Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/364

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,

улсын яллагч Ч.Батбаатар,

хохирогч Г.Пүрэвхүү,

иргэний нэхэмжлэгч Ц.Цогбаатар,

шүүгдэгч Д.С, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлтэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн И.Д.С-д холбогдох эрүүгийн .......... дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ..-ны өдөр, .......... төрсөн, ...настай, ......эй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ......тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, И.Д.С- (РД:..............)

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Д.С нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Уулын замд 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 09 цаг 35 минутын орчим “Toyota prius-20” маркийн 24-73 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7-т заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;”, 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас эсрэг урсгалд орж Т.Болор-Эрдэнэ жолоочтой “Nissan caravan” маркийн 33-88 ДОУ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зорчигч Г.Пүрэвхүүгийн эрүүл мэндэд хүнд хохирол, “Nissan caravan” маркийн 33-88 ДОУ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 3.790.000 төгрөгийн шууд хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг: 

 

          Шүүгдэгч Д.С: “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

Хохирогч Г.Пүрэвхүү. “...Бие тааруу байсны улмаас манай эхнэр машин барьж явж байгаад осол гаргасан” гэв.

 

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч Г.Пүрэвхүү мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 01 дүгээр сарын 30-ны өглөө эхнэр Соёл-Эрдэнийн хамт гэрээсээ гараад Яармагийн Номин дэлгүүр орохоор явж байсан. Тэр үед би автомашин жолоодож байгаад ХААИС-ийн уулзвараас баруун зүгт явж байгаад эхнэртээ жолоогоо шилжүүлсэн. Тэгээд цааш явж байгаад өөр нэг автомашинтай мөргөлдсөн. Манай эхнэр замын огцом эргэлттэй хэсэг дээр эргэх үедээ халтираад жолоодлого алдсан. Тэгээд машин гулгаад эрсэг урсгал руу орж өөдөөс явж байсан машинтай мөргөлдөөд нэг хэсэг ухаан балартсан. Машины жолоог эхнэртэйгээ ярилцаж байгаад сольсон. Уг тээврийн хэрэгсэл миний нэр дээр байдаг миний эзэмшлийн машин надад нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдолгүй, гэр бүлийн хүн учраас надад нэхэмжлэх зүйл байхгүй...” (хавтас хэргийн 19 дэх тал) гэсэн,

 

Иргэний нэхэмжлэгч Ц.Цогбаатар мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би “Nissan caravan” маркийн 33-88 ДОУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2021 оны 05 дугаар сарын 22-ны өдөр худалдаж авсан. Осол гардаг өглөө хүргэн дүү Болор-Эрдэнээр жолоодуулан би өөр тээврийн хэрэгсэлтэй ачаандаа Баянзүрх дүүргийн ногооны зоориноос ногоо татахаар явж байсан. Хүргэн дүү Болор-Эрдэнэ миний эзэмшлийн тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлгөөнд оролцдог. Уг ослын улмаас миний эзэмшлийн тээврийн хэрэгсэлд 4.690.000 төгрөгийн хохирол гарсан ба хөрөнгийн үнэлгээний хөлс 234.000 төгрөг гарсан байгаа. Мөн ачилтын хөлс 60.000 төгрөг зэргийг нэхэмжилнэ. Өөр гомдол гээд байх юм байхгүй...” (хавтас хэргийн 30 дахь тал) гэсэн,

 

Иргэний нэхэмжлэгч Ч.Энхтуяа мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Уулын замд 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 09 цаг 35 минутын орчим “Toyota prius-20” маркийн 24-73 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа эсрэг урсгалд орж Т.Болор-Эрдэнэ жолоочтой “Nissan caravan” маркийн 33-88 ДОУ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зорчигч Г.Пүрэвхүүгийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэмт хэрэг үйлдэгдсэн байх бөгөөд хохирогч Г.Пүрэвхүү нь 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2 дугаар сарын 07-ны хооронд Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж Эрүүл мэндийн даатгалын сангаас 2,315,814 төгрөгийн зардал гарсан байх тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Д.Сэс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сангийн банк дахь 10090020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” (хавтас хэргийн 142-143 дахь тал) гэсэн,

 

Гэрч Т.Болор-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 01 дүгээр сарын 30-ны өглөө 09 цагийн орчим гэрээсээ гараад Ургах наран хорооллын орчим очиж бараа авахаар явж байсан. Яармагийн гүүрний урдаас зүүн тийш уулын замаар ороод өгсөөд эргэлттэй хэсгээр эргээд зүүн зүгт явж байтал урдаас буюу баруун зүг явж байсан цагаан өнгийн суудлын автомашин маш хурдтайгаар урдаас ирэхдээ зүүн гар тийш тэр автомашины хойд 2 дугуй хэсгээр шарвасан байдалтай орж ирсэн... Жолоодлогоо олж чадахгүй урсгал сөрж миний жолоодож явсан машины урдаас мөргөсөн... Нөгөө машины жолооч талаас нэг эмэгтэй хүн бууж ирсэн. Ах Цогбаатар гэдэг хүний эзэмшлийн автомашин. Миний бие зүгээр ямар нэгэн бэртэл байхгүй. Шүүх эмнэлэгт үзүүлэхгүй...” (хавтас хэргийн 34 дэх тал) гэсэн,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 2-р сарын 21-ний өдрийн шинжээчийн 3055 дугаар “...Г.Пүрэвхүүгийн биед цөсний хүүдийн хуулрал, нойр булчирхайн няцрал, хэвлийн хөндийд цус хуралдалт, цөсний хүүдий авсан мэс заслын дараах байдал гэмтэл тогтоогдлоо... Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1,12-т зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” (хавтаст хэргийн 51-53 дахь тал) гэсэн дүгнэлт,

         

          Яллагдагчаар Д.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...би 2022.01.30-ны өдөр нөхрийн хамт гэрээсээ гарч нөхрийн ажил болох Яармагийн Номин худалдааны төв явсан. Тэгээд Хөдөө Аж Ахуйн Сургуулийн уулзвар өнгөрөөд явж байхад манай нөхөр намайг машин барих уу гэж асуухаар нь тэгье гээд машиныг жолоодож цааш уулын замаар явж байгаад замын эргэлттэй хэсэгт хурдаа хасахгүй эргээд зам халтиргаатай байсан болохоор машин шарваад жолоодлого алдагдаж зогсож чадалгүй замын хажуу талаар явж байсан автомашины урдаас мөргөж осол гаргасан. Би бусдад учирсан хохирлыг төлж барагдуулна. Манай нөхрийн биеийн байдал гайгүй хэвийн болсон. ...замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөө ойлгож ухамсарлаж байгаа.” (хавтаст хэргийн 132 дахь тал) гэсэн,

 

“Хас үнэлгээ” ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний: “Nissan caravan” маркийн 33-88 ДОУ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 3.790.000 төгрөгийн шууд, 4.690.000 төгрөгийн нийт хохирол учирсан” гэх тайлан, (хавтаст хэргийн 76 дахь тал),

 

Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн: “Toyota prius-20” маркийн 24-73 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоодон явсан Д.С нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-т заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;", 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна...” гэх магадалгаа (хавтаст хэргийн 100-101 дэх тал)

102 тусгай дугаарын утсанд ирсэн дуудлагын лавлагааны хуудас, (хавтаст хэргийн 4 дэх тал),

 

2022 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн зам тээврийн осол, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, (хавтаст хэргийн 5-14 дэх тал),

 

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /Д.С нь 0.00% согтууруулах ундаа хэрэглэсэн (хавтаст хэргийн 15 дахь тал),

Хохирогч Г.Пүрэвхүүгийн “Гэмтэл согог судлалын үндэсний төв”-д хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбар, (хавтаст хэргийн 54-67 дахь тал),

Шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд (хавтаст хэргийн 104-107 110-113 дахь тал),

хохирогч Г.Пүрэвхүү нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлт (хавтаст хэргийн 114 дахь тал)

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 122 дахь тал)

 

Иргэний нэхэмжлэгчээс Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас ирүүлсэн албан бичгийн дагуу хохирогч Г.Пүрэвхүү нь 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2 дугаар сарын 07-ны хооронд Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж Эрүүл мэндийн даатгалын сангаас 2,315,814 төгрөгийн тусламж үйлчилгээ авсныг буруутай этгээд Д.Сэс гаргуулж дээрх мөнгийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төрийн сангийн 100900020080 тоот дансанд тушаах талаарх нэхэмжлэл нь хавтаст хэргийн 134-136, 139, 142-143 талд зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Д.Сд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч Д.С нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Уулын замд 2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 09 цаг 35 минутын орчим “Toyota prius-20” маркийн 24-73 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7-т заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;”, 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас эсрэг урсгалд орж Т.Болор-Эрдэнэ жолоочтой “Nissan caravan” маркийн 33-88 ДОУ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зорчигч Г.Пүрэвхүүгийн эрүүл мэндэд хүнд хохирол, “Nissan caravan” маркийн 33-88 ДОУ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 3.790.000 төгрөгийн шууд хохирол тус тус учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжилгээний шинжээчийн 3055 тоот дүгнэлт, 2022 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн зам тээврийн осол, хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, (хавтаст хэргийн 5-14 дэх тал), Хохирогч Г.Пүрэвхүүгийн “Гэмтэл согог судлалын үндэсний төв”-д хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбар, (хавтаст хэргийн 54-67 дахь тал),

хохирогч Г.Пүрэвхүү нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлт (хавтаст хэргийн 114 дахь тал),

 

“Хас үнэлгээ” ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайлан, (хавтаст хэргийн 76 дахь тал),

Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн магадалгаа (хавтаст хэргийн 100-101 дэх тал) шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт цугларсан бичгийн бусад баримтуудаар гэм буруутай болох нь тогтоогдож, шүүх тухайн баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзэв.

 

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Д.С нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7-т заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;”, 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас эсрэг урсгалд орж Т.Болор-Эрдэнэ жолоочтой “Nissan caravan” маркийн 33-88 ДОУ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж 3.790.000 төгрөгийн шууд хохирол, “Toyota prius-20” маркийн 24-73 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн  зорчигч Г.Пүрэвхүүгийн эрүүл мэндэд цөсний хүүдийн хуулрал, нойр булчирхайн няцрал, хэвлийн хөндийд цус хуралдалт, цөсний хүүдий авсан мэс заслын дараах байдал бүхий хүнд хохирол гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад заасан “авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Иймд шүүгдэгч Д.Сд Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон гэж үзэж шүүхээс түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Д.С нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

2. Шүүгдэгч Д.С нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, улмаас учирсан хохирлыг төлсөн, цаашид төлөхөө илэрхийлж байгаа зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

Зам тээврийн осол хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдэх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарах юм.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас гэм буруугийн дүгнэлтдээ: шүүгдэгч Д.Соёл-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар тэнсэх саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч Д.Сэс 2.000.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Ц.Цогбаатарт олгуулах, хохирогч Пүрэвхүүгийн эмнэлэгт хэвтсэн эмчилгээний төлбөрийг шүүгдэгчээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгуулах саналтай, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй байна. гэсэн саналыг гаргажээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч гэм буруугийн хуралдаанд: “...гэм буруу болон хохирол төлбөр дээр маргах зүйлгүй, шүүгдэгч нь 33 настай, нөхөр 3 хүүхдийн хамт амьдардаг, 8 сартай жирэмсэн хүн байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлд зааснаар 3 хүртэл насны хүүхэдтэй жирэмсэн эмэгтэй тул оногдуулах ялыг хойшлуулах саналтай байна. гэж тус тус мэтгэлцжээ.

 

Шүүхээс дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, учруулсан хохирол, хор уршиг зэргийг харгалзан, шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгч Д.Сд авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т “оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчих явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгчид засрал хүмүүжлийн байдалд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хорыг хариуцан арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байсан байдалд сэргээх үүрэгтэй бөгөөд Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй бол гэм хорын мөнгөөр нөхөн төлнө, ” гэж Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэг, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан. 

 

Энэ гэмт хэргийн улмаас зорчигч Г.Пүрэвхүүгийн эрүүл мэндэд цөсний хүүдийн хуулрал, нойр булчирхайн няцрал, хэвлийн хөндийд цус хуралдалт, цөсний хүүдий авсан мэс заслын дараах байдал бүхий хүнд хохирол учирсан бөгөөд хохирогч шүүгдэгчийн гэр бүлийн хүн учраас хохирол нэхэмжлээгүй боловч шүүгдэгч нь хохирогчийн эмчилгээ үйлчилгээнд тодорхой хэмжээний хохирол төлбөрийг зарцуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч гомдол санал нэхэмжлэх зүйлгүй талаар мэдүүлж байх тул төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Иргэний нэхэмжлэгч Ц.Цогбаатарын тээврийн хэрэгсэлд “Хас үнэлгээ” ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний: “Nissan caravan” маркийн 33-88 ДОУ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 3.790.000 төгрөгийн шууд, 4.690.000 төгрөгийн нийт хохирол учирсан” гэх тайлан, (хавтаст хэргийн 76 дахь тал) авагдсан ба шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад 2.670.000 төгрөгийг төлж барагдуулсан талаар мэдүүлэхэд иргэний нэхэмжлэгч үгүйсгээгүй байна.

 

Иргэний нэхэмжлэгч Ц.Цогбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ.”...Тухайн өдөр дүү Болор-Эрдэнээр тээврийн хэрэгсэл жолоодуулж өөрөө урд нь өөр машинд ажлаа хийж явж байсан. Осол гарсны дараа уулын зам нарийн учраас буцаж эргэж чадаагүй тул очиж хараагүй. Дараа нь осол гарсныг мэдсэн. Машинаа одоо засуулж амжаагүй байгаа. Би шүүгдэгчид үлдэгдэл хохирлоо хувааж байгаад төлөөд явчих, бие нь гайгүй юу гэсэн хандлагатай байгаа” гэжээ.

 

Иймд Иргэний хуульд зааснаар гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд шүүгдэгч Д.Сэс 2.000.000 (хоёр сая) төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Ц.Цогбаатарт олгох нь зүйтэй.      

 

Иргэний нэхэмжлэгчээс Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас ирүүлсэн албан бичгийн дагуу хохирогч Г.Пүрэвхүү нь 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2 дугаар сарын 07-ны хооронд Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж Эрүүл мэндийн даатгалын сангаас 2,315,814 төгрөгийн тусламж үйлчилгээ авсныг буруутай этгээд Д.Сэс гаргуулж дээрх мөнгийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төрийн сангийн 100900020080 тоот дансанд тушаах талаарх нэхэмжлэл нь хавтаст хэргийн 134-136, 139, 142-143 талд заасан нотлох баримтуудаар шийдвэрлэх боломжгүй байна.

 

Дээрх нотлох баримтууд нь нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэхэд хангалттай авагдаагүй, шаардлага хангаагүй, даатгалын сангаас зарцуулсан мөнгөн дүнд ямар эм, тариа үйлчилгээ авсан нь тодорхой бус өвчний түүхийг хавсаргасан мөн хэвтэн эмчлүүлэгчийн хоногийн зөрүүтэй байдал зэргээс хамаарч иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхин, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт шүүгдэгч Д.Соёл-Эрдэнийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх ирээгүй жолоодох эрхгүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдаж шийдвэрлэлээ.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч И.Д.С-ийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөнөөс хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-д зааснаар Д.С-ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 (хоёр) жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчих явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх албадлагын арга хэмээ авахыг үүрэг болгосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт зааснаар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д тус тус зааснаар шүүгдэгч Д.Сд тэнсэж, хянан харгалзсан байдал, албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарласугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Сэс 2.000.000 (хоёр сая) төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Ц.Цогбаатарт олгосугай.

 

7. Иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын газар нэхэмжлэлтэй холбоотой баримтаа нотлох баримтын шаардлага хангах хэмжээнд бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

 

8. Шүүгдэгч Д.С нь бусдын эрүүл мэндэд хохирол учруулснаас төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 

 

10. Тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

11. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         И.ГАНБАТ