Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/396

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,

улсын яллагч Д.Доржмаа,

шүүгдэгч, хохирогч С.Х,

шүүгдэгч, хохирогч Т.Б, тэдний өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ,

шүүгдэгч, хохирогч Г.Р, түүний өмгөөлөгч Б.Лхагвасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлтэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдлаар мөн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн А.С.Х, Т.Т.Б,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн  10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдлаар мөн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн Б.Г.Р нарыг шүүхэд ирүүлсэн эрүүгийн ..........дугаартай хэргийг хүлээн авч хялбаршуулах журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, ...оны ...дугаар сарын ...-ний өдөр ... төрсөн, ...настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ........тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, А.С.Х, (.......)

 

2. Монгол Улсын иргэн, ... оны .. дугаар сарын ...-ний өдөр ... төрсөн, ..настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, ........ тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, Т.Т.Б (.........)

 

3. Монгол Улсын иргэн, .. оны ... сарын ..-ны өдөр ... төрсөн, ... настай эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, ....... тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б.Г.Р, (........)

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.Х, Т.Б нар нь бүлэглэн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Пийс бридж зочид буудал дотор хохирогч Г.Рийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн,

 

Шүүгдэгч Г.Р нь 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Пийс бридж зочид буудал дотор хохирогч Т.Б, С.Х нарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэнгэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг: 

 

шүүгдэгч, хохирогч С.Х “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул мэдүүлэг өгөхгүй...” гэв.

шүүгдэгч, хохирогч Т.Б “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул мэдүүлэг өгөхгүй...” гэв.

          шүүгдэгч, хохирогч Г.Р: “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч Т.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...найз залуу С.Х гарч ирээд Г.Рийн нүүр хэсэгт нэг удаа цохиж би голоор нь болиулсан. Гэтэл Г.Р миний ард зогсох найз залуугийн нүүр хэсэгт цохиж би голоор орох үед Г.Р миний зүүн шанаа хэсэгт цохисон бөгөөд дахин найз залууг маань үсдээд толгой руу нь цохих үед би утсаа ширээн дээр тавиад буцаад очиход найз залууг маань үсдээд хана руу савж байсан бөгөөд дахин болиулахаар очтол миний нүүр эрүү хэсэг рүү гараараа мангасдаж цохисон. Ингээд би Г.Рийг зайлаач ээ чи яв л даа гэж хэлсэн бөгөөд лифтэнд суух үед би найз залуугаа хартал хамар хэсэг нь хавдаж маажигдсан, уруулнаас нь цус гарсан, гарын шуу хэсэг нь урагдсан байсан. Тэгээд миний уур хүрээд лифтэнд ороод Г.Рийн төмсөг рүү нь нэг удаа өшиглөж, хамар луу нь нэг удаа цохисон, найз залуу маань хойноос орж ирээд намайг болиулах гэтэл Г.Р миний гарыг бариад саваад мөн лифт рүү түлхсэн, миний хөл рүү өшиглөсөн. Тухайн үед миний зүүн хэнгэрэг хагарсан чихний зураг авхуулсан, эрүү амны зураг авхуулсан. Би бол одоогоор ямар нэгэн эмчилгээ хийлгэхгүй байгаа. Чихний дусаагуур дусааж байгаа...” (хавтас хэргийн 47-60 дахь тал) гэсэн,

Хохирогч С.Х мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...миний биед учирсан гэмтлийг Г.Р гэх залуу учруулсан, би цагдаагаар яваад байлгүй орхичихъё гэж бодсон юм. Камерын бичлэг дээр байгаа энэ залуугаар уух пиво, найз охин захисан гэтэл авчраагүй манай найз охиныг нойл руу хүртэл дагуулж орж бэлэг эрхтнээ хүртэл гаргаж бэлгийн харьцаанд оръё гэж хэлсэн байгаа юм, уух зүйл авчраагүй бол яв гэж хэлсэн. Гэтэл явахгүй байгаад байсан. Өрөөнөөс гараад найз охин маань хүртэл яваа гэж хэлсэн. Явуулахгүй гараас нь атгаад явуулахгүй өрөө рүү оруулахгүй байсан гэж хэлсэн. Т.Бын биед учирсан гэмтлийг Г.Р учруулсан. Яагаад гэвэл найз охиныг оруулахгүй чанга чанга хаалганы ард дуу гараад байхаар нь өрөөнөөс гараад Г.Рийн нүүр хэсэгт нэг удаа цохисон. Тэгээд би чи зайлаа найз охин яах гээд байгаа пизда вэ чи яв л даа гэж хэлэхэд намайг гэнэдүүлээд миний нүүр хэсэг рүү хэд хэдэн удаа цохисон бөгөөд үсдээд намайг хананд савсан. Энэ хооронд манай найз охин маань салгаж болиулах гээд голоор ортол найз охины нүүрэн хэсэг рүү хүчтэй гараараа цохисон түлхээд байх шиг байсан бөгөөд болиод чи яв гэх үед найз охин намайг хараад чи найз залууг маань яаж байгаа юм бэ гээд лифтэнд суух үед Г.Рийн эмзэг эрхтэн рүү өшиглөх шиг болсон бөгөөд дахин би яваад ортол миний нүүр рүү цохиж найз охин бид хоёр луу жийгээд байсан...” (хавтас хэргийн 66-67 дахь тал) гэсэн,

 

Хохирогч Г.Р мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2021 оны 11 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 02 цагийн үед гэж бодож байна. Тендер гэх аппликейшнаар үл таних эмэгтэй над руу өөрөө эхэлж сайн уу гэж чат бичсэн. Тэгэхээр нь би сайн уу гэж хэлтэл, надтай уулзмаар байна уу яг одоо гэж хэлсэн тэгэхээр нь би тэгье гэж хэлээд дугаараа өгчих гэж асуусан тэгээд надад гар утасныхаа дугаарыг өгч байгаа газраа хэлсэн. Уг газар нь Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороонд байрлах Пийс бридж гэх зочид буудлын 6 давхрын 606 тоот гэсэн өрөөнд байна гэж хэлсэн. Тэгээд би очихоор болоод яваад очтол тухайн өрөөнд уг эмэгтэй нэг өндөр залуугийн хамт нэг ширхэг том пиво уугаад сууж байсан. Тэгээд надтай хамт байсан залуугаа танилцуулж, манай найз Монгол хэл мэдэхгүй Америкаас ирсэн англиар ярьдаг гомо юм байгаа юм, чи санаа зовсны хэрэггүй гэж хэлсэн. Тэгээд тухайн залуу уг эмэгтэй бид гурав ойр зуурын юм англиар ярьж инээж хөөрөлдөж байгаад нөгөө залуу намайг пиво уу гэж хэлсэн. Би тухайн өдөр машинтай явж байсан, машин барьж байгаа гээд уухгүй ээ гэж хэлтэл уг залуу би жоохон пиво ууж байгаад унтлаа. Та хоёр миний хажууд секс хийж болно гэж хэлсэн. Тэр үед эмэгтэй надад бэлгэвч аваад ир гэж хэлсэн. Тэгээд би машинаасаа бэлгэвч авахаар гараад бэлгэвчээ авчхаад буцаад ортол нөгөө эмэгтэй манай ээж ирчихсэн байна чи түр доор хүлээж бай, би чамайг жоохон байж байгаад дуудъя гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэнэт гайхаад буудалд яагаад ээж нь гэнэт ороод ирдэг билээ гэж бодоод уг эмэгтэйтэй ярилцаж ямар зорилгоор дуудсан, ядаж нэрийг нь мэдэж авъя гэж бодоод ярилцах гэтэл ерөөсөө надтай юм ярихгүй байсан. Бид хоёр тухайн 606 тоот өрөөний гадаа коридор хэсэгт байсан тэгтэл 606 тоот өрөөнөөс нөгөө өөрийгөө гомо миний хажууд та хоёр секс хийж болно гээд байсан залуу гарч ирээд намайг шууд нүүрэн тус газар цохисон. Тэгэхээр би гэнэт цохиулсандаа шокт орж уг залуугаас өөрийгөө хамгаалж хариу үйлдэл хийж уг залууг нүүрэн тус газар нь цохисон. Тэгтэл уг залуу над руу дайрч намайг дахин нэг удаа цохисон. Тэгээд би цахилгаан шатанд сууж явах гэтэл араас нөгөө эмэгтэй ирж хаалга онгойлгож миний нүүрийг маажиж төмсөг рүү өшиглөсөн. Тэгээд би цахилгаан шатан доор байж байгаад хаалгыг хаагаад дахин доошоо буух гэтэл нөгөө гомо гэж өөрийгөө хэлсэн залуу миний толгой руу цохиж, цээж рүү өшиглөсөн. Тэр үед миний хамраас цус гарч байсан ба куртик цус болоод буух гэтэл намайг уг эмэгтэй наад цусаа арилгачхаад доошоо буу гэж хэлсэн. Тэгээд би цусаа арчаад одоо би явлаа гэж хэлж байгаад доошоо буусан. Би доор бууж байгаад цагдаа дуудсан. ...Миний хамрын ясны хугарлыг эхэлж нөгөө гомо гэх залуу цохих үед учирсан. Дараа нь цахилгаан шатны уүдэнд нөгөө эмэгтэй надаас уг гомо гэх залууг өмөөрч миний нүүрийг маажсан мөн төмсөг рүү өшиглөсөн. Би тухайн эмэгтэйд огт гар хүрээгүй. Тухайн гомо гэх залуу намайг цохисон учраас би хариу үйлдэл үзүүлэн нэг цохисон. Мөн намайг дахиж цохих үед нь би уг залууг үсдэж унагаасан...” (хавтас хэргийн 40-42 дахь тал) гэсэн,

 

Гэрч Д.Уламбаяр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:  “...2021 оны 11 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө би өөрөө жижүүртэй буудал дээр хоносон юм. 2021 оны 11 дүгээр сарын 13-нд шилжих шөнийн 00 цаг 11 минутын үед эрэгтэй эмэгтэй хоёр 606 дугаарын өрөөг авсан. Гаднаас орж ирэхдээ гайгүй байсан нэг их согтуу юм бол байгаагүй. Шөнө 04 цагийн үед дээрээс нэг залуу бууж ирээд текэн дээр ирээд бусдад зодуулсан, цагдаа дуудсан байгаа гэж доороос над руу залгахаар нь би буугаад очсон. Нэг залуу намайг 606 тоотод эмэгтэй хүн дуудсан юм. Тэгээд яваад ортол нийлээд зодуулчихлаа гэж хэлсэн. Тэгээд тэр залуу масктай байсан болохоор хаана зодуулсан юм гэж асуухад маскаа буулгаад хамар луу гэж хэлсэн. Тэгээд хамрыг нь харахад цус гарсан зүйл байгаагүй маажуулсан сорви байсан. Би өрөө рүү нь яваад орсон чинь эмэгтэй хаалга тайлж өгсөн. Би доор нэг хүн гомдол гаргана гээд цагдаа дуудсан байсан, чи бууж учраа олох уу гэж асуухад за гэж хамт доош буусан. Би уулзуулчхаад дээш гараад буцаад ирэхэд дуу нь өндөрссөн байсан. Би юу болоод байгаа юм бэ гэж асуухад зодуулсан гэх эрэгтэй намайг дуудлагаар дуудсан юм /би тэр залууг биеэ үнэлэгч юм байна гэж ойлгосон/. Орсон чинь хоёулаа байсан бөгөөд тэр эрэгтэй би гадаад хүн гэж хэлээд англиар яриад байсан. Тэгэхээр нь би тэр охиноос найз залуутайгаа байж яах гэж өөр залуу дуудсан юм тэнэг юм уу гаж юм уу гэж уурласан. Тэр үед охин онлайнаар харж байгаад нөхөр бид хоёр ярилцаж суух гэж хамт дуудсан юм аа би энэ залууг дуудсан юм, зүгээр л дуудсан гэж хэлсэн. Тэгээд би зүгээр дуудна гэж юу байдаг юм гэж тэр охиныг загнасан. Тэгээд би 606 тоот залуу дуудаад аваад ир гэж хэлсэн. Тэгээд тэр буугаад ирэхээр нь энэ ямар учиртай хүн орж ирээд хэрүүл зодоон болоод байгаа юм гэж асуухад манай эхнэрийн найз нь хөдөөгөөс ирсэн ойрхон явж байна гэхээр нь ороод ир гэж хэлж дуудсан юм гэж энэ гурав гурвуулаа өөр зүйл хэлсэн. Зодуулсан гэх залуу тэр залууг чи гадаад хүн гэж байсан одоо Монголоор ярчихсан нааж байна гэж маргалдаж эхлэхээр нь би загнасан. Тэгээд цагдаа ирээд аваад явсан. Сүүлд камер шүүхэд сүүлд ирсэн залуу 606 тоот өрөөнд 2 удаа орсон байсан. Эхнийх дээр нэлээн удаан суугаад гарсан байсан. Дараа нь тус эмэгтэйтэй гарч ирээд эмэгтэйг өрөө рүү нь оруулахгүй татаж чангаагаад байж байсан. Гэтэл тус эмэгтэйн найз залуу нь хаалгаар гарч ирээд цохих шиг болсон. Тэгээд гаднаас орж ирсэн залуу эрэгтэй, эмэгтэй хоёрыг цохиод байсан нь дүрс бичлэгт тодорхой байгаа. Манай лифтэнд бол хяналтын камер байхгүй. Лифт рүү харсан камер байхгүй. Зодуулсан гэх залуу анх буудалд орж ирээд шууд бэлгэвч надаас асуугаад тэгээд хүн өрөө авчихсан байгаа гэж хэлээд бэлгэвч авсан залуу байсан сүүлд зодоон болсон гэхээр нь тус залуу гэдгийг мэдсэн...” (хавтаст хэргийн 76-77, 80-81 дэх тал) гэсэн,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн шинжээчийн 11253 дугаар “...Т.Бын биед зүүн чихний хэнгэргэн хальсны урагдал, зүүн шанаа, доод эрүү, бугалга, шуу, тавхайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” (хавтаст хэргийн 93-94 дахь тал) гэсэн дүгнэлт,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дугаар сарын 19-ний өдрийн шинжээчийн 11332 дугаар “...Г.Рийн биед хамар ясны сэлтэрсэн хугарал, таславчийн муруйлт, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстад язарсан шарх, зүүн төмсгийн зөөлөн эдийн няцрал, хуйхнагт цус хуралт, дух зовхинд зулгаралт тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүдийн хамар ясны сэлтэрсэн хугарал, таславчийн муруйлт, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстад язарсан шарх, зүүн төмсгийн  зөөлөн эдийн няцрал, хуйхнагт цус хуралт нь тус тусдаа болон нийлээд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, дух, зовхинд зулгаралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” (хавтаст хэргийн 99-100 дахь тал) гэсэн дүгнэлт,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн шинжээчийн 3132 дугаар “...С.Хийн биед хамар яс, хамрын таславчийн хугарал, хамрын таславчийн муруйлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” (хавтаст хэргийн 110-111 дэх тал) гэсэн дүгнэлт,

 

Яллагдагчаар С.Х мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...би бол Г.Рид гэмтэл учруулах чанга цохиогүй найз охиноо хамгаалах үүднээс тийм үйлдэл хийсэн.” (хавтаст хэргийн 237 дахь тал) гэсэн,

 

Яллагдагчаар Т.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би бол Г.Р гэх залууг өмнө танихгүй уулзаж чатлаж байгаагүй тус өдөр чатад байхаар нь чат бичсэн өөдөөс бичсэн бөгөөд намайг утасны дугаараа өгчих хаана байгаа хэлчих гэхээр нь би дугаараа өгөөд миний дугаар луу залгасан. Тэгээд би буудал байна чи уух юм аваад хүрээд ирээч гэж хэлсэн бөгөөд тус залуу за гэж хэлсэн. Тус танихгүй залууг дуудсан шалтгаан нь найз залуу маань унтаад өгсөн бөгөөд унтахдаа захиалгын пиво захичхаарай гэж хэлсэн. Тэгээд би тус залуу хамт уух гэж дуудсан гэтэл пивогүй уух зүйлгүй хүрч ирсэн бөгөөд уух юм чинь хаана байгаа юм бэ гэхэд одоо ирж байгаа гэж хэлсэн. Би энэ залуу худлаа юм байна гэж бодоод өөр танихгүй хүнд пиво захисан. Энэ хооронд тус залуу намайг оролдоод хамт нойл руу миний гараас атгаад дагуулж орсон. Тэгээд нойл намайг хүсээд байна хамт унах талаар яриад байсан би найз залуу байсан болохоор боломжгүй талаар хэлсэн. Найз залуу С.Х гар ирээд Г.Рийн нүүр хэсэг нэг удаа цохиж би голоор болиулсан гэтэл Г.Р миний ард зогсох найз залуугийн нүүр хэсэг цохиж би голоор орох үед Г.Р миний зүүн шанаа хэсэг цохисон бөгөөд дахин найз залууг маань үсдээд толгой руу цохих үед би утсаа ширээн дээр тавиад буцаад очиход найз залууг маань үсдээд хана руу савж байсан бөгөөд дахин болиулахаар очтол миний нүүр эрүү хэсэг рүү гараарай мангасдаж цохисон. Өрөөн дотор байсан хүнийг туслаач гэж дуудсан гэтэл огт тоохгүй хараад байгаад байсан. Ингээд би Г.Рийг зайлаач ээ чи явалдаа гэж хэлсэн бөгөөд лифэнд суух үед би найз залуугаа хартал хамар хэсэг нь хавдаж маажигдсан, уруулаас нь цус гарсан гарын шуу хэсэг нь урагдсан байсан. Тэгээд миний уур хүрээд лифэн дотор нь ороод Г.Рийн төмсөг рүү нэг удаа өшиглөж, хамар луу нэг удаа цохисон, найз залуу маань хойноос орж ирээд намайг болиулах гэтэл Г.Р миний гарын бариад саваад мөн лифт рүү түлхсэн, миний зүүн хөл рүү өшиглөсөн.” (хавтаст хэргийн 223 дахь тал) гэсэн,

 

Яллагдагчаар Г.Р мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...тэр залуу үгийн зөрүүгүй миний хамар луу цохисон. Тэгээд би биеэ хамгаалаад ямартай ч залууг унгах ёстой юм байна гэж бодсон. Эмэгтэй намайг цохих гэж дайрахаар нь би зугтсан тэндээс гарья гэсэн  бодолтой байсан. Дахин өрөөнөөс өөр залуу гарч ирсэн би найзууд нь нуугдаж байсан юм байна гэж айсан бөгөөд явлаа гээд лифтэнд суухад тэр хоёр намайг зодсон. Эмэгтэй нь төмсөг рүү өшиглөсөн...” (хавтаст хэргийн 209 дэх тал) гэсэн,

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 10-31 дэх тал)

Хохирогч С.Хээс гаргаж өгсөн хохирлын баримтууд (1 дүгээр хавтаст хэргийн 106-108 дахь тал)

Хохирогч Т.Баас гаргаж өгсөн хохирлын баримтууд (1 дүгээр хавтаст хэргийн 183-184 дэх тал)

Хохирогч, шүүгдэгч Г.Р хувийн байдлыг тодорхойлсон баримтууд (1 дүгээр хавтаст хэргийн 131-134 дэх тал),

Хохирогч, шүүгдэгч Т.Бын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд (1 дүгээр хавтаст хэргийн 145-152 дахь тал),

Хохирогч, шүүгдэгч С.Хийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд (хавтаст хэргийн 163-169 дэх тал),

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 125, 153,  172 дахь тал) зэрэг болно.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

1. Шүүгдэгч С.Х, Т.Б нар нь бүлэглэн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Пийс бридж зочид буудал дотор хохирогч Г.Рийг зодож эрүүл мэндэд нь хамар ясны сэлтэрсэн хугарал, таславчийн муруйлт, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстад язарсан шарх, зүүн төмсгийн зөөлөн эдийн няцрал, хуйхнагт цус хуралт, дух зовхинд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, Энэ гэмт хэргийг эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т заасан бүлэглэн хүндрүүлэх нөхцөл байдлаар үйлдсэн болох нь гэрч, хохирогч Г.Р болон шүүгдэгч С.Х, Т.Б шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад болсон хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны №11332 дугаартай дүгнэлт болон хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар,

 

Шүүгдэгч Г.Р нь 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Пийс бридж зочид буудал дотор хохирогч Т.Бын эрүүл мэндэд зүүн чихний хэнгэргэн хальсны урагдал, зүүн шанаа, доод эрүү, бугалга, шуу, тавхайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол,

С.Хийн эрүүл мэндэд хамар яс, хамрын таславчийн хугарал, хамрын таславчийн муруйлт гэмтэл бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан, энэ гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-т заасан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хүндрүүлэх нөхцөл байдлаар үйлдсэн болох нь гэрч, хохирогч С.Х, Т.Б болон шүүгдэгч Г.Р нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 22253, 2022 оны №3132, дугаартай дүгнэлтүүд болон хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хохирогч Г.Рийг зодож эрүүл мэндэд нь “...биед хамар ясны сэлтэрсэн хугарал, таславчийн муруйлт, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстад язарсан шарх, зүүн төмсгийн зөөлөн эдийн няцрал, хуйхнагт цус хуралт, дух зовхинд зулгаралт...” бүхий гэмтэл нь шүүгдэгч С.Х, Т.Б нар бүлэглэн түүнийг цохих, өшиглөх үед үүссэн бөгөөд шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

 

Мөн хохирогч С.Х, Т.Б нарыг зодож Т.Бын эрүүл мэндэд зүүн чихний хэнгэргэн хальсны урагдал, зүүн шанаа, доод эрүү, бугалга, шуу, тавхайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол,

С.Хийн эрүүл мэндэд хамар яс, хамрын таславчийн хугарал, хамрын таславчийн муруйлт гэмтэл бүхий гэмтэл нь шүүгдэгч Г.Р хоёр хүнийг буюу тэднийг цохих үед үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогч нарын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тус тус  тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч нарын дээрх үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.   

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч С.Х, Т.Б нар бүлэглэн, хохирогч Г.Рийг зодож эрүүл мэндэд нь “...биед хамар ясны сэлтэрсэн хугарал, таславчийн муруйлт, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстад язарсан шарх, зүүн төмсгийн зөөлөн эдийн няцрал, хуйхнагт цус хуралт, дух зовхинд зулгаралт...” бүхий хөнгөн хохирол,

Мөн шүүгдэгч Г.Р хоёр хүнийг буюу хохирогч С.Х, Т.Б нарыг зодож Т.Бын эрүүл мэндэд зүүн чихний хэнгэргэн хальсны урагдал, зүүн шанаа, доод эрүү, бугалга, шуу, тавхайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол,

С.Хийн эрүүл мэндэд хамар яс, хамрын таславчийн хугарал, хамрын таславчийн муруйлт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч С.Х, Т.Б, Г.Р нарын дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч С.Х, Т.Б, Г.Р нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

2. Шүүгдэгч С.Х, Т.Б, Г.Р нарыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын төлөхөө илэрхийлж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүх шүүгдэгч С.Х, Т.Б, Г.Р нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч С.Х, Т.Б, Г.Р нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар С.Х, Т.Б, Г.Р нарт оногдуулсан торгуулийн ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хорыг хариуцан арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байсан байдалд сэргээх үүрэгтэй бөгөөд Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй бол гэм хорын мөнгөөр нөхөн төлнө, ” гэж Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэг, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан. 

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч хохирогч Г.Рийг зодож эрүүл мэндэд нь “...биед хамар ясны сэлтэрсэн хугарал, таславчийн муруйлт, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстад язарсан шарх, зүүн төмсгийн зөөлөн эдийн няцрал, хуйхнагт цус хуралт, дух зовхинд зулгаралт...” бүхий хөнгөн хохирол,

- хохирогч Т.Бын эрүүл мэндэд зүүн чихний хэнгэргэн хальсны урагдал, зүүн шанаа, доод эрүү, бугалга, шуу, тавхайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол,

- хохирогч С.Хийн эрүүл мэндэд хамар яс, хамрын таславчийн хугарал, хамрын таславчийн муруйлт бүхий хөнгөн хохирол тус тус учирсан бөгөөд хохирогч нар гэмтэлтэй холбоотой эмчилгээний зардал төлбөр нэхэмжлээгүй гомдол саналгүй талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн 2110021440307 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирүүлсэн бичлэг бүхий 2 ширхэг СиДиг хэргийн хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч С.Х, Т.Б, Г.Р нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч А.С.Хийг бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

- шүүгдэгч Т.Т.Быг бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

- шүүгдэгч Б.Г.Рийг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Хийг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар,

- шүүгдэгч Т.Быг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар,

- шүүгдэгч Г.Рийг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч С.Х, Т.Б, Г.Р нарыг торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч С.Х, Т.Б, Г.Р нарт оногдуулсан 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирүүлсэн бичлэг бүхий 2 ширхэг СиДиг хэргийн хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Х, Т.Б, Г.Р нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай. 

 

7. Тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт урд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         И.ГАНБАТ