Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
Хэргийн индекс | 188/2022/0487/Э |
Дугаар | 2022/ШЦТ/530 |
Огноо | 2022-04-29 |
Зүйл хэсэг | 11.6.2., |
Улсын яллагч | Д.Ганчимэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 2022/ШЦТ/530
2022 04 29 2022/ШЦТ/530
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан,
улсын яллагч Д.Ганчимэг,
шүүгдэгч Т.Ж...........н нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг эрүүгийн 2208 0000 00632 дугаартай хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Бэсүд овогт Т.........рын Ж...........н, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1996 оны 2 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Ерөнхий цэгийн командын офицер мэргэжилтэй, “.......................” ХХК-д худалдааны зөвлөх ажилтай, ам бүл 3, хамтран амьдрагч, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ........................ тоотод оршин байнга оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар УП................2.
Холбогдсон хэргийн талаар:
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.
Шүүгдэгч Т.Ж...........н нь 2022 оны 3 дугаар сарын 05-06-нд шилжих шөнө хамтран амьдрагч Ж.А............гийн хамт Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо Толгойтын гудамжнаас Их Нарангийн гудамж руу салах уулзвар дээр байдаг “SG hotel, night club, караоке”-д орж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна. Улмаар тухайн газраас 04 цагийн орчим гарч, гэртээ харихаар тээврийн хэрэгсэлд суухдаа Ж.А............гийг “Х............дын тээврийн хэрэгслээс бууж ирсэн” гэх шалтгаанаар хардан түүний нүүр, хүзүү тус газруудад цохиж, биед нь зүүн нүдний дээд, доод зовхи, хацар, шанаа, эрүүг хамарсан цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан хэргийн нөхцөл байдал тогтоогдов.
1.2 Нотлох баримтын үнэлгээ
Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал
- Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын Шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны PCNC 11382921 дугаарын хуудаст: “...Манай дүүг нөхөр нь зодчихлоо...” гэх баримт (хавтаст хэргийн 03 дахь тал),
- Хохирогч Ж.А............гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 3 дугаар сарын 05-ны орой 22 цагийн үед найзуудтайгаа уулзаж байхад нөхөр Ж...........н ирж авсан юм. Тэгтэл ангийн залуу Х............дтай намайг хардаад надтай маргалдаад байсан. Энэ асуудлаас болж бид хоёр маргалдсан ба намайг Х............дын машинаас бууж ирсэн гээд буруу ойлгоод уурлаад байсан. Ууг нь бол манай ангийн багш согтчихоор нь би түүнийг Х............дийн машинд суулгаж өгөөд зам гараад ирж байсан юм. Тэрийг хараад уруулаад байсан. Тэгээд нөхөр бид хоёр хүүхдээ авах гээд манай аавынх руу явж байх замдаа нөгөө асуудлаа яриад маргаан хийгээд байсан. Тэгээд ...гэр рүүгээ явах замдаа замын хажууд байрлах SG нэртэй караокед орж хоёр шил пиво ууж, 1 цаг дуулчхаад гэр рүүгээ явах гэж гараад нөхрийн машинд суухад бас намайг Х............дтай хардаад маргаан хийгээд байхаар нь би уурлаад “яагаад зүгээр байхад хардаад байгаа юм бэ” гэхэд нөхөр миний зүүн талын хацар шанаа хавьцаа гараараа 3-4 удаа цохиод хоолой боосон. ...Манай нөхөр Ж...........н миний нүүр буюу зүүн талын эрүү шанаа хацар хавьцаа гараараа 3-4 удаа цохисон. Гараараа хувцаснаас заамдаад хоолой боосон... Манай нөхөр өмнө нь намайг 2021 оны 7 дугаар сарын 09-ны өдөр ...зодож 100 нэгжээр торгуулж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дахь тал),
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 3891 дугаартай дүгнэлт:
“Хэсэг газрын үзлэгт: Зүүн нүдний дээд зовхинд 4.0х2.5см, доод зовхи, хацар, шанаа, эрүү хамарсан 13х9.0см хэмжээтэй бүдэг хөхөлбөр өнгийн цус хуралттай, овойж хавдсан, тэмтрэлээр хатуу, эмзэглэлтэй. Эрүүний доор 7,0х4.0см хэмжээтэй хөхөлбөр хүрэн цус хуралттай, хавдсан. Биед ил харагдах өөр гэмтэлгүй.
Эмнэлгийн бичиг баримтад: 2022.03.06-ны өдрийн Лазер Мед эмнэлгийн толгойн КТГ-д шинжилгээнд: ...Зүүн нүд болон шанааны эргэн тойрон зөөлөн эдэд хаван хавдар ихтэй...ДҮГНЭЛТ
1. Ж.А............гийн биед зүүн нүдний дээд, доод зовхи, хацар, шанаа, эрүү хамарсан цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 31-32 дахь тал),
- Шүүгдэгч Т.Ж...........ны мөрдөн байцаалтад өгсөн: “...2022 оны 3 дугаар сарын 05-ны өдөр манай эхнэр А............г 10 жилийн ангийнхаа найзуудтай уулзана гээд явсан. Би оройн 22 цагийн үед эхнэр рүүгээ залгахад “Хүрээд ир. Манай ангийнхан тарж байна. Намайг баруун 4 замын тэр хавьд ирээд авчих” гэж хэлсэн. ....баруун 4 зам буюу Гранд плаза дэлгүүрийн хажууд очоод хүлээгээд байж байхад Ариунжаргал өмнө үерхэж байсан ангийнхаа найз Х............дын машинаас буугаад зам гарч ирээд машинд суусан. Тэгэхээр нь би “яагаад Х............дын машинаас бууж ирж байгаа юм бэ?” гэхэд эхнэр “манай ангийн багш согтоод гэр рүү нь хүргэж өгөх гээд Х............дын машинд суулгаж өгөөд зам гарч ирсэн юм аа” гэхээр нь би итгэхгүй эхнэртэй уурласан...гэр рүүгээ харих замдаа эхнэр бид хоёр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Их Нарангийн зам дагуу байрлах ЭС ЖИ нэртэй караокед орж 1 цаг дуу дуулж хүний хоёр шилтэй пиво уусан юм. Тэгээд эхнэр бид хоёр караокеноос шөнийн 04 цагийн үед гараад буудлын өмнө тавьсан машин дотроо суугаад бас Х............дын машинаас бууж ирсэн талаар ярьж байгаад маргалдсан юм. Би уурласандаа эхнэрийнхээ хацар руу нь гараараа 3-4 удаа алгадаж цохисон юм. Тэгтэл эхнэр уйлаад маргалдахаа болиод машиндаа хоносон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 44-45 дахь тал) зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Шүүгдэгч Т.Ж...........н нь шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Т.Ж...........н нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.
1.4.Эрх зүйн дүгнэлт
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 3891 дугаартай дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байгаа нь хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.
Түүнчлэн хууль зүйн хувьд шүүгдэгч Т.Ж...........н, хохирогч Ж.А............г нар нь хамтын амьдралтай, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай болох нь тэдний хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар болон тэдний мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгээр тогтоогдож байгаа зэрэг нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангасан байна.
Өөрөөр хэлбэл шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтыг дүгнэж үзвэл шүүгдэгч Т.Ж...........н нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр “хардалт, хувийн таарамжгүй харьцааны” улмаас гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Ж.А............гийн эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан” гэх шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Шүүгдэгч Т.Ж...........н нь гараараа хохирогч Ж.А............гийн нүүрэн тус газар цохиж биед зүүн нүдний дээд, доод зовхи, хацар, шанаа, эрүү хамарсан цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн гэмтэл нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Т.Ж...........ныг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
1.5. Хохирол, хор уршиг
Хохирогч Ж.А............г нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч Т.Ж...........ныг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “...шүүгдэгч Т.Ж...........ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй гэх дүгнэлтийг...”
Шүүгдэгч Т.Ж...........н нь улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүгдэгч Т.Ж...........н нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” байгааг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Тиймээс шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан Аюулын эрсдэлийн үнэлгээ хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 5-6 дахь тал) Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт (хавтаст хэргийн 09-17 дахь тал), Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл (хавтаст хэргийн 7-8 дахь тал),
Шүүгдэгчийн хувийн байдлыг түүний иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 56 55 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 59 дэх тал), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 53 дэх тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 54 дэх тал), хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 48 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 57-59 дэх тал), “Ариг” Электроникс ХХК-ний тодорхойлолт (хавтаст хэргийн 49 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар тогтоож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Т.Ж...........н хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай хүсэлт (хавтаст хэргийн 64, 65 дахь тал) гаргасныг, прокурор хуульд заасны дагуу шийдвэрлэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх прокурорын тогтоол (хавтаст хэргийн 70-71 дэх тал) үйлдэн, хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал (хавтаст хэргийн 72-73 дахь тал) гаргаж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Иймд улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгч Т.Ж...........н гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн гэх хувийн байдал болон тэрээр эрхэлсэн тодорхой ажилтай зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн торгуулийн ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 550 нэгж буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч Т.Ж...........нд торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг хуульд заасан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тэрээр торгох ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй.
2.3. Бусад асуудлын талаар
Харин шүүгдэгч Т.Ж...........нд холбогдох хэргийг шүүх хүлээн аваад боломжит богино хугацаанд гэм буруугийн шүүх хуралдааныг зарласан байхад тэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулан, энэ үйлдэлдээ 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс мөн оны 4 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл 7 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байна.
Тиймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар түүний цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 7 хоног буюу 105 нэгжийг түүний эдлэх ялд оруулан тооцож эдлэх ялаас хасаж шийдвэрлэв.
Эрүүгийн 2208 0000 00632 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Бэсүд овогт Т.........рын Ж...........ныг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Т.Ж...........ныг 550 (таван зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 (таван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ж...........н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ж...........ны цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 07 (долоо) хоногийг буюу торгох ялын 105.000 (зуун таван мянга) төгрөгийг эдэлсэнд тооцож эдлэх ялаас хассугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.МӨНХЗУЛ