Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 772

 

 

 

 

 

 

 

   2022        05          30                                     2022/ШЦТ/772

 

-          

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхтулга даргалж,

нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,

улсын яллагч Б.Энхбат,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Алдармөнх,

шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч П.Эрхэмбаяр,

шүүгдэгч О.О, түүний өмгөөлөгч Э.Мөнхзолбоо,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч З.Б.Б,

шүүгдэгч Б.Л, түүний өмгөөлөгч Н.Намжилцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 25.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 25.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Бд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 25.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Баасансамбуугийн Б.Л, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 25.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан нарт, эрүүгийн 2002 00543 0089 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Б, Б.Л, Т.Г.Б, О.О нар нь гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн хугацаанд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 13 дугаар тогтоолоор “Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалт газрын жагсаалт”-д багтсан Архангай аймгийн Хайрхан сумын нутаг дэвсгэр “Гол мод-1” гэх газарт байрлах Түүх соёлын үл хөдлөх дурсгалд хамаарах Хүннү үеийн эртний язгууртны булш, хиригсүүрт хууль бусаар археологийн хайгуул, малтлага хийж, нийт 88 ширхэг соёлын үнэт олдвор /хэрэглэгдэхүүн/ буюу Соёлын өвийг хамгаалах тухай хуульд заасан “Соёлын биет өв”-ийг олж авсан,

Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн хүртэлх хугацаанд нийт 88 ширхэг түүх, соёлын үнэт олдвор /хэрэглэгдэхүүн/ буюу “Соёлын биет өв”-ийн худалдааг хууль бусаар явуулахаар завдсан буюу Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Олимпийн гүүрний орчимд 37-52 УБП улсын дугаартай, Тоёота Карина загварын тээврийн хэрэгсэлд хадгалсан гэмт хэргүүдэд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн.” гэв.

 

Шүүгдэгч Б.Л нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Бидэнд маргах шаардлага байхгүй. Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв.” гэв.

 

Шүүгдэгч О.О нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Би хэрэгт холбогдсондоо харамсаж байна. Хоёр дүүг зөвшөөрөлтэй гэхээр нь хээр уулзаад, дараа нь манайд ирж уулзаад би хүлээн зөвшөөрсөн. Газар шороо эрхэлдэг гэдгийг ойлгоод хууль байхгүй гэдгийг нь мэдсэн. Сүүлд хууль бус зүйл хийснээ ойлгосон. Би гэмшиж байна. Би махны наймаа хийдэг, миний сарын орлого 10.000.000 төгрөг байдаг.” гэв.

 

Шүүгдэгч Т.Г.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Би буруутай үйл ажиллагаанд оролцсондоо маш их харамсаж байна. Өмнө өгсөн мэдүүлэг хэвээрээ, маргах зүйлгүй.” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.А нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Намайг П.А гэдэг. Соёлын яаманд соёлын өвийн бодлогын хэрэгжилт зохицуулах газар ахлах мэргэжилтнээр ажиллаж байна. Түүх соёлын үл хөдлөх дурсгалд дурсгалыг үнэ цэнээр нь шинжлэх ухааны болон судалгааны гэж ангилдаг.  Архангайд байгаа Хүннүгийн дурсгалт газар нь улсын хамгаалалтад байдаг. Түүх соёлын үл хөдлөх дурсгалыг 3 төрлийн хамгаалалтын зэрэгт ангилдаг. Түүний хамгийн дээд буюу улсын хамгаалалтын зэрэгт байдаг дурсгалт газар. Энэ газраас шунахайн зорилгоор ухаж тоносон, авч борлуулахыг оролдсон байна. Тухайн Хүннүгийн дурсгалд нөхөж баршгүй хохирол учруулсан, үнэ цэнийг алдагдуулсан, огт байхгүй болгосон гэдэгт гомдолтой байна. Цаашид иймэрхүү төрлийн гэмт хэргийг хөнгөрүүлэх, мэдлэг ойлголтгүйн улмаас тоносон гэдгээр хөнгөн ял оногдуулахгүй байх хэрэгтэй байна. Чанга хатуу эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг байхад шүүх холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авна гэж бодож байна.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Тагнуулын ерөнхий газрын 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Б.Б, Д.Бямбацогт, Б.Хишигсүрэн, Ш.Давгадорж нарын биед болон тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн: “..Б.Баттулгын “Галакси вайд-2, /Galaxy wide-2/” загварын, Шийн “Галакси-А10, /Galaxy А-10/ загварын, Д.Бямбацогтын “Галакси Ж7, /Galaxy J7/”, “Самсунг, /Samsung/” загварын 2 ширхэг, Б.Хишигсүрэнгийн “Нокиа, /Nokia/” загварын гар утаснуудад нарийвчлан үзлэг хийхээр хураан авав. Д.Бямбацогтын эзэмшлийн 37-52 УБП улсын дугаартай мөнгөлөг өнгийн Тоёота Карина загварын тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд машины арын суудлын доод хэсэгт цагаан өнгийн шуудайтай “Түүх соёлын дурсгалт зүйл /олдвор/” байж болзошгүй эд зүйлс байсныг хураан авав. Машины жолоочийн арын суудлын хөлийн гишгүүр шалавчийг татаж үзэхэд “цагаан өнгийн хаш мэт хээтэй, дөрвөлжин зүйл, алтан шаргал өнгөтэй, ногоон өнгийн чулуун мэт шигтгээтэй, хээтэй түүх соёлын үнэт зүйл” байж болзошгүй чимэглэл, жолоочийн суудал дээр алтан шармал морины мэт дүрстэй металл зүйл, жолоочийн хажуу талын суудлын завсар бүсний хэл мэт хэлбэртэй хөсрийтсөн, зарим хэсгээрээ алт мэт шармал оруулгатай зүйл, цагаан өнгийн соёо мэт зүйл, машины голын хайрцагт 5 ширхэг чулуу мэт зүйл, арын суудал дээр “Инээмсэглэл танин мэдэхүй” нэртэй “Хээрээр нэг хэрэгсүүр” гэсэн гарчигтай нийтлэлтэй металл хайгч ашиглах заавар, “Канон, /Canon/” загварын зургийн аппарат, хайрцаг савтайгаа байсныг хураан авав. Машины гадна талд шороон дээр өмнөхтэй адил алтан шармал өнгөтэй, ногоон чулуун шигтгээтэй, дөрвөлжин хэлбэртэй чимэглэл байсныг хураан авав..Машины арын багажид гялгар тортой ягаан өнгөтэй чулуу мэт зүйл байсныг хураан авав, голын хайрцагт байх хүрэн өнгийн түрийвчинд нэг талдаа хээтэй, ногоон өнгөтэй, дөрвөлжин чулуун эдлэл байсныг хураан авав.” Гэх мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 43-47/,

 

Хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэй тооцох тухай прокурорын 215 дугаартай тогтоол /1хх-ийн 40-41/,

 

Тагнуулын ерөнхий газрын 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 37-52 УБП улсын дугаартай мөнгөлөг өнгийн Тоёота Карина загварын тээврийн хэрэгсэлд дахин үзлэг хийсэн: “Үзлэгээр жолоочийн суудлыг замын дагуу урагшлуулахад жолоочийн суудал, голын хайрцаг хоёрын завсар жолоочийн суудлын замын доод талд шар өнгийн 4 см*2 см хэмжээтэй, нимгэн алт мэт зүйл байсныг хураан авав.” гэсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 51-53/,

 

Хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэй тооцох тухай прокурорын 217 дугаартай тогтоол /1хх-ийн 48-49/,

 

Архангай аймгийн Хайрхан, Эрдэнэмандал сумын нутаг орших “Гол мод”-ны дурсгалт газрын тоногдсон булшнаас гарсан эд өлгийн зүйлсийн жагсаалт, гэрэл зургууд, тухайн өлгийн эд зүйлст үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 55-60/,

 

“Самсунг, /Samsung/” загварын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /1хх-ийн 61-83/,

 

2021 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Хэргийн газарт үзлэг хийсэн: “..Хэрэг учрал болсон гэх газар нь Архангай аймгийн Хайрхан сумын “Гол мод-1” гэх газар байх бөгөөд ...уг газар нь Архангай аймгийн Хайрхан сумын төвөөс баруун урд зүгт 30 км-ын зайд орших бөгөөд дов элсэн толгой ихтэй газар байлаа. Оролцогч Б.Бар “ухсан гэх эртний булш, хэрэгсүүр”-ийг заалгаж үзлэгийг явуулахад тухайн булш, хэрэгсүүр нь 5,90 см-ын диаметртай, гүн нь 2.5-3 метр гүн байх бөгөөд хэсэгт олон тооны хад чулуу, модны хугархай, тайрдас байлаа. Уг булш нь элс, дов толгойгоор хүрээлэгдсэн, өндөр нь 1.50 м өндөр байлаа.” гэх тэмдэглэл, гэрэл зургууд /2хх-ийн 48-52/,

 

2021 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн Хайрхан сумын Хайрхан баг “Омбо” гэх газарт оршин суух Т.Г.Бы гэрт нэгжлэг хийсэн ажиллагаа, гэрэл зургууд /1хх-ийн 40-44/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Алдармөнхийн: “Архангай аймгийн Хайрхан сумын нутагт оршдог “Гол мод-1” хэмээх газар нь Соёлын өвийн улсын нэгдсэн бүртгэл, мэдээллийн санд бүртгэгдсэн байдаг учраас Түүх соёлын өвд зүй ёсоор хамаарах бөгөөд энэ дурсгалт газраас илэрсэн археологийн олдвор, соёлын дурсгалт зүйлс нь мөн соёлын өвд хамаарна. Соёлын өвийн ойлголтод тухайн дурсгалт газар түүх соёлын үл хөдлөх дурсгал болдог бөгөөд дурсгалт газраас гарсан олдвор /хэрэглэгдэхүүн/ нь түүх соёлын хөдлөх дурсгалт зүйл болно. Архангай аймгийн Хайрхан сумын нутагт оршдог “Гол мод-1” хэмээх газар нь Монгол Улсын хэмжээнд Хүннүгийн үеийн язгууртны булш, оршуулгын дурсгалтай томоохон газруудын нэг юм. Энэ газар нь Хүннүгийн үеийн булш байхаас гадна археологийн шинжлэх ухаанаар маш олон жил судалгаа хийгдсэн чухал дурсгалт газар бөгөөд энэ дурсгалт газрыг 1993, 1998 онуудад Улс, Аймаг, Нийслэлийн хамгаалалтын зэрэглэлд оруулж байсан. Хамгийн сүүлд 2020 оны Засгийн Газрын 13 дугаар тогтоолоор Улсын хамгаалалтын зэрэглэлд авсан. Палентлоги, археологийн хайгуул, малтлага, судалгаа хийх зөвшөөрлийг Соёлын яам байгуулагдахаас өмнө Боловсролын асуудал хариуцсан Төрийн захиргааны төв байгууллагын дэргэдэх Палентлоги, археологийн мэргэжлийн зөвлөлийн шийдвэрийг үндэслэн Боловсролын асуудал хариуцсан Засгийн газрын гишүүний тушаалаар зөвшөөрөл олгодог байсан. Харин Соёлын яам байгуулагдсанаас хойш Соёлын яамны дэргэдэх Археологийн мэргэжлийн зөвлөлөөс гаргасан шийдвэрийг үндэслэн Соёлын асуудал эрхэлсэн Засгийн Газрын гишүүний тушаал, зөвшөөрлөөр олгож байгаа бөгөөд үүнээс бусад тохиолдолд хууль бус гэж үзнэ. Археологийн малтлага болон дурсгалаас илэрсэн олдвор, хэрэглэгдэхүүн нь тухайн цаг үеийг илэрхийлэх түүхэн эд өлгийн баримт учраас орчин цагт буюу одоо үед нэг бүрчлэн мөнгөн дүнгээр үнэлэх боломжгүй юм” /3хх-ийн 15-17/ гэх мэдүүлэг,

 

Шинжлэх Ухааны Археологийн Хүрээлэнгийн 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн: “Хууль бусаар малтлага хийгдсэн Архангай аймгийн Хайрхан сумын нутагт орших “Гол мод-1” дурсгалт газар нь Монгол болон бүс нутгаас илэрсэн Хүннүгийн үеийн язгууртны оршуулга бүхий 11 томоохон дурсгалт газрын нэг бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 1998 оны 235 дугаар тогтоолоор Улс, Аймаг, Нийслэлийн хамгаалалтад байх “Түүх соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтад бүртгэгдсэн дурсгалт газар, соёлын өв” мөн болно. Энэ дурсгал нь НТӨ III-НТ II зууны үед Төв Азид үүсэж хөгжин цэцэглэж байсан Хүннүгийн соёл, устаж үгүй болоод бидний үед уламжлан ирж чадаагүй Хүннүчүүдийн оршуулгын соёлын хосгүй өвөрмөц гэрч нотолгоо болж байгаа гэсэн үндэслэл шалгуураар Дэлхийн соёлын өвийн урьдчилсан жагсаалтад 2014 онд бүртгүүлсэн дурсалт газруудын нэг юм. Одоо Дэлхийн соёлын өвд бүртгүүлэх судалгааны ажил хийгдэж байгаа болно. Хэргийн материалтай танилцахад “Гол мод-1” дурсгалт газрын дөрвөлжин хүрээтэй язгууртны булшны голд цооноглон ухсан нь тодорхой ажиглагдаж байна. Хэргийн эд мөрийн баримт болгон хураасан олдворууд нь Хүннүгийн язгууртны булшнаас гардаг олдвор хэрэглэгдэхүүнтэй ижил төстэй байгаа, мөн малтсан булшны байдал зэргээс үндэслэн хураагдсан эд зүйлсийг “Гол мод-1” дурсгалт газрын булшнаас гарсан байх боломжтой хэмээн үзэж байна. Хэргийн эд мөрийн баримтаар хураан авсан түүх соёлын олдвор хэрэглэгдэхүүн, эд зүйлсийг мөнгөн үнэлгээгээр үнэлэх боломжгүй юм.” /3хх-ийн 21/ гэх шинжээчийн дүгнэлт,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Нямцэрэнгийн: ““Гол мод-1” гэх газар нутгийн онцлог нь Хүннүгийн үеийн булш байдаг хангай нутаг юм.” /2хх-ийн 58-60/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.Чойжжанцангийн: “Гол мод-1” гэх газар нь Архангай аймгийн Хайрхан сум, Эрдэнэмандал сумын зааг дээр оршдог Хайрхан сум гэлтгүй Монгол Улсын түүхэн соёлын өв юм аа. Монгол Улсын анхны төрт Улс болох Хүннү гүрний өв соёлын хадгалсан томоохон хэмжээний олдвор байгаа юм. Улсын тусгай хамгаалалтын жагсаалтад багтдаг эсэхийг мэдэхгүй байна. Аймгийн түүхийн дурсгалт газрын жагсаалтад багтсан байгаа. Уг газарт Монгол, Францийн эрдэмтдийн хамтарсан баг 2007 он байна уу 2008 онд 3 жилийн хугацаатай эрдэм шинжилгээний хайгуул, малтлага хийж байсан. Уг “Гол мод-1” гэх газарт Хүннүгийн үеийн хаад, ноёдын булш, хэрэгсүүр тэдгээрийн хэрэглэж байсан эд зүйлс байдаг гэсэн яриа байдаг юм.” /2хх-ийн 71-73/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Г.Дэлгэрмядагын: “Архангай аймгийн Хайрхан сумын нутаг дэвсгэрт байрлах “Гол мод-1” гэх газарт Хүннүгийн үеийн хаад, язгууртны булга бунхан байдаг, уг газар нь Улсын тусгай хамгаалалттай. Засгийн газрын 2008 оны 175 дугаартай тогтоолоох Улсын тусгай хамгаалалттай газар нутагт багтааж үргэлжлүүлсэн байдаг. Анх 1993 онд Монгол-Францийн хамтарсан археологийн экспедиз нь 2000 оноос хойш тус сумын “Гол мод-1” гэх газарт ажиллаж эхэлсэн гэсэн мэдээлэл байдаг. 2015 оны БСШУ-ын Яамны сайдын 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн А/181 гэсэн дугаартай “Зөвшөөрөл олгох тухай” гэсэн тушаалаар тус газар хайгуул, малтлага хийх зөвшөөрөлтэй байгууллагуудын жагсаалтыг хүргүүлсэн байдаг, холбогдох бичиг баримтууд нь байгаа. Үүний дагуу хайгуул, малтлага хийх гэж байгаа Ч.Ерөөл-Эрдэнэ ирж ажил байдлынхаа талаар танилцуулж байсан. Хайгуул, малтлага хийх үед болон хийсэн нөхцөл байдалтай нь очиж танилцсан тэр үед нөхөн сэргээлтийн хийсэн бүх зүйлийг хэвийн байдалд оруулсан байсан.” /2хх-ийн 76-78/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Хишигсүрэнгийн: “Ш нь хаанаас авсан болохоо хэлээгүй, “нөгөө хүн нь хэлэхгүй байгаа” гэж хэлсэн. Би алтан эдлэлүүдийг үзээд “энэ Архангай аймгаас л гаралтай эд байна, ийм зүйл тэндээс өөр газраас гарахгүй байгаа” гэж хэлсэн. Тэд надаас “ойролцоогоор хэдий үеийнх байж болох вэ” гэж асууж байсан, би хариуд нь “Хүннүгийн үеийн эд байна, шигтгээ нь тансаг, уран нарийн хийцтэй юм байна” гэж хэлсэн.“Б.Л, Б.Б нарыг танихгүй, тэр баригддаг өдөр буюу 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр анх удаа харсан. Надад энэ өдрөөс 10-аад хоногийн өмнө Ш над руу фейсбүүкээр хүмүүсийн гар дээр ийм зүйл яваад байна гээд зураг явуулсан, би зургийг нь үзээд “гар утсаараа авсан маш муу зураг байна, урд өмнө үзэгдэж харагдаж байгаагүй л эд байна, би өөрөө “Чингис хаан” музейн ерөнхий зураач хүн явуулсан зургууд дотроос алтан эдлэлийнх нь зургийг авъя, зургийг нь авч болох уу” гэхэд хэсэг хугацааны дараа “зураг авхуулахгүй гээд байна” гэж хэлсэн. Би “боломж гаргахыг хичээгээрэй надад наад зураг чинь маш их хэрэгтэй байна” гэж хэлэхэд Ш “би удахгүй хөдөө явах гэж байгаа намайг ирсний дараа больё” гэж хэлсэн. Үүнээс хойш бараг 7 хоногийн дараа буюу 10 дугаар сарын 03-ны өдөр над руу залгаад “Зураг авах боломжтой болж байгаа шүү, өнөөдөр авах уу” гэхээр нь “би амжихгүй нээ” гэж хэлээд орой 18 цагийн үед “за яаж байна, одоо боломжтой юу” гэхэд Ш би “хотоос гарсан явж байна” гэхээр нь “за за маргааш больё” гэж хэлээд маргааш нь ажилдаа явах замдаа залгахад ““Их Наяд” төв дээр хүрээд ирэхгүй юу даа” гэсэн, тэнд би 13 цагийн үед очиход Ш, Бямбацогт, Тулгаа /Б.Б/, Шийн хүргэн мөн охинтойгоо лангуу угсраад дуусаж байсан, тэгээд тэндээс гарч ирээд машин нь “Олимпын гүүр”-ний доор байсан, тэнд очоод Хан Улсын үеийн бололтой хаш эдлэл зураг, дараа нь алтан хээтэй зүйлийн зургийг аваад байж байтал баригдсан.” /2хх-ийн 87-91/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Шийн: “Б.Б гэдэг дүү надад “өөрийгөө хөдөө яваад ирсэн. Та энийг цааш нь зарж үрж чадах уу, тантай би очиж уулзъя” гэж надаас асуусан. Би тухайн үед Төмөр замын дээд сургуулийн зүүн талд байх нийтийн байранд охин Цэндмаагийн гэрт нь байсан. Тэгээд би Б.Бтай Төмөр замын коллежийн зүүн талын машины зогсоол дээр уулзсан. Энэ бүхэн 2020 оны 9 дүгээр сарын эхээр /10 хавьцаа/ л болсон. Би яг сайн өдрийг нь санахгүй байна. Тэр өдөр оройны 21 цаг болсон байх, ямар ч байсан харанхуй болсон байсан. Б.Б нэг хар өнгийн машинтай дөрвүүлээ явж байсан. Би тэр залуучуудыг нь танихгүй, тэгээд машинд орж суухад надад 2 ширхэг хээтэй алтан эдлэл /дээрээ ногоовтор өнгийн чулуутай/, 2*3.5 см орчим хэмжээтэй, бас морины дүрс шиг 1.5*2 см орчим хэмжээтэй 2 ширхэг алтан эдлэлүүд үзүүлээд, “та энийг зарж чадах уу” гэж асуусан. Би Б.Бас “нийт хэдэд зарах санаатай байгаа” талаар асуухад “нийлүүлээд 20 саяд өгчихмөөр байна” гэж хэлсэн. Би тэгээд зургийг нь өөрийн Самсунг галакси 10 маркийн утсаар аваад, “ах нь хүнээс асуугаад эргээд хэлье” гэж хэлээд буусан. Тухайн өдөр Б.Б архи уучихсан явсан болохоор их юм асуугаагүй. Тэгээд хэд хоногийн дараа би өөрийн утас дээрх зургаа найз Хишигсүрэн рүү өөрийн “Davgaa Davga” гэх фейсбүүк хаягаас 2-3 ширхэг зураг явуулсан. Би Хишигсүрэнгийн фейсбүүк хаягийг нь санахгүй байна. Хишигсүрэн надаас “би наад зүйлийн чинь зургийг мэргэжлийн аппаратаар авчихмаар байна” гэж асууж байсан. Би тухайн үед Б.Бас “зургийг нь авхуулах” талаар асуухад “надад зураг даруулахгүй” гэж хэлж байсан. Тэгээд өнөөдөр Нарны гүүрний доор байх эргэлт дээр Б.Б, Хишигсүрэн, Бямбацогт нартай хамт Бямбацогтын Карина маркийн машинтай явж байгаад баригдсан. Манай охин Мөнхдэлгэр “Их Наяд” плазад лангуу авсан юм. Тэгээд тэрийг нь засах санаатай найз Бямбацогтыг дуудсан. Тэгээд Бямбацогт Б.Бтай цугтай ирсэн. Тэгээд лангуу засах гэж байгаад Б.Бас “чиний надад үзүүлсэн эдлэлийн зургийг нь манай найз авмаар байна” гэж хэлсэн. Тэгтэл Б.Б “надад одоо явж байгаа” гэхээр нь найз Хишигсүрэнг дуудсан. Хишигсүрэн ирээд зургийг нь авахаар Бямбацогтын машин дээр очих үед Тагнуулынхан бид нарыг барьсан. Би энэ Б.Бд байгаа эртний эдлэлийг зарж үрэхэд нь зуучилсан, оролцсон ямар нэгэн зүйл огт байхгүй, угаасаа ч би энэ талаараа Б.Бд өөрт нь хэлж байсан. Би Б.Бд “ах нь наадахыг чинь зарж ирэхэд нь тусалж чадахгүй” гэж хэлсэн. Хишигсүрэн болохоор “өөр хүнд зарагдаж, үрэгдэхээс нь өмнө зургийг нь авчихмаар байна, хайран юм шүү дээ” гэж хэлсэн. Ийм л зүйл болсон.” /2хх-ийн 92-99/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Бямбацогтын: “Өнөөдөр над руу өглөөний 10 цагийн үед Б.Б миний 9191-5376 дугаарын утас руу өөрийнхөө 8070-00** дугаараас залгаад “Ш ахын машинд байгаа ууттай юмыг та завтай бол авчих” гэсэн. Тэгээд би тэр зүйлийг нь авахаар Давагаа руу залгаад 3, 4 дүгээр хорооллын “Алтан төгрөг”-ын урдаас очиж авсан. Тэгэхэд Давагаа намайг “Завтай бол тавилаг угаагаадахъя” гэсэн. Тэгэхээр нь би Баттулгыг телевизийн шинэ эцэст байх “Супер 99” колонк дээрээс очиж авсан. Баттулгын гэр тэр колонкийн хойно байдаг юм шиг байна лээ. Би гэрийг нь мэдэхгүй. Тэндээс бид хоёр шууд Замын цагдаагийн урд талын “Их Наяд плаза” руу явсан. Тэнд Давагаагийн охин Мөөгийгийн авсан лангууг нь бид гурав, бас Давагаагийн охины нөхөр бид 4 угсарсан. Бид нар дуусгаад 13 цаг өнгөрч байхад тэндээсээ гарсан. Бид нарыг лангуу угсраад дуусаж байхад Хишигсүрэн ирсэн. Тэгээд бид 4 миний машин руу явцгаасан. Машинд ороод миний Давагаагаас авсан ууттай зүйлийг нээж үзээд “Энэ чинь онц юм биш байна, хар төмөр байна” гэж хэлсэн. Тэгтэл Б.Б халааснаасаа 4 ширхэг алтан эдлэл гаргаж ирсэн. Хоёр нь арай томовтор дөрвөлжин, ногоовтор шигтгээтэй байсан Хоёр нь арай жижгэвтэр амьтны дүрстэй зүйл байсан. Бас саарал цэхэр өнгөтэй, дээрээ хээ шиг зүйлтэй, хавтгай, нарийн урт чулуу /хаш байх/, тэлээний арал мэт төмөр цагариг гаргаж ирсэн. Тэгээд бид нарыг дунд хайрцгийн таг дээр тавьж зургийг нь авсан, тэгж байтал хүмүүс ирээд бид нарыг барьсан. Би Б.Бд байсан 4 ширхэг алтан эдлэлийн зургийг нь 7 хоногийн өмнө харж байсан, миний бодлоор Хүннүгийн үед хамаарах эдлэл шиг байсан. Энэ зүйлийг Б.Б хаанаас, хэзээ, ямар зорилгоор олж авсныг нь мэдэхгүй.” /2хх-ийн 100-105/ гэх мэдүүлэг,

 

Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн “Түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт батлах тухай” 175 дугаартай тогтоол, хавсралт /2хх-ийн 119-123/,

 

Соёлын өвийн үндэсний төвийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 01/376 дугаартай, 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 01/236 дугаартай: “Гол мод-1” хэмээх дурсгалт газар Архангай аймгийн Хайрхан сум болон Эрдэнэмандал сумын нутаг дэвсгэрийн заагт оршдог. Судлаачид хайгуул, судалгааны явцад дээрх дурсгалт газар 492 Хүннүгийн язгууртны булш бүртгэгдсэн байна. “Гол мод-1” дурсгалт газрыг “Соёлын өвийг хамгаалах тухай” хуулийн дагуу Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 13 дугаар тогтоолоор Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалт газрын жагсаалтад баталсан.” /2хх-ийн 134-138/ гэх албан бичиг,

 

Соёлын өвийн үндэсний төвийн 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 8/2166 дугаартай албан бичиг, хавсралт /2хх-ийн 140-148/,

 

 Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн “Жагсаалт батлах тухай” 13 дугаартай “Гол модны Хүннүгийн язгууртны оршуулгын газар” гэх газрыг Улсын хамгаалалтад байх түүх, соёлыг үл хөдлөх дурсгалын жагсаалтаар баталсан” тухай тогтоол, хавсралт /2хх-ийн 152-153/,

 

 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Б.Лийн эзэмшлийн 5024676779 тоот данс руу 900,000 төгрөг шилжиж орсон, мөн өдөр “Фун, /pun/” гэх утгатай 728,000 төгрөгийн зарлага гарсан болохыг нотолсон “Хаан” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /2хх-ийн 196-197/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Б.Лийн 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр өгсөн: “2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр болов уу гэж барагцаалж байна, миний 9673-3535 дугаарын утас руу Б.Б залгаад “чи ажил хийх үү, тэгээд Улаанбаатар хотоос фун /барилгын шах, хашмал гэж нэрлэдэг/ түрээслээд хүрээд ир, хүнсний дэлгүүр барих ажил байна” гэж хэлсэн. Тэгээд би фейсбүүкээс зар харж байгаад Яармагийн тэнд нэг хувь хүнээс сарын түрээс 728,000 төгрөг гэсэн бөгөөд над руу Бүдүүнээ хочтой /О.О/-ын эхнэр миний “Хаан” банкны 502476779 дугаарын данс руу 900,000 төгрөгийг 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр шилжүүлсэн. Тэгээд тэр мөнгөөр нь би фун түрээслэсэн бөгөөд О.Оын эхнэр болох Ооёо “манай таньдаг дүү Улаанбаатар хотод явж байгаа чи очиж уулзаад фунгаа ачаад ир” гэж хэлсэн. Тэгээд тэр дүүтэй нь утсаар холбогдоод машинд нь фунгаа ачаад Архангай аймгийн Хайрхан сум руу явсан. 2020 оны 9 дүгээр сарын 03 байна уу, 04-ний өдөр очсон. Тэгэхэд Хайрхан суманд намайг Б.Б, Бүдүүнээ /О.О/, Улаанаа /Г.Б/ нар тосож авсан.” /2хх-ийн 217-220/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Б.Лийн “Архангай аймгийн Хайрхан сумын нутаг дэвсгэрт “Гол мод-1” гэх газарт очиж булш, хэрэгсүүр ухах талаар санааг анх ер нь бол Б.Б бид хоёр гаргасан, тэгээд ярилцаад тухайн газарт металь хайгчийг тавьж үзээд мөнгө, төгрөгийн асуудлаа шийдээд О.О ахад энэ талаараа хэлж яриад, туслалцаа аваад булш хэрэгсүүрээ очиж ухсан. Харин “гарсан эд зүйлийг зараад мөнгө хувааж авна” гэж тэд нар ярилцсан.” /3хх-ийн 90-92/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч О.Оын: “Б.Б нь “нөгөө эд өлгийн зүйлүүд зарагдахгүй байна” гэхээр би тэр өдрөө шууд Архангай аймаг руу гараад явчихсан. Тэгээд дахиж холбогдоогүй ээ, харин сүүлд надтай Б.Л нь 2021 оны 10 дугаар сард “Фунгаа авмаар байна” гээд утсаар яриад фунгаа ачаад аваад явсан. Тухайн үедээ булш хэрэгсүүрээ ухчхаад ухахдаа ашигласан фунгаа манай муу пүнзэнд хураасан байсан юм аа.” /2хх-ийн 229-232/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Б.Баттулгын “2020 оны 7 дугаар сард Б.Л нь “Архангай аймгийн Хайрхан суманд булш хэрэгсүүрүүд байдаг, тэндээс ухаад олигтойхон зүйл гарч ирвэл зараад мөнгөтэй болох боломжтой” талаар надад хэлж ярьсан, тэгээд Архангай аймгийн Хайрхан суманд очиж, одоо энэ ухсан гээд байгаа газарт металь хайгчаар үзэж шалгахад газрын гүнд металь байгаа нь мэдрэгдсэн, мөн тухайн үедээ ууланд О.Отай тааралдаад танилцаад хамтран булш, хэрэгсүүр ухах санаа гаргаад л хамтарч ажиллахаар болсон. Ярьж тохиролцсоны дагуу 2020 оны 8 дугаар сарын сүүлээр Архангай аймгийн төв дээр очоод О.О ахтай уулзаад гэрт нь очсон, харин Б.Л араас газар ухахад ашиглах “фун” түрээслээд араас ирсэн бөгөөд бид нар очсон даруйдаа “Гол мод-1” гэх газар багаж хэрэгсэлтэй очиж байрласан бөгөөд тэнд ойролцоогоор 6, 7 хонож ажилласан. Тэгээд металь хайгч тавьсан газраа 7, 8 метр орчим ухаад дөрвөлжин хээтэй алтан эдлэл, мөн морины дүрстэй алтан эдлэл, хаш дөрвөлжин чулуу нэг тийм бас хүрэл зэс зэвэрчихсэн зөндөө олон эд зүйлс гарч ирсэн. Тэгээд О.О, Г.Б, Б.Л бид нар ухсан зүйл ээ шуудайнд хийгээд буцааж нөгөө газраа булаад уулнаас бууц би нэг найзынхаа машинтай ирсэн байсан тэр машинд ачаад Улаанбаатар хот руу 4-лээ хамт хөдөлсөн. Хотод ирээд Б.Л гэр лүүгээ Г.Б, О.О 2 модны 2-ын тэнд нэг айлд буусан. Ерөнхийдөө гарч ирсэн эд зүйлээ зарж мөнгө болгоод хувааж авах талаар 4-үүлээ ярилцсан байсан боловч хаана, хэнд хандаж ямар байдлаар зарах аа хэн ч мэдэхгүй байсан. Хотод ирсэн өдрийнхөө маргааш нь би Бөмбөгөр захын тэрүүгээр байрлах ганц нэг эртний эдлэлийн дэлшүүрээр ороод утсан дээр авсан зургуудаа үзүүлсэн боловч авахгүй, улсад тушаасан нь дээр гэж хэлж байсан. Тэгээд ер нь зарахад хэцүү гэдгийг ойлгосон.” /3хх-ийн 102-105/ гэх мэдүүлэг зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

           

Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч Б.Б, Б.Л, Т.Г.Б, О.О нар нь гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцож 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн хугацаанд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн 13 дугаар тогтоолоор “Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалт газрын жагсаалт”-д багтсан Архангай аймгийн Хайрхан сумын нутаг дэвсгэр “Гол мод-1” гэх газарт байрлах Түүх соёлын үл хөдлөх дурсгалд хамаарах Хүннү үеийн эртний язгууртны булш, хиригсүүрт хууль бусаар археологийн хайгуул, малтлага хийж, нийт 88 ширхэг соёлын үнэт олдвор /хэрэглэгдэхүүн/ буюу Соёлын өвийг хамгаалах тухай хуульд заасан “Соёлын биет өв”-ийг олж авсан,

 

Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн хүртэлх хугацаанд нийт 88 ширхэг түүх, соёлын үнэт олдвор /хэрэглэгдэхүүн/ буюу “Соёлын биет өв”-ийн худалдааг хууль бусаар явуулахаар завдсан буюу Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Олимпийн гүүрний орчимд 37-52 УБП улсын дугаартай, “Тоёота Карина” загварын тээврийн хэрэгсэлд хадгалсан байна.

 

Шинжлэх Ухааны Археологийн Хүрээлэнгийн 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн: “Хууль бусаар малтлага хийгдсэн Архангай аймгийн Хайрхан сумын нутагт орших “Гол мод-1” дурсгалт газар нь Монгол болон бүс нутгаас илэрсэн Хүннүгийн үеийн язгууртны оршуулга бүхий 11 томоохон дурсгалт газрын нэг бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 1998 оны 235 дугаар тогтоолоор Улс, Аймаг, Нийслэлийн хамгаалалтад байх “Түүх соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтад бүртгэгдсэн дурсгалт газар, соёлын өв” мөн болно. Энэ дурсгал нь НТӨ III-НТ II зууны үед Төв Азид үүсэж хөгжин цэцэглэж байсан Хүннүгийн соёл, устаж үгүй болоод бидний үед уламжлан ирж чадаагүй Хүннүчүүдийн оршуулгын соёлын хосгүй өвөрмөц гэрч нотолгоо болж байгаа гэсэн үндэслэл шалгуураар Дэлхийн соёлын өвийн урьдчилсан жагсаалтад 2014 онд бүртгүүлсэн дурсалт газруудын нэг юм. Одоо Дэлхийн соёлын өвд бүртгүүлэх судалгааны ажил хийгдэж байгаа болно. Хэргийн материалтай танилцахад “Гол мод-1” дурсгалт газрын дөрвөлжин хүрээтэй язгууртны булшны голд цооноглон ухсан нь тодорхой ажиглагдаж байна. Хэргийн эд мөрийн баримт болгон хураасан олдворууд нь Хүннүгийн язгууртны булшнаас гардаг олдвор хэрэглэгдэхүүнтэй ижил төстэй байгаа, мөн малтсан булшны байдал зэргээс үндэслэн хураагдсан эд зүйлсийг “Гол мод-1” дурсгалт газрын булшнаас гарсан байх боломжтой хэмээн үзэж байна. Хэргийн эд мөрийн баримтаар хураан авсан түүх соёлын олдвор хэрэглэгдэхүүн, эд зүйлсийг мөнгөн үнэлгээгээр үнэлэх боломжгүй юм.” гэсэн шинжээчийн дүгнэлт гарчээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 1-д “Монголын ард түмний түүх, соёлын дурсгалт зүйл, шинжлэх ухаан, оюуны өв төрийн хамгаалалтад байна.” гэж заасан.

 

Хууль бусаар археологи, патентологийн хайгуул, малтлага хийх гэмт хэрэг гэдэг нь соёлын өв, түүх, соёлын дурсгалт зүйлийг хамгаалах болон археологи, патентологийн малтлага, хайгуул, судалгаа хийх журамд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 25.4 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Монгол Улсын нутаг дэвсгэрт эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр археологи, патентологийн малтлага, хайгуул, судалгаа хийж, улмаар олдсон түүх соёлын дурсгалт зүйлийг завших гэмт хэрэг нь нийгмийн хор аюулаар их гэмт хэрэг юм.

 

            Шүүгдэгч Б.Б, Б.Л, Т.Г.Б, О.О нар нь хамтран Архангай аймгийн Хайрхан сумын нутаг дэвсгэр “Гол мод-1” гэх газарт байрлах Түүх соёлын үл хөдлөх дурсгалд хамаарах Хүннү үеийн эртний язгууртны булш, хиригсүүрт хууль бусаар археологийн хайгуул, малтлага хийж, нийт 88 ширхэг соёлын үнэт олдвор /хэрэглэгдэхүүн/ буюу Соёлын өвийг хамгаалах тухай хуульд заасан “Соёлын биет өв”-ийг олж авсан, мөн Б.Б нь соёлын үнэт олдвор /хэрэглэгдэхүүн/ буюу “Соёлын биет өв”-ийн худалдааг хууль бусаар явуулахаар завдсан, тээврийн хэрэгсэлд хадгалсан хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

 

Шүүгдэгч Б.Б, Б.Л, Т.Г.Б, О.О нарын үйлдэл нь дээрх гэмт хэргийн шинжийг хангаж байх тул тэднийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Б.Б, Б.Л, Т.Г.Б, О.О нар нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай байх тул тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасанд нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Мөн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

                                                                     

Улсын яллагч: “Шүүгдэгч нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байгаа тул тухайн зүйл ангийг нь өршөөн хэлтрүүлж өгнө үү. Шүүгдэгч О.О нь 2009 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байсан болохоор 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдахгүй. Шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдахгүй тул тус тус 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж уг ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна.” гэх саналыг гаргасан.

 

Шүүгдэгч Г.Бы өмгөөлөгч П.Эрхэмбаяр: “Зүйлчлэлтэй холбоотой зарим зүйлийг тодруулах шаардлага байна. Соёлын өвийн тухай хуульд соёлын өвийг биет болон биет бус гэж ангилдаг. Шүүгдэгч нарын хувьд биет өвийг буюу 5.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан Соёлын үл хөдлөх дурсгал гэдэг зүйлийг  хөндсөн. Үүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.2 дугаар зүйлд заасан түүх соёлын үл хөдлөх дурсгалыг эвдэх гэмтээх устгах зүйл анги байсан юм биш биз дээ гэдгийг хэлмээр байна. Яагаад гэвэл эвдэж гэмтээж, ухаж худалдан борлуулж зарж үрэлгүйгээр үйлдэл дээрээ баригдсан нөхцөл байдал. Миний үйлчлүүлэгч шороог адуундаа явж байгаад зөөсөн. Бусад нь хот руу буцахад нь сургуулийн хүүхдийн юмыг бэлдэнэ гэж дайгдсан, худалдан борлуулах болон хэнд зарах вэ гэдэг үйл ажиллагаанд нэг ч байдлаар оролцоогүй гэдгийг анзаарч үзээсэй гэж хүсэж байна. Мөн Б.Б, Б.Л нар өдрийн 100.000 төгрөгийн ашигтай байдаг бол яах гэж мөнгөний араас явсан. Хөдөөгийн хүмүүсийн сайхан сэтгэлийг ашиглаж энэ гэмт үйлдэл рүүгээ яах гэж оруулсан юм бэ. Хохирогч энэ шүүх хурлын танхимд биш одоо тэр соёлын өвөө хамгаалаад хашаагаа хатгаад явж байхгүй яасан юм бэ. Түүх соёлын тусгай хамгаалалттай газар гээд нээх том юм ярьсан яамны хүмүүс байх юм. Холбогдох байгууллага нь сургалт сурталчилгаагаа явуулахгүй яасан юм бэ. Хууль мэдэхгүй байдлаасаа болж ийм хэрэгт холбогдоод явж байхад дээд ялыг нь оноогоод өгөөч гээд байх юм. Асуудал аль аль талдаа байна. Эдгээр хүмүүсийг дахин ийм үйлдэл гаргахгүй байх гэж бодож байна. Б.Б, Б.Л хоёр тусдаа сэдэлт зорилготой явж байсан шүү. Худал мэдүүлэг өгсөн. Хууль мэдэхгүй гээд хуулиас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй. Хууль бусаар археологи палентлогийн малтлага хийх гэж байна. Энэ хоёр үгээ мэдэж байна уу. Ямар нэгэн зүйл хийхдээ анхаарал болгоомжтой байхгүй бол болохгүй шүү. Энэ нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Өршөөл үзүүлэх тухай хуульд холбогдох хүмүүсийг хамруулж өгнө үү.” гэх санал гаргасан.

 

Шүүгдэгч О.Оын өмгөөлөгч Э.Мөнхзолбоо: “Миний үйлчлүүлэгч 2021 оны 5 сарыг хүртэл цагдаагийн байгууллага дуудаж мэдүүлэг авах хүртэл өөрийгөө хууль бус үйлдэл хийж байгааг мэдээгүй байсан. Шүүгдэгч Б.Б, Б.Л, Г.Б нарын зөвшөөрөлтэй гэсэн үгэнд итгээд энэ хэрэгт 7-8 хоног газарчилж явж оролцсон байдаг. Гаргасан үйлдэлтэйгээ маргадаггүй. Хууль бус хэрэг хийсэн гэдгээ ойлгосон байгаа. Дахин хэрэг хийх нь бүү хэл харин ч цаашид байгаль орчин, газар нутгаа хамгаалах үйлст иргэнийхээ хувьд оролцоно гэдгээ илэрхийлж байна.” гэх санал гаргасан.

 

Шүүгдэгч Б.Баттулгын өмгөөлөгч З.Б.Б: “Шүүгдэгч Б.Баттулгын хууль ёсны эрх ашгийг хамгаалж оролцож байна. Хөнгөрүүлэх нөхцөл байдлын хувьд хохирогчийн зүй бус байдлаас болж хэрэг гарсан. Улсын үнэ цэнтэй зүйлийг хамгаалах тухайд хайхрамжгүй хандсан. Хүмүүсийн ухамсарт найдаж орхисон байна. Уг соёлын өвийг улсын гэрээт хамгаалагч хамгаалах ажлаа хангалттай хийгээгүй байна. Б.Б анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн. Амьдралын хувьд хоёр охинтойгоо хамт амьдардаг. Өөрийн буруутай үйлдэлдээ дүгнэлт хийж харамсаж байгаа. Цаашид хүүхдүүдийнхээ төлөө зөв амьдарна гэж хэлсэн. Гэм буруугийн хувьд маргаан байхгүй гэх саналыг гаргасан.

 

Шүүгдэгч Б.Лийн өмгөөлөгч Н.Намжилцэрэн “Миний үйлчлүүлэгч өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Бусдад төлөх төлбөргүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байгаа тул уг хуулийн 5.1 дүгээр зүйлд зааснаар тухайн хэргийг өршөөн хэлтрүүлж өгнө үү.” гэх санал гаргасан.

 

Шүүгдэгч нарын үйлдэлдээ хандсан сэтгэхүйн хандлага, санаа зорилго нь түүх соёлын үл хөдлөх дурсгалыг эвдэх, гэмтээх, устгах байгаагүй харин шууд санаатай, шунахай сэдэлттэй байсан болох нь тэдний мэдүүлэг, Хүннүгийн үеийн 88 ширхэг олдворыг гэмтээхгүйг хичээн ухаж олборлон улмаар худалдан борлуулж ашиг хонжоо олохоор хадгалж байсан идэвхитэй үйлдлээр тус тус тогтоогдож байх тул тэдний холбогдсон хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэлгүй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Б.Б, Б.Л, Т.Г.Б, О.О нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хууль бусаар архелоги, патентологийн хайгуул, малтлага хийх” гэмт хэрэг нь 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн хугацаанд үйлдэгдсэн байх ба 2021 оны 07 сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэгт заасан хууль үйлчлэх цаг хугацаанд буюу “2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн”-д хамаарч байна.

 

Мөн Өршөөл Үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаж байх тул мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б, Б.Л, Т.Г.Б, О.О нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч О.О нь өмнө нь ял шийтгүүлж, улмаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамрагдаж байсан тул энэ гэмт хэрэгтээ хорих ял шийтгүүлсэн тохиолдолд дахин өршөөлд хамрадгах үндэслэлгүй болох байсан. Харин улсын яллагч түүнд торгох ял оногдуулах санал гаргасан тул О.Оыг өршөөлд хамруулах боломжтой байна.

 

Харин шүүгдэгч Б.Баттулгын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны  өдөр  баталсан Өршөөл Үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт зааснаар Өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэг байна.

 

Шүүх шүүгдэгч Б.Баттулгын эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй хувийн байдал зэргийг тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 25.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

           

Бусад асуудлаар

 

Шүүгдэгч Б.Б, Б.Л, Т.Г.Б, О.О нарт нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй байх ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Насанжаргал нь гэм хорын хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч Б.Б, Б.Л, Т.Г.Б, О.О нар нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 1182 дугаартай “Прокурорын саналыг шийдвэрлэх тухай” захирамжаар 88 ширхэг соёлын үнэт олдворыг Соёлын биет өв”-ийг хэрэгцээний дагуу Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шинжлэх ухааны Академийн нэгдсэн 1 дүгээр байранд үйл ажиллагаа явуулдаг “Археологийн Хүрээнд шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Эрүүгийн Цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт бүлэг, Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа гялгар ууттай ягаан өнгөтэй чулуу мэт зүйл 1 ширхэг, нэг талдаа хээтэй ногоон өнгөтэй дөрвөлжин чулуун эдлэл мэт зүйл 1 ширхэг, “Гамингийн зоос” гэх нэртэй зоос 99 ширхэг,  хөсрийтсөн замаг, рамны дугааргүй буу 1 ширхэг, Цагаан өнгийн тортой цөгц 26 ширхэг, Бариулгүй, хэлгүй, очиргүй хонх 1 ширхэг, Кольцо /бүслүүр/ 1 ширхэг, дугуй төмөр таваг мэт зүйл 5 ширхэг, металл зүйл /нэршил нь тодорхойгүй 8 ширхэг, зээтүүний үзүүр мэт зүйл 1 ширхэг, шармал голтой чулуу 1 ширхэг зэрэг эд зүйлсийг Шид буцаан олгож, “Инээмсэглэл танин мэдэхүй” нэртэй “Хээрээр нэг хэрэгсүүр” гэсэн гарчигтай нийтлэл 1 ширхэг, металл хайгч ашиглах заавар 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг зохих тус байгууллагад даалгах нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б, Б.Л, Т.Г.Б, О.О нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч Б.Б, Б.Л, Т.Г.Б, О.О нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Баасансамбуугийн Б.Л, Шарга адуут овогт Төрбатын Г.Б, Хадат овогт Очирбатын О.О, Даш овогт Бадарчийн Б.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль бусаар архелоги, патентологийн хайгуул, малтлага хийх”

-Шүүгдэгч Даш овогт Бадарчийн Баттулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан соёлын биет өвийг хууль бус худалдааг зохион байгуулах, зуучлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл Үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь заалтад заасныг тус тус баримтлан Б.Л, Т.Г.Б, О.О, Б.Б нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож,

 

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 25.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  шүүгдэгч Б.Бд 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б.Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Эрүүгийн Цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт бүлэг, Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа гялгар ууттай ягаан өнгөтэй чулуу мэт зүйл 1 ширхэг, нэг талдаа хээтэй ногоон өнгөтэй дөрвөлжин чулуун эдлэл мэт зүйл 1 ширхэг, “Гамингийн зоос” гэх нэртэй зоос 99 ширхэг,  хөсрийтсөн замаг, рамны дугааргүй буу 1 ширхэг, Цагаан өнгийн тортой цөгц 26 ширхэг, Бариулгүй, хэлгүй, очиргүй хонх 1 ширхэг, Кольцо /бүслүүр/ 1 ширхэг, дугуй төмөр таваг мэт зүйл 5 ширхэг, металл зүйл /нэршил нь тодорхойгүй 8 ширхэг, зээтүүний үзүүр мэт зүйл 1 ширхэг, шармал голтой чулуу 1 ширхэг зэрэг эд зүйлсийг Шид буцаан олгож, “Инээмсэглэл танин мэдэхүй” нэртэй “Хээрээр нэг хэрэгсүүр” гэсэн гарчигтай нийтлэл 1 ширхэг, металл хайгч ашиглах заавар 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг зохих тус байгууллагад даалгаж, мөн 88 ширхэг соёлын үнэт олдворыг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 1182 дугаартай захирамжаар Соёлын биет өв”-ийг хэрэгцээний дагуу Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шинжлэх ухааны Академийн нэгдсэн 1 дүгээр байранд үйл ажиллагаа явуулдаг “Археологийн Хүрээнд шилжүүлснийг дурьсугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Л, Т.Г.Б, О.О, Б.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Л, Т.Г.Б, О.О, Б.Бд нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.МӨНХТУЛГА