Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэрэнчимэдийн Мөнхтулга |
Хэргийн индекс | 105/2022/0606/Э |
Дугаар | 736 |
Огноо | 2022-05-23 |
Зүйл хэсэг | 17.1.2.1., |
Улсын яллагч | Х.Эрдэнэтуяа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 23 өдөр
Дугаар 736
2022 05 23 2022/ШЦТ/736
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Нямсүрэн,
Улсын яллагч Х.Эрдэнэтуяа,
Шүүгдэгч Б.Ч нарыг оролцуулан тус шүүхийн “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Чт холбогдох эрүүгийн 2006 03729 0740 дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Ч нь 2020 оны 09 дүгээр сарын 01- ний өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Б.Ч зочид буудлын хажууд байрлах иргэн Н.Уийн хувийн эзэмшлийн “Миний маркет” хүнсний дэлгүүрийн ар талын агуулахаар дамжин доторх модон хаалганы шилийг хагалж буюу бусдын эзэмшлийн тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч эд зүйлс хулгайлж 168,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Ч нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Би өмгөөлөгч авахгүй. Миний хэргийн нэмж нэгтгэн хөнгөн шийтгэж өгнө үү” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Н.Уийн “2020 оны 09 дүгээр сарын 01- ний өглөө 10 цагийн үед дэлгүүртээ ороод ирсэн чинь лангуун дээрх эд зүйлс тарсан байдалтай байхаар нь хулгай орсон байна гэж бодоод цагдаа дуудсан юм. Манай дэлгүүрийн хойд талын гадна хаалгаар ороод дотор модон хаалганы ирмэгийг хагалчихсан байна лээ. Шоколад нийт 24 ширхэг, кассаас задгай 50,000 орчим төгрөг алга болсон байна лээ.” /хх-ийн 37-39-р тал/ гэх мэдүүлэг,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд/хх-ийн 20-24-р тал/,
Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ны 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн №БЗД1-20-1719 дугаартай алдагдсан эд зүйлсийг 168 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан /хх-ийн 57-58-р тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Криминалистикийн шинжээчийн 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 02/865 дугаартай’”Шинжилгээнд тэнцэх 1 гэж дугаарласан гарын мөр нь Буяннэмэхийн Б.Чийн баруун гарын эрхий хурууны дардастай тохирч байна.” /хх-н 43-54-р тал/ гэх дүгнэлт,
Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Б.Чийн “2020 оны 08 дугаар сарын 31-ний орой гэрээсээ гараад гадуур явж байгаад 16 дугаар хорооллын нутаг дэвсгэрт байх Б.Ч баарны хажуу талын “Мини маркет” дэлгүүрийн хашаа руу орж дэлгүүрийн арын амбаарын банзыг авч завсраар нь ороод дэлгүүрийн хаалганы шилийг хагалж замган цоожийг онгойлгож ороод нэлээн олон шоколад аваад гарсан. Тухайн үед би ганцаараа явж байсан бөгөөд өөрийн гэм буруугаа сайн ойлгож хүлээн зөвшөөрч байгаа хохирлыг яаралтай төлнө...” /хх-н 76-78-р тал/ гэх мэдүүлэг зэрэг болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Б.Ч нь 2020 оны 09 дүгээр сарын 01- ний өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Б.Ч зочид буудлын хажууд байрлах иргэн Н.Уийн хувийн эзэмшлийн “Миний маркет” хүнсний дэлгүүрийн ар талын агуулахаар дамжин доторх модон хаалганы шилийг хагалж буюу бусдын эзэмшлийн тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч эд зүйлс хулгайлж 168,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь үйл баримт тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна гэж үзэв.
Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ны 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн №БЗД1-20-1719 дугаартай алдагдсан эд зүйлсийг 168 000 төгрөгөөр үнэлэгджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Хулгайлах гэмт хэрэг гэдэг нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Шүүгдэгч Б.Чийн үйлдэл нь дээрх гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Б.Ч нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасанд нийцүүлж,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Мөн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Улсын яллагч: “Шүүгдэгч Б.Чт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялд өмнөх эдлээгүй үлдсэн 2 жил 2 сар 19 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ял болгон нэмж нэгтгэн эдлүүлэх” гэх саналыг гаргасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгч Б.Чт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал буюу урьд олон удаагийн хулгайн үйлдэлтэй гэмт хэрэг үйлдэж шүүхээс ял шийтгүүлэхдээ дээрх 2 үйлдэл нь шалгагдаж шийтгэгдэлгүй үйлдсэн байдал, хохирол төлөөгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, харьцангуй нас залуу хувийн байдал зэргийг тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж нээлттэй хорих байгууллагад эдлүүлж цагдан хоригдсон 14 хоногийг эдлэх ялд оруулан тооцох, өмнөх шийдвэрээр эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.
Бусад асуудлаар
Шүүгдэгч Б.Ч нь хохирогч Н.Ут 168.000 төгрөгийг төлөх төлбөртэй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Чийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Б.Чт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Чийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан “хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Чт 2 /хоёр/ жил хорих ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Чт оногдуулсан 2 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ял болон өмнөх Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 863 дугаар магадлалаар оногдуулсан 4 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 2 сар 19 хоногийн ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Чийн цагдан хоригдсон 14 хоногийг түүний эдлэх хорих ялд нь оруулан тооцсугай.
6. Шүүгдэгч Б.Ч нь энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялыг эдэлж дуусмагц 2 жил 2 сар 19 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох хэлбэрээр эдлэхээр тогтоосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол түүний зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг мэдэгдсүгэй.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Чээс 168,000 төгрөгийг гаргуулж хохирогч Н.У / /-т олгуулсугай
9. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Чт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА