Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Доржийн Баттулга |
Хэргийн индекс | 144/2016/0036/Э |
Дугаар | 39 |
Огноо | 2016-09-09 |
Зүйл хэсэг | 215.3., |
Улсын яллагч | Т.Баярмаа |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 39
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баттулга даргалж,
Нарийн бичгийн дарга: Н.Энхтөр,
Улсын яллагч: Т.Баярмаа,
Хохирогчийн төлөөлөгч: Ө.Алтанзаяа,
Иргэний хариуцагч: А.Майцэцэг,
Иргэний хариуцагчийн өмгөөлөгч: И.Олонмөнх,
Шүүгдэгч: М.Эрдэнэ-Очир,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Баярмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Өмнөговь аймаг дахь сум дундын 1 дүгээр прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Эрдэнэ-Очирт холбогдох 201616010059 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1971 оны 08 дугаар сарын 18-нд Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн. Одоо 45 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төв, Өгөөмөр багт оршин суудаг. Улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй. Мэргэд овогт Маамаагийн Эрдэнэ-Очир /РД:РФ71011871/
Шүүгдэгч М.Эрдэнэ-Очир нь 2016 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан овоо багийн нутаг Тавантолгой ХХК-ийн уурхайн амнаас урагш 410 м зайд сайжруулсан шороон замын баруун талд “Божманайзууд” ХХК-ийн эзэмшлийн 90-52 ӨМӨ улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгслийг жолоодон ухрах үйлдэл хийхдээ Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.6, 7.17 дахь заалтуудыг зөрчсөний улмаас иргэн Б.Наранцогтыг дайрч амь насыг нь хохироож “тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
G:\Ajil\Shiitgeh togtool\2016 on\2016_09_09_№40_215.3_M.Erdene-Ochir.doc
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч: “Шүүгдэгч М.Эрдэнэ-Очир нь 2016 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан овоо багийн нутаг Тавантолгой ХХК-ийн уурхайн амнаас урагш 410 м зайд сайжруулсан шороон замын баруун талд “Божманайзууд” ХХК-ийн эзэмшлийн 90-52 ӨМӨ улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгслийг жолоодон ухрах үйлдэл хийхдээ Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.6, 7.17 дахь заалтуудыг зөрчсөний улмаас иргэн Б.Наранцогтыг дайрч амь насыг нь хохироож “тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг” гэмт хэргийг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдож байна гэж үзэж байна.
Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг улсын яллагчийн хувьд тайлбарлахад 20 жил машин жолоодсон туршлагатай жолооч байж тухайн үед хөдлөхөөсөө өмнө машинаа эргэж тойроод үзчихсэн бол ийм хэрэг гарахгүй байх байсан. Тойроод үзчихгүй яав даа гэсэн харамсал төрж байна. Гэмт хэргийн хувьд хүндрүүлэх нөхцөл байхгүй. Өөрөөр хэлбэл тухайн гэмт хэргийг согтуугаар үйлдээгүй, бүлэглэж үйлдээгүй, мөн давтан болон урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь ял шалгуурын хуудсаар тогтоогддог. Учруулсан хохирлыг барагдуулсан байгаа. Үйлдсэн гэмт хэргийнхээ талаар чин шударгаар мэдүүлж, гэмшиж буй нь харагддаг. Иймд М.Эрдэнэ-Очирт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялыг оногдуулах, мөн 1 жил 5 сараар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх саналыг улсын яллагчийн зүгээс шүүх хуралд оруулж байна. М.Эрдэнэ-Очир нь 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, цагдан хоригдсон хоноггүй, одоогийн байдлаар бусдад төлөх төлбөрийг барагдуулсан, эд мөрийн баримтаар хураагдсан 69776 дугаартай жолооны үнэмжлэхийн замын цагдаагийн газарт шилжүүлэх саналтай байна. Мөн 90-52 ӨМӨ улсын дугаартай Нордбенз маркийн чирэгч, 96-09 АЧ улсын дугаартай чиргүүл зэргийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгуулж, эзэмшигчид нь буцаан олгуулах саналтай байна. Улсын яллагчийн саналын дагуу хэргийг шийдвэрлэж өгнө үү?“ гэв.
Шүүгдэгч М.Эрдэнэ-Очир шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: ”Би Цогтцэций сумаас 2016 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 13 цагийн үед уурхайн ам руу машин дээрээ хүргүүлсэн. Тэнд очсоныхоо дараа машинаа эргэж тойрч, түлшний банк болон дугуйнуудаа шалгаж үзсэн. Тэгээд машиндаа орж машинаа асаагаад хийгээ хураасан. Тэгээд толиндоо хараад ухарч байгаад жолоогоо зүүн гар тийшээ жаахан дараад хартал зүүн гар талын дугуйны ард хүний хөл харагдсан. Би машинаасаа буугаад айлд орж хэлээд эмч цагдаа дуудуулсан. Би 20 жил жолоо барьсан. Би гэмт хэргийн улмаас учирсан хохирол, оршуулгын зардал 400000 төгрөг өгсөн. Нийт 2200000 төгрөг бэлэн өгсөн. Гэмт хэрэг гарах үед гэгээтэй өдөр байсан. Бороо цас орохгүй, тунгалаг өдөр байсан. Машинаа тойроход чөлөөтэй, харагдахаар байсан. Сумаас ирсэн дараа би машинаа бүрэн бүтэн байгаа эсэхийг бүрэн тойрч шалгасан. Тэгэхэд хүн, амьтан байхгүй, эл хуль байсан. Тэгээд машинд байж байгаад машинаа асаагаад хөдлөхдөө шалгаагүй толиндоо хараад ухарсан. Би хөдлөхдөө байнга шалгаж үздэг байсан. Тухайн үед л шалгаагүй ийм хэрэг болсон. Би ийм хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж харамсаж байна” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Би нөхөртэйгээ суугаад 10 жил болж байна. Манайх 2 охинтой, том охин маань одоо 7 настай, бага 2 настай. Оршуулгын зардал 2900000 төгрөг дээр ирэх очих унааны зардал гээд 3 700 000 төгрөгийг өнөөдөр “Божманайзууд” ХХК-наас өгсөн. Оршуулгын зардал дээр гомдол санал байхгүй. Манай хүн Тавантолгой дээр ажиллахаар ирээд 3 жил банкны мөнгөө өгөөд явж байсан. 2 банкны зээлтэй. Үлдэгдэл зээлийг төлөхгүй бол хашаа байшинг банк эргүүлээд хураагаад авчих байх гэж бодож байна. миний 2 хүүхдэд тусламж дэмжлэг компаний зүгээс олгож өгөхийг хүсч байна. угаасаа туслаж дэмжих ах дүү байхгүй. Тэгээд цаашдаа амьдарахад хэцүү байна. гэр оронгүй байж байгаад 2014 оны 10-р сард Орбитод хашаа байшин зээлээр авсан. Манай хүн зээлэнд сар бүр 400 000 хийдэг байсан. Урт хугацааны зээл авсан. Урьдчилгаагаа өгөх гээд Капитал банкнаас 2 сая төгрөгний зээл авсан байснаа төлсөн. Одоо үлдэгдэл нь капиталд банкинд 2 сая гаруй төгрөг байгаа. “Божманайзууд” ХХК-ний зүгээс биднийг харж үзээд гэр оронтой болгоод үлдээх боломж байна уу? гэсэх хүсэлт, гомдолтой байна. Шүүгдэгчий зүгээс мөн миний 2 охинд тус дэм болох болов уу? гэж бодож байна. М.Эрдэнэ-Очир нь эхлээд 300000, дараа нь 150 000, 500000, 400000 төгрөгийг тус тусад нь, нийт 2200000 төгрөг өгсөн. “Божманайзууд” ХХК-ний зүгээс шүүх хурлаар олгохоор шийдвэрлэсэн мөнгийг л олгоно гэсэн тайлбар өгч байсан ба өнөөдрийг хүртэл хүлээлгэж байгаа 3700000 төгрөгийг сая өглөө. Манай хүн их сургуулиа төгсөөд Мира гэх тэсрэх бодисны компанид оператараар 3 жил ажилласан. Тэгээд хотод “Дэлгэрэх хүнс” ХХК-д портер бариад борлуулагчийн ажил 2 жил хийсэн. Манай хүн л ажил хийж биднийг тэжээж банкны мөнгөө төлдөг байсан. Ажлаа хийгээд байж байсан чинь хүргэн ах нь “энд хоол унаа нь цаанаасаа, яг гар дээрээ сая төгрөг авна, хүрээд ир” гээд дуудсан. Тэгээд 04 дүгээр сарын 08-нд ирээд 2 сар болж байхад ийм хэрэг болсон. Манай хүн энд ирээд “Бадрах өгөөж” гэдэг хөрс хуулалтын компанид Хово машин барьдаг ээлжийн жолоочоор ажилладаг байсан. Том тэрэг жолоодох Е ангиллын үнэмлэхтэй ба өмнө нь Замын үүдээс том тэргээр ачаа зөөдөг байсан. Талийгаач надад хэлэлдээ “Энэ хөрс хуулалтын компани нь цалин бага өгдөг юм байна. Тээврийн компани нь гайгүй юм байна. Нэг өвөрмонголтой ярьсан. Мэргэшсэн үнэмлэхтэй болчихвол тээврийн компанид ороод рейс нь 300 гээд цалинжих юм байна. Би 6 сарын 01-нд очино. 5 дугаар сарын 27-28-ны үед 2 хүүхдээ аваад хүрээд ир, хүүхдийн баяр тэмдэглэнэ” гэж байсан юм. Архи дарс ерөөсөө уудаггүй байсан. Баяр ёслолын үед гэр бүлийнхэнтэйгээ л хаад нэг тэмдэглэдэг байсан. Яг хэрэг болдгийн өмнөх шөнө нь тэнд ажилладаг байсан хүн нь хотоос шөнийн 2 цагт Цогтцэций суманд ирэхэд ажлынхаа ХАБ-ын инженертэйгээ хамт тоссон юм билээ. Тэгээд тэр хүн 1 шил архи өгөхөөр уучихаад үүрийн 05 цагт уурхайн аманд очиход архи нь гараагүй, халамцуу байсан юм билээ. Өнгөрөхөөсөө өмнө 50 минутын өмнө надтай ярихад “одоо амраад орой ээлжиндээ гарна” гэж ярьж байсан. Урьд шөнө бороо орж байсан болохоор ажиллаагүй, хүн тосохоор боллоо гэж байсан. Би тэр хүнд нь солих оймс, түрсинкийг нь драгон дээр таараад өгч явуулж байсан гэв. Би тэгэхэд нөхрөө хотод ирчихнэ гээд 2 хүүхдээ аваад Улаанбаатар хотод очсон байсан юм. Тэгэхэд талийгаач 06 дугаар сарын 01-нд очино гэж байсан боловч “цалингаа авч чадаагүй болохоор нэг мөсөн аваад очъё” гэж байсан юм. М.Эрдэнэ-Очир ахад гомдож байгаа ч одоо 2 охинтой үлдсэн. 2 охиныг минь бодоод М.Эрдэнэ-Очир болон иргэний хариуцагч компанаас туслаж тэтгэлэг гаргуулж өгнө үү гэсэн хүсэлттэй байна” гэв.
Иргэний хариуцагч шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Манай компанийг хариуцаж Тавантолгой ХХК-нд ажиллаж байгаа Сүмбэр гэх ажилтнаар 600000 төгрөгийг ажил явдал гарах үед хохирогчид өгүүлсэн. Манай талаас хохирол төлбөрт 3700000 төгрөг өгсөн. Одоо нэхэмжилж байгаа мөнгийг би компанийхаа удирдлагад танилцуулсан ба энэ талаар ярилцаж шийдвэрлэнэ гэсэн хариу өгсөн байгаа. Манай талаас албан ёсны баримттай хохирол 2900000 төгрөг байсан ч 3700000 төгрөг өгсөн. Үүн дээр 2 удаа ирж буцсан замын зардал 1 удаа 400000 төгрөг, нийт 800000 төгрөгийг нэмээд өгсөн. Баримтын дагуу гаргаж өгсөн хохирлыг манай талаас төлсөн байгаа. Тавантолгой компаний хөрс хуулалтыг хариуцан ажилладаг Сүмбэр гэдэг ажилтнаар дамжуулан талийгаачийн ар гэрт нь 600 000 төгрөг өгүүлсэн юм. Манай компани 1-2 жил ажилласан ажилтнаа үндсэн ажилтнаар авдаг. Би болохоор энэ компанид ороод 1 жил болох гэж байна. энэ хүн нь 5-р сард ажилд орсон. Одоо 8, 9 сараас эхлээд Монгол улсын хөдөлмөрийн хуулийн дагуу хөдөлмөрийн гэрээ байгуулж эхлэх гэж байгаа. Нийгмийн даатгалаа 8-р сараас эхлээд төлөөд явж байгаа. М.Эрдэнэ-Очиртой Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Шүүгдэгчтэй байгуулсан гэрээ нь тухайн машиныг тээвэрт явуулна, тээврийг хэрэглйг хүлээж авсан, бүрэн бүтэн хариуцна гэсэн гэрээ байдаг. Тийм учраас нь уг гэрээгээр ажиллагсдыг компаний үндсэн ажилтан гэж үздэггүй. Өмнө нь машин эзэмшүүлэх гэрээ байгуулдаг байсан. Тухайн машины хувьд хувь хүнд гэрээгээр эзэмшүүлсэн машин байгаа юм. Тэр хүнтэй хувь хүн гэрээ байгуулаад тээвэр хийдэг юм. Манай компаний нэр дээр байдаг мөртлөө хувь хүнд эзэмшүүлдэг юм. Манай компани нь гадаадын хөрөнгө оруулалттай Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг компани. Захиралууд нь хятадад байдаг” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд “Шүүгдэгчийн өмгөөлөгч миний бие шүүх хуралдааны хэлэлцүүлэг эхлэхээс өмнө өөрийн байр сууриа илэрхийлсэн. Юуны өмнө шүүх хуралдаанд оролцож байгаа талийгаач Наранцогтын гэр бүлийн хүн болох хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон Ө.Алтанзаяа болон түүний дүү нарт өөрийн болон үйлчлүүлэгчийнхээ зүгээс гүн эмгэнэн гашуудаж байгаагаа илэрхийлье. Эмгэнэл илэрхийлэх нь ч зүйн хэрэг гэж бодож байгаа тул хүн авна уу?. За үндсэн өмгөөллөө явуулъя. Хэргийн онолын болон зүйлчлэлийн хувьд маргахгүй. Маргахгүй байгаа үндсэн шалтгаан нь миний үйлчлүүлэгч тухайн гэмт хэрэгт холбогдсоноосоо хойш өнөөдрийн шүүх хуралдаан хүртэл холбогдсон хэргийнхээ талаар тууштай үнэн зөвөөр мэдүүлж, ямар нэгэн маргах мэтгэлцэх зүйл байдаггүй тул хэргийн зүйлчлэлийн хувьд маргах зүйлгүй. Харин миний үйлчлүүлэгчийн гэм бурууг шүүн тунгааж хэлэлцэж байгаа тул түүнд шүүхээс оногдуулах ялыг Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлуудыг дурьдаж өмгөөллийн үйл ажиллагаагаа явуулна. Өмгөөллийн үйл ажиллагаа явуулахаасаа өмнө тухайн гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгааныг улсын яллагч тайлбарласан ч дараахь зүйлийг нэмж хэлмээр байна. Уг гэмт хэрэг гарах болсон нэг нөхцөл нь хохирогчийн гүн согтолттой байгаа байдал нь хавтаст хэргийн хүрээнд шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон байдаг. Тэгэхээр тухайн гэмт хэрэг гарах болсон хамгийн гол шалтгаан нөхцлийг 1-рт архи, 2-рт хохирогчийн зүй бус үйлдэл бүрдүүлсэн гэдгийг дурьдаж хэлмээр байна. Миний үйлчлүүлэгчийн гэм буруутай асуудал, түүнд оногдуулах ялыг шийдвэрлэхэд нөлөөлөх учир гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийг заавал дурдах зүйтэй байдаг.
Мөн компаний харуицлагагүй, гэм буруутай байдлаас болж тухайн гэмт хэрэг гарсан. Яагаад гэвэл тухайн ажилтан амрах цагтаа тухайн байрандаа амраад ажил үүргээ гүйцэтгэсэн бол ийм хэрэг гарахгүй байсан. Ажилчиддаа тавих хяналт муу байснаас ажилчид нь гадуур, дотуур дэмий тэнэж архи дарс уусны улмаас гэмт гарахад нөлөөлсөн гэдгийг дурдаж хэлэх нь зүйтэй байна.
Миний үйлчлүүлэгчид ял шийтгэл оногдуулахдаа дараахь хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү. 1-рт, шүүгдэгч М.Эрдэнэ-Очир нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт холбогдсон, энэ нь ял шалгуурын хуудсаар тогтоогддог. Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь хүндэвтэр гэмт хэрэгт хамаардаг. 2-рт, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг сайн дураараа төлж барагдуулсан. Энэ нь хавтаст хэргийн 127-р хуудаст авагдсан хохирол төлбөр төлсөн тухай баримт, хохирогч, шүүгдэгчийн мэдүүлгээр тогтоогдож байна. 3-рт, миний үйлчлүүлэгч нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаасаа гэмшиж байгаа. Энэ нь миний үйлчлүүлэгч хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэл үйлдсэн гэмт хэргийнхээ талаар ямар нэгэн байдлаар зөрүүгүй, чин шударгаар тууштай хүлээн мэдүүлсэн байдгаар нотлогдоно.
Эдгээр ял хөнгөрүүлэх үндэслэлийг харгалзан үзэж ял шийтгэл оногдуулж өгнө үү?. Мөн Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлд заасан ял шийтгэл оногдуулах зарчмын дагуу өмгөөлөгчийн хувьд миний үйлчлүүлэгчийн хувийн байдлыг хэлмээр байна. Миний үйлчлүүлэгч нь 45 настай, ид залуу насандаа болгоомжгүй байдлын улмаас гэмт хэрэгт холбогдсон, ам бүлийн хувьд эхнэр, 2 охины хамт амьдардаг, өрх гэрийн тэргүүн, ар гэрийнхээ ахуйн амьдарлыг залгуулж явдаг, зан байдлын хувьд үг дуу цөөтэй, архи дарс хэрэглэдэггүй, төлөв даруу зантай, ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй, мэргэшил мэдлэгийн хувьд 20 жил машин жолоодсон жолооч мэргэжилтэй, мэргэшсэн жолооч, бүрэн дунд боловсролтой хүн байдаг. Иймд миний үйлчлүүлэгчид оногдуулах хорих ялыг Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлд заасны дагуу тэнсэж, хянан харгалзаж өгнө үү. Эр нэг алдаж, эрэг нэг нурдаг гэдэг. Миний үйлчлүүлэгчийн нэг удаагийн алдсан алдаандаа суралцаад гэр бүл хамт олных нь дунд байж хүмүүжих боломжийг олгож, тэнсэн хянан харгалзаж өгнө үү гэсэн саналыг шүүх хуралдаанд оруулж байна. Мөн нэмж хэлэхэд миний үйлчлүүлэгчийн холбогдсон хэрэг нь санаатай үйлдэгддэггүй, гэмт хэргийн субъектив санаа нь санамсар болгоомжгүй байдлаар үйлдэгддэг гэдгийг дурдаж хэлмээр байна. Эхний өмгөөллөө үүгээр өндөрлөж байна“ гэв.
Иргэний хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд “Би нэг зүйлийг тайлбарлаж хэлье гэж бодож байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгах тухай Монгол улсын Дээд шүүхийн 2009 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн №15 дугаар тогтоол байдаг. Уг тогтоол болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 44-р зүйлд зааснаар “Божманайзууд” ХХК-ийг иргэний хариуцагчаар татсан байдаг. Иргэний хариуцагчийн хувьд шүүх хуралдаан эхлэхээс өмнө хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид энэ хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг бүрэн дүүрэн төлж барагдуулсан. Өөрөөр хэлбэл мөрдөн байцаалтын шатанд хохирогч талаас гаргаж өгсөн оршуулгатай холбоотой зардал буюу шүүх хуралдаанд ирж очих замын зардал болох 3700000 төгрөгийг “Божманайзууд” ХХК-наас төлж барагдуулсан байгаа. Мөн уг хэргийн холбогдогч М.Эрдэнэ-Очир нь 2 200 000 төгрөгийг мөн төлсөн байгаа. Компаний өмгөөлөгчөөр оролцож байгаагийн хувьд компаний зүгээс “Юуны өмнө ийм хэрэг гарч эрдэнэт хүний амь нас хохирсон явдалд харамсаж байгаа, үүнийг уламжилж хэлээрэй” гэснийг дамжуулж хэлмээр байна.
Хохирогчийн гаргасан нэхэмжлэлийг хуулийн дагуу төлж барагдуулсан гэдгийг дурдах нь зүйтэй. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгах талаар гарсан Улсын дээд шүүхийн 2009 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн №15 дугаартай тогтоолын 5-р зүйлд гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгах, хариуцах этгээдийг зааж өгсөн байдаг. Энэ нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 44-р зүйл, Иргэний хуулийн 499-р зүйлийн 499.1-д зааснаар тээврийн хэрэгсэл эзэмшигч компанийг тогтоосон байдаг. Тийм учраас нэн тэргүүн ээлжинд хохирогчид учирсан хохирлыг “Божманайзууд” ХХК нь шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө сайн дураараа төлж барагдуулсан. Энэ нь уг гэмт хэргийн холбогдогч М.Эрдэнэ-Очирын учруулсан хохирлыг барагдуулсан гэж гэж үзэж байна. Дээрх тогтоолын 5 дугаар зүйлийн 5.2-т “гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хариуцан арилгасан этгээд нь өөрт учирсан хохирлоо гэм буруутай этгээдээс иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй гэж заасан байдаг тул гэм буруутай этгээдээс компанид учруулсан хохирлыг нэхэмлжлэх боломжтой гэдгийг тайлбарлаж хэлмээр байна. Мөн М.Эрдэнэ-Очирын буруутай үйлдлээс болж эрдэнэт хүний амь нас хохирсон ч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хохирогчийн талаас гаргаж өгсөн нотлох баримтын хэмжээнд “Божманайзууд” ХХК нөхөн төлсөн байгаа. Тухайн компани нь 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр тээврийн хэрэгсэл эзэмших гэрээ байгуулсан байдаг. Шүүгдэгч нь “Божманайзууд” ХХК-д хөлсөөр ажиллах болон хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, 2016 оны 05 дугаар сард автомашин эзэмших гэрээ байгуулаад ажиллаж байгаад сар хүрэхгүй хугацаанд хэрэгт холбогдсон юм гэдгийг нэмж тайлбарлаж хэлмээр байна” гэв.
Хэргийн газрын үзлэг хийсэн “...Өмнөговь аймгийн нутаг Ханбогд сумын нутаг нүүрс тээврийн хатуу хучилттай засмал замын 222 дахь км-т ....хөндлөнгийн гэрчээр Э.Эрдэнэбат, Д.Санвийдагва нар, оролцогчоор Ж.Бямбаа, Б.Ганбаяр нарыг оролцуулав...”, гэсэн тэмдэглэл / ХХ-ийн 4-рт/,
Гэрэл зургийн үзүүлэлт / ХХ-ийн 5-15-рт/,
Хэрэг учралын газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл /Хавтаст хэргийн 5-6-р хуудас/,
Гэрэл зургийн үзүүлэлт /Хавтаст хэргийн 7-11, 44-46, 48-р хуудас/,
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ө.Алтанзаяагийн өгсөн ”...Би талийгаач Наранцогтын эхнэр нь байгаа юм. Би Баажий буюу Батжаргал ахын утас руу залгаад Нараатай яръя гэтэл Баажий ах Нараа нь нас барсан байна гэж хэлсэн. Талийгаачийн утас нь нас барахаасаа өмнөх өдрийн оройноос нь хойш холбогдохоо байчихсан юм. Нас барсан өдрийн өглөө танихгүй дугаараас ярихдаа нэлээд согтуу байсан. Талийгаач Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт үйл ажиллагаа явуулж байсан Бадрах-Од өгөөж ХХК-д жолоочоор ажиллаж байсан юм. Миний зүгээс гомдолтой байна. 02-07 насны хоёр жаахан охинтойгоо үлдэж байна. гэм буруутай хүнээс холбогдох зардал болон бусад зүйлсийг нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /Хавтаст хэргийн 16-р хуудас/,
Мөрдөн байцаалтын шатанд иргэний хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч А.Майцэцэгийн Би Божманайзууд ХХК-д нарийн бичгээр ажилладаг юм. 90-52 ӨМӨ улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгсэл нь манай компанийн өмч мөн бөгөөд манай компанийн нэр дээр бүртгэлтэй байдаг. Тухайн осол гаргасан автомашиныг жолоодож явсан жолооч М.Эрдэнэ-Очир нь манай компанийн жолооч мөн. Манай компаниас М.Эрдэнэ-Очиртой машин эзэмших, тээвэрлэлт хийх гэрээг хийсэн байсан. Ослын улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөөр манай компаниас даатгалын компанид хандсан байгаа, мөн талийгаачийн ар гэрт оршуулгын зардалд одоогийн байдлаар 600 000 төгрөг өгөөд байгаа...” гэсэн мэдүүлэг /Хавтаст хэргийн 18-р хуудас/,
Мөрдөн байцаалтын шатанд гэрч В.Хадбаатарын өгсөн ”...2016 оны 06 дугаар сарын 05-ны өглөө кемпийн манаач ахаар хүргүүлээд уурхайн амны гуанз гэрүүдийн дунд байх өөрийн түрээсэлдэг гэртээ ирээд гэрийн гадаа зогсож байтал миний ажиллаж байсан компанийн жолооч нар болон 2 тогооч зэрэг хүмүүс тэнд явж байгаатай тааралдсан . би гэртээ тэд нарыг дагуулаад орсон. Тэд нар манай гэрт ороод удалгүй кемп рүүгээ явлаа, сумын төв орж хоночихоод буцаж явна гээд гараад явцгаасан түүнээс хойш удалгүй талийгаач Наранцогт ганцаараа буцаад манай гэрт ороод ирсэн. Тэгээд нөгөө хэд явчихлаа, би үлдчихлээ, дотор муу байна, шартаад байна гэсэн. Би ч өөрийн цүнхэд байсан сумын төвөөс авсан байсан архиа задалж талийгаач Наранцогттой хувааж уусан. Би яг сайн мэдэхгүй байна, талийгаач 11-12 цагийн үед л байх Бямбаа эгчийнд очино гээд гэрээс гарсан. Эргэж гэрт ирсэн эсэхийг би сайн мэдэхгүй байна. би их согтуу байсан... гэрт бид хоёр л байсан. Миний цүнхэд байсан ерөөл архийг хувааж уусан. 0,5 л архи байсан шиг санаж байна...” гэсэн мэдүүлэг /Хавтаст хэргийн 19-р хуудас/,
Мөрдөн байцаалтын шатанд Б.Адъяасүрэнгийн өгсөн: “ ...Хадаа гэдэг залуу бид нартай тааралдаад манай гэрт ор гэсэн. Тэгээд Хадаагийн гэрт нь орчихоод байж байтал бид нарыг авахаар кемпээс машин ирэхээр нь бүгдээрээ явахаар Хадаагийнхаас гараад явтал талийгаач би энд үлдлээ нэг пиво аваад араас чинь очъё гэхээр нь би орой ажилтай одоо пиво ууж яах юм бэ? гэтэл талийгаач би өөрийгөө мэдэж байна гээд уурлаад байсан. Би явъя гээд араас нь таттал гараа булааж авсан. Тэгээд бид нар тэндээс явж талийгаач тэнд үлдсэн. Тухайн үед цаг 07 цаг өнгөрч байсан байх. Тэгээд кемп дээр ирээд амраад байж байтал 14 цаг өнгөрч байх үед талийгаачийг машинд дайрагдан нас барсан талаар Билгүүн хэлсэн. Хадаатай үлдэхдээ талийгаач тийм их согтуу биш гэхдээ халамцуу архи нь сайн гараагүй байсан. Хадаа бид нартай таарах үедээ согтуу байсан. Бид нарт архи өгөөгүй, бид нарыг тэндээс явтал архи уугаагүй. Тэнд талийгаач болон Хадаа тэр хоёр л үлдсэн, өөр хүн үлдээгүй.” Гэсэн мэдүүлэг /Хавтаст хэргийн 20-р хуудас/,
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Бат-Эрдэнийн өгсөн: “...2016 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 14 цагийн үед машинаа авахаар тэнд очоод Бямбасүрэн эгчийн гэр гуанзанд хоол идээд сууж байтал гаднаас нэг ах сандарсан гүйж орж ирээд би машины ард хүн байсныг харалгүй ухарч байгаад дайрчихлаа, цагдаа, эмнэлгийн утас байна уу? гэж хэлсэн. Би тэр ахыг Бямбаа эгчийн гэрт нь орж ирээд хүн дайрчихлаа гэж хэлсний дараа гэрээс гарч харахад Бямбаа эгчийн гэрийн баруун урд талд 9052 ӨМӨ улсын дугаартай Нордбенз маркийн машин арагшаа ухарч байгаад зогссон байдалтай уг машины чирэгийн зүүн талын буюу жолоочийн талын арын гадна дугуйны яг харалдаа нэг эрэгтэй хүн дээшээ хараад хөдөлгөөнгүй хэвтэж байсан. Тэр хүний 2 хөл, гуя хавиар нь машин дайрчихсан бололтой улаан нялга болчихсон харагдсан. Мөн машины зүүн гар талын дугуйнуудад цус, тос мэт зүйл наалдчихсан харагдсан. Намайг гэрт орохдоо харахад уг машин Бямбасүрэн эгчийн гэр гуанзны баруун урд талд ертөнцийн зүгээр зүүн зүгт харсан байдалтай зогссон байсан. Миний машин уг машины хойд талд нь зогссон байсан юм” гэсэн мэдүүлэг /Хавтаст хэргийн 21-р хуудас/,
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Батсайханы өгсөн: “...Би нэлээд хугацааны дараа гэрээс гарч харахад манай гэрийн баруун урд талд 9052 ӨМӨ улсын дугаартай автомашин анх зогсож байсан газраасаа арагшаа ухраад нэлээд яваад зогссон. Тэр машины чирэгчийн жолоочийн талын арын тэнхлэгийн гадна талын дугуйны харалдаа газарт нэг эрэгтэй хүн дээшээ хараад хөдөлгөөнгүй болчихсон хэвтэж байгаа харагдсан. Намайг шөнө тээврээс ирээд гэртээ орохдоо харахад 9052 ӨМӨ улсын дугаартай автомашин нь манай гэрийн баруун урд талд ертөнцийн зүгээр зүүн тийш харсан байдалтай байрлан зогссон байсан. Тэр хүн дайрсан машины жолооч Эрдэнэ-Очир эрүүл байсан...” гэсэн мэдүүлэг /Хавтаст хэргийн 22-р хуудас/,
Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Батчулууны өгсөн: Би Цогтцэций сумын нутаг дэвсгэрт байрлах Таван толгойн уурхайн аман дээр дөнгөж ирээд гэр гуанзанд орсон. Тэгээд хоол идээд сууж байтал нэг танихгүй ах нэлээд сандарсан байдалтай орж ирээд би чиргүүлийн доор хүн байсныг мэдэлгүй машинаа хөдөлгөөд дайрчихлаа гэж хэлээд яаралтай түргэн тусламж болон цагдаа дуудах дугаар мэддэг бол дуудаж өгч туслаач гэсэн. Би лавлахаас асууж байгаад Цогтцэций сумын цагдаагийн хэлтсийн дугаарыг авч залгаж дуудлага өгсөн..” гэсэн мэдүүлэг /Хавтаст хэргийн 23-р хуудас/,
Мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Ганбаатарын өгсөн: “...Би Эрдэнэ-Очирыг танина аа бид хоёр нэг нутаг нэг сумын хүмүүс байгаа юм. Би Эрдэнэ-Очирыг хүүхэд байхын л мэднэ, элдэв хэрэг төвөгт ороод байдаггүй, төлөв томоотой даруухан, хүнд тусархуу, сайн хүн гэж бодож явдаг, архи дарс уугаад хэл ам татлаад байхгүй амьдралын төлөө л явж байгаа хүндээ...” гэсэн мэдүүлэг /Хавтаст хэргийн 24-р хуудас/,
Шинжээчийн №45 дугаартай “...Шинжилгээний онош “Авто осол, дайрагдал аарцаг ясны үйрч бяцарсан хугарал. Умдаг хэсгийн няцарсан шарх, бэлэг эрхтний бяцрал, чацархайн цус хуралт, хурц цус алдалт. Дүгнэлт...Талийгаачийн цогцосонд дээрх оношинд бичигдсэн гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын үед үүсгэгдсэн байх боломжтой. Талийгаачийн цогцосонд үзлэг шинжилгээгээр үхэлд хүргэх архаг өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь дээрх гэмтлүүдийн улмаас гэмтлийн шокоор нас баржээ.” гэсэн дүгнэлт /Хавтаст хэргийн 30-31-р хуудас/,
Зам тээврийн ослын акт /Хавтаст хэргийн 37-39-р хуудас/,
Шинжээч цагдаа, цагдаагийн дэслэгч М.Үүрдмандахын “...жолооч Маамаа овогтой Эрдэнэ-Очир нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.6-д Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам орчны байдлыг биеэр шалгана. 7.17-д “Жолооч хөдөлгөөнд саад учруулахгүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн заалтыг тус тус зөрчсөн буруутай байна...” гэсэн дүгнэлт /Хавтаст хэргийн 42-р хуудас/,
Цогцос болон түүний өмсөж явсан хувцасанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /Хавтаст хэргийн 43-р хуудас/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /Хавтаст хэргийн 47-р хуудас/,
Мөрдөн байцаалтын шатанд М.Эрдэнэ-Очирын яллагдагчаар өгсөн “...Би сонсгосон зүйл ангийг ойлголоо. Сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. 2016 оны 05 дугаар сард Божмай ХХК-ийн эзэмшлийн 90-52 ӨМӨ улсын дугаартай автомашиныг БНХАУ-ын нутаг Ганцмодны боомтод байрлах тус компанийн кемпэд хөлсөөр нүүрс тээвэрлэлт хийхээр холбогдох бичиг баримтыг бүрдүүлж авсан юм. 06 дугаар сарын 05-ны өдөр 13 цагийн үед сумын төвөөс уурхайн ам руу хүргүүлж очоод машинаа нэг тойрч түлшний банк болон запас дугуйнуудыг нь шалгаж үзээд машиныхаа кабиныг онгойлгож кабин дотроо арын ор дэвсгэрээ янзалж шороо тоосыг нь цэвэрлээд нэлээд удсан, багцаагаар 40 орчим минут болсон байх, тэгээд машинаа тэндээс гаргаж уурхай руу очерт очиж зогсохоор ухарсан юм. Би ухрах үйлдэл хийхдээ толиндоо харсан. Машины ар талд юу ч харагдаагүй тэгээд ухарч байгаад жолоогоо зүүн гар тийш нь дараад ухарч байгаад хартал чирэгчийн арын тэнхлэгийн давхар дугуйнд нэг эрэгтэй хүний 2 хөлийг хагас дайраад зогсчихсон байсан. Би буцаж гүйгээд машиндаа орж суугаад машинаа урагш жаахан хөдөлгөөд зогсоож орхиод буцаж нөгөө хүн дээр иртэл тэр хүн машинд бүсэлхийнээс доош хэсэг нь дайрагдсан байдалтай түрүүлгээ буюу доошоо хараад толгой нь дотор тал руугаа буюу зүүн тал хойд зүгт харуулсан байдалтай байхаар нь би сандраад татаж дээш нь харуулсан. Тэгэхэд тэр хүний гар нь хөдөлж байсан. Би ч буцаж гүйгээд нөгөө айлд орж бушуу цагдаа эмнэлэг дуудаарай би хүн дайрчихлаа гэж хэлсэн. Би ухрах үйлдэл хийх үедээ бол машины эргэн тойронг шалгаж үзээгүй, харин сумын төвөөс ирсэн даруйдаа машиныг тойрч үзэхэд хүн байгаагүй. Би ухрах үедээ сигнал өгөөгүй, намайг ухарч байх үед ойр орчимд хүн харагдаагүй...” гэсэн мэдүүлэг /Хавтаст хэргийн 55-56-р хуудас/,
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 4-р багийн засаг даргын тодорхойлолт /Хавтаст хэргийн 57-р хуудас/,
Шүүгдэгч М.Эрдэнэ-Очирын ял шийтгэдсэн эсэхийг шалгах хуудас /Хавтаст хэргийн 58-р хуудас/,
Шүүгдэгч М.Эрдэнэ-Очирын иргэний үнэмлэхний лавлагаа /Хавтаст хэргийн 62-р хуудас/,
Цогтцэций сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтсийн замын цагдаагийн хэсгийн даргын 38б/291 дугаартай “...Маамаа овогтой Эрдэнэ-Очир нь жолооны ВСЕ ангиллын 69776 дугаарын хүчинтэй үнэмлэхтэй болохыг тодорхойлов...” гэсэн тодорхойлолт /Хавтаст хэргийн 63-р хуудас/,
Иргэний хариуцагчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн хохирол төлсөн тухай баримт зэрэг болно.
Шүүгдэгч М.Эрдэнэ-Очир нь 2016 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Цагаан овоо багийн нутаг Тавантолгой ХХК-ийн уурхайн амнаас урагш 410 м зайд сайжруулсан шороон замын баруун талд “Божманайзууд” ХХК-ийн эзэмшлийн 90-52 ӨМӨ улсын дугаартай Нордбенз маркийн тээврийн хэрэгслийг жолоодон ухрах үйлдэл хийхдээ Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 7.6, 7.17 дахь заалтуудыг зөрчсөний улмаас иргэн Б.Наранцогтыг дайрч амь насыг нь хохироож “тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Энэ хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан, прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд шүүх шүүгдэгч М.Эрдэнэ-Очирын гэм буруу, хувийн байдалд тохируулан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгч М.Эрдэнэ-Очирт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 55-р зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас санамсар болгоомжгүйгээр анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, зэрэг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байгаа тул оногдуулах ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол оршуулгын зардалд 2949243 төгрөг, 2 банкны зээл 20500000 төгрөг, хохирогчийн олох байсан орлого 92160000 төгрөгийг тус тус нэхэмжилсэн ба үүнээс банкны зээл, олох байсан орлого зэрэг нь албан ёсны шаардлага хангасан нотлох баримтгүй тул хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв. Харин оршуулгын зардлыг шүүгдэгч болон иргэний хариуцагч талаас бүрэн төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.
М.Эрдэнэ-Очирын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 69776 дугаартай ВСЕ ангилалын жолоочийн үнэмлэхийг Замын цагдаагийн газарт нь шилжүүлэх нь зүйтэй.
Монгол улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 286, 294, 297, 298 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Мэргэд овогт Маамаагийн Эрдэнэ-Очирыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Эрдэнэ-Очирын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, 3 /гурав/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52-р зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар М.Эрдэнэ-Очирт оногдуулсан 3 /гурав/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар М.Эрдэнэ-Очирт оногдуулсан 3 /гурав/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан М.Эрдэнэ-Очирт хяналт тавихыг Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт даалгаж, тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг ялтанд сануулсугай.
6.Ялтан М.Эрдэнэ-Очир нь цагдан хоригдсон хоноггүйг, бусдад төлөх төлбөргүй, хохирол төлбөр 5 900 000 төгрөг төлсөн болохыг дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь энэ хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.4-т зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн “Божманайзууд” ХХК-ийн эзэмшлийн нордбенз маркийн 90-52 ӨМӨ улсын дугаартай автомашин, 96-09 АЧ улсын дугаартай чирэгч зэргийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.
8.Эрүүгийн Байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн М.Эрдэнэ-Очирын №69776 дугаартай, ВCE ангиллын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Замын цагдаагийн газарт шилжүүлсүгэй.
9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол ялтанд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй баталгаа авах таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь уг шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
11.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, ялтанд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй баталгаа авах таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ШҮҮГЧ Д.БАТТУЛГА