Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 655

 

 

 

 

 

 

 

   2022        05          05                                     2022/ШЦТ/655

 

-          

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхтулга даргалж,

нарийн бичгийн дарга Б.Хонгорзул,

улсын яллагч Я.Амарзаяа /цахимаар/,

шүүгдэгч З.И,

шүүгдэгч Т.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт З.Иийг холбогдуулан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Т.Тыг холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2206 00759 0627 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч З.И нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 23-24-нд шилжих шөнө гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 202 дугаар байрны 9 тоотод, эхнэр Т.Ттай “дахин архи уухаар явах гэтэл гэрээс гаргаагүй” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар өрөөний хаалгаар түүний гарыг хавчиж,

 

мөн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр “гэрээс зайл” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар чирэх зэргээр тус тус биед нь халдаж, эхнэр Т.Тын эрүүл мэндэд нь баруун, зүүн бугалга, тохой, зүүн гуянд цус хуралт, баруун алга, зүүн бугуйнд зулгаралт, зүүн сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсгэж хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

шүүгдэгч Т.Т нь 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 202 дугаар байрны 9 тоотод, иргэн Ц.Зтай “гэрээс гараагүй” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар гараараа түүнийг түлхэн унагааж, хөлөөрөө бие нь тус газар өшиглөх зэргээр биед нь халдаж, Ц.Згийн эрүүл мэндэд нь цээж, зүүн эгэм, зүүн бугалга, хоёр тохойд цус хуралт, хүзүү, цээж, хоёр шуунд зулгаралт гэмтэл үүсгэж хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч З.И шүүхийн хэлэлцүүлэгт: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

 

Шүүгдэгч Т.Т шүүхийн хэлэлцүүлэгт: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Хэргийн үйл баримтын талаар

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.Тын “2022 оны 01 дүгээр сарын 23-ны орой 23 цагийн орчим би гэртээ орж ирэхэд нөхөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн охины хамт гэртээ байсан.Унтахгүй гэж хэлээд нөхөр нэмж архи уух гээд гарах гэж байхад нь би хаалгаа хаагаад унтаад өг гэхэд үгүй гэж эсэргүүцсэн. Би унтлагын өрөөний хаалган дээр зогсоод хаалганы хүрээ хэсэгт гараа тавьсан байхад албаар хаалга хааж гар хавчсан. Би яаж байгаа юм бэ гээд нөгөө гараараа хаалганы хэсгээс барихад дахин хаалга хааж миний хоёр гарыг хаалганд хавчсан. Уг үйлдлээ хоёр удаа давтаж миний гарыг хавчаад гарч ээжийнхээ гэрт ороод үргэлжлүүлэн архи уугаад өглөө 10 цаг болж байхад гэртээ орж ирсэн. 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр З.И буйдан дээр сууж байгаад босож ирээд чи гар, зайл гэж намайг хөөж, хувцаснаас татаж чангаагаад үүд хэсэг рүү чирсэн. Би явахгүй гээд эсэргүүцсэн боловч намайг хувцаснаас чирч, цамцны захаас татсан. Хоёр бугалга 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хаалгаар хавчсан. Бусад гэмтэл нь 2022 оны 01 дүгээр сарын 26-нд нөхөр гэрээсээ хөөгөөд миний биед учруулсан. Уг гэмтлийг намайг чирч татаж байхдаа нөхөр З.И учруулсан.” /хх-17-18/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Згийн “Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны 202 дугаар байрны 9 тоотод амьдардаг манай хүүхдийн гэрт ортол манай бэр болох Т.Т нь согтуу манай хүүхэдтэй маргалдаад байж байхаар нь боль гэж хэлтэл Т.Т нь намайг гэрээс гар гэж хэлээд намайг заамдаж түлхэж унагаасан, би газарт унасан байхад Т.Т нь толгой болон нуруу хэсэг рүү хөлөөрөө олон удаа өшиглөөд байсан. Урьд өмнө намайг цохиж зодож байгаагүй. ” /хх-11-12/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн Шинжилгээний Үүндэсний Хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн шинжээчийн 2477 дугаартай “1 .Ц.Згийн биед цээж, зүүн эгэм, зүүн бугалга, хоёр тохойд цус хуралт, хүзүү, цээж, хоёр шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” /хх-36-37/ гэх дүгнэлт,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн шинжээчийн 2131 дугаартай “1.Т.Тын биед баруун, зүүн бугалга, тохой, зүүн гуянд цус хуралт, баруун алга, зүүн бугуйнд зулгаралт, зүүн сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэл, цохих үйлдлээр үүсэх ба уг гэмтэл учраад 24-48 цаг өнгөрчэз. 3. Дээрх гэмтлүүд нь нийлээд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” /хх-32-33/ гэх дүгнэлт,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч З.Иийн “2022 оны 01 дүгээр сарын 23-наас 24-ний шилжих шөнө эхнэр Т.Ттай гэрээс гарах гэтэл гаргахгүй гэх шалтгаанаар маргалдаж улмаар өрөөний хаалгаар түүний гарыг хавчсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” /хх-83-84/ гэх мэдүүлэг зэрэг болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

           

Хэргийн үйл баримт, шүүгдэгч нарын гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч З.И нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 01 дүгээр сарын 23-24-нд шилжих шөнө гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 202 дугаар байрны 9 тоотод, эхнэр Т.Ттай “дахин архи уухаар явах гэтэл гэрээс гаргаагүй” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар өрөөний хаалгаар түүний гарыг хавчиж, мөн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр “гэрээс зайл” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар чирэх зэргээр тус тус биед нь халдаж, эхнэр Т.Тын эрүүл мэндэд нь баруун, зүүн бугалга, тохой, зүүн гуянд цус хуралт, баруун алга, зүүн бугуйнд зулгаралт, зүүн сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсгэж хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Т.Т нь 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 202 дугаар байрны 9 тоотод, иргэн Ц.Зтай “гэрээс гараагүй” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар гараараа түүнийг түлхэн унагааж, хөлөөрөө бие нь тус газар өшиглөх зэргээр биед нь халдаж, Ц.Згийн эрүүл мэндэд нь цээж, зүүн эгэм, зүүн бугалга, хоёр тохойд цус хуралт, хүзүү, цээж, хоёр шуунд зулгаралт гэмтэл үүсгэж хөнгөн хохирол санаатай учруулсан байна.

 

Шүүхийн Шинжилгээний Үүндэсний Хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн шинжээчийн 2477 дугаартай “1 .Ц.Згийн биед цээж, зүүн эгэм, зүүн бугалга, хоёр тохойд цус хуралт, хүзүү, цээж, хоёр шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн шинжээчийн 2131 дугаартай “1.Т.Тын биед баруун, зүүн бугалга, тохой, зүүн гуянд цус хуралт, баруун алга, зүүн бугуйнд зулгаралт, зүүн сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэл, цохих үйлдлээр үүсэх ба уг гэмтэл учраад 24-48 цаг өнгөрчэз. 3. Дээрх гэмтлүүд нь нийлээд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн шинжээчийн дүгнэлт тус тус гарчээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна.

 

Улсын яллагч шүүгдэгч З.Иийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн,

-Шүүгдэгч Т.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай.” гэх дүгнэлт гаргасан. Шүүгдэгч З.И, Т.Т нар нь уг дүгнэлттэй маргаагүй болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хуульчилсан байдаг.

 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан

 

Шүүгдэгч З.И нь хохирогч Т.Т, мөн шүүгдэгч Т.Т нь хохирогч Ц.Згийн эрүүл мэндэд халдаж зодсон байдал нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Шүүгдэгч З.И нь хохирогч Т.Т, мөн шүүгдэгч Т.Т нь хохирогч Ц.Згийн эрүүл мэндэд халдсан гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай санаатай үйлдэл, хохирогчид учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч З.Иийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах

Шүүгдэгч Т.Тын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.И, Т.Т нар нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх ба түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, хохирогчийг хохиролгүй болгосон, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч З.Иийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Т.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг танилцуулж, З.И, Т.Т нар нь уг саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ. Энэ нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх ашгийг зөрчөөгүй байна.

 

Шүүх шүүгдэгч З.И, Т.Т нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шүүгдэгч З.Иийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Т.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэв.

           

            Бусад асуудал:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

 

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэйгэж тус тус зааснаар шүүгдэгч З.И, Т.Т нар нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй байх ба хохирогч Ц.З, Т.Т нар нь гэм хорын хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч З.И, Т.Т нар нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч З.И, Т.Т нар нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч З.И, Т.Т нар нь урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч З.Иийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”

-Шүүгдэгч Т.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар З.Ит 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял,   

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Тд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар З.И, Т.Т нар нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч З.И, Т.Т нар нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.И, Т.Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.МӨНХТУЛГА