Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 759

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 184/ШШ2018/00759

 

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярмаа би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: УБТТС ХХК-ийн,

Хариуцагч: Д.Ж-д холбогдох

Баталгааны гэрээний үүрэгт 1.309.880 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, мөн оны 02 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г, хариуцагч Д.Ж, хариуцагчийн өмгөөлөгч Н.А/ШТЭҮ-2001/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганзул нар оролцов.

      ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “УБТТС” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г шүүхэд гаргасан тайлбартаа: “УБТТС” ХХК нь 2014 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Н.Атай харилцан тохиролцож Санхүүгийн түрээсийн гэрээ байгуулсан. 12-68 УНМ улсын дугаартай автомашиныг түрээслэн авсан. 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр гэрээг нэг талын санаачилгаар цуцалсан. Гэрээний гол нөхцөл нь тухайн автомашиныг 3 жилийн хугацаатай түрээслээд уг хугацаа дуусахад автомашиныг өөрийн өмчлөлд бүрэн шилжүүлдэг. Ариунаа нь гэрээнд заасан түрээсийн төлбөрийг 15 хоногоор хэтрүүлсэн учир гэрээг цуцалж автомашиныг хураан авч хүлээлцэх акт үйлдсэн. Актыг үйлдэхдээ гадна болон дотрын үзлэг хийдэг, жолооч өөрөө хамт байлцдаг. Бид 2017 онд шүүхэд хандахад Ариунаа нь Солонгос улсад байгаа учир баталгаа гаргагч Д.Жыг үүрэг гүйцэтгэгчээр татсан. Авто машиныг хурааж авснаас хойш жолооч нараас автомашин засварын хүлээлэг мөн машиныг засахад хугацаа зарцуулдаг. Тухайн авто машины сэлбэг Солонгос улсаас ирсний дараа машиныг 2016 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр засварт оруулсан. Засвар үйлчилгээний төлбөрт 1.258.884 төгрөгийн зардал гарсан. Ариунаа тухайн үед замын хөдөлгөөний журам зөрчиж 29.200, 15 хоногийн түрээсийн төлбөр 450.000 төгрөг, нийт 1.738.080 төгрөг болсон байдгаас барьцаанд төлсөн мөнгийг хасаж 1.339.080 төгрөгийг нэхэмжилж байна. Тухайн баталгааны гэрээнд талууд хүсэл зоригоо үйлдэж сайн дураар гарын үсгээ зурсан байна. Иймд тухайн гэрээ нь хуулийн хүчин төгөлдөр юм. Нэхэмжлэлийн шаардлагад хавсаргаж өгсөн баримтууд нотлох баримтын шаардлага хангасан байх тул Иргэний хуулийн 234 дүгээр зүйлд зааснаар Д.Ж нь үүрэг гүйцэтгэгчийн үүргийг бүрэн хүлээж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд 29.200 төгрөгийн торгуулийн мөнгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасан тооцон нэхэмжлэлийн шаардлагыг 1.309.880 төгрөг болгон багасган нэхэмжилж байна гэв.

Хариуцагч Д.Ж шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анх намайг Ариунаа нь нийгмийн даатгалын дэвтэрээ өгөөчээ гэсэн. Би тэр үед Ариунаад батлан даагч болж чадахгүй шүү гэхэд тийм зүйл байхгүй нийгмийн даатгалын дэвтэр чинь хэрэгтэй байна гээд нотариат дээр очиж гарын үсгээ зурсан. Батлан даагч болж байна гэж мэдээгүй гарын үсэгээ зурсан байсан. “УБТТС” ХХК нь надтай батлан даалтын гэрээг байгуулаагүй учир энэхүү төлбөрийг төлөх үндэслэлгүй байна гэж үзэж байна. Баталгааг надтай байгуулах ёстой байсан гэж бодож байна. Харин миний зүгээс “УБТТС” ХХК-д очиж гэрээ байгуулсан зүйл байхгүй. Д.Ариунааг авто машин хүлээлцсний дараа 2 жил гаруй хугацаа өнгөрсний дараа нэхэмжлэл гаргаж байгаа нь ойлгомжгүй байна. Надаас дээрх шаардлагыг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

Шүүх зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

Ү Н Д Э С Л Э Х нь:

            Нэхэмжлэгч “УБТТС” ХХК нь хариуцагч Д.Жд холбогдуулан баталгааны гэрээний үүргийн гүйцэтгэлд 1.339.080 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байх ба хэрэг хянан хэлэлцэх ажиллагаа буюу шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд 1.309.880 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан.

Нэхэмжлэгч “УБТТС” ХХК нь Н.Атай 2014 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр БНСУ-ын Хьюндай компанид 2010 онд үйлдвэрлэгдсэн Элентра маркийн, kмhdt41babu219753 арлын дугаартай суудлын автомашиныг 2014 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нийт 2 жил 4 сарын хугацаанд 1 сарын түрээсийн төлбөр 660.000 төгрөгөөр, нэг сарын түрээсийн хүү 2 хувь, таксин үйлчилгээ эрхэлсний төлбөр ажлын 1 өдөрт 3.700 төгрөг, нийт гэрээний хугацаанд 17.934.322 төгрөгийн үнийг төлөхөөр харилцан тохиролцож “Автомашин санхүүгийн түрээсийн ТТ-14-367 дугаартай гэрээ”-г байгуулан таксийн үйлчилгээний зориулалтаар ашиглахаар тохиролцсон байна.

Нэхэмжлэгч “УБТТС” ХХК нь Н.Агаас санхүүгийн түрээсийн гэрээний 15 хоногийн хугацааны түрээсийн үлдэгдэл төлбөрт 450.000 төгрөг, автомашин засварын зардалд 1.258.880 төгрөг, торгуулийн төлбөр 29.200 төгрөг, нийт 1.738.080 төгрөгөөс барьцааны төлбөрт төлөгдсөн 399.000 төгрөг, торгуулийн 29.200 төгрөгийг хасаж тооцон нийт 1.309.880 төгрөгийн авлагатай, түүнд холбогдуулан нэхэмжлэл гаргах гэсэн боловч Н.А Монгол улсад байхгүй, БНСУ-д оршин суугаа болох нь тодорхой болсон тул дээрх гэрээний үндсэн үүргийн гүйцэтгэлд “Баталгаа” гаргаж ТТ-14-367 гэрээ байгуулсан Д.Жаас “Баталгааны гэрээ”-ний 2 дугаар зүйлд заасны дагуу 1.309.880 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж марган тайлбарладаг.

Хариуцагч Д.Ж нь нэхэмжлэлийн шаардлагаас 267.230 төгрөгийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжтой, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг үл хүлээн зөвшөөрч, надтай батлан даалтын гэрээ байгуулаагүй, баталгааны гэрээгээр би хариуцахгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж марган мэтгэлцдэг.

Зохигчид буюу “УБТТС” ХХК нь Д.Жтай 2014 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр ТТ-14-367 дугаартай “Баталгааны гэрээ”-г байгуулж, тус гэрээгээр үүрэг гүйцэтгэгч Н.Агийн “УБТТС” ХХК-тай байгуулсан ТТ-14-367 дугаартай “Автомашины түрээсийн гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлийг бүрэн хангуулахаар тохиролцон, үүрэг гүйцэтгэгч Н.А нь үүргээ биелүүлээгүй тохиолдолд баталгаа гаргагч Д.Ж өөрийн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахаар тохиролцон “Баталгааны гэрээ”-г бичгээр байгуулсан байдаг. Тус баталгааны гэрээ Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1, 234.2-д заасан шаардлагыг хангасан, талууд гарын үсгээ зурж баталгаажуулан гэрээг хүчин төгөлдөр болгосон байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг нь бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх нэхэмжлэгч “УБТТС” ХХК, Н.А нарын хооронд Иргэний хуулийн 312 дугаар зүйлд заасан санхүүгийн түрээсийн гэрээ байгуулагдаж, нэхэмжлэгч “УБТТС” ХХК гэрээнд заасан хугацаагаар Н.Агийн ашиглалтанд автомашин шилжүүлж, Н.А нь тогтмол хугацаанд түрээсийн төлбөр төлөх үүргийг хүлээсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн хэлбэртэй гэрээгээр тогтоогддог. Тэд таксины үйлчилгээ эрхлэн тогтмол төлөгдөх түрээсийн төлбөрийг төлөх үүргийг биелүүлснээр түрээсийн гэрээний зүйлийг түрээслэгчийн өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон байх ба энэ үүргээ Н.А биелүүлээгүй 15 хоног төлөөгүй тул гэрээг цуцлан түрээсийн автомашиныг түүний ашиглалтаас шилжүүлэн өөрийн ашиглалтдаа 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 1 жил 3 сарын хугацаагаар ашигласны дараа нэхэмжлэгч “УБТТС” ХХК буцаан шилжүүлэн авсан байдаг.

“Автомашины санхүүгийн түрээсийн гэрээ” байгуулахдаа гэрээнд автомашины улсын дугаарыг бичээгүй байдаг ба 12-68 УНМ улсын дугаартай автомашин түрээслэн ашиглаж байсан талаар маргаагүй.

“УБТТС” ХХК Н.Атай байгуулагдсан гэрээ, түүнийг цуцлах болон гэрээний үүргээ биелүүлээгүйгээс автомашиныг нэхэмжлэгч тал өөрийн эзэмшилдээ авсан талаар маргаагүй, харин баталгааны гэрээний үүрэгт тус автомашины ашиглалын явцад гарсан хохирол болох сэлбэг, засвар үйлчилгээний зардал, дутуу төлөгдсөн гэх түрээсийн төлбөрийг баталгаа гаргагч Д.Ж хариуцах үндэслэлгүй гэж маргасан байна.

 

Нэхэмжлэгч “УБТТС” ХХК нь Н.Атай санхүүгийн түрээсийн гэрээг цуцлах талаар мэдэгдэл хүргүүлэх болон гэрээний үүргийг биелүүлэхийг шаардах, үүрэг гүйцэтгэх хугацаа олгосон болон нэмэлт хугацаа тогтоосон эсэх нь нотлох баримтаар тогтоогддоггүй.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж байгаа түрээсийн төлбөр, засвар үйлчилгээтэй холбоотой Н.Агийн буруугаас үүссэн зардал хохирлыг гуравдагч этгээд Д.Ж гэрээний хугацаанд тус автомашиныг ашиглаж байгаагүйгээс учруулсан буюу гэрээний үүрэг зөрчсөнтэй холбоотой үүссэн хохирлыг хариуцах үндэслэлгүй гэж хариуцагч маргасан нь үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч “УБТТС” ХХК нь Иргэний хуулийн 314 дүгээр зүйлийн 314.2,  315 дугаар зүйлийн 315.1-д зааснаар түрээслүүлэгч түрээсэлсэн эд юмсын элэгдлийг тооцсон үнэ, төлөгдөөгүй төлбөр, өөрт учирсан хохирлыг нөхөн төлүүлэхийг Н.Агаас шаардах эрхтэй байна.

“УБТТС” ХХК нь “Автомашины санхүүгийн түрээсийн гэрээ”-ний үүргийг Н.А 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл, 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрүүдийн 15 хоногийн тогтмол төлөгдөх түрээсийн төлбөр тасалдуулсан үндэслэлээр гэрээг цуцалсан гэж тайлбарлах ба тус түрээсийн төлбөр болон засвар үйлчилгээний зардлыг Н.Агаас гаргуулах гэтэл түрээслэгч Н.А Монгол улсад байхгүй гэх тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддоггүй.

Мөн баталгаа гаргагч Д.Жд түрээслэгч Н.Агийн үүргээ биелүүлээгүй үйлдлээс учирсан хохирлын талаар мэдэгдэж байгаагүй болох нь тогтоогддог.

Нэхэмжлэгч УБТТС” ХХК нь түрээсийн болон засвар, үйлчилгээний зардалд гарсан төлбөрийг Д.Ж хариуцан арилгах үүрэгтэй болохыг нотлох үүргээ хэрэгжүүлж чадаагүй атал баталгааны гэрээний 2 дугаар зүйлд зааснаар гуравдагч этгээд буюу баталгаа гаргагчаас шаардсан нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл үндсэн  үүрэг хүлээгч буюу түрээслэгч Н.Агаас шаардаагүй атал бусад үүрэг хүлээгчээс шаардсан, үүрэг хүлээгч Н.А Монгол улсад байхгүй шалтгаанаа нотлоогүй, Н.Аг хариуцагчаар эрэн сурвалжлах болон хаяг тодруулах ажиллагааг хийсэн эсэх тодорхойгүй, гадаад улсад амьдарч байгаа болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна. Иймд үүрэг гүйцэтгэгч Н.А үүргээ гүйцэтгээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1, 234.2-т зааснаар үүрэг гүйцэтгэгч Н.Агийн хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар гуравдагч этгээд Д.Ж, үүрэг гүйцэтгүүлэгч “УБТТС” ХХК-д баталгаа гаргаж болохоор заасан байх ба бичгээр байгуулах хуулийн шаардлагыг хангасан байх тул зохигчдын хооронд хүчин төгөлдөр “Баталгааны гэрээ” байгуулагдсан байна.

Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.4-т зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй бол  үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг баталгаа гаргагчаас үл маргах журмаар шаардах эрхтэй ч үүрэг гүйцэтгэгч Н.А үүрэг гүйцэтгээгүй, санхүүгийн түрээсийн гэрээний үүргийг биелүүлээгүй, гэрээ цуцлагдсан, түүнээс учирсан хохирлын талаар шаардлага Н.Ад гаргасан эсэх нь тогтоогдоогүй байхад гуравдагч этгээд буюу баталгаа гаргагчаас үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйд нийцэхгүй юм. Өөрөөр хэлбэл Н.А буюу үндсэн үүрэг гүйцэтгэгчийг үүргээ гүйцэтгээгүй гэдгийг нэхэмжлэгч нотлох үүргээ биелүүлээгүй бол үүргийн гүйцэтгэлийг хангах аргыг гуравдагч этгээдэд холбогдуулан ашиглах нь зүйд нийцэхгүй гэж үзлээ.

Нөгөө талаар зохигчид “Баталгааны гэрээ”-нд баталгаа гаргагч санхүүгийн түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг бүрэн хариуцна гэж талууд тохиролцсон байх ба уг гэрээгээр Д.Ж санхүүгийн түрээсийн гэрээний үүргээс автомашины бүрэн бүтэн байдал, гадаад үзэмж хэвийн байдлыг хариуцсан эсэх, эсхүл түрээсийн төлбөр төлөх үүргийг хариуцсан эсэх, эс бөгөөс гэрээг цуцласнаас үүсэх хохирлыг хариуцан арилгах эсэх талаар тодорхой заагаагүй, түүнчлэн баталгааны гэрээнд үүргийг ямар хэмжээгээр хариуцах, гэрээний үнийн дүн тусгагдаагүй зэрэг байдлаар тодорхойгүй байдлаар тохиролцсон байдаг.

Иймээс нэхэмжлэгч “УБТТС” ХХК нь үүрэг гүйцэтгэгч Н.А Монгол улсад оршин суугаагүй гэх үндэслэлээр батлалгаа гаргагч Д.Жаас тэргүүн ээлжинд санхүүгийн түрээсийн гэрээний үүрэг хангуулахаар шаардлага гаргасан нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл үндсэн үүрэг гүйцэтгэгчээс үндсэн шаардлага гаргасны дараа бусад баталгаа гаргагч буюу туслах үүрэг гүйцэтгэгчээс шаардах нь үндэслэлтэй байна гэж үзлээ.

Иймд Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1, 234.2, 234.4-т зааснаар нэхэмжлэгч “УБТТС” ХХК-ийн хариуцагч Д.Жд холбогдуулан баталгааны гэрээний үүрэгт 1.309.880 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүх санхүүгийн гэрээний үүрэгт дүгнэлт хийгээгүй тул хавтаст хэрэгт авагдсан 16-40, 49, 60-61 дүгээр хуудсуудад авагдсан баримтуудыг нотлох баримтын хэмжээнд үнэлэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 36.380 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116 дугаар зүйлийн 116.1, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1, 234.2, 234.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч “УБТТС” ХХК-ийн хариуцагч Д.Жд холбогдуулан баталгааны гэрээний үүргийн гүйцэтгэлд 1.309.880 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 36.380 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б. БАЯРМАА