Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 905

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:Баянгол дүүргийн 13 дугаар хороо, Өргөө кино театрын баруун талд Хишиг төвийн Б корпус 6 тоотод байрлах, регистр 6031064, Том Алт ХХКомпанийн нэхэмжлэлтэй,

           

Хариуцагч:Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, 71-А байрны 20 тоотод оршин суух, эмэгтэй, регистрийн дугаар ХД 61061300, Насан овогт Түдэвийн Энхтуулд холбогдох

 

Тээврийн хэрэгсэл гаргуулах тухай шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Манлайжав, хариуцагч Т.Энхтуул, түүний өмгөөлөгч Д.Данзандорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Уранбайгаль нар оролцов.

 

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

             Нэхэмжлэгч Том Алт ХХКомпани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Том Алт ХХКомпани иргэн О.Уранзаяатай харилцан тохирч 69-98 УББ улсын дугаартай Toyota Prius 20 маркийн тээврийн хэрэгслийг 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр барьцаат зээлийн гэрээ хийж унаж явах нөхцөлтэйгээр 10 сая төгрөгөөр барьцаалсан тээврийн хэрэгслийн гэрчилгээг өөрийн компанийн нэр дээр бүртгүүлсэн.Гэтэл дээрх тээврийн хэрэгслийг Т.Энхтуул гэгч нь О.Уранзаяагаас 2017 оны 10 дугаар сард хууль бусаар авч явсан байна.Иймд манай компанийн нэр дээр бүртгэлтэй 69-98 УББ улсын дугаартай Toyota Prius 20 маркийн тээврийн хэрэгслийг Т.Энхтуулын хууль бус эзэмшлээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

             Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Том Алт ХХКомпани 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр О.Уранзаяатай харилцан тохиролцож барьцаат зээлийн гэрээг байгуулж, 10 000 000 төгрөгийг, 5 хувийн хүүтэй зээлж, 69-98 УББ улсын дугаартай, тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийг барьцаалсан.О.Уранзаяа 2017 оны 9 дүгээр сард 500 000 төгрөгийн зээлийн хүү төлөөд үүнээс хойш төлөлт хийгээгүй алга болсон.Талууд 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр барьцаат зээлийн гэрээг хийхэд тээврийн хэрэгсэл О.Уранзаяагийн нэр дээр бүртгэлтэй байсан тул Авто тээврийн үндэсний төвд тоот явуулж Том Алт ХХКомпанийн нэр дээр бүртгэгдсэн. О.Уранзаяа зээлийн гэрээний үүргийг биелүүлэхгүй байгаа тул барьцаалсан тээврийн хэрэгслийг шаардахад тээврийн хэрэгсэл миний эзэмшилд байхгүй, хадам ээж аваад явсан гэсэн тул манай байгууллага Замын цагдаагийн газарт 69-98 УББ улсын дугаартай, тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгсэл алга болсон тухай мэдэгдэхэд Т.Энхтуул тодорхойлолт гаргасан учраас шүүхээр шийдвэрлүүл гэсэн.Иймд Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1, 495.2-т зааснаар Том Алт ХХКомпанийн нэр дээр бүртгэлтэй 69-98 УББ улсын дугаартай, тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийг Т.Энхтуулын хууль бус эзэмшлээс гаргуулж Том Алт ХХКомпанид гаргуулж өгнө үү гэв.

 

             Хариуцагч Т.Энхтуул шүүхэд гаргасан тайлбартаа:Том Алт ХХКомпани О.Уранзаяа нар 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулсан байна.Би энэ машиныг 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Приус Центр ХХКомпаниас 7 900 000 төгрөгөөр худалдан авсан.О.Уранзаяа нь Том Алт ХХКомпанид хуурамч баримт бүрдүүлэн барьцаанд тавьсан байсныг би мэдээгүй, 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр мэдсэн, машины худалдан авалтын гэрээ болон гаалийн гэрчилгээг устгасан байсан.Би улсад 32 жил ажиллаад тэтгэвэртээ гарч төрөөс өгсөн урамшууллын мөнгөнөөс 7 900 000 төгрөгөөр өөртөө Toyota Prius 20 маркийн тээврийн хэрэгсэл худалдан авсан, би тухайн үед иргэний үнэмлэхгүй байсан тул хүүгийн нэр дээр худалдан авалт хийсэн.Намайг машин хулгай хийсэн гэж Баянгол дүүргийн Цагдаад өгсөн.О.Уранзаяа хүүгээс машин гуйж авахдаа ломбардад тавихгүй, ээжид чинь өгнө гэж нөхөртөө бичсэн байсан.Миний өмчлөлийн машиныг дур мэдэн зохиомол бэлэглэлийн гэрээ байгуулсан.Миний хүү Б.Одбаярыг шүүх хуралдаанд оролцуулснаар хэргийг үнэн зөв шийдвэрлэх нөхцөл бүрдэх тул хэргийг түдгэлзүүлж өгнө үү гэжээ.

 

             Хариуцагч Т.Энхтуул шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Том Алт ХХКомпани О.Уранзаяа нар 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулсан байна.Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Монгол улсын стандарт, барьцаалан зээлдүүлэх нийтээр шаардах стандарт зэргийг зөрчиж 500 000 гаруй төгрөгийн торгуультай, эзэшигч нь маргаантай, татварын дэвтэр нь Б.Одбаярын нэр дээрх тээврийн хэрэгслийг, худалдан авсан үнээс 2 100 000 төгрөгөөр илүү 10 000 000 төгрөгөөр үнэлж гэрээ байгуулсан байна.Би энэ машиныг анх 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр Приус центр төвөөс 7 900 000 төгрөгөөр худалдан авсан бөгөөд 2004 оны машин 10 000 000 төгрөг хүрэхгүй.О.Уранзаяа нь гэр бүлийн хэрэгцээний машиныг гэр бүлийн гишүүдийн зөвшөөрөлгүй эгч О.Урантогосын найзын ломбард болох Том Алт ХХКомпанид хуурамч баримт бүрдүүлэн зөрчилтэй машиныг зээлийн барьцаанд тавьсан байгаа.Би төрд 32 жил ажиллаад 2016 оны 6 сард тэтгэвэрт гараад 36 сарын цалинай тэнцэх урамшуулалд олгосон мөнгөөрөө өөрөө унах зориулалтаар хүү Б.Одбаяр, бэр О.Уранзаяа нартай хамт явж худалдан авсан, машин худалдаж авах үед би иргэний үнэмлэхгүй явсан тул хүүгийнхээ нэр дээр худалдаж авсан, О.Уранзаяа нөхөртөө дарамт шахалт үзүүлж байгаад машиныг шилжүүлж аваад зээлийн барьцаанд тавьсан байна.Би Уранзаяад машиныг ээжийнхээ нэр дээр шилжүүлээд өг гэхэд шилжүүлж өгөөгүй, машин барьцаанд байгааг би 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр мэдсэн.Намайг машин хулгай хийсэн гэж Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэст өгсөн байсан.Би тэтгэврийн зээлээ төлөхын тулд машинаа зарах хэрэгтэй болоод машинаа шилжүүлж авах гэтэл ийм асуудал үүссэн байна, би хариуцагч болох үндэслэлгүй гэв.  

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Том Алт ХХКомпани хариуцагч Т.Энхтуулд холбогдуулан түүний эзэмшлээс 69-98 УББ улсын дугаартай, Toyota Prius 20 маркийн тээврийн хэрэгслийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Том Алт ХХКомпани О.Уранзаяа нарын хооронд 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулагдсан байх бөгөөд О.Уранзаяа нь Том Алт ХХКомпаниас 10 000 000 төгрөгийг, нэг сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлж, зээлийн барьцаанд 69-98 УББ улсын дугаартай, Toyota Prius 20 маркийн тээврийн хэрэгслийг тавьсан байна.

 

Дээрх Toyota Prius 20 маркийн, 69-98 УББ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2016 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хариуцагч Т.Энхтуул 7 900 000 төгрөгийг төлж, Б.Одбаяр нь Г.Лувсансамбуугаас худалдаж авсан болох нь 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн авто машин худалдах, худалдан авах гэрээ, Голомт банкны 2016 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн мемориалын баримт, Голомт банкин дахь Т.Энхтуулын дансны хуулга зэрэг баримтуудаар нотлогдож байна.

 

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч нь зээлдэгч О.Уранзаяа зээлийн төлбөрөөс 500 000 төгрөг төлөөд бусдыг төлж чадахгүй гэсэн тул барьцааны хөрөнгө буюу манай өмчлөлийн авто машиныг Т.Энхтуулын эзэмшлээс авна гэж тайлбарлаж байна.

 

Нэхэмжлэгч Том Алт ХХКомпанийн зээлдэгч О.Уранзаяатай 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан барьцаат зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-т “Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-т заасныг үндэслэн барьцаа болох авто машины өмчлөх эрхийг Том Алт ХХКомпани шилжүүлэн авах ба зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл бүрэн дуусгавар болсон үед зээлдэгчид буцаан шилжүүлнэ” гэж заасан байна.

 

Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-т “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр /цаашид “фидуци” гэх/ үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу зээлдүүлэгч Том Алт ХХКомпани зээлдэгч О.Уранзаяа нарын хооронд Иргэний хуулийн 235 дугаар зүйлд зааснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх /фидуци/ гэрээ хийгдээгүй байхад Toyota Prius 20 маркийн, 69-98 УББ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг Том Алт ХХКомпанийн өмчлөлд 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр бүртгүүлсэн болох нь Авто тээврийн үндэсний төвийн 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн лавлагаагаар нотлогдож байна.

 

Нэхэмжлэгч байгууллага нь зээлдэгч О.Уранзаяа зээлийн төлбөрөөс 500 000 төгрөгийг төлж, бусдыг төлөөгүй болохыг, зээлдэгчээс зээлийн гэрээний үүргийг шаардсан талаарх баримтуудыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.

 

Нөгөө талаар Toyota Prius 20 маркийн 69-98 УББ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Том Алт ХХКомпани өөрийнхөө хөрөнгөөр худалдаж аваагүй барьцааны хөрөнгө байхад Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3-т заасан ажиллагааг хийсэн эсэхийг тодруулах нь зүйтэй байна.

 

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч байгууллага нь хуульд зааснаар барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай бичгээр барьцаалагчид мэдэгдсэн эсэх, мэдэгдснээс хойш 10 хоногийн дотор үүргээ гүйцэтгээгүй байх, барьцааны зүйлийг комиссын буюу дуудлага худалдаагаар худалдаж борлуулсан байх зэрэг дараалсан арга хэмжээг авсан эсэх нь баримтаар нотлогдоогүй байна.

 

Түүнээс барьцаалагдсан хөрөнгийг шууд зээлдүүлэгчийн эзэмшил, ашиглалтад хүлээлгэн өгснөөр зээлийн гэрээний үүрэг хангагдах хуулийн зохицуулалт байхгүй болно.

 

Нэхэмжлэгч байгууллага нь Иргэний хуулийн 495.1, 495.2-т зааснаар хариуцагчийн эзэмшлээс тээврийн хэрэгслийг шаардаж байна гэж тайлбарлаж байх боловч Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1-т “Хууль ёсны өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгийг ашиглах, өөр зүйлтэй холих, нийлүүлэх, нэгтгэх, дахин боловсруулах зэргээр захиран зарцуулж бусдын эрхийг зөрчсөн этгээд үүнээс учирсан хохирлыг эрх бүхий этгээдэд нөхөн төлөх үүрэгтэй” мөн 495.2 “Энэ хуулийн 495.1-д зааснаар бусдын эрхийг зөрчсөн тохиолдолд эрх бүхий этгээд нь хохирлыг нэн даруй нөхөн төлөхийг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй” гэж заасан байна.

 

Хариуцагч Т.Энхтуул Toyota Prius 20 маркийн 69-98 УББ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг захиран зарцуулсан болох нь баримтаар нотлогдоогүй байхад түүнээс хохирол нөхөн төлөх, хохирол нөхөн төлөхийг шаардах үндэслэлээр тээврийн хэрэгслийг шаардах боломжгүй байх тул Том Алт ХХКомпанийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т заасныг баримтлан Т.Энхтуулын эзэмшлээс Toyota Prius 20 маркийн 69-98 УББ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг гаргуулах Том Алт ХХКомпанийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар  гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            З.ДОРЖНАМЖИН