Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Доржийн Баттулга |
Хэргийн индекс | 144/2016/0038/Э |
Дугаар | 41 |
Огноо | 2016-09-22 |
Зүйл хэсэг | 099.1., |
Улсын яллагч | А.Амгалан |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 09 сарын 22 өдөр
Дугаар 41
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,
Нарийн бичгийн дарга: Б.Номинтунгалаг,
Улсын яллагч: А.Амгалан,
Шүүгдэгч: Б.Од-Эрдэнэ нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Өмнөговь аймаг дахь сум дундын 1-р Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Магнууд овогт Буянхүүгийн Од-Эрдэнэд холбогдох 201616010079 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1992 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций суманд төрсөн, 24 настай, эмэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэгч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, 1 хүүхдийн хамтаар Өмнөговь аймаг, Цогтцэций сум, Сийрст, 1 дүгээр багт тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, Магнууд овогт Буянхүүгийн Од-Эрдэнэ /РД:КН92040303/,
Холбогдсон хэргийн талаар /яллагдагчаар татах тогтоолд дурдсанаар/:
Шүүгдэгч Б.Од-Эрдэнэ нь 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдөр тус аймгийн Цогтцэций сумын төв, Өгөөмөр багт иргэн Г.Дөлгөөнхэрлэнгийн бие эрх чөлөөнд халдаж хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хуралдааны хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Од-Эрдэнэ мэдүүлэхдээ: “Би Дөлгөөнхэрлэнд 3 жилийн өмнө мах зарсан юм.
G:\Ajil\Shiitgeh togtool\2016 on\2016_09_21_№41_99.1_B.Od-Erdene.docx
Түүнийхээ мөнгийг нэхсэний улмаас хэрүүл болж зодсон. Тэр өдөр наадам тэмдэглэж архи уусан. Хохирогчийн мөнгө машинд бутарчихсан байсныг авсан юм. Би 4 настай хүүхэдтэй, ээж, аав, хүүхэдтэйгээ амьдардаг. Одоо мал малладаг. Тухайн үед хохирогч Дөлгөөнхэрлэнтэй хамт архи уусан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.
Улсын яллагч шүүх хуралдаанд “Шүүгдэгч Б.Од-Эрдэнэ нь 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт иргэн Дөлгөөнхэрлэнтэй хувийн таарамжгүй харилцаанаас болж маргаж биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хангалттай нотлогдож байна. Шүүгдэгч нь согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нь түүнд оногдуулах ялыг хүндрүүлэх нөхцөл болж байна. Иймд шүүгдэгч Б.Од-Эрдэнэд Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялын саналыг гаргаж байна. Уг хэрэгт эд мөрийн баримт хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шийтгэх тогтоолд давж заалдах хугацаа дуусах хүртэл шүүгдэгчид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх саналыг шүүхэд гаргаж байна” гэв.
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай “…Иргэн Б.Од-Эрдэнэ нь 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд намайг зодож миний утасны дэлгэцийг хагалж, түрийвчинд байсан 60000 төгрөг авсан…” гэсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 3-р хуудас/,
Г.Дөлгөөнхэрлэнгийн хохирогчоор өгсөн “…2016 оны 07 дугаар сарын 10-ны өглөө Од-Эрдэнэ гэдэг манай найз эмэгтэй манайд ирээд “хэдүүлээ гарч хорхог хийж идье” гэхээр нь би хэн хэнтэй хамт явж байгаа талаар асуухад манай 2 найз хамт яваа гэхээр нь зөвшөөрөөд 12 цагийн үед Цогтцэций сумын төвөөс хойд зүгт тал дээр гараад хорхог хийж идэнгээ архи задлаад хувааж уусан. Тэндээсээ бид нар дэлгүүр орж юм нэмж авах гээд Цогтцэций сумын төвд ирэхээр нь би харилаа гэж хэлээд тэндээсээ такси бариад намайг гэрлүүгээ явсан. Удалгүй миний араас тэр гурав гэрт ирээд намайг гараад ир гээд чирч гудчаад байхаар би санаа зовоод тухайн машинд нь суугаад хөдөлсөн. Тэгээд явсаар байгаад түрүүнд очсон газраа дахиад очоод буутал Одко гэх эмэгтэй нь “чи яасан их явдаг юм бэ, чи архи авч өгсөнгүй явлаа” гээд, намайг үсдэж чирч байгаад миний дээр гарч сууж байгаад миний нүүр лүү 2 удаа гараараа цохиод миний утсыг авч машин руугаа шидсэн ба миний утасны дэлгэц хагарсан. Намайг зодож байх үед тэр хоёр хараад зогсож байсан…” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 13-р хуудас/,
Гэрч Баярчимэг овогтой Нандинцэцэгийн өгсөн: “2016 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Од-Эрдэнэ болон түүний найз Хэрлэн /Дөлгөөнхэрлэн/ Хадчулууны нарын хамтаар 17 цагийн үед Цогтцэций сумаас зүүн хойд зүг рүү хөдөө хээр гарч хорхог хийж идэхээр явцгаасан. Тэгээд тэндээ очоод 2 шил архи буюу 0,75 граммын 1 шил, 0,5 граммын 1 шил архи болон 1 ширхэг 2 литрийн том пиво хувааж ууж хорхогоо хийж идчээд 19 цагийн үед буцаж Цогтцэций сумын төв рүү ороод Шим хүнсний дэлгүүрийн гадаа очсон чинь Хэрлэн нь би гэртээ харилаа гээд буугаад яваад өгсөн. Удалгүй бид хэд ойролцоогоор 30 минутын дараа Хэрлэнгийн гэрийн гадаа очоод Од-Эрдэнэ гэр лүү нь орсон. Хэсэг хугацааны дараа Хэрлэн болон Од-Эрдэнэ хоёр хоёулаа гарч ирээд бид нар шууд Цогтцэций сумаас урагшаа тал дээр гараад гарсан. Тэгтэл тэнд очоод машинд байсан 0,5 граммын архийг хувааж ууж байтал Од-Эрдэнэ, Хэрлэн хоёр хамт гарч бие засах гээд гартал тэр хоёр гэнэт ноцолдоод эхэлсэн. Тухайн үед би машин дотор байсан болохоор юунаас болж муудалцсаныг мэдээгүй. Тэр хоёр машин дотор байхдаа ямар нэгэн хэрүүл маргаан хийгээгүй байсан” гэсэн мэдүүлэг /Хавтаст хэргийн 14-р хуудас/,
Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч С.Шүрцэцэгийн 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн ¹434 дугаартай “…Дөлгөөнхэрлэнгийн биед зүүн нүдний зовхины цус хуралт, алимны салстын цус харвалт, баруун шанаа, эрүү, 2 хөх дэх зулгаралт, зүүн шилбэний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой. Уг гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 16-р хуудас/,
Шүүгдэгч Б.Од-Эрдэнийн сэжигтэн болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 20, 23-р хуудас/,
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын 1-р багийн засаг даргын 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн №349 дугаартай тодорхойлолт /хавтаст хэргийн 24-р хуудас/,
Шүүгдэгч Б.Од-Эрдэнийн иргэний үнэмлэхний хуулбар /хавтаст хэргийн 25-р хуудас/,
Шүүгдэгч Б.Од-Эрдэнийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 26-р хуудас/,
Шүүгдэгчийн харилцагч банкуудаас гаргасан лавлагаа, тодорхойлолт /хавтаст хэргийн 27-29-р хуудас/,
Хохирогч Г.Дөлгөөнхэрлэнгийн “...Миний бие нь иргэн Од-Эрдэнэд зодуулж хохиролтой байсан. Одоо хохирол гомдол байхгүй, хохирлыг бүрэн барагдуулсан” гэх тодорхойлолт /Хавтаст хэргийн 30-р хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Б.Од-Эрдэнэ нь 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдөр тус аймгийн Цогтцэций сумын төв, Өгөөмөр багт иргэн Г.Дөлгөөнхэрлэнгийн бие эрх чөлөөнд халдаж хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдож байна.
Өмнөговь аймаг дахь сум дундын 1 дүгээр прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйлчлэл зөв байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна.
Хохирогч Г.Дөлгөөнхэрлэн нь шүүгдэгч Б.Од-Эрдэнэтэй сайн дураараа эвлэрч, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаараа мэдүүлсэн, хохирогч нь шүүгдэгчийн эрхшээлд байгаагаас эсхүл бусад шалтгааны улмаас өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж чадахгүй байгаа нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлж, гэм хорыг арилгасан зэргийг хөнгөрүүлэх үндэслэл болгов.
Хэдийгээр хохирогчтой сайн дураараа эвлэрсэн, хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 23 дугаар зүйлийн 23.1-д мансуурсан буюу согтуурлын байдалд байхдаа гэмт хэрэг үйлдсэн тул эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл байхгүй гэж үзэв.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.
Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Магнууд овогт Буянхүүгийн Од-Эрдэнийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар Б.Од-Эрдэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 /тав/ дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 960000 /есөн зуун жаран мянга/-н төгрөгөөр торгосугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар торгох ялаас санаатайгаар зайлсхийсэн бол шүүх торгох ялыг уг ялын хэмжээнээс хамааруулан гурван жил хүртэл хугацаагаар хорих ялаар солихыг ялтан Б.Од-Эрдэнэд мэдэгдсүгэй.
4.Б.Од-Эрдэнэ нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, түүний иргэний бичиг баримт ирээгүй болохыг дурдсугай.
5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь уг шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6.Эрүүгийн байцаан шийтгэл хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг биелүүлэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.
ШҮҮГЧ Д.БАТТУЛГА