Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/382

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,

улсын яллагч Б.Одонтуяа,

шүүгдэгч Г.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлтэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай шүүхэд ирүүлсэн Х.Г.Нод холбогдох эрүүгийн ............дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ....... оны ...дугаар сарын ..-ны өдөр ... төрсөн, .. настай ...тэй, Бүрэн дунд боловсролтой, Мужаан мэргэжилтэй, .......тоотод оршин суудаг. Улсаас авсан гавьяа шагналгүй, Х.Г.Н (РД:.........)

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Г.Н нь 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Ханбогд сити хотхоны 407 дугаар байрны 1 тоот гэртээ эхнэр Э.Уыг хардсаны улмаас цохиж зодон түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг: 

 

          Шүүгдэгч Г.Н: “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч Э.Уа мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Би ажлын шугамаар Баянзүрх дүүрэг рүү явчхаад тэндээсээ гараад Дүнжингарав дээр ирээд найзтайгаа уулзаж гэрт нь хоол идчихээд байж байтал манай найз Батдэлгэр хэлэхдээ 2-уулаа удаан уулзаагүй юм чинь нэг вино ууя гээд вино задалж уугаад сууж байтал оройны 19 цагийн үед нөхөр лүүгээ залгаад би найзтайгаа вино уучлаа чи ирээд намайг авчих гэж хэлэхэд манай нөхөр уурлаад хэнтэйгээ банзалдаа заваараад яваад байгаан гээд уурлаад байхаар нь хэнтэй байгааг нь чи өөрөө ирээд хараач гэж хэлсэн. Удалгүй манай нөхөр манай найзынд орж ирчхээд муухай орилоод намайг элдэв бусаар хараагаар байхаар нь би найзаасаа санаа зовоод найзынхаасаа хурдан гараад явсан. Тэгээд бид 2 лифтэнд суух гээд зогсож байхад лифт рүү намайг хүчтэй түлхэж оруулсан. Тэгээд бид 2 машиндаа суугаад нэлээн хоорондоо хэрэлдэж байгаад гэртээ ирээд би шууд гэр лүүгээ буугаад орсон. Тэгээд манай нөхөр машиндаа сууж үлдсэн. Тэгээд оройны 23 цагийн үед гэртээ нэлээн согтсон байдалтай орж ирсэн. Тэгээд гэртээ орж ирээд намайг үгийн зөрүүгүй шууд нуруу луу гараа зангидаж байгаад 2 удаа хүчтэй цохисон. Гуя руу ажлын гутлаараа 1 удаа өшгилсөн. Тэр үед манай том хүү орилоход манай нөхөр гэрээсээ гараад зугтаагаад явсан. Одоо тэр цагаас хойш гэртээ ирээгүй байгаа. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандаж байна...” (хавтас хэргийн 11 дэх тал) гэсэн,

 

Яллагдагчаар Г.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр би ажил дээрээ ажлаа хийж байгаад гэр лүүгээ харьж байтал орой нар жаргачихсан байхад эхнэр маань найзынхаа гэрт байна, архи уучихсан байна, намайг ирээд авчих гэж хэлсэн. Тэгээд би эхнэрийнхээ найзын гэр лүү Дүнжингарав худалдааны төвийн ойролцоо явж очсон. Гэрийнхээ гадна очоод эхнэр лүүгээ залгаад хүлээж байтал эхнэр маань намайг ороод ир гээд байхаар нь явж байтал эхнэр маань нэлээн их архи уучихсан бололтой согтчихсон байсан. Тэгэхээр нь би гадуур хувцсыг аваад эхнэрийгээ авч гарах гэхэд эхнэр маань явахгүй гээд эсэргүүцээд байхаар нь учирлаж хэлээд айлаас эхнэрийгээ аваад гарсан. Тэгээд бид хоёр харих замаараа дүүгийнхээ гэрээс хүүгээ аваад гэртээ харьсан. Тэгээд эхнэрийгээ архи уусан байсан бухимдаад түүнийг архи уух юм бол би ч бас ууж чадна гэж хэлээд найзыгаа дуудаад ганц шил архи уухаар болсон. Эхнэр маань гэртээ хүүгээ дагуулаад түрүүлээд орохоор нь Пүрэвсүрэн найзыгаа дуудаад машиндаа нэрийг нь сайн мэдэхгүй 0,5 литрийн хэмжээтэй архийг хуваан уусан. Тэгээд архиа найзтайгаа хувааж уучхаад найз маань түрүүлж яваад би гэртээ явж орсон. Гэртээ ороход эхнэр маань сэрүүн унтлагын өрөөндөө байж байсан. Гэртээ ороод Гал тогооны өрөөндөө сууж байгаад унтлагын өрөөндөө ороод унтахаар хэвттэл эхнэр маань архины халуундаа ч тэр юм уу, уур бухимдалтай, салъя гэх мэт зүйл яриад уурлаад байсан. Тэгээд бид хоёр маргалдаж байгаад миний уур хүрээд нуруу хэсэгт нь 2 удаа цохисон мөн толгой, болон зүүн нүд рүү нь гараараа нэг удаа цохисон. Эхнэр маань надаас зугтаж хоёр хүүхдийнхээ өрөө рүү явж ортол хүү маань сэрээд орилохоор нь би гэрээсээ гараад яваад өгсөн. ... Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна, өөрийн хийсэн үйлдлээ буруу гэдгийг ухаарч байна...” (хавтас хэргийн 29 дэх тал) гэсэн,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 3-р сарын 21-ний өдрийн шинжээчийн 4439 дугаар “...Э.Уын биед зүүн нүдний зовхи, шанаа, хацар, баруун бугалга, зүүн мөр, бугалга, нуруу, зүүн гуянд цус хуралт, нүдний алимны салстад цус харвалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүдээс зүүн нүдний зовхи, шанаа, хацрын цус хуралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” (хавтаст хэргийн 22-23 дахь тал) гэсэн дүгнэлт

 

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 6-7 дахь тал),

         Шүүгдэгч Г.Нын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд (хавтаст хэргийн 32, 34-38 дахь тал),

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 33 дахь тал),

Хохирогч Э.Уа хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй гэх хүсэлт (хавтаст хэргийн 46 дахь тал) зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

1. Шүүгдэгч Г.Н нь 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Ханбогд сити хотхоны 407 дугаар байрны 1 тоот гэртээ эхнэр Э.Уыг хардсаны улмаас цохиж зодон түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Э.Уа болон шүүгдэгч Г.Н нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны №4439 дугаартай дүгнэлт, Хохирогч Э.Уа хохирол төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй гэх хүсэлт (хавтаст хэргийн 46 дахь тал) зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хохирогч Э.Уын эрүүл мэндэд нь “...биед зүүн нүдний зовхи, шанаа, хацар, баруун бугалга, зүүн мөр, бугалга, нуруу, зүүн гуянд цус хуралт, нүдний алимны салстад цус харвалт...” бүхий гэмтэл нь шүүгдэгч Г.Н түүний нүүрэн тус газар гараараа цохих үед үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Г.Н, хохирогч Э.Уын эрүүл мэндэд нь “...биед зүүн нүдний зовхи, шанаа, хацар, баруун бугалга, зүүн мөр, бугалга, нуруу, зүүн гуянд цус хуралт, нүдний алимны салстад цус харвалт...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Нын дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Г.Н нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

Мөн энэ гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь хохирогчийн зүй бус зан харилцаа нөлөөлснийг тэмдэглэх нь зүйтэй.

 

2. Шүүгдэгч Г.Н нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нөхөн төлөхөө илэрхийлсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүх шүүгдэгч Г.Ныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал (хавтаст хэргийн 33-85 дахь тал) зэргийг харгалзан 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавь) төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.Н Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар Г.Нод оногдуулсан торгуулийн ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хорыг хариуцан арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байсан байдалд сэргээх үүрэгтэй бөгөөд Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй бол гэм хорын мөнгөөр нөхөн төлнө, ” гэж Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэг, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан. 

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Э.Уын эрүүл мэндэд зүүн нүдний зовхи, шанаа, хацар, баруун бугалга, зүүн мөр, бугалга, нуруу, зүүн гуянд цус хуралт, нүдний алимны салстад цус харвалт бүхий хөнгөн хохирол учирсан, хохирогч Э.Уа нь гэмтэлтэй холбоотой эмчилгээний зардал төлбөр нэхэмжлээгүй гомдол саналгүй гэсэн нь хавтаст хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн 2210000000468 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х.Г.Ныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ныг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Г.Н торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Г.Нод оногдуулсан 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч Г.Н нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Н урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 

 

7. Тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         И.ГАНБАТ