| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сосорбурамын Соёмбо-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 105/2019/0551/Э |
| Дугаар | 452 |
| Огноо | 2019-05-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Намуун |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 452
2019 5 14 2019/ДШМ/452
П.М, А.А нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Н.Батсайхан, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Э.Намуун,
нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 1168 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Э.Намууны бичсэн 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 63 дугаар эсэргүүцлээр А.А, П.М нарт холбогдох 1806041100567 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 5 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Боржигон овгийн Алын А, 1988 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, охины хамт Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 2 тоотод оршин суух бүртгэлтэй,
Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 76 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 98 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн баривчлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар тус тус баривчлах шийтгэл оногдуулж, 3 сар 10 хоногийн баривчлах ялд 1 сарын баривчлах ялыг багтааж, нийт 3 сар 10 хоногийн хугацаагаар тогтоосон,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 531 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн, /РД:У/;
2. Буриад овгийн Пийн М, 1996 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Эрдэнэт хотод төрсөн, 22 настай, эмэгтэй, дунд боловсролтой, гоо сайханч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянзүрх дүүргийн тоотод оршин суух бүртгэлтэй,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 531 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, /РД:ФБ/;
А.А нь согтуугаар 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 67 дугаар байрны 29 тоотод иргэн П.Мтай маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
мөн согтуугаар 2019 оны 7 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө иргэн П.Мтай маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг,
П.М нь согтуугаар Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 67 дугаар байрны 29 тоотод иргэн А.Атай маргалдаж архины шилээр түүний чигчий хурууг зүсэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: П.М, А.А нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Яллагдагч А.А, П.М нарт холбогдох хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан уг хэргийг нэг мөр, бүрэн бодитойгоор хянан шийдвэрлэх боломжгүй байна.
Прокуророос яллагдагч А.Аыг согтуугаар 2019 оны 7 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө иргэн П.Мтай маргалдаж улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг, яллагдагч П.Мг согтуугаар Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 67 дугаар байрны 29 тоотод иргэн А.Атай маргалдаж архины шилээр түүний чигчий хурууг зүсэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан шаардлага хангаагүй байна гэж шүүх үзлээ. Өөрөөр хэлбэл, яллагдагч А.А нь 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр гэмт хэрэг үйлдсэн байх боломжгүй мөн яллагдагч П.М нь гэмт хэрэг үйлдсэн гэж яллаж байгаа бол “гэмт хэргийг хэзээ, хаана үйлдсэн” болохыг тогтоож ирүүлээгүй нь буруу байна.
Түүнчлэн яллагдагч А.А нь хохирогч П.Мгийн бие махбодид хоёр удаа хөнгөн хохирол учруулсан гэж яллаж байвал Эрүүгийн хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал байгаа эсэхэд хууль зүйн дүгнэлт өгөөгүй нь буруу байна гэж дүгнээд яллагдагч А.А, П.М нарт холбогдох эрүүгийн хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол А.А, П.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Прокурор Э.Намуун бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.4 дэх хэсэгт “прокурорын яллах дүгнэлтэд гарсан үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй алдааг засуулах хүсэлт” гэж заасан тул техникийн шинжтэй алдааг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр засах боломжтой байсан гэж үзэхээр байна.
Мөн Эрүүгийн хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д “хоёр, түүнээс олон хүнийг” гэж заасан нь хоёр удаа нэг хүнийг бус харин хоёр, түүнээс дээш хүнийг гэж тодорхой заасан байна. Өөрөөр хэлбэл, яллагдагч А.А хохирогч П.Мгийн биед 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдөр, мөн оны 7 дугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө тус тус эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан тус тусдаа гэмт хэргийн шинжийг агуулсан нэг төрлийн гэмт хэргийг 2 удаа үйлдсэн гэж үзэхээр байгаа тул хэрэг тус бүрт зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулах шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзэж байна.
Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 1168 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.
Анхан шатны шүүх А.Аыг 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр гэмт хэрэг үйлдсэн байх боломжгүй мөн яллагдагч П.Мг гэмт хэрэг үйлдсэн гэж яллаж байгаа бол “гэмт хэргийг хэзээ, хаана үйлдсэн” болохыг тогтоож ирүүлээгүй, түүнчлэн яллагдагч хохирогч П.Мгийн бие махбодид хоёр удаа хөнгөн хохирол учруулсан гэж яллаж байвал Эрүүгийн хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал байгаа эсэхэд хууль зүйн дүгнэлт өгөөгүй нь буруу хэмээн дүгнэж хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр прокурорт буцаасан нь хууль зүйн хувьд үндэслэл муутай болжээ.
Нотлох баримтыг шүүгч өөрийн дотоод итгэлээр үнэлэх нь сэтгэхүйн ажиллагаа төдийгүй тодорхой шийдвэр гаргах ажиллагаа болдог.
Шүүх нь хийсвэр бус, харин шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор нэгэнт шалгагдсан буюу бэхжүүлж, хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан шинжлэн нягталж үзсэний үндсэн дээр хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үйл баримтыг өөрийн дотоод итгэлээрээ үнэлдэг.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нотолбол зохих байдлыг нэг бүрчлэн хуульчилан зааж, тэдгээрийг зөвхөн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад нотлохгүй бөгөөд шүүх хуралдааны явцад мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад тулгуурлан нотолдог болохыг зохицуулан хуульчилсан болно.
Иймээс яллах дүгнэлтэд дурдсан “А.А 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр гэмт хэрэг үйлдсэн” гэх техникийн шинжтэй алдааг анхан шатны шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой байжээ.
Түүнчлэн яллагдагч А.А хохирогч П.Мгийн бие махбодид хоёр өөр цаг хугацаанд хоёр удаа хөнгөн хохирол учруулсан үйлдэлд “хоёр, түүнээс олон хүнийг” гэсэн хүндрүүлэх шинж, шалгуурт огт хамаарахгүй, хууль зүйн өөр ойлголт болно.
Эдгээр байдлын талаар бичсэн прокурорын 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 63 дугаар эсэргүүцэл үндэслэлтэй байна.
Харин анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид заасан үндэслэлээр бус магадлалд заасан доорх үндэслэлээр А.А, П.М нарт холбогдох хэргийг прокурорт буцаах нь зүйтэй.
Хэрэгт хохирогч П.Мгийн “...2018 оны 5 дугаар сарын 03-наас 04-нд шилжих шөнө А.А гэх залууд зодуулсан...” /хх 26-28/, “...миний урьд нь хамтран амьдарч байсан А.А 2018 оны 7 дугаар сарын 07-ны өдөр манай гэрт согтуу ирээд байрны орцонд баахан орилж байгаад яваад өгсөн. ...Бид хоёр дотно харилцаатай байсан...” /хх 109-110/, “...бид сүүлийн 5 жилийн хугацаанд дотно харьцаатай байгаа, уулздаг байсан...” /хх 130-132/, А.Аын “...Мөнхзаяа бид хоёр үерхээд 3-4 жилийн хугацаа өнгөрч байна. ...би энэ хүнээс салж, холдох гэж хичээсэн боловч “уулзъя” гээд Мөнхзаяа өөрөө дуудаад байдаг...” /хх 114-116/ гэх мэдүүлгүүд, 2015 оноос эхлэн зодож байсныг харуулсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 47-49/ зэрэг нотлох баримтууд авагджээ.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт “Энэ хуулийн зохицуулалтад гэрлэлтээ цуцлуулсан эхнэр, нөхөр, хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй этгээд нэгэн адил хамаарна” гэж заажээ.
Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлд хууль тогтоогчоос “гэр бүлийн хамаарал бүхий харилцаа” гэж гэр бүлийн гишүүд, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаа, гэрлэлт нь цуцлагдсан, бусад шалтгаанаар хамт амьдарч байгаад больсон хүн, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, асрамжийн үйлчилгээ үзүүлж байгаа хүн, тэдгээрийн асрамжид байгаа хүмүүсийн хоорондын харилцааг ойлгоно” гэж тодруулан тайлбарласан байна.
Дээрх байдлуудаас үзвэл шүүгдэгч А.А нь П.Мг удаа дараа зодсон, тэд гэр бүлийн харилцаатай, хамтран амьдарч байсан зэрэг нь тогтоож байх тул А.Аын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэлд “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх шинж байгаа эсэхийг мөрдөн шалгах ажиллагааны явцад тодруулах шаардлагатай.
Энэ ажиллагааг хуульд нийцүүлэн явуулснаар Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэсэн заалт болон Эрүүгийн хуулийн зорилго, зарчимд нийцэнэ.
Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсэгт заасан үндэслэлийг өөрчилж, А.А, П.М нарт холбогдох эрүүгийн хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: