Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 812

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 12 дугаар хороо, Хасбаатарын гудамж, 5б-65 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, регистр ХЕ73032079, Бээл овогтой Ванчиндоржийн Батжаргал,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 12 дугаар хороо, Хасбаатарын гудамж, 5б-65 тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, регистр ХЕ46010178, Бээл овогтой Сэтэвдоржийн Ванчиндорж нарыг төлөөлж М.Одбаярын гаргасан нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн бүс, Товчооны зам 27, “Эх мандал” ХХК-ийн байрны 1 тоотод оршин суух, Эх мандал ХХК-ний захирал ажилтай, регистр ТЖ77113061, Хатагин овогтой Хадбаатарын Сарнайд холбогдох хувьцаа худалдах, худалдан авах, компаний эрх шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохыг хүссэн хэргийг  хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.Одбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Дарьсүрэн /үнэмлэх 0835/, хариуцагч Х.Сарнай, хариуцагчийн өмгөөлөгч Г.Лхагвасүрэн /үнэмлэх 2460/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов.

                                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч В.Батжаргал нь өөрийн аав С.Ванчиндоржтой хамтран гэр бүлийн Эх мандал ХХК-ийг 2000 оны 10 дугаар сарын 17-ны өдөр анх үүсгэн байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлэн торт, нарийн боовны үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж ирсэн. Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ нь 19 400 000 төгрөг ба нэг бүр нь 10 000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 1940 ширхэг энгийн хувьцаатайгаар анх компанийг үүсгэн байгуулсан бөгөөд гүйцэтгэх захирал В.Батжаргал 1299.8 ширхэг буюу нийт хувьцааны 67 хувь, С.Ванчиндорж нь 640.2 ширхэг буюу нийт хувьцааны 33 хувийг эзэмшиж байсан. 2000 оноос хойш компанийхаа үйл ажиллагааг тасралтгүй явуулж ирсэн бөгөөд энэ хугацаанд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Үйлдвэрийн баруун бүс, Товчооны зам 27 тоотод байрлах 540 метр квадрат талбайтай Улсын бүртгэлийн Ү-2205029957 тоот дугаартай 3 давхар үл хөдлөх хөрөнгийг Эх мандал ХХК-ийн нэр дээр барьж бий болгосон. Ингээд тус компанийн үүсгэн байгуулагчид болох В.Батжаргал, С.Ванчиндорж нар тус тусын хувьцаагаа нийлүүлэн нийт 19 400 000 төгрөгөөр үнэлэн 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх тухай гэрээ байгуулан Х.Сарнайд 100 хувийн хувьцаагаа шилжүүлсэн байна. В.Батжаргал, С.Ванчиндорж нар нь ийнхүү компаний эрхийг шилжүүлэхдээ Эх мандал ХХК-ийн нэр дээр байх, өөрийн барьж бий болгосон Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр байрлах 540 метр квадрат талбайтай 3 давхар үл хөдлөх хөрөнгийн эрхийг хамтад нь шилжүүлж буйгаа ойлгоогүй бөгөөд эрхийн талаар төөрөгдөлд орсон байхаас гадна гэрээгээр шилжүүлсэн хувьцааны төлбөрөө өнөөдрийг хүртэл авч чадаагүй. Өөрөөр хэлбэл, худалдан авагч нь Хувьцаа худалдах, худалдан авах гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тул 2017 оны 9 дүгээр сарын 14-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх тухай гэрээнээс татгалзаж, Эх мандал ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр тогтоолгох шаардлагыг гаргаж байгаа болно гэжээ.

 

Нэхэмжлэгчийг төлөөлж М.Одбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: В.Батжаргал нь аав С.Ванчиндоржийн хамт гэр бүлийн “Эх мандал” ХХК-ийг 2000 оны 10 дугаар сарын 17-ны өдөр үүсгэн байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлэн торт, нарийн боовны чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгө нь 19 400 000 төгрөг, нэг бүр нь 10 000 төгрөгний үнэ бүхий 1940 ширхэг энгийн хувьцаатай. Гүйцэтгэх захирал В.Батжаргал нь нийт хувьцааны 67 хувийг, С.Ванчиндорж нь 33 хувийг эзэмшдэг байсан. 2000 оноос хойш Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Товчооны зам 27 тоот хаягт байрлах 540 метр квадрат талбайтай, улсын бүртгэлийн Ү-2205029927 дугаарт бүртгэгдсэн 3 давхар үл хөдлөх хөрөнгийг Эх мандал ХХК-ийн нэр дээр барьж бий болгосон, 350 000 000 гаруй төгрөгийн үнэ бүхий объект юм. Ингээд тус компанийн үүсгэн байгуулагчид болох В.Батжаргал, С.Ванчиндорж нар тус тусын хувьцаагаа нийлүүлж, 19 400 000 төгрөгөөр 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээ, Х.Сарнайтай байгуулж, 100 хувийн хувьцаагаа шилжүүлсэн. Х.Сарнайд хувьцааг шилжүүлэхдээ Эх мандал ХХК-ийн нэр дээр байгаа 3 давхар үл хөдлөх хөрөнгийн эрхийг хамтад шилжүүлж байгаагаа ойлгоогүй учраас эрхийн тал дээр төөрөгдөлд орсон. Х.Сарнай, В.Батжаргал нар нь гэр бүлийн хүмүүс бөгөөд Х.Сарнай нь С.Ванчиндоржийн бэр, энэ хувийн шинж байдал нь уг хэлцлийг хийх үндэслэл болсон. Энэ объект нь гэр бүлийн  дундын эд хөрөнгө, Х.Сарнайд шилжүүлснээр эд хөрөнгөөс ногдох хувийг компаниас эзэмших боломжгүй болсон. 350 000 000 төгрөгийн үнэ бүхий объектоос С.Ванчиндоржийн эзэмших 33 хувийн хувьцаанд 150 000 000 төгрөг авах боломжтой байхад хувьцаагаа 6 000 000 төгрөгөөр зарсан. Үүнээс харахад маш их  зөрүү гарч байгаа. Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.2 дахь хэсэгт хэлцлийн зүйлийн үнийг тодорхойлоход ач холбогдол бүхий эд зүйлийн шинжийн талаар төөрөгдсөн гэдэг шинжийг агуулж байна. Энэ объектийн үнийн талаарх баримт нь хэрэгт авагдсан 2013 оны татварт тайлагнасан баримт, Хас банкны барьцаанд 250 000 000 төгрөгөөр үнэлсэн. Өнөөдрийн байдлаар Х.Сарнай нь хувьцаа худалдсан 19 400 000 төгрөгөө төлөөгүй. 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, түүний эрх шилжүүлэх гэрээ Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.1, 58.3.2, 58.3.3 дахь хэсэгт заасан шинжүүдийг агуулсан ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хүчин төгөлдөр хэлцэлт тооцож өгнө үү гэв.

 

Хариуцагч Х.Сарнай шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Эх мандал ХХК-ийг 2000 онд байгуулж, 2002 оноос торт, нарийн боовны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулсан. Хувьцаа худалдах, худалдан авах, компаний эрх шилжүүлэх гэрээг 2017 оны 9-р сарын 14-нд хийсэн. В.Батжаргал нь үүнээс өмнө өөр хүнтэй гэр бүл болоод намайг 3 хүүхэдтэй орхиод явсан. Тэгэхдээ “чи энэ компанийг үргэлжлүүлэн авч яв, 3 хүүхдээ би юугаар тэжээх вэ, хүүхдүүдээ үлдээж байна, банкинд бүх юмаа алдах гээд байна, одоо сууж байгаа хүндээ компанийхаа эд зүйлийг өгмөөргүй байна” гэж өөрөө гуйгаад аавынхаа хамт бүх хувьцаагаа, компаниа надад шилжүүлж өгсөн. Энэ гэрээгээр хувьцаагаа буцааж авах, надаас мөнгө төгрөг авах талаар огт  яригдаагүй. В.Батжаргал нь гэрлэлт цуцлуулах хэрэгт үйлдвэрийн байрнаас өөрт ногдох хэсгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 2014 онд В.Батжаргал нь барилгыг дээш нэмж барина гээд бариагүй дутуу орхисон, намайг өрөнд оруулаад орхисон. Өнөөдрийг хүртэл өр төлбөрийг би барагдуулж байгаа. Анх энэ барилгыг 2011 оны 8 дугаар сард Хас банкны лизингээр  220 сая төгрөгөөр 1 давхрын 270 метр квадрат талбайтай байхад нь худалдаж авсан. Хас банкны зээлийг хугацаандаа төлж байгаад 2014 онд төлбөрийн чадваргүй болж үйл ажиллагааг зогсоосон. Гэтэл банкнаас байрыг хураана гээд 3 өрөө байраа 68 сая төгрөгөнд тооцож хураалгасан, би 3 хүүхдийн хамт одоо үйлдвэрийн байрны нэг  өрөөнд амьдарч байгаа. В.Батжаргал энэ бүгдийг мэдэж байгаа, төөрөгдөлд орсон гэж байгааг гайхаж байна гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Ванчиндорж, В.Батжаргал нарыг төлөөлж М.Одбаяр нь Х.Сарнайд холбогдох Эх мандал ХХК-ний хувьцаа худалдах, худалдан авах, компаний эрх шилжүүлэх гэрээнээс татгалзаж, хувьцаа эзэмшигчээр тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж эдгээр гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохыг хүссэн байна. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

Эх мандал ХХК нь 2000 онд “нарийн боовны үйлдвэрлэл”-ийн үйл ажиллагаа явуулахаар үүсгэн байгуулагдсан байх ба компаний 19 400 000 төгрөгийн үнэ бүхий 1940 ширхэг энгийн хувьцааны 1299.8 ширхэг хувьцаа буюу оруулсан хөрөнгийн 67 хувийг В.Батжаргал, 640.2 ширхэг хувьцаа буюу 33 хувийг С.Ванчиндорж /хх 10-12/ эзэмшиж байжээ. 

 

Хувьцаа эзэмшигч нар нь 2017 оны 9-р сарын 14-ний өдөр Х.Сарнайтай “Хувьцаа худалдах худалдан авах гэрээ”, “Компаний эрх шилжүүлэх тухай гэрээ”-г тус тус байгуулж хувьцаа эзэмшигч В.Батжаргал нь 1299.8 ширхэг хувьцааг нэг бүрийг 10 000 төгрөг буюу 12 988 000 төгрөгөөр, хувьцаа эзэмшигч С.Ванчиндорж нь 640.2 ширхэг хувьцааг нэг бүрийг 10 000 төгрөг буюу 6 402 000 төгрөгөөр тус тус худалдаж, Эх мандал ХХК-ний эрх үүрэг, компаний үндсэн болон эргэлтийн хөрөнгийг Х.Сарнайд шилжүүлэхээр /хх 5-8/  тохирчээ.

 

Эдгээр гэрээний дагуу үүсгэн байгуулагчид 2017/01 тоот тогтоолоор В.Батжаргал, С.Ванчиндорж нарыг хувьцаа эзэмшигчээс хасч, Х.Сарнайд  хувьцааг 100 хувь эзэмшүүлсэн, гүйцэтгэх захирал В.Батжаргалыг ажлаас чөлөөлж, Х.Сарнайг гүйцэтгэх захирлаар томилсон, улмаар хувьцаа эзэмшигч Х.Сарнай нь Эх мандал ХХК-ний дүрмээ баталсан, дүрэмд оруулсан өөрчлөлт улсын бүртгэлд бүртгэгдсэн /хх 52-68/ байна.

 

 В.Батжаргал, Х.Сарнай нар нь гэрлэгчид бөгөөд Х.Сарнайгийн нэхэмжлэлтэй В.Батжаргалд холбогдох гэрлэлт цуцлах, дундаа хамтран өмчлөх эд хөрөнгийн маргаантай хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа тус шүүхэд явагдаж байгаа талаар талууд маргаагүй болно. 

 

Үүнээс дүгнэвэл, Эх мандал ХХК нь гэрлэгч, гэр бүлийн гишүүдийн хамтран үүсгэн байгуулсан, амьдралынх нь эх үүсвэр болж байгаа тохиолдолд энэ нэхэмжлэлийн шаардлага нь гэрлэлт цуцлах маргаантай холбоотой, өөрөөр хэлбэл, эдгээр маргаан нь хоорондоо шалтгаант холбоотой гэж үзэхээр байна.

 

Нөгөө талаас, нэхэмжлэгч В.Батжаргал нь “эхнэр, 3 хүүхдээ тэжээн тэтгэх, амьжиргааных нь эх үүсвэр болгох, банкны өр зээлд шилжүүлэхгүй байх” зорилгоор компаниа бүхэлд нь шилжүүлж өгсөн гэх хариуцагчийн тайлбарыг үгүйсгэх боломжгүй.

 

Хариуцагч Х.Сарнай нь С.Ванчиндоржийн бэр, В.Батжаргалын эхнэр байсан нь Эх мандал ХХК-ний хувьцааг худалдах, компаний эрхийг шилжүүлэх хэлцэл хийх үндэслэл болсон бөгөөд энэ талаар төөрөгдсөн /Иргэний хуулийн 58-р зүйлийн 58.3.1/, өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нар хэлцэл хийх хүсэл зоригоо илэрхийлэхдээ өөр хэн нэгэн Сарнайтай хийх байсныг андуурч ...бэр, эхнэр Х.Сарнайтай хувийн шинж байдлаар нь төөрөгдөж хэлцэл хийсэн гэж үзэхгүй.

 

Иргэний хуулийн 58-р зүйлийн 58.3.2-т заасан хэлцлийн зүйлийн үнийг тодорхойлоход ач холбогдол бүхий эд зүйлийн шинжийн талаар төөрөгдсөн, өөрөөр хэлбэл, тухайн үл хөдлөх эд хөрөнгө нь худалдах, худалдан авах, компаний эрх шилжүүлэх гэрээний хамт шилжиж байгаа талаар төөрөгдсөн гэжээ.

 

В.Батжаргал нь Эх мандал ХХК-ний гүйцэтгэх захирлаар ажиллаж санхүүгийн болон татварын тайланг эрх бүхий этгээдэд гаргаж байсан, тухайн компаний эд хөрөнгөд тухайн барилга бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийн 2013 оны татварын тайланд 215 000 000 төгрөгөөр тусгагдсан талаар нэхэмжлэгч тайлбарладаг бөгөөд үнийн талаар төөрөгдсөн гэх шаардлага үндэслэлгүй байна.

Түүнчлэн, энэ хуулийн 58-р зүйлийн 58.3.3-т заасан хэлцэл хийх гол үндэслэл болсон эрхийн талаар төөрөгдсөн буюу 19 400 000 төгрөгний үнэ бүхий хувьцааг шилжүүлэхэд бүх эд хөрөнгө шилжинэ гэдгийг ойлгоогүй гэж маргажээ.

 

Эх мандал ХХК-ний өдөр тутмын үйл ажиллагааг эрхлэн явуулахаар Х.Сарнайг гүйцэтгэх захирлаар томилсон нь компаний эрхийг шилжүүлж төөрөгдсөн үндэслэл болохгүй гэж дүгнэлээ. Өөрөөр хэлбэл, Х.Сарнай нь Эх мандал ХХК-ний 100 хувийн хувьцааг дангаараа эзэмшигч болж, улмаар гүйцэтгэх захирлаар томилогдсон, компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд байна.

 

Талууд хүсэл зоригоо илэрхийлэн гэр бүлээрээ хамтран эрхэлж байсан Эх мандал ХХК-ний хувьцаа худалдсан, компаний эрхээ шилжүүлсэн хүчин төгөлдөр гэрээ байна.      

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.3, 116, 118-р зүйлд  заасныг удирдлага болгон

                                                                                               ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 58-р зүйлийн 58.3.1, 58.3.2, 58.3.3 дахь хэсэгт зааснаар С.Ванчиндорж, В.Батжаргал, Х.Сарнай хооронд байгуулагдсан 2017 оны 09-р сарын 14-ний өдрийн Эх мандал ХХК-ний хувьцаа худалдах худалдан авах, компаний эрх шилжүүлэх тухай гэрээг тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохыг хүссэн С.Ванчиндорж, В.Батжаргал нарыг төлөөлж М.Одбаярын гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 254 950 төгрөгийг улсын төсвийн орлогот хэвээр үлдээсүгэй.

 

 3. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Р.АЛТАНТУЯА