Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/551

 

 

                             

 

 

 

 

    2022             5             04                                         2022/ШЦТ/551

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан,

улсын яллагч Д.Ууганцэцэг,

шүүгдэгч Н.Г........б нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг эрүүгийн 2108 0000 01765 дугаартай хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлснийг 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овогт Н.........дийн Г........б, Монгол Улсын иргэн, Төв аймгийн Цээл суманд 1996 оны 02 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Төв аймгийн ....................... тоотод байнга, Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо, Монлаагийн .................... түр оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар ..................6.

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Н.Г........б нь 2021 оны 11 дүгээр сарын 16-ны шөнө 03 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо, Мон-Лааны 1 дүгээр гудамжны 32б тоот хашааны гадна талд иргэн Р.Э...............ртай тухай үед үүссэн хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу “машинд дуу тавьж чанга дуу чимээ гаргалаа” гэх шалтгаанаар зодож, бие махбодод нь “баруун зүүн нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, хамрын угалзад зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

           ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

Шүүгдэгч Н.Г........б нь 2021 оны 11 дүгээр сарын 15-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн Э...............р тоот гэртээ амарч байсан байна. Энэ үед тэдний хашааны гадаа Р.Э...............р, Б...............р, С............з нар нь тээврийн хэрэгсэл дотор согтууруулах ундааны зүйл хэрэглэж, тээврийн хэрэгслийн хөгжмийг чангалаад дуу сонсож байжээ. Ийнхүү тэднийг сууж байхад Н.Г........б нь гэрээсээ гарч ирэн “дуу чимээгээ багсга, хүмүүс амарч байна” гэх шаардлага тавихад тэд нар зөвшөөрсөн боловч 02 цагийн орчим дахин чанга дуу чимээ гаргажээ. Улмаар Н.Г........б нь дахин шаардлага тавихад тээврийн хэрэгслийн жолоочийн эсрэг талд сууж байсан Р.Э...............р нь машинаас гарч ирэн Н.Г..........бын нүүрэн тус газар цохиход тэрээр эргүүлэн нүүрэн тус газар 2-3, биен тус газар 1-2 удаа цохисны улмаас Р.Э...............рын биед  баруун зүүн нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, хамрын угалзад зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учирсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдов.

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал

- Хохирогч Р.Э...............рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Манай найз С........р намайг хүргэж өгнө гээд 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 02 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт гудамж хаягийг мэдэхгүй байна намайг гэр рүүгээ дагуулж орж болохгүй байна гудамжинд хүлээж бай гэж хэлсэн намайг гудамжинд хүлээж байхад танихгүй хүн ирээд машинд хөгжим тавилаа гээд уурлаад миний нүүр рүү гараараа хэд хэдэн удаа цохисон одоо миний хамар хавдсан байна...намайг гараараа тухай танихгүй залуу одон удаа цохисон миний хамар хавдсан толгой мөн өвчтэй байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10-11 дэх тал),

“...Энэ шөнө би танил дүү Б...............р, С............з нарын хамт байсан юм. Тэгээд танихгүй айлын хашааны гадаа машин дотор хөгжим сонсоод сууж байсан чинь танихгүй 2 эрэгтэй гарч ирээд хөгжмөө багасга гэж хэлэхээр нь за гээд байж байсан. ...Би машины гадна ганцаараа зогсож байсан чинь өмнө гарч ирсэн 2 залуу дахин гарч ирээд машиныхаа хаалгыг хүчтэй хаагаад байна гэхээр нь би ямар сүртэй юм бэ одоо явлаа гэсэн чинь туранхай нь түрүүлээд миний нүүр рүү гараараа 2 удаа цохихоор нь би газар унасан чинь миний нүү рүү өшиглөөд байсан. Тэгээд машинаас манай хоёр дүү бууж ирээд болиоч гэсэн чинь манай хоёр дүүг тэр хоёр залуу цохиод маргалдсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13 дахь тал),

- Гэрч Г.Д...............нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 15-ны орой 23 цаг өнгөрч байсан байх би найз Г..........бын гэрт нь байж байсан чинь хашааных нь гадна машин ирээд зогссон. Тэр машинаа асаах гээд машин  нь асахгүй байхаар нь асааж өгөх үү гэсэн чинь зүгээр бензин дуусчихлаа гэсэн, тэгээд Г........б манай гэрт настай, өвчтэй хүн байгаа шүү бага шуугилдаарай гэж хэлээд гэртээ орсон. Тэгтэл 02 цагийн орчимд хашааны гадна машиных нь дуу чанга сонсогдоод байхаар нь дахин гараад машиных нь цонхыг тогшоод чимээгээ боль хүмүүс амрах гээд байна гэсэн чинь жолоочийн эсрэг талаас танихгүй эрэгтэй бууж ирээд Г..........бын нүүр хэсэгт нь 1 удаа цохихоор нь би салгасан. Бас машины араас нэг эрэгтэй бууж ирээд Г..........быг цохих гээд байхаар нь би очоод салгасан. Г........б тэр залууг нэг удаа нүүрэн тус газарт нь цохисон тэгээд би нөгөө залууг дайраад байхаар нь салгах гээд зууралдаад байж байсан болохоор яг хаашаа нь хэдэн удаа цохисон гэдгийг нь анзаараагүй... тухайн залуучууд айлын хашааны урд ирж зогсоод шөнийн цагаар дуу чимээ ихээр гаргаад байсан эхний удаа сануулж хэлсэн, тэгтэл дахин машиныхаа дууг чангаар тавиад бас архи ууж байхаар нь ойлгуулаад хэлэх гэж байхад шууд цохиод авсан. Намайг сүүлд машинаас бууж ирсэн залуу хэд хэдэн удаа цохисон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дахь тал)

- Гэрч Ш.Б...............рийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 16-ны шөнө...найз С............з, ах Э...............р нарын хамт байж байтал хашаанаас хүн гарч ирээд машины хаалга тогшоод, чанга цохиод байхаар нь Э...............р ах ганцаараа гараад маргалдаад байхаар нь би машинаас буусан чинь 2 залуу байж байсан ба Э...............р ахыг туранхай өндөр нь нүүр рүү нь хэд хэдэн удаа цохиод авсан. Тэгээд би очоод салгасан чинь намайг намхан бандгар нь цохиод нүүр рүү өшиглөсөн чинь миний хамар хавдчихсан. Э...............р ахыг газар унагаагаад бас цохиод байх шиг байсан би цохиулаад байж байсан болохоор сайн харж чадаагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дахь тал),

- Гэрч О.Мөнгөнтүлхүүрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн хэрэг болсон орой найз Д...............нгийн хамт 2 лааз пиво уусан байсан. тэгээд 23 цагийн орчим хашааны гадаа хүмүүс шуугиад машины хөгжим нь чанга сонсогдоод байсан, манай хашаанд хадам ээж тусдаа гэрт байдаг.  Хадам ээж өвчтэй, хорт хавдартай болохоор Г........б гадаа байгаа хүмүүсийг чимээгүй бай гэж хэлье гээд гэрээс гарсан тэгээд буцаж орж ирээд гадаа байгаа хүмүүсийг машин нь унтарсан, асахгүй байгаа гэж байна, болохгүй бол холбож асааж өгье гэж байснаа за өөрсдөө явчих юм шиг байна гэж хэлсэн. Тэгтэл 01 цаг өнгөрч байхад дахин машины хөгжим чанга дуугараад байхаар нь нөхөр Г........б, найз Д...............нгийн хамт гараад удаад байсан хүүхэд уйлаад бөөлжөөд байхаар нь гэртээ байсан гэрч чадаагүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дэх тал)

- Гэрч Б.Эрдэнэчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 16-ны орой 00 цагийн хойш байх хашааны гадна хөгжим чанга сонсогдоод байхаар нь гараад харахад хашааны гадна машин зогсож байсан...тэгээд хашааны гадаа хүмүүс маргалдаад байхаар нь гараад харсан чинь манай хүү Н.Г........б тухайн машинтай хүмүүстэй маргалдаад байж байхаар нь хашааны гадаа гартал Н.Г........б машиных нь цонхыг тогшсон чинь онгойлгохгүй байсан. тэгээд машинаас нэг залуу бууж ирээд Г..........бын нүүр рүү нь 1 удаа цохиод авсан...Тэгэхээр нь Н.Г........б буцаагаад тэр залуугийн нүүр рүү нь 1 удаа цохиод тэр хоёр зууралдаж, ноцолдоод газарт унасан чинь хамт байсан хүмүүс нь салгасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26 дахь тал),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 11449 дугаартай дүгнэлт:

“Хэсэг газрын үзлэгт: Баруун нүдний дээд зовхины дотор хэсэг, доод зовхи, зүүн нүдний доод зовхи, хамрын нуруу бүдэг хөх өнгийн цус хуралттай, орчны эд хавдсан, хамрын зүүн угалзад 0.4х0.2см улаан хүрэн өнгийн зулгаралттай...ДҮГНЭЛТ

1. Р.Э...............рын биед баруун зүүн нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, хамрын угалзад зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 34-35 дахь тал) зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Шүүгдэгч Н.Г..........бын мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 16-ны шөнө 00 цагийн орчимд манай гэрийн гадаа буюу Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо Мон лаа 1-32б тоот хашааны гадна танихгүй 3 залуу машиндаа чанга дуу чимээ гаргаад байсан. Манай ээж тусдаа гэрт байдаг ба тухай үед биеийн байдал нь муу байсан болохоор би найз Д...............нгийн хамт гараад тэр залуучуудад хандаж шөнө болсон байна, унтаж амрах гээд байна, бас өвчтэй хүн байгаа болохоор дуу чимээгээ болиорой гэж хэлсэн чинь за явлаа гэхээр нь найз Д...............нгийн хамт буцаад гэртээ орсон. Тэгтэл 02 цагийн орчимд дахин хашааны гадаа машины дуу чанга сонсогдоод байхаар нь гараад машиных нь цонхыг  тогшоод дуу чимээгээ болилдоо гэсэн чинь машинаас нэг залуу бууж ирээд миний нүүр рүү нэг удаа цохихоор нь би зөрүүлээд нүүр рүү гараараа 2-3 удаа цохисон тэгээд намайг тэр залуу хөлөөс тэврээд газар унагаасан. Машинаас өндөр залуу бууж ирээд манай найз Д...............н рүү дайраад, намайг чулуугаар цохих гээд байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 55-56 дахь тал) мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Н.Г........б нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйн хэрэг.

 

1.4.Эрх зүйн дүгнэлт

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 11449 дугаартай дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Н.Г........б нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр “хүн унтуулж амраасангүй, хашааны гадна дуу чимээ гаргалаа” гэх сэдэлтээр хохирогч Р.Э...............рын эрүүл мэндэд халдаж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Шүүгдэгч Н.Г........б нь гараараа хохирогч Р.Э...............рын биед баруун зүүн нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, хамрын угалзад зулгаралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Н.Г..........быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч Р.Э...............р нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд эмчилгээний зардалд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй  байх тул шүүгдэгч Н.Г..........быг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “...шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй гэх дүгнэлтийг...”

Шүүгдэгч Н.Г........б нь улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Н.Г........б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” байгааг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт (хавтаст хэргийн 41, 45 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 38 дахь тал), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 42 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 43 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Иймд шүүгдэгч Н.Г........б гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн гэх хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн торгуулийн ял оногдуулахаар гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.

Гэсэн хэдий ч гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь хохирогч Р.Э...............рын зүй бус үйлдэл буюу шүүгдэгчийн гэрийн гадна, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцааны хэм хэмжээг зөрчсөнөөс үүдэлтэй байх тул шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжийн торгох ялаас шүүгдэгчийг чөлөөлж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

2.3. Бусад асуудлын талаар

Эрүүгийн 2108 0000 01765 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.5 дугаар зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь;

1. Шүүгдэгч  Боржигон овогт Н.........дийн Г..........быг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г..........быг 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Н.Г..........быг 500 нэгж буюу 500.000 төгрөгийн торгох ялаас чөлөөлсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр энэ хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болон болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Г.МӨНХЗУЛ