Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 03 өдөр

Дугаар   2022/ШЦТ/561

 

 

 

 

 

 

 

   2022               5            03                                        2022/ШЦТ/561

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж, шүүгч Г.Алтанцэцэг, Л.Баатар нарын бүрэлдэхүүнтэй,

Иргэдийн төлөөлөгч Б.Халиун,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Хулан,

Улсын яллагч Н.Ундрах,

шүүгдэгч Г.М..........н, түүний өмгөөлөгч А.Очбадрал (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2250) нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг эрүүгийн эрүүгийн 2208 0000 00314 дугаартай хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн 1 хавтаст хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овогт Г........гээгийн М..........н, Монгол Улсын иргэн, Дархан-Уул аймагт 1981 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн ............................ тоотод байнга оршин суух бүртгэлтэй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар З.......................34, урьд

- Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2006 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 307 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.12 дахь хэсэгт зааснаар 23 жил хорих ял шийтгүүлсэн, Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 366 дугаар захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.12 дахь заалтад заасан гэмт хэргийг 2015 оны Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт болгож оногдуулсан хорих ялыг 18 жил 4 сар 26 хоног болгон дүйцүүлэн тогтоосон.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 24-ны өдрийн 22 дугаар захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, мөн зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүний эдлээгүй үлдсэн 2 жил 9 сар 24 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллаж, мөн хугацаагаар хяналт тогтоосон.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.М..........н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 2 дугаар сарын 09-ний өдөр 18 цагийн үед Сонгинохайрхан дү.......................... байрлах гэрт хохирогч Л.Г........лдтой хувийн таарамжгүй харьцаа үүсгэн улмаар хар иштэй хутгаар зүүн далан тус газарт нь хутгалж хүнийг алсан үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

Шүүгдэгч Г.М..........н нь 2022 оны 2 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр Улаан чулуутын хогийн цэгээс ертөнцийн зүгээр баруун хойно 350 метрийн зайд, Нарангийн энгэр явах засмал замаас ертөнцийн зүгээр зүүн гар талд Улаан чулуутын хойд уулын харалдаа Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо Алтан Овоогийн ............. тоотоос чанх хойно Л.Г........лдын гэрт Т.Э..............ны хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна. Ийнхүү Л.Г........лдыг 5.4 промилл согтолтой байхад нь тэрээр хуванцар хар иштэй 26см урттай хутгаар 18 цагийн орчим ар нуруу хэсэг буюу хоёр далны голд хутганы ир тал нь 7 цаг 30 минут, мөр тал нь 1 цаг 30 минутын байрлалтайгаар дээрээс доош ардаас урагш чиглэлтэй 13.4см гүн хутгалж алсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдов.

 

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал

- СХДЦГ ЦХ-1 Шуурхай удирдлагын тасгийн PCNB11183007 дугаартай дуудлагын хуудсанд: “...Дуудлага өгсөн....89............00, Дуудлага хүлээн авсан...02/09/2022, 20:30:44 минут, Дуудлагын утга: Манай дүүгийн хамтран амьдрагчийг хамт архи ууж байсан хүн нь хутгалчхаад зугтсан байна, хутгалуулсан Н.Г........лд нь нас барсан байна гэх...” дуудлагын хуудас (хавтаст хэргийн 2 дахь тал),

- Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Хэрэг учрал болсон гэх газар нь Сонгинохайрхан дүүргийн 3................й тоот гэх бөгөөд У.0м зайд, Нарангийн энгэр явах засмал замаас ертөнцийн зүгээр зүүн гар талд...................... Улаан чулуутын хойд уулын харалдаа Сонгинохайрхан дүүргийн 36 дугаар хороо Алтан Овоогийн ............. тоот гэх бор банзан хашаатай айлаас чанх хойш ...за....................5 ханатай...Монгол гэр бариатай...байна...гэрт орны харалдаа зүүн гар талд газар дээш харсан зүүн гар биеэ дагасан шулуун, баруун гар тохойгоор хагас нугаларч биед дарагдсан байдалтай цогцос байсныг 1 гэж дугаарлаж гэр зургийн аргаар бэхжүүлэн авав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 4-10 дахь тал),

- Цогцост үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Цогцос нь 168см урттай, толгойдоо 0.7см тачир буурал үстэй, эрэгтэй хүний цогцос байна. Цогцос...ны ар нуруу, хоёр далны гол хэсэгт 2.5х0.4см ирмэг тэгш босоо, хагас хажуу байдалтай ир тал нь шархны доод талд буюу 7-8 цагийн байрлалд, мөр тал нь шархны дээр нь буюу 1-2 цагийн байрлалд байрласан хатгагдаж зүсэгдсэн шархтай, шархыг зоондоор шалгахад ардаас урагш, дээрээс доош чиглэсэн цээжний хөндийд нэвтэрсэн гүн байв. 23 цаг 20 минутад шулуун гэдэсний хэм 27.6 градус зааж байв. 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 02 цаг 10 минутад нас бараад ойролцоогоор 6-8 цаг болсон байх боломжтой...” гэх баримт (хавтаст хэргийн 12 дахь тал),

- Гэрч Б.О.............рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 2 дугаар сарын 09-ний орой 19 цагийн үед...М..........н гаднаас нэлээд согтуу гуйвж дайвсан байдалтай орж ирсэн...Тэгээд М..........ны яриаг нь сонсоход “би Ганбаа гэдэг хүнийг алчихлаа, намайг байнга дарамтлаад байдаг” гээд яриад байхаар нь би утсыг нь булааж аваад эхнэртэй нь яриад асуухад энэ талаар мэдэхгүй байсан. Тэгээд би утсаа салгаж байгаад М..........наас юу болоод байгаа юм, чи яахаараа хүн алдаг юм, би чамд итгэхгүй байна гэхэд “үнэн ахаа, Э..............н, Ганбаа бид 3 архи ууж байгаад хоорондоо мөнгөнөөс болж муудалцаад намайг Г.................цохиод авахаар нь би авчихсан” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29 дэх тал),

- Гэрч Г.А.............яагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ажлаасаа тараад...гэртээ ирэхэд манай нөхөр Б.О.............р...дүү чинь сонин сонин юм яриад байна юу гэж асуухад найзтайгаа архи ууж байгаад маргалдсан гэж байна гэсэн тэгээд би гайгүй байх гэж бодоод байж байтал удалгүй манай нөхөр утсаар яриад хаягаа зааж өгөөд байсан. Тэгээд хэнд хаягаа өгөөд байгаа юм гэхэд цагдаагаас байна гэж байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24-25 дахь тал),

- Гэрч Д.Эр.................эгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 2 дугаар сарын 09-ний өглөө 8 цагийн үед М..........н босоод Га..............а ахынд очиж усанд орно гэж хэлээд гараад явсан. Тэгээд орой 19 цагийн үед миний 89340058 дугаар руу М..........н хүргэн ахынхаа 88305854 дугаараас залгаад М..........н “би хүн алсан, би өөрөө мэдэхгүй байна” гэхээр нь би намайг айлгах гэж худлаа яриад байгаа байна гэж бодоод загнасан. Урьд нь архи уухаараа дандаа худлаа үнэн нь мэдэхгүй юм яриад байдаг юм...Тэгээд удалгүй М..........н хүргэн ах нь залгаад “М..........н манайд хэвтэж байна, санаа зоволтгүй, хүн алсан гээд сонин, сонин юм яриад байна” гэхээр нь “миний мэдрэлээр наадаж тоглож байгаа байлгүй” гээд нээх тоогоогүй утсаа тасалсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21 дэх тал),

- Гэрч Т.Э..............ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хамт хог түүдэг хуурай дүү М..........н эхнэртээ хөөгдөөд ирлээ гэж манайд ирж хоносон. Тэгээд өглөө нь буюу 2022 оны 2 дугаар сарын 09-ний өдөр гадуур хог түүхгүй амарцгаая гээд би өглөө 9 цаг өнгөрөөд гэрээсээ гараад дэлгүүрээс 2 шил 0.75 литрийн Шим нэртэй архи авч бид 3 хувааж уусан. Тэгээд гэрт байсан зэс, төмөр утаснуудыг янзлаад М..........н тэрийг тушаахаар яваад буцаж ирэхдээ 1 шил 0.75 литрийн Шим нэртэй архи бариад орж ирсэн. Тэгээд бид 3 М..........ны авчирсан уг архийг хувааж уусан. Тэгэхэд М..........н, Г........лд нар хоорондоо хэрэлдээд байх шийг байсан...Удаагүй 30 орчим минут унтаад босоод ирэхэд Г........лд гэрийн баруун талын орны доор газарт дээшээ хараад хэвтэж байсан. Тэгээд би босоод очоод харсан чинь царай нь хөхрөөд хөдлөхгүй байсан. Тэгэхэд М..........н гэрт байхгүй байсан...Тэгээд би очоод Г........лдыг татаж үзэхэд хөдлөхгүй байсан...Г........лдын хэвтэж байсан газар нь цус болсон харагдсан. Тухайн үед Г........лд дан футболктой байсан ба цээж хэсгээс цус гарсан юм шиг харагдсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34-40 дэх тал)

- Гэрч Д.На.............хын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 2 дугаар сарын 09-ний өдөр 20 цагийн үед...манай хадам дүү Э..............н жаахан архи үнэртүүлчихсэн байхаар нь би гэрт ор юу хийж яваа юм бэ гэж асуухад Э..............н надад М..........н, Г........лд бид гурав архи уусан тэгэхэд М..........н Г........лд нар хоорондоо маргалдаад зодолдоод байсан тэр хооронд би тасраад унтчихсан тэгээд сэрээд босож ирэхэд М..........н байхгүй Г........лд газар хэвтэж байсан тэгэхээр нь татаад сэрээх гэхэд сэрэхгүй байхаар нь харсан чинь хутгалчихсан байсан. М..........н зугтаагаад явчихсан би цагдаа дуудах гэтэл утас байхгүй болохоор танай гэрт хүрээд ирлээ та цагдаа эмнэлэг дуудаад өгөөч гэсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31 дэх тал)

- Гэрч Д.М.............ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 2 дугаар сарын 09-ний өдөр би одоо цагийн нь сайн санахгүй байна ээжтэй хамт дэлгүүрт зогсож байхад гаднаас нэг согтуу хүн орж ирээд цагдаагийн дугаар хэд билээ гээд асуухаар нь сайн мэдэхгүй байна ямар ч байсан замын цагдаагийн дугаар 102 байх гэж хэлсэн. Тэгээд тэр хүн урд юм хэлэхгүй зогсоод байхаар нь ахаа юм авахгүй бол цаашаа зогсчих гэж хэлэхэд юм дуугарахгүй зогсоод байсан...Тэр хүнийг харахад архи уудаг байрын хүн байсан ба биед нь ил харагдах гэмтэл, бэртэл байхгүй байсан. Тухайн хүн лангууны урд зогсоод байсан ба баруун гараараа лангуун дээр дараад байсан. баруун гарын сарвууны арын хэсэг нь тэр хэсэгт цус болсон байдалтай байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 42-43 дахь тал)

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Х..........................рийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай үеэл ах нь Улаан чулуутын эцэс хогийн цэг орчимд архи ууж хог түүн амьдардаг. Манай ээж 2011 онд өвчний улмаас нас барсан. Манай ээжийг амьд ахуй үед байнгын харилцаатай байдаг байсан бөгөөд ээж нас барснаас хойш бага зэрэг хөндийрөх болсон. Манай ээжийн тал маань ах дүү муутай хүмүүс байдаг бөгөөд Л.Г........лд ахтай хамгийн ойр хамаарах хүн нь би байгаа юм...холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дахь тал),

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 588 дугаартай дүгнэлт:

Цогцсын гадна үзлэгээр тогтоогдсон гэмтэл, эмгэг өөрчлөлт:... Хүзүүний баруун урд хэсэгт 1.6х0.2см арьсны түвшнээс доош хүрэн улаан өнгийн зулгаралттай, цээжний урд өвчүүний дээд хэсэгт 0.2х0.1см 4 ширхэг хүрэн бор өнгийн тав тогтсон зулгаралттай, өвчүүний доод хэсэгт 2.0х0.5см 2 ширхэг голдоо зузаан тав бүхий зах хэсгээрээ сорвижсон хуучин шархтай, зүүн шилбэний урд доод хэсэгт 0.5х3.5см цайвар өнгийн гялаан сорвитой, цээжний зүүн урд хэсэгт хөхний доод хэсэгт хуучин сорвинуудтай. Ар нурууны 2 далны голд 2.5х0.4см зууван дугуй хэлбэрийн 7 цаг 30 минутаас 1 цаг 30 минутын байрлалтай мөр тал нь дээд талдаа ир тал нь доод талдаа байрласан хатгагдаж зүсэгдсэн шархтай, шархыг шалгаж үзэхэд цээжний хөндий рүү нэвтэрсэн байв.

Дотор эрхтний шинжилгээнд: ...Цээжний хөндийн баруун хэсэгт 1200мл орчим хар хүрэн бүлэглэсэн болон шингэн цустай...Баруун уушги 430гр, цайвар ягаан, хийжилт сул, авчсан, дэлбэнгүүд хоорондоо наалдацгүй, зүслэгийн талбай цус дүүрэлт бага...баруун уушгины дээд дэлбэнгийн 2-р сегментэд дээрээс доош, ардаас урагш чиглэлтэй, бронхын дээд салаанд нэвтэрсэн, зууван дугуй хэлбэрийн 8.2см гүнтэй хатгагдаж зүсэгдсэн шархтай, шархны эргэн тойронд хар хүрэн өнгийн цус хуралттай...Цээжний хөндий рүү нэвтэрсэн шархыг шалгаж үзэхэд баруун 4-р хавиргыг нугаламтай бэхлэгдэх хэсгээр зүсэж гэмтээн цээжний хөндий рүү нэвтэрч 2-р сегментэд дээрээс доош, ардаас урагш чиглэлтэй, бронхын дээд салаанд нэвтэрсэн, зууван дугуй хэлбэрийн 8.2см гүнтэй хатгагдаж зүсэгдсэн шархтай, шархны эргэн тойронд хар хүрэн өнгийн цус хуралттай, шархны сувгийн яс зөөлөн эдийн зузаан 5.2см байв. Нуруу нугалам, аарцаг, мөчдийн ясанд гэмтэл эмгэг өөрчлөлтгүй.

... Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний онош:

1. Цээжний хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх: Хоёр далны хооронд, баруун 4-р хавиргыг нугаламтай бэхлэгдэх хэсгээр зүсэж гэмтээн, баруун уушгины дээд дэлбэн, гуурсан хоолойг гэмтээсэн шарх,

2. Цээжний хөндийн цус алдалт 1200мл, баруун уушгины авчилт, дотор эрхтнүүдийн цус багадалт, хүүрийн толбоны сул илрэл...

3. Хүнд зэргийн согтолт. Гавлын баруун зулайн ар, урд хэсэг, зүүн зулайн ясны хуучин цөмөрсөн хугарал. Хүзүү, цээжний зулгаралт...ДҮГНЭЛТ

1. Талийгаачийн цогцсын шинжилгээгээр хоёр далны хооронд, баруун 4-р хавиргыг нугаламтай бэхлэгдэх хэсгээр зүсэж гэмтээн, баруун уушгины дээд дэлбэн, гуурсан хоолойг гэмтээсэн шарх, хүзүү цээжний зулгаралт, баруун, зүүн зулай ясны цөмөрсөн хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх шарх гэмтэл нь учрах үедээ амь биед аюултай гэмтэл болно. Дээрх шарх гэмтэл нь ир, үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн. Хүзүү, цээжний зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайлбал үрэлцэх, шүргэлцэх үед үүсэх боломжтой баруун, зүүн зулай ясны цөмөрсөн хугарал нь хязгаарлагдмал гадаргуутай, хатуу мохоо зүйлийн гурван удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

2. Дээрх шарх, хүзүүний зулгаралт гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой, цээжний зулгаралт нь нас барахаас өмнө 4-7 хоногийн өмнө, баруун, зүүн зулай ясны цөмөрсөн хугарал нь нас барахаас өмнө 6 сараас дээш хугацааны өмнө үүссэн.

3. талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр тогтоогдсон хоёр далны хооронд баруун 4-р хавиргыг нугаламтай бэхлэгдэх хэсгээр зүсэж гэмтээн, баруун уушгины дээд дэлбэн, гуурсан хоолойг гэмтээсэн шарх гэмтэл нь дээрээс доош ардаас урагш чиглэлтэй нийт шархны сувгийн урт 13.4см байна. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

4. Талийгаач нь дээрх гэмтлийг өөрөө өөртөө учруулах боломжгүй.

5. 6. 8 Талийгаач нь дээрх цээжний хөндийн нэвтэрсэн шархны улмаас цус алдаж нас баржээ. Талийгаачийн хүзүү, цээжний зулгаралт нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цээжний хөндийд нэвтэрсэн шарх нь гэмтлийн хүнд зэрэгт, мөн баруун, зүүн зулайн цөмөрсөн хугарал нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

7. Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр үхэлд нөлөөлөх архаг, хууч өвчин тогтоогдсонгүй.

9. Талийгаачийн цогцост хийсэн 2022.2.10-ны 02 цаг 15 минутын үзлэгээр нас бараад 6-8 цаг болсон байна гэжээ.

10. Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр ходоодонд 10.0мл хүрэн өнгийн шингэн агууламжтай байна.

11. Талийгаачийн цогцост тэмцэлдсэн шинж үгүй байна.

12. Талийгаачийн цусанд 5.4 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарна.

13. Талийгаач нь АВ(IV) бүлгийн цустай байна.

14. Талийгаачид эмнэлгийн зохих тусламж цаг алдалгүй үзүүлсэн тохиолдолд амь насыг аврах боломжтой байсан эсэхийг үгүйсгэхгүй...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 163-168 дахь тал)

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 3 дугаар сарын 03-ний өдрийн Тусгай шинжилгээний газрын биологийн шинжээчийн 1196 дугаар дүгнэлтэд: “...1. Шинжилгээнд ирүүлсэн 12.4см хар өнгийн хуванцар иштэй 26см урттай хутган дээр ABO системээр AB/IV/ бүлгийн харьяалалтай хүний цус илэрсэн...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 130-131 дэх тал),

 

- Шинжээч эмч О.Болороогийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Цээжний хөндийд хурц ир үзүүртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шархны улмаас нас барсан...Ноцолдох үед үүсэх боломжгүй араас хэсэг урагш, дээрээс доош чиглэлтэй бөгөөд амь хохирогч өөрөө өөртөө учруулах боломжгүй тул ноцолдох үед үүсэхгүй биеийн арын байрлалаас үүсгэгдсэн... цээжний хөндийн нэвтэрсэн шарх нь хүнд бөгөөд хүнд гэмтлийн улмаас нас барсан байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 203-204 дэх тал) зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

 

Шүүгдэгч Г.М..........ны мөрдөн байцаалтад өгсөн: “...Миний бие танил ах Л.Г........лдтой маргаан үүсгэж улмаар хутгалж алснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 214-215 дахь тал) мэдүүлж байсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “...мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруу дээр маргахгүй...” гэснийг дурдах нь зүйтэй.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн юм.

 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

1.4. Эрх зүйн дүгнэлт

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Г.М..........н нь шалтаг шалтгаангүйгээр, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ, шууд санаатай үйлдлээр иргэн Б.Г........лдын бие ар нуруу хэсэг буюу хоёр далны хооронд, баруун 4-р хавиргыг нугаламтай бэхлэгдэх хэсгээр хутгалж цээжний хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, баруун уушгины дээд дэлбэн, гуурсан хоолойг гэмтээсэн шарх учруулан алсан болох нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.

   Иймд улсын яллагч болон иргэдийн төлөөлөгчөөс шүүгдэгч Г.М..........ныг эрүүгийн хуулийн тусгай ангийн дээрх зүйл хэсэг заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах талаар гаргасан дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байх тул гэм буруутайд тооцсон ба шүүгдэгч түүний өмгөөлөгчөөс гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

1.5. Хохирол, хор уршиг

Энэ гэмт хэргийн улмаас Л.Г........лдын амь нас хохирч түүний хууль ёсны төлөөлөгчөөр П.Хувьтөгөлдөр тогтоогдсон байх боловч тэрээр мөрдөн шалгах ажиллагаанд баримтаар нэхэмжилсэн зүйлгүй байна. Иймд шүүгдэгч Г.М..........ныг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “...шүүгдэгч Г.М..........ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 9 жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.М..........нд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2006 оны 307 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 9 сар 24 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялыг 11 жил 9 сар 24 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний баривчлагдсан 2 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 26 см урттай, хуванцар хар иштэй хутгыг устгуулах саналтай байна...” гэх дүгнэлтийг...”

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Миний үйлчлүүлэгч Г.М..........н нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй байгааг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр эрүүгийн хариуцлага оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүгдэгч Г.М..........нд  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 50 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 64 дэх тал), шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 67-76 дахь тал), Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2022 оны 02 дугаар сарын 21-ны өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 177 дугаар дүгнэлтээр “...хэрэг хариуцах чадвартай...” (хавтаст хэргийн 158-159 дэх тал) гэх баримт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

 

Шүүхээс шүүгдэгч Г.М..........нд гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хуулийн хууль ёсны болон шударга ёсны түүнчлэн эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг баримтлан уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, учруулсан хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.

 

Тиймээс шүүгдэгч Г.М..........ны үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар буюу хохирогчийн нуруун тус газар хутгалсан, тухайн хутгалагдсан шархны улмаас амь хохирогч нь цочмог цус алдалтын улмаас үхсэн зэрэг хэргийн нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 11 жилийн хорих ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. Мөн шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хүнд гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшсэн, дээрх хэргийн нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлэх нь түүний гэм бурууд тохирсон гэж үзлээ.

 

Харин шүүгдэгч Г.М..........н нь урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2006 оны 307 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт 18 жил 4 сар 26 хоногийн хорих ял шийтгүүлж, тэрээр 2020 оны 01 дүгээр сарын 24-ны өдөр 2 жил 9 сар 24 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.” гэж заасан байна.

 

Тиймээс шүүгдэгч Г.М..........нд энэ тогтоолоор оногдуулсан 9 жилийн хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 9 сар 24 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялыг 11 жил 9 сар 24 хоногийн хугацаагаар тогтоох нь зүйтэй.

Түүнчлэн шүүгдэгч Г.М..........н нь энэ хэрэгтээ 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс (хавтаст хэргийн 222 дахь тал) шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдаж 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдөр (хавтаст хэргийн 210) хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдаж 2 хоног баривчлагдсан байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан...хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно.” гэсний дагуу түүний баривчлагдсан 2 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож эдлэх ялаас хасаж шийдвэрлэв.

 

 2.3. Бусад асуудлын талаар

Эрүүгийн 2208 0000 00314 дугаар хэрэгт битүүмжлэгдэн ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэжээ авав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дэх заалтад зааснаар хэрэг эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн иштэй хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт Г........гээгийн М..........ныг Хүнийг алсан буюу Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М..........ныг 9 (ес) жилийн хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М..........нд энэ тогтоолоор оногдуулсан хорих ял дээр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2006 оны 307 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 9 сар 24 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялыг 11 жил 9 сар 24 хоногийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.М..........нд оногдуулсан 11 жил 9 сар 24 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М..........ны цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 02 (хоёр) хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож эдлэх ялаас хассугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7. Энэ битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Г.М..........нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч түүний эдлэх ялыг 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн тоолсугай.

9. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.М..........нд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.МӨНХЗУЛ

 

                                           ШҮҮГЧИД                           Г.АЛТАНЦЭЦЭГ

                                                                          

                                                                                       Л.БААТАР