Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 824

 

                                                                                                                      

 

 

 

 

 

 

  2022         06           03                                  2022/ШЦТ/824

 

 

           

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Ч.Алтанцэцэг, С.Аюушжав нарын бүрэлдэхүүнтэй,

            нарийн бичгийн дарга Б.Дариймаа,

            иргэдийн төлөөлөгч Б.Батсайхан, 

            улсын яллагч Б.Оюунцэцэг,

            хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н, түүний өмгөөлөгч Г.Даваа,

шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Н.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.8 дахь заалтуудад заасан гэмт хэрэгт Б.Эийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2206 00000 0723 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Э нь 2022 оны 02 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Бага Дарь-Эхийн 12-1409 тоот хашаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай өөрийн хамтран амьдрагч Б.Ттай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар түүний биед хүч хэрэглэн халдаж гараараа алгадах, цохих зэргээр зодсоны улмаас биед нь элэгний урагдал, задрал, тархины хоёр тал бөмбөлгийн дагзны дэлбэн, бага тархины аалзан хальсан доорх цус харвалт, зүүн зулай, духны дэлбэнгийн хатуу хальсан доорх цус хуралт, хүзүүний 7 дугаар нугалмын зүүн латерал массын хугарал, сээрний 5, 6 дугаар нугалмын их биеийн хугарал, доод эрүүний далд хугарал, баруун 2-8 дугаар хавирганы далд шууд хугарал, хоёр уушгины доод дэлбэнгийн 7 дугаар сегментийн ар гадаргуугийн цус хуралт, няцрал, хоёр бөөрний хальсны цус хуралт, нүүр их бие, мөчдийн олон тооны цус хуралт, зулгаралт гэмтэл зэрэг олон тооны шарх үүсгэж, Б.Тыг согтуурсны улмаас биеэ хамгаалах чадваргүй, биедээ гэмтэл авсан болохыг мэдсээр байж онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алсан гэмт хэрэгт холбогджээ.

                                               

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүгдэгч Б.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ би баарнаас гараад салхинд цохиулсан, тасарсан байсан юу болсныг сайн мэдэхгүй. Согтуу хүмүүс сайн явж чадахгүй тэврэлдэж давхралдаж унаж, ойчоод хохирогчид тийм гэмтлүүд учирсан байх. Баарнаас гэр хүртэлх зам өгсүүр, явахад эвгүй, унаж ойчих боломжтой. Хэдэн ч удаа унаж, ойчсын билээ. Би өөрөө тасарсан байсан болохоор хохирогчийг биеэ хамгаалах чадваргүй болсон байсан гэдгийг мэдэхгүй байна. Би хохирогчтой албан ёсоор гэрлээгүй, бидэнд гэрлэлтийн баталгаа байхгүй тул гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан гээд байгааг ойлгохгүй байна” гэв.

 

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н  нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Би 11 дүгээр сард төрсний дараа манай эгч нэг хүнтэй танилцсан гэрлэх гэж байгаа талаар надад хэлж байсан. Харин би шүүгдэгчтэй харилцаж байгаагүй. Оршуулгын зардлыг нэхэмжилсэн боловч шүүгдэгчийн талаас нэг ч хүн биднийг яаж байгаа талаар асууж яриагүй. Оршуулгын зардал 12 сая гаруй төгрөгийг барагдуулсан тохиолдолд энэ хүний машиныг буцаан өгөх болно. Энэ хүн манай эгчтэй хамтран амьдрах гурван сарын хугацаанд манай бүх хамаатан, садангийн гэр орноор орж, уулзаад бидний талаар мэдэж авсан байсан. Манай хамаатнууд энэ хүн ялаа эдэлж дуусаад гарч ирээд яах бол гэдгээс айж байна. Маш их гомдолтой байна. Хуулийн дээд хэмжээгээр нь шийтгэж өгнө үү” гэв.

           

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Нын “2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр намайг гадуур ажилтай явж байхад манай төрсөн ах Түвшинбаяр нь над руу утсаар залгаж “талийгаачийг Гэмтлийн эмнэлэгт ухаангүй хэвтэж байна” гэж хэлсэн. Тэгээд би Гэмтлийн эмнэлэг дээр очиход талийгаач нь сэхээн амьдруулах тасагт байсан. Тухайн үед очоод жижүүр эмчтэй нь уулзаж талийгаачийн биеийн байдлыг асуухад талийгаач нь биеийн байдал нь маш хүнд, үхлийн өмнөх байдалтай, найдвар муу, тархины хатуу хальс доорх цус хуралт, эрүүний яс хугаралт, цээжиндээ хавирга хугарсан, түүний улмаас нэг талын уушги унасан, элэг бяцарсан, хэвлийдээ цус алдалттай, дотор нарийн гэдэс нь бяцарсан, мөн осголтын байдалтай хөл гарын үзүүр хөлдсөн, зүрх судас, амьсгал дэмжих, тархи толгойны цусан хангамж сайжруулах эмчилгээ, цус юүлж байгаа ч гэсэн цус шүүрч бүлэгнэлтгүй болсон байгаа, одоо талийгаачтай дуудаж уулзуулах хүн байвал уулзуул, амьдрах боломжгүй болсон байна гэж хэлсэн. Тэгээд шөнөжин талийгаачийг сахиж хоноод өглөө нь 07 цаг 40 минутад амьсгал хураасан.” /1 хавтаст хэргийн 38-39 дахь тал/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Түвшинбаярын “2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 12 цагийн үед миний 89898200 дугаарын гар утсанд дуудлага ирж гар утсаа авахад Гэмтлийн эмнэлгээс ярьж байна “Mанай дүү Б.Т нь ухаангүй байдалтай 2022 оны 02 дугаар сарын 21-ний өглөө 103-ны түргэн тусламжаар хүргэгдэн ирсэн." гэх мэдээллийг өгсөн. Би тухайн мэдээллийг аваад Гэмтлийн эмнэлэг рүү 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 13 цаг гэхэд очиход Гэмтлийн эмч нар шуурхай хагалгаанд орох шаардлагатай болоод хагалгаанд орсон гэж хэлсэн. Тухайн хагалгаа нь хэвлийн хөндийн хагалгаа хийсэн, хагалгааны дараах биеийн байдлыг 6 дугаар хавирга хугарсан байна, элэг 5см хагарсан, нарийн гэдэс нь дотроо хагарсан байна, уушги гэмтэл авсан, тархиндаа хүнд гэмтэл авсан байна гэж хэлсэн. Тэгээд би талийгаачийн хагалгааны сэхээн амьдруулах руу ороход талийгаачийн толгой, нүүр хэсгүүд нь битүү хаван, хөхрөлтэй танигдахгүй байсан. Мөн талийгаачийн зүүн гар, бугуй хэсэг улайгаад юмаар уясан мэт тойрог хэлбэртэй болсон байсан мөн гарын хуруунууд хөлдсөн, хөлийн/ аль талыг нь сайн санахгүй байна гэх/ хоёр хуруу нь хөлдсөн байсан. Мөн хоёр хөлийн өвдөг болон өвдөгний дээд хэсгээр улайж хөхөрсөн байдалтай байсан. Бас цээжний урд дээд хэсгээр улайж хөхөрсөн байсан, толгой нь танигдахын аргагүй хавдартай байсан. Тухайн үед би таниагүй. 21 цагийн үед талийгаачийн төрсөн хүү болох Билгүүнийг талийгаачийн хэвтэж байгаа тасаг руу оруулж талийгаачийг төрсөн хүүгээр нь таниулах ажиллагаа хийж, талийгаач Б.Тыг мөн болохыг тогтоосон. Түүнээс хойш биеийн байдал нь тогтворгүй байсаар байгаад 2022 оны 02 дугаар сарын 22-ны өглөө 07 цаг 55 минутын үед нас барлаа гэх мэдээг өгсөн.” /1 хавтаст хэргийн 43-44 дахь тал/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Билгүүний “2022 оны 02 дугаар сарын 21-ний орой 18-19 цагийн үед намайг Сонсголонд машин янзалж байхад миний гар утас руу миний үеэл эгч болох Нандин-Эрдэнэ нь утсаар залгаж надад “миний төрсөн ээж болох Б.Тыг гэмтлийн эмнэлэгт сэхээн амьдруулах тасагт хэвтэж байна, яаралтай ир” гэж надад хэлсэн. Тэгээд би гэмтлийн эмнэлэг дээр ирэх үед манай ээжийн талын ах дүү нар байсан. Тэгээд би юу болсон талаар асуухад надад нээх их зүйл хэлэхгүй байсан. Би гэмтлийн эмнэлэг рүү ирж байхдаа замдаа Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн жижүүрийн утас руу залгаж Б.Эийн нэрийг хэлж ийм хүн танайд байна уу гэхэд саатуулсан байгаа талаар хэлсэн ба би тэр үед ээжийг Б.Э зодсон байх гэж гадарласан. Тэгээд би гэмтлийн эмнэлэг дээр очоод сэхээн амьдруулах тасаг руу дотогш орж ээжийг харахад танихын аргагүй болсон байсан. Тухайн үед ээжийг орж харахад би таниагүй ба ээжийнхээ зүүн гарын шууны дотор байх хуучин соривоор нь таньсан. Тухайн үед эмнэлгийн байгууллагаас ээжид аппарат зүүлгэсэн өөрийн ухаангүй байсан. Тэгээд би сахиуруудын өрөөнд ороод сууж байгаад зүүрмэглэчихсэн байсан. Тэгтэл сувилагч ирж сэрээгээд ээж дээр очоод хартал зүрх нь зогссон байсан." /1 хавтаст хэргийн 47-49 дахь тал/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Мөнхтуяагийн “2022 оны 02 дугаар сарын 21-ний өглөөний 5 цаг өнгөрч байх үед намайг Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 2 дугаар хороолол сургалтын 12-ийн 21 тоот гэртээ байж байтал манай дүү Энхтөгс над руу залгаад ах Б.Э над руу утсаар залгаад, утасны цаанаас уйлаад байна. Ямар ч байсан архи уусан согтуу гэрийнхээ түлхүүрийг олохгүй, хамтран амьдрагч Б.Т нь газар хэвтээд босож чадахгүй байна гэж яриад байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би Б.Э лүү утсаар залгахад утас нь холбогдохгүй байсан бөгөөд хэд залгасны дараа Б.Э утсаа авсан бөгөөд Б.Э шууд утасны цаанаас уйлаад эхэлсэн, хамтран амьдрагч Б.Т нь газарт хэвтээд ухаангүй байна, би өөрийнхөө гэрийн түлхүүрийг олохгүй хашаан дотроо байна гэж надад утсаар хэлсэн. Тэгэхээр нь би за одоохон очлоо гээд 10-20 минутын дараа Дарь-Эхэд байрлах гэрт нь Б.Э дээр дүү Энхтөгсийг дагуулж очсон. Бид хоёрыг очих үед цагдаа нар ирчихсэн байсан бөгөөд хашаан дотор ороход Б.Э сандарсан байдалтай байсан бөгөөд цагдаа нар надад хандаж энэ хүн аягүй сандраад байна, та тайвшруул гэж хэлсэн. Тэгээд би Б.Эийг тайвшруулаад, амь хохирогч Б.Т дээр очиж харахад Б.Тын нүүр нь хавдаж, их хэмжээний цус болсон, өмссөн байсан футболк нь цус болсон, ухаангүй, хурхираад байшингийнхаа довжоон дээр газарт хэвтэж байсан. Тэр үед өөр гадны хүн гэрт байгаагүй. Тэгээд би дүүгийнхээ машины хучлагаар Б.Тыг хучсан, тэр үед Б.Т амьсгалж байсан юм. Удалгүй түргэн тусламж ирээд Б.Тыг эмнэлэг рүү аваад явсан. Тухайн үед дүү бид хоёрыг Б.Э дээр очих үед Б.Э архи уусан согтуу байсан.” /1 хавтаст хэргийн 52-53 дахь тал/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн шинжээчийн 708 дугаартай “1.Талийгаачийн цогцост элэгний урагдал, задрал, тархины хоёр тал бөмбөлгийн дагзны дэлбэн, бага тархины аалзан хальсан доорх цус харвалт, зүүн зулай, духны дэлбэнгийн хатуу хальсан доорх цус хуралт, хүзүүний 7 дугаар нугалмын зүүн латерал массын хугарал, сээрний 5, 6 дугаар нугалмын их биеийн хугарал, доод эрүүний далд хугарал, баруун 2-8 дугаар хавирганы далд шууд хугарал, хоёр уушгины доод дэлбэнгийн 7 дугаар сегментийн ар гадаргуугийн цус хуралт, няцрал, хоёр бөөрний хальсны цус хуралт, нүүр их бие, мөчдийн олон тооны цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр элэгний хатуурал, архаг идэвхт үрэвсэл, уушгины цочмог үрэвсэл, бөөрний тэвшинцрийн архаг үрэвсэл өвчин тогтоогдлоо. Дээрх өвчнүүд нь үхлийн шалтгаанд нөлөөлөөгүй. 3. Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр спиртийн болон мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис цусанд илрээгүй. 4. Талийгаач нь 0/1/ бүлгийн цустай байна. Үтрээний арчдас, наалдац дээр эр бэлгийн эс илрээгүй. 5. ГССҮТ-ийн №2139 тоот өвчний түүхэнд дурдсанаар 2022 оны 02 сарын 22-ны өдөр 07 цаг 55 минутад нас барсан байна. б.Талийгаач нь дээрх хавсарсан гэмтлийн улмаас уушгины тараагуур судасны өөхөн бөглөлдсөөр хүндэрсний улмаас нас баржээ.” /1 хавтаст хэргийн 117-124 дахь тал/ гэх дүгнэлт,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч эмч О.Болороогийн “Уушгины тараагуур судасны өөхөн бөглөөдөс гэдэг нь их хэмжээний зөөлөн эд болон өөхлөгийн гэмтэл, ясны хугарлын улмаас өөхөн эдүүд цусны гэмтсэн судсаар шимэгдэж өөхөн дуслууд цусны урсгалаар дамжин уушгины тараагуур судсыг бөглөснөөр үхэлд хүргэдэг хүндрэл болно.” /1 хавтаст хэргийн 140 дахь тал/ гэх мэдүүлэг,

 

            Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт /1 хавтаст хэргийн 19-30 дахь тал/ зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

           

Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч Б.Э нь 2022 оны 02 дугаар сарын 20-21-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Бага Дарь-Эхийн 12-1409 тоот хашаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай өөрийн хамтран амьдрагч Б.Ттай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар түүний биед хүч хэрэглэн халдаж гараараа алгадах, цохих зэргээр зодсоны улмаас биед нь элэгний урагдал, задрал, тархины хоёр тал бөмбөлгийн дагзны дэлбэн, бага тархины аалзан хальсан доорх цус харвалт, зүүн зулай, духны дэлбэнгийн хатуу хальсан доорх цус хуралт, хүзүүний 7 дугаар нугалмын зүүн латерал массын хугарал, сээрний 5, 6 дугаар нугалмын их биеийн хугарал, доод эрүүний далд хугарал, баруун 2-8 дугаар хавирганы далд шууд хугарал, хоёр уушгины доод дэлбэнгийн 7 дугаар сегментийн ар гадаргуугийн цус хуралт, няцрал, хоёр бөөрний хальсны цус хуралт, нүүр их бие, мөчдийн олон тооны цус хуралт, зулгаралт гэмтэл зэрэг олон тооны шарх үүсгэж, амь хохирогчийг согтуурсны улмаас биеэ хамгаалах чадваргүй, биедээ гэмтэл авсан болохыг мэдсээр байж онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан үйл баримт тогтоогдож байна.

           

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний халдашгүй байдлыг баталгаажуулсан.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Хүнийг алах гэмт хэрэг гэдэг нь хүний амьд явах эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм. Гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдсэн хүн өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнээс учирч болох эрсдэл буюу хүн нас барах боломжтойг мэдсэн, мэдэх боломжтой байсан үед хүсэж үйлдсэн, хүсээгүй боловч үйлдлээрээ уг хохиролд хүргэсэн гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэртэй байна.

 

Шүүгдэгч Б.Э нь Б.Тын эрүүл мэндэд халдаж алсан байдал нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

            2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр баталсан Монгол улсын Гэр Бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3.1. дүгээр зүйлд Энэ хуулийн үйлчлэлд дараахь этгээд хамаарна: 3.1.1.эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд;

3.2. ... хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, ... этгээд нэгэн адил хамаарна.

5 дугаар зүйлийн 5.1.1."гэр бүлийн хүчирхийлэл" гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг;

5.1.2."гэр бүлийн хүчирхийллийн хохирогч" гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санаа, эдийн засаг, бие махбод, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон хүнийг; хэлнэ гэж тус тус хуульчилжээ.

 

Иймд шүүгдэгч Б.Э, амь хохирогч  Б.Т нар нь 3 сар орчмын хугацаанд хамтран амьдрагч байсан болох нь гэрч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч нарын мэдүүлгүүдээр тогтоогдож байх тул шүүгдэгч  Б.Эийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алсан гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй гэдэгт хохирогч бага насны эсвэл өндөр настай, өвчин эмгэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй, мөн илтэд сул дорой эсвэл хүчтэй мансуурсан, согтуурсан зэрэг зэргийг ойлгоно.

 

            Хохирогч биеэ хамгаалж чадахгүй байсан болох нь тухайн хэрэг болсон өдөр шүүгдэгч, амь хохирогч нар согтууруулах ундааны зүйл болох архийг хэтрүүлэн хэрэглэсний улмаас амь хохирогч нь биеэ авч явах чадваргүй байсан нь шүүгдэгчийн “бид эхлээд гэртээ архи уугаад, гарч баар орж архи нэмж авч уусаар байсан” гэх агуулгатай мэдүүлэг, мөн “хохирогч нь их согтоод бааран дотор гутал, хувцасаа тайлаад ширээ, ширээн дээр очиж танихгүй хүмүүстэй хэрүүл маргаан үүсгээд байсан, тэнд байсан хүмүүс дургүйцээд энэ хүнээ аваач ээ гээд байсан” гэх зэрэг өөрийн мэдүүлгээс гадна гэрч нарын мэдүүлэг хяналтын камерийн бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр тус тус тогтоогдож байна.

 

            “Онц харгис хэрцгийгээр аргаар гэдэгт хүнийг алахын өмнө буюу алах явцдаа хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэж, өвтгөн шаналгасан, тарчилсан, зовоосон” өөрийн үйлдлийн харгис хэрцгий үр дагаврыг урьдчилан харж, хүсэж санаатайгаар үйлдлийг ойлгоно. Эдгээр байдал нь энэ хэргийн тухайд Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 708 дугаартай шинжээчийн дүгнэлт болон гэрэл зургуудаар талийгаачийн бие махбодод олон тооны шарх үүссэн нь хангалттай тогтоогджээ.

 

Иргэдийн төлөөлөгч “Шүүгдэгч Б.Эийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай” гэж дүгнэлт гаргасан болохыг дурдав.

 

Иймд шүүгдэгч Б.Эийн үйлдэл нь дээрх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Б.Э нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулахад харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Улсын яллагч: Шүүгдэгч Б.Эийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 18 жилийн хорих ял оногдуулах, хаалттай хорих байгууллагад эдлүүлэх” саналыг гаргав.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаар “улсын яллагчийн саналыг дэмжиж байна” гэсэн.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын саналдаа:Шүүгдэгч Б.Э нь хэргийн газраас зугтаагагүй, цагдаа иртэл байж байсан, зэрэг байдлыг харгалзан түүнд оногдуулах ялыг хуульд заасан ялын доод хэмжээг оногдуулах саналыг гаргав.

 

Эрүүийн хуулийн 6.7 дугаар зүйлд “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх, мөн хуулийн 1 дэх заалтад “...Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно..” л гэж заасан болохоос заавал шинжтэй биш. Шүүгдэгч Б.Эийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хүний амь хохирсон хүнд хор уршиг учирсан. Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд: “...Хүн бүр амьд явах эрхтэй...” Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Хэний ч амь насыг дур мэдэн бусниулж болохгүй..” гэж зааснаар хүний амь насыг хохироосон нь хор уршгийг арилгасан гэж үзэх боломжгүй юм. Мөн шүүгдэгч нь гэм буруугаа хүлээж байна гэх авч гэмт хэргийг хүндрүүлэх 3 бүрэлдэхүүнийг бүгдийг огт хүлээн зөвшөөрдөггүй, маргаж мэтгэлцдэг. Тиймээс шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Шүүгдэгч Б.Эийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал ноцтой, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар их, урьд 3 удаа ял шийтгүүлж, тэнсэж хянан харгалзах, хорих ял эдэлж байхад нь өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамруулах зэргээр төрийн зүгээс нигүүлсэнгүй хандаж байхад гэмт зан үйлээ засч хүмүүжээгүй хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг төлөөгүй зэргийг харгалзан хууль ёсны болон шударга ёсны зарчмыг удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.8 дахь заалтад зааснаар 18 жил хорих ял оногдуулж хаалттай хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно. 

 

Бусад асуудал:

 

Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н нь энэ гэмт хэргийн улмаас учирсан оршуулгын зардал болох нийт 12.042.440 төгрөгийг нэхэмжилсэн ба хэрэгт нотлох баримтаар 9.424.726 төгрөгийн баримт авагдсан байх тул уг мөнгийг шүүгдэгч Б.Эөөс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгуулж, гэм хорын бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

 

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугсарын 24-ний өдрийн 154 дугаар захирамж, 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 216/1 дугаар захирамж, 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 296 дугаар захирамж, мөн 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 100 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцохоор шийдвэрлэв.

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг Си-Диг хэрэгт хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээх, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч Б.Эд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, энэ өдрөөс эхлэн эдлэх ялыг нь тоолов.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Б.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.8 дахь заалтад заасан “хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алахгэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.8 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Эд 18 /арван найман/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эд оногдуулсан 18 /арван найман/ жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эийн цагдан хоригдсон 100 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Эөөс 9.424.726 /есөн сая дөрвөн зуун хорин дөрвөн мянга долоон зуун хорин зургаа/ төгрөгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Нд / /-д олгуулсугай.

 

            6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Н нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын бусад хохирол, зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг Си-Дийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээсүгэй.

 

            8. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.МӨНХТУЛГА

 

                                                    ШҮҮГЧ                                  Ч.АЛТАНЦЭЦЭГ

 

                                                    ШҮҮГЧ                                   С.АЮУШЖАВ