Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 04 өдөр

Дугаар  2022/ШЦТ/547

 

 

 

 

 

 

 

   2022              5            04                                         2022/ШЦТ/547

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан,

улсын яллагч Т.Төмөртулга,

хохирогч Д.А........аа,

шүүгдэгч Т.Б...........р нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг эрүүгийн 2208 0000 00389 дугаартай хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Их номгон овогт Т.........рын Б...........р, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1982 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн, эрэгтэй, суурь боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, ....................... оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар ЧТ.................6.

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Т.Б...........р нь 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо ............ тоотод хамтран амьдрагч Д.А........ааг “архи өгсөнгүй” гэх шалтгааны улмаас архины хагархай шилээр хүзүүн тус газар нь зүсэж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хүзүүнд шарх, цус хуралт, зүүн хацар, дух цус хуралт, духанд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

Шүүгдэгч Т.Б...........р нь 2022 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо ............ тоотод гэртээ согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч Д.А........ааг “архи өгсөнгүй, цохилоо” гэх сэдэлтээр архины хагархай шилээр хүзүүн тус газар нь зүсэж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хүзүүнд шарх, цус хуралт, зүүн хацар, дух цус хуралт, духанд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол хохирол санаатай учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал

- СХДЦГ ЦХ-3 Шуурхай удирдлагын тасгийн PCNВ11141236 дугаартай дуудлагын хуудсанд: “...Дуудлага өгсөн....99585049, Дуудлага хүлээн авсан...2022.02.04, 18:26:59 минут...Дуудлагын утга...нөхөртэйгөө маргалдаад миний хүзүүг архины шилээр дүрчихлээ...” гэх дуудлагын хуудас (хавтаст хэргийн 01 дэх тал)

- Хохирогч Д.А........аагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Б...........р гэх хүнтэй хамтран амьдраад 5 жил болж байгаа... 2022 оны 2 дугаар сарын 04-ний өдөр хамтран амьдрагч Б...........р бид хоёр гэртээ байхдаа түүний найзууд гэх хүмүүс ирээд архи ууцгаасан. Би тухайн үед архи уугаагүй гал тогооны өрөөнд хоол унд хийж байсан. Тэгээд Б...........р болон найзууд нь нэлээн согтоод хоорондоо маргалдаад байхаар нь тэр хүмүүсийг хөөгөөд гэрээсээ гаргаад явуулсан. Тэр үед Б...........р бид хоёр гэртээ үлдээд байж байхад Б...........р надаас “архи байна уу” гэж асуусан. Тухайн үед би Б...........рт хандаж архи байхгүй гэдгээ хэлээд гал тогоонд аяга угааж байхад Б...........р надад хандаж би чамайг хутгалаад алчих уу гэхээр нь би түүнд хандаж болио чи согтуу байна гэж хэлсэн. Тэгтэл Б...........р хогийн савны хажууд байсан Хараа нэртэй 0.75 шилтэй архины шилийг аваад харанхуй өрөөний хананы буланд цохиж хагалаад миний зүүн талын чихний ард хэсэгт зүссэн. Би нээх юм бодолгүй аяга угааж байхад гэнэт миний хүзүү бие бүхэлдээ цус болсон. Тэгээд би 103-н түргэн тусламж болон цагдаад дуудлага өгсөн...гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11, 13 дахь тал),

- Гэрч Н.Т............дын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Бүргэд-113 чиглэлийн эргүүлийн автомашин дээр миний бие цагдаагийн ахлагч Б.Г..........нийн хамт үүрэг гүйцэтгэж байсан. 2022 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо ............ тоотод нөхөртэйгөө маргалдаад миний хүзүүг архины шилээр дүрчихлээ гэх дуудлага ирсэн. Тэгээд миний бие цагдаагийн ахлагч Б.Г..........нийн хамт тус дуудлагыг очиж шалгасан тухайн тоотод ороход нэг эмэгтэйн хүзүүнээс цус гарсан байсан хүзүүг нь харсан чинь шилээр зүссэн байдалтай байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дахь тал),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2869 дугаартай дүгнэлт:

“Хэсэг газрын үзлэгт: Хүзүүний зүүн ар дээд хэсэгт 1.5см урт оёдол бүхий шархтай, шарх орчимд 8х5см, зүүн хацрын төвгөрт 4х2.5см, духны баруун дээд хэсэгт 3х2 см шаргал ногоон туяа бүхий цус хуралттай, духны баруун дээд хэсэгт бага зэрэг овойж хавдсан, тэмтрэлээр бага зэрэг эмзэглэлтэй...ДҮГНЭЛТ

1. 2. Д.А........аагийн биед хүзүүнд шарх, цус хуралт, зүүн хацар, дух цус хуралт, духанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх хүзүүнд шарх, цус хуралт гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, бусад “зүүн хацар, дух цус хуралт, духанд зөөлөн эдийн няцрал” гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 23-24 дэх тал),

- Шүүгдэгч Т.Б...........рын мөрдөн байцаалтад өгсөн: “...2022 оны 2 дугаар сарын 04-ний өдөр Д.А........аа бид хоёр гэртээ байж байхад манай найзууд цагаан сар гээд ирсэн бөгөөд манай найзууд гэрээс явцгаасан. Тэгтэл хамтран амьдрагч Д.А........аа уурлаад элдэв янз болоод намайг алгадаад байхаар нь хогийн савны хажууд байсан архины шилийг аваад хагалаад Д.А........аагийн хүзүүний зүүн талын хэсгийг зүссэн. Тэгээд Д.А........аагийн чихнээс цус гараад байхаар нь эмнэлэгт дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 58-59 дэх тал) зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

 

Шүүгдэгч Т.Б...........р шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Т.Б...........р нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.

 

1.4.Эрх зүйн дүгнэлт

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2869 дугаартай дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл Т.Б...........р нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр “намайг алгадлаа, архи өгсөнгүй” гэх сэдэлтээр, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Д.А........аагийн эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Нөгөө талаас Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1 дэх заалтад “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний...бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг;” хэлнэ гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад “эхнэр, нөхөр...” тухайн хуулийн үйлчлэлд хамаарах этгээд байхаар тус тус хуульчилсан байна.

Өөрөөр хэлбэл хууль зүйн хувьд шүүгдэгч Т.Б...........р, хохирогч Д.А........аа нар нь хамтын амьдралтай болох нь тэдний мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан баримт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангасан байна.

Тиймээс шүүгдэгч Т.Б...........рыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч Д.А........аа нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд эмчилгээний зардалд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй байх тул шүүгдэгч Т.Б...........рыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “...шүүгдэгч Т.Б...........рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй гэх дүгнэлтийг...”

Шүүгдэгч Т.Б...........р нь улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Т.Б...........р нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” байгааг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт, Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл (хавтаст хэргийн 19-23, 19-20), Аюулын зэргийн үнэлгээний маягт (хавтаст хэргийн 27-28 дахь тал),

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 42 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 46 дахь тал), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 44 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Иймд улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгч Т.Б...........рыг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн, эрүүл мэндийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дээрх ялын хүрээ хязгаарыг тодорхойлохдоо “...оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих,...” зэргээр тогтооно гэж заажээ. Иймд шүүгдэгч Т.Б...........рт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээ хязгаарыг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох хязгаарлалт тогтоож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

 

2.3. Бусад асуудлын талаар

Эрүүгийн 2208 0000 00389 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.5 дугаар зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь;

 

1. Шүүгдэгч Их Номгон овогт Т.........рын Б...........рыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан буюу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б...........рыг 3 (гурав) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б...........рт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс бусад газар явахыг хориглохоор тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Т.Б...........р нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйл үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Г.МӨНХЗУЛ