Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 40

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Солонго даргалж, шүүгч Д.Баттулга, Ц.Урангуа нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга Б.Номинтунгалаг,

Улсын яллагч Т.Баярмаа,

Шүүгдэгч Г.Угтахбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Мөнгөнцэцэг,

Иргэдийн төлөөлөгч Г.Пүрэв нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

  Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Угтахбаярт холбогдох 201616010061 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  Монгол улсын иргэн, 1985 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа нүүрс тээврийн автомашин жолоодох ажил эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 3-1 насны хоёр хүүхдийн хамт Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төв Цагаан-Овоо баг 10-25 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, 2008 онд Өмнөговь аймгийн Сум дундны шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Сум дундын 16 дугаар шүүхийн 20 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 4 сарын хорих ялаар шийтгүүлж, 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 38 дугаар шүүгчийн захирамжаар 2 сар 1 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Цагаан овогт Гэрэлмаагийн Угтахбаяр /РД:КЮ85093011/

Үйлдсэн хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

Яллагдагч Г.Угтахбаяр нь 2016 оны 06 дугаар сарын 06-аас 07-нд шилжих шөнө согтуугаар Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг Гашуун сухайт боомтоос хойш 9 дэх км зайд буюу нүүрс тээврийн зам дээр бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, танхайран хайчийг зэвсгийн чанартай хэрэглэж, иргэн У.Ууганбаярын баруун суганы ар хэсэгт 1 удаа хатгаж түүний биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Угтахбаяр мэдүүлэхдээ:“ 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Таван толгойгоос Гашуун сухайт руу нүүрс тээвэрлэж явсан. Машинаа хилийн очерт тавьчихаад найз Отгонбаяртай хамт Цагаан хадан дээр очиж хоол идэнгээ 0,5 гр Улаанбаатар архи хувааж уусан. Дараа нь замын унаанд суугаад машиндаа очиж амарсан. Унтаж байтал машиний хаалга цонх балбаад байсан. Босоод харахад гар чийдэн барьсан хүмүүс байсан. Тэдгээр хүмүүс машинаа урагшлуулчих хойноос чинь гарчихий гэж хэлсэн. Би адилхан ядарч явж ирчхээд очер дайрах гэлээ гэж хэлээд буцаад хэвтсэн. Хөнжлөө толгой дээгүүрээ нөмрөөд хэвтэж байтал хаалга цонх нүдээд байхаар нь цонхоо онгойлгоод та нар машины цонх хагаллаа би машинаа урагшлуулж чадахгүй гээд маргалдаж байтал Ууганбаяр миний баруун шанаа руу цохисон. Би зөрүүлээд нэг цохиход цаанаас нь 3 хүн гараад ирсэн. Би өөрөө айсан учир тэдгээр хүмүүсийг айлгая гэж бодоод хайч авч буусан. Ууганбаярыг хайчаар хатгана гэж бодоогүй. Хатгасанаа мэдээд маргалдхаа болиод машиндаа ороод унтсан” гэв.

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 03-04 дүгээр хуудас/

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 05 дугаар хуудас/

Согтуурлын зэрэг шалгасан тэмдэглэл /хх-ийн 06-07 дугаар хуудас/

Эд мөрийн баримт хураан авах, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсрагах тогтоол /хх-ийн 08-11 дүгээр хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч У.Ууганбаярын өгсөн: “....би 2016 оны 06 дугаар сарын 06-аас 07-нд шилжих шөнө Цагаан хаднаас Гашуун сухайт боомт руу явдаг засмал зам дээр үүссэн машинуудын очерт өөрийн жолоодож нүүрс тээвэрт явдаг 31-36 ӨМӨ дугаартай потон маркийн машиндаа унтаж байтал манай найз Отгонбат “манай ээжийн бие муудлаа гээд Өмнөговиос дуудаж байна яах уу машиныг өгчхөөд өглөө эрт унаа олоод явмаар байна” гэсэн. Би Төлөө гэж дууддаг найз руугаа утастаад хүрээд ир гэж дуудсан. Төлөө ч удалгүй ирсэн. Отгоогийн машиныг очерийн урдуур оруулах талаар ярилцаж байтал зам зохицуулагчийн пикап машин явж байсныг зогсоогоод учир байдлаа хэлтэл өмнөх жолооч нараасаа гуйгаад болгоомжтой яваад хаалга руу дөхчих гэж хэлсний дагуу Отгонбат машинаа асааж жолоодоод Төлөө бид хоёр өмнөх жолооч нараас гуйж замын эсрэг урсгалыг чөлөөлүүлээд Отгоо машинаа урагшлуулаад хэсэг явсан. Тэгээд зам дээр чиргүүлээ хөндлөн байрлуулсан цагаан машин дээр очсон. Би жолооч талаар нь очоод гишгүүр дээр зогсоод хаалгыг нь татахад цоожтой байсан тул хаалгыг тогшоод жолоочийг гаднаас нь дуудсан. Тэр машины жолооч нь машиндаа унтаж байгаад сэрж байгаа бололтой “яах гээд байгаа юм хүн амарч байна зайлцгаа” гэсэн тэгэхээр нь би учир байдлыг хэлээд ярих яриа байна гэхэд дотроос цонхоо нээсэн. Манай найзын ээжийн бие өвдөөд явж суух ажил гараад байна гэхэд “битгий олон юм яриад бай унтаж амармаар байна зайлцгаа лалруудаа” гээд миний баруун шанаа руу нэг гараараа нэг удаа цохисон. Би гишгүүрээс доошоо буугаад хүн учир байдлаа хэлээд байхад ямар сүртэй пизда вэ” гэж хэлсэн. Тэр үед нөгөө залуу машинаа асааснаа эргүүлж унтрааснаа “би чамайг ална” гэсээр плавкнаас өөр хувцасгүй машинаасаа буугаад ирсэн. Би тэр үед буруу хараад Отгоогийн машины зүг алхаж явсан. Нөгөө залуу миний баруун дал орчим руу хоёр удаа ширвэж цохих шиг болсон. Би за болио хөгшөөн гэж хэлчхээд салаад алхтал Төлөө наадах чинь хутгатай байна гэж хэлээд нөгөө залууг араас нь тэврээд авсан. Би очоод тэр залуугийн гараас хар өнгийн хайчийг салгаж авч гутлынхаа түрийнд хийчхээд сугаруугаа гараа хийж үзэхэд суганы орчмоос цус гарч байгаа нь мэдэгдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч У.Ууганбаярын дахин өгсөн :....би түүнийг цохиж зодоогүй. Харин намайг түүний машины гишгүүр дээр толины сууринаас бариад зогсож байхад Угтахбаяр миний гар луу цохиод дараа нь шанаа руу нэг удаа гараараа цохисон. Тэр нь намайг гэмтээхээр тийм хүчтэй цохилт байгаагүй юм. Би Угтахбаярыг өшиглөөгүй, Төлөө түүнийг газарт унагаад дараад байсан, тэр ч Угтахбаярыг өшиглөж харагдаагүй.... Баттөр Угтахбаярын гараас хайчийг булааж авах, түүний агсарсан үйлдлийг зогсоож болиулах гэж түүнийг газарт унагаад Төлөө түүнийг босгохгүй дарсан юм... “ гэх мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/

            Гэрч О.Баттөрийн өгсөн: “...намайг Төлөө гэж хүмүүс дуудаад хэвшчихсэн юм. ...би машиндаа очоод унтахаар хэвтэж байтал Ууганбаяр над руу утсаар залгаад хүрээд ир, Отгоогийн ээжийнх нь бие өвдсөн гэж байна гэсэн. Би Отгоогийн машин дээр яваад очтол тэр хоёр хамт байж байсан. Отгоо ээжийн бие муудлаа гэнэ. Энэ машиныхаа нүүрсийг буулгаж эзэнд нь машиныг нь өгчхөөд гэрлүүгээ хурдан явмаар байна гэсэн. Тэгтэл замын хажуугаар хөдөлгөөн зохицуулагч машинтайгаа ирж яваа харагдахаар нь гар өргөж зогсоогоод болсон гачигдлыг хэлтэл урдах машинуудын жолооч нараас гуйгаад зайчлуулаад өөрсдөө машинаа урагшлуулчих гэж хэлээд явсан. ...тэгээд цагаан толгойтой шланзын жолооч талаар Ууганбаяр түрүүлж очиж кабиныг нь тогшоод гуйсан. Би нөгөө талаар нь тойрч алхаад өмнөх гишгүүр дээр гишгээд гарах үед Ууганаа тэр жолоочтой маргалдах шиг болсон. Би буугаад юу болов гэтэл Ууганаа энэ жолооч шилээ буулгаад миний нүүр лүү цохичихлоо гэсэн. Тэгтэл нөгөө жолооч машин дотроосоо цонхоо нээгээд “Та муусайн яах гээд байна” гэсэн. Тэр жолооч харваас архи уучихсан согтуу байсан. ..тэр үед нөгөө жолооч машинаа асаахаар нь хөдлөөд машинаа холдуулах нь гэж бид хоёр бодоод би чиргүүлийг дагаад хойшоо алхсан. Ууганаа Отгоог дуудаж урагшлуулахаар харалдаа замын хөвөө рүү алхаж харагдсан. Би явж байгаад эргээд хартал түрүүний согтуу жолооч машинаасаа шалдан буугаад Ууганаа руу гараа саваад дайрсан. Түүний гарт нэг юм гялалзах шиг харагдахаар нь наадах чинь хутгатай байна гэж хэлтэл Ууганаа энэ намайг цохичихлоо гэхээр нь би буцаж гүйж очоод цаашаа харж байгаа согтуу жолоочийн араас тэвэрч авсан. Түүний баруун гарт хагас ангайлгаад барьчихсан хар өнгийн хайч байсан. Би Ууганаад хэлээд түүний гараас хайчийг нь салгуулж авсан. Ууганаа сугаруугаа гараа хийж үзсэнээ намайг хутгалчихсан байна шдээ гээд гараа гаргаад иртэл гар нь цус болчихсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/

            Гэрч Н.Отгонбатын өгсөн: “...Цагаан хаднаас Гашуун сухайт явдаг зам дээр машинуудын дунд очерт машиндаа хонож байсан. Тэгтэл Номгон суманд байдаг манай ээжийн бие өвдлөө гэж манай ах над руу шөнийн 02 цагийн үед утсаар ярьсан. Тэгээд миний ард очерт байсан найз Ууганбаяр, Төлөө хоёрт болсон явдлыг хэлсэн. Би замын зохицуулагчаас гуйгаад унаж яваа машинаа урагшлуулж байгаад нэг цагаан толгойтой машин дээр очсон. Тэр машины жолоочоос гуйхаар Ууганбаяр, Төлөө хоёр миний машинаас буугаад очсон би машиндаа суугаад үлдсэн. Нөгөө хоёр ч очоод уулзаж байгаа бололтой нөгөө машин асаад гэрлээ асаасан. Би зам тавьж өгөх нь гэж бодоод машинаа нормалдаад хүлээж байтал гэнэт Ууганбаяр сугаа дарчихсан намайг шаачихлаашдээ гээд хашхираад нөгөө машины чиргүүлийн цаанаас гараад ирсэн. ... Машинаа урагшлуулаад өгөөч гээд тэр машины жолоочийг гуйтал цонхоо онгойлгоод Ууганааг гараараа цохичхоод араас нь бууж ирээд хайчаар хатгасан гэж Ууганбаяр надад хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/

            Гэрч Л.Мартын өгсөн: “...одоогоос жил гарангийн өмнө нөхөр маань бас хэрэгт холбогдож нэг жил гаруй ял эдэлж байгаад өнгөрсөн 04 сарын сүүлээр суллагдаад гэртээ ирсэн. Түүнээс хойш нүүрсний машинаа барих ажлаа хийгээд явж байсан. ... манайх тийм ч хангалуун бус бусдын л адил дундаж амьдралтай айл байгаа юм. Нөхөр маань ганцаараа ажил эрхэлдэг би бага насны хоёр хүүхдээ гэрээрээ харж асраад байж байдаг юм....нөхөр маань энэ хэрэгтээ биеэр хорих ял эдлээд явчихгүй тэнсэн аваад салчхаасай гэсэн хүсэлт надад байгаа юм. Хорих ял эдлэхээр нэгдүгээрт зан авир нь өөрчлөгдөж эвдэрч байна. Хоёрдугаарт үлдэж байгаа ар гэр нь хэцүү байдалд байна. Энэ хүсэлтийг маань хэрэг шийдвэрлэж байгаа хүмүүс зөвөөр ойлгож нөхөрт маань хөнгөн ял оногдуулж өгөөч гэж хүсмээр байна” гэх мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/

Гэрч Д.Баярсайханы өгсөн: “...Өглөөгүүр арай гэгээ ороогүй байхад Ууганбаяр миний утас руу өөрийнхөө утаснаас залгаад “би энд хүнд хатгуулчихлаа” гэж хэлсэн. Тэгээд би түүний заасан газар луу алхаад очтол нэлээд хойно машинуудын очерийн дэргэд аваараа асаасан машин дотор Ууганаа, Отгонбат, бас нэг танихгүй залуу хамт байсан. Очоод яасан ийсэн архи дарс уусан юм уу гэхэд “би архи дарс уугаагүй эрүүл байна” Отгоогийн ээжийн бие нь муудаад дуудагдаад машиныг нь урагш шахаж тавих гээд машинуудыг гуйж хөдөлгөж явсаар энэ машин дээр ирээд жолоочийг нь гуйтал шал согтуу жолооч бууж ирээд араас хатгачихлаа гэж тухайн үед ярьж байсан. Ууганаагийн баруун суганы ойролцоо хоёр газар хутга мэт зүйлээр хатгагдаж цус гарсан, нэг нь нэлээн гүн юм шиг шархтай түүнээс нь цус гарч байсан. Би өөрийн өмсөж явсан цагаан өнгийн цэвэрхэн футболкоо урж цусыг нь дарж боосон. ... Хатгасан жолоочийг асуухад машиндаа ороод унтчихсан гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/

Гэрч Ё.Гэрэлмаагийн өгсөн: ”...Угтахбаяр миний хүү одоогоос хэдэн жилийн өмнө Март гэх охинтой хамт амьдарч хүү охин хоёртой болсон. Г.Угтахбаяр Баян-Овоо сумын харьяалалтай боловч одоо Цогтцэций сумын төвд хадам ээж, эхнэр, хүүхдийн хамт амьдарч байгаа. Миний хүү байнга архи дарс уудаггүй олонтой нийцтэй, төлөв даруу зантай, хүнийг их бага гэж ялгаж харьцдаггүй зан чанартай гэж боддог. Манай хүү нүүрсний машин жолоодож ар гэрээ тэжээдэг байсан. Хүү маань нэг жил хорих ял эдлээд өнгөрсөн хавар суллагдсан. Тэгж явах хойгуур эхнэр хүүхэд нь маш хүнд хэцүү амьдарч байсан. Хоёр нялх хүүхэдтэй эхнэр нь ажилгүй, эхнэрийнх нь ээж өндөр настай хөгшин хамт амьдардаг бөгөөд хүү маань өрх гэрийг авч явдаг юм. ...Ууганбаярын хохиролд нэг сая долоон зуун мянган төгрөгийг би өөрөө банкнаас зээл авч өгсөн. Ууганбаяр надад мөнгө өгчихвөл гомдол санал байхгүй, хүүхдийг чинь ялгүй гаргаад өгнө гэсэн болохоор тэр мөнгийг өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/

2016 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 312 дугаартай шинжээчийн дүгнэлт: “...Ууганбаярын биед баруун суганы ар хэсгийн цээжний хөндий рүү нэвтрээгүй хатгагдаж зүсэгдсэн шарх, хамрын угийн шалбархай гэмтэл үүсчээ. ..Баруун суганы гэмтэл нь иртэй зүйлийн үйлчлэлээр хамрын шалбархай мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. ...баруун суганы хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 32 дугаар хуудас/

2016 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 3983 дугаартай шинжээчийн дүгнэлт, зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 42-45 дугаар хуудас/

Г.Угтахбаярын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: ...2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Таван толгойн уурхайгаас 48-36 УНО дугаартай цагаан толгой, цэнхэр чиргүүлтэй Нордбенз автомашиныг жолоодоод Гашуун сухайт боомт руу чиглээд явсан. Тэгээд боомтоос хойшоо машинуудын очерт машинаа үлдээгээд найз Отгонбаяр, Болд-Эрдэнэ хоёрын хамт Цагаан хад руу замын унаанд суугаад очсон. Цагаан хаданд гуанзанд хоол идчихээд 0.5 литрийн Улаанбаатар архи аваад Отгонбаяртай хувааж уусан. Тэгээд шөнийн 01-ээс 02 цагийн үед буцаж машин дээрээ очоод тус тусын машинд ороод амарцгаасан. Өглөө үүрээр миний машины хаалга цонхыг гаднаас хүн нүдсэн. Машины хаалга дотроосоо цоожтой байсан. Би хэн бэ гэхэд машинаа урагшлуулчих хажуугаар чинь гараатхая гэсэн. Би машинаа урагшлуулахгүй гэж хэлчхээд буцаад хэвтээд өгсөн. Тэгтэл улам чангаар хаалга нүдээд байсан. Би босоод жолооч талын цонхоо нээгээд хартал гадаа 3-4 хүн харагдсан. Нэг нь миний машины гишгүүр дээр гараад зогсчихсон “машинаа урагшлуулчих би өөрөө унаад урагшлуулчихая” гэж хэлэхээр нь “би урагшлуулахгүй. Адилхан явж ирчхээд очер дайрах гэлээ” гэснээс болоод бид маргалдсан. ... би машины голын хайрцаг дээр ил тавиатай байсан хайчаа бариад машинаас буутал Ууганбаяр хоёр гурван залуутай өөдөөс дайрсан. Би тэднийг айлгая гэж бодсон. Тэгтэл нэг мэдсэн Ууганбаярыг хайчаар хатгасан байсан. Нэг залуу нь намайг дарж унагаад хайч булааж авсан. ...тэгээд бид салцгаагаад би өөрийнхөө машинд ороод унтаж байтал цагдаа нар ирээд шалгасан....” гэх мэдүүлэг /хх-ийн 58-59 дүгээр хуудас/

Г.Угтахбаярын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 61 дүгээр хуудас/

Г.Угтахбаярын оршин суугаа газрын тодорхойлолт, оршин суугаа хаягийн тодорхойлолт, Өмнөговь аймгийн Цогтцэций сум 4-р багийн Засаг даргын тодорхойлолт, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 63-67 дугаар хуудас/

Өмнөговь аймгийн сум дундын шүүхийн 2008.12.16-ны өдрийн 108 дугаар шийтгэх тогтоол, Сум дундын 16 дугаар шүүхийн 2015.04.13-ны өдрийн 20 дугаар шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 69-75 дугаар хуудас/

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016.05.26-ны өдрийн 38 дугаартай Г.Угтахбаярын ялаас хугацааны өмнө тэнсэн суллах тухай захирамжийн хуулбар /хх-ийн 76-77 дугаар хуудас/

Хохирогч У.Ууганбаярын хохирол төлбөр барагдсан, гомдол саналгүй тухай тодорхойлсон бичиг /хх-ийн 88 дугаар хуудас/

Хохирол төлбөр барагдуулсан тухай баримт /хх-ийн 89-90 дүгээр хуудас/

Гэрч Б.Болдбаярын гэрчээр өгсөн:”...тэгээд Отгоо ах бид хоёр үргэлжлүүлэн хэрэг хугацаанд юм ярьж байгаад утсаар фэйсбүүкт ороод унтаагүй байж байтал гадаа нэлээд зайтай юм шиг хүмүүсийн хашхиралдах дуу чимээ гараад чимээ намдсан. Хэрэгсэн хугацааны дараа нөгөө дуу чимээ дахин гарахаар нь би гарч харъя гээд гар чийдэнгээ барьж гараад арын машин руу очиход Угтаанаа ахын зөв талын хаалганы ойролцоо нэг залуу алт талынхаа билээ нэг мөрөө дарчихсан тэр хүний баруун гарынх нь бугалга билүү шууг нь дагаад цус гараад тэр залуу нэлээн айж эмээсэн байдалтай зогсож байсан. Тэр хоёрын нэг нь миний зүс таних Отгоо гэдэг ах намайг нь таних ёстой боловч тухайн үед танилгүй “ ахаа энийг зохицуулаарай зохицуулаарай энэ хүн хайчаар хүн дүрчихлээ гэж надад хэлсэн. Тэгээд юу болов яав ийв гээд байж байтал Отгонбаяр ах машинаас гарч ирээд Угтаанаа ахыг хүмүүс зодож байна гэж ойлгосон бололтой хүн хүн рүү үсчээд байсан. Би тэр үед Угтаанаа ахыг нөгөө хүмүүсээс салгаад машины урд аваачаад “та эхнэр хүүхдээ бодооч яаж байгаа юм бэ хүн ингэдэг, хэн хэнийгээ асуудалд оруулах гэж байгаа юм уу гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 100-102 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.

Шүүгдэгч Г.Угтахбаярыг 2016 оны 06 дугаар сарын 06-аас 07-нд шилжих шөнө согтуугаар Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн нутаг Гашуун сухайт боомтоос хойш 9 дэх км зайд буюу нүүрс тээврийн зам дээр бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, танхайран хайчийг зэвсгийн чанартай хэрэглэж, иргэн У.Ууганбаярын баруун суганы ар хэсэгт хатгаж түүний биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч У.Ууганбаярын мэдүүлэг /хх-ийн 15-16, 19/, гэрч О.Баттөр, Н.Отгонбат, Д.Баярсайхан, Б.Болдбаяр нарын мэдүүлэг /хх-ийн 20-21, 22-23, 26, 100-102/ болон шүүгчдэгч Г.Угтахбаярын шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хэргээ хүлээн мэдүүлж байгаа мэдүүлэг, 2016.06.08-ны өдрийн 313 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-ийн 32/, 2016.06.22-ны өдрийн 3983 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-ийн42/-үүдээр тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан зүйлчлэл тохирч байна.

Сум дундын 16 дугаар шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор Г.Угтахбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 4 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлэхээс, Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016.04.26-ны өдрийн 38 дугаар шүүгчийн захирамжаар 01 жил 13 хоногийн ялыг биечлэн эдэлж, шагналын 01 сар 16 хоног, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар 2 жилийг хасч, түүний эдлээгүй үлдсэн 02 сар 01 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллажээ.

Шүүгдэгч Г.Угтахбаяр нь дээрх тэнсэн суллагдсан хугацаанд буюу 2016 оны 06 дугаар сарын 06-07-нд шилжих шөнө гэмт хэрэг шинээр үйлдсэн байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлд зааснаар эдлээгүй үлдсэн ялын заримыг нэмж нэгтгэх үндэслэл болж байна.

Шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч Г.Угтахбаярын давтан болон согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйийн 56.1.1, 56.1.10 дахь хэсэгт заснаар ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж, хохирол төлбөрийг сайн дураараа нөхөн төлсөн зэргийг мөн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.9 дэх хэсэгт зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон харгалзаж үзсэн болно.

Мөн Г.Угтахбаярын хувийн байдал буюу ар гэрийн хүнд нөхцөл байдал /1-3 настай 2 хүүхэд эхнэрийн хамт амьдардаг/, хохирол төлбөргүй байгаа, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан хорих ял эдлэх дэглэмийг хөнгөрүүлж өөрчлөх нь зүйтэй.

Шүүх хуралдаанд хохирогч У.Ууганбаярыг заавал оролцуулж хэргийг шийдвэрлэх хүсэлт гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авах шаардлагагүй хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна.

Шүүгдэгч Г.Угтахбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан эрүүл мэндийн хохиролд 1.800.000 төгрөг төлсөн, хохирогч У.Ууганбаяр нь “гомдол саналгүй, эмчилгээний зардал бүрэн төлөгдсөн, Г.Угтахбаярт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” /хх-ийн 88/ гэх хүсэлтэй байх тул гэм хор арилсан гэж үзэх боломжтой, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эрэгтэй хүний хар өнгийн хавар намрын богино куртик, шар өнгийн эрэгтэй хүний футболк, хар өнгийн бариултай 1 ширхэг хайч зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус устгах нь байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286 дугаар зүйлүүд, 290 дугаар зүйлийн 290.3 дах хэсэг, 291 дүгээр зүйлийн 291.3 дах хэсэг, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Цагаан овогт Гэрэлмаагийн Угтахбаярыг бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, танхайран хайчийг зэвсгийн чанартай хэрэглэж бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-д зааснаар шүүгдэгч Г.Угтахбаярт 5 /тав/ жил 10 /арав/ хоногийн хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1, 74 дүгээр зүйлийн 74.9-д зааснаар Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016.04.26-ны өдрийн 38 дугаар шүүгчийн захирамжаар 2 сар 1 хоногийн тэнсэн хянан харгалзсан хоногоос 1 сарыг нэмж нэгтгэн, Г.Угтахбаярын биечлэн эдлэх ялыг 5 жил 1 сар 10 хоногоор тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсгийг журамлан, 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Угтахбаярт оногдуулсан 5 жил 1 сар 10 хоногийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1 дэх хэсэгт заасны дагуу энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эрэгтэй хүний хар өнгийн хавар намрын богино куртик, шар өнгийн эрэгтэй хүний футболк, хар өнгийн бариултай 1 ширхэг хайч зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор тухайн шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Г.Угтахбаярт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Г.СОЛОНГО

 

ШҮҮГЧИД                                      Д.БАТТУЛГА

 

                                                   Ц.УРАНГУА