| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2018/00419/И |
| Дугаар | 749 |
| Огноо | 2018-03-07 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 749
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 22-р хороо, Зүүн нарангийн 16-130А тоотод оршин суух, Эрдэнэс таван толгой ХК-д хөдөлмөрийн аюулгүй байдлын мэргэжилтэн ажилтай, регистр ЧБ81091006, Боржигин овогт Гэндэнгийн Болормаагийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 22-р хороо, Зүүн нарангийн 16-130А тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, регистр ИИ81080717, Халх овогт Чойдогжамцын Гаваагүнчинд холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, дундын өмчлөлийн эд хөрөнгөөс ноогдох хэсгээ гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Болормаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Золзаяа /үнэмлэх 2402/, хариуцагч Ч.Гаваагүнчин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бердигүл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Болормаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2004 онд Ч.Гаваагүнчинтэй гэр бүл болж, хамтран амьдраад 16 жил болж байна. Бидний дундаас 2005 оны 4-р сарын 28-нд охин Г.Энхжин, 2011 оны 7-р сарын 8-нд охин Г.Энэрэл нар төрсөн. 2009 оноос эхлэн бидний дунд үл ойлголцол үүссэн, Ч.Гаваагүнчин нь архи уусан үедээ намайг хэл амаар амаар доромжилж, надад байнга гар хүрдэг. Эрүүл байхдаа зүгээр байдаг. Энэ тухай эцэг эх, ах дүү нартаа хэлж байгаагүй. Архи ууж надад гар хүрчихээд маргааш нь уучлалт гуйж, дахин тэгэхгүй гэдэг байсан. Тэрэнд нь итгээд хүүхдүүдээ бодоод уучилдаг байсан юм. Цаашид хамтран амьдрах боломжгүй тул гэрлэлтийг цуцалж, хоёр хүүхдээ өөрийн асрамжиндаа авна. Эд хөрөнгийн хувьд хашаа байшинг надад, Тоёота Приус маркийн автомашиныг Ч.Гаваагүнчинд үлдээхээр тохиролцсон. Хашаа байшин маань банкны зээлийн барьцаанд байдаг, одоо 10-аад сая төгрөгийн үлдэгдэлтэй, зээлийг би төлдөг. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хоёр хүүхдийг миний асрамжид үлдээн, тэтгэлэг тогтоож өгнө үү гэв.
Хариуцагч Ч.Гаваагүнчин шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2004 онд гэр бүлж болж, 2005 онд охин Энхжин, 2011 онд охин Энэрэл нар төрсөн. Сүүлийн 6 жил Г.Болормаа бид таарамжгүй харилцаатай болж, цаашид хамтран амьдрах боломжгүй болсон юм. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй. Өөрсдийн гэх хашаа байшинг Г.Болормаад, 53-98 УНА улсын дугаартай Тоёота Приус маркийн автомашиныг би авахаар тохирсон. Хоёр хүүхдээ эхийнх нь асрамжид өгч, тэтгэлэг тогтоолгохыг зөвшөөрч байна гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Болормаа нь Ч.Гаваагүнчинд холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, дундын өмчлөлийн эд хөрөнгөөс ноогдох хэсгээ гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Г.Болормаа, Ч.Гаваагүнчин нар нь 2014 онд гэр бүл болж, амьдрах хугацаандаа 2005 оны 4-р сарын 28-нд охин Г.Энхжин, 2011 оны 7-р сарын 8-нд охин Г.Энэрэл нарыг төрүүлж өсгөжээ.
Гэр бүлийн тухай хуулинд зааснаар гэрлэгчид нь бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх үүрэгтэй байна.
Харин гэрлэгчид хамт амьдрах хугацаандаа нөхөр Ч.Гаваагүнчин нь архи уусан үедээ эхнэрээ зоддог, хэл амаар доромжилдог зэрэг маргааны улмаас хоорондоо таарамжгүй харьцаатай болсон нь зохичгийн тайлбараар тогтоогдсон байна.
Дээрх нөхцөл байдлын улмаас гэрлэгчид цаашид хамт амьдрах боломжгүй, энэ байдал хүүхдүүдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлөхөөр байх ба хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг хүссэн байна. Иймд гэрлэлтийг цуцалж, хүүхдийн асрамж, тэтгэлийн асуудлыг хуульд зааснаар шийдвэрлэх нь зүйтэй.
Гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулахдаа хүүхдүүдийг эхийн асрамжинд үлдээж, эцэг Ч.Гаваагүнчин нь тэтгэлэг төлөх, гэрлэгчийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөөс 53-98 УНА улсын дугаартай Тоёота Приус машиныг Ч.Гаваагүнчинд, Баянгол дүүргийн 22-р хороо, Зүүн нарангийн 16-130А тоот хашаа байшинг Г.Болормаа болон 2 хүүхдэд үлдээхээр тохирсон байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 118, 132-р зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.1, 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан Чойдогжамцын Гаваагүнчин, Гэндэнгийн Болормаа нарын гэрлэлтийг цуцалж, 2005 оны 4-р сарын 28-нд төрсөн охин Г.Энхжин, 2011 оны 7-р сарын 8-нд төрсөн охин Г.Энэрэл нарыг эх Г.Болормаагийн асрамжинд үлдээсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан охин Г.Энэрэлийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, Г.Энхжин, Г.Энэрэл нарыг 11-16 нас /суралцаж байгаа тохиолдолд 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр, тус бүрт тэтгэлэг гаргуулж эцэг Ч.Гаваагүнчингээр тэжээн тэтгүүлсүгэй.
3. Иргэний хуулийн 130-р зүйлийн 130.2 дахь хэсэгт заасныг баримтлан 53-98 УНА улсын дугаартай Тоёота Приус машиныг Ч.Гаваагүнчинд, Баянгол дүүргийн 22-р хороо, Зүүн нарангийн 16-130А тоот хашаа байшинг Г.Болормаа болон Г.Энхжин, Г.Энэрэл нарт тус тус үлдээсүгэй.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогот хэвээр үлдээж, хариуцагч Ч.Гаваагүнчингээс 70 200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
5. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА