Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 418

 

                                                                                                                      

 

 

 

 

 

 

  2022         03           21                                  2022/ШЦТ/418

 

 

           

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж,

      Нарийн бичгийн дарга Б.Хонгорзул,

   Улсын яллагч Л.Галав,

Шүүгдэгч Б.З нарыг оролцуулан тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Зт холбогдох эрүүгийн 2106 00000 2607 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.З нь 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Жанжины 4-83 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хүргэн ах Т.Содбаяртай  хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар баруун талын гуя хэсэгт нь хутгаар хатгах шийдлээр баруун гуянд шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн тухайн маргааныг салгахаар очсон Б.Зоын зүүн гарын алга хэсгийг хутгаар зүсэж зүүн алганд шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                               

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүгдэгч Б.З нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг үнэн.” гэв.

                       

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

 Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 14-18 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.Содбаярын "2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо 24-483 тоот гэртээ эхнэр Золзаяа, хадам ээж, дүү Зо болон хүүхдүүдийн хамт унтаж байхад манай эхнэрийн дүү Б.З гаднаас орж ирээд миний унтаж байсан орны хажууд хутга бариад сууж байгаад миний хөл рүү 1 удаа хутгалсан. Тэгээд би босоод ноцолдоод зууралдсан байхад манай дуу Зо салгах гэж байгаад зүүн гараа зүсүүлсэн. Юунаас болж намайг хутгалсныг сайн мэдэхгүй байна. Бид 2 өмнө нь маргалдаж зодолдож байгаагүй..." /хавтаст хэргийн 20-23 дугаар хуудас/ гэх мэдүүлэг,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 11255 дугаартай шинжээчийн гаргасан "Т.Содбаярын биед баруун гуянд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна." /хавтаст хэргийн 51-52 дугаар хуудас/ гэх дүгнэлт

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Зоын "Тухайн өдөр Б.З согтуу орж ирээд Т.Содбаярт агсам тавиад гар болон хөлийг нь зүссэн байсан. Б.З нь Содбаярт хандаж " Чи манай эгчийг сайн авч яваарай" гээд орилоод байсан. Манай эгч Зо нь өмнө нь нөхөртэй байсан ба тэр нь Б.Зын найз байсан юм. Тэгээд Б.З Содбаярт дургүй байдаг байж магадгүй. Содбаярын гар болон хөлөөс нь цус гарч байсан. Мөн миний зүүн гарт учирсан гэмтлийг Б.З учруулсан. Өөр тэнд байсан бусад хүмүүсийн биед гэмтэл учраагүй. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй..." /хавтаст хэргийн 36-37 дугаар хуудас/ гэх мэдүүлэг,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 11232 дугаартай шинжээчийн гаргасан "Б.Зоын биед зүүн алганд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна." /хавтаст хэргийн 56-57 дугаар хуудас/ гэх дүгнэлт,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Б.Зын: “Тухайн өдөр архи, согтууруулах их хэрэглэсэн учир эгчийн зээлийн асуудлаас болж хүргэн Содбаяртай маргалдаж, улмаар тууний баруун хел орчимд 1 удаа хутгаар хатгасан. Тухайн үед би Содбаяртай маргалдаж улмаар гал тогооны хэсгээс хутга авч түүний баруун гуя орчимд нь хутгаар хатгасан. Тухайн үед манай ээжийн дүү нар намайг салгах гэж оролдож байгаад дүү Зоын зүүн алгыг хутгаар зүссэн байсан. Би тухайн үед согтууруулах ундаа их хэрэглэсэн байсан тул болсон асуудлыг тодорхой санахгүй байна. Би дуу Зотай хувийн таарамжгүй харьцаа байхгүй.” /хавтаст хэргийн 09-10 дугаар хуудас/ гэх мэдүүлэг

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

 

 Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 61 дүгээр хуудас),

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 63 дугаар хуудас),

Байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 64 дүгээр хуудас),

            Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 62 дугаар хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

           

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч “Шүүгдэгч Б.З нь 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Жанжины 4-83 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хүргэн ах Т.Содбаяртай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар баруун талын гуя хэсэгт нь хутгаар хатгаж шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн тухайн маргааныг салгахаар очсон Б.Зоын зүүн гарын алга хэсгийг хутгаар зүсэж шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцуулах саналтай.” гэх дүгнэлт гаргасан бөгөөд шүүгдэгч нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

            Үйл баримтын талаарх дүгнэлт

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч Б.З нь хохирогч Б.Зо, Г.Содбаяр нарын биед хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 11255 дугаартай шинжээчийн гаргасан "Т.Содбаярын биед баруун гуянд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна."

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 11232 дугаартай шинжээчийн гаргасан "Б.Зоын биед зүүн алганд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар тус тус тогтоож, хохирогч Т.Содбаяр, Б.Зо нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирчээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна гэж үзэв.  

 

Эрх зүйн дүгнэлт

                     

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан

 

Шүүгдэгч Б.З нь хохирогч Т.Содбаяр, Б.Зо нарын эрүүл мэндэд халдаж зодсон байдал нь хохирогч нарын Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Шүүгдэгч Б.Зын үйлдэл нь дээрх гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлийн хувьд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглан гэмт хэрэг гарсан байна гэж үзэв.

 

Хохирол, хор уршгийн талаар

 

            Хохирогч Т.Содбаяр, Б.Зо нар нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон эмчилгээний зардалтай холбоотой баримт гаргаж өгөөгүй, хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгч Б.З нь бусдад төлөх төлбөргүй. Гэхдээ хохирогч нь гэм хорын хохирол, түүнтэй холбоотой цаашид гарах зардал байвал нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэл гарган шийдүүлэх боломжтой болно.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Б.З нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Мөн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

                                                                     

Улсын яллагч: “Шүүгдэгч Б.Зт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд оруулан тооцуулах” саналыг гаргасан.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

 

Шүүх шүүгдэгч Б.Зт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч ойлгож ухамсарласан байдал, гэм буруугийн хэлбэр, урьд ял шийтгэл эдэлж засран хүмүүжээгүй, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд дуудсан цагт ирээгүй зэрэг хувийн байдал, гэмт хэргийн ангилал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний цагдан хоригдсон 7 хоногийг эдлэх ялд нь оруулан нэг хоногийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, 105.000 төгрөгийг эдэлсэнд тооцож, түүний эдлэх ялыг 695.000 төгрөгөөр тооцож, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

 

Бусад асуудлаар

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Зын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч Б.Зт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б.Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь заалтад заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хоёр хүний эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Зт 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Зын цагдан хоригдсон 7 хоногийг эдлэх ялд нь оруулан торгох ялын нэг хоногийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр дүйцүүлэн торгох ялын 105.000 төгрөгийг эдэлсэнд тооцож, түүний эдлэх торгох ялын хэмжээг 695.000 төгрөгөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.З нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.З нь түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нар нь гэм хорын хохиролтой нэхэмжлэл байвал баримтаа бүрдүүлэн иргэний журмаар хангуулах эрхтэйг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Зт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.МӨНХТУЛГА