Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 886

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Алтантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол, Түмэн настын 36А байрны 81 тоотод оршин суух, “Таван богд” ХХК-д тооцооны ажилтан, регистр РЭ87060302, Тэмээнийхэн овогтой Шаравпилын Цэнд-Аюушийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 13 дугаар байрны 36 тоотод оршин суух, регистр ШУ88082692, Ногой овогтой Хуандагын Эрбол,

 

Хариуцагч: Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Алтайн 9-3 тоотод оршин суух, регистр НБ92072917, Черувч овогтой Тогтоосонгийн Жандос нарт холбогдох үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 3 795 000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.Цэнд-Аюуш, хариуцагч Т.Жандос, Х.Эрбол, хариуцагчийн өмгөөлөгч Ш.Оюумаа /үнэмлэх 0596/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Жавзанпагма нар оролцов.                             

                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ш.Цэнд-Аюуш шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Сүхбаатар дүүргийн 20-р хороо, Бэлх Цуурайтын аманд байрлалтай 700 м.кв газрыг Х.Эрболоос худалдан авахаар тохирч 2017 оны 9-р сарын 14-ний  өдөр Т.Жандостой нотариатаар орж гэрээ хийсэн. Тэгэхэд Т.Жандос нь Х.Эрболыг Газрын албанд ажилладаг, манай ах, ахын нэр дээр газрыг таны нэр рүү шилжүүлж өгье гэсэн. Тэр өдөр энэ газарт давхцал байгаа эсэхийг шалгуулахаар Газрын албанд очсон боловч иргэдэд үйлчилдэггүй өдөр байсан. Нийслэлийн Газрын албаар шалгуулахаар очиход хүн Х.Эрболыг таньдаг хүн байсан, ямар нэг давхцал байхгүй гэж хэлсэн. Маргааш нь Газрын албанд гэрчилгээгээ шилжүүлэхээр очсон боловч уг газар маргаантай, энэ газар зарагдах, гэрчилгээ шилжих боломжгүй гээд хурааж авсан. Тэгээд Т.Жандос, Х.Эрбол нартай утсаар ярьсан, би 4 000 000 төгрөгийг Х.Эрбол, Т.Жандос нарт өгсөн, үүнээс 1 000 000 төгрөгийг Т.Жандосоос авсан. Х.Эрбол нь Т.Жандосоос 1 000 000 төгрөг авах байсан, үүнийгээ авахын тулд хоорондоо хуйвалдсан, гэрчилгээ гаргуулсан байсан. Т.Жандостой 2017 оны 11-р сарын 02-ны өдөр “Төлбөр барагдуулах хэлцэл” хийж, үлдэх 3 000 000 төгрөгийг 15 хоногийн дотор өгнө, хэрвээ өгөхгүй бол 0,5 хувиар алданги тооцохоор тохирсон. Тухайн газар нь Х.Эрболын нэр дээр гэрчилгээтэй байсан учраас хариуцагчаар татсан. Энэ хоёр хоорондоо хэдэн төгрөг авч өгснийг би мэдэхгүй. Иймд Х.Эрбол, Т.Жандос нараас  3 000 000 төгрөг, алданги 795 000 төгрөг нийт 3 795 0000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч Х.Эрбол шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны  4 дүгээр сарын  13-ны өдөр  би аавтай хамт зуслангийн газар авахаар Газрын алба дээр очсон. Тэгэхэд Т.Жандос хэд хэдэн газар байгаа үзээд сонгож болно гэсэн. Тэгээд манай аав Бэлхийн Цуурайтын аманд  байрлах газрыг сонгож, Т.Жандост 1 000 000 төгрөгийн урьдчилгаа өгч, гарын үсэг зуруулж авсан.  Т.Жандос удахгүй захирамж, гэрчилгээ гарна гэсэн. Тухайн үед газрын захирамж 9 хоногийн дараа гарч, харин гэрчилгээ гаралгүй 1 жил 4 сар болсон. Ингээд маш их хугацаа алдсан, зуслангийн байшингаа барьж чадахгүй учраас газраа буцаах хүсэлт гаргаж Т.Жандосоос 1 000 000 төгрөгөө нэхсэн. Т.Жандос энэ газрыг зараад мөнгийг өгье гэсэн, тэгээд Ш.Цэнд-Аюушт газраа зарахдаа “гэрчилгээ таны нэр байгаа учраас та гарын үсгээ зурчих” гэсэн. Би газрын албанд ажиллаж байгаагүй, Т.Жандос бид хоёр ах дүүс биш. Би Нийслэлийн газрын албанд ажилладаг хүнийг таньдаг байсан, тухайн газрыг шалгуулахад ямар ч асуудал гараагүй учраас гэрээ хийсэн. Би Т.Жандосоос 1 000 000 төгрөгөө гаргаж авсан. Мөн би өөрөө зуслангаа барьж чадахгүй хохирогч болсон. Би хариуцахгүй гэв.

  

Хариуцагч Т.Жандос шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн Газрын албаны байцаагч Дамдин “ахад нь хэдэн зуслангийн газар байгаа, асуусан хүн байвал хэлээрэй” гэсэн. Тэр үед Х.Эрбол газар асуусан учраас би газруудыг үзүүлсэн.  Дамдинд Сүхбаатар дүүргийн Бэлхийн цуурайтын аманд байрлах газрыг сонгосон гэдгийг хэлэхэд  Х.Эрболоос урьдчилгаа 1 000 000 төгрөг, иргэний үнэмлэхийг аваад ир гэсэн. Би Х.Эрболын иргэний үнэмлэх, 1 000 000 төгрөгийнх нь хамт аваачиж өгсөн. Гэтэл Х.Эрболдын нэр дээр захирамж нь гараад гэрчилгээ нь гаралгүй 1 жил 4 сар болсон. Тэгээд Х.Эрболд мөнгөө авъя гэхээр нь Дамдинд хэлэхэд “захирамж нь гарчихсан гэрчилгээ удахгүй гарна” гэсэн. Удахгүй гэрчилгээ нь гарч Х.Эрболдыг гэрчилгээ ав гэхэд “гэрчилгээ авахгүй, мөнгөө авна” гэсэн. Гэтэл н.Дамдин тэр газрыг зарж байж мөнгийг өгөх боломжтой, чи зар тавиад газрыг зар, тэгээд мөнгийг нь өгчих гэсэн. Зарын дагуу Ш.Цэнд-Аюуш газрыг авахаар гэрээ хийсэн. Би газар маргаантай байсан талаар мэдээгүй. Тэгээд газрыг Ш.Цэнд-Аюушт шилжүүлээд, 4 000 000 төгрөг авсан. Үүнээс Х.Эрболдод 1 100 000 төгрөг, Дамдингийн эхнэрийн дансанд 1 800 000 төгрөгийг шилжүүлж, өөрт нь 600 000 төгрөгийг бэлнээр өгсөн, би өөрөө 500 000 төгрөгийг л авсан. Дараа нь газар маргаантай гээд гэрчилгээг хурааж авсан байсан. Би өөрт байсан 1 000 000 төгрөгөө Ш.Цэнд-Аюушт өгсөн, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ш.Цэнд-Аюуш нь Х.Эрбол, Т.Жандос нарт холбогдох үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 3 795 000 төгрөг гаргуулахыг  хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 3 000 000 төгрөгийг Т.Жандосоос гаргуулахаар хангаж, нэхэмжлэлийн шаардлагын бусад хэсэг болон Х.Эрболд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Ш.Цэнд-Аюуш нь Х.Эрболтой 2017 оны 9-р сарын 14-ний өдөр “газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ” байгуулж түүний эзэмшлийн Сүхбаатар дүүргийн 20-р хороо, Бэлх Цуурайтын аманд байрлалтай нэгж талбарын 18649324419973 дугаар бүхий 700 м.кв газрыг шилжүүлэн авах, газрын үнэнд 4 000 000 төгрөгийг шилжүүлэхээр /хх 4/ тохирчээ.

 

 Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2016 оны 04-р сарын 26-ны өдрийн А/174 тоот захирамжаар Х.Эрболд тухайн газрыг 15 жилийн хугацаатай, зуслангийн зориулалтаар эзэмшүүлэхээр олгож, 2017 оны 08-р сарын 15-ны өдөр 000699227 тоот эзэмших эрхийн гэрчилгээ /хх 5/ олгосон байна.

 

Хариуцагч Т.Жандос нь Х.Эрболоос 2016 оны 4-р сарын 17-ны өдөр тухайн газрыг санал болгож 1 000 000 төгрөгийг авсан, үүний дараа буюу 2016 оны 04-р сарын 26-ны өдөр Х.Эрболд газар эзэмшүүлэх шийдвэр гарсан боловч газар эзэмшүүлэх гэрчилгээ нь 2017 оны 8-р сарын 15-ны өдөр олгогдсон, тухайн газар нь маргаантай байсны улмаас Х.Эрбол нь тухайн газрыг эзэмшихээс татгалзаж, 2017 оны 9-р сарын 14-ний өдөр Т.Жандосоос 1 000 000 төгрөгөө буцаан авсан нь хариуцагч нарын тайлбараар тогтоогдсон байна.

 

Хариуцагч нар нь тухайн газрыг маргаантай байсныг мэдэж байсан, Х.Эрбол нь мөнгөө олж авахын тулд Ш.Цэнд-Аюуштай газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ хийсэн, улмаар гэрээ хийсний дараа Т.Жандосоос мөнгөө буцааж авсан, Ш.Цэнд-Аюуш нь 4 000 000 төгрөгийг Т.Жандост хүлээлгэж өгсөн зэргээс хариуцагч нар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзнэ.

 

Харин Т.Жандос нь нэхэмжлэгчээс мөнгийг авсан, газар маргаантай байсны улмаас гэрчилгээг хурааж эзэмших эрхийг шилжүүлэх боломжгүй болсон байх ба тухайн хэлцэл нь хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус байна.

 

Ш.Цэнд-Аюуш, Т.Жандос нар нь 2017 оны 11-р сарын 02-ны өдөр “Төлбөр барагдуулах тухай хэлцэл” хийж, хариуцагч нь 1 000 000 төгрөгийг төлж, үлдэх 3 000 000 төгрөгийг 2017 оны 11-р сарын 16-ны дотор төлөхөөр, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлөхөөр /хх 6/ тохирчээ

 

Хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаварт алданги тооцохоор тохирсон нь буруу бөгөөд алдангийг хангах үндэслэлгүй.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2, 116, 118-р зүйлд заасныг удирдлага болгон

                                                                                               ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 492-р зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Тогтоосонгийн Жандосоос 3 000 000 /гурван сая/ төгрөг гаргуулж Шаравпилийн Цэнд-Аюушт олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 795 000 төгрөгийн нэхэмжлэл, Х.Эрболдод холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 75 670 төгрөгийг улсын төсвийн орлогот хэвээр үлдээж, хариуцагч Т.Жандосоос 62 950 төгрөг гаргуулж  нэхэмжлэгчид  олгосугай.

 

3. Шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

        

 

 

 

                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Р.АЛТАНТУЯА