| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гантөмөрийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 188/2022/0557/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/548 |
| Огноо | 2022-05-04 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Н.Уранбайгаль |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 04 өдөр
Дугаар 2022/ШЦТ/548
2022 5 04 2022/ШЦТ/548
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан,
улсын яллагч Н.Уранбайгаль,
хохирогч Ч.Э............н,
шүүгдэгч С.Б............р нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг эрүүгийн 2203 0004 50140 дугаартай хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн 1 хавтаст хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Боржигон овогт С............нгийн Б............р, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1999 оны 3 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, бүрэн дунд боловсролтой, өрөгч, угсрагч мэргэжилтэй, “..................” ХХК-д худалдааны төлөөлөгч ажилтай, ам бүл 7, эх, эгч, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн ..........................тоотод байнга оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар УШ..................4.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч С.Б............р нь 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 14 цаг 50 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, “Цогт-Уул” хүнсний дэлгүүрийн зүүн урд замд П.Г.........дын эзэмшлийн “Хьюндай Портер” маркийн ......... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болох гарахаар завдаж байгаа явган зорчигч 51 настай, эрэгтэй, Ч.Э............нг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.
Шүүгдэгч С.Б............р нь 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Пүрэв овогтой Г.........дын эзэмшлийн Hyundai маркийн Porter загварын хөх өнгийн, ......... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо буюу Баянхошууны хөтөл орчим байх хүнсний дэлгүүрүүдээр борлуулалт хийгээд явж байна. Ийнхүү явж байхдаа 14 цаг 50 минутын орчимд Цогт-Уул хүнсний дэлгүүрийн зүүн урд замд ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш чиглэлтэй зорчих хэсгийн 2 дугаар эгнээнд явж байгаад явган хүний зохицуулдаггүй гарцаар ертөнцийн зүгээр хойноос урагш чиглэлтэй зам хөндлөн гарч явсан Ч.Э............нг тээврийн хэрэгслээр мөргөж биед нь зүүн 1-10-р хавирганы хугарал, зүүн уушгины няцрал, цээжний зүүн хөндийн хийн ба цус хураа, хүзүүний 6-р нугалмын сэртэн, өвчүү, умдагны зүүн дээд, доод салааны хугарал, хэвлийн зүүн хажуу, өгзөг, гуя, шилбэнд цус хуралт бүхий амь насанд аюултай хүнд гэмтэл учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдов.
1.2 Нотлох баримтын үнэлгээ
Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Зам тээврийн осол гарсан гэх газар нь Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хөтөл буюу Цогт-Уул хүнсний дэлгүүрийн зүүн урд замд үйлдэгдсэн байв. ...анх явган зорчигч автомашинд мөргүүлсэн гэх цэгийг явган зорчигчоор заалган камерын бичлэгийн үндэслэн А үсгээр тэмдэглэв. Явган зорчигч автомашинд мөргүүлэн газарт унасан цэгийг камерын бичлэгийг үндэслэн Б үсгээр тэмдэглэв....А цэгээс Б цэг хүртэл 6.20м, А цэгээс зорчих хэсгийн хойд хашлага хүртэл 6.30 м, Б цэгээс зорчих хэсгийн урд хашлага хүртэл 4.90м, явган хүний гарцын өргөн 4.0м тус тус байв...” гэх баримт (хавтаст хэргийн 04-09 дэх тал),
- СD-нд үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Тус хяналтын камерын бичлэг нь нийт 00 минут 40 секундийн бичлэг байх ба уг бичлэгийг тоглуулж үзэхэд VID_20211228_200752 гэсэн бичиглэлтэй байх ба уг бичлэгийг тоглуулж үзэхэд явган зорчигч ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш алхаж явж байгаа нь харагдаж байна. Уг явган зорчигч ертөнцийн зүгээр хойноос урагш чиглэлтэй зам хөндлөн гарч байгаа нь харагдаж байна. Тус протер маркийн автомашин зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр явж байгаа нь харагдаж байна. Явган зорчигч 00 минут 29 секундэд автомашинд мөргүүлж байгаа нь бичигдсэн байна...” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 11 дэх тал)
- Хохирогч Ч.Э............нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр би гэртээ ганцаараа 200 гр Өргөө нэртэй архи уучхаад тус өдрийн 12 цагийн орчим ганцаараа гэрээсээ гараад яван. Тухайн үед би өөрийн төрсөн хүүхэд болох Шинэмөнхөд 10.000 мянган төгрөг АТМ-с авч өгөх гээд явж байсан. Тэгээд Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо Хөтлийн автобусны буудлын зүүн талд байрлах явган хүний гарцаар зам хөндлөн гарч байтал зүүн гар талаас ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш ирж явсан машин намайг мөргөөд би газарт уначихсан. Тэгээд машинд мөргүүлсний мэдэж байгаа өөр цаашид юу болсон талаар санахгүй байгаа тухайн үед их шоконд орчихсон байсан...тухайн үед зам тээврийн ослоос болж миний биеийн зүүн талын 10-н хавирга хугарсан, бас аарцагны яс хугарсан гэсэн оноштой байгаа...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14 дэх тал),
“...Тухайн зам тээврийн ослоос болж 10 хавирга хугарсан, 3-4 хавирга давхар хугарсан, аарцагны яс хугарсан, өвчүү бага зэргийн гэмтсэн, эмчийн үзлэгээр хүзүү бага зэрэг гэмтэлтэй гэж гарсан. Мөн миний уушгинд ус хурсан...Тухайн осол болсон өдөр жолооч намайг Гэмтлийн эмнэлэгт хүргэж өгөөд компьютер томографийн болон хүзүүний бэхэлгээний төлбөрийг төлж өгсөн. Эмнэлэгт хэвтэхдээ даатгалаараа хэвтсэн. Өөр эм тариа зэрэг зүйлсийг өөрөө авсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17 дахь тал)
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн Хүний биед хийсэн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 1446 дугаар дүгнэлт
-“...Хэсэг газрын үзлэг: ...Цээжний зүүн хажууд суганы дунд шугамаар 7-р хавирга орчим хатгалт хийлгэсэн шархтай, хэвлийн зүүн хажуугаас өгзөг, гуя, шилбэний гадна хэсгийг нилэнхүйд нь хамарсан хөх ягаан өнгийн, зарим хэсгээрээ бүдгэрч арилж эхэлсэн цус хуралттай. Биед өөр ил харагдах гэмтэлгүй.
2021.12.24-ний Толгойны томограммуудад гавал ясан хугарал тодорхойлогдохгүй. Хамар яс болон зүүн нүдний ухархайн дотор хана этмойд хөндий рүү 1,3см өргөн хэсэгт0.4см гүн хэмжээтэй цөмөрсөн хуучин хугаралтай...Зүүн зулайн ар, дагзны баруун ар хэсгийн зөөлөн эдэд хаван хавдартай. Хүзүүний зүүн талын зөөлөн эдэд хийтэй...гэжээ.
Цээжний томограммууд дээр зүүн талын I хавирга LPV шугамаар зөрүүгүй, II, III хавирга LAM, LS шугамаар бага зэрэг зөрүүтэй хоёрлосон. IV, V хавирга LS шугамаар ясны хэлтэрхий бүхий зөрүүтэй, LАМ шугамаар зөрүүтэй хоёрлосон. VI VII хавирга LS шугамаар бага зэрэг зөрүүтэй, LAM шугамаар хуучин хугарал дээр шинээр үүссэн хоёрлосон, VIII IX X хавирга LS шугамаар бага зэрэг зөрүүтэй хугаралтай. Өвчүү ясны их биеийн дээд 1/3 хэсгээр бага зэрэг зөрүүтэй хугаралтай. Зүслэгт багтсан хүзүүний С6-р нугалмын арын сэртэн зөрүүтэй хугаралтай...2 талын уушгины дээд дэлбэнгийн оройн сегментэд 0.9х0.7см хүртэл хэмжээтэй хэд хэдэн тооны буллтай. Зүүн уушгины агааржилт жигд бус буурсан, жигд бус тархсан сүүн шилний шинжийн фон дээр дээд дэлбэнгийн inferior lingular сегмент, доод дэлбэнгийн superior сегментэд гуурсан хоолойн зураглал бүхий нэвчдэстэй. Зүүн талын плеврийн хөндийн урд ханаар бага хэмжээний сул хийтэй, ар ханаар шингэтэй...Цээжний хөндийн зүүн талын хажуу болон арын ханын зөөлөн эдэд хаван хавдартай, хийтэй...гэжээ.
2021.01.03-ны гарах үеийн дүгнэлт: ...2021-12-24-нд Онош: 1-10-р хавирганы суганы ар ба далны шугамаарх далд хугарал. Хүзүүний 6-р нугалмын сэртэнгийн далд хугарал. Зүүн уушгины няцрал, цээжний зүүн хөндийн хийн ба цусан хураа. Умдагны зүүн дээд, доод салааны далд хугарал оношоор хэвтсэн...зүүн плеврийн хөндийн гуурс тавьсан...гэжээ...ДҮГНЭЛТ
1. Ч.Э............нгийн биед зүүн 1-10-р хавирганы хугарал, зүүн уушгины няцрал, цээжний зүүн хөндийн хийн ба цус хураа, хүзүүний 6-р нугалмын сэртэн, өвчүү, умдагны зүүн дээд, доод салааны хугарал, хэвлийн зүүн хажуу, өгзөг, гуя, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед үүсэх боломжтой.
3. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 30-31 дэх тал) зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Шүүгдэгч С.Б............рын мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 15-16 цагийн орчим Hyundai Porter ......... улсын дугаартай түгээлтийн автомашинаа жолоодоод Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Баянхошууны Хөтөл гэх газар бууз, баншаа түгээх гээд хүнсний дэлгүүрүүдээр явж байгаад тус дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хөтөл гэх газар ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш явж байгаад явган хүний гарцаар зам хөндлөн гарч байсан явган зорчигчийг мөргөж гэмтээсэн...би хохирогчид эмчилгээний төлбөрт 550.000 төгрөгийн хохирол мөнгийг өгсөн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэж мэдүүлсэн (хавтаст хэргийн 39-41 дэх тал) байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч С.Б............р нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.
1.4.Эрх зүйн дүгнэлт
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 1446 дугаартай дүгнэлтээр амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэж үзнэ.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч С.Б............р нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчин зам хөндлөн гарч явсан Ч.Э............нг мөргөсний улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн...” гэх шинжийг хангахын зэрэгцээ хохирогчийн эрүүл мэндэд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүнд гэмтэл учруулсан нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинж буюу мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж” гэх шинжийг хангажээ.
Иймд улсын яллагчаас шүүгдэгч С.Б............рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах талаар гаргасан дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.
Өөрөөр хэлбэл улсын яллагчийн гаргасан гэм буруугийн дүгнэлт үндэслэлтэй гэж шүүх үзэж эрүүгийн хуулийн дээрх зүйл хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэм буруутайд тооцов.
1.5. Хохирол, хор уршиг
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Э............н нь мөрдөн шалгах ажиллагааны үед хохирол, хор уршигт баримтаар 480.050 төгрөгийг (хавтаст хэргийн 48-49) баримтаар гаргаж өгснөөс шүүгдэгч С.Б............р нь 505.000 төгрөгийг (хавтаст хэргийн 60) төлж барагдуулсан байна. Иймд шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Харин хохирогч Ч.Э............н нь өөрт учирсан хүнд гэмтэлтэй холбоотой хохирол, хор уршгийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх нь зүйтэй.
Өөрөөр хэлбэл хохирогч Ч.Э............н нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирол, хор уршигтай холбоотой баримтыг гаргаагүй боловч эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа талаараа мэдүүлэх тул түүний зөрчигдсөн эрхийг сэргээлгэх үүднээс дээрх хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагчаас шүүгдэгч С.Б............рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялын нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг,
- Хохирогч Ч.Э............н: “...гэмт хэрэг гарсан үеэс хойш хохирлыг төлж барагдуулсан. Иймд шүүгдэгчид оногдуулах ял шийтгэлийн хувьд заавал цагдан хорих шаардлага гэж үзэж байна. Харин хохирогч нь цаашид гарсан эмчилгээний зардлыг нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж өгнө үү...” гэх дүгнэлтийг,
- Шүүгдэгч С.Б............р “...улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хөнгөрүүлж тэнсэж хянан харгалзаж өгнө үү...” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүгдэгч М...............................н нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн” байгаа зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 61, 63 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 54 дэх тал), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 69 дэх тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 64 дэх тал), Наяд Хүнс Трейд ХХК-ний тодорхойлолт (хавтаст хэргийн 65 дахь тал), тээврийн хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 74) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.
Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг үндэслэн шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан бодит хохирлыг нөхөн төлж, цаашид гарах хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн, тэрээр эрхэлсэн тодорхой ажилтай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болон хохирогчийн гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтийг өөрчилж шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, мөн зүйлд заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ял оногдуулахаар шийдвэрлэв.
Түүнчлэн дээрх гэмт хэргийн улмаас хохирогчид хүнд зэргийн гэмтэл учирсан байх тул шүүгдэгчид оногдуулсан ял дээр нэмж Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “Гэмт хэргийн хор уршгийг арилгах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд тогтоох нь зүйтэй байна.
Харин шүүгдэгч С.Б............р нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт "Тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй... бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулна.”, мөн зүйлийн 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд ...санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож... ял оногдуулна.” гэж тус тус заасныг түүнд анхааруулах нь зүйтэй.
Мөн шүүхээс шүүгдэгч С.Б............рт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ял оногдуулсан тул түүнд оногдуулсан дээрх ялыг Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх эрх хасах ялыг... хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх... албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно.” гэсний дагуу шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэв.
Тиймээс шүүгдэгч С.Б............рт авсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн “В” ангиллын 1385280 дугаартай үнэмлэх ашиглаж байсан болохыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх нь зүйтэй гэж үзэв.
2.3. Бусад асуудлын талаар
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD нэг ширхгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн 2203 0004 50140 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй , хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 3, 36.5 дугаар зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь;
1. Шүүгдэгч Боржигон овогт С............нгийн Б............рыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч С.Б............рт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 (хоёр) жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Шүүгдэгч С.Б............рт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Гэмт хэргийн хор уршгийг арилгах” үүргийг хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд тогтоосугай.
4.Шүүгдэгч С.Б............р нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулж болохыг анхааруулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б............рын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хассан ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD нэг ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, шүүгдэгч С.Б............р нь жолоодох эрхийн “В” ангиллын 1385280 дугаарын үнэмлэх ашиглаж байсан болохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт мэдэгдсүгэй.
7. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус тэмдэглэж, хохирогч нь өөрт учирсан хохирол, хор уршгийн зардлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Шийтгэх тогтоолыг, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХЗУЛ