Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гочоогийн Нямсүрэн |
Хэргийн индекс | 184/2017/03542/И |
Дугаар | 184/ШШ2018/00615 |
Огноо | 2018-03-14 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 03 сарын 14 өдөр
Дугаар 184/ШШ2018/00615
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Г.Б нэхэмжлэлтэй,
Хариуцагч: СХД ЭМТд холбогдох
Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 2,867,320 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Х, Д.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Бын шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжин, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Г.Б Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн Баянхошуу салбар Амбулатори 3-д шүдний эмчээр ажиллаж байсан. Анх 2014 онд ажилд орно гэж өргөдөл бичээд энэ байгууллагад ажилд орох гэж 1 жилийн хугацаанд хүлээж, ажилд орохдоо хөдөлмөрийн гэрээг гурван сарын хугацаатай туршилтын гэрээгээр ороод өнөөдрийг хүртэл ажиллаж байсан. Гэтэл хариуцагч байгууллагаас орны чинь хүн хүүхэд асрах чөлөөтэй байж байгаад ажилдаа орохоор болсон, чи ажлаасаа гар гэж хэлсэн. Ингээд 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Б/348 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн. Энэхүү тушаал нь хөдөлмөрийн гэрээний хугацаа цаашид сунгагдахгүй болсон гэх үндэслэлтэй байсан. Манай ажил олгогч бүх ажилтан нартайгаа нэг жилийн хугацаатай хөдөлмөрийн гэрээ хийдэг бөгөөд надтай ч мөн адилхан ийм гэрээ байгуулчхаад яагаад энэ үндэслэлээр ажлаас чөлөөлж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч Г.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хүртэл хугацаанд нийт ажлын 97 өдөр ажилгүй байсан. Нэг өдөрт 29,560 төгрөгийн цалин авдаг. Иймд урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 2,867,320 төгрөг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Б нь 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр жирэмсний амралттай ажилтны оронд түр орсон. Хавтаст хэргийг 42, 45, 51 дүгээр хуудсанд орон тооны талаарх баримт авагдсан байгаа. Шүдний эмчийн орон тоо 3 хүн байгааг тусгасан. Г.Быг ажиллаж байх үед Э.М нь жирэмсний амралттай байсан учир түүний оронд түр авч ажиллуулсан. 2015 оны 07 дугаар сараас эхлээд Б.Огэх хүн бас жирэмсний амралт авсан байдаг. 2016 оны 04 дүгээр сард нэг жилийн гэрээ байгуулсан. Уг гэрээний хугацаа дуусах үед Б.Онь мөн жирэмсний амралт авсан тул ажилдаа эргэн орох хүртэл хугацаагаар Г.Бын гэрээний хугацааг дахин сунгасан байдаг. 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн тушаалаар Б.Онь ажилдаа ирээд Г.Быг ажлаас чөлөөлсөн. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ туршилтын хугацаагаар ажилласан гэсэн байсан. Г.Б анх ажилд орохдоо л нэг жилийн гэрээ байгуулаад ажилд орсон. Хамгийн сүүлд 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан гэрээнд Г.Отгончимэгийн жирэмсний амралттай байх хугацаанд томилсон болохыг заасан байгаа. Г.Б өөрөө гарын үсэг зурсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч СХД ЭМТд холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 2,867,320 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч нь Г.Бтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон тул ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
Уг маргаан Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан мөн байх бөгөөд тус хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар ажилтан СХД ЭМТийн даргын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/348 дугаар ажлаас чөлөөлөх тухай тушаалд 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр гомдлоо тус шүүхэд гаргасан байх тул хуульд заасан хугацааны дотор гаргасан гэж үзнэ.
Зохигчдын хооронд 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулагдаж, хөдөлмөрлөх харилцаа үүссэн, гэрээний дагуу ажилтан Г.Б нь СХД ЭМТийн Баянхошуу салбарт шүдний их эмчээр томилогдож ажиллаж байсан болох нь 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн хөдөлмөрийн гэрээ /хх-4-7/, тус төвийн даргын 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн Б/62 дугаар тушаал /хх-17/, зохигчдын тайлбараар тогтоогдож байна. Анх байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай байгуулж, дахин 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийг дуустал 1 жилийн хугацаатай /хх-6-7 дахь тал/ гэрээ байгуулсан байна.
СХД ЭМТийн Баянхошуу салбарын шүд эрүү нүүрний их эмчийн орон тоо 3 болох нь Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаас баталсан байдал, СХД ЭМТийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн “Орон тоо, төсөв батлах тухай” Б/22 дугаар тушаал, 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн “Албан тушаал, цалинг шинэчлэн батлах тухай” Б/17 дугаар тушаал /хх-44-52/-аар, уг орон тоонд Б.П, Ж.М, Б.О ажиллаж байсан болох нь Б.Птай 2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын дэвтэр /хх-53-55/, Э.Мтай 2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын дэвтэр /хх-56-58/, СХД ЭМТийн даргын 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Б/110 дугаар тушаал, 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн Б/309 дүгээр тушаал, 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Б/403 дугаар тушаал /хх-56-61/, Б.О-тэй 2013 оны 8 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээ, нийгмийн даатгалын дэвтэр /хх-62-63, 21-22/-ээр, Э.Мнь 2013 оны 8 дугаар сараас 2015 оны 6 дугаар сарын хугацаанд, Б.О2015 оны 7 дугаар сараас 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл жирэмсний болон амаржсаны амралт, хүүхэд асрах чөлөөтэй байсан нь тэдгээрийн нийгмийн даатгалын дэвтэр, СХД ЭМТийн даргын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/349 дүгээр тушаал /хх-21-22, 64/-аар нотлогдох ба талууд уг үйл баримтын талаар маргаагүй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт . . . 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн хөдөлмөрийн гэрээнд нэхэмжлэгч гарын үсэг зураагүй, гэрээ байгуулаагүй, өөр гэрээнд зуруулсан гарын үсгийг ашигласан хэмээсэн боловч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлоогүй.
Хариуцагч нь нэхэмжлэгч Г.Бтай 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр дахин хөдөлмөрийн гэрээ байгуулсан ба гэрээний хугацааг “Б.О-ийг жирэмсний амралттай байх хугацаанд буюу түүнийг эргэж орох хүртэл” байхаар тогтоосон хэмээн 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн хөдөлмөрийн гэрээг /хх-18-19/ нотлох баримтаар гаргаж өгчээ.
Тус шүүхийн шүүгчийн 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 626 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг ханган 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн хөдөлмөрийн гэрээнд зурсан гарын үсэг нэхэмжлэгч Г.Бын гарын үсэг мөн эсэхийг тогтоолгохоор Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилсон байна. Шинжээчийн 2018 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 870 дугаар дүгнэлтээр “. . . шинжилгээнд ирүүлсэн “2017 оны 4 дүгээр сарын 20” гэсэн огноотой “Хөдөлмөрийн гэрээ” гэх баримтын 2 дахь хуудасны “гэрээ байгуулсан” хэсэгт “гарын үсэг” гэсний ард байх шинжилж буй гарын үсэг нь Г.Бын гэх гарын үсгийн загваруудтай тохирч байна.” гэжээ.
Шүүх шинжээчийн дүгнэлтийг үндэслэн талуудын хооронд 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан ба Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-т зааснаар талууд гэрээг үйл явдлаар тодорхойлон хугацаатай байгуулсан байна.
Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн даргын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Б.О-ийг ажилд томилох тухай” Б/349 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасныг үндэслэн хүүхэд асрах чөлөө дууссан тул Б.О-ийг ажилд эргүүлэн авч, тус өдрийн “Г.Быг ажлаас чөлөөлөх тухай” Б/348 тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.3-т заасныг үндэслэн Г.Быг ажлаас чөлөөлсөн нь хууль зөрчсөн гэх үндэслэлгүй байна.
Иймд Г.Баас СХДЭМТ холбогдуулан гаргасан ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 2,867,320 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Энэхүү нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 156 дугаар 156.1.1-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэрэгт хамаарах тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.2-т тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Баас СХДЭМТ холбогдуулан гаргасан ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд 2,867,320 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН