Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 371

 

                                                                                                                      

 

 

 

 

 

 

  2022         03           14                                  2022/ШЦТ/371

 

 

           

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж,

      Нарийн бичгийн дарга Б.Дариймаа,

   Улсын яллагч Б.Оюунцэцэг,

Шүүгдэгч А.Ж нарыг оролцуулан тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Жөд холбогдох эрүүгийн 2206 00000 0317 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч А.Ж нь 2021 оны 12 дугаар сарын 30-ны оройн 00 цаг 50 минутын орчимд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Олд сити барилгын 12 давхарт хохирогч А.Амарсайхантай бусдыг цохилоо гэх шалтгаанаар муудалцаж, улмаар харилцан барьцалдаж байх явцдаа түүний нүүрэн тус газарт нь гараараа цохих, алгадах зэргээр зодсоны улмаас биед нь доод эрүүний баруун булан, зүүн нүдний ухархайн дотор, доод хана, хамар ясны хугарал, зүүн завжны салстын өнгөц шарх, зүүн нүдний алимны салстын цус харвалт, баруун чих, зуун нүдний зовхи, чамархай, доод эрүү, цээж, хэвлий, мөр бугалга, шуунд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                               

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүгдэгч А.Ж нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахин ийм гэмт хэрэг үйлдэхгүй.” гэв.

           

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.Амарсайханы “.2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр би өөрийн ажлын газар болох Олд сити таур гэх барилгад байх Ниүв гарден ресиденс ресторанд ажлаа хийгээд байж байгаад ажлын газрын шинэ жилийн арга хэмжээнд 18 цагийн үед ороод манай байгууллагын шинэ жилийн арга хэмжээ 23 цагийн үед дууссан. Тухайн үед шинэ жилийн арга хэмжээнд би архи согтууруулах ундаа хэрэглээд тодорхой хэмжээнд согтсон байсан. Тэгээд би ажлынхаа газрынхаа Жавхаа гэх залуутай маргалдсан байх, яагаад маргалдсан талаар би сайн санахгүй байна. Жавхаатай би Олд сити таурын 11 дүгээр давхрын хувцас солих өрөө рүү гардаг шатан дээр муудалцаж зодуулсан. Манай ажлын гарын зохион байгуулагч Ганаа гэх эрэгтэй тухайн асуудал болж байх үед миний дэргэд байсан ба Ганаа намайг Жавхаад зодуулж байхад намайг тэврээд хөдөлгөхгүй хориглоод бариад байсан тухай санаад байна. Эхлээд би Жавхаатай муудалцаж байхад Жавхаа гараараа миний зүүн нүд тус газарт 3-4 удаа цохисон бөгөөд би цохиулаад манараад өөрийгөө хамгаалахаар гараа урагш сунгаад пизда больчхооч дээ, чадахгүй бол нэгээрээ үзчихье гэж хэлсэн ба би нэг мэдэхэд газар уначихсан. Намайг газар уначихсан байхад Жавхаа миний нүүр хэсэг рүү хэдэн удаа хөлөөрөө өшиглөөд байх шиг байсан, харин Жавхаа намайг эхлээд цохиж байхад тухайн үед Жавхаа бид хоёртой хамт байсан Ганаа миний араас намайг бариад байх шиг байсан шиг санаж байгаа ба Ганаа бол шууд намайг цохиж зодоогүй. Нэг мэдэхэд би ухаангүй болчихсон юм уу яасан юм ямар ч байсан ажлын хувцас солих өрөөнд сууж байсан ба миний хажууд хэн нэгэн байгаагүй бөгөөд хувцас солих өрөөний хаалга цоожтой байсан. Хувцас солих өрөөний хаалгыг нэг мэдэхэд манай ажлын газрынхан буюу менежер Сэлэнгэ, хамгаалагч залуу болон миний хоёр найз Жанцанноров болон Урнаа хоёр онгойлгоод ороод ирсэн. Тэд нарыг ирэхэд Жавхаа болон Ганаа хоёр явчихсан байхгүй байсан ба Урнаа Жавхаа руу залгахад Жавхаа би харьж явна гээд утсаа тасалчихсан. Би согтуу байсан учраас хэдэн цагийн үед зодуулж гэмтсэн талаараа мэдэхгүй байна. Гэхдээ зодуулсан тухай зургаа би дарсан байсан бөгөөд тухайн зургийн он сар дээр 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 01 цаг 08 минут гэж зааж байсан. Тэгэхээр би тэр хугацаанаас өмнө л зодуулсан байх... Жавхаа чи өөрөө эхэлж намайг хаалга түгжээд намайг цохисон, чи манай хоёр зөөгчийг цохисон гэж надад хэлсэн. Хамар өвдөж байна, хамрын зүүн талын хэсэг амьсгалахад хэцүү байна, зүүн нүд харахад хүндрэлтэй байгаа ба маш том хавдсан байгаа, зүүн нүүрний яс хугарчихсан юм шиг байна." /хавтаст хэргийн 12 дахь тал/ гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Хантүшигийн: “Би классик сита харуул хамгаалалтын газар хамгаалагч хийгээд 3 жил болж байна. 2021.12.29-ний өдөр уг байгууллагын шинэ жил Олд сити тауэрын 10 давхарт болсон. 2021.12.30-ны 01:00 цагийн үед шинэ жилийн арга хэмжээг дуусаж рестораны зөөгчид үлдэж цэвэрлэгээ үйлчилгээ хийсэн. Хүмүүс гарсан байна уу гээд хяналтын камераа харж байтал 12 давхарт тогооч дээгүүрээ цээж нүцгэн шалан дээр хэвтэж байсан. Тэгэхээр нь би дээшээ гартал уг байгууллагад ажилладаг Ганаа, Жавхаа, Мөнхөө нар хажууд нь байсан. Тэгсэн хувцас солих өрөөнөөс Өнөболд, Дөлгөөнтамир нь тогооч намайг 2 удаа цохисон, тэгсэн Жавхаа нь зөөгч залуугаа өмөөрч тогоочтой маргалдсан. Тэгээд хувцас солих өрөө рүү Жавхаа болон тогооч хоёр ороод хаалгаа дотор талаас нь түгжсэн. Тэгэхээр нь би цагдаа дуудна гэж хэлтэл Мөнхөө нь цагдаагаар яах юм бэ бид хэд өөрсдөө учраа олно гээд намайг буулгасан." /хавтаст хэргийн 16 дахь тал/ гэх мэдүүлэг,

 Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Ган-Эрдэнийн 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Олд сити тауэрын барилгын 1 давхарт манай байгууллага болох Нью гарден рестораны шинэ жилийн арга хэмжээ болсон. Арга хэмжээг дуусаад 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр болсон буюу 00 цаг дуусаж байгууллагын ажилчид хувцсаа солих өрөөнд буюу Олд сити тауэрын 12 дугаар давхрын өрөөнд А.Ж, Тамир, шинэ 2 зөөгч залуу нарын хамт хувцсаа сольж байхад гаднаас Амарсайхан нэлээн согтчихсон байдалтай орж ирээд шууд хувцсаа сольж байсан зөөгч залууг алгадаад авсан. би Амарсайханд юу болоод байна гэж хэлэхэд Амарсайхан миний зүүн бөгс хэсэгт хөлөөрөө өшиглөсөн. А.Ж Амарсайханыг агсам тавиад бусдын биед халдаад байхаар нь чи одоо ууж идсэнээ шингээ гээд түүнтэй маргалдахад Амарсайхан А.Жийг цохиод авсан. А.Ж цохиулсныхаа дараа Амарсайханыг зөрүүлээд гараараа нүүрэн тус газар нь нэг удаа цохиход Амарсайхан доош нүүрээ бариад суучихсан ба Амарсайхан босож ирээд цамцаа тайлж газар шидээд новшнуудаа нэг нэгээрээ үзчихье гээд А.Жийг дагуулаад гарсан. Бид нар араас нь гарахад А.Ж Амарсайхан нар маргалдаж байгаад коридорт зодолдсон ба би 2 зөөгч залуугийн хамт тэр хоёрыг салгахад Амарсайхан газар уначихсан. Тэгээд Амарсайханыг газар уначихсан байхад А.Ж түүн дээр очиж дээр нь гараад ууснаа шингээ гэх утгатай зүйл яриад цааш салж явахад Амарсайхан босоод уурандаа А.Жийг цааш өөр хувцас солих өрөө рүү дагуулж орж хаалгыг дотроос нь түгжсэн. Би араас нь очиж тэр хоёрын орсон хувцас солих өрөөний хаалгыг онгойлгох гэсэн боловч амжаагүй, удалгүй 30 секунд орчмын дараа А.Ж рестораны хувцас солих өрөөний хаалгыг тайлаад гараад ирсэн. Цаана нь Амарсайхан газар хажуулдаж харчихсан хэвтэж байсан. А.Ж хаалга онгойлгож гарч ирээд Амарсайханд үг хэлээд цааш явсан. Бид нар Амарсайханаас холдож үүдэнд зогсож байхад Амарсайхан босоод хэвтэж байсан хувцас солих өрөөний хаалгыг хааж дотроос нь цоожилсон. Амарсайхан тэр өрөөн дотор утсаар яриад байх шиг байсан.” /хавтаст хэргийн 22 дахь тал/ гэх мэдүүлэг,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 1186 дугаартай "1. А.Амарсайханы биед доод эрүүний баруун булан, зүүн нүдний ухархайн дотор, доод хана, хамар ясны хугарал, зүүн завжны салстын өнгөц шарх, зүүн нүдний алимны салстын цус харвалт, баруун чих, зүүн нүдний зовхи, чамархай, доод эрүү, цээж, хэвлий, мөр бугалга, шуунд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.3. Дээрх гэмтлүүд нь бүгд тухайн хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой шинэ гэмтлүүд болно. 4.5. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна." /хавтаст хэргийн 29, 30 дахь тал/ гэх дүгнэлт,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

 

 Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 37 дугаар хуудас),

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 35 дугаар хуудас),

Байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 36 дугаар хуудас),

            Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 34 дүгээр хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

           

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч “Шүүгдэгч А.Ж нь 2021 оны 12 дугаар сарын 30-ны оройн 00 цаг 50 минутын орчимд Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Олд сити барилгын 12 давхарт хохирогч А.Амарсайхантай бусдыг цохилоо гэх шалтгаанаар муудалцаж, улмаар харилцан барьцалдаж байх явцдаа түүний нүүрэн тус газарт нь гараараа цохих, алгадах зэргээр зодсоны улмаас биед нь доод эрүүний баруун булан, зүүн нүдний ухархайн дотор, доод хана, хамар ясны хугарал, зүүн завжны салстын өнгөц шарх, зүүн нүдний алимны салстын цус харвалт, баруун чих, зуун нүдний зовхи, чамархай, доод эрүү, цээж, хэвлий, мөр бугалга, шуунд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Улсын яллагч шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцуулах саналтай.” гэх дүгнэлт гаргасан. Шүүгдэгч нь гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

            Үйл баримтын талаарх дүгнэлт

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч А.Ж нь хохирогч А.Амарсайханы биед доод эрүүний баруун булан, зүүн нүдний ухархайн дотор, доод хана, хамар ясны хугарал, зүүн завжны салстын өнгөц шарх, зүүн нүдний алимны салстын цус харвалт, баруун чих, зүүн нүдний зовхи, чамархай, доод эрүү, цээж, хэвлий, мөр бугалга, шуунд зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.3. Дээрх гэмтлүүд нь бүгд тухайн хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой шинэ гэмтлүүд болно. 4.5. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь үйл баримт тогтоогдож байна.

 

Эрх зүйн дүгнэлт

                     

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан

 

Шүүгдэгч А.Ж нь хохирогч А.Амарсайханы эрүүл мэндэд халдаж зодсон байдал нь хохирогч нарын Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Шүүгдэгч А.Жийн үйлдэл нь дээрх гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлийн хувьд “бусдыг цохилоо” гэх үл ялих зүйлээр шалтаглан маргалдсан гэж үзэв.

 

Хохирол, хор уршгийн талаар

 

            Хохирогч А.Амарсайхан нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой 2.400.000 төгрөгийг нэхэмжилж, шүүгдэгч А.Ж нь өөрийн санаачилгаар шүүхийн шатанд төлж барагдуулсан тул шүүгдэгч А.Ж нь бусдад төлөх төлбөргүй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч А.Ж нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Мөн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн байдал урьд гэмт хэрэг үйлдэж байгаагүй хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

Улсын яллагч: “Шүүгдэгч А.Жөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” саналыг гаргасан.

 

Бусад асуудлаар

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Си-Ди, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.Жийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч А.Жийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Жөд 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар А.Ж нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч А.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гэм хорын хохиролтой нэхэмжлэл байвал баримтаа бүрдүүлэн иргэний журмаар хангуулах эрхтэйг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Жөд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.МӨНХТУЛГА