Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2016/0654

 

 

 

 

 

 

 

 

 

“Ц-У Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийг хянасан тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгч “Ц-У Т” ХХК-ийн захирал Ж.А, гуравдагч этгээд Ц.Д, түүний өмгөөлөгч Б.Б нарыг оролцуулан Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 26 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээд Ч.Т , Ц.Д, Г.Ү нарын гаргасан давж заалдах гомдлоор “Ц-У Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хөвсгөл аймгийн Улсын бүртгэл, Статистикийн газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч “Ц-У Т” ХХК-ийн захирал Ж.А 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

“...2010 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн Ч.Т, Ц.Д, Г.Ү нарын нэр дээр улсын бүртгэлийн Ү-1723004518 дугаарт бүртгүүлж, 000088427 тоот өмчлөх эрхийн гэрчилгээ авсныг хүчингүй болгуулах”-ыг хүсчээ.

Хоёр. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 26 дугаар шийдвэрээр:

“Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.5, Эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9, 13 дугаар зүйлийн 13.5.4, 14 дүгээр зүйлийн 14.1.5, 14.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ц-У Т” ХХК-ийн захирал Ж.А нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хөвсгөл аймгийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн алба /хуучнаар/-ны 2010 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн Ч.Т , Ц.Д , Г.Ү нарын нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн 000098427 дугаар өмчлөх эрхийн гэрчилгээ, эрхийн улсын бүртгэлийн Ү-1723004518 дугаарт бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

Гурав. Гуравдагч этгээд Ч.Т , Г.Ү, Ц.Д  нар дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...“Ц-У Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй Ч.Т  нарын нэр дээр 2010 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн улсын бүртгэлийн Ү-1723004518 дугаарт бүртгүүлж 000088427 тоот эрхийн гэрчилгээ авсныг хүчингүй болгуулах шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь алдаатай болсон.

Дээрх өмчлөх эрхийн гэрчилгээ нь Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 107 дугаар тогтоол болон 03 дугаар тогтоолоор тогтоогдсон. Үүнийг шүүх хүчингүй болгосон нь буруу байна.

Иймд энэ буруу шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.10 дахь хэсэгт “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ нь тухайн газар дээрх тэдгээрийн үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэх үндэслэл болно” гэж заасан.

Гэтэл Хөвсгөл аймгийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн албанаас Ч.Т , Г.Ү, Ц.Д  нарын өмчлөлд тус аймгийн Мөрөн сумын 5 дугаар баг, Цагаан-Уул захын зүүн талд байршилтай үйлчилгээний зориулалттай 77 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг эрхийн улсын бүртгэлийн Y-1723004518 дугаарт бүртгэж, 2010 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 000098427 тоот үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгох үед уг үл хөдлөх эд хөрөнгийн доорх нийт 250 м.кв газрыг дэлгүүрийн анхны эзэн Ц.Гантуяад үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн аймгийн Засаг даргын 2009 оны 108 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай маргаан шүүхэд хянагдаж байсан, өөрөөр хэлбэл энэхүү бүртгэл хийгдсэний дараа буюу Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2010 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 249 дүгээр тогтоолоор дээрх захирамжийг хүчингүй болгож, “Ц-У Т” ХХК-д 3871 м.кв газар эзэмшүүлэх асуудлыг Газрын тухай хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг аймгийн Засаг даргад даалгаж;

мөн 2012 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 107 дугаар тогтоолоор “...Ц.Г Ч.Т т 230 м.кв газрыг шилжүүлэн эзэмшүүлсэн аймгийн Засаг даргын 2009 оны 340 дүгээр захирамжийн холбогдох хэсэг болон мэдүүлэгт хавсаргасан Ч.Т ийн газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээг тус тус хүчингүй болгож, хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байна.  

Гуравдагч этгээдүүдийн тухайн үед мэдүүлэг гаргахдаа аймгийн Засаг даргын 2009 оны 340 дүгээр захирамжийг үндэслэж олгогдсон мөн оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн газар эзэмших гэрээ, гэрчилгээг хуулбарлан өгсөн гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тайлбарладаг, хэрэгт ч үүнийг нотлох баримт авагдсан байгаагаас үзэхэд бүртгэл хийгдэх үед маргаантай байсан, хийгдсэний дараа шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон Засаг даргын газар эзэмшүүлэх захирамж, гэрээ, гэрчилгээг үндэслэснээрээ хариуцагчийн хувьд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн болон Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан бүртгэл үнэн зөв байх, нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх зэрэг шаардлагыг хангаагүй, гуравдагч этгээдүүдийн хувьд мэдүүлэгтээ хавсаргасан газар эзэмших гэрээ, гэрчилгээ болон эдгээрийн үндэслэл болсон захирамжийн талаарх шүүхийн маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүйг мэдсээр байж ийнхүү хүсэлт гаргасан нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан бүртгүүлэхээр мэдүүлж байгаа эрхийн нотлох баримтыг бүрэн гүйцэд, үнэн зөв гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй талаарх шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх боломжгүй.

Хөвсгөл аймгийн Засаг даргын 2013 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн А/84 захирамжаар гуравдагч этгээдүүдийн эзэмшиж байсан гэх 230 м.кв газрыг оруулан нийт 6351 м.кв газрыг нэхэмжлэгч “Ц-У Т” ХХК-д эзэмшүүлсэн, энэхүү захирамж нь дээрх хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг үндэслэж гарсан хууль ёсны шийдвэр болохыг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 350 дугаар тогтоолоор эцэслэн дүгнэсэн байх тул нэхэмжлэгчээс бүртгэлийг хүчингүй болгуулахаар шаардах эрхтэй, түүнчлэн захирал Ж.А тус компанийг төлөөлж нэхэмжлэл гаргах эрх олгогдсон талаарх шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.

Харин анхан шатны шүүхээс 000088427 тоот гэрчилгээг хүчингүй болгуулах шаардлагын хүрээнд 000098427 тоот гэрчилгээг хүчингүй болгосон нь буруу, дугаар зөрүүтэй гэх давж заалдах гомдлын шаардлага үндэслэлгүй болно.

Учир нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт “Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг хуульд заасны дагуу бүртгэсэн бол түүний хууль ёсны өмчлөгч мөн болохыг баталгаажуулсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгох”-оор зааснаас үзэхэд улсын бүртгэлгүй үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгогдох боломжгүй, иймд эрхийн улсын бүртгэлийн Y-1723004518 дугаар бүртгэл, мөн өмчлөх эрхийг нотлох гэрчилгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд холбогдох гэрчилгээний дугаарыг зөвтгөж бичиж нэхэмжлэлийн шаардлагыг хангасныг шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хальж шийдвэр гаргасан гэж үзэхгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 26 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд Ч.Т , Ц.Д , Г.Ү нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар гуравдагч этгээд Ч.Т , Ц.Д , Г.Ү нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй. 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ                                                                       Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                                       Э.ЛХАГВАСҮРЭН