Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 569

 

                                                                                                                      

 

 

 

 

 

 

  2022         04           14                                  2022/ШЦТ/569

 

 

           

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Э.Чингис, М.Түмэннаст нарын бүрэлдэхүүнтэй,

            нарийн бичгийн дарга Б.Хонгорзул,

            иргэдийн төлөөлөгч Ө.Билэгсайхан, 

            улсын яллагч А.Амарсанаа,

            хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д,

шүүгдэгч Л.А, түүний өмгөөлөгч Д.Батсүх нарыг оролцуулан тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ХАт холбогдох эрүүгийн 2106 00000 2446 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Л.А нь 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр Алтан-Өлгий 8 дугаар гудамжны 108 тоот хашаанд байрлах нийтийн байрны 1 тоотод өөрийн гэртээ танил Ц, Ж, эхнэр Х нартай архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байх явцдаа Цтай маргалдаж улмаар ахуйн хэрэглээний хутгаар цээжин тус газар нь хутгалж цээжний хөндийд нэвтэрч үнхэлцэг, зүрх гэмтээсэн шарх үүсгэж амь насыг хохироон хүнийг алсан гэмт хэрэгт холбогджээ.

                                               

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүгдэгч Л.А нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.

 

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д, нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Оршуулгын үлдсэн зардал болох 1.500.000 төгрөгөө нэхэмжилж байна.” гэв.

           

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан дуудлагын лавлагааны хуудас/1хх-04/,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-6-14/,

 

Л.Аын биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-20-23-р хуудас/,

 

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-31-35/,

 

Эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн тогтоол, /1хх-37-38/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  “Цэрэндоржийн Ц гэх хүнийг танина. Миний нагац ах байгаа юм. Намайг 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр гэртээ байж байхад Ц ахыг согтуу хүнд зодуулаад Гэмтэл согог судлалын төвд бие нь тааруу байна аа гэж хэлсэн. Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр ирэхэд бусдын гарт амиа алдсан гэдгийг нь мэдсэн. Хохирол төлбөрт 1 сая төгрөг өгсөн. н.А гэгч нь бас л манай ахын адил ядарсан хүн байгаа байх гэж бодож байна, гэхдээ оршуулгын зардалд 3.5 сая төгрөг гаргасан бөгөөд 1 сая төгрөг авсан, үлдсэн 2.5 сая төгрөгийг гаргуулж авах хүсэлтэй байна.” гэх мэдүүлэг /1хх-48-50, 2хх-34/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Дэлгэрмөрөнгийн “2021 оны 11 дүгээр сарын 06-ны өглөө 10 цагаас 11 цагийн хооронд хувцсаа хатаах гээд гартал манай нийтийн байрны 1 давхрын баруун хойд талын 1 дэх хаалгатай өрөөний дотроос эмэгтэй, эрэгтэй 3-4 хүний чанга ярьж байгаа чимээ сонсогдсон...Нэг эрэгтэй хүн уурлаад нэгэн рүүгээ зандраад байх шиг чимээ сонсогдсон.” /1хх-60-62/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Хы “2021 оны 11 дүгээр сарын 06-ны өглөөний 08 цаг 30 минутын үед манай нөхөр Л.А бид хоёр бид хоёрын амьдарч байсан газраас ертөнцийн зүгээр урагш 1 гудамжны цаана нөхрийн таньдаг айлд нь очсон. Намайг ажилтай байх хугацаанд манай нөхөр Л.А тэд нартай нийлж архи уудаг юм байна лээ би тэр хүмүүсийн нэрийг нь бол мэдэхгүй байна. Бид хоёрыг очиход гэрч гэх залуу гэртээ ганцаараа байсан бөгөөд эрүүл саруул байсан. Тэр хүн бид хоёрыг ирсэн гээд орон доороос 0,5 граммын Хараа нэртэй архи гаргаж ирээд задалсан бид гурав архи задлаад уух гээд байж байхад одоо хохирогч гэх настай бололтой хүн орж ирсэн. Амь хохирогч орж ирсэн. Тэгээд 4 үүлээ нийлээд архи хувааж уусан. Архиа ууж дуусчхаад байхад гэрийн эзэн гэх залуу надад виза картаа бөгөөд хохирогч бид хоёр байрны урд талын буюу худгийн хажуу талын дэлгүүр орж 0,75 граммын Хараа нэртэй архи 1-ийг аваад буцаад айлдаа ирсэн. Намайг дэлгүүр орох гэхэд хохирогч би дэлгүүр орохгүй гээд гадаа нь үлдсэн би дэлгүүр рүү ганцаараа орсон цаг бол нэлээн эрт байсан 09 цаг л өнгөрч байсан байх. Тэгээд бид дөрвүүлээ авсан архиа тойруулж уусан. Бид нар архиа ууж дуусчхаад Л.А бид гэр рүүгээ харьсан нөгөө хоёр үлдсэн. Бид хоёрыг гэртээ ороод байж байхад багцаагаар 30 орчим минутын дараа манай нөхөр орондоо ороод унтах гээд хэвтэж байсан харин би хоол хийх гээд хөргөгчөөс махаа гарчхаад байж байхад гэрийн хаалга тогшихоор нь би очиж гэрийн хаалгыг нь онгойлгож өгсөн чинь амь хохирогч, болон нөгөө гэрч хоёр орж ирсэн тэр хоёрын нэрийг нь хэлж мэдэхгүй байна. Тэр хоёрын нэг нь Хараа архи барьж орж ирсэн яг хэн нь хэдэн граммын архи байсан гэдгийг санахгүй байна. Тэгээд нөхөр орноосоо босож ирээд орон дээрээ суусан нөгөө хоёр хивсэн дээр газар суугаад архиа уусан. Хохирогч манай нөхөртэй шоронгийн талаар яриад байсан тэгсэн манай нөхөр та нар шиг хүмүүсийг манаж цагдаж явсан талаар ярьж байсан. Тэгсэн хохирогч өөдөөс нь хэг, ёг гээд чи хуяг байсан юм уу? гэж хэлж байсан. Би зурагтын дууг багасгаж байхад хохирогч ард талд дээшээ хараад газар унасан харсан чинь цээжин хэсгээс нь цус нэлэнхийдээ гараад ирсэн манай нөхөр орны хажууд байсан. Хохирогчийн хажуу талд газар хар иштэй хутга уначихсан байсан манай нөхөр орны хажууд шоконд орчихсон зогсож байсан. Тэгсэн гэрч гэх залуу цагдаа болон 103-т дуудлага өгсөн. Цагдаа нар орж ирээд манай нөхрийг аваад гарсан. Араас гэрч гээд байгаа хүнийг надтай хамт Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр авчирсан. Түргэний машин ирж байсан. Амь хохирогч ямар нэгэн юм хэлэхгүй байсан миний харснаар цээжнээс нь их цус гараад байсан...Амь хохирогч шоронгийн талаар яриад байсан манай нөхөр өөдөөс нь цагдаа байсан та нар шиг хүмүүсийг манаж явсан надтай битгий юм яриад бай гэж хэлж байсан. Тэгж хэлээд байж байхад тэр ах газар уначихсан үйл явц маш богино хугацаанд нүд ирмэх зуурал болсон.” /1хх-н 64- 68-р хуудас/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Жы “Баянзүрх дүүргийн 22-р хороо, Өлгийн 7-84 тоотод байх нийтийн байрны 2 тоотод /1 давхарт гэх/ байдаг бөгөөд уг байранд би 2 жил гаруй хугацаанд амьдарч байна. Манай байрны 9 тоотод /1 давхарт байдаг гэх/ Ц гэх ах байдаг бөгөөд Ц ах уг байранд амьдраад 5- 6 cap болж байгаа. 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өглөө 09 цагийн орчимд байх би гэртээ ганцаараа байж байтал манай байрны 4 тоотод байдаг Баярбаатар гэх залуу Л.А болон Л.Аын эхнэр хоёрт 5000 төгрөг өгөөд нэг шил архи аваад ир гээд явуулчихлаа гээд орж ирсэн. Тэгээд би орон доор байсан 0.5 литрийн шилтэй Хараа архи гаргаад задалж байтал гаднаас н.А болон н.Аын эхнэр /нэрийг нь мэдэхгүй гэх/ хоёр гаднаас орж ирсэн. Тэр хоёр орж ирээд 5000 төгрөгт архи олдохгүй байна гэж хэлсэн бөгөөд Баярбаатар архинаас 2 хундагыг уучхаад ажилтай гээд явчихсан. Тэгээд н.А, н.Аын эхнэр бид гурав байж байтал н.Ц ах ус авна гэж манай гэрт орж ирээд бид хэдийн ууж байсан архинаас уугаад дахин архи авъя гээд н.Аын эхнэртэй хамт дэлгүүр явж 0.75 литрийн шилтэй Хараа архи авчирсан. Бид дөрөв тэр архийг хувааж уучхаад 11 цагийн орчимд байх н.А эхнэрийнхээ хамт гэр рүүгээ яваад Ц ах бас гэр рүүгээ орсон. Тэгээд би унтах гээд хэвтэж байтал Ц ах гэр рүү орж ирээд хоёулаа Л.Аын гэр рүү очъё гэхээр нь хамт гэрээс гараад Цагаан-Уул нэртэй дэлгүүрээс 0.75 литрийн шилтэй Хараа архи аваад 12 цагийн орчимд байх Л.Аын гэрт очсон. Тэднийд очиход Л.А эхнэрийнхээ хамт хоёулхнаа байсан бөгөөд эхнэр нь хоол хийнэ гээд хөргөгчөөсөө мах гаргаад газар тавьж байсан. Би анх удаа тэр айлд орсон бөгөөд ямар ч байсан үүд хэсэгт нь хөргөгч, хоймор хэсэгт нь ор байсан, газар мах гаргаад хажууд заазуур болон жижиг хар иштэй хутга байсан. Л.А орон дээрээ сууж байсан. Л.Аын эхнэр бид хоёр ор налаад сууж байсан. Ц ах болохоор орноос арай зайтай сууж байсан бөгөөд бид дөрөв авч очсон архиа хувааж уусан. Архи ууж байхдаа ойр зуурын юм яриад Л.Аын эхнэр нь тогооч хийдэг гэх мэт зүйл ярьж байсан бөгөөд Ц ах Мааньтын шоронд байсан гэж ярихад Л.А би хуяг байсан гэж ярьж байсан. Тэгээд архи дуусаад Л.А орон дээрээ хэвтээд Ц ах сууж байсан газрынхаа тэнд хэвтсэн бөгөөд Л.Аын эхнэр бид хоёр ор налаад сууж байсан. Тэгтэл гэнэт Л.А босож ирээд Ц ахын дэргэд буюу газар байсан жижиг хар иштэй хутгыг аваад Ц ахын цээж хэсэгт 1 удаа хутгалсан. Тэгэхээр нь би босоод Л.Аыг холдуулахад Л.А барьж байсан хутгаа мөрөө давуулаад орныхоо тийшээ шидсэн. Тэр үед Ц ах гараараа цамцаа сөхөөд цээж хэсэгтээ хүрээд намайг хутгалчихсан байна ш дээ гэж хэлсэн бөгөөд Ц ахын гар болон цээж хэсэгт нь цус болчихсон доошоо цус урсаж байсан. Тэгэхээр нь би сандраад тэднийхээс гараад өөрийнхөө 88135802 дугаарын утаснаас 102 залгаж хүн хутгалуулсан талаар дуудлага өгсөн. Дуудлага өгөхдөө тэр айлын-хаягийг нарийн сайн хэлж мэдэхгүй байсан учир өөрийнхөө гэрийн хаягаар дуудлага өгөөд цагдааг ирэхээр нь цагдаагийн хамт Л.Аын гэрийг зааж хамт очсон. Очиход Ц ах нас барсан байсан бөгөөд удаагүй эмнэлэг ирсэн." /1хх-74-75/ гэх мэдүүлэг,

 

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-84-88/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2419 дугаартай: “Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр цээжний хөндийд нэвтэрч үнхэлцэг, зүрх гэмтээсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Шарх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цээжний хөндийд нэвтэрч үнхэлцэг, зүрх гэмтээсэн шарх нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11 -д зааснаар хүнд зэрэгт хамаарна. Цээжний хөндийд нэвтэрч үнхэлцэг, зүрх гэмтээсэн шархны улмаас үнхэлцгийн хөндийд цус хурж зүрх чихэлдэж нас баржээ. Талийгаач нь элэгний архаг үрэвсэл, бөөрний уйланхай өвчтэй байна. Ходоодонд 100 мл гурил, хиам холилдсон хагас боловсорсон өтгөвтөр агууламжтай байна. Талийгаачийн цусанд 3.2, ходоодны шингэнд 7.0 промилли спиртийн зүйл илэрсэн. Ходоодны шингэнд САЗ-н хүрээнд хорт бодис болон эмийн бодис, хүчтэй хүчил шүлт илрээгүй. Цусанд 3.2 промилли спиртийн зүйл илэрсэн нь хүнд зэргийн согтолтод хамаарна. Э.Талийгаач нь 0/1/ бүлгийн цустай байна.” /1хх-н 89-97/ гэх дүгнэлт,

 

Хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон прокурорын тогтоол /1хх-27/,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн892 дугаартай: Л.А нь сэтгэцийн хувьд ямар нэгэн өвчингүй байна. Л.А нь өөрийн хийж байгаа үйлдлийг зөв ойлгон мэдэж удирдах чадвартай байсан байна. Л.А нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Л.А нь хэрэг хариуцах чадвартай байна.” /1хх-163-164/ гэх дүгнэлт,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 3205 дугаартай “1 .Шинжилгээнд ирүүлсэн цамцанд 11мм хэмжээтэй гэмтэл үүссэн байна. Бусад хувцаснуудад гэмтэл үүсээгүй байна. Цамцанд үүссэн дээрх гэмтэл нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ зүсэгдтэл байна.” /1хх-н 187-191/ гэх дүгнэлт,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 5174 дугаартай “1 .Шинжилгээнд саарал өнгийн цамц, саарал өнгийн дотуур өмд, хар өнгийн дотоож, хар өнгийн нэг хос гутал дээр цус илэрсэн. Хувцаснууд дээр биологийн гаралтай өөр бусад толбо илрээгүй. 2.Саарал өнгийн цамц, саарал өнгийн дотуур өмд, хар өнгийн дотоож, хар өнгийн нэг хос гутал дээр нэг эрэгтэй хүний цусны ДНХ-ийн тогтоц тогтоогдсон бөгөөд Цын цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.” /1хх-195-197/ гэх дүгнэлт,

 

 Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 5171 дугаартай “1 .Шинжилгээнд хутган дээр цус илэрсэн. Заазуур дээр цус илрээгүй. 2.Хутга болон заазуур дээр биологийн гаралтай өөр бусад толбо илрээгүй. З.Хутган дээр нэг эрэгтэй хүний цусны ДНХ-ийн тогтоц тогтоогдсон бөгөөд амь хохирогч Цын цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна.” /1хх-226-228/ гэх дүгнэлт

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

           

Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 2419 дугаартай: “Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр цээжний хөндийд нэвтэрч үнхэлцэг, зүрх гэмтээсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Шарх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цээжний хөндийд нэвтэрч үнхэлцэг, зүрх гэмтээсэн шарх нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11 -д зааснаар хүнд зэрэгт хамаарна. Цээжний хөндийд нэвтэрч үнхэлцэг, зүрх гэмтээсэн шархны улмаас үнхэлцгийн хөндийд цус хурж зүрх чихэлдэж нас барсан болох нь үйл баримт тогтоогдож байна.

           

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан

 

Шүүгдэгч Л.А нь Цын эрүүл мэндэд халдаж алсан байдал нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Хүнийг алах гэмт хэрэг гэдэг нь хүний амьд явах эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм. Гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдсэн хүн өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнээс учирч болох эрсдэл буюу хүн нас барах боломжтойг мэдсэн, мэдэх боломжтой байсан үед хүсэж үйлдсэн, хүсээгүй боловч үйлдлээрээ уг хохиролд хүргэсэн гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэртэй байна.

Улсын яллагч: “Шүүгдэгч Л.Аыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 8 жилийн хорих ял оногдуулах” саналыг гаргасан.

 

Иргэдийн төлөөлөгч “Шүүгдэгч Л.Аыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай” гэж дүгнэлт гаргасан болохыг дурдав.

 

Шүүгдэгч Л.Аын үйлдэл нь дээрх гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Л.А нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулахад харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын саналдаа “...Шүүгдэгч Л.А нь хохирлоо бүрэн барагдуулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэж оногдуулж байгаа ялаас бага ял оногдуулах”-ыг хэлсэн.

 

Эрүүийн хуулийн 6.7 дугаар зүйлд “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх, мөн хуулийн 1 дэх заалтад “...Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно..” л гэж заасан болохоос заавал шинжтэй биш. Мөн шүүгдэгч Л.Аын холбогдсон гэмт хэрэг нь хүний амь хохирсон. Хэдийгээр оршуулгын зардал гэх мэт хохирол төлбөр төлөгдсөн гэж үзэх боловч Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд: “...Хүн бүр амьд явах эрхтэй...” Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Хэний ч амь насыг дур мэдэн бусниулж болохгүй..” гэж зааснаар хүний амь насыг хохироосон нь төлж баршгүй хохирол юм. Тиймээс шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг хүлээн авах боломжгүй.

 

Шүүгдэгч Л.Аын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа хувийн байдал, хэр хэмжээ, оршуулгын зардлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан шударга ёсны зарчмыг удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жил хорих ял оногдуулж нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. 

 

Бусад асуудал:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д нь энэ гэмт хэргийн улмаас учирсан оршуулгын зардал 1.500.000 төгрөгийг нэхэмжилж, шүүгдэгч Л.А болон түүний өмгөөлөгчөөс хохирол төлбөр төлөх зорилгоор 5 хоногийн завсарлага авч төлсөн тул шүүгдэгч Л.А нь бусдад төлөх төлбөргүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ажлын хэсэг 9 см урт, хар өнгийн 10 см урт, хуванцар бариултай 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгах нь зүйтэй байна.

 

            Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Л.Аын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч Л.Ат цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, энэ өдрөөс эхлэн эдлэх ялыг нь тоолов.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан “хүнийг алахгэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар Л.Ат 8 /найман/ жил хорих ял оногдуулсугай.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ат оногдуулсан 8 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Аын цагдан хоригдсон 156 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

            5. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол, цаашид гарах зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Си-Дийг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ажлын хэсэг 9 см урт, хар өнгийн 10 см урт хуванцар бариултай 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан  шатны шүүхийн Тамгын газарт даалгасугай.

 

            8. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Ат урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.МӨНХТУЛГА

 

                                                    ШҮҮГЧ                                   Э.ЧИНГИС

 

                                                    ШҮҮГЧ                                    М.ТҮМЭННАСТ