| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Мөнхтулга |
| Хэргийн индекс | 105/2022/0607/Э |
| Дугаар | 668 |
| Огноо | 2022-05-09 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Т.Мөнх-Амгалан |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 09 өдөр
Дугаар 668
2022 05 09 2022/ШЦТ/668
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж,
Нарийн бичгийн дарга Д.Мөнхцэцэг,
Улсын яллагч Т.Мөнх-Амгалан,
Шүүгдэгч Д.Т түүний өмгөөлөгч Г.Сүхээ нарыг оролцуулан тус шүүхийн “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тэд холбогдох эрүүгийн 2206 00625 0704 дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Т нь 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 21 цагийн үед Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо сайд нарын 2 дугаар эмнэлгийн урд явган хүний зам дээр хохирогч Г.С эзэмшлийн Редми нөт-9 загварын гар утсыг халааснаас нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогчид 425.000 төгрөгийн хохирол учруулсан,
2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 15 цаг 50 минутын үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах шөнийн захын ойролцоо явж байсан иргэн Б.У халааснаас Айфон 11 про загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар авч 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Миний буруу. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хоёр охиныхоо төлөө гэртээ хоол хийж хүргэлтээр зардаг ажилаа үргэлжлүүлэн хийж зөв амьдрах болно оо. Ахин гэмт хэрэгт орооцолдохгүй байж чадна.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл, /хавтаст хэргийн 4 дүгээр хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч Г.С “2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр найзуудтайгаа Өргөө 2 кинотеатр дээр кино үзээд 18 цагийн үед буцаж Налайх дүүрэг рүү явахаар болсон. Өргөө 2-оос офицер хүртэл алхсан. Алхсан зам нь Багшийн дээдийн хойд талын замаараа чигээрээ алхсан. Бөхийн өргөөний хойд талын гарц нь дээр ирээд үзэхэд миний гар утас байсан. Тэгээд уг гарцаар гараад сайд нарын 2 дугаар эмнэлэг жоохон өнгөрөөд алхаж байтал миний гар утас байхгүй байсан учир цагдаагийн байгууллагад хандаж байна. Миний гар утас ягаан өнгийн Редми нөүт 9 загварынх, Тэдигээс 450.000 төгрөгөөр авч байсан.” /хавтаст хэргийн 11 дүгээр хуудас/ гэх мэдүүлэг,
Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 7-8 дугаар хуудас/,
“Дамно” ХХК-ний алдагдсан эд зүйлийн хөрөнгийн үнэлгээний тайлан, /хавтаст хэргийн 14-15 дугаар хуудас/
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Эрдэнэбулганы “Би 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үүрэг гүйцэтгэж, хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн өдрийн орой 18 цаг 45 минутын үед Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 13 дугаар хорооны автобусны буудал, Хөдөө аж ахуйн яамны автобусны буудал хооронд алхаж байтал сэжиг бүхий 165 см орчим өндөртэй бор арьстай, үүргэвч үүрсэн, 30-40 орчим насны эрэгтэй хүн урд нь явж байсан хүмүүсийг дагаад нэг л энгийн бус байсан. Үүрэг гүйцэтгэж байсан Мөнх-Эрдэнэ бид хоёр араас нь дагаад Улсын хоёрдугаар төв эмнэлгийн чанх урд явган хүний замаар явж байхад, сэжиг бүхий эрэгтэйн урд талд өсвөр насны 3-4 хүүхэд явж байсан ба нэг эмэгтэй хүүхдийн куртикний баруун гар талын халаасанд байсан гар утсыг Мөнх-Эрдэнэ бид хоёрын араас нь дагаж байсан сэжигтэй эрэгтэй сэмхэн авч байх нь харагдсан тул газар дээр нь шууд таслан зогсоосон. Гэхдээ гар утсыг сэжигтэй этгээд авсны дараа бид хоёр очсон, яагаад гэвэл урьдчилан очиж амжихааргүй байсан бөгөөд хохирогч хүүхэд гар утсыг нь өгч амжихаас өмнө цаашаа яваад өгсөн. Тэр хүүхэд гар утсаа алдсанаа мэдээгүй байх. Сүүлд сэжигтэй этгээдийг зогсоогоод шалгаж байхад хохирогч хүүхэд өөрийнхөө гар утсыг алдсан талаар хамт явсан найзынхаа гар утаснаас залгаж байж бидэнтэй холбогдож ирсэн. Тухайн сэжигтэй этгээдийг шалгуулахаар Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн. Хохирогч хүүхдэд бид хоёр холбогдогчийг харуулаагүй, түүний аюулгүй байдлыг хангахын тулд ийм шийдвэр гаргасан.” /хавтаст хэргийн 21 дүгээр хуудас/ гэх мэдүүлэг,
Иргэн Б.Уянгаас гаргасан гэмт хэргийн талаарх гомдол хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 109 дүгээр хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Уянгын “2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 15 цаг 53 минутад Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Шөнийн захын ойролцоо явж байгаад халааснаасаа Айфон 11 про загварын гар утсаа хулгайд алдсан.” /хавтаст хэргийн 118-119 дүгээр хуудас/ гэх мэдүүлэг,
Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 114 дүгээр хуудас/
“Дамно” ХХК-ний алдагдсан эд зүйлийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 123 дугаар хуудас/
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Д.Т нь 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 21 цагийн үед Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо сайд нарын 2 дугаар эмнэлгийн урд явган хүний зам дээр хохирогч Г.С эзэмшлийн Редми нөт-9 загварын гар утсыг халааснаас нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогчид 425.000 төгрөгийн хохирол учруулсан,
2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 15 цаг 50 минутын үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах шөнийн захын ойролцоо явж байсан иргэн Б.У халааснаас Айфон 11 про загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар авч 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь үйл баримт тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна гэж үзэв.
“Дамно” ХХК-ний алдагдсан эд зүйлийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар 425.000 төгрөг,
“Дамно” ХХК-ний алдагдсан эд зүйлийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар 1.500.000 төгрөгөөр тус тус үнэлэгджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Хулгайлах гэмт хэрэг гэдэг нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Шүүгдэгч Д.Тийн үйлдэл нь дээрх гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Д.Т нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасанд нийцүүлж,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Мөн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Улсын яллагч: “Шүүгдэгч Д.Тэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлэх” гэх саналыг гаргасан.
Шүүгдэгчийн өмгөөлөгч: “Шүүгдэгч Д.Т нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү” гэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгч Д.Тэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үргэлжилсэн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хохиролгүй, бага насны 2 хүүхэдтэй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж ухамсарлан ойлгож буй хувийн байдал зэргийг тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.
Бусад асуудлаар
Шүүгдэгч Д.Т нь хохирогч нарт хулгайлсан гар утаснуудыг биет байдлаар тус тус өгсөн тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Тийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч Д.Тэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Тэд 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх заалтад зааснаар Д.Т нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.Т нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Тэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА