| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гочоогийн Нямсүрэн |
| Хэргийн индекс | 184/2017/03441/И |
| Дугаар | 184/ШШ2018/00732 |
| Огноо | 2018-03-28 |
| Маргааны төрөл | Санхүүгийн түрээс /лизинг/, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 184/ШШ2018/00732
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “У” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Г.Г-д холбогдох
Түрээсийн гэрээний үүрэгт 3,265,805 төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий иргэний хэрэг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г, хариуцагч Г.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр “У” ХХК болон иргэн Г.Гнарын хооронд Автомашин санхүүгийн түрээсийн ТТ-14-374 тоот гэрээ байгуулагдсан. Энэхүү гэрээгээр түрээслэгч нь 12-38 УНМ улсын дугаартай автомашиныг такси үйлчилгээний зориулалтаар эзэмшиж ашиглаж, гэрээнд заасан хугацаанд түрээсийн төлбөрийг төлөх, түрээслүүлэгч нь тодорхой хугацаагаар түрээсийн зүйлийг түрээслүүлж, түрээслэгч нь гэрээнд заасан төлбөрийг бүрэн төлснөөр гэрээний зүйлийг түүний өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцож, автомашиныг бүрэн бүтэн байдлаар хүлээлгэн өгч талууд 2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр акт үйлдсэн байдаг. Гэтэл хариуцагч Г.Гнь түрээсийн гэрээнд заасан төлбөр төлөх нэмэлт хугацаа тогтоосон боловч төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй нийт 18 хоногийн буюу 540,000 төгрөгийг түрээсийн өртэй болсны дагуу нэхэмжлэгчийн зүгээс Автомашин санхүүгийн түрээсийн гэрээний 14 дүгээр зүйлийн 14.2.1 дэх хэсэгт заасны дагуу 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хариуцагчийг байлцуулан хүлээлцэх акт үйлдэн автомашиныг түр саатуулах, үзлэг оношилгоонд оруулан холбогдох засвар үйлчилгээг “М Х А” ХХК-иар хийлгүүлсэн байдаг. Мөн хариуцагч нь зам тээврийн хөдөлгөөнд оролцох үедээ зөрчил гаргасан торгуулийн 38,400 төгрөгийн өртэй байна. Иймд хариуцагчаас түрээсийн гэрээний төлөгдөөгүй төлбөрт 540,000 төгрөг, засварын зардал 3,027,405 төгрөг, торгууль 38,400 төгрөг, нийт 3,665,805 төгрөгөөс хариуцагчийн анх гэрээ байгуулахдаа барьцаа төлбөр болгож өгсөн 400,000 төгрөгийг хасаж, нийт 3,205,805 төгрөгийг гаргуулж өгнө үү. Засварын зардалд 3,087,405 төгрөг байсныг нотлох баримтын шаардлага хангаагүй 60,000 төгрөгийн баримт орсон байх тул нэхэмжлэлийн үнийн дүнг 60,000 төгрөгөөр бууруулсан гэв.
Хариуцагч Г.Гшүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Би 2014 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр такси үйлчилгээнд уг машиныг 18 сарын хугацаатайгаар түрээслэхээр хүлээн авсан. Намайг машиныг хүлээн авах үед эвдрэл гэмтэлтэй байсан. 2014 оны 9 дүгээр сараас эхлэн жил гаруй хугацаанд 9 сая гаруй төгрөгийг “У” ХХК-д төлсөн. Тухайн машиныг надаар засуулж, дээр нь 9 сая төгрөг авчхаад одоо өөр хүнд надад түрээслүүлсэн хугацаагаар дахин түрээслүүлчхээд энэ хэмжээний мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Засвар үйлчилгээний зардлын үнэлгээг тооцож гаргахад 329,000 төгрөгийн үнийн дүнгийн зөрүүтэй байдаг. Нэхэмжлэгч тал өөрсдийн засварын газраа биднийг оруулдаггүйгээс засвар үйлчилгээ хийсэн эсэхийг нь мэдэх боломж байдаггүй. Миний унаж байсан 1238 УНБ улсын дугаартай авто машин одоо ашиглалтад гарсан гэв.
Зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “У” ХХК нь хариуцагч Г.Г-т холбогдуулан санхүүгийн түрээсийн гэрээний үүрэгт төлөгдөөгүй түрээсийн төлбөрт 540,000 төгрөг, засварын зардалд 3,087,405 төгрөг, торгуульд 38,400 төгрөг, нийт 3,665,805 төгрөгөөс анх гэрээ байгуулахад барьцаа төлбөр болгож өгсөн 400,000 төрөгийг хасаж, нийт 3,265,805 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Шүүх хурал дээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 3,087,405 төгрөгийн засварын зардлаас 60,000 төгрөгийг хасаж, нэхэмжлэлийн шаардлагыг 3,205,805 төгрөг болгон бууруулсан.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрөх ба үндэслэлээ “. . . автомашиныг хүлээн авах үед эвдрэл гэмтэлтэй байсан ба түрээсэлж байсан хугацаанд 9 сая орчим төгрөгийг төлсөн, мөн энэ автомашиныг дахин өөр хүнд түрээслүүлж байгаа. Автомашины үнэ үндсэндээ төлөгдсөн байхад дахин засварын мөнгө шаардаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй” хэмээжээ.
Зохигчдын хороонд 2014 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Автомашин санхүүгийн түрээсийн ТТ-14-374 дугаартай гэрээг байгуулж, түрээслүүлэгч 2010 онд үйлдвэрлэгдсэн Элентра маркийн, kмhdt41babu221364 арлын дугаартай суудлын автомашиныг түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, түрээслэгч автомашиныг 2014 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал 2 жил 5 сарын хугацаанд ашиглаж, түрээсийн төлбөрт 1 сард 660,000 төгрөг буюу ажлын нэг өдөрт 30,000 төгрөг, нийт 18,276,911 төгрөгийг төлж, гэрээний хугацаа дуусахад автомашиныг өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцсон байна. /хх-ийн 6-13/
Талуудын хооронд Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1-д “Санхүүгийн түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь гэрээнд заасан хугацаагаар түрээслэгчийн ашиглалтад эд хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь тогтмол хугацаанд түрээсийн төлбөр төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан санхүүгийн түрээсийн гэрээний харилцаа үүссэн байна. Мөн Иргэний хуулийн 312 дугаар зүйлд заасны дагуу санхүүгийн түрээсийн гэрээний хэлбэр, нөхцөлийг хуульд заасан шаардлагад нийцүүлж, гэрээг байгуулсан байх ба гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй, хүчин төгөлдөр бус гэх үндэслэл тогтоогдоогүй тул талуудын байгуулсан санхүүгийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ. Гэрээ хүчин төгөлдөр тул хэн аль нь гэрээг биелүүлэх үүрэгтэй ба үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгч шаардах эрхтэй.
Зохигчид гэрээ цуцалсан үндэслэл, журам, гэрээний урьдчилгаанд төлсөн төлбөр, төлбөр төлөх хугацаа хэтрүүлсэн хоногийн талаар маргаагүй.
Иргэний хуулийн 315 дугаар зүйлийн 315.1-д “Түрээслэгчийн гэм буруугаар санхүүгийн түрээсийн гэрээ хугацаанаас өмнө дуусгавар болсон тохиолдолд түрээслүүлэгчээс тавих шаардлагын хэмжээг тодорхойлохдоо түрээсэлсэн эд юмсын элэгдлийг тооцсон үнэ, төлөгдөөгүй төлбөр болон хэмнэгдсэн бусад зардлыг харгалзан үзнэ”, 227 дугаар зүйлийн 227.1-д “Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас төлөгдөөгүй төлбөр, учирсан хохирлыг шаардах эрхтэй байна.
Хариуцагч гэрээ цуцалсан үндэслэл, төлбөр төлөх хугацаа хэтрүүлсэн хоногийн хувьд маргаагүй тул төлөгдөөгүй түрээсийн төлбөрт 540,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь үндэслэлтэй.
Гэрээ байгуулсан өдөр буюу 2014 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Г.Гэлентра маркийн 1238 УНМ улсын дугаартай автомашиныг хүлээлцэх акт үйлдэн хүлээн авсан /хх-14/ байх ба актад эд хөрөнгийн доголдлын талаар ямар нэгэн тэмдэглэгээ хийгдээгүй байна.
Хариуцагч автомашиныг 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр нэхэмжлэгч байгууллагын ашиглалтын албаны ажилтан, харуул нарт хүлээлгэн өгч гарын үсэг зуржээ. /хх-19/ Нэхэмжлэгч байгууллага автомашинд засвар үйлчилгээ хийхдээ автомашин хүлээлцсэн акт болон тус өдөр хийсэн автомашин оношилгоо, үзлэгийн хуудсаар автомашинд зайлшгүй хийх үзлэг, оношилгоо гэх 9 төрөл, цахилгаан тоноглол болон бусад дотор салоны ажиллагаа гэх 16 төрөл, хөдөлгүүр, явах анги болон тос, тосолгооны систем гэх 16 төрлийн үзүүлэлтээр оношилгоог явуулж, хийвэл зохих засварыг тодорхойлсон гэжээ. /хх-20/
Хариуцагч автомашинд оношилгоо хийхэд өөрийн биеэр байлцаагүй, зарим эд ангид засвар хийх шаардлагагүй байхад засах солих шаардлагатай гэж оруулсан гэх боловч 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн автомашин хүлээлцэх акт, оношилгоо, үзлэгийн хуудаст Г.Ггарын үсэг зурсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна.
Автомашинд засварыг “М х а” ХХК-аар хийлгэсэн байх ба сольсон сэлбэг хэрэгсэлд 1,751,130 төгрөг, ажлын хөлсөнд 1,276,275 төгрөг, нийт 3,027,405 төгрөгийг нэхэмжлэгч байгууллага “М х а” ХХК-д төлсөн байна. /хх-21-22, 36/
Тус шүүхийн шүүгчийн 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 184/ШЗ2018/00394 дугаар шүүгчийн захирамжаар “М х а” ХХК-аас авсан сэлбэг хэрэгсэл болон үйлчилгээ нь 2016 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн автомашины оношилгоо, үзлэгийн хуудас дээрх “засах, солох” тэмдэглэгээний дагуу хийсэн эсэхийг тодруулах шинжээчээр “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг томилсон байна. Шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 94 дүгээр дүгнэлтээр “. . . үзлэгийн хуудас дээр заасан ажлаас зөрж байгаа үйлчилгээний ажил нь МХХ тос солих, дугуй солих, тагны жийрэг солих, хойд пүрш суудаг гар солих, зөрж байгаа сэлбэг хэрэгсэл нь МХХ тос, тосол, ган диск, перда диск, муфт шаарик, паарны агаар шүүгч ба эдгээрийн үнийн дүн нийт 329,725 төгрөг болно” гэсэн байна. /хх-ийн 60-85 дахь тал/
Нэхэмжлэгч засварын зардалд 3,027,405 нэхэмжилснээс шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон солих шаардлагагүй сэлбэг хэрэгсэл, ажлын үнэлгээ болох 329,725 төгрөгийг хасан, 2,697,680 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна.
Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний торгуульд 38,400 төгрөг гаргуулах шаардлагын тухайд Г.Г төлөх үүрэгтэй, мөн нэхэмжлэгчээс уг зардал гарсан гэдэг нь хавтаст хэргийн 39 дэх талд авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Түүнчлэн захиргааны зөрчилд оногдуулсан шийтгэлийг зөрчил гаргагч төлөх үүрэгтэйн зэрэгцээ торгууль нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т заасан үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал, олох байсан орлогод хамаарахгүй болохыг дурдаж байна.
Дээр дурдсан үндэслэлээр түрээсийн төлөгдөөгүй төлбөрт 540,000 төгрөг, засварын зардалд 2,697,680 төгрөг, нийт 3,237,680 төгрөг болох ба үүнээс гэрээний барьцаанд төлсөн 400,000 төгрөгийг хасаж тооцоход хариуцагч Г.Гын хүлээх үүрэг 2,837,680 төгрөг болох ба нэхэмжлэлээс 368,125 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1, 315 дугаар зүйлийн 315.1-д заасныг баримтлан хариуцагч Г.Гоос 2,837,680 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “У” ХХК-д олгон, нэхэмжлэлээс 368,125 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 67,205 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагчаас 60,352 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН