Бичгийн баримтаар үйлдсэн гэрээ хэрэгт байгаа. Өөрийн төрүүлсэн 2 хүүхдийнхээ данснаас мөнгийг авч шилжүүлсэн. Д.Бгийн тайлбараас харахад 10.000.000 төгрөгийг авснаа хүлээн зөвшөөрсөн байдаг. Б.Булганаа, Д.Б нар нь энэ асуудлаас болоод муудалцсан байдаг. Хүүгээ 1 сарын дараа авъя гэхэд хугацаа нь болоогүй байна гэж хэлсэн байдаг. Хариуцагч 12.000.000 төгрөгийг өгсөн гэж тайлбарлаж байгаа ч үүнийгээ нотлох баримтыг хэрэгт өгөөгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-д хэргийн оролцогч үнэн зөв тайлбар өгөх үүрэгтэй гэж зааснаар хариуцагч нь 12.000.000 төгрөгийг өгсөн баримтаа буюу татгалзлаа нотлох бармитыг өгөх ёстой байсан. Ганцхан өргөдөл нэртэй хариу тайлбар байдаг. Хариуцагч хүүнд 2.000.000 төгрөг, үндсэн төлбөрт 4.500.000 төгрөгийг төлсөн гэдгийг нэхэмжлэгч талд хүлээн зөвшөөрч байна. Үлдсэн төлбөрийг төлсөн гэх баримт хэрэгт байхгүй учраас нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

Хариуцагч Д.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Надаас мөнгө нэхэмжилж байгаа Булган гэдэг эмэгтэй нь надаа өөрөө санал тавьж мөнгө хүүтэй зээлдүүлж өгөөч гэж надад их хэмжээний мөнгө байна удаан хугацаагаар байнга хүүлнэ гэсэн санал тавьсан. Тэгээд нэг өдөр өөрөө утасдаж миний ярьсныг яаасан яг одоо надаас 5.000.000 авбал авчихаар хүн байвал өгчих, орж ирээд аваадах би гарах гээд байна гэснээ эдийн засагчаас аваарай гэсэн. Тэгээд би орж авсан. Дахиад хэд хоногийн дараа 30.000.000-ийг авах уу гэж залгасан. Би арай ийм их мөнгө гаргаж чадахгүй гээд ажил төрлийн холбоогоо бодож 5.000.000 авсан гэтэл дахиад хэд хоноод дуудсан. Хоёулаа 10.000.000 дээрээ нотариатаар орчихъё зүгээр л авсан өгснөө нэгтгээд баталгаажуулчихъя гэсэн. Тэгье гээд би гарын үсэг зурсан. Гэтэл 7 хоноод хүүгээ авъя гэсэн. Юу гэсэн үг вэ энэ чинь сарын дараа нь л ашиг чинь чамд очино ш дээ гэтэл тэгвэл би сарын дараа 4.000.000 хүүнд авна гэсэн. Юу гэсэн үг вэ чи юмаа сайн бодож үз, сард 1.000.000 төгрөгийн хүүтэй шүү дээ сайн бод гэж утсаар ярьсан. Гэтэл ерөөсөө таг чиг байснаа нөгөө 4.000.000 нэхэмжилээд эхэлсэн. Чи юу яриад байгаа юм бэ өчнөөн удаан хугацаагаар хичнээн саяар ч та авч болно гэсэн чинь мөнгийг чинь тараасан чи  тэгвэл өөрөө энэ хүмүүсээс нэхээд авчихгүй юу гэж би уурласан. Тэгээд л би уурлан нөгөө мөнгийг нь буцааж өгч эхэлсэн. Энэ хүнд би 12.000.000 төгрөг өгсөн. Одоо би энэ зальтай залилангийн хүүхэнд 1 төгрөгийн ч өргүй. Өөрөө мөнгөний асуудлаас болж ажлаасаа халагдсан гэж ярьж байсан гэжээ.       

                                                                                                    Ү Н Д Э С Л Э Х  Н Ь:

            Нэхэмжлэгч Б.Бнь хариуцагч Д.Бд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 8.250.000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Зээлдүүлэгч Б.Бнь зээлдэгч Д.Бд 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 5.000.000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 5.000.000 төгрөгийг бэлнээр зээлдүүлэн өгсөн байх ба тус зээлийн гэрээний үүргийг 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр бичгийн хэлбэртэйгээр зээлийн гэрээг байгуулан баталгаажуулан 10.000.000 төгрөгийг 69 хоногийн хугацаатай, 69 хоногт 2.000.000 төгрөгийн хүүтэйгээр 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаагаар зээлдэж, зээлдүүлэн зээлдэгчийг төлөөлж Д.Б, зээлдүүлэгчийг төлөөлөн Б.Бнар гарын үсэг зурж, мөн өдрөө нотариатаар баталгаажуулсан болох нь зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан зээлийн гэрээгээр тогтоогдож байна. 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдүүлэгчид шилжүүлж өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцох тул 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 5.000.000 төгрөгийг, 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдөр 5.000.000 төгрөг, нийт  10.000.000 төгрөгийг Б.Булганаагаас Д.Бд шилжүүлэн өгсөн үеэс зээлийн гэрээ аман хэлбэрээр байгуулагдсан болох нь тогтоогдож байна. 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зохигчид хооронд зээлийн гэрээ байгуулагдсан байна. Уг зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан ижил хэмжээний мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бнь энэ гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 5.500.000 төгрөг, 50 хувийн алданги болох 2.750.000 төгрөгийн хамт хариуцагч Д.Бгаас 8.250.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан нь үндэслэлтэй гэж, харин хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн тул бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж хариу тайлбар ирүүлсэн байдаг.

Шүүх хариуцагч Д.Бд шүүх хуралдааны тов мэдэгдсэн, өмгөөлөгчтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхээр хангасан боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хариуцагч, түүний өмгөөлөгч хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч Д.Бгийн эзгүйд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэн шийдвэрлэсэн болно.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээний үндсэн үүрэгт нийт 10.000.000 төгрөгийг бэлнээр, аман хэлбэрээр зээлдэж, зээлдүүлсэн болох нь зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул зээлдэгч Б.Бнь уг мөнгийг буцаан шаардах, Д.Б нь зээлийн гэрээний үүрэгт зээлдэн авсан мөнгийг зээлдүүлэгчид буцаан төлөх үүрэг хүлээсэн болох нь тогтоогдож байна. Иймд зээлийн гэрээнээс үүсэх үндсэн үүргийг зээлдүүлэгчийн өмнө хүлээх үүргээс хариуцагч чөлөөлөгдөхгүй, зээлдүүлсэн мөнгийг хариуцагчаас Б.Ббуцаан шаардах эрхтэй байна.

Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээг бичгээр байгуулах хуулийн шаардлага тавигдаагүй байх тул зохигчдын хооронд бодит үйлдлээр 10.000.000 төгрөгийн үнийн дүн бүхий 2 зээлийн гэрээ байгуулагдсан байна гэж үзэх үндэслэлтэй байна. Зохигчид 10.000.000 төгрөг авсан эсэх талаар маргаагүй байдаг.

Түүнчлэн нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүрэгт холбогдуулан зээлийн хүүгийн тооцоолол хийж, хүүнд 2.000.000 төгрөг төлөгдсөн гэх тайлбар үндэслэлгүй байна. Учир нь зохигчид анхнаасаа зээлийн гэрээний хүүг бичгээр тохиролцоогүй, 2015 оны 10 дугаар сарын 23, 26-ны өдрүүдэд бичгийн хэлбэрээр хүү авахаар тохиролцсон болох нь тогтоогдохгүй, зээлийн гэрээг бичгийн хэлбэрээр байгуулаагүй, харин 2-5 хоногийн дараа буюу 28-ны өдөр бичгийн хэлбэртэй гэрээ байгуулсан байх тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар зээлийн гэрээнд хүү тогтоосон тохиолдолд зээлийн гэрээг бичгээр хийх хуулийн шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдахаар заасан байдаг тул хүүг тооцон зээлийн гэрээний үүргийг дүгнэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Хэрэгт авагдсан зээлийн гэрээ нь анх байгуулсан зээлийн гэрээг орлох боломжгүй, зохигчид анхнаасаа зээлийн хүүг бичгээр тохиролцсон болохыг тогтоох үндэслэл болохгүй юм.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зээлийн хүүнд төлөгдсөн гэх 2.000.000 төгрөгийг үндсэн зээлийн төлбөрөөс хасан тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Хариуцагч зээлийн гэрээний үндсэн үүрэгт 12.000.000 төгрөг төлөгдсөн гэх тайлбар ирүүлсэн боловч татгалзлаа нотлосон баримтаа шүүхэд ирүүлээгүй, татгалзлаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.

Мөн түүнчлэн нэхэмжлэгч Б.Бнь 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсэн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд буюу зээлийн гэрээний 8 дугаар зүйлд зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар хоног тутамд алданги тооцохоор тохиролцсон тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д зааснаар алданги гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй байна.

Учир нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т зааснаар анзын гэрээг бичгээр байгуулахаар заасан байх ба зохигчид анхнаасаа алданги тооцохоор тохиролцсон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддоггүй. 2015 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн зээлийн гэрээ нь зохигчдын хооронд 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 5.000.000 төгрөгийн, 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 5.000.000 төгрөгийн зээлийн гэрээний үүргүүдийг нэгтгэн нөхөн байгуулагдсан болох нь тогтоогдож байх ба түүнчлэн зохигчид анхнаасаа 2015 оны 10 дугаар сарын 23, 26-ны өдрүүдэд алданги төлөхөөр бичгээр тохиролцсон тохиролцоо тогтоогдохгүй байх тул алданги шаардах эрхгүй байна.

Иймээс Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үндэслэн үндсэн зээлээс 4.500.000 төгрөг, хүүнд 2.000.000 төгрөг зээлийн гэрээний үүрэгт төлөгдсөн гэх тул түүнийг үндсэн зээлийн үүргээс хасан тооцох нь зүйтэй байна.

Иймд хариуцагч Д.Бгаас зээлийн гэрээний үүрэгт 3.500.000/10.000.000-2.000.000-4.500.000=3.500.000/ төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4.750.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

            Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 148.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Д.Бгаас 70.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Булганаад олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтад нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116 дугаар зүйлийн 116.1, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Бгаас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 8.250.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 3.500.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Булганаад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4.750.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 148.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Д.Бгаас 70.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Булганаад олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.БАЯРМАА