| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Баярмаа |
| Хэргийн индекс | 184/2017/02410/И |
| Дугаар | 2227 |
| Огноо | 2017-10-11 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 10 сарын 11 өдөр
Дугаар 2227
| 2017 оны 10 сарын 12 өдөр | Дугаар 184/ШШ2017/02227
| Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярмаа даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: СШИ ББСБ-ийн,
Хариуцагч: Б.А-д холбогдох
Батлан даалтын гэрээний үүргийн гүйцэтгэлд 779.127 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, мөн сарын 30-ны өдөр Иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С, хариуцагчийн өмгөөлөгч Б.З/ШТЭҮ-0648/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баянжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч СШИ ББСБХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ц шүүхэд гаргасан тайлбартаа: 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр батлан даалтын гэрээг СШИ ББСБ ХХК нь Б.Атэй байгуулсан. Нэхэмжлэгч СШИ ББСБХХК болон Ж.Онарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг батлан даасан. Хариуцагч уг гэрээний утга агуулгыг мэдэж байсан. Сайн дурын үндсэн дээр гэрээ байгуулсан. Зээлдэгч нь зээлийн төлбөрөөс үндсэн зээл 475.419 төгрөг, зээлийн хүү 399.580 төгрөгийг төлж байсан. Үүнээс хойш ямар ч төлбөр төлөөгүй. Өнөөдрийн байдлаар зээлийн үлдэгдэл төлбөр 779.127 төгрөгийг батлан даагч Б.Аээс гаргуулах хүсэлттэй байна. Батлан даалтын гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-д зээлдэгч үүрэг хүлээх чадваргүй, нас барснаас бусад тохиолдолд гэж заасан байдаг. Бусад шалтгаанаар зээлээ төлөөгүй гэсэн тохиолдолд хамаарах ба бусад тохиолдол гэдэгт ямар ч шалтгаан байж болно. Тиймээс хариуцагч Б.Аээс нэхэмжилсэн. Зээлийн гэрээ, батлан даалтын гэрээ байгуулахад Оргил-Үйлс болон Б.А нар хоёулаа байсан. Талууд харилцан тохиролцоод гэрээг байгуулсан тул Б.Аээс батлан даалтын гэрээний дагуу 779.127 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
Хариуцагч Б.А шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан. Б.Атэй зээлийн гэрээ байгуулаагүй, батлан даалтын гэрээ байгуулсан. Батлан даалтын гэрээний 2.1-д зээлдэгч хөдөлмөрийн чадвараа алдсан, нас барсан тохиолдолд зээлийн гэрээг хариуцна гэж заасан байдаг. Дээрх нөхцөл байдал үүссэн талаар баримт хэрэгт байдаггүй. Зээлдэгчээс нэхэмжлэх байтал батлан даагчаас нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Батлан даалтын гэрээний зохицуулалтаар төлөх нөхцөл байхгүй учраас хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Зээлдэгч н.Оргил-Үйлсийг хөдөлмөрийн чадваргүй болсон, төлбөрөө төлөх боломжгүй болсон гэх баримт байхгүй байна. Тиймээс хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. н.Оргил-Үйлс хариуцагчаас 1.000.000 төгрөг зээлж аваад төлж байгаад 560.000 төгрөг үлдсэн. Тэгээд манай хүүг дагуулж яваад ээжийн чинь мөнгийг өгөх гэж байна батлан даалтын гэрээнд гарын үсэг зураад өгөөч гэж хэлээд энэ гэрээнд гарын үсэг зуруулан авсан байдаг боловч хариуцагчид мөнгө өгөөгүй гэв.
Шүүх зохигчдын тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
Ү Н Д Э С Л Э Х нь:
Нэхэмжлэгч СШИ ББСБХХК нь хариуцагч Б.Ад холбогдуулан шүүхэд анх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 524.581,04 төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүүгийн үлдэгдэл 254.546,84 төгрөгийн хамт нийт 779.127 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байх ба хэрэг хянан хэлэлцэх ажиллагаа буюу шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд батлан даалтын гэрээний үүргийн гүйцэтгэлд 779.127 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрчилсөн.
Зээлдүүлэгч СШИ ББСБХХК нь зээлдэгч Ж.Отэй 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр цалин барьцаалсан зээлийн ЗГ1201160290 дугаартай гэрээг байгуулан 1.000.000 төгрөгийг 1 жилийн хугацаатай, 3,7-8,5 шаталсан хүүтэйгээр зээлийг эргэн төлөхөөр харилцан тохиролцон, зээлийн гэрээнд талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байдаг.
СШИ ББСБХХК нь ЗГ1201160290 дугаартай зээлийн гэрээний нөхцлийн дагуу авсан зээлийг зээлдэгч Ж.Отөлбөрийн чадвараа алдсан, үүрэг хүлээх чадваргүй болсон буюу нас барсан зэрэг бусад шалтгаанаар зээлээ төлөөгүй тохиолдолд батлан даагч Б.А зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөр, хугацаа хэтрүүлсний хүү, нэмэгдүүлсэн хүү, улсын тэмдэгтийн хураамж, нөхөн төлүүлэхтэй холбогдон гарсан шүүхийн зардал болон банк бус санхүүгийн байгууллагад учирсан гэм хор, хохирол, бусад зардлыг өөрийн цалин болон эд хөрөнгөөр үл маргах журмаар хариуцан төлөхөөр харилцан тохиролцон зохигчдын хооронд 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр батлан даалтын БТЗГ1201160290 дугаартай гэрээ байгуулагдсан байдаг.
Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1, 459 дүгээр зүйлийн 459.1, 460 дугаар зүйлийн 460.1-д зааснаар зохигчдын хооронд хүчин төгөлдөр батлан даалтын гэрээ бичгийн хэлбэртэйгээр байгуулагдсан байна. Тус батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгч өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцах үүрэг хүлээхээр заасан байх ба хариуцагч буюу батлан даагч Б.А нь зээлдэгч буюу үүрэг гүйцэтгэгч Ж.Оийн өмнөөс түүнийг зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэж чадна гэж баталж, гүйцэтгэхгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч СШИ ББСБХХК-ийн өмнө нөхөх хариуцлага хүлээхээр тохиролцсон болох нь хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигдын тайлбараар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.4-д зааснаар батлан даагч нь батлан даалтын гэрээнд заасан хэмжээгээр хариуцлага хүлээхээр заасан байх ба зохигчдын хооронд байгуулсан батлан даалтын БТЗГ1201160290 дугаартай гэрээнийн 2 дугаар зүйлийн 2.1-д зээлдэгч Ж.Отөлбөрийн чадвараа алдсан, үүрэг хүлээх чадваргүй болсон буюу нас барсан зэрэг бусад шалтгаанаар зээлээ төлөөгүй тохиолдолд батлан даагч Б.А зээлийн үндсэн төлбөр, хүүгийн төлбөрийг өөрийн цалин болон эд хөрөнгөөр үл маргах журмаар хариуцан төлөхөөр харилцан тохиролцон болох нь тогтоогддог.
Зээлдэгч Ж.Оийн зээлийн гэрээний үндсэн үүрэгт 475.418,96 төгрөг төлөгдсөн, 524.581,04 төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэлтэй, үндсэн хүүгээс 399.581,04 төгрөг төлөгдсөн, 254.546,84 төгрөгийн үлдэгдэлтэй, зээл төлөлтийг дэлгэрэнгүй хүснэгтийн талаар зохигчид маргаагүй.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үндсэн зээлдэгчээс шаардаагүй, батлан даалтын гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-д заасан нөхцөл бий болоогүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс хүлээн зөвшөөрч маргасан.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зээлдэгч Ж.Озээлээ төлөхгүй алга болсон олдохгүй байх тул батлан даагчаас шаардаж байгаа, батлан даалтын гэрээнд хариуцагч гарын үсэг зурсан тул шаардах эрхтэй гэж маргадаг.
Хэрэг хянан хэлэлцэх ажиллагаа шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэгч СШИ ББСБХХК нь зээлийн гэрээний үндсэн үүргийг зээлдэгч Ж.Оээс шаардсан болох нь тогтоогддоггүй, мөн хамтран хариуцагчаар түүнийг татан оролцуулах хүсэлт гаргаагүй боловч батлан даалтын гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-д заасан Ж.Отөлбөрийн чадвараа алдсан, үүрэг хүлээх чадваргүй болсон бусад шалтгаан бий болсон гэж үзэж дан ганц батлан даагч Б.Аээс шаардаж байгаа гэж тайлбарладаг.
Нэхэмжлэгч СШИ ББСБХХК нь батлан даагч Б.Ад зээлдэгч Ж.Оийн зээлийн гэрээний үүргийн биелэлтийн талаар мэдэгдэж байгаагүй, үндсэн үүрэг хүлээсэн Ж.Оолдохгүй байгаа гэх үндэслэлээр батлан даагчаас шаардаж, зээлдэгч Ж.Оийг хариуцагчаар эрэн сурвалжлах болон хаяг тодруулах ажиллагааг хийгээгүй болох нь тогтоогддог.
Иргэний хуулийн 461 дүгээр зүйлийн 461.1-д зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч СШИ ББСБХХК нь батлан даагч Б.Ад холбогдуулан шаардлага гаргавал үүрэг гүйцэтгэгч Ж.Оээс үүрэг гүйцэтгүүлэгч СШИ ББСБХХК-ийн эсрэг шаардлага гаргаж болох бүх татгалзлыг батлан даагч Б.А гаргах эрхтэй байна.
Гэвч Иргэний хуулийн 462 дугаар зүйлийн 462.1, 462.2-т зааснаар үүрэг гүйцэтгэгч Ж.Оүүргээ хугацаанд нь биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч СШИ ББСБХХК нь энэ тухай батлан даагч Б.Ад мэдэгдэхээр заасан байх боловч энэ мэдэгдэх ажиллагааг нэхэмжлэгч гүйцэтгээгүй, батлан даагч Алтангэрэлд үнэн зөв мэдээлэл өгөх үүргээ биелүүлсэн болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтын хүрээнд тогтоогддоггүй.
Иймд Иргэний хуулийн 462 дугаар зүйлийн 462.3-т зааснаар дээрх үүргээ биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч СШИ ББСБХХК үүрэг гүйцэтгээгүйн улмаас үүсэх хохирлын хэмжээгээр батлан даагч Б.Аийн эсрэг шаардлага гаргах эрхээ алдахаар заасан байна.
Мөн Иргэний хуулийн 464 дүгээр зүйлийн 464.1.2-т батлан даагч Б.А нь үүрэг гүйцэтгэгч Ж.Оийн даалгавараар түүний төлөөлөгчийн үүргийг гүйцэтгэх тохиолдолд үүрэг гүйцэтгэгч Ж.Ооршин суугаа газраа өөрчилсний улмаас түүнээс үүргийн гүйцэтгэлийг шаардахад хүндрэлтэй болсон тохиолдолд батлан даагчийн үүргээс татгалзах эрхтэй байхаар заажээ.
Иймээс нэхэмжлэгч СШИ ББСБХХК нь батлан даагчийг мэдээллээр хангах үүргээ гүйцэтгээгүй, үүрэг гүйцэтгэгч Ж.Оийн оршин суугаа газар тодорхойгүй гэдэг үндэслэлээр зээлийн гэрээний үүргийг батлан даагч Б.Аээс шаардсан нь үндэслэлгүй байна. Түүнчлэн зохигчдын хооронд байгуулсан батлан даалтын гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-д заасан тохиолдол бий болсон гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Мөн түүнчлэн нэхэмжлэгч СШИ ББСБХХК нь зээлийн гэрээний үндсэн үүрэгт зээлдэгч Ж.Оэд холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт хангуулахаар шаардлага гаргаагүй болох нь тогтоогддог ба түүнд холбогдуулан үндсэн үүргийг гүйцэтгүүлэхээр шаардлага гаргаагүй атал, үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох батлан даалтаар туслах үүрэг гүйцэтгэгч Б.Аээс тэргүүн ээлжинд зээлийн гэрээний үүрэг хангуулахаар шаардлага гаргах нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл үндсэн үүрэг гүйцэтгэгчээс зээлээ буцаан төлөхөөр үндсэн шаардлагаа тавьсны дараа батлан даагч буюу туслах үүрэг гүйцэтгэгчээс шаардах нь үндэслэлтэй байна гэж үзлээ.
Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1, 460 дугаар зүйлийн 460.1, 462 дугаар зүйлийн 462.1, 462.3, 464 дүгээр зүйлийн 464.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч СШИ ББСБХХК-ийн хариуцагч Б.Ад холбогдуулан батлан даалтын гэрээний үүргийн гүйцэтгэлд 779.127 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 23.250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116 дугаар зүйлийн 116.1, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1, 460 дугаар зүйлийн 460.1, 462 дугаар зүйлийн 462.1, 462.3, 464 дүгээр зүйлийн 464.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч СШИ ББСБХХК-ийн хариуцагч Б.Ад холбогдуулан батлан даалтын гэрээний үүргийн гүйцэтгэлд 779.127 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 23.250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б. БАЯРМАА