Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 367

 

                                                                                                                      

 

 

 

 

 

 

  2022         03           14                                  2022/ШЦТ/367

 

 

           

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж,

      Нарийн бичгийн дарга Б.Хулан,

   Улсын яллагч Б.Оюунцэцэг,

Шүүгдэгч Б.П түүний өмгөөлөгч Б.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

            Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн холбогдох эрүүгийн 2106 01791 0042 дугаартай хэргийг 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.П нь 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 2 дугаар гудамжны 174 тоотод байх монгол гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Г.Нгийн толгойн тус газарт аягаар 2 удаа цохиж түүний биед нь зүүн зулай, дух, чамархай, суурь ясны үргэлжилсэн нийлмэл хугарал, зүүн тал бөмбөлгийн дух, зулай, чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн суурь хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, дагзны хуйханд шарх гэмтэл үүсгэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                               

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүгдэгч Б.П нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Нгийн “2021 оны 05 дугаар сарын 21-ний орой 18 цагийн үед өөрийн зүс таних урьд өмнө нь буюу 1 сар орчмын өмнө танилцсан Дэлгэрмаа гэх эгчийн гэрт найз Оогийтой цуг очихоор явж байгаад Хонгорзул дэлгүүрийн үүдэнд Дэлгэрмаа эгчтэй таараад цуг гэрт нь орсон... архийг уунгаа юм ярьж сууж байхад 19 цагийн үед Дэлгэрмаа эгчийн гэрт миний мөн л урьд өмнө нь 2-3 удаа харж байсан Хөөрхөн Пүрэвээ гэж дууддаг ах өөрийн эхнэрийн хамт 1 архитай орж ирсэн. Тэгээд тухайн архийг нь мөн л юм ярингаа уугаад сууж байхад манай найз болох Оогий нь өөрийн гэр лүү явлаа гээд яваад өгсөн ба түүнээс хойш бид нар удалгүй орой болсон тул хоол хийж идэхээр болсон ба сүүлд орж ирсэн хөөрхөн Пүрэвээ гэх ах нь авч ирсэн архиа ууж дуусаад эхнэрийн хамт явлаа гээд гэрээс гарч яваад удалгүй буцаад эхнэрийн хамт дахин шил архитай орж ирсэн тул Дэлгэрмаа эгч болон түүний хуурай дүү бид тав тухайн авч ирсэн архийг нь уугаад сууж байхад буюу би авч ирсэн архийг нь гэрийн баганын ард талд газар суугаад аягалж байгаад нөгөө миний баруун талд сууж байсан хөөрхөн Пүрэвээ гэх ах нь босож ирээд миний толгойн ар хэсэгт шилэн аягаар 1 удаа маш чанга цохиход нь би өөрийн баруун гараараа дараад яаж байна аа, толгой хагалчихлаа гэж хэлээд толгойгоо бариад үзтэл маш их хэмжээний цус миний толгойн арын дагз хэсгээс гарч байсан ба нөгөө хөөрхөн Пүрэвээ гэх ах энэ үед дахин миний толгойд аягаар цохисон ба энэ үед миний толгойноос цус гараад тогтохгүй байхаар нь өөрийн өмсөж явсан цамцаа тайлаад толгой дээрээ дарсан боловч цус нь тогтохгүй, дийлдэхгүй байсан ба нөгөө миний толгой руу аягаар цохисон Хөөрхөн Пүрэвээ гэж дууддаг Б.П нь гэрээс гараад зугтаасан ба дахин орж ирээгүй. Тэгээд би тухайн үед ухаан балартаад маш хүнд байдалд орох үед нөгөө хөөрхөн Пүрэвээ гэж дууддаг Б.П гэх хүний хамт явсан эхнэр нь түргэн тусламж дуудна гээд түргэн тусламж дуудаад удалгүй түргэн тусламж болон цагдаа ирээд намайг Гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. Ингээд би нэг сэрсэн чинь гэмтлийн эмнэлэг дотор гартаа тариа хийлгэчихсэн сэрсэн ба эмч нь намайг үзээд миний толгойн яс бэртэж, дагзны ар хэсэгт гэмтэл учирсан, цус хуралттай байна яаралтай эмчилгээ хийлгэх шаардлагатай гээд хүчтэй эм тариа гаднаас авч хийж, олон тооны дусал хийж, 9 хоног гавал тархины тасагт хэвтэн эмчилгээ хийлгэсэн ба эмнэлгээс гараад багцаагаар 20 хоног орчим биеийн хүчний ажил хийж болохгүй, байнга толгой өвдөж, эм ууж байгаад гайгүй болсон. Би тэр өдөр хэн нэгний биед халдсан зүйл байхгүй. Харин миний толгойн ар хэсэгт хөөрхөн Пүрэвээ гэх хочтой Б.П гэх хүн 2 удаа аягаар цохиж гэмтэл учруулсан. Би тухайн Б.П нь ямар шалтгаанаар миний толгой хэсэгт аягаар цохиж гэмтэл учруулсныг мэдэхгүй байна, бид нар 3-н шил архи хувааж уусан тул согтуу байсан... Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байдаг Дэлгэрмаа гэх хүний гэрт архи согтууруулах ундаа хэрэглэж байхад тэнд байсан зүс таних Б.П гэх хүн нь миний толгойн ар хэсэгт болон толгойн зүүн талд 2 удаа аягаар хүчтэй цохисноос болж дээрх гэмтэл шархыг авсан." /хавтаст хэргийн 23-26 дахь тал/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Нандинцэцэгийн "Намайг уг газар ирэхэд тус тоотод гэрийн эзэн гэх Дэлгэрмаа, Батням болон хохирогч Н нар унтаж байсан. Тэгээд нөхөр бид хоёр гэрт ороод ирэхэд Н намайг янхан минь ийм хоол авч ирдэггүй юм гэхэд манай нөхөр П нь ширээн дээр байсан аягыг аваад Пгийн толгой руу шидсэн. Тэгтэл Нгийн толгой хэсгээс их хэмжээний цус гарсан. Тэгтэл П гараад зугтаасан. Тэгээд Батням цагдаа болон 103 дуудсан. П Н руу аяга л шидсэн. Өөр цохиж зодоогүй.” /хавтаст хэргийн 33 дахь тал/ гэх мэдүүлэг

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн №6069 дугаартай “Г.Нгийн биед зүүн зулай, дух чамархай, суурь ясны үргэлжилсэн нийлмэл хугарал, зүүн тал бөмбөлгийн дух, зулай, чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн суурь хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, дагзны хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Уг гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь учрах үедээ амь биед аюултай гэмтэл гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй." /хавтаст хэргийн 41, 42 дахь тал/ гэх дүгнэлт

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 11-15 дахь тал/,

Мөрдөн ажиллагаанд яллагдагч Б.Пгийн өгсөн “Г.Н гэх залуугийн толгойн ар хэсэг рүү тус бүр бор өнгийн цайны аягаар эхлээд нэг удаа толгойн ар хэсэг рүү цохиход аяга зүгээр байсан ба хоёр дахь удаагаа цохисон чинь уг цайны аяга хагарчихсан, тэгээд Г.Нг цусаа тогтоож байхад нь Дэлгэрмаа авгай уг цайны аяганы хагархайг гаргаад хаячихсан санаж байна. Би маргааш нь эрүүлжүүлэх байрнаас гараад уг хэрэг болсон Дэлгэрмаа авгайн гэрт нь очиход Дэлгэрмаа авгайн хашаан дотор нөгөө миний Г.Нгийн толгой руу цохиход хагарсан аяганы хэсэг байсан.” /хавтаст хэргийн 65 дахь тал/ гэх мэдүүлэг,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 111 дүгээр хуудас),

            Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 103 дугаар хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

           

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч “шүүгдэгч Б.П нь 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 2 дугаар гудамжны 174 тоотод байх монгол гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Г.Нгийн толгойн тус газарт аягаар 2 удаа цохиж түүний биед нь зүүн зулай, дух, чамархай, суурь ясны үргэлжилсэн нийлмэл хугарал, зүүн тал бөмбөлгийн дух, зулай, чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн суурь хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, дагзны хуйханд шарх гэмтэл үүсгэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцуулах саналтай.” гэх дүгнэлт гаргасан бөгөөд шүүгдэгч Б.П нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

            Үйл баримтын талаарх дүгнэлт

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч Б.П нь хохирогч Г.Нгийн биед зүүн зулай, дух чамархай, суурь ясны үргэлжилсэн нийлмэл хугарал, зүүн тал бөмбөлгийн дух, зулай, чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн суурь хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, дагзны хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Уг гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь учрах үедээ амь биед аюултай гэмтэл гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд хохирол санаатай учруулсан болох нь үйл баримт тогтоогдож байна.

 

            Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн №6069 дугаартай “Г.Нгийн биед зүүн зулай, дух чамархай, суурь ясны үргэлжилсэн нийлмэл хугарал, зүүн тал бөмбөлгийн дух, зулай, чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, зүүн тал бөмбөлгийн чамархайн дэлбэнгийн суурь хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, дагзны хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Уг гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь учрах үедээ амь биед аюултай гэмтэл гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарахаар тогтоож, хохирогч Б.Пгийн эрүүл мэндэд хүнд хохирол, хохирогч Г.Нгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирчээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна гэж үзэв.  

 

Эрх зүйн дүгнэлт

                     

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан

 

Шүүгдэгч Б.П нь хохирогч Г.Нгийн эрүүл мэндэд халдсан байдал нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Шүүгдэгч Б.Пгийн үйлдэл нь дээрх гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлийн хувьд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэснээс болон үл ялих зүйлээр шалтаглан маргалдсанаас үүдэж гэмт хэрэг гарсан байна гэж үзэв.

 

Хохирол, хор уршгийн талаар

 

            Хохирогч Г.Н нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон эмчилгээний зардалтай холбоотой баримт гаргаж өгөөгүй, хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгч Б.П нь бусдад төлөх төлбөргүй. Гэхдээ хохирогч нь гэм хорын хохирол, түүнтэй холбоотой цаашид гарах зардал байвал нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэл гарган шийдүүлэх боломжтой болно.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Б.П нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Мөн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

                                                                     

Улсын яллагч: “Шүүгдэгч Б.Пд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх.” гэх саналыг гаргасан.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

 

Шүүх шүүгдэгч Б.Пд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч ойлгож ухамсарласан байдал, гэм буруугийн хэлбэр, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй хувийн байдал, гэмт хэргийн ангилал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Бусад асуудлаар

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Пгийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч Б.Пд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, энэ өдрөөс эхлэн эдлэх ялыг нь тоолов.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Пг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Пд 2 /хоёр/ жил хорих ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Пд оногдуулсан 2 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

            4. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч                Б.Пд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.П нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

 

6. Хохирогч Г.Н нь хохирол, хор уршигтай холбогдуулан цаашид гарах зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Б.Пд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХТУЛГА