Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гочоогийн Нямсүрэн |
Хэргийн индекс | 184/2018/00408/И |
Дугаар | 184/ШШ2018/0679 |
Огноо | 2018-03-22 |
Маргааны төрөл | Гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 184/ШШ2018/0679
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.Б
Нэхэмжлэгч: Б.Б нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: НШШГГ-т холбогдох
Үнэлгээг хүчингүй болгох тухай иргэний хэрэг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Бнь А Б-тай зээлийн гэрээ байгуулж Б.Б-гийн өмчлөлийн эд хөрөнгийг барьцаалсан байдгаас А Б- болон Б.Бнарын хооронд 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Эвлэрлийн гэрээ байгуулагдаж шүүхээс түүнийг баталгаажуулж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Тухайн зээлийн гэрээний үүргийг иргэн Б.Бнь дангаараа хариуцахаар тохиролцсон. Барьцааны гэрээнд Б.Бнь гарын үсэг зурсан. Гэвч Б.Б-гийн эд хөрөнгийн үнэлгээний талаар саналыг эзэмшигчээс аваагүй нь хуульд заасан журмыг зөрчсөн мөн тухайн эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэж үзэж байгаа тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Н шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 1717 дугаар шийдвэрээр Б.Б, Б.Б-, Б.Бнараас 58,361,215 төгрөгийг гаргуулж, А Б-инд олгохоор шийдвэрлэсэн. Тус газар гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр үүсгэсэн. Төлбөр төлөгч Б.Б, Б.Б-, Б.Бнарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Сонгинохайрхан дүүрэг, 12 дугаар хороо, 1-р хороолол, 146 тоотод байрлах 30 м.кв орон сууцыг 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 17271543/06 тоот тогтоолоор битүүмжлэн, 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 17271543/08 тоот тогтоолоор хураасан. Талууд хөрөнгийн үнэлгээг харилцан тохиролцож тогтоогоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д зааснаар хөндлөнгийн шинжээч томилж “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-иар үнэлүүлэхэд 72,833,000 төгрөгөөр үнэлсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Б-, Б.Бнь хариуцагч НШШГГ-т холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 184/ШШ2018/01717 дугаар захирамжийн дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад барьцаа хөрөнгө үнэлсэн “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн “Зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 184/ШШ2018/01717 дугаар захирамжаар А Б- ХХК-ийн зээлийн гэрээний үүрэгт 58,135,990.18 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч Б.Б-, Б.Б, Б.Б нар бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. /хх-14/
Хариуцагч НШШГГ- нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн “Зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 184/ШШ2018/01717 дугаар захирамжийг албадан биелүүлэхээр олгосон 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 1320 дугаар гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол гаргасан бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу төлбөр төлөгч Б.Б өмчлөлийн барьцааны зүйл болох Сонгинохайрхан дүүрэг, 12 дугаар хороо, 1-р хороолол, 146 тоотод байрлах 30 м.кв орон сууцыг битүүмжилж, хураан авсан болох нь хэрэгт авагдсан 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай 17271543 дугаар тогтоол, 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Эд хөрөнгийг битүүмжлэх тухай 17271543/06 дугаар тогтоол, 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Эд хөрөнгийг хураасан тухай 177271543/08 дугаар тогтоолоор тус тус нотлогдож байна. /хх-12-13, 15, 24-25, 30-31/
НШШГГ- нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар Б.Б-гийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүрэг, 12 дугаар хороо, 1-р хороолол, 146 тоотод байрлах 30 м.кв орон сууц, улсын бүртгэлийн Ү-2201013179 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийн үнийн саналыг төлбөр авагч А Б- ХХК-иас авахад 60,000,000 төгрөгийн үнийн санал ирүүлсэн ба төлбөр төлөгч Б.Б-, Б.Б, Б.Б нар нь 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр үнийн санал өгөхөөс татгалзсан байх тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоолгохоор шинжээчээр “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг шинжээчээр томилсон болох нь зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. /хх-40, 44-47/
Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд хөрөнгийн үнэлгээний талаар тохиролцоогүй тул хариуцагч НШШГГ- нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар төлбөр төлөгч болох Б.Б-гийн өмчлөлийн битүүмжлэгдэж, хураагдсан хөрөнгө болох Сонгинохайрхан дүүрэг, 12 дугаар хороо, 1-р хороолол, 146 тоотод байрлах, 30 м.кв орон сууц, улсын бүртгэлийн Ү-2201013179 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг тогтоолгохоор хөндлөнгийн шинжээчээр “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг томилсон ба шинжээч нь тухайн хөрөнгийн үнэлгээг 72,833,000 төгрөгөөр тогтоосон болох нь хэрэгт авагдсан Шинжээч томилох тухай 2 дугаар тогтоол, “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 20 дугаартай дүгнэлт болон зохигчдын тайлбараар тогтоогдож байна. /хх-41, 47-64/
Хариуцагч НШШГГ- нь “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 20 дугаар үнэлгээний тайланг төлбөр төлөгч буюу эл хэргийн нэхэмжлэгч Б.Б-, Б.Б нарт Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 4/1087, 4/1086 тоот мэдэгдлээр 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр танилцуулсан болох нь дээр дурдсан мэдэгдэл болон шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдлээр тогтоогдож байна. /хх-66-68/
Нэхэмжлэгч Б.Б-, Б.Бнар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “. . . Б.Б-гийн эд хөрөнгөнд үнэлгээ хийхдээ эзэмшигчээс нь санал асуугаагүй нь хуульд заасан журмыг зөрчсөн мөн тухайн эд хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн. . .” гэж тайлбарлажээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн битүүмжлэгдсэн, барьцаалагдсан, хураагдсан хөрөнгийг гүйцэтгэх баримт бичгийн шаардлагын гүйцэтгэлд суутгах бол тухайн хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан, хурааснаас хойш 1 сарын дотор түүний чанар, эрэлт, элэгдлийн байдал болон хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө гэж заасан бөгөөд мөн зүйлийн 55.2.2-т зааснаар шийдвэр гүйцэтгэгч нь төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй бол үл хөдлөх эд хөрөнгийг шинжээчээр үнэлүүлэхээр заасан.
Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно гэж заажээ.
Хариуцагч НШШГГ- нь дээр дурдсан хөрөнгийн үнийн санал авах, шинжээч томилох, шинжээчийн дүгнэлтийг танилцуулах зэрэг шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйл, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасан журмын дагуу явуулсан байна.
“Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК нь үнэлгээг тогтоохдоо өнөөгийн зах зээлийн үнэ цэнийг тодорхойлж, стандартын дагуу зах зээлийн харьцуулан жиших хандлага, орлогын хандлага, зардлын хандлагууд болон тэдгээрт тохирох аргуудыг ашиглан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т зааснаар Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримтлан үнэлгээг тогтоосон байна.
Иймд хариуцагч НШШГГ-т холбогдуулан гаргасан Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Б.Б-, Б.Бнарын нэхэмжлэл нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйл, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасныг баримтлан НШШГГ-т холбогдуулан гаргасан үнэлгээг хүчингүй болгуулах тухай Б.Б-, Б.Бнарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН