Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2016/0642

 

 

 

 

 

2016 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2016/0642

Улаанбаатар хот

 

 

“М ц х” ХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч С.Мөнхжаргал, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Батзориг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, Ж.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 571 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Сувд-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлоор “М ц х” ХК-ийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч “М ц х” ХК-ийн гүйцэтгэх захирал Т.Б 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа:

“...нийслэлийн Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн А/347 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”-ыг хүсчээ.

Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 571 дүгээр шийдвэрээр:

“1.Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.6, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, Цагдаагийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.9, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3, Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.3, 14 дүгээр зүйлийн 14.1.15, 14.1.17, Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, 83.8-д заасныг тус тус баримтлан “М ц х” ХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, нийслэлийн Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн А/347 дугаар захирамжийг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

Гурав. Хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Сувд-Эрдэнэ дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2016 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...1.Анхан шатны шүүх “М ц х” ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж нийслэлийн Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн А/347 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэхээ Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.15-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төсвийн”, 14 дүгээр зүйлийн 14.1.17-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга тухайн шатны орон нутгийн энэ хуулийн 14.1.15, 14.1.16-д зааснаас бусад төсвийн ерөнхий захирагч байна” гэж заасны дагуу нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төсвийн ерөнхий захирагч байна.

Нийслэлийн Засаг даргын нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төсвийн асуудалд оролцох эрхийг хуулиар олгоогүй тул маргаан бүхий захиргааны актын дагуу нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд интернет болон суурин утасны үйлчилгээ үзүүлэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулахаар шийдвэрлэсэн нь хууль бус юм.

Түүнчлэн “...нийслэлийн Засаг дарга нийслэлийн нутаг дэвсгэрт төрийн удирдлагыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий засаг төрийн төлөөлөгч байхын хувьд нутгийн өөрөө удирдах байгууллагын хуулиар заагласан асуудалд оролцох эрхгүй” гэж шийдвэрлэсэн нь “М ц х” ХК-ийн эрх ашиг хөндөгдөөгүй гэдгийг харуулж байна.

2. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүрэг төсөвтэй байна”, Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.3, 14 дүгээр зүйлийн 14.1.17-д зааснаар дүүрэг нь нийслэлээс тусдаа төсөвтэй бөгөөд дүүргийн Засаг дарга дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталж өгсөн төсвийн хүрээнд харьяалах нутаг дэвсгэрийн төсвийн ерөнхий захирагч байдаг тул нийслэлийн Засаг дарга дүүргийн Засаг даргын бүрэн эрхэд хөндлөнгөөс оролцож дүүргийн төсвөөс санхүүжүүлэх дүүргийн хэмжээний интернет, суурин утасны үйлчилгээ үзүүлэх аж ахуйн нэгжийг сонгох, авах үйлчилгээний үнийг тогтоох эрхгүй гэсэн нь “М ц х” ХК-ийн эрх ашиг, сонирхол хөндөгдөөгүй байна гэдгийг мөн харуулж байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт “Маргаан бүхий захиргааны акт иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн нь тогтоогдсон бол энэ хуулийн 6.1-д заасан захиргааны байгууллага, албан тушаалтан уг актыг хүчин төгөлдөр үйлчилж байгаа, эсхүл ирээдүйд хүчин төгөлдөр болох эсэхээс үл хамааран бүхэлд нь буюу холбогдох хэсгийг хүчингүй болгосон шийдвэр гаргана” гэж заасан байдаг.

“М ц х” ХК-ийн гаргасан гомдлын дагуу Шударга, өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас тендерийн бүх материалтай танилцаж 2016 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 1/432 тоот албан бичгээр “...тухайн тендерийн бичиг баримт өрсөлдөөнийг хязгаарлах ямар нэгэн зөрчил байхгүй тул цаашид тендерийг үргэлжлүүлэн явуулахыг үүгээр мэдэгдэж байна” гэж мэдэгдсэн нь хязгаарласан зүйлгүй харин ч энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг бүх компаниудад уг тендерт оролцох эрхийг бүрэн хангаж өгсөн.

3 Цагдаагийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.9, Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, 83.8 дахь хэсгийг тус тус баримтлан “М ц х” ХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд хангаж шийдвэрлэсэн нь хууль буруу хэрэглэснийг батлан харуулж байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 571 дүгээр шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нийслэлийн Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 4-ний өдрийн А/347 дугаар захирамжаар нийслэлийн харилцаа холбооны зардлыг хэмнэх зорилгоор нийслэлийн хэмжээнд мэдээллийн аюулгүй байдлыг хангах, нийслэлийн бүх шатны байгууллагуудын интернет болон суурин утасны үйлчилгээнд шинэ дэвшилтэт технологийг нэвтрүүлсэн үйлчилгээг авч, одоогийн харилцаа холбооны зардлыг хэмнэж ажиллах, мөн уг үйлчилгээг үзүүлэгч гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог байгуулан хууль, журамд нийцүүлэн сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, ажиллахыг тус тус Мэдээллийн технологийн газарт үүрэг болгосноос гадна энэхүү үйлчилгээнд хамрагдаж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагатай гэрээ байгуулж ажиллахыг нийслэлийн засаг захиргааны бүх шатны байгууллага, орон нутгийн өмчит хуулийн этгээдийн удирдлагуудад үүрэг болгосонтой байх тул анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ Төсвийн тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Цагдаагийн албаны тухай, Гамшгаас хамгаалах тухай хуульд заасан зохицуулалтын талаар маргаанд холбогдуулан зөв тайлбарлан хэрэглэж, эдгээр байгууллагын төсвийн талаарх эрх хэмжээнд халдсан гэж дүгнэснийг буруутгах боломжгүй.

Холбогдох хуулиудаар нийслэлийн Засаг дарга нь нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн зорилт болон жилийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөл, гүйцэтгэлийн тайлан, орон нутгийн төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах, аж ахуйн нэгж, байгууллагын тээвэр, холбооны хэрэгслийн талаар харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд чиглэл өгөх арга хэмжээ авах бүрэн эрхтэй, мөн шүүхийн шийдвэрт үндэслэсэн дээрх хуулийн зохицуулалт нь нэхэмжлэгчид хамааралгүй мэт боловч “М ц х” ХК Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2015 оны 13 дугаар тогтоолоор суурин телефон холбооны үйлчилгээний зах зээлд давамгай байдалтай аж ахуйн нэгжээр тогтоогдсоноос гадна интернет болон суурин утасны үйлчилгээг нэг аж ахуйн нэгжээс авахаар шийдвэрлэсэн нь, түүнчлэн өөр өөрийн батлагдсан төсвийн хүрээнд бие даан шийдвэрлэх асуудлыг ийнхүү нэгтгэн шийдвэрлэснээрээ хуульд заасан төсвийн ерөнхийлөн захирагч нарын эрх хэмжээнд халдсан төдийгүй нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчигдөхөд хүргэжээ.

Захирамжийн гол үндэслэл болсон Харилцаа холбооны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасан “нутаг дэвсгэртээ харилцаа холбооны үйлчилгээг сайжруулах арга хэмжээг холбогдох байгууллагатай хамтран хэрэгжүүлэх” бүрэн эрх нь зөвхөн нийслэлийн бус бүх шатны Засаг даргад хамааралтай зохицуулалт.

Мөн Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.17-д зааснаар нийслэлийн Засаг дарга тухайн шатны орон нутгийн төсвийн ерөнхийлөн захирагч байх бөгөөд уг зүйлийн 14.2.3-т зааснаар өөрийн эрхлэх асуудлын хүрээнд төсвийг үр ашигтай удирдах, гүйцэтгэлийг хангах эрхтэй байна.

Гэтэл дээрх захирамжид болон захирамжийг хэрэгжүүлэх хүрээнд нийслэлийн Мэдээллийн технологийн газраас зарласан тендерийн баримт бичгийн 57 дахь талд уг тендерт нийслэлийн бүх шатны 95 байгууллага, 9 дүүрэг, 152 хороо, 20 салбар, үйлчилгээний 3 нэгдсэн төв, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Улаанбаатар хотын цагдаагийн газар, орон нутгийн өмчит үйлдвэрийн газрууд, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК зэрэг нийт 279 байгууллага хамрагдахаар заасан нь тухайлбал нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулан хэрэгжүүлдэг иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон түүнд ажлаа хариуцан тайлагнадаг байгууллагын даргын тухайн байгууллагын төсвийн ерөнхийлөн захирагч байх хуульд заасан бүрэн эрхэд шууд халдсан шинжийг агуулжээ.

“М ц х” ХК-иас 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ улсын тэмдэгтийн хураамжид дахин 70200 төгрөг төлсөн байх тул шүүхийн шийдвэрээр үүнийг хариуцагчаас гаргуулах бус харин Чингэлтэй дүүргийн татварын хэлтсээс буцаан гаргуулах нь зүйтэй.

Иймд дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, харин шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад хууль хэрэглээний, 2 дахь заалтад улсын тэмдэгтийн хураамжийн үнийн дүнд тус тус зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 571 дүгээр шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтын “Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.6, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, Цагдаагийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.9, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3, Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.3, 14 дүгээр зүйлийн 14.1.15, 14.1.17, Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, 83.8-д...” гэснийг “Харилцаа холбооны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3-т...” гэж;

2 дахь заалтын “...140400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 140400 төгрөг гаргуулж...” гэснийг “...70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч болон Чингэлтэй дүүргийн татварын хэлтсээс тус тус 70200 төгрөг гаргуулж...” гэж өөрчлөн бусад заалтыг хэвээр үлдээн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Сувд-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй. 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН