Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 369

 

 

 

 

 

 

 

   2022        03          14                                     2022/ШЦТ/369

 

-          

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхтулга даргалж,

нарийн бичгийн дарга Б.Хулан,

улсын яллагч Н.Ганчимэг /томилолтоор/,

шүүгдэгч Б.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.Н холбогдох эрүүгийн 2206 00000 0367 дугаар хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 04-ны өдрөөс 05-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ера” нэртэй зочид буудлын 322 тоот өрөөнд үйлчлүүлж байхдаа 42 инчийн "Монел" загварын зурагт руу пивоны шил шидэн, дахин ашиглах боломжгүй болгон устгаж, иргэн Б.Зуунбэлэгт 480,000 төгрөгийн хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Нөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн хэргийг шүүх хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Н шүүхийн хэлэлцүүлэгт: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Хэргийн үйл баримтын талаар

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 1 дүгээр хуудас/,

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 3 дугаар хуудас/,

Эд зүйл хүлээн авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 6 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Зуунбэлэгийн “Миний бие 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ера” нэртэй зочид буудалд хүний нөөц хариуцаад зохин байгуулагчаар нь ажиллаж байгаа. 2022 оны 1 дүгээр сарын 04-05-нд шилжих шөнө “Ера” зочид буудлын 322 тоо өрөөнд орсон үйлчлүүлэгч өрөөнд байсан зурагтыг хагалсан. Тухайн цаг хугацаанд ажиллаж байсан үйлчлэгч Туяа нь энэ асуудлын талаар гомдол гаргахад хохирогчоор мэдүүлэг өгч байсан. Гэвч Туяа нь 2 хоногийн өмнөөс ажлаасаа гарсан учир би хохирлын талаар мэдүүлэг өгөхөөр болж байна. 322 тоот өрөөнд 42 инчийн Монелийн хар өнгөтэй зурагт байсан юм. Зурагт одоо ямар ч ажиллагаагүй дэлгэц нь хагарсан байгаа. 2021 оны 12 дугаар сард худалдаж аваад дөнгөж шинээр нь тавиад байж байсан юм. Манай зочид буудалд уг зурагтыг 750.000 төгрөгөөр үнэлсэн байгаа. Иймд хохирлоо төлүүлж авах хүсэлтэй байна.." гэх мэдүүлэг,/ хх-ийн 15 дугаар хуудас/,

"Дамно" ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан  /хх-ийн 21-22 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Б.Нийн өгсөн: “Хагарсан зурагтыг би төлж барагдуулна. Яаж хагалснаа би санахгүй байна. Найзуудаасаа асуухад Бат-Амгалан нь намайг пивоны шил аваад шидчихсэн гэж хэлсэн. Тэр талаар би өөрөө юу ч санахгүй байгаа. Буудлын өрөөнд шөнө архи уугаад сууж байснаа хальт санаж байна. Тэгээд нэг мэдэхэд өглөө буудлын өрөөнд нэг эмэгтэй хүнтэй хамт байгаад сэрсэн.” / хх-ийн 37 дугаар хуудас/  гэх мэдүүлэг

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 25 дугаар хуудас),

Байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 27 дугаар хуудас),

Гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хавтаст хэргийн 28 дугаар хуудас),

            Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 26 дугаар хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

            Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт

 

Гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч “Шүүгдэгч Б.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 04-ны өдрөөс 05-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ера” нэртэй зочид буудлын 322 тоот өрөөнд үйлчлүүлж байхдаа 42 инчийн "Монел" загварын зурагт руу пивоны шил шидэн, дахин ашиглах боломжгүй болгон устгасан болох нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Улсын яллагч шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцуулах саналтай.” гэх дүгнэлт гаргасан бөгөөд шүүгдэгч Б.Н нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

Үйл баримтын талаарх дүгнэлт

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч Б.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 04-ны өдрөөс 05-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ера” нэртэй зочид буудлын 322 тоот өрөөнд үйлчлүүлж байхдаа 42 инчийн "Монел" загварын зурагт руу пивоны шил шидэн, дахин ашиглах боломжгүй болгон устгасан гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан байна.

 

            Дамно” ХХК-ний “Хөрөнгийн үнэлгээний тайлан”-аар зурагт 486,000 төгрөгөөр үнэлэгджээ. 

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна

 

Эрх зүйн дүгнэлт

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэргийг хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг заасан.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.

 

Эд хөрөнгө устгасан” гэж эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглах, эзэмших боломжгүй болгосныг, “Эд хөрөнгө гэмтээсэн” гэж эд хөрөнгөд гэмтэл учруулж, эд хөрөнгийг сэргээж засварласны дараагаар зориулалтын дагуу ашиглах, эзэмших боломжтой байхыг тус тус ойлгоно.

 

Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-т “бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” буюу 300,000 төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгоно гэж заасан байдаг ба Хөрөнгийн үнэлгээний тайлангаар  480,000 төгрөгийн хохирол учирсан нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан гэж үзнэ.

 

Шүүгдэгч Б.Н нь “Ера” нэртэй зочид буудлын 322 тоот өрөөнд үйлчлүүлж байхдаа 42 инчийн "Монел" загварын зурагт руу пивоны шил шидэн, дахин ашиглах боломжгүй болгон устгаж зориулалтын дагуу ашиглах, эзэмших боломжгүй болгосон нь “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэргийн “Эд хөрөнгө устгасан” гэх объектив талын шинжийг хангаж байна.

 

Шүүгдэгч Б.Н нь загварын зурагт руу пивоны шил шидэн, эд хөрөнгийг устгасан үйлдлийн улмаас хохирогчид 480,000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруугийн санаатай үйлдэл, хохирогчид учирсан бага хэмжээнээс дээш хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Нийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж үзэв.

 

Иймд шүүгдэгч Б.Нийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх ба түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, хохирогчид хохирол төлбөрийг нөхөн төлсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнөгэж тус тус заасан.

 

Шүүгдэгч Б.Н нь хөрөнгийн үнэлгээгээр тогтоогдсон хохирол болох 480,000 төгрөгийг хохирогч Бт төлж барагдуулсан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Нийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг танилцуулж, Б.Н уг саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.

 

Шүүх шүүгдэгч Б.Нөд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

           

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нөд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй байна.

 

Бусад асуудлаар:

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Н нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч Б.Нөд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Б.Н нь оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд төлөх үүрэгтэй бөгөөд төлөөгүй тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Н нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Нөд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ц.МӨНХТУЛГА