Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 783

 

 

 

 

  2022         05            30                                   2022/ШЦТ/783

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж,

      Нарийн бичгийн дарга Б.Нямсүрэн,

   Улсын яллагч Б.Дэлгэрмаа,

   Хохирогч А, түүний өмгөөлөгч Б.Энхболд

Шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Мд холбогдох эрүүгийн 2203 00118 0221 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Н.Б.М нь 2022 оны 02 дугаар сарын 25-ны 09 цаг 20 минутын үед Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Токиогийн гудамж, 14 дүгээр байрны баруун талын замд “Toyota Harrier" маркийн 53-15 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3, 12.3-д заасан заалтуудыг зөрчиж, баруун гар тийш эргэх үйлдэл хийхдээ уг замын дагуу яваа явган зорчигч Н.Ад зам тавьж өгөлгүй, мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                               

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүгдэгч Н.Б.М нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулна.” гэв.

           

Хохирогч Н.А нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, эмчилгээний зардлаа нэхэмжилж байна. Мөн цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилж байна.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-12 дугаар хуудас/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Агийн “Байрны гадаа автомашинаа байрлуулчихаад явган хүний зам руу орох гээд хойноосоо урагшаа чиглэлтэй алхаж яваад автомашиныхаа чипийг дарж цоожлоод, эргэж хараад 1-2 секунд зогсоход, араас автомашин мөргөөд намайг газар унагаасан. Би өөрийн эрүүл мэндтэй холбоотой гарсан зардлаа мөн ажилгүй байгаа өдрийн цалингаа нэхэмжилж байна.” /хх-ийн 15-17 дугаар хуудас/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн №3626 дугаартай шинжээчийн “Н.Агийн биед бүсэлхийн 4/5-р нугалам хоорондох жийргэвч мөгөөрсний урагдал, цүлхийлт, зүүн дал, баруун тохой, баруун гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” /хх-ийн 45-46 дугаар хуудас/ гэх дүгнэлт,

 

Материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 286 дугаартай “3.Өмнө
гаргасан 3626 дугаартай дүгнэлтэд өөрчлөлт орохгүй.” /хх-ийн 52-
57 дугаар хуудас/ гэх дүгнэлт,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн №352 дугаартай Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ  “2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 3626 дугаартай, 2022 оны 03 дугаар сарын
28-ны өдрийн 286 дугаартай дүгнэлтүүд үндэслэлтэй байна. “Н.Агийн
биед учирсан дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул
Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн
хүндэвтэр зэрэгт хамаарна." /хх-ийн 81-87 дугаар хуудас/ гэх дүгнэлт
зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

           

Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

            Шүүгдэгч Н.Б.М нь 2022 оны 02 дугаар сарын 25-ны 09 цаг 20 минутын үед Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Токиогийн гудамж, 14 дүгээр байрны баруун талын замд “Toyota Harrier" маркийн 53-15 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3, 12.3-д заасан заалтуудыг зөрчиж, баруун гар тийш эргэх үйлдэл хийхдээ уг замын дагуу яваа явган зорчигч Н.Ад зам тавьж өгөлгүй, мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан байна.

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн №3626 дугаартай шинжээчийн “Н.Агийн биед бүсэлхийн 4/5-р нугалам хоорондох жийргэвч мөгөөрсний урагдал, цүлхийлт, зүүн дал, баруун тохой, баруун гуянд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэсэн шинжээчийн дүгнэлт гарчээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хуульчилсан байдаг.

 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан

 

Шүүгдэгч Б.М нь Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь хэсэгт заасан заалтыг зөрчсөн идэвхтэй үйлдэл хийж, энэхүү үйлдлийн улмаас хохирогч Н.Агийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан хоёрын хооронд шалтгаант холбоотой байна гэж үзэв.

 

Хохирогч Н.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.12 дахь хэсэгт заасан “Явган зорчигч нь аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах, зам хөндлөн гарч байхдаа алгуурлах” гэсэн заалтыг зөрчсөн талаар Мөрдөгчийн магадлагаагаар тогтоосон болохыг дурдах нь зүйтэй.

 

Гэхдээ шүүгдэгч Б.Мгийн үйлдэл нь дээрх гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Б.М нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасанд нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Мөн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

                                                                     

Улсын яллагч: “Шүүгдэгч Б.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэх саналыг гаргасан.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд байна. Харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх шүүгдэгч Б.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал нь болгоомжгүй хэлбэртэй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа хувийн байдал, гэмт хэргийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлыг барагдуулахаа илэрхийлсэн байдал зэргийг тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан түүнийг ялаас чөлөөлөх үндэслэлтэй гэж үзлээ..

           

Бусад асуудлаар

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

 

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэйгэж тус тус зааснаар шүүгдэгч Б.М нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй байх ба хохирогч Ад шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 2.683.460 төгрөг буюу хохирогч “Сонгдо” эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн төлбөр, эм авсан баримт, эмнэлгийн шинжилгээ хийлгэх хэвтэн эмчлүүлэхээ явахад гарсан шатахууны зардал, хүүхэд харуулах үйлчилгээний хөлс зэргийг төлсөн тул шүүгдэгч Б.М нь энэ шүүх хуралдаанаар бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Өмгөөлөгчийн зардлыг гаргуулахгүй байхаар шийдвэрлэлээ. Учир нь уг хэрэг нь гөмт хэргийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд талууд заавал өмгөөлөгч авах шаардлага байдаггүй бөгөөд хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ нь иргэний эрх зүйн сайн дурын үндсэн дээр хийгддэг. Иргэн хэдэн ч өмгөөлөгч, сонгон авах, ямар хөлстэй гэрээ байгуулах нь гэрээний талуудын чөлөөт байдалд тулгуурлаж хийгддэг тул гэмт хэргийн улмаас шууд учирсан хохирол гэж үзэхэд учир дутагдалтай юм. Мөн ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилсэн байдал нь хангалттай нотлогдохгүй байна. Байгууллагын тодорхойлолтоос өөр баримт байхгүй. Зүй нь уг баримтыг дэмжих цалингийн орлогоос татвар, даатгал, хуульд заасан бусад шимтгэл төлдөг эсэх талаар төрийн бусад байгууллагын албан ёсны нотлох баримт байх учиртай. Цалингийн зээлийн төлбөрийг нэхэмжлэх нь энэ хэрэгт хамааралгүй байна. Гэмт хэрэг болохоос өмнө өөр зорилгоор санхүүгийн байгууллагаас иргэний эрх зүйн харилцааны гэрээ байгуулж үүссэн үүргийн харилцаа байна. Харин хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, мөн цаашид гарах эмчилгээ, сувилгаатай холбоотой зардлаа нотлох баримтаа нөхөж болон нэмж бүрдүүлэн жич иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй. 

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч Б.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б.Мг ялаас чөлөөлсүгэй.

 

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Н.А нь гэм хорын хохиролоо бүрэн нотолж, мөн цаашид гарах зардлаа баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэйг тус тус дурдсугай.

 

4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.МӨНХТУЛГА