| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гочоогийн Нямсүрэн |
| Хэргийн индекс | 184/2016/01104/И |
| Дугаар | 184/ШШ2018/00652 |
| Огноо | 2018-03-19 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 184/ШШ2018/00652
| 2018 оны 03 сарын 19 өдөр | Дугаар 184/ШШ2018/00652 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б-И ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Э ХХК
Хариуцагч: БНХАУ-ын иргэн Ү нарт холбогдох
Гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, үр дагаврыг арилгуулах тухай иргэний хэрэг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, итгэмжлэгдсэн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Н /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0637/, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э, хариуцагч нарын өмгөөлөгч Ц.Б /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 2220/, П.Ц /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 3423/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б-И ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг дэмжин итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдөр тус шүүхэд Э ХХК болон Ү нарт холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа 2012 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б-И ХХК-ийн мэдэлд байсан МҮ016818 дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эрхийг Э ХХК-ийн мэдэлд шилжүүлэхээр харилцан тохиролцсон гэрээ, 2012 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Техникийн мэдээлэл худалдах, худалдан авах болон тусгай зөвшөөрөл шилжүүлэх гэрээг тус тус хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн. Нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар өөрчилж байна. Б-И ХХК нь Хэнтий аймгийн Дархан сумын Хажуу улаан гэх газарт 15474 тоот хайгуулын тусгай зөвшөөрлөөр хайгуулын ажлыг эхлүүлж жоншны ордны нөөцийг тогтооход 2010 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн хүний эмч Ү уг ажлыг сонирхож эхлэн хамтран ажиллах гэрээг байгуулсан. Манай талаас хийсэн хайгуулын ажил, жоншны нөөц тогтоох зэргээр хөрөнгө оруулсан, харин Ү нь шаардлагатай тоног төхөөрөмж зэргийг гарган манай компани 30, Ү 70 хувиар ашгийг тус тус хуваан авахаар тохиролцсон. Ийнхүү тохиролцохдоо гэрээний хавсралтаар 91,000,000 төгрөгийг хамтран ажиллахад шаардлагатай бүхий л зөвшөөрөл, зардалд гаргасан. Гэвч уг мөнгийг манай компанид зээл байдлаар олгуулсан. Дараагаар нь энэ 91,000,000 төгрөгийн зээлийг төлж чадахгүй байгаа гэх үндэслэлээр манай ашгийг 20 хувь болгон багасгаж, 2011 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Жоншны уурхайд хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээг байгуулсан. Энэ гэрээгээр Ү нь 500,000,000 төгрөгийн хөрөнгө гаргаж, олборлолт явуулахаар тохиролцсон. Ү гэрээний дагуу хөрөнгө гарган, манай компани тусгай зөвшөөрөл бүхий орд газар дээр үйлдвэр барьсан боловч үйлдвэрээ ажиллуулахгүй байсан. Ингээд үйлдвэрээ ажиллуулахыг шаардаж ашиг орлогоо авъя гэхэд Ү Хятад улсаас хөрөнгө оруулалт оруулсны дараа ажиллуулъя, Монголчуудтай хамтарч байгаа болохоор Хятадууд хөрөнгө оруулахгүй гээд байна. Хурдан хөрөнгө оруулж, ашиг хүртэхийн тулд манай эхнэрийн Э ХХК руу тусгай зөвшөөрлөө шилжүүлчих. Би энэ ордыг 100 хувь эзэмшдэг гэсэн баримтыг үндэслэж Хятадуудаас хөрөнгө оруулъя гээд байсан. Ингээд Б-И ХХК-ийн тусгай зөвшөөрлийг шилжүүлээд, ашгаас өдөрт 1 сая төгрөг өгнө гэж хэлээд 2012 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эрх болон баяжуулах үйлдвэрийг Э ХХК-д шилжүүлэхээр гэрээг Ү болон Э ХХК-ийн захирал С.Стэй байгуулсан. Гэтэл үүний дараа 2012 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Техникийн мэдээлэл худалдах, худалдан авах болон тусгай зөвшөөрөл шилжүүлэх гэрээ хийе гэсэн. Энэ бол дүр үзүүлээд Ашигт малтмалын газарт өгөөд тусгай зөвшөөрлөө шилжүүлэх зорилгоор хийгдэж байгаа гэрээ гэж итгүүлж манай компаниар гарын үсэг зуруулж, тамга даруулж авсан. Гэтэл хариуцагч тал тайлбартаа олборлолт олохгүй болохоор 130,000,000 төгрөгөөр тооцон тусгай зөвшөөрлөө худалдсан гэсэн байсан. Тийм тохиролцоо хийгээгүй, харин 130,000,000 төгрөгийг үйлдвэр удахгүй ашигтай ажиллана гээд хамтран ажиллах гэрээний урьдчилгаа болгон өгсөн. Э ХХК-д шилжүүлсний дараагаар баяжуулах үйлдвэр ажиллаж, үйлдвэрээс гарсан баяжмалыг гадагшаа гаргаж ашиг олж байсан хирнээ ашгаас огт өгөөгүй. Ингээд ашгаа өгөхийг шаардахад эхлээд өгнө гэж хэлж байснаа сүүлдээ утсаа авахгүй таг алга болсон. Ингэхээр нь 2012 оны 12 дугаар сард Сонгинохайрхан дүүргийн шүүхэд МҮ-016818 дугаартай лицензийг буцаан гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Шүүхийн шатанд 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдөр эвлэрлийн гэрээ байгуулж, гэрээгээр манай компани 400,000,000 төгрөг авч Э ХХК-ийн өмчлөлд баяжуулах үйлдвэр, үйлдвэрийн тоног төхөөрөмж, түүхий эд зэрэг үйлдвэр болон тусгай зөвшөөрөлтэй холбоотой бүхий л зүйлийг шилжүүлэхээр тохирсон. Энэ манай талд ямар ч ашиггүй байсан ч зөвшөөрсөн. Эвлэрлийн гэрээний дагуу Э ХХК 40,000,000 төгрөг л өгсөн. Үлдэх төлбөрийг төлөөгүй явсаар Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 144 дүгээр тогтоолоор Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 70 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 285 дугаартай магадлал, УДШ-ийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2013 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 312 дугаар тогтоолоор ашигт малтмалын хайгуулын 15474Х тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон гэх үндэслэлээр талуудын эвлэрлийг баталсан шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон. Тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан аж ахуйн нэгжүүдэд шинээр тусгай зөвшөөрөл олгохоор Засгийн газрын 2014 оны 216 дугаар тогтоол гарч, хүчингүй болсон 106 лицензийг Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу сонгон шалгаруулалт явуулж тусгай зөвшөөрлийг шинээр олгохоор болсон. Ашигт малтмалын газрын 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 1/229 тоот шийдвэрээр уг сонгон шалгаруулалтад Э ХХК оролцоно гэх агуулгатай хариу өгсөн нь манай компанийн эрх ашиг хөндөгдөж байгаа юм. 2012 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Техникийн мэдээлэл худалдах, худалдан авах болон тусгай зөвшөөрөл шилжүүлэх гэрээ нь зөвхөн хөрөнгө оруулагч нарт үзүүлж хөрөнгө оруулалт авч үйлдвэрээ явуулах зорилготой гэж итгүүлж зөвхөн хөрөнгө оруулалт татаж үйлдвэрээ ашигтай ажиллуулахын тулд өмнө байгуулсан хамтран ажиллах гэрээгээр тохиролцсон гэрээ хэлцлээ халхавчилж хийсэн. Тусгай зөвшөөрлийг Э ХХК-д шилжүүлэх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Иймд уг гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, үр дагавар болох Засгийн газрын 2014 оны 216 дугаар тогтоолын дагуу сонгон шалгаруулалтад орох эрхтэй болохыг тогтоож өгнө үү гэв.
Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б-И ХХК нь 2009 онд ашигт малтмалын үйл ажиллагаа эрхлэхээр байгуулагдсан байдаг. Тус компанийн хувьцаа эзэмшигч Б.Г, Г.А нартай Ү нь 2009 оны 5 дугаар сард Ө.Бгээр дамжуулан танилцаж, жоншны уурхайд хөрөнгө оруулж, хамтран ажиллахаар ярилцсан. Талууд Хэнтий, Дорноговь аймгийн нутгуудаар хамт явж ашиг малтмалын хайгуулын үйл ажиллагаа явуулах боломжтой газруудтай танилцсан. Үзүүлсэн газрын нэг болох Хэнтий аймгийн Дархан сумын нутагт байрлах хажуу улаан жоншны уурхай байсан. Б.Г, Г.А нар уурхайн амыг бид өөрсдөө гаргасан жонштой, хайгуулаар нөөц батлагдсан гэсэн тул тэдгээрийн үгэнд итгэж уурхайд хөрөнгө оруулахаар хамтран ажиллахаар тохиролцсон. Ингээд тэдний хэлсний дагуу уурхайн аманд 6 сарын турш усыг соруулахад жонш байгаагүй. Уурхайгаас соруулсан усны улмаас тогтоол ус үүсэж, хажуугийн уурхайн цооногийг усанд автуулж болзошгүй гээд Хэнтий аймгийн Онцгой байдлын газраас уурхайн үйл ажиллагааг зогсоох мэдэгдлийг 2010 оны 6 дугаар сарын 21-ний өдөр өгсөн тул ус соруулах, уурхайг ажиллуулах ажлыг зогсоосон. Хариуцагч алдагдлаа нөхөх талаар эрэлхийлэл хийж байсан ба Хятадын мэргэжилтэн ус ихээр гардаг, жонш олборлох боломжгүй тул ойр хавийн уурхайгаас жонш аваад олборлолт хийж зардлаа нөхөх боломжтой гэж зөвлөсний дагуу Э ХХК болон Ү нар их хэмжээний хөрөнгө гаргаж 2011 оны 5 дугаар сараас эхлэн жонш баяжуулах үйлдвэрийг барин 2012 оны 11 дүгээр сард ашиглалтад оруулсан. Б.Г, Г.А нар уурхайгаас жонш олборлохгүй болохыг тооцоолоод МҮ016818 дугаартай лицензийг 130,000,000 төгрөгөөр Э ХХК болон Ү нарт 2012 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Техникийн мэдээлэл худалдах, худалдан авах болон тусгай зөвшөөрөл шилжүүлэх гэрээгээр худалдаж, 2012 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 110,000,000 төгрөг, 2012 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 10,000,000 төгрөг, 2012 оны 6 дугаар сарын 18-ны өдөр 10,000,000 төгрөгийг тус тус лицензийн үнэд шилжүүлсэн. 2010 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн болон 2011 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн Хамтран ажиллах болон Жоншны уурхайд хөрөнгө оруулж, хамтран ажиллах гэрээнүүдэд урьдчилгаа төлбөр төлөхөөр тохироогүй тул 130,000,000 төгрөгийг МҮ016818 дугаартай лицензийг худалдан авсан үнэ юм. Техникийн мэдээлэл худалдах, худалдан авах болон тусгай зөвшөөрөл шилжүүлэх гэрээ нь нотариатаар батлагдсан, Ашигт малтмалын тухай хуулийн 49.3-т нийцсэн, мөн нэхэмжлэлд дурдсан шиг Хятадуудад үзүүлэхийн тулд дүр үзүүлэн, хууран мэхлэн хийгээгүй. Тусгай зөвшөөрлийг нэгээс нөгөөд шилжүүлэхэд заавал худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан байх ёстой гээд дээрх худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Гэрээг талууд өөрсдөө сайн дураараа харилцан тохиролцож байгуулсан. Нэг нь шилжүүлэн өгөх нөгөө тал нь хүлээж авах гэж Ашигт малтмалын кадастрын албанд хүсэлтээ гаргаад гэрээ байгуулсан. Б-И ХХК-ийн хувьцаа эзэмшигчид хуралдаад хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол хүртэл гарсан. Энэ гэрээг байгуулсны дараа 2012 оны 04 дүгээр сард Ашигт малтмалын газар лицензийг шилжүүлсэн тухай мэдэгдсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б-И ХХК нь 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хариуцагч Э ХХК, БНХАУ-ын иргэн Ү /W / нарт холбогдуулан 2012 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эрх болон баяжуулах үйлдвэрийг Э ХХК-д шилжүүлэхээр харилцан тохиролцсон гэрээ, 2012 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Техникийн мэдээлэл худалдах, худалдан авах болон тусгай зөвшөөрөл шилжүүлэх гэрээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан байна.
Тус шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 329 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 893 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 001/ХТ2017/01003 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан байна.
Нэхэмжлэгч Б-И ХХК нь 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг 2012 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Техникийн мэдээлэл худалдах, худалдан авах болон тусгай зөвшөөрөл шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, уг хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгаж, Засгийн газрын 216 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын 106 талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын 2.4 дүгээр заалтаар сонгон шалгаруулалт явуулах талбайд сонгон шалгаруулалтад оролцох эрхтэй болохыг тогтоолгох хэмээн өөрчилжээ.
Нэхэмжлэгч 2012 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах үндэслэлийг талуудын хооронд байгуулсан 2012 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн гэрээг халхавчлах зорилгоор хийсэн буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан хэлцэл хэмээн, хуулийн 56.4-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагавар арилгуулах буюу Засгийн газрын 2014 оны 216 дугаар тогтоолоор батлагдсан журмын дагуу хөнгөлөлттэй нөхцөлөөр сонгон шалгаруулалтад оролцох эрхтэй болохыг тогтоолгох хэмээжээ.
Хариуцагч нар ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шилжүүлэх нөхцөлийг 2012 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн гэрээгээр урьдчилан тохироод 2012 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн гэрээг шилжүүлсэн, талуудын хүсэл зоригийн дагуу байгуулсан хүчин төгөлдөр хэлцэл хэмээн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
Нэхэмжлэгч өмнө хариуцагч Э ХХК-д холбогдуулан хэд хэдэн нэхэмжлэл гаргаж байсан байх ба шүүх түүнийг хэрхэн шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах эрхтэй эсэхийг тогтооход ач холбогдолтой.
Б-И ХХК нь Э ХХК-д холбогдуулан ашигт малтмалын ашиглалтын МҮ-016818 дугаар тусгай зөвшөөрлийг буцаан авах тухай нэхэмжлэлийн шаардлага гарган ба талууд эвлэрсэн /хх-2-ын 85-86/ тул Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 264 дүгээр захирамж гарсан байна. /хх-2-ын 98/
Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг дахин хянах тухай” 144 дүгээр тогтоолоор холбогдуулан ашигт малтмалын ашиглалтын МҮ-016818 дугаар тусгай зөвшөөрлийг буцаан авах тухай нэхэмжлэлийн шаардлагатай хэргийг шийдвэрлэж байх үед Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 70 дугаар шийтгэх тогтоолоор “Босстон-Интернэшл” ХХК-д олгосон 15474Х дугаартай тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосныг хэргийн зохигчид мэдээгүй гэх үндэслэлээр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүгчийн 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 264 дүгээр захирамжийг хүчингүй болгосон байна. /хх-2-ын 95-97/
Б-И ХХК нь Э ХХК-д холбогдуулан талуудын хооронд байгуулсан 2012 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн гэрээ, 2012 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн гэрээнүүдийг цуцалж, хүчингүй болгуулах, жоншны баяжуулах үйлдвэрийн нийт хөрөнгийн 20 хувийг өмчлөх эрхтэй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 11897 дугаар захирамжаар Б-И ХХК-ийн захирал Г.А, Б.Г нар нь Э ХХК-ийн захирал С.С залилсан гэж үзэн Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.3-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байгаа гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. /хх-1-ийн 40-41/
Мөн Б-И ХХК нь Э ХХК-д холбогдуулан талуудын хооронд байгуулсан 2011 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 1/7 тоот гэрээ, 2012 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн гэрээ, 2012 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн гэрээнүүдийг цуцалж, хүчингүй болгох нэхэмжлэл гаргасныг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 15896 дугаар захирамжаар Г.А, Б.Г, Ө.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг сэргээж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах хугацааг сунгасан гэх үндэслэлээр мөн хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. /хх-1-ийн 43-44/
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 323 дугаар тогтоолоор Г.А, Б.Г, Ө.Б нарт холбогдох эрүүгийн 201408000115 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. /хх-1-ийн 45-46/
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа нь хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар нэхэмжлэл гаргаснаар тасалдаж, тухайн иргэний хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болох хүртэл хугацаагаар тасалдал үргэлжилнэ. Мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг шинээр эхлэн тоолно. Эндээс дүгнэвэл, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 15896 дугаар захирамж гарсан өдрөөс шинэ хугацаа тоолж эхлэх ба нэхэмжлэлийг 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд гаргасан нь хөөн хэлэлцэх хугацааг алдаагүй гэж үзнэ.
Зохигчид Хэнтий аймгийн Дархан сумын нутагт орших Хажуу улаан нэртэй жоншны уурхайтай холбоотой дараах гэрээнүүдийг байгуулсан байх ба талууд эдгээр гэрээг байгуулсан үйл баримтын талаар маргаагүй.
Б-И ХХК болон БНХАУ-ын иргэн Ү нар 2010 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Хамтран ажиллах гэрээ байгуулж, гэрээгээр Ү жоншны уурхайн олборлолт хийхэд шаардлагатай техник тоног төхөөрөмж, хөрөнгө мөнгийг гарган, орлогоос 70 хувийг ашиг хүртэх, Б-И ХХК нь уурхайн үйл ажиллагаа явуулахад шаардлагатай төлөвлөгөө, материалаар ханган, орлогоос 20 хувийн ашиг хүртэхээр тохирсон байна. /хх-1-ийн 14-21/
Б-И ХХК болон БНХАУ-ын иргэн Ү нар 2011 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 31/7 тоот Жоншны уурхайд хөрөнгө оруулж хамтран ажиллах гэрээ байгуулж, гэрээгээр дээр дурдсан жоншны уурхайд Ү 500 сая төгрөгөөр хөрөнгө оруулж, уурхайн 20 хувийг Б-И ХХК, 80 хувийг Ү эзэмшихээр тохирсон байна. /хх-1-ийн 22-24/
Эдгээр хоёр гэрээгээр Б-И ХХК нь Үтай Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээний харилцаатай байжээ.
Халхавчлагдсан гэх Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн эрх болон баяжуулах үйлдвэрийг Э ХХК-д шилжүүлэхээр харилцан тохиролцсон гэрээг 2012 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр нэг талаас Б-И ХХК, түүнийг төлөөлж Г.А, Б.Г, нөгөө талаас Э ХХК, түүнийг төлөөлж захирал С.С, Ү, хуулийн зөвлөх Ө.Б нар байгуулж, гарын үсэг зурж, хуулийн этгээдийн тамга дарж, нотариатаар баталгаажуулсан байна. /хх-1-ийн 25-32/
Маргаан бүхий Техникийн мэдээлэл худалдах, худалдан авах болон тусгай зөвшөөрөл шилжүүлэх гэрээг 2012 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр нэг талаас Э ХХК, түүнийг төлөөлж захирал С.С, нөгөө талаас Б-И ХХК, түүнийг төлөөлж, захирал Г.А нар байгуулж, гарын үсэг зурж, хуулийн этгээдийн тамга дарж, нотариатаар баталгаажуулсан байна. /хх-1-ийн 33-36/
Хэдийгээр 2012 оны 01 дүгээр сарын 10, 12-ны өдрийн гэрээний нэг тал Э ХХК байх ч 2010 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн гэрээ, 2011 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн гэрээний тал Үы хамтын ажиллагаа дээр үндэслэсэн хэмээн талууд тайлбарлаж байна. Өөрөөр хэлбэл, ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг шилжүүлэх авахын тулд Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан тусгай зөвшөөрлийг хуулийн этгээдэд олгоно гэх шалгуурын дагуу гэрээнд Э ХХК оролцсон хэмээжээ.
Талуудын хоорондын 2012 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн гэрээний 2.1.5-д “А тал нь Б талын хариуцсан объектын үйлдвэрийг хэвийн ажиллахад гадны орон нутгийн иргэд, цагдаа нарын зүгээс үл ойлголцол гарч үйлдвэрийн хэвийн ажиллагааг алдагдуулсан тохиолдолд А тал Б талтай хамтран зохицуулна”, 2.2.1-т “Б талын баяжуулах үйлдвэр нь ашигтай хэвийн ажилласан нөхцөлд ашгаас өдрийн 1,000,000 төгрөгийн ноогдох хувийг А талд олгохыг хариуцна. Ажиллахгүй нөхцөлд олгохгүй”, 3.2-т “Үйлдвэрийн үйл ажиллагаа явж байгаа тохиолдолд бага зэргийн гэмтэл гарах засвар хийх зэргээр үйл ажиллагаа зогссон тохиолдолд А тал, Б тал ноогдох хувь олгох асуудлыг харилцан тохиролцож шийдвэрлэнэ. Үйлдвэрийн хэвийн ажиллагаа 80 хувиар ажилласан тохиолдолд ажилласан өдрөөр тооцно)” гэж тохиролцсоноос үзэхэд талууд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээ байгуулсан гэж үзнэ. Гэрээ нь талуудын ашиг олох зорилгыг тодорхойлсон, оролцогчдын хураамжийн хувь хэмжээг тогтоосон, ашиг алдагдлыг хуваарилсан шинжтэй байх тул хамтран ажиллах гэрээ гэж үзнэ.
Харин талуудын 2012 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн гэрээний 2-т “Шилжүүлэгч тал нь өөрийн мэдэл байгаа Хэнтий аймгийн Дархан сумын нутаг дахь Хажуу улаан нэртэй ашигт малтмалын ашиглалтын МҮ016818 тусгай зөвшөөрлийн дурдсан солбицолтой 44,62 га талбайг шилжүүлэн авагч талд бүхэлд нь шилжүүлэх энэхүү талбайд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрх үүргийг мөн адил шилжүүлэн өгөх ажиллагаа болно”, 3.1-т “Ашигт малтмалын ашиглалтын МҮ016818 тоот тусгай зөвшөөрөлд заагдсан дээрх газар зүйн солбицолтой талбайд хийгдсэн судалгааны болон хайгуулын ажлын бүх материалыг шилжүүлэн авагч талд өгнө”, 3.6-д “Техник мэдээлэл худалдах худалдан авах болон МҮ016818 тоот тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авагчид 13,000,000 төгрөгөөр худалдана” гэж тохирсон нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээний шинжтэй байна.
Талууд дээрх хоёр гэрээний аль алинаар ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл шилжүүлэхээр тохирсон байх боловч хариу үүргийн хувьд ялгаатай зохицуулжээ.
Гэрээний хариу үүргийн хувьд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбарт “. . . лицензийг 130,000,000 төгрөгөөр . . . 2012 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн гэрээгээр худалдаж, 2012 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 110,000,000 төгрөг, 2012 оны 5 дугаар сарын 15-нд 10,000,000 төгрөг, 2012 оны 6 дугаар сарын 18-нд 10,000,000 төгрөгийг тус тус лицензийн үнэнд төлсөн” /хх-3-ын 45/ гэх боловч шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд “. . . Нэхэмжлэгч талтай тохиролцоод 2012 оны 01 дүгээр сарын 10-ны гэрээг ашигтай ажиллана гээд 130,000,000 төгрөгийг урьдчилан төлсөн” гэж зөрүүтэй тайлбар өгчээ. Хэрэв 130,000,000 төгрөгийг 2012 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн гэрээний төлбөр гэж үзвэл мөн төлбөр төлсөн 3 баримтад 13,000,000 төгрөгийн төлбөрийг 130,000,000 болгон өөрчилсөн агуулгагүй байна. /хх-2-ын 178, 182, 180/
Сонгинохайрхан дүүргийн шүүхэд хянагдаж байсан тусгай зөвшөөрлийг буцаан авах шаардлага бүхий иргэний хэрэгт талуудын 2013 оны 02 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээнд Э ХХК нь 400,000,000 төгрөгийг Б-И ХХК-д төлөхөөр харилцан тохиролцож эвлэрийн гэрээ байгуулсан байдаг. /хх-2-ын 85/
Түүнчлэн, ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг Б-И ХХК-аас Э ХХК-д шилжүүлэх хүсэлтийг талуудын хоорондын 2012 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн гэрээг үндэслэн гаргасан нь Ашигт малтмалын газрын 2014 оны 3 дугаар сарын 13-ны 3-1040 тоот албан бичгээр МҮ-016818 тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн хувийн хэргээс ирүүлсэн 32 хуудас материалд 2012 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн гэрээ /хх-1-ийн 92-94/ авагдсан, мөн Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын 2012 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 1/32 тоот албан бичиг /хх-1-ийн 80/-ээр тогтоогдож байна.
Дээр дурдсан үйл баримтаас дүгнэхэд талууд 2012 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн гэрээг ашигт малтмалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад тусгай зөвшөөрөл шилжүүлэх бүртгэлийг хийлгэхийн тулд байгуулж, тусгай зөвшөөрөл, техникийн мэдээлэл шилжүүлсний хариу төлбөрийг 13,000,000 төгрөг байхаар тохиролцсон нь энэхүү үр дагаврыг бий болгохыг зориогүй, харин 2012 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн гэрээг хэрэгжүүлэх, үр дагаврыг бий болгох хүсэл зоригтой байсан хэмээн үзэж байна.
Иймээс Б-И ХХК болон Э ХХК-ийн хооронд 2012 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан Техникийн мэдээлэл худалдах, худалдан авах болон тусгай зөвшөөрөл шилжүүлэх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзлээ.
Уг гэрээ нь Б-И ХХК болон Э ХХК-ийн хооронд байгуулагдсан буюу Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д зааснаар тэдгээрийн хооронд иргэний эрх зүйн харилцаа үүссэн байх тул хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох шаардлага нэхэмжлэгчийн хувьд Э ХХК-д хамаарна.
Хамтран хариуцагч БНХАУ-ын иргэн Үы хувьд Б-И ХХК-тай 2010 оноос бий болсон хамтын ажиллагааны үндсэн дээр энэхүү гэрээ байгуулагдсан, Э ХХК-ийн захирал С.Соёл-Эрдэнийн нөхөр (С.С 2014 оны 01 дүгээр сарын 08-ны байдлаар гэрлэлт бүртгэлгүй гэх лавлагаа /хх-1-ийн 117/ хэрэгт авагдсан ч Үы эхнэр гэх үйл баримтын талаар маргаагүй), тус компанийн 20 хувийн хувьцаа эзэмшигчээр 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөс 2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд байсан /хх-1-ийн 52/ гэх нөхцөл тогтоогдож байна. Гэвч Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар иргэн иргэний эрх зүйн харилцааны бие даасан оролцогч бөгөөд Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т компанийн хүлээх үүргийг хувьцаа эзэмшигч үүрэхгүй гэж зааснаар тэдгээрийн хооронд энэ гэрээгээр иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй гэж үзнэ. Иймээс Б-И ХХК-д Үы эсрэг шаардах эрх үүсэхгүй.
Нэхэмжлэгч хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврын талаарх шаардлагын үндэслэлийг талуудын 2012 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хүчин төгөлдөр бус хэлцлээр тусгай зөвшөөрөл Э ХХК-д шилжсэн нь Засгийн газрын 2014 оны 216 дугаар тогтоолоор батлагдсан журамд зааснаар хүчингүй болсон ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайд зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтад босго үнэ төлөхгүйгээр оролцох давуу эрхийг эдлэх боломжгүй болгосон тул ийнхүү сонгон шалгаруулалтад оролцох эрхтэй болохыг тогтоолгоно гэжээ.
Ашигт малтмалын газраас Б-И ХХК-д хаягласан 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 3-4411 тоот албан бичгээр эзэмшиж байсан тусгай зөвшөөрлийн талбайд өмнө хийгдсэн геологи, хайгуулын ажлын баримтаар нотлогдох зардлын тооцоог гарган баталгаажуулахыг, ийнхүү баталгаажуулснаар сонгон шалгаруулалтад босго үнэ төлөхгүйгээр оролцох давуу эрхтэй болохыг дурджээ. /хх-1-ийн 193/
Мөн Ашигт малтмал, газрын тосны газраас Э ХХК-д хаягласан 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 1/229 тоот албан бичгээр сонгон шалгаруулалтад оролцох талаар мэдэгдлийг хуучин эзэмшигч Б-И ХХК-д хүргүүлсэн техникийн алдаа гаргасан ба энэ нь МҮ-016818 тусгай зөвшөөрлийг сэргээн шийдвэрлэсэн шийдвэр биш гээд Э ХХК-ийг сонгон шалгаруулалтад оролцоогүй байгааг дурджээ. /хх-1-ийн 192/
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардах эрхтэй байхаар заажээ. Шаардах эрх гэх ойлголт нь нэг этгээд нөгөө этгээдээс тодорхой үйлдэл, эсхүл эс үйлдэл хийхийг шаардах боломж ба энэ утгаар дээрх хуулийн заалтыг тайлбарлавал нэхэмжлэгч уг хэлцлээс талуудад бий болсон өөрчлөлтийг арилгуулахаар хариуцагч нараас шаардах эрхтэй гэж үзнэ.
Ашигт малтмалын газрын дээр дурдсан албан бичиг болон шаардах эрхийн тухай ойлголтоор авч үзвэл нэхэмжлэгчийн “тусгай зөвшөөрлийн сонгон шалгаруулалтад давуу эрхтэй болохыг тогтоолгох” гэх шаардлага нь Э ХХК, Ү нарт хамааралгүй тэдгээр нь ийм үйлдэл хийх үүргийг хууль болоод гэрээгээр хүлээгээгүй байна.
Дээр дурдсан үндэслэлээр Б-И ХХК, Э ХХК-ийн хооронд 2012 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан Техникийн мэдээлэл худалдах, худалдан авах болон тусгай зөвшөөрөл шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, Засгийн газрын 2014 оны 216 дугаар тогтоолоор батлагдсан “Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын 106 талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын 2.4 дүгээр заалтаар сонгон шалгаруулалтад оролцох эрхтэй болохыг тогтоолгох шаардлага болон хариуцагч БНХАУ-ын иргэн Ү-д холбогдох шаардлагыг бүхэлд тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагад 222,950 төгрөг, үр дагаврыг арилгуулах шаардлагад 70,200 төгрөг, нийт 293,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Э ХХК-аас 222,950 гаргуулан нэхэмжлэгчид олгон шийдвэрлэж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.4-т заасныг баримтлан Б-И ХХК, Э ХХК-ийн хооронд 2012 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан Техникийн мэдээлэл худалдах, худалдан авах болон тусгай зөвшөөрөл шилжүүлэх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, Засгийн газрын 2014 оны 216 дугаар тогтоолоор батлагдсан “Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын 106 талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-ын 2.4 дүгээр заалтаар сонгон шалгаруулалтад оролцох эрхтэй болохыг тогтоолгох шаардлага болон хариуцагч БНХАУ-ын иргэн Ү-д холбогдох шаардлагыг бүхэлд тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 293,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Э ХХК-аас 222,950 гаргуулан нэхэмжлэгч Б-И ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН