| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Равдандоржийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 102/2018/00377/И |
| Дугаар | 825 |
| Огноо | 2018-03-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 825
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, Өнөр хороолол, 9 дүгээр байрны 324 тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, регистр ХЖ64081104, Дэчинням овогтой Журын Жаргалсайханы нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 39 дүгээр байрны 21 тоотод оршин суух, регистр ЧЙ73081071, Боржигон овогтой Дугарын Ганзоригт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 45 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ж.Жаргалсайхан, хариуцагч Д.Ганзориг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Жаргалсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Д.Ганзоригтой ажил хэргийн холбоотой, бие биедээ мөнгө зээлүүлдэг, чихэр авч зардаг байсан. 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Д.Ганзоригт 40 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэйгээр зээлүүлсэн. Д.Ганзориг нь гэрээнийхээ дагуу зээлийн хүүнд 30 сая гаруй төгрөг төлсөн, үлдэх мөнгөө өгөөгүй. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар үндсэн төлбөр 30 000 000 төгрөг, 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүртэл 905 хоногийн алданги 135 750 000 төгрөг болох боловч 50 хувиас хэтрэхгүй хэмжээний алданги 15 000 000 төгрөг нийт 45 000 000 төгрөгийг Д.Ганзоригоос гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Д.Ганзориг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Ж.Жаргалсайханаас 40 000 000 төгрөгийг зээлсэн нь үнэн. Нотариат дээр гэрээ хийхдээ 50 000 000 төгрөг гэж хийсэн. Надад 30 000 000 төгрөгийг дансаар шилжүүлж 2015 оны 4-р сарын 7-нд 4 000 000 төгрөг, 3 000 000 төгрөгийг сүүлд авсан. Өмнө нь 2 500 000 төгрөгийг үлдэгдэл байсан, үүнийг тооцоод 40 000 000 төгрөг болсон. Би 40 000 000 төгрөгөө найз Д.Батхуягт хөрөнгө оруулалт хийж хамтарч ажиллахаар өгсөн. Ж.Жаргалсайханд мөнгийг эхнэрийнхээ борлуулж байсан чихэр зэрэг бараагаар төлж байсан. 2016 оны 10 дугаар сарын 07-ныг хүртэл 40 857 762 төгрөгийн бараа өгсөн. Одоо би Д.Батхуягаас мөнгөө авч Ж.Жаргалсайханд төлөх бөгөөд мөнгөө нэхэхээр лицензийн хугацаа дууссан, Ж.Жаргалсайхан та хоёроос хохирлоо авна гэдэг гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Жаргалсайхан нь Д.Ганзоригт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 45 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 22 161 765 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Ж.Жаргалсайхан нь 2015 оны 4-р сарын 02-ны өдөр Д.Ганзоригтой “Зээлийн гэрээ” байгуулж, 50 000 000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэйгээр зээлүүлэхээр /хх 3/ тохирчээ.
Иргэний хуулийн 281-р зүйлд заасан “Зээлийн гэрээ”-гээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд гэрээгээр тохирсон мөнгө буюу эд зүйлийг шилжүүлэх, зээлдэгч нь мөнгийг тохирсон хугацаанд төлөх үүргийг хүлээдэг, 282-р зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар мөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцдог байна.
Харин зээлдүүлэгч нь Д.Ганзоригт 40 000 000 төгрөгийг шилжүүлсэн, энэ талаар талууд маргаагүй байна.
Зээлийн гэрээний хугацаа дуусахад зээлдэгч нь 48 000 000 төгрөгийг төлөх үүрэгтэй байсан, үүнээс зээлдэгч нь зээлийн төлбөрт тооцож бараа өгч байсан гэх ба хариуцагчийн 40 857 762 төгрөгийн бараа, мөнгө төлсөн гэх тооцооноос “Батхуягийн гэрт 2 сая, Туяа эгчээс 2 сая” гэснийг Д.Ганзоригийн төлбөрт тооцох боломжгүй, мөн 2016 оны 10-р сарын 7-нд 3 632 272 төгрөгийг өгөөгүй, бусад тооцоог зөвшөөрнө, хариуцагч нийт 30 гаруй сая төгрөг төлсөн гэсэн нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэн тооцвол Д.Ганзориг нь нийт 33 225 490 төгрөгийг үүргийг гүйцэтгэсэн гэж дүгнэлээ.
Талууд гэрээний 7 дахь хэсэгт зээлдэгч нь зээлийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлөхөөр тохирсон байх ба зээлдэгч 48 000 000 төгрөгийн үүргийг гүйцэтгэхээс 33 225 490 төгрөгийг төлж, бусад 14 774 510 төгрөгийг төлөөгүй байна. Иймд 50 хувиас хэтрээгүй хэмжээний алданги 7 387 255 төгрөг тооцож нийт 22 161 765 төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 232-р зүйлийн 232.6 дахь хэсэг, 281-р зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан Дугарын Ганзоригоос 22 161 765 /хорин хоёр сая нэг зуун жаран нэгэн мянга долоон зуун жаран тав/ төгрөг гаргуулж Журын Жаргалсайханд олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 22 838 235 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.2, 60-р зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 381 950 төгрөгийг улсын төсвийн орлогот хэвээр үлдээж, хариуцагч Д.Ганзоригоос 268 758 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Зохигч, тэдгээрийн төлөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА