Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 22

 

 

 

 

 

 

 

 2021        12           24                                  2022/ШЦТ/22

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж,

   Нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,

Улсын яллагч Г.Цогтгэрэл,

Шүүгдэгч Б.Ш түүний өмгөөлөгч О.Аззаяа нарыг оролцуулан шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Шд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2006 02512 0412 дугаартай хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

            Монгол Улсын иргэн,

 

            Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Ш нь Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн бичиггүйгээр 2019 оны 05 дугаар сарын дундуур Оросын Холбооны Улсаас Хэнтий аймгийн нутаг дэвсгэрээр дамжин боомт бус газраар зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийг нэвтэрсэн,

Мөн 2019-2020 оны хооронд байлдааны зориулалтай галт зэвсгийг хууль бусаар олж авсан, 2020 оны 09 дүгээр сар хүртэлх хугацаанд хадгалсан, 2020 оны 09 дүгээр сарын дундуур Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт бусдад шилжүүлсэн,

Шүүгдэгч Б.Ш, Ч.Б нар нь бүлэглэн 2020 оны 05 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Скай их дэлгүүрийн гадна автомашины зогсоол дээр нийтийн хэв журмыг зөрчиж, байлдааны гар хийцийн галт зэвсэг хэрэглэн бусдад хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлэн хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,

2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд 2020 оны 05 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Скай их дэлгүүрийн гадна автомашины зогсоол дээр нийтийн хэв журмыг Ч.Бтай бүлэглэн зөрчиж, байлдааны гар хийцийн галт зэвсэг хэрэглэн бусдад хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийсэн, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэх үйлдлийн талаар цагдаагийн байгууллагад гэрч Х.Сыг мэдүүлэг өгөхдөө өөрөө үйлдсэн мэтээр зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор өөрт нь хүч хэрэглэсэн, ойр дотны хүнд нь хүч хэрэглэхээр заналхийсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ш мэдүүлэхдээ: “2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Орос улс руу явсан. Тэнд Орос өр хөнжлийн даавууны компанитай хамтарч ажилдаг, борлуулалтын менежер хийдэг байсан. Цалингаа авахаар очсон. 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Москвад буугаад хоёр хоног байж байгаад Оросуудтайгаа уулзаад хувиар тохирсон мөнгөө авах гэж байгаад маргалдаад зодуулсан. Намайг нэг газар хориод бичиг баримтыг минь хурааж авсан байсан. Найзыгаа дуудаад тэндээс зугтаад Под Москва гэх газар Москвагаас гадна жижиг хотод байж байгаад Монгол Улс руу явсан. Улаан-Үүд ороод Улаан-Үүдээс Менза гэх тосгон орсон. Менза тосгонд очоод ямар ч  байсан Монголдоо оръё гэж бодсон. Шууд бичиг баримтаа алга болсноо хэлээд эсхүл цагаан хуудас аваад оръё гэхээр муудалцсан Оросууд араас минь хүн амьтан явуулсан байна гэж найз хэлсэн учраас хил, гаалийн хүмүүс рүү очилгүй Менза тосгоноос Орос хүмүүсээс тусламж аваад Монгол Улс руу орж ирсэн. Монголд орж ирсний дараа С над руу холбогдоод Орос улсад сурч чадахгүй байна. Декантай яриад өгөөч гэж хэлсэн. Би тэнд оюутны зөвлөлийн дарга хийдэг байсан. Ярьж өгөх боломж байхгүй гэхэд хотод очоод ажил хийе танд ажил байна уу гэсэн. Би хил зөрчөөд ороод ирснээс гадна баахан машин тэрэг оруулаад ирсэн байсан. Би өөрөө бичиг баримтгүй машин барихгүй, өөр хүн байхгүй учраас чи ирээд машин барихгүй юу танихгүй хүмүүс байгаа  биш дээ гэж хэлсэн. Эхлээд гэртээ байлгаад  сар болгон мөнгө төгрөг өгдөг байсан. Дараа нь надтай хамтран амьдарч байсан хүнтэй маргалдаад гэрт байж болохгүй гэхээр нь “Сансар”-т сарын 2.500.000 төгрөгөөр байр түрээсэлж өгсөн. Тэнд Бтай байдаг байсан. Би 21 дүгээр зуунд Сыг дарамталж байлгана гэж байхгүй. Би Өнөмөнх гэх залууд хоёр машин өгөөд 2019 оноос 2023 оныг дуусах хүртэл хамтран эзэмших гэрээ хийгээд “хүүхдийн зуу”-гийн баарыг ажиллуулж байсан. Хэрэгт нэр нь дурдагддаггүй хуучин зүс мэдэх Саяболд гэх Баянгол дүүргийн төмөр замын цагдаад ажилладаг хүн манай бааранд орж ирээд  2.000.000 төгрөгийн тооцоо гаргасан. Дараа нь тооцоогоо төлөх болоход баарны текний ард хар гэртэй цаасан хайрцагтай юм үлдээгээд ах нь хийн буу үлдээчихлээ мөнгө төгрөгөө өгч чадахгүй байна. Дараа нь ирээд авъя  гээд үлдээсэн байсан. Би тооцоогоо авах гэж очихдоо тэр бууг аваад машиныхаа урд хайрцагт хийсэн байсан. 2020 оны 05 дугаар сарны 18-ны өдөр Б С хоёрт түрээсэлж өгсөн байранд очсон байхад Б руу Т  залгаад хүн амьтанд зодуулаад дээрэлхүүлээд байна хүрээд ирээч гэхээр нь хамт явсан. Очиход Т найзуудтайгаа зогсож байсан. Удалгүй 4 машин 20 орчим залуу ирсэн. Тэгэхэд хоёр залуу шууд гарч ирээд учир зүйггүй зодолдоод байсан. Ард нь зогсож байсан залуучууд төмөр бейсболын цохиур, модон цохиур барьсан байсан. Тэр хүмүүс дайрах гэхээр нь урд талын хайрцагт байсан бууг аваад, олон хүмүүс зодолдоод яах вэ гэж бодоод зодооныг тараахаар дээшээ буудсан. Дээшээ буудаад хүмүүс тарахаар нь явсан. Тэр буу миний эзэмшлийнх биш. Баянгол дүүргийн төмөр замын цагдаад ажилладаг залуу тооцоон дээрээ үлдээгээд явсан. Ирж аваач, болдог юм уу гэхэд зөвшөөрөл нь байгаа би чамд дараа нь өгье гэж хэлсэн. Сыг дарамталсан, худал мэдүүлэг өгсөн гэх зүйл дээр ярихад намайг хил зөрчиж орж ирснийг тэр мэдэж байсан. Миний машин тэргийг бариад манайд амьдардаг байсан хүүхэд юм. Надад хэлэхдээ ээжийн нуруу өвдөөд Өвөрхангайн эмнэлэгт хэвтсэн. Та надад хоёр гурван сая төгрөг өгөөч. Би өмнө хэрэг төвөгт орооцолдож байгаагүй, би очоод мэдүүлэг өгчихье гэж хэлсэн. Би хил даваад ороод ирсэн. Оросуудад зодуулаад граш шиг зүйлд нэг сар гаран байсан. С энэ бүгдийг мэдэж байсан учраас хүүхэд дээрээ ирсэн юм чинь би таныг ингээд яах вэ та надад ийм тусламж үзүүлбэл болж байна гэсэн. С нэг удаа очоогүй, хоёр гурван удаа очоод өмгөөлөгчтэй мэдүүлэг өгмөөр байна гэхээр нь өмгөөлөгч авч өгсөн. Надаас дансаараа хоёр гурван сая төгрөг авсан. Ингээд тэрийг орхисон байтал Өнөмөнх гэх залуу руу шилжүүлсэн машинуудын нотариатаар оруулсан бичигтэй цүнхийг хулгайлаад явсан байсан. Би хулгай хийсэн, цүнх алга болсон гэдгийг нь мэдээгүй явж байгаад бичиг баримт хэрэг болоод хайтал цүнхээ олоогүй. Сыг найзуудтайгаа уулзахаар явсан юм болов уу гэж бодоод хайгаагүй байж байтал Ундрал гэх манай зөөгч байсан охин намайг хүрээд ирээч буудалд ганцаараа байна. Өөр ах нартай болсон. Тэр ах нар надад 30 приүс авч өгнө гэж хэлсэн. Яагаад тэгж байгаа юм бэ гэхэд ажилд нь тусалсан гээд тэгж байгаа юм гэж хэлсэн гэсэн. Би ухаад ойлготол хил зөрчсөн гэдгийг мэддэг болохоор Өнөмөнх гэх залуутай очиж уулзаад хэлэхэд нь Өнөмөнх гэрээгээ ганцаараа авахын тулд Сд 30 приүс аваад өгье чи хөдөө рүүгээ яв, цагдаад очоод наадахаа хэлчих гэсэн санал тавьсан юм шиг байсан. Ингээд миний ажлын цүнх, гэрээг Өнөмөнхөд өгсөн. Би Өнөмөнхийг Хан-Уул дүүргийн 1 дүгээрт хэлтэст өргөдөл гаргаж өгөөд эрүүгийн хэрэг үүссэн. Угаасаа 9 дүүргээр эрэн сурвалжлагдаж байгаа юм байна лээ. Ерөөсөө танихгүй хэр нь аваад 7 хоног буудалд амьдруулаад хоол унд, хувцас, утас авч өгсөн асуудал гарсан байсан. Тэрнээс биш мэдүүлэг дээр байгаа шиг өдөр болгон гэрээс нь гаргадаггүй зүйл байгаагүй. Би Сансарын байранд нь огт байгаагүй, Маршалд байдаг байсан. Би байр байр түрээсэлж өгөөд чөлөөтэй орж гараад миний машинаас унаад явдаг байсан.” гэв.

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас Тагнуулын ерөнхий газрын Хилийн тагнуулын газраас 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 06/39 дугаартай албан бичиг /1хх-217/, гэрч Ү.Баяртсайханы мэдүүлэг /1хх-231-233/, гэрч Б.Батбаярын мэдүүлэг /1хх-235-237/, гэрч Г.Болорчимэгийн мэдүүлэг /1хх-239-241/, Хил хамгаалах ерөнхий газрын 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 25а/1195 дугаартай албан бичиг, хавсралтын хамт /1хх-249-250/, яллагдагч Б.Шгийн мэдүүлэг /2хх-33-34/, гэрч Х.Сын мэдүүлэг /2хх-36-38/, Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн 11/3385 дугаартай албан бичиг, хавсралтын хамт /2хх-69-70/, цахим хуудсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /2хх-44-50/, Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвийн 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 21/857 дугаартай албан бичиг /2хх-64-65/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /Макаров маркийн замаг, их биеийн 1944202785 дугаартай гар буу, 14 ширхэг сум /1хх-188/, хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-16-19/, гэрч С.Мөнх-Очирын мэдүүлэг /1хх-180-182/, гэрч Б.Өнөмөнхийн мэдүүлэг /2хх-199/, шинжээч Ч.Алтангэрэлийн мэдүүлэг /2хх-225/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /1хх-12/, Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн Шуурхай удирдлагын тасаг, дуудлагын лавлагааны хуудас /1хх-15/, хохирогч Х.Сын мэдүүлэг /1хх-22-25/, гэрч Б.Гүн-Эрдэмийн мэдүүлэг /1хх26-29/, /2хх-105/, гэрч Г.Баянтулгын мэдүүлэг /1хх-30-32/, гэрч З.Сумъяабазарын  мэдүүлэг /1хх-33-34, 2хх-123-124/, гэрч Ч.Тийн мэдүүлэг /1хх-35-36/, хохирогч Х.Сын гэрчээр өгсөн мэдүүлэг /1хх-41-42/, Шүүх шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын галт зэвсгийн лабораторийн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн №2670 дугаартай дүгнэлт /1хх-57-60/, Шүүх шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн №1920 дугаартай дүгнэлт /1хх-68/, Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын галт зэвсгийн лабораторийн 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн №1134 дугаартай дүгнэлт /1хх-70-78/, 2019 оны 05 дугаар сарын 19-ний өдөр эд зүйл хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /Б.Гүн-Эрдэмээс шаргал өнгийн бууны сумны хонгио 1 ширхэг хүлээн авсан/ /1хх-79/, 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн эд зүйл хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /Ч.Баас 34.5 см урттай НҮ-Х8 гэсэн бичилттэй хар өнгийн цахилгаан гүйдлээр цохиулах зориулалт бүхий цахилгаан бороохой 1 ширхэг /1хх-81-82/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1хх-83-86/, яллагдагч Б.Шгийн мэдүүлэг /1хх-139-142/, яллагдагч Ч.Бын мэдүүлэг /1хх-152-154/, гэрч Б.Бат-Эрхэмийн мэдүүлэг /2хх-108-110/, гэрч Б.Билгүүний мэдүүлэг /2хх-114-116/, гэрч Б.Аззаяагийн мэдүүлэг /2хх-120-121/, гэрч Б.Хонгорзулын мэдүүлэг /2хх-128/, Э.Чингүнбатын мэдүүлэг /2хх-136-137/, гэрч А.Халиуны мэдүүлэг /2хх-136-137/, яллагдагч Б.Шгийн мэдүүлэг /2хх-140-143/, гэрч Б.Гүн-Эрдэмийн мэдүүлгийг газар дээр шалгасан тэмдэглэл /2хх-185-187/, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /2хх-188-194/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /2хх-213/, яллагдагч Ч.Бын мэдүүлэг /3хх-36/, хохирогч Х.Сын мэдүүлэг /1хх-22-23, 2хх-97-101, 2хх-242-243/, гэрч Ч.Тийн мэдүүлэг /1хх-45-46/, яллагдагч Ч.Бын мэдүүлэг /2хх-146-147/, гэрч Б.Өнөмөнхийн мэдүүлэг /2хх-196-199/, Х.Сын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /2хх-244-250/, яллагдагч Ч.Бын мэдүүлэг /3хх-10-11/, Х.Сын гэрчийн мэдүүлэг /1хх-39-40, 43-44, 2хх-36-38/, яллагдагч Б.Шгийн гэрчээр өгсөн мэдүүлэг /1хх-51-54/, 226-229/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 3662 дугаартай дүгнэлт /1хх-62-66/, гэрч Г.Саяболдын мэдүүлэг /1хх-184-187/, 2хх-154-156/, гэрч Ч.Чулуун-Эрдэнийн мэдүүлэг /2хх-150-152/, гэрч С.Нэргүйн мэдүүлэг /2хх-222-223/ зэрэг нотлох баримтуудыг судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч Б.Ш нь Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн бичиггүйгээр 2019 оны 05 дугаар сарын дундуур Оросын Холбооны Улсаас Хэнтий аймгийн нутаг дэвсгэрээр дамжин боомт бус газраар зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийг нэвтэрсэн,

-2019-2020 оны хооронд байлдааны зориулалтай галт зэвсгийг хууль бусаар олж авсан, 2020 оны 09 дүгээр сар хүртэлх хугацаанд хадгалсан, 2020 оны 09 дүгээр сарын дундуур Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт бусдад шилжүүлсэн,

-Ч.Бтай бүлэглэн 2020 оны 05 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Скай их дэлгүүрийн гадна автомашины зогсоол дээр нийтийн хэв журмыг зөрчиж, байлдааны гар хийцийн галт зэвсэг хэрэглэн бусдад хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлэн хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,

-2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацаанд 2020 оны 05 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Скай их дэлгүүрийн гадна автомашины зогсоол дээр нийтийн хэв журмыг Ч.Бтай бүлэглэн зөрчиж, байлдааны гар хийцийн галт зэвсэг хэрэглэн бусдад хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлсэн, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэх үйлдлийн талаар цагдаагийн байгууллагад гэрч Х.Сыг мэдүүлэг өгөхдөө өөрөө үйлдсэн мэтээр зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор өөрт нь хүч хэрэглэсэн, ойр дотны хүнд нь хүч хэрэглэхээр заналхийлсэн нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт:

Тагнуулын ерөнхий газрын Хилийн тагнуулын газраас 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 06/39 дугаартай албан бичиг /1хх-217/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ү.Баяртсайханы “2020 оны 11 эсхүл 12 сард Б.Штой уулзсан. Тэр үед би ажил хийлгэхээр машин бариад яв гэсэн чинь Б.Ш нь би бичиг баримтаа хаячихсан. Хилийн зөрчилтэй байгаа. Би улсын хилээр албан ёсоор штамб даруулж орж ирээгүй битгий худлаа яриад бай гэхэд би Орос улсын хилээр Монгол улс руу Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт их уул хадтай газраар явсаар орж ирсэн, гайгүй юм шиг байна лээ гэж хэлсэн. Би Шд тухайн үед чи визнийхээ хугацаандаа багтаад орж ирэхгүй яасан юм бэ гэхэд би Оросод ойр зуурын зүйл худалдаж авдаг байсан хүнтэйгээ маргалдсан. Мөнгө өгөх ёстой Орос хүн өгөхгүй гэсэн. Тэгээд тэр Орос хүний хүмүүс намайг зодож нүдсэн, би зугтаасан. Мөн бичиг баримтаа нь хаясан. 1 сар гаруй тэнд биеийн байдлаа дээрдүүлэхээр айлд хэвтсэн. Бие тэнхэрмэгц Монгол улсдаа буцаж орж ирсэн гэж ярьсан” /1хх-231-233/ гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Батбаярын “2020 оны 08 дугаар сард би ажил хайж явж байгаад Б.Штой Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах бугат вилла хотхон руу эргэдэг уулзварын замын эсрэг талд байрлах модон байшинтай Солонгос хоолны газрын доор байрлах машин авто угаалгын газар тааралдсан. Тэгээд Б.Ш ахаас хийх ажил байгаа эсэхийг асуухад ажил байгаа чи ахдаа машин бариад өг гэж хэлсэн. Б.Ш нь Орос Улсад Монгол ноолууран хувцас хунар авч явж зардаг гэж ярьж байсан. Б.Ш нь өөрийгөө хүмүүст танилцуулахдаа миний нэрийг Ананд, Аношка, Александр, Амар гэх зэргээр танилцуулж байсан. 2020 оны 11 дүгээр сарын дундуур  Б.Ш нь хэлэхдээ би 2019 оны 05 дугаар сард Орос улсад байсан. Тухайн үед ах нь бүх бичиг баримтаа хаяад гадуур хэсэг явсан. Тэгээд Монгол руугаа буцах хэрэг гарсан. Оросын Улаан-Үүд хүртэл Сын бичиг баримтаар явж ирсэн. Улаан-Үүд хүртэл Оросын Монголтой хил залгаа жижиг тосгон дээр очсон. Менза гэх тосгон байдаг. Хилээр гарч Монгол улс руу орохоор хүмүүс судалж эхэлсэн. Тэгээд Хэнтийн тайга орчмоор хилээр хүн оруулж гаргадаг хүмүүстэй холбогдож байгаад 9 хоног ой мод хөвч уулаар явсаар Монгол улсдаа орж ирсэн ба Хэнтий аймгийн нутаг дэвсгэрээр дамжин орж ирсэн. Хэнтийд байхдаа машин олоод Улаанбаатар хот руу шууд ирсэн. Менза тосгонд байхдаа Монгол улсын хилээр орж ирэх гэж хэд хэдэн удаа оролдож байсан. Нэг Оросын хилийн хүмүүст баригдаж байсан ба ахин нэг хүн олоод Монгол улсдаа орж ирсэн гэж ярьж байсан.” /1хх-235-237/ гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Болорчимэгийн “2020 оны сүүлээр надад Б.Ш нь намайг Орос улсад очсон чинь хамтран ажиллаж байсан хүмүүс бичиг баримт булааж аваад шатаасан. Мөн намайг зодож биед гэмтэл учруулсан. Би найзындаа 1 сар орчим байсан ба нөгөө хүмүүс намайг хайж бас хөөж байсан. Тийм учраас найздаа хүндрэл учруулахгүй гэж шийдээд өөр хотуудаар явахаар шийдсэн. Жижиг ажил хийж хоол ойр зуурын мөнгө цуглуулж эхэлсэн ба ямар нэгэн аргаар Монгол улс руугаа буцахаар шийдсэн. Тэгээд биеэ тэнхэртэл хөгшин настай 2 хүний гэрт 1 сар орчим амьдарсан. Монгол улс руугаа бага багаар дөхөж явсан. Тэгээд Менза тосгоны орчимд очсон. Менза тосгон дээр очоод Монголд байдаг ан хийдэг хүнтэй холбогдсон. Тэр хүн надад тусалж Монгол улс руу оруулна. Тэгээд би тэр хүнтэй уулзахаар тохирсон газраа очиж 7 хоног ой модон дунд хүлээсэн. Уулзаад 2019 оны 05 дугаар сарын сүүл хэсгээр Монгол улсын хилээр морьтой ой, модон дундуур 6,7 хоног морьтой явсаар орж ирсэн. Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт байрлах Орос улстай залгаа хилийн хэсгээр орж ирсэн гэж надад хэлсэн. Би тэгээд дэлгэрэнгүй лавлаж асуухаас айгаад эсэн мэнд л орж ирсэн бол болно доо гэж бодсон юм.” /1хх-239-241/ гэх мэдүүлэг

Хил хамгаалах ерөнхий газрын 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 2-5а\1195 дугаартай албан бичиг, хавсралтын хамт /1хх-249-250/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Б.Ш “Яллагдагчаар татсан тогтоолтой уншиж танилцсан. Ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Яллагдагчаар татагдаж буй зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна.”/2хх-33-34/ гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Сын “2019 оны 05 дугаар сарын сүүлээр фейсбүүк чатаар Ижилцэцэг эгчийн А.Ижилцэцэг гэх фейсбүүк хаягаар videocall буюу дүрс бичлэгээр дамжуулан Б.Ш ахтай холбогдож ярихад “ Ах нь Монгол Улсад ирчихсэн байна” гэж хэлсэн. 2019 оны 06 дугаар сард Монгол Улсад эргэж ирсэн. 2019 оны 07 дугаар сарын дундуур буюу наадмын дараа Б.Ш нь “ Ах нь бүх бичиг баримтаа хаячихсан, чи ахдаа бичиг баримтуудаа өгчих” гэж  хэлсэн.” /2хх-36-38/ гэх мэдүүлэг,

Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн 11/3385 дугаартай албан бичиг, хавсралтын хамт /2хх-69-70/,

Цахим хуудсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /2хх-44-50/,

           Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт:

Цагдаагийн Ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвийн 2021 оны 05 сарын 10-ны өдрийн 21\857 дугаартай албан бичиг /2хх-64-65/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол Макаров маркийн замаг, их биеийн 1944202785 дугаартай гар буу, 14 ширхэг сум /1хх-188/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-16-19/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Мөнх-Очирын “Ш нь халзан толгойтой гэзэгтэй залуутай ирээд ахаа энийг өгөх гэсэн юмаа гээд ПМ макаро маркийн гар бууг ногоон хайрцагтай 16 сумны хамт өгөхөөр нь энэ чинь болж байгаа юм уу гэхэд зүгээрээ ахаа бичиг баримтыг нь дараа нь өгье гэхээр нь би БЗД-ийн 18 хороо 94 байрны 8 тоот буюу гэртээ очоод саарал шкафын дээд талд байрлах тоос сорогчийн хайрганд бууг сумны хамт гэртээ хадгалсан. Би уг бууг гэртээ авч ирсэн цагаас хойш ямар нэгэн хүнд дамжуулаагүй өнөөдрийг хүртэл гэртээ хадгалж байтал цагдаагийн албан хаагч ирж хурааж авсан. Би он сарыг нь санахгүй байна 10 сарын дундуур байх аа машин угаалгахад гадаа хөлдөөд байсан үе түүнээс биш уг бууг худалдах, хадгалуулах журмаар өгөөгүй. Би уг бууг огт ажиллуулаагүй.” /1хх-180-182/ гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Өнөмөнхийн “Б.Ш нь хар өнгийн гар буу, бууны хантааз, сугандаа зүүдэг бууны гэр биедээ авч явдаг байсан. Байнга бол авч яваад байдаггүй. Надтай хэд хэдэн удаа уулзахдаа авч явж байхыг харсан. Б харин гарын шуу шиг хэмжээтэй, хар өнгийн, төмөр цахилгаан бороохой биедээ хааяа авч явдаг байсан.” /2хх-199/ гэх мэдүүлэг,

Шинжээч Ч.Алтангэрэлийн “Шинжилгээнд ирүүлсэн хэрэгсэл нь “ПМ-411-02” загварын дуу чимээ гаргах зориулалт бүхий хэрэгсэл мөн. Гол төмрийг сольсноор буудах боломжтой болсон байсан. Иймээс гар хийцийн галт зэвсэг гэж үзнэ. Галт зэвсгийн хуульд зэвсгийн төмрийг заасан байдаг бөгөөд гар хийцийн буу нь эдгээр төрлийн алинд ч хамаардаггүй юм.” /2хх-225/ гэх мэдүүлэг,

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /1хх-12/,

Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн Шуурхай удирдлагын тасаг, Дуудлагын лавлагааны хуудас /1хх-15/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Х.Сын “Би 2018 оны 3 сард Штой, Бтай 2019 оны 3  сард танилцсан. Бид 3 2020 оны 03 сард БЗД-ийн 7 хороо сансарт байр түрээслэн хамт байдаг байсан. 2020 оны 5 сарын 18-ны шөнө цагийг нь санахгүй байна 23:00 цагийн орчимд Бын дүү Т гэх хүүхэд залгаад ахаа энд намайг хүмүүс зодох гээд байна гэхэд Б Шд утсаа өгч яриулсан. Тэгээд бид 3 БЗД-ийн 3 хороо Скай их дэлгүүрийн гадна очиж уулзсан. Бид гурвыг очиход Т найзуудтайгаа байсан. Бид нарыг очсоны дараа Ттэй маргалдсан гэх 3-4 машин хүмүүс ирсэн. Тэгтэл Тийн найз гэх залуу нь машинтай ирсэн хүмүүсийн 1 залуутай нь зодолдсон. Тэгэхээр нь бид нар салгаад тойроод зогсож байхад Ш нь хойноо буу гаргаж ирээд дээшээ буудсан. Тэгтэл Б машинаас цахилгаан бороохой аваад үл таних залууг сэлбэ гол дагуулаад араас нь хөөгөөд явсан. Бт хөөгдөж байгаа залуу цагдаа дуудлаа гэсэн. Тэгэхээр нь бүгд тараад бид 3 машиндаа суугаад Ш бид хоёрыг Сансарт буулгаад цааш явсан.” /1хх-22-25/ гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Гүн-Эрдэмийн “Би 2020 оны 05 дугаар сарын 18-ны шөнө 01:00 цагийн орчим Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо SКУ их дэлгүүрийн орчим найз Баянтулгын уулзах ёстой хүмүүсийн дуудсанаар ирсэн. Учир нь Баянтулга нь Туул гэх эмэгтэйг Жуковоос аваад Нүхт рүү хүргэж өгөхөөр явж байхад Баянтулга руу нэг хүн залгаад дуудаад байсан. Баянтулга бид хоёр Бат-Эрхэм /95959525/ гэх найзын хамт Туул гэх эмэгтэйг Нүхт рүү хүргэж өгөөд буцаад нөгөө хүмүүсийн дуудсанаар Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо SКУ их дэлгүүрийн орчим хоёр машинтай очсон. Замаас Билгүүн /99181601/ гэх манай найз таараад хамт очсон. Машинтай очиход тэнд хоёр машинтай залуучууд байсан бөгөөд тэр хүмүүс дунд миний зүс мэдэх хүмүүс байсан. Бид нарыг машинаас буухад тэнд байсан хүмүүс тойроод ирсэн бөгөөд тэр хүмүүс дунд миний зүс мэдэх хүмүүс байсан. Бид нарыг машинаас буухад тэнд байсан хүмүүс тойроод ирсэн бөгөөд үсээ хойш самнасан, ямаан сахалтай, 170см орчим өндөртэй, махлагдуу, баруун хацартаа мэнгэтэй эрэгтэй чи юугаа хараад байгаа  юм гэсэн. Би хариу дуугараагүй. Энэ үед 190 см орчим өндөртэй махлаг эрэгтэй цахилгаан бороохой гаргаж ирээд миний баруун  хөлийн гуя хэсэгт цахилгаан бороохойгоор цохиулсан. Энэ үед эхний надад хандаж чи юугаа хараад байгаа юм гэж хэлсэн залуу энгэрийн халааснаасаа гар буу гаргаж ирсэн. Буу гаргаж ирээд над руу чиглүүлээд гохоо хоёр удаа дарахад буу нь буудаагүй. Би бууг нь ажилладаггүй юм байна гэж бодсон бөгөөд нөгөө залуу нь намайг цахилгаан бороохойгоор цохиулах гээд хөөгөөд байсан. Энэ үед гар буугаа цэнэглээд дээш буудсан. Миний араас хөөгөөд байсан бөгөөд би цааш зугтсан. Би Сэлбэ гол руу зугтаад эргээд SКУ их дэлгүүрийн шат руу зугтсан. Би зугтаж явахдаа цагдаад дуудлага өгсөн. Цагдаад дуудлага өгсөн гэдгийг мэдээд тэр хүмүүс зугтсан. Сүүлд Бат-Эрхэм надтай хамт гүйж байсныг нь мэдсэн. Тэр үед Баянтулга, Бат-Эрхэм, Билгүүн нар хамт байсан. Би тэр хүмүүсээс зугтаж яваад эргээд ирэхэд тэр хүмүүс салаад явсан байсан. Би тэр шөнө цагдаагийн хэлтэс дээр ирээд өргөдөл гомдол өгөх гэж байгаад дотор бачуураад байхаар нь харьж унтаад маргааш өглөө найз Баянтулгын хамт SКУ их дэлгүүрийн урд буудуулсан газартаа очиж үзсэн. Энэ үед хэргийн газарт сумны хонгио байсныг бичлэг хийж аваад цагдаад авч ирж өгсөн. Тэнд байсан хүмүүс над руу хонгио нь үсэрсэн гэхээр нь би хайж үзэхээр шийдсэн. Би зургийг нь үзлээ энэ хүн намайг буудсан хүн биш байна. Энэ хүнтэй урд өмнө нь 2020 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Энхтайваны гүүрний доор байрлах Өрнөх гээд засварын газарт 75-82 ДУА улсын дугаартай машиныг худалдан авахаар сонирхож байхад таарч байсан. Миний авахаар сонирхож байсан машиныг надад үзүүлж байсан хүний дүү нь байна. Тэр хүн намайг манай дүүтэй хамт явчих гэж хэлээд би С гэх хүнтэй хэсэг хугацаанд хамт явсан. Намайг буудаж, цахилгаан бороохойгоор цохиулсан хоёр хүн тэнд байсан бөгөөд бас тэр үед хүнтэй маргалдаад байсан тул би сайн санаж байна.” /1хх-26-29/ гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Гүн-Эрдэмийн дахин өгсөн “Дуудлагаар ирсэн цагдаа нарт бууных нь хонгио байгаа гэж хэлэхэд ойшоогоогүй. Цагдаа нь хонгиог нь аваад ир гэж хэлсэн. Би маргааш нь муудалцсан газраа ирээд гар утсаараа бичлэг хийж сумны хонгиог нь авсан. Тэгээд цагдаад хүлээлгэж өгсөн.” /2хх-105/ гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Баянтулгын “Би өөрийн найзууд болох Гүн-Эрдэм, Бат-Эрхэм нарын хамт 2020 оны 05 дугаар сарын 18-ны шөнө Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 81 дүгээр байрнаас найз Туулыг авахаар очсон. Би очихоосоо өмнө Туултай утсаар ярихад Туул нь хамт байсан хүнээрээ хаягаа заалгахаар утсаа өгөөд би тэр хүнтэй нь утсаар ярихдаа хүлээж байгаа шүү хурдан гаргаарай гэж хэлсэн. Туулын хамт гурван эрэгтэй хүн гарч ирсэн бөгөөд тэр хүмүүстэй бид нар маргалдаад Туулыг аваад салсан. Бид нар Нүхт рүү Туулыг хүргэж өгөөд байж байхад Туулын найз гэх эмэгтэй над руу чатаар хандаад миний найз хаана байгаа юм бэ Туул гурвуулаа уулзъя гээд байсан. Надаас утасны дугаараа өгчих гээд байхаар нь би өөрийн дугаарыг өгсөн. Тэгтэл танихгүй дугаараас над руу залгаад хэдүүлээ эрэгтэй хүмүүс юм чинь тааралдана зүгээр уулзъя гээд их олон удаа залгасан. Тэр над руу залгаад байсан хүн нь Туултай хамт байсан бид нартай маргалдсан эрэгтэй байсан. Бид нар очихоор болоод байж байхад манай Билгүүн гэх найз хамт очихоор болоод бид нар хамт Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах SКУ их дэлгүүрийн өмнө очсон. Бид нарыг очиход тэнд 2-3 машинтай их олон эрэгтэй хүмүүс байсан. Анх маргалдсан гурван залуу хамт байсан. Мөн Туулын найз гэх эмэгтэй хамт байсан. Бид нарыг машинаас буугаад 30 орчим секунд болж байхад тэнд байсан хоёр залуугийн нэг буюу 190 орчим өндөртэй махлаг хар өнгийн хувцастай залуу цахилгаан бороохой гаргаж ирээд манай найз Гүн-Эрдэмийн баруун гуяны гадна хэсэгт цохиулсан. Тэгтэл Гүн-Эрдэм Бат-Эрхэм нар хойшоо ухраад зугтсан. Энэ үед тэр хүнтэй хамт байсан 170 см орчим өндөртэй хууз сахалтай эрэгтэй энгэрээсээ буу гаргаж ирсэн. Би бодохдоо айлгаж байна гэж бодсон. Энэ үед гэнэт буун дуу гарсан бөгөөд тэр хоёр залуу манай хоёр найзыг хөөгөөд суу сөгд гээд байсан. Манай хоёр найз хойш зугтаад тэр хоёр залуу араас нь хөөгөөд байсан. Би юу болоод байгааг ойлгохгүй байж байхад анх маргалдсан гурван залуугийн нэг нь миний араас цохиод намайг газарт унагасан. Би тэр залуутай ноцолдож байхад тэнд байсан нэг залуу намайг салгаад за одоо дахин зодолд гэж хэлсэн. Би тэр залуутай харилцан зодолдсон. Би тэр залуутай хэсэг хугацаанд зууралдаж байсан бөгөөд нөгөө залуучууд нь тойроод зогсоод үзэж байсан. Би болон тэр залуу их ядарсан байсан бөгөөд болиод салсан. Намайг босоод ирэхэд буутай болон бороохойтой залуу байхгүй болсон байсан. Тэгээд тэнд байсан залуучууд машиндаа суугаад би мөн машиндаа суугаад байж байхад цагдаагийн машин ирсэн байсан. Би найз Б.Гүн-Эрдэмийн хамт асуудал болсон газар болох SКУ их дэлгүүрийн авто машины зогсоолд очсон. Бид хоёр баримтжуулахаар гар утсаараа бичлэг хийж байсан. Бидний байсан газарт тухайн сумны хонгио байсан. Би зургийг нь үзлээ энэ хүн манай найз руу буудсан хүн биш байна. Энэ хүн тэнд байгаагүй. Би бууг нь харсан. Би гэхдээ бууны марк мэдэхгүй тул сайн хэлж мэдэхгүй байна. Татаад цэнэглэж байсан.” /1хх-30-32/ гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч З.Сумъяабазарын “Би 2020 оны 05 дугаар сарын 17-ны өдөр найзууд болох Азжаргал, Хонгорзул, Анхилуун, Туул, Т, Ачит нарын хамт Азжаргалын гэрт архи ууж байсан. Шөнө 23:00 цагийн үед манай найз Туулийг гаргаж өгсөн бөгөөд ирсэн залуучуудын нэг нь бидэн рүү татаж байсан тамхиа шидэхээр нь Ачит ямар эвгүй юм бэ гэж хэлсэн. Энэ үед нөгөө залуучууд банди нар минь ална шүү нааш ир гээд байсан бөгөөд өндөр нуруутай залуу нь миний нүүрэн хэсэгт гараараа цохисон. Мөн манай найзуудыг хэл амаар доромжлоод байсан бөгөөд Туулыг гэрт нь хүргэж өгнө гээд аваад явсан. Би найзуудыгаа дуудах гэж байгаад болиод Т ах нараа дуудна гээд хүмүүс рүү яриад байсан. Т тэдгээр залуучууд руу залгаж яриад Скай их дэлгүүрийн гадна уулзахаар болсон. SКУ их дэлгүүрийн гадна Азжаргал, Хонгорзул, анхилуун, Т, Үнсү, Чингүүн нарын нэг машинтай очсон. Би тэнд байсан намайг цохисон залуутай маргалдаж зодолдсон. Тэнд байсан найзууд нь боль гээд бид хоёрыг болиулсан. Тийн дуудаж ирсэн нэг хүн цахилгаан бороохой гаргаж ирээд миний зодолдсон залуутай хамт явсан нэг залууг цохиулсан. Энэ үед Тийн дуудаж ирсэн нэг залуу тэнгэр рүү нэг удаа буудсан. Тэгээд хоёр тийшээ салаад явсан.... Би тэр хүнийг танихгүй. Тухайн хүнийг Т дуудан авч ирсэн. Тэр эрэгтэй нь хар өнгийн ямар нэгэн бичиглэлгүй биеийн тамирын хувцастай байсан. Царайг нь харж чадаагүй. Тэр хүн нүүрээ халхалсан багтай байсан.” /1хх-33-34, 2хх-123-124/ гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ч.Тийн “Би 2020 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах найз Азжаргалын гэрт найзуудын хамт архи, пиво уусан. Найзуудын хамт байж байхад 23:00 цагийн үед миний найз охин Туулыг гаргаж өгөхөөр гарсан. Тэнд байсан гурван залуу манай хоёр найзыг хөөе нааш ир, та нар яадаг бацаанууд юм гээд байсан. Гүнээ гэх нэг залуу нь найз Сумъяабазарыг цохисон гэсэн. Бид нар буцаж тэд нар Туулыг аваад явсан. Бид нар эргэж ороход манай найз Сумъяабазар намайг цохисон гээд байхаар нь би тэр хүнээр чамаас уучлалт гуйлгана гэж хэлээд Хонгорзулаар залгуулж тэд нартай холбогдсон. Манай найз Аззаяа тэд нартай утсаар ярихад та нар наанаа байж бай. Та нар хүмүүсээ цуглуулж бай бид нар очлоо гэж байсан. Би тэд нарыг ирнэ гэхээр нь би хүн дуудсан. Би өөрийн танил ах болох С гэх хүний 80491441 гэсэн дугаар руу залгасан. Бид нар Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Голден вилл хотхоны орчим байж байхад тэд нар бид нарыг SКУ их дэлгүүрийн өмнө хүрээд ир гээд байсан. Бид нар С ах болон түүнтэй хамт ирсэн 2-3 хүмүүс болон манай найзуудын хамт SКУ их дэлгүүрийн зогсоолд очсон. Бид нарыг тэнд очоод байж байхад Гүнээ гэх залуу баахан хүмүүсийн хамт 3 машинтай ирсэн. Тэд нар машинаасаа бууж ирсэн бөгөөд бид нар учраа олох гээд ярилцах гээд байж байсан. Энэ үед С ах хамт ирсэн хүмүүсийнхээ хамт машиндаа сууж байгаад машинаасаа бууж ирсэн бөгөөд нэг нь агаар руу нэг удаа буудсан. Мөн Сумъяабазар Баянаа гэх залуутай харилцан зодолдоод байсан. Тэр буудсан хүн өөр нэг залуугийн хамт цахилгаан бороохой бариад тэнд байсан нэг залууг хөөгөөд байсан. Тэгээд хоёр талаасаа тарцгаая гээд тарсан.” /1хх-35-36/ гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Х. Сын гэрчээр өгсөн \2020.08.26\ “...2020 оны 0: дугаар сарын 18-ны шөнө Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах SКУ их дэлгүүрийн талбайд Тийн дуудсан Б, Ананд бид гурав саарал өнгийн тоёота приус-20 маркийн машинтай ирсэн. Машинд байхдаа Б нь цахилгаан бороохой машины хаалганаас гаргаж ирсэн. Бид нар SКУ их дэлгүүрийн талбай дээр очоод тэр хүмүүсийг хүлээгээд байж байхад Ананд нь биеэсээ буугаа гаргаж ирээд Т болон тэнд байсан хүмүүст үзүүлж байсан. Би тэр үед Ананд биедээ буутай явж байгааг мэдсэн. Бид нар машинаас буугаад байж байхад гаднаас 4-5 машин ирээд залуучууд бууж ирээд бөөгнөрөөд зогсож байсан. Энэ үед Ананд нь гар буугаараа буудсан. Б нь цахилгаан бороохойгоор нэгийг нь хөөгөөд хойш чиглэлд гүйсэн. Бын хөөж явсан залуу нь цагдаад дуудлага мэдээлэл өгсөн гээд бид нар тэндээс хөдөлсөн.” /1хх-41-42/ гэх мэдүүлэг,

Шүүх шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын галт зэвсгийн лабораторийн 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн №2670 дугаартай дүгнэлт: “Хэргийн газраас хураан авсан гэх хонгио нь 9х18мм-ийн сумны хонгио байна. Дээрх хонгио нь буудагдсан цаг хугацааг тогтоох боломжгүй. Дээрх хонгио нь байлдааны сумны буудагдсан хонгио байна. Дээрх сумны хонгионы бялтан дээр цохигч төмрийн мөр үүссэн байна. Шинжилгээнд ирүүлсэн хонгио ШШҮХ-ийн хошуу хонгионы нэгдсэн санд бүртгэлгүй байна.” /1хх 57-60/ гэх дүгнэлт,

Шүүх шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн №1920 дугаартай дүгнэлт: ”Шинжилгээнд ирүүлсэн Макаров маркийн замаг, их биеийн 1944202785 дугаартай гар буугаар буудлага үйлдсэн байна.” /1хх-68/ гэх дүгнэлт,

Шүүх шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын галт зэвсгийн лабораторийн 2021 оны 04 сарын 12-ны өдрийн №1134 дугаартай дүгнэлт: “Шинжилгээнд гар хийцийн галт зэвсэг ирүүлсэн байна. Шинжилгээнд ирүүлсэн гар хийцийн галт зэвсэг нь буудлага үйлдэж байна. Шинжилгээнд ирүүлсэн  сумны хонгио нь шинжилгээнд ирүүлсэн гар хийцийн галт зэвсгээр буудагдсан хонгио мөн. Шинжилгээнд ирүүлсэн 16 ширхэг сумны 4 ширхэг сумыг авч буудлага хийхэд буудлага хийж байна. Шинжилгээнд ирүүлсэн сумнууд нь 9х18 мм-ийн сумаар буудлага үйлддэг бүх төрлийн буунд зориулагдсан. Шинжилгээнд ирүүлсэн сумнууд нь үйлдвэрийн тэмдэглэгээ, загвар, зориулалт, хэлбэр, хэмжээ, өнгө, үйлдвэрлэгдсэн оноороо шинжилгээнд ирүүлсэн сумны хонгиотой ижил байна.” /1хх-70-78/,

2019 оны 05 сарын 19-ний өдөр Эд зүйл хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл Б.Гүн-Эрдэмээс шаргал өнгийн бууны сумны хонгио 1 ширхэг хүлээн авсан /1хх-79/,

2020 оны 08 сарын 27-ны өдөр эд зүйл хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл\Ч.Баас 34.5 см урттай НҮ-Х8 гэсэн бичиглэлтэй хар өнгийн цахилгаан гүйдлээр цохиулах зориулалт бүхий цахилгаан бороохой 1 ширхэг /1хх-81-82,

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1хх-83-86/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Б.Ш “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийг асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Х.Сыг 2017 оноос ОХУ-ын оюутны холбооны дарга байхаасаа мэднэ. Сургуульд оруулж өгсөн. Монгол улсад сургуульгүй байхад нь сургуульд оруулж өгч байсан. Сүүлд Хан-Түшээ хотхонд Ч.Бын ярьсны дагуу бид 3 хамт очсон. Энэ асуудал болсны дараа би хил гаалийн асуудалтай Ч.Б хүн зодсон асуудалтай байсан бөгөөд Х.С миний зөвшөөрөлгүй гэрээг авах гэж очсон байсан. Тэр хүмүүст намайг хил зөрчсөн асуудалтай би үүнийг гэрчилнэ 2 жил хамт амьдарсан. Би цагдаад мэдэгдье. Надад наад гэрээгээ шилжүүлээд өгчих гэсэн байсан. Тэр хүмүүс рүү явахдаа надад ямар нэгэн зүйл хэлэхгүй гараад явсан. Тэр оройноос гар утсаа авахгүй салгаад 7 хоног холбогдоогүй. Надтай хамт ажиллах гэж байсан хүмүүс Х.Сыг буудалд байгаад надад мөнгө өгөлгүй Х.Сд мөнгө өгөөд асуудлыг шийдэх байсан юм байна лээ. Би хайгаад олохгүй байсан бөгөөд Ундрал гэх охиноор холбогдсоныг нь мэдсэн. Тэр охиноор заалгаад байгаа буудалд нь очиж уулзаад утсыг нь шалгахад тэр хүмүүсээс мөнгө аваад намайг цагдаад батална гэсэн байсан. Х.Сд нэг үг хэлээд хөдөө гэр лүүгээ яв гэж хэлсэн бөгөөд маргааш нь цагдаад очиж асуудлаа шийднэ гээд явсан бөгөөд ийм мэдүүлэг өгсөн юм шиг байна. Тиймээс Х.Сыг Ч.Б бид хоёрын зүгээс дарамталсан зүйл байхгүй. Би санамсаргүй авч орж ирсэн би хүлээн зөвшөөрч байна. Би 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүлээн зөвшөөрч байна. Учир нь буудсан талаараа өмнөх мэдүүлэгтээ мэдүүлсэн. Дээр мэдүүлснээр 13.5 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн хүлээн зөвшөөрөхгүй байна. Би тухайн үед бууг Хан-Түшээ хотхонд өөрийн бүх зүйлийн хамт үлдээгээд явсан. Одоо хаана хэнд байгааг нь мэдэхгүй байна.” /1хх-139-142/ гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд Ч.Тийн “Тухайн үед би Халиун, Төгөлдөр, Итгэл, Ачит, Сумъяабазар, Хонгорзул, Аззаяа, Чингүүнбат нарын хамт очсон. Би очихоосоо өмнө Б гэх таньдаг ах руугаа залгаад “энд жаахан маргаан үүсээд байна, энэ асуудлыг эвлэрүүлж зохицуулж чадах уу гэсэн үүднээс түүнийг дуудахад Ананд /Шийронинбо/ таньдаг үл таних дүү \С\-тэй гурвуулаа ирсэн. Бид нар туулын найзуудыг нь хүлээгээд байж байхад уг залуучууд 4 машинтай бид нар дээр ирсэн. Тэнд байсан хүмүүсээс анх маргаан эхлүүлсэн 2 залууг нь таниад юм ярих гээд ойртож байхад миний хойд талаас Ш, Б хоёр баг зүүсэн бууж ирээд Б нэг залууг нь цахилгаан бороохойгоо дугаргаад хөөсөн. Харин Ш нь энэ үед дээшээ 1 удаа байхаа буудсан. Тэгээд Б, Ананд /Ш/ хоёр машиндаа суугаад явцгаасан. Би Анандыг ямар буугаар буудсаныг нь мэдэхгүй гэнэтхэн л буудсан. Уун дууны дараагаар Сумъяабазар өөрийг нь цохисон залуутай хоёулаа зодолдоод байхаар нь салгаад бид нар хоёр тийшээ явсан.” /1хх-158-160/ гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Бат-Эрхэмийн “Бид нар машинаа байрлуулчхаад Билгүүнээ, Баянтулга, Гүн-Эрдэм бид 4 машинаас буусан. Харин яг тэр үед эсрэг талын залуучууд дундаас нэг нь за яасан ах нар хүрээд ирэв үү гэж хэлсэн. Яг тэр үед том биетэй өндөр залуу том цахилгаан бороохой дугаргаад бид нар руу ухасхийж Гүн-Эрдэмийн баруун гуяны ар хэсэгт цахилгаан бороохойтой залуу нэг удаагийн үйлдлээр цохиулсан. Яг тэр үед нь Гүн-Эрдэм бид 2 зай бариад хойшоогоо алхсан. Тэр үед үсээ лакдсан 175 см орчим өндөртэй махлаг залуу энгэрийнхээ халааснаас гар буу гаргаж ирээд баруун гартаа барьсан. Буутай залуу доош нь болгож цэнэглээд дээш нь чиглүүлж байгаад нэг удаа буудсан. Буудах үед чих дүнгэнээд дарь үнэртэж эхэлсэн ба буутай залуу, цахилгаан бороохойтой залуу шууд хөөж эхэлсэн. Гүн-Эрдэм бид 2 ертөнцийн зүгээр хойшоо чиглэлтэй гүйсэн. Бид хоёрын араас 10 метр орчим газар гүйж байгаад хөөхөө больсон. Гүн-Эрдэм утсаа гаргаж ирээд цагдаа дуудсан.” /2хх-108-110/ гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Билгүүний өгсөн “Тэр залуучууд дундаас нь надтай утсаар ярьсан бэ гэж асуусан. Яг асуух үед өндөр том биетэй залуу их том хэмжээтэй өөрийн шууг зааж аруулав/ бараг миний гарын шуу шиг хэмжээтэй бороохой дээш нь өргөж их хүчтэй дуу гаргасан. Гэтэл өөр нэг залуу хувцасныхаа халааснаас буу гаргаж ирээд манай найз болох Гүн-Эрдэм рүү чиглүүлж гох дарсан. Чаг гэж дуу гарсан гэхдээ буудаагүй. Тэгээд ахин бууныхаа замгийг татаж дээшээ чиглэлтэй нэг удаа буудсан. Харин манай найз Гүн-Эрдэм урдаас хойшоо чиглэлээ гүйсэн. Харин буутай залуу араас нь хөөсөн. Гүн-Эрдэм нь зугтааж байхдаа цагдаад дуудлага өгсөн байсан. Т, Төөгөө нар нь зүгээр хараад л зогсож байсан. Ямар нэгэн үйлдэл гаргаагүй. Орилж маргалдаагүй.” /2хх-114-116/ гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Аззаяагийн “Тийн дуудсан ах нар нь 1 машинтай ирсэн. Гурвуулаа байсан цахилгаан бороохой ашигласан болог буугаар буудсан ах нараас гадна дүү нь гэх залуу цуг байсан. Гэхдээ дүү нь гэх залуу ямар нэгэн үйлдэл гаргаагүй. Цахилгаан бороохой ашиглаж хүний биед гэмтэл учруулаагүй. Харин машинаасаа бууж ирэхдээ баг зүүчихсэн байсан ба шууд буу гаргаж ирээд буудсан. Буу нь гар буу байсан. Миний харснаар тэр залуу машиныхаа урд талын суудлаас бууж ирсэн ба буугаа энгэрээсээ гаргаж ирээд дээшээ нь чиглүүлж байгаад нэг удаа буудсан, хүн рүү чиглүүлээгүй санагдаж байна. Дүү нь гэх залуу ямар нэгэн идэвхтэй үйлдэл гаргаагүй, цуг явсан ах нарынхаа хэлснийг нь хийдэг залуу шиг санагдсан.” /2хх-128/ гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Хонгорзулын “Т нэг хүнтэй утсаар яриад дуудсан. Ямар хүнтэй ярьсан болохыг нь мэдээгүй. Ингээд бид нарыг тэндээ байж байхад Төгөлдөр, Чингүүнбат, Халиун нар машинтай ирсэн. Тэгэхээр нь Анхилуун бид 2 тэр машинд суусан. Тэгээд байж байтал өөр машинтай хүмүүс ирээд тэд нартай уулзаад байх шиг байсан. Удалгүй буун дуу бололтой чанга чимээ гаргахаар нь хартал нэг эрэгтэй хүн буутай байсан. Би тэр хүнийг дээшээ буудаад гараа буулгаж байх үед нь харсан.” /2хх-128/ гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд Э.Чингүнбатын “Приус машинд сууж байсан 3 ахын 2 нь бууж ирээд нэг нь буу гаргаж ирээд шууд дээшээ нэг удаа буудсан. Тэр хаанаас буу гаргаж ирсэн болохыг мэдээгүй. Ямар буу болохыг нь ч мэдээгүй их чанга дуутай буу байсан. Гэтэл нэг залуу нь цахилгаан бороохой гаргаж ирээд нөгөө залуучуудын 2-3-г нь хөөгөөд хойшоо гүйсэн.” /2хх-130-131/ гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Халиуны “Саарал өнгөтэй приус байсан. Машиныхаа дугаарыг нэг юмаар дараад нуучихсан байсан. Машины баруун талаас хүн буугаад дээшээ буудсан. Тэр хүний царай харагдахгүй байсан. Царайгаа нуусан байсан. Цахилгаан бороохой барьсан хүнийг нь машины аль талаас буусныг анзаараагүй, мөн л царайгаа дарж нуусан байсан. Хоёулаа махлаг биетэй. Буудсан хүн нь бороохойтой байсан хүнээс арай өндөр байсан санагдаж байна. Тэр 2 хүн орилоод л байсан. Ална шүү гэж хэлж байсан. Хүн рүү буу тулгаж, чиглүүлсэн зүйл байгаагүй. Бороохойгоор хүн цохиогүй.” /2хх-136-137/ гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Б.Ш “Би 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 1 сарын хугацаатай визтэй Оросын холбооны улс руу Монгол улсаас гарч явсан. Улаанбаатараас Улаан-Үүд хүртэл хөлсний унаагаар явсан ба Улаан-Үдээс Москва хот руу онгоцоор нисэж очсон. Орос улсад Александр гэх хүний компанид ажилладаг байсан ба уг хүнтэй эцсийн тооцоогоо дуусгаж цалин хөлсөө эцсийн байдлаар авах зорилгоор явсан. Москва хотод Александр гэх хүнтэй уулзахад цалин хөлсийг чинь өгч чадахгүй гэж хэлсэн ба намайг зодож, бичиг баримт зэргийг хураан авсан. Миний биеийн байдал хүнд байсан учир би Орос Улсад суралцах хугацаандаа найзалж байсан найз Амир гэх залуугийн гэрт 1 сар орчим хэвтэрт байсан. Намайг найзындаа байна гэдгийг Александр болон түүний хүмүүс мэдсэн. Тэгээд намайг ална, эрхтнийг минь зарна гэж дарамталсан учир би зугтаасан. Орос улсад под москва гэх жижиг тосгон руу очиж, хар ажил хийж эхэлсэн. Ажил бага зэргийг мөнгө олмогц Монгол Улсын хилтэй ойрхон Орос улсын тосгон замын унаагаар ирсэн. Уг тосгонд үл таних эмээ, өвөө хоёртой уулзаж асуухад Монгол Улсын хил ойрхон гэдгийг мэдэж авсан. Надад тосгоны эмээ хэлэхдээ 1-2 хоног Монгол Улсын хилээр орно гэж хэлсэн. Мөн зүг чиг явах замаа заалгаж аваад тосгонд байхдаа хоол хүнсний зүйл бэлдэж аваад Орос улсын хилийн тосгоноос Монгол Улс руу явсан. Ингээд ой тайга, модон дундуур 9 хоног орчим явсаар Хэнтий аймгийн Биндэр сумын нутаг дэвсгэрт орж ирсэн ба Биндэр сумын төв рүү орж, хоног төөрүүлэлгүйгээр шууд Улаанбаатар хот руу явах замын унаанд суусан. Оройдоо Улаанбаатар хотод 2019 оны 05 дугаар сарын 25-ны шөнөдөө ирсэн.” /2хх-140-143/ гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Гүн-Эрдэмийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /2хх-185-187/,

Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /2хх-188-194/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /2хх-213/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Ч.Бын “Тогтоолд дурдсан зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна.” /3хх-36/ гэх мэдүүлэг

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Х.Сын “Энэ бууг Б.Штой хамт 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр буюу хэрэг үйлдэгдсэний маргааш нь Найман шарга валют арилжааны төвийн орчим явж байхдаа ангийн дэлгүүрээс орж худалдан авч байсан. Уг үргээлгээний бууг надад өгөөд “ чи энэ буугаар буудсан, зодооныг тараах маягтай буудсан гэж хэлээрэй” гэж хэлээд надад өгсөн. Мөн Батбаяр гэх өмгөөлөгчийг надад авч өгөөд 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр би анхны мэдүүлгийг өгсөн. 2 дахь буу болох хийн бууг надад 2020 оны 08 дугаар сарын 26-ны орой надад гаргаж өгсөн. Хэрэг болсноос хойш би Ш 3 сарын хугацаанд цуг байсан. Хөдөө гэр лүүгээ явъя гэхээр бууныхаа асуудлыг шийдчихээд яв гэж хэлээд намайг явуулсан. Бааранд очоод Б.Штой хамтран ажилладаг залуу болох Өнөмөнхтэй таарсан. Өнөмөнх ахтай уулзаж “Ш нь гэртээ хүүхэн дуудаад ууж байгаа, намайг бааранд ирж хоно” гэсэн гэж хэлсэн. Мөн хэргийн талаар хэлсэн. Тэр үед надад Өнөмөнх ах зөвлөсөн “ чи цагдаа дээрээ очиж үнэн зөвөөр нь мэдүүлгээ өгөөд хөдөө гэр лүүгээ аав, ээж рүүгээ яв ах нь тусалъя гэж хэлсэн”. Тэгээд Өнөмөнх ахын тусалснаар Сүхбаатарын талбайн зүүн талд байрлах “пума” гэх буудалд 7 хоносон. Яг энэ үеэр Б.Шгийн бааранд ажилладаг байсан Ундрал гэх охиноор дамжуулан миний байгаа газрыг Б.Ш нь мэдэж ирсэн. Тэр Ундрал гэх охинд шинэ утас авч өгнө гэж хэлж байгаад миний хаана байгааг заалгасан гэж надад хэлсэн. Тэгээд Б.Ш нь намайг дагуулан явж шулуун пабрикт ээж, эмээ нарынхаа гэр лүү явсан. Өдрийг нь сайн санаж байна. 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр байсан. Тухайн үед Батбаяр, Б, Ш бид дөрөв явж байсан. Шувуун фабрикт очиж ээж, эмээ нарынхаа гэрт Ш нь намайг зодсон. Зодсон шалтгаан нь “чи Өнөмөнх гэх луйварчинтай хамт явлаа, яах гэж байгаа юм, чи муу надаас хаа холддог юм, би чамайг хаанаас ч олно ш дээ” гэж байсан. Тэгээд тэр өдрөө буюу 24-ний өдөр 22 цагийн үед намайг Хан-Түшээ хотхон руу дагуулан явсан. Хан-Түшээ хотхонд намайг Б, Батбаяр нарын хамт үлдээсэн ба 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр, 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдөртөө хоносон. 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Б.Ш нь надад “Би цагдаагийн даргатай нь ярьсан байгаа, одоо наад асуудал чинь шийдэгдэх гэж байгаа, буугаад өгөөд торгуулаад сална, чи өөрөө буудсанаараа яв, жинхэнэ буугаа гаргаж өгье, Б, бид хоёрыг байхгүй байсан гэж хэлээрэй” гэсэн. Тэгээд би 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр цагдаа дээр очиж болсон асуудлыг үнэн зөвөөр мэдүүлсэн. Харин цагдаа нар бууг нь олж чадах уу гэхээр би олж чадна гэж хэлээд буцаж Хан-Түшээ хотхонд ирээд Б.Шд “таны хэлснээр болсон, буун дээр чинь зөрчлийн хуулиар торгоод өнгөрье, буугаа аваар ир гэж байна гэж хэлсэн”. Тэр орой нь Б надад хэлэхдээ бууг хаана байгааг нь зааж өгсөн ба гэрийн шкафт байгаа шүү гэж хэлээд зааж өгсөн. Маргааш нь буюу 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр цагдаа нар ирсэн ба гэрийн шкафаас бууг гаргаж ирээд хүлээлгэж өгсөн. Хүлээлгэж байх үедээ уг бууг хэрэг болох үед буудлага үйлдсэн буу мөн байна. гэж би бодож байсан. Хан-Түшээ хотхонд Б, Батбаяр бид гурвыг цагдаа нар саатуулан хэлтэс рүү авч явсан ба Ундрам, Туул хоёр үлдсэн. Энэ өдөр Б нь болсон асуудлын талаар үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн. Харин тэр Б.Шгоос холбоо тасарсан, магадгүй Туул, Ундрам хоёр Б.Шгийн байж болох бүх газруудаар хайсан. Маршал, Хүүхдийн зуу, Гарден сити орчмоор хайгаад олоогүй. Гэтэл уг буунд /Хан-Түшээ хотхоноос гарган өгсөн буу/ шинжилгээ хийхэд хэргийн газраас олдсон хонгиогоор буудсан буу биш, хийн буу байна гэж таарсан. Ингээд би Б.Шгийн хэргийн газарт ашигласан буу биш байна гэдгийг нь мэдсэн. Үүнээс хойш одоо хүртэл холбогдоогүй байна. Анхандаа  Б.Ш бид 2 сайн харилцаатай байсан. Скай их дэлгүүрийн гадна хэрэг болсноос хойш ааш зан нь өөрчлөгдөж намайг зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр шаардаж эхэлсэн. Шаардахдаа чи өөрөө буудсан гэж хэлээрэй, намайг гөрөх юм бол сайндаа үзэхгүй шүү хөл гарыг чинь хугална шүү, цагаан сараар эцэг, эхтэй чинь тахир дутуу золгуулна шүү. Намайг ямар хүмүүстэй танил гэдгийг мэднэ биз дээ нутагт чинь хулгайч явуулаад хөл гарыг чинь хугална, гэрийнхнийг чинь дарамтална шүү гэж айлгаж сүрдүүлж, цохиж зоддог байсан.” /1хх 22-23, 2хх 97-101/ гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Х.Сын дахин өгсөн “2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр буюу хэрэг гарсны маргаашаас 2020 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд чи энэ хэргээ даагаад гарчих энэ хэргийг асуудалгүй шийдүүлчих хэрвээ чадахгүй бол хөдөө гэр лүүгээ явна гэж байхгүй шүү энэ хэргээ шийдүүл янз бүрийн ааш авир гаргаж зугтах юм бол таньдаг хулгайч нараасаа дарамтлуулна голомтоор чинь самарна шүү гэж айлгах болсон. Ингээд би анхны мэдүүлгээ Б.Шгийн хэлсний дагуу өгсөн. 2020 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр очиж өгсөн. Худал мэдүүлэг өгчих юм бол надад ямар нэгэн эд зүйл төгрөг өгнө гэж Б.Ш нь надад амлаагүй зүгээр өг гэж хэлж байсан учраас анхны мэдүүлгийг өгсөн. Ингээд 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүртэл намайг ийш тийш явуулахгүй хажуудаа байлгаж гэрээсээ гаргадаггүй, хааяадаа цоожилж явдаг байсан... өмгөөлөгч Ганбаатар гэгч нь миний мэдүүлэг өгөх ажиллагаанд ямар нэгэн байдлаар нөлөөлөл үзүүлээгүй. Мэдүүлэг өгөхөд л хамт байлцсан... зодсон гэх асуудал нь намайг хэргээ шийдүүлэхгүй алга болсон, Өнөмөнхтэй хуйвалдаж зугтаасан гэх шалтгаанаас болж 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах шувуун фабрик эсхүл био хавьцаа эмээ юм уу ээжийнх нь хашаанд миний нүүр хэсэгт 3 удаа гараараа цохиж, нүүр лүү өшиглөсөн.” /2хх-242-243/ гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ч.Тийн “С гэх залуу нь машинаасаа буулгүй сууж байсан. Энэ асуудлын дараа би Ананд, Б, С нартай 13 дугаар хорооллын орчим уулзсан. Ч.Б надад хандаж цагдаагаас дуудвал үргээлгийн буу байсан С буудсан гэж хэлээрэй. Ананд бид хоёрыг байсан талаар битгий хэлээрэй. Хэрвээ хэлбэл дараа нь асуудалтай шүү гээд байсан. С нь надад хандаж намайг буудсан гэж хэлээрэй. Би буудсан шүү. Үргээлгийн буугаар буудсан гэж хэлээрэй гээд байсан. Биднийг багтай байсан болохоор хэн хэн байсан гэж мэдэхгүй гэж хэлээрэй гээд байсан. Тухайн үед Ананд, Б нар нүүрний хамгаалалт шиг хар өнгийн хуванцар баг өмссөн байсан. Тухайн үед Ананд буудсан юм. Учир нь Ананд нь Ч.Баас намхан. Харин Ч.Б нь цахилгаан бороохой барьсан байсан. С хамт ирсэн ч гэсэн машинаас буугаагүй.” /1хх-45-46/ гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Өнөмөнхийн “Нийт 120 сая төгрөгийн гэрээг 2020 оны 6 сард Зайсан Стар төвийн 2 давхарт Нотариатын газарт байгуулж байсан. Тэгээд Б.Ш намайг дарамтлах, айлгах үйлдлүүд гаргаж байсан. Мөн 2020 оны 07 дугаар сард /өдрийг нь санахгүй байна/ хар өнгийн гар буугаар намайг буудна гэж айлгаж байсан. 2020 оны 11 сараас холбоогоо тасалсан. Би Батбаяр, Ундрам гэх хүнийг огт танихгүй, уулзаж байгаагүй. Б нь Ананд /Ш/-той байнга хамт явж байдаг. Надад танилцуулахдаа миний баруун гар байгаа юм гэж байсан. Өндөр том биетэй, халзан толгой дээрээ шивээстэй 24-25 орчим насны хулигаан шинжтэй залуу байдаг. Харин С гэдэг нь Ананд, Б нараас дүү, мөн Ананд, Б нарын машин тэргийг барьдаг, ажилд нь туслаад явж байдаг дүү нар нь байгаа юм. Хөндлөнгөөс харахад Ананд /Ш/-н барлаг, боол нь юм шиг л явж байдаг. Хэлсэн болгоныг нь хийгээд явж байдаг. Уг Б, С нартай хэд хэдэн удаа уулзаж байсан...Ананд надтай уулзахдаа Хөгшин нь хэд хоногийн өмнө нь алсан. Хэдэн залуучуудыг айлгаж хөөсөн. Барьж авсан бол алах байсан юм, буу барьж араас нь хөөсөн, миний хөгшин өөрийгөө ийм байдалд битгий оруулаарай гэж ярьж байсан. Б.Ш нь Бтай бол найз нөхдийн холбоотой адилхан том биетэй учир маргалдах үе байх ч хүч, хэрэглэж зодож байсан эсэхийг мэдэхгүй байна. Харин Стой бол их дээрэнгүй харьцдаг, үйлдэл болгон дээр цохиж зоддог /алгадах, өшиглөх/ үйлдэл гаргадаг. Байнгын дээрэнгүй шинжтэй, харьцдаг байсан...2020 оны 08 сарын орчимд Б.Ш, Б, С нар Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт Хан-Түшээ хотхонд байр түрээслэн амьдарч байсан ба би тэр газарт нь 2 хоносон. 6, 7 давхарт байсан санагдаж байна. Намайг тэнд хүчээр 2 хоног байлгасан. Миний утсыг хураагаад авчихсан байсан. Б.Ш нь Х.Сыг хоол хий гэж алгадаж зодно, амтгүй хоол хийлээ гэж нэг алгадаж цохино, удаан хоол хийж байна гэж зодно, гэр цэвэрлэ гэж зодно байнгын дарамталдаг. Би тухайн үед гэрт нь 2 хонохдоо л энэ үйл явдлыг нүдээр харсан.” /2хх-196-199/ гэх мэдүүлэг,

Хохирогч Х.Сын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /2хх-244-250/ зэрэг болно.

 

Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал улсын хил халдашгүй дархан байна. Монгол Улсын хилийг хуулиар хамгаална.” гэж заасан бөгөөд Монгол Улсын хилийг хуулиар хамгаалж байгаагийн нэг хэлбэр бол Эрүүгийн хуульд Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх үйлдлийг гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан явдал юм.

 

Галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис нь тусгай зориулалтын эд зүйл учир түүнийг эзэмших асуудлыг хуулиар зохицуулдаг. Галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар эзэмших гэмт хэрэг нь эдгээрийг хууль бусаар орж авсан, шилжүүлсэн, борлуулсан, тээвэрлэсэн хадгалсан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэрэг гэж нийтийн хэв журам, олон нийтийн аюулгүй байдалд халдаж, нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж эсхүл эд хөрөнгө устгаж, гэмтээж эсхүл эдгээр үйлдэлд өдөөн, турхирч, татан оруулж хүний халдашгүй чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Гэрч, хохирогч, шинжээч, орчуулагч, хэлмэрчид хууль бусаар нөлөөлөх гэмт хэрэг гэдэг нь хэрэг хянан шийдвэрлэх журам, хэрэг хянан шийдвэрлэх хэвийн үйл ажиллагаа, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, ашиг сонирхолд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 21.5 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Иймд шүүгдэгч Б.Ш дээрх үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, 21.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх бөгөөд Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон тул шүүгдэгчийг дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх, хуульд заасан ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ч.Б нь шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх шатанд оргон зайлсан тул түүнд холбогдох хэргийг энэ хэргээс тусгаарлан түдгэлзүүлсэн болно.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

Шүүгдэгч Б.Ш нь бусдад төлөх төлбөргүй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

Шүүгдэгч Б.Шд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Б.Ш Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх үйлдэл нь Монгол Улсын хилийн аюулгүй байдалд халдаж байгаа боловч хилээр хууль бусаар нэвтрэх болсон шалтгаан нөхцөл нь үндэсний аюулгүй байдалд хор уршиг учруулах зорилготой болох нь тогтоогдоогүй.

 

-Галт зэвсэг хууль бусаар эзэмших гэмт хэрэг нь нийгэмд аюултай боловч мөн сэдэлт санаа зорилго талаас нь авч үзвэл террор үйлдэл хийх гэх мэт нийгмийн хор аюул ихтэй, урдаас төлөвлөсөн үйлдэл болох нь тогтоодоогүй.

Харин галт зэвсгийг тохиолдлын журмаар олж авсан гэж үзэх боломжтой. Энэ үедээ олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэрэг үйлдэхдээ уг галт зэвсгээ ашиглан танхайрсан. Улмаар уг үйлдлээ өөрөө хийгээгүй болох гэж гэрчид хууль бусаар нөлөөлөх гэмт хэрэг хийсэн байдал харагдана. Өөрөөр хэлвэл шүүгдэгч Б.Ш үйлдсэн галт зэвсэг хууль бусаар эзэмших, олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах, гэрчид хууль бусаар нөлөөлөх гэмт хэргүүд нь нэгнээсээ улбаатай, харилцан хамааралтай байна.

 

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Б.Ш үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, шүүгдэгч урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, үйлдсэн 4 гэмт хэргийн 3 нь гэмт хэрэг нь хоорондоо шалтгаант холбоотой боловч нийгэмд үзүүлэх аюулын зэргээрээ бага, үндэсний аюулгүй байдалд халдаагүй гэж үзэж болох мөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчийн гэр бүлийн хамаарал бүхий эмэгтэй Болорчимэг нь жирэмсэн байгаад хүндрэлтэй төрж нярай хүүхэд нь, дараа өөрөө төрөхийн хүндрэлийн улмаас тус тус нас барсан нөхцөл байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн санал зэргийг тал бүрээс нь харгалзаж үзэв.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Ш нь хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 төгрөгөөр торгох ял,

 

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 төгрөгөөр торгох ял,

 

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 /хоёр/ жил 6 /зугаан/ сарын хугацаагаар хорих ял,

 

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Ш холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг нь 2020 оны 05 дугаар сарын 18-нд үйлдэгдсэн байх тул 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр  баталсан Өршөөл Үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь заалтад зааснаар  2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн хүний ялаас өршөөн хасахаар хуульчилсан байх тул шүүгдэгч Б.Шд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зугаан/ сар хорих ялаас 2 /хоёр/ жилийг өршөөн хасаж, Б.Ш хорих ялыг 6 /зургаан/ сараар тогтоож, уг ялыг нээлттэй байгууллагад эдлүүлж, цагдан хоригдсон 37 хоногийг эдлэх ялд оруулан тооцоохоор шийдвэрлэв. Харин шүүгдэгч Б.Ш үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан тус тус гэмт хэрэг нь Өршөөл Үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь заалтад зааснаар “Өршөөлд хамруулахгүй” гэмт хэрэг байгааг дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Шд оногдуулсан торгох ялуудыг нэмж нэгтгэн 23.000.000 төгрөгөөр торгох ял болон 6 сар хорих ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэлээ. Учир нь шүүгдэгч Б.Шийрэвнинбын 6 настай Ш.Ананд гэх бага насны хүүхэд түүний аав Баяртсайханы асрамжинд үлдсэн байгаа байдлыг харгалзан үзлээ.

 

Шүүгдэгч Б.Ш нь энэ хэрэгтээ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг Си-Ди, их бие ТВО 5786 дугаартай, замагны дугаар арилсан иж 79-8 загварын хийн буу 1 ширхэг, Макаров маркийн замаг, их биеийн 1944202785 дугаартай гар буу 1 ширхэг, 19 см урттай арагш сойх зориулалт бүхий үргээлгэний буу 1 ширхэг, 44 ширхэг улаан толгой бүхий сум, Renington cases  гэх бичиг бүхий саарал өнгийн хуванцар хайрцагтай, зэс шаргал өнгөтэй малгайн хэсэгт “3882” гэсэн тэмдэглэгээтэй ган зүрхэвч сум 12 ширхэг, хар өнгийн арьсан материал бүхий сум хийх зориулалтай бууны гэр 1 ширхэг, 1920 Макаров маркийн гар бууны гол төмрийн арчдас, замаг их бие дугаар 19442020785 гэж хаягласан бууны арчдас, 2670 дугаартай шинжилгээний дагавар 1 ширхэг хонгио 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн д/х Б.Хос-Эрдэнэ гэж хаягласан шар бор өнгийн цаасан уутанд хийсэн хонгио 1 ширхэг байгаа болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 2, 4 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгоод ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Ш Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр Монгол Улсын хилийг нэвтрэх,

 

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Байлдааны, хууль сахиулах зориулалттай галт зэвсэг, галт хэрэгсэл хууль бусаар олж авсан, хадгалсан, шилшүүлсэн буюу галт зэвсэг хууль бусаар эзэмших,

 

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй, чөлөөтэй байх, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн,

 

            -Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан Гэрч, хохирогчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор өөрт нь, ойр дотны хүнд нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, ятгасан буюу гэрчид хууль бусаар нөлөөлөх гэмт хэрэг үйлдсэн тус тус гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б.Шд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 /таван/ сая төгрөгөөр торгох ял,

 

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 15.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000.000 /арван таван/ сая төгрөгөөр торгох ял,

 

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 /хоёр/ жил 6 /зугаан/ сар хорих ял,

 

            -Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3.000.000 /гурван/ сая төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсугай.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийг тус тус баримтлан шүүгдэгч Баш овогтой Баяртсайханы Шд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жил 6 сар хорих ялаас 2 жилийг өршөөн хассугай. 

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялуудыг нэмж нэгтгэн 23.000.000 /хорин гурван сая/ төгрөг, 6 сарын хорих ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

 

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Шд оногдуулсан 6 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

             6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ш цагдан хоригдсон 37 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

            7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ш нь торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            8. Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдөр төрсөн 6 настай хүү Б асран хамгаалагч тогтоохыг харъяа дүүргийн Засаг даргад даалгасугай.

 

            9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Б.Шд урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ талаар холбогдох эрх бүхий байгууллагад мэдэгдэхийг шүүгчийн туслахад даалгаж, шүүгдэгч Б.Шд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.     

 

             10. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Ш нь бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

            11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Си-Диг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

         

            12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т тус тус заасныг баримтлан эд мөрийн баримтаар хураагдсан Тагнуулын Ерөнхий газрын мөрдөн шалгах газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа их бие ТВО 5786 дугаартай, замагны дугаар арилсан иж 79-8 загварын хийн буу 1 ширхэг, Макаров маркийн замаг, их биеийн 1944202785 дугаартай гар буу 1 ширхэг, 19 см урттай арагш сойх зориулалт бүхий үргээлгэний буу 1 ширхэг, 44 ширхэг улаан толгой бүхий сум, “Renington cases  гэх бичиг бүхий саарал өнгийн хуванцар хайрцагтай, зэс шаргал өнгөтэй малгайн хэсэгт “3882” гэсэн тэмдэглэгээтэй ган зүрхэвчтэй сум 12 ширхэг, 2670 дугаартай шинжилгээний дагавар хонгио 1 ширхэг, 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн д/х Б.Хос-Эрдэнэ гэж хаягласан шар бор өнгийн цаасан уутанд хийсэн хонгио 1 ширхэг, хар өнгийн арьсан материал бүхий сум хийх зориулалтай бууны гэр 1 ширхэг зэргийг тус тус шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлж, 1920 Макаров маркийн гар бууны гол төмрийн арчдас, замаг их бие дугаар 19442020785 гэж хаягласан бууны арчдас зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Тагнуулын Ерөнхий газрын мөрдөн шалгах газрын эд мөрийн баримт устгах комисст даалгаж,  энэ талаарх баримтыг тус шүүхэд даруй ирүүлэхийг прокурорт даалгасугай.

 

            13. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                                                                                          

            14. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Шд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.МӨНХТУЛГА