| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2018/00510/И |
| Дугаар | 813 |
| Огноо | 2018-03-14 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 813
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 19-р хороо, 4-р хороолол-8, УБЦТС ХК-ний Баянгол хэрэглэгчдэд үйлчлэх төвийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 22-р хороо, Зүүн нарангийн 12-105Б тоотод оршин суух, эрхэлсэн ажилгүй, регистр ТЯ73082914, Боржигон овогтой Батцэнгэлийн Мөнхтогтохт холбогдох 5 570 192 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хариуцагч Б.Мөнхтогтох, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний 026371 дугаартай, 3026371 кодтой хэрэглэгч Б.Мөнхтогтох нь цахилгаан эрчим хүч хэрэглэсний төлбөр 2016 оны 11-р сарын 30-ны өдрөөс 2017 оны 12-р сарын 30 хүртэл 5 570 192 төгрөгийг төлөлгүй Эрчим хүчний тухай хуулийн 30-р зүйлийн 30.1.2, Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний 2.2.9, 2.2.11-т заасныг зөрчиж байгууллагыг хохироож байна. Хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс цахилгаан эрчим хүч хэрэглэсний төлбөрөө төлөхийг хэрэглэгчийн бүртгэлтэй утасны дугаарт 6 удаа мессэжээр илгээж, Эрчим хүчний тухай хуулийн 32-р үйлийн 32.2.1 дэх заалтыг үндэслэн хэрэглээг түдгэлзүүлэх зэрэг шат дараалсан арга хэмжээг авсан боловч одоог хүртэл үүргээ биелүүлэхгүй байгаа тул 5 570 192 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Мөнхтогтох шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хашаа байшингаа 2014 оны 2 дугаар сарын 27-ны өдөр н.Лхахүү гэж хүнээс худалдаж авсан. Би “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-тай 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гэрээ хийсэн. Тэгэхэд өмнөх хүний нэр дээр гэрээтэй байхдаа 300 000 төгрөгийн төлбөр гарч байгаад намайг төлбөр төлөх болоход 2 250 000 төгрөг гарсан. Өмнөх айлын үлдэгдэл төлбөрийг надаас нэхэмжилсэн, би боломжоороо 2 865 350 төгрөгийг төлсөн. Би одоо гэрээ хийсэн өдөр буюу 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс эхэлж төлбөрөө төлнө гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч УБЦТС ХК-ний Баянгол хэрэглэгчдэд үйлчлэх төв нь Б.Мөнхтогтохт холбогдох цахилгаан эрчим хүч хэрэглэсний төлбөр 5 570 192 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 2 074 275 төгрөгийг хангаж, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Туяа шүүх хуралдааны мэдэгдлийг 2018 оны 2-р сарын 26-ны өдөр хүлээн авсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангйүгээр ирээгүй байх ба хариуцагчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.
Эрчим хүчний тухай хуулийн 30-р зүйлийн 30.1.2 дахь хэсэгт зааснаар хэрэглэгч нь “эрчим хүчний төлбөрөө гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөх” үүрэгтэй” бөгөөд нэхэмжлэгч нь хэрэглэгч Б.Мөнхтогтох 2016 оны 11-р сарын 30-ны өдрөөс 2017 оны 12-р сарын 30 хүртэл 5 570 192 төгрөгийг төлөөгүй гэж маргажээ.
Хэрэглэгч Б.Мөнхтогтох нь 2017-ны 1-р сард Баянгол дүүргийн 22-р хороо, Зүүн нарангийн 12-105Б тоот хашаа, байшинг худалдан авч өмчлөгч болсон гэх ба Баянгол хэрэглэгчдэд үйлчлэх төвтэй 2017 оны 11-р сарын 29-ний өдөр Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулсан /хх 12/ байна.
Хариуцагч нь гэрээ байгуулсан хугацаанаас хойш төлбөрийг төлнө гэх боловч өмчлөгч болсон хугацаанаас эрчим хүч хэрэглээгүй гэдгээ нотлоогүй, нөгөө талаас, нэхэмжлэгч нь хэрэглэгч Б.Мөнхтогтохын 2017 оны 4-р сарын 1-нээс 2017 оны 12-р сарын 30-ныг хүртэлх хугацааны эрчим хүч хэрэглэсэн байдлыг тоолуурын заалтаар гаргасан, энэ баримтыг хариуцагч мөн гаргасан /хх 7-9, 20-25/ байх тул 4 939 625 төгрөгөөс түүний төлсөн 2 865 350 төгрөгийг хасч 2 074 275 төгрөгийг төлөх үүрэгтэй гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243-р зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан Батцэнгэлийн Мөнхтогтохоос 2 074 275 /хоёр сая далан дөрвөн мянга хоёр зуун далан тав/ төгрөг гаргуулж Баянгол хэрэглэгчдэд үйлчлэх төвд олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 3 495 917 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 104 073 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 48 138 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА