Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 42

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Номинтунгалаг,

Улсын яллагч: Ц.Бямбадорж,

Шүүгдэгч М.Амгаланбаатарын өмгөөлөгч Н.Сундуй,  

Шүүгдэгч: М.Амгаланбаатар, Ш.Насанжаргал, Н.Энхтайван /өөрөө өөрсдийгөө өмгөөлcөн/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Өмнөговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Насанжаргал, Н.Энхтайван, М.Амгаланбаатар нарт холбогдох 201616010060 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.         

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1959 оны 04 дүгээр сарын 24-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 57 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, мужаан жолооч мэргэжилтэй, “Өгөөмөр трейд” ХХК-нд харуул хамгаалалтын ажилтнаар ажиллаж байсан, ам бүл 7, эхнэр, 3 охин, 2 зээ хүүгийн хамт Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 27 дугаар хороо, Дунд Дарь-Эхийн 37 дугаар гудамж 1941 тоотод оршин суух, урьд нь 1979 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 76 дугаар зүйлийн б-д зааснаар 2 жил 6 сар хорих ялаар, 1984 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 76 дугаар зүйлийн б-д зааснаар 1 жилийн хорих ялаар, 1986 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2-д зааснаар 4 жилийн хорих ялаар, 1998 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дугаар зүйлийн 3-д зааснаар 3 жилийн хорих ял оногдуулсныг 3 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан, 1999 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239  дугаар зүйлийн 3-д зааснаар 4 жилийн хорих ялаар, 2009 оны 4 сарын 20-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сар хорих ялаар шийтгүүлж, 2012 оны 4  сарын 25-ны өдөр 1 жил 7 сар 27 хоногийг хугацааны өмнө тэнсэн сулласан, Боржигон овогт Шагдарын Насанжаргал /РД:МЭ59042418/,

Монгол Улсын иргэн, 1960 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 56 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Өгөөмөр трейд” ХХК-нд харуул хамгаалалтын ажилтнаар ажиллаж байсан, ам бүл 2, эхийн хамт Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, 5 дугаар хороолол, усны гудамж 1а байр, 85 тоотод оршин суух, Тайж овогт Нямдоржийн Энхтайван /РД:ХА60122974/,

Монгол Улсын иргэн, 1988 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, халх, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Өмнөговь аймаг, Ханбогд сум, Баян баг, Баян хөөвөр 19-37 тоотод оршин суух Ундай овогт Мөнх-Өлзийгийн Амгаланбаатар /РД:КЮ88081773/

        Үйлдсэн хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

            Шүүгдэгч Ш.Насанжаргал нь тус аймгийн Ханбогд сумын Баян багийн нутагт байх “Зонхэн Юу Тиан” ХХК-ийн кемпийн харуул хамгаалалтыг гэрээгээр хариуцсан “Өгөөмөр Трейд” ХХК-нд хөдөлмөрийн гэрээ байгуулан тус кемпийн харуул хамгаалалтыг хариуцан ажиллаж байхдаа яллагдагч М.Амгаланбаатартай бүлэглэн 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр тус кемпээс  М.Амгаланбаатарын эзэмшлийн УАЗ 31512 маркийн тээврийн хэрэгсэл, чиргүүлд 800,000 төгрөгний үнэ бүхий LHM46 маркийн гидрийн шингэн 1 ширхэг, 200 литрийн савалгаатай гидрийн шингэн 59  ширхэг, 128,000 төгрөгний үнэ бүхий GL-5 85W/90  маркийн 20 литрийн савалгаатай кропны тос 9 ширхэг, 65,000 төгрөгний үнэ бүхий 8W-90/G5 маркийн 4 литрийн савалгаатай кропны тос 4 ширхэг, 48,000 төгрөгний үнэ бүхий 5W-30 маркийн 4 литрийн савалгаатай моторын тос 13 ширхэг эд зүйлийг тус тус завшиж, үрэгдүүлсний улмаас “Зонхэн Юу Тиан” ХХК-нд 7,556,000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт,

            Шүүгдэгч Ш.Насанжаргал, Н.Энхтайван нар нь тус аймгийн Ханбогд сумын Баян багийн нутагт байх “Зонхэн Юу Тиан” ХХК-ийн кемпийн харуул хамгаалалтыг гэрээгээр хариуцсан “Өгөөмөр Трейд” ХХК-нд хөдөлмөрийн гэрээ байгуулан тус кемпийн харуул хамгаалалтыг хариуцан ажиллаж байхдаа яллагдагч Ш.Насанжаргал, М.Амгаланбаатар нар нь давтан үйлдлээр Н.Энхтайван, М.Амарбаясгалан нартай бүлэглэн 2016 оны 05 дугаар сарын 20-ны орой тус кемпээс 15,000,000 төгрөгний үнэ бүхий Volvo KH-120GF 120KW маркийн цахилгаан үүсгүүрийг завшиж, үрэгдүүлсний улмаас “Зонхэн Юу Тиан” ХХК-нд 15,000,000 төгрөгний буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Насанжаргал мэдүүлэхдээ: 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр ажил дээрээ байж байхад Амгаланбаатар ирсэн. Бид хоёр ярьж тохиролцож би өөрийнхөө хариуцдаг байсан континараас тос тосолгооны материалыг авч  Амгаланбаатарт өгч явуулсан. Зарчихаад надад 200.000 төгрөг өгөөрэй гэж хэлсэн. Амгаланбаатар надад тамхи бензин зэргийг өгдөг байсан. 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Энхтайван Улаанбаатар хотоос томилогдон ирсэн. Энхтайван бид 2 нэг гэрт амьдардаг байсан. Энхтайван, Амгаланбаатар нартай бүлэглэн цахилгаан үүсгүүрийн моторыг кемпээс гаргаж, Амгаланбаатарын дүү Амараагийн машинд ачаад Улаанбаатар хот руу явуулсан гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Энхтайван мэдүүлэхдээ: Би 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр ажилд орсон. Намайг ажилд ороод 2 хонож байхад Насанжаргал надад цахилгаан моторыг зарах тухай хэлсэн. Тэгээд би зөвшөөрч 2016 оны 05 дугаар сарын 20-ны орой Насанжаргал, Амгаланбаатар, түүний дүүтэй хамт 4-лээ нийлэн кемпээс гаргасан. 20 цаг 45 минутын үед Улаанбаатар хот руу явсан. 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдөр миний бие өвдөөд 500.000 төгрөг авч хот руу явсан гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Амгаланбаатар мэдүүлэхдээ: 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Насанжаргал ахтай нийлж тос тосолгооны материалыг кемпээс гаргаж зарсан. Дараа нь 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр цахилгаан үүсгүүрийн моторыг Насанжаргал, Энхтайван нартай нийлж дүүгийнхээ машинд ачин Улаанбаатар хотод авчирч зарсан гэв.

Мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч БНХАУ-ын иргэн Ван Чао Бин /Wang Chao Bin/-гийн “...Манай “Зон Хэн Юу Тиан” ХХК нь БНХАУ-ын хөрөнгө оруулалттай бөгөөд газры тосны хайгуулын чиглэлээр 2009 оноос эхлэн Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг Галба 11 талбайд үйл ажиллагаа явуулж байна. 2012 оны 11 дүгээр сард үйл ажиллагаагаа зогсоогоод нутаг буцахдаа Ханбогд сумын Баян багийн нутагт байх компанийн 9 кемпийг харуул хамгаалалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Өгөөмөр трейд” ХХК-тай гэрээ байгуулан хүлээлгэн өгсөн. Түүнээс хойш хэдэн кемп нь татан буугдаад одоогоор 5 кемп байгаа ба тэдгээрийн нэг кемпэд эд зүйл дутагдсан юм. 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр харуул хамгаалалтын компанийн Энхжаргал нарыг байлцуулан тооллого хийж үзэхэд цахилгаан үүсгүүр, тос, масло зэрэг эд зүйлс дутсан бөгөөд тэдгээр зүйлс хадгалагдаж байсан контейнеруудын цоожийг эвдэж онгойлгоод буцаагаад цоожтой мэт харагдахаар зүүсэн байсан. Хамгийн үнэтэй нь “Волва” маркийн 120 кв-тын цахилгаан гаргагч мотор байсан. 2 жил ашигласан гадаа ил тавиастай хадгалж байсан. Тухайн моторын астачер нь эвдэрхий байх ёстой. Бусад эд ангиуд бүрэн бүтэн байсан. Манай компанийн кемп дэх эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах үүргийг “Өгөөмөр трейд” ХХК гэрээгээр хүлээж байгаа” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч БНХАУ-ын иргэн Батнасан /Batai/-гийн “...Одоогоор 120 квт-ын цахилгаан үүсгүүр 1 ширхэг, 200 литрийн гидрийн шингэн 1 сав, 20 литрийн гидрийн шингэн 59 сав, 20 литрийн кропны тос 9 сав, моторын тос 4 литрийн 17 ширхгийг хэрэгт шалгагдаж байгаа хүмүүс манай компанид буцааж өгсөн. Манай компанийн зүгээс хэрэг холбогдсон хүмүүст гомдол, санал байхгүй, хохирол тодорхой хэмжээгээр төлөгдсөн учраас нэхэмжлэх зүйлгүй, хэргийн материалтай танилцахгүй, шүүх хуралдаан суухгүй” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Э.Дэмбэрэлбаярын “...2016 оын 05 дугаар сарын 17-ны өдөр миний утас руу өөрийгөө Амарбаясгалан гэж танилцуулсан залуу 88775587 дугаараас залгаж холбогдоод “надад 2 жил хадгалсан цахилгаан үүсгүүр байна. Үүнийг өөрийнхөө Ландкруйзер-80 маркийн автомашины өрөнд авсан зарж машины өртгөө олж авах гэсэн юм. Та худалдаж авах боломж байна уу” гэж ярьсан. Зургаас харахад тэр мотор нь 120 квт-ын чадалтай “Волва” хөдөлгүүртэй цахилгаан үүсгүүр гэдэг нь харагдаж байсан. Би зургийг нь хараад тодорхойлох боломжгүй чи заръя гэж бодож байвал Улаанбаатар хотод аваар ир ирэхээр нь үзэж харъя гэсэн. Тэгтэл Амарбаясгалан би хөдөө яваад генераторыг ачиж авчраад өөрт чинь үзүүлье гэж утсаар ярьсан. Тэгээд 2 хоногийн дараа над руу залгаад генераторыг ачаад аваад ирсэн. Тахилтад байна ирж үзээрэй гэхээр нь би заасан газарт нь очоод үзэхэд уг генераторыг шууд асааж үзэх боломжгүй маш их элсэнд дарагдсан, контактууд нь бохирдсон, астачерын мотор шатчихсан, түлшний холбогч шалаанкууд байхгүй, аккумулятор түүний холбогч утасууд байхгүй байсан. Сэлбэгний үнээ хасаад 14,000,000 төгрөгөөр худалдан авахаар Амарбаясгалантай тохирсон. Тэгээд Амарбаясгаланд бэлнээр 13,000,000 төгрөгийг өгөөд тэр оройгоо Баянхонгор аймаг руу генераторыг явуулж араас нь өөрөө очиж суурилуулж өгсөн. Үлдэгдэл 1,000,000 төгрөгийг 7 хоногийн дараа Амарбаясгалангийн данс руу шилжүүлж тооцоо дуусгасан. Амарбаясгалангаас “ямар гарал үүсэлтэй юм бэ, хулгайн юм биш биз” гэхэд “миний 38-38 гэсэн дугаартай Ланд-80 маркийн машиныг унаж байгаад эвдсэн хүмүүс өрөндөө өгсөн, ямар нэг асуудал байхгүй, 2 жил аавын хашаанд хадгалагдаж байсан гээд надад худалдсан” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 31 дүгээр хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Э.Дэмбэрэлбаярын “...Миний нэхэмжилсэн мотор худалдан авсан 14,000,000 төгрөгийг Амарбаясгалангийн төрсөн ах Амгаланбаатараас хүлээн авсан. Хохирол бүрэн барагдсан, бусдаас нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал байхгүй болсон тул дахин байцаалт өгч байна. Хэргийн материалын иргэний нэхэмжлэгчтэй холбоотой хэсэгтэй танилцахгүй” гэсэн дахин өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 32 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.Дамдинбалжирын “...Би өөрийн эзэмшлийн “Хино Ренжер” маркийн 3 тонн өргөгч кран, тэвштэй автомашинаар Улаанбаатар хотод хувиараа ачаа тээврийн ажил хийдэг. Өнгөрсөн 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр нэг танихгүй залуу ирээд ачаа ачуулах гэсэн юм гээд уулзсан. Тэр залуу Өмнөговь аймгийн Ханбогд сумаас Улаанбаатар хотод нэг мотор авчрах гэсэн юм. Тээврийн хөлс хэдэн төгрөг болох бол гэж асуусан. Тэгээд бид 2 ярилцаж байгаад 2,000,000 төгрөгөөр тохиролцож урьдчилгаа болгож 1,000,000 төгрөгийг түүнээс авч тэр оройгоо 20 цагийн үед Улаанбаатар хотоос гарч маргааш нь Ханбогд суманд ирсэн. Намайг хөлсөлж ирсэн залуу өөрийгөө Амараа гэж танилцуулсан. Ханбогд суманд ирээд тэдний ахынд нь хоол идчихээд сумаас зүүн тийш гараад явахад ах нь шар өнгийн 469 машинтайгаа хажуугаар гараад түрүүнд ороод явсан. Тэгээд явсаар сумаас 80 км орчимд байх нэг кемпэд шөнө очсон. Тэр кемпэд өвгөжөөр настай 2 харуулаас өөр хүн байгаагүй. Ачих моторыг харуул нь зааж өгсөн. Кемп доторх контейнерийн хажууд байсан шар өнгийн том генераторыг би кранаараа өргөж өөрийн машиндаа ачаад Амараа бид 2 буцаж Ханбогд сумаар дайраад Улаанбаатар хот руу явсан. Улаанбаатар хотод Амараагийн заасан газарт моторыг буулгаад үлдэгдэл 1,000,000 төгрөгийг надад өгсөн. Тэгээд би тэндээс явсан. Дахин уулзаагүй байж байтал цагдаагаас намайг дуудсан” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 33 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Мөнх-Эрдэнийн “...Миний ажилладаг “Өгөөмөр трейд” ХХК гэрээгээр харуул хамгаалалтыг нь хариуцдаг “Зонхэн Юу Тиан” ХХК-ийн кемпээс алдагдсан “Волва” маркийн цахилгаан генераторыг 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн байцаагч Д.Баасанбатаас хүлээн авч өнөөдөр Ханбогд сум руу жолооч Дамдинбалжирийн хамт тээвэрлэж ирлээ. Алдагдаад байсан цахилгаан үүсгүүр мөн байна. Ажиллагаа болон эд ангиудыг шалгаж асааж үзсэн бүрэн бүтэн байна” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 34 дүгээр хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Энхжаргалын “...Манай “Өгөөмөр трейд” ХХК нь БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Зонхэн Юу Тиан” ХХК-тай харуул хамгаалалтын гэрээ байгуулж 2010 оноос өнөөг хүртэл хамтран ажиллаж байна. 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хятад компанийн хүмүүстэй хамт очоод тооллого  хийхэд сууцны хаалганууд онгойж лац хөндөгдсөн, гадаа ил байсан”Волва” маркийн цахилгаан мотор алга болсон байсан. Цоожтой лацтай байсан контейнерууд дотроос тосолгооны шингэн, тос, масло байхгүй байсан. Үүрэг гүйцэтгэсэн харуул Насанжаргалаас асуухад “намайг гүтгэлээ гэж уурласан” тэгээд сүүлдээ цахилгаан моторыг нутгийн хүмүүстэй нийлж хот руу ачуулсан зарсан мөнгөнөөс Энхтайван бид 2 тавин хувийг хувааж авахаар тохирсон гэж хэлсэн. Мөн том маслыг нутгийн залуучуудад өгөөд явуулсан. Өөр зүйлсийг тэндээс аваагүй, тэдгээр залуус надад архи, тамхи өгдөг байсан гэж хэлсэн. Тухайн компанийн эд хөрөнгө байгаа объектыг харж хамгаалж бүрэн бүтэн байлгах үүргийг манай компани хүлээдэг. Энэ үүргийнхээ хүрээнд хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Өөрийн компанийн харуул хамгаалалтын ажилтнуудыг тухайн объектуудад томилж ажиллуулан тэдэнд манай компани цалин хөлс олгодог. Хятадууд бидэн дотор нь юу байгаа нь тодорхойгүй цоожтой лацтай контейнерууд болон контейнерт хадгалах боломжгүй овор ихтэй тоног төхөөрөмжийг ил задгай байдалтайгаар хүлээлгэн өгсөн. Тэр алдагдсан мотор нь кемпийн хашаан дотор контейнеруудын ард тавиастай байж байгаад алга болсон. Эд зүйлсийг авсан хүмүүс буцааж өгчихвөл надад санал хүсэлт алга байна” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 36 дугаар хуудас/

2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн №33/01 дугаартай “Хөрөнгө Эстимэйт” ХХК-ийн шинжээчийн “...”Волва” КН-120GF 120KW маркийн цахилгаан үүсгүүр 15,000,000 төгрөг, L-HM46 маркийн гидрийн шингэн 200 литрийн савалгаатай 800,000 төгрөг, L-HM46 маркийн гидрийн шингэн 20 литрийн савалгаатай 59 ширхэг 4,720,000 төгрөг, GL-5 85W/90 маркийн кропны тос 20 литрийн савалгаатай 9 ширхэг 1,152,000 төгрөг, 8W-90/G5 маркийн кропны тос 4 литрийн савалгаатай 4 ширхэг 260,000 төгрөг, 5W-30 маркийн моторын тос 4 литрийн савалгаатай 13 ширхэг 624,000 төгрөг нийт алдагдсан эд зүйлийн үнэ 22,556,000 төгрөг”, “...УАЗ 31512 маркийн автомашин 1,500,000 төгрөг, чиргүүл 250,000 төгрөг” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 37-38 хуудас/

Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэлд: “...Өмнөговь аймгийн Ханбогд сумын Баян багийн нутагт байрлах “Зонхэн Юу Тиан” ХХК-ийн кемпээс харуул Ш.Насанжаргал нь бусадтай бүлэглэн цахилгаан үүсгүүр эд зүйлс завшсан байна” гэснээр /хавтаст хэргийн 2 дугаар хуудас/

Хураан авах тухай тогтоол, хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 3-6 дугаар хуудас/

Хурааагдсан эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэлд: “...Э.Дэмбэрэлбаяраас VOLVO KH-120 GF, 120 KW маркийн 1 ширхэг цахилгаан үүсгүүрийг “Өгөөмөр трейд” ХХК-ийн менежер ажилтай Б.Мөнх-Эрдэнэд хүлээлгэн өгөв” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 7-8 дугаар хуудас/

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэлд: “...42-79 ӨМА улсын дугаартай УАЗ 315120 маркийн шар өнгийн, 1995 онд ОХУ-д үйлдвэрлэсэн, 2001 онд МУ-д орж ирсэн хуучин автомашин, 1 тэнхлэг 2 дугуйтай, үйлдвэрийн бус хийцийн жижиг чиргүүл зэргийг битүүмжлэв” гэсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 10-14 дүгээр хуудас/

Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоолд: “...42-79 ӨМА улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг эд мөрийн баримтаар тооцов” гэсэн тогтоол /хавтаст хэргийн 15 дугаар хуудас/

“Зонхэн Юу Тиан” ХХК-ийн албан бичиг /хавтаст хэргийн 16, 24 дүгээр хуудас/

Ш.Насанжаргал, Н.Энхтайван, М.Амгаланбаатар, М.Амарбаясгалан нарт бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсан тогтоол, бусад бичиг баримтууд /хавтаст хэргийн 39-46 дугаар хуудас/

Яллагдагч Ш.Насанжаргалын иргэний үнэмлэхний лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, өмнө нь ял шийтгэгдэж байсан шийтгэх тогтоолын хуулбарууд /хавтаст хэргийн 67-91 дүгээр хуудас/

“Өгөөмөр трейд” ХХК-ийн Ш.Насанжаргалыг ажилд томилох тухай тушаалын хуулбар, анкет, хөдөлмөрийн гэрээний хуулбар, бусад баримтууд /хавтаст хэргийн 92-105 дугаар хуудас/

Яллагдагч Н.Энхтайваны иргэний үнэмлэхний лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хавтаст хэргийн 106-110 дугаар хуудас/

“Өгөөмөр трейд” ХХК-ийн Н.Энхтайваныг ажилд томилох тухай тушаалын хуулбар, анкет, хөдөлмөрийн гэрээний хуулбар /хавтаст хэргийн 111-120 дугаар хуудас/

Яллагдагч М.Амгаланбаатарын иргэн үнэмлэхний лавлагаа, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Баян багийн Засаг даргын тодорхойлолт /хавтаст хэргийн 121-124 дүгээр хуудас/

М.Амгаланбаатар, Н.Энхтайван, Ш.Насанжаргал нарын үл хөдлөх хөрөнгийн лавлагаа болон арилжааны банкууд дахь дансны хуулгууд /хавтаст хэргийн 128-154 дүгээр хуудас/

“Зонхэн Юу Тиан” ХХК, “Өгөөмөр трейд” ХХК-иудын “Харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх гэрээ” /хавтаст хэргийн 155-156 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрх баримтуудаас дүгнэхэд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

            Шүүгдэгч Ш.Насанжаргал нь тус аймгийн Ханбогд сумын Баян багийн нутагт байх “Зонхэн Юу Тиан” ХХК-ийн кемпийн харуул хамгаалалтыг гэрээгээр хариуцсан “Өгөөмөр Трейд” ХХК-нд хөдөлмөрийн гэрээ байгуулан тус кемпийн харуул хамгаалалтыг хариуцан ажиллаж байхдаа шүүгдэгч М.Амгаланбаатартай бүлэглэн 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр тус кемпээс  М.Амгаланбаатарын эзэмшлийн УАЗ 31512 маркийн тээврийн хэрэгсэл, чиргүүлд 800,000 төгрөгний үнэ бүхий LHM46 маркийн гидрийн шингэн 1 ширхэг, 200 литрийн савалгаатай гидрийн шингэн 59  ширхэг, 128,000 төгрөгний үнэ бүхий GL-5 85W/90  маркийн 20 литрийн савалгаатай кропны тос 9 ширхэг, 65,000 төгрөгний үнэ бүхий 8W-90/G5 маркийн 4 литрийн савалгаатай кропны тос 4 ширхэг, 48,000 төгрөгний үнэ бүхий 5W-30 маркийн 4 литрийн савалгаатай моторын тос 13 ширхэг эд зүйлийг тус тус завшиж, үрэгдүүлсний улмаас “Зонхэн Юу Тиан” ХХК-нд 7,556,000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт,

            Шүүгдэгч Ш.Насанжаргал, Н.Энхтайван нар нь тус аймгийн Ханбогд сумын Баян багийн нутагт байх “Зонхэн Юу Тиан” ХХК-ийн кемпийн харуул хамгаалалтыг гэрээгээр хариуцсан “Өгөөмөр Трейд” ХХК-нд хөдөлмөрийн гэрээ байгуулан тус кемпийн харуул хамгаалалтыг хариуцан ажиллаж байхдаа Ш.Насанжаргал, М.Амгаланбаатар нар нь давтан үйлдлээр Н.Энхтайван, М.Амарбаясгалан нартай бүлэглэн 2016 оны 05 дугаар сарын 20-ны орой тус кемпээс 15,000,000 төгрөгний үнэ бүхий Volvo KH-120GF 120KW маркийн цахилгаан үүсгүүрийг завшиж, үрэгдүүлсний улмаас “Зонхэн Юу Тиан” ХХК-нд 15,000,000 төгрөгний буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

            хохирогч БНХАУ-ын иргэн Ван Чао Бин /Wang Chao Bin/-гийн “...2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр харуул хамгаалалтын компанийн Энхжаргал нарыг байлцуулан тооллого хийж үзэхэд цахилгаан үүсгүүр, тос, масло зэрэг эд зүйлс дутсан бөгөөд тэдгээр зүйлс хадгалагдаж байсан контейнеруудын цоожийг эвдэж онгойлгоод буцаагаад цоожтой мэт харагдахаар зүүсэн байсан. Хамгийн үнэтэй нь “Волва” маркийн 120 кв-тын цахилгаан гаргагч мотор байсан. 2 жил ашигласан гадаа ил тавиастай хадгалж байсан. Тухайн моторын астачер нь эвдэрхий байх ёстой. Бусад эд ангиуд бүрэн бүтэн байсан” гэх мэдүүлэг,

            хохирогч БНХАУ-ын иргэн Батнасан /Batai/-гийн “...Одоогоор 120 квт-ын цахилгаан үүсгүүр 1 ширхэг, 200 литрийн гидрийн шингэн 1 сав, 20 литрийн гидрийн шингэн 59 сав, 20 литрийн кропны тос 9 сав, моторын тос 4 литрийн 17 ширхгийг хэрэгт шалгагдаж байгаа хүмүүс манай компанид буцааж өгсөн” гэх мэдүүлэг,

            гэрч Э.Дэмбэрэлбаярын “...2016 оын 05 дугаар сарын 17-ны өдөр миний утас руу өөрийгөө Амарбаясгалан гэж танилцуулсан залуу 88775587 дугаараас залгаж холбогдоод “надад 2 жил хадгалсан цахилгаан үүсгүүр байна. Үүнийг өөрийнхөө Ландкруйзер-80 маркийн автомашины өрөнд авсан зарж машины өртгөө олж авах гэсэн юм. Та худалдаж авах боломж байна уу” гэж ярьсан. Тэгээд 2 хоногийн дараа над руу залгаад генераторыг ачаад аваад ирсэн. Тахилтад байна ирж үзээрэй гэхээр нь би заасан газарт нь очоод үзэхэд уг генераторыг шууд асааж үзэх боломжгүй маш их элсэнд дарагдсан, контактууд нь бохирдсон, астачерын мотор шатчихсан, түлшний холбогч шалаанкууд байхгүй, аккумулятор түүний холбогч утасууд байхгүй байсан. Сэлбэгний үнээ хасаад 14,000,000 төгрөгөөр худалдан авахаар Амарбаясгалантай тохирсон. Тэгээд Амарбаясгаланд бэлнээр 13,000,000 төгрөгийг өгөөд тэр оройгоо Баянхонгор аймаг руу генераторыг явуулж араас нь өөрөө очиж суурилуулж өгсөн...” гэх мэдүүлэг,

            гэрч Э.Дамдинбалжирын “...Өнгөрсөн 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр нэг танихгүй залуу ирээд ачаа ачуулах гэсэн юм гээд уулзсан. Тэр залуу Өмнөговь аймгийн Ханбогд сумаас Улаанбаатар хотод нэг мотор авчрах гэсэн юм. Тээврийн хөлс хэдэн төгрөг болох бол гэж асуусан. Тэгээд бид 2 ярилцаж байгаад 2,000,000 төгрөгөөр тохиролцож урьдчилгаа болгож 1,000,000 төгрөгийг түүнээс авч тэр оройгоо 20 цагийн үед Улаанбаатар хотоос гарч маргааш нь Ханбогд суманд ирсэн. Намайг хөлсөлж ирсэн залуу өөрийгөө Амараа гэж танилцуулсан. Ханбогд суманд ирээд тэдний ахынд нь хоол идчихээд сумаас зүүн тийш гараад явахад ах нь шар өнгийн 469 машинтайгаа хажуугаар гараад түрүүнд ороод явсан. Тэгээд явсаар сумаас 80 км орчимд байх нэг кемпэд шөнө очсон. Тэр кемпэд өвгөжөөр настай 2 харуулаас өөр хүн байгаагүй. Ачих моторыг харуул нь зааж өгсөн. Кемп доторх контейнерийн хажууд байсан шар өнгийн том генераторыг би кранаараа өргөж өөрийн машиндаа ачаад Амараа бид 2 буцаж Ханбогд сумаар дайраад Улаанбаатар хот руу явсан. Улаанбаатар хотод Амараагийн заасан газарт моторыг буулгаад үлдэгдэл 1,000,000 төгрөгийг надад өгсөн” гэх мэдүүлэг,

            гэрч М.Энхжаргалын “...2016 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хятад компанийн хүмүүстэй хамт очоод тооллого  хийхэд сууцны хаалганууд онгойж лац хөндөгдсөн, гадаа ил байсан ”Волва” маркийн цахилгаан мотор алга болсон байсан. Цоожтой лацтай байсан контейнерууд дотроос тосолгооны шингэн, тос, масло байхгүй байсан. Үүрэг гүйцэтгэсэн харуул Насанжаргалаас асуухад “намайг гүтгэлээ гэж уурласан” тэгээд сүүлдээ цахилгаан моторыг нутгийн хүмүүстэй нийлж хот руу ачуулсан зарсан мөнгөнөөс Энхтайван бид 2 тавин хувийг хувааж авахаар тохирсон гэж хэлсэн. Мөн том маслыг нутгийн залуучуудад өгөөд явуулсан. Өөр зүйлсийг тэндээс аваагүй, тэдгээр залуус надад архи, тамхи өгдөг байсан гэж хэлсэн. Тэр алдагдсан мотор нь кемпийн хашаан дотор контейнеруудын ард тавиастай байж байгаад алга болсон” гэх мэдүүлэг,

            2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн №33/01 дугаартай “Хөрөнгө Эстимэйт” ХХК-ийн шинжээчийн “...”Волва” КН-120GF 120KW маркийн цахилгаан үүсгүүр 15,000,000 төгрөг, L-HM46 маркийн гидрийн шингэн 200 литрийн савалгаатай 800,000 төгрөг, L-HM46 маркийн гидрийн шингэн 20 литрийн савалгаатай 59 ширхэг 4,720,000 төгрөг, GL-5 85W/90 маркийн кропны тос 20 литрийн савалгаатай 9 ширхэг 1,152,000 төгрөг, 8W-90/G5 маркийн кропны тос 4 литрийн савалгаатай 4 ширхэг 260,000 төгрөг, 5W-30 маркийн моторын тос 4 литрийн савалгаатай 13 ширхэг 624,000 төгрөг нийт алдагдсан эд зүйлийн үнэ 22,556,000 төгрөг” гэсэн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байх тул шүүгдэгч Ш.Насанжаргал, Н.Энхтайван, М.Амгаланбаатар нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, зохих ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

            Шүүгдэгч Ш.Насанжаргалын хувьд хамгийн сүүлд 2009 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сар хорих ял шийтгүүлсэн бөгөөд 2012 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр түүний эдлээгүй үлдсэн 1 жил 7 сар 27 хоногийг тэнсэн хянан харгалзсан байх ба Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт зааснаар үлдсэн хугацааг хэрэгсэхгүй болгон ялгүй болсон тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж тооцлоо.

Шүүгдэгч Ш.Насанжаргал, Н.Энхтайван, М.Амгаланбаатар нарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт зааснаар үйлдсэн хэргээ шударгаар хүлээн чин санаанаас гэмшиж байгаа байдал, хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан зэргийг хөнгөрүүлэх үндэслэл болгож, тэднийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт “ ... гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгслийг эд хөрөнгө хураах ялаас гадуур заавал хураана.” гэж заасны дагуу уг хэрэгт шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан М.Амгаланбаатарын эзэмшлийн 42-79 ӨМА улсын дугаартай УАЗ 315120 загварын шар өнгийн хуучин тээврийн хэрэгслийг хураан улсын орлого болгох нь зүйтэй.

Шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдвал зохино.

            Монгол улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Боржигон овогт Шагдарын Насанжаргал, Тайж овогт Нямдоржийн Энхтайван, Ундай овогт Мөнх-Өлзийгийн Амгаланбаатар нарыг бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Насанжаргал, Н.Энхтайван, М.Амгаланбаатар нарыг тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаан/ сар хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Ш.Насанжаргал, Н.Энхтайван, М.Амгаланбаатар нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт битүүмжлэн ирүүлсэн 42-79 ӨМА улсын дугаартай УАЗ 315120 загварын шар өнгийн хуучин тээврийн хэрэгслийг хураан улсын орлого болгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар уг машины №00476218 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг Өмнөговь аймгийн Шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.

5. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар Мөрдөн байцаагч Д.Баасанбатын 2016  оны 08  дугаар сарын  05-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгосугай.

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ш.Насанжаргалд оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Баянзүрх дүүргийн цагдаагийн газарт,

    шүүгдэгч Н.Энхтайван, М.Амгаланбаатар нарт тус бүр оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг тэнсэж, тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, тэдний засрал хүмүүжилд хяналт тавихыг Нийслэлийн Сүхбаатар дүүрэг болон Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газарт тус тус даалгасугай.

7. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

            8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1 дэх хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.  

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Ш.Насанжаргал, Н.Энхтайван, М.Амгаланбаатар нарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.УРАНГУА