Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 2076

 

Ш.Сын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

                                  

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2017/01531 дүгээр шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Ш.Сын, хариуцагч “УХБ” ХХК, “М” ХХК-д холбогдуулан гаргасан “М” ХХК болон “УХБ” ХХК нарын хооронд 2010 оны 5 дугаар сарын 19-ний өдөр байгуулагдсан ЗБГ0003/100519 тоот зээлийн барьцааны гэрээний Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан тойруу хаягт байрлах 44А байрны 18 тоот 4 өрөө иргэн Ш.Сын өмчлөлийн орон сууцнуудад холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, дээрх орон сууцнуудыг барьцаанаас чөлөөлж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагч “УХБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч Ш.Сын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ш.С нь “М” ХХК-тай 2007 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 82, 83, 148 дугаартай орон сууц захиалах, гүйцэтгэх гэрээнүүдийг байгуулж, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан тойруу, 44А байрны 5 тоот хаягт байрлах 148.4 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц, 18 тоот хаягт байрлах 148.4 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг тус тус захиалан бариулсан.

Нэхэмжлэгчийн зүгээс уг гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ 2010 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр гэхэд бүрэн гүйцэд барагдуулж дууссан бөгөөд тухайн орон сууцнуудыг өөрийн эзэмшилдээ улсын комисс хүлээн авч ашиглалтанд орсон даруйд бүрэн авсан. “М” ХХК нь 2010 оны 5 дугаар сарын 12-ны өдөр захиалагчид мэдэгдэлгүй, түүнээс зөвшөөрөл авалгүй үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулан авч, улмаар 2010 оны 5 дугаар сарын 19-ний өдөр “УХБ” ХХК-тай ЗБГ0003/100519 дугаартай барьцааны гэрээ байгуулан, үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалахдаа 44А байрны 5 тоот болон 18 тоот хаягт байрлах орон сууцнуудыг мөн барьцаанд тавьсан. Иймд “М” ХХК нь Ш.Стай байгуулсан гэрээгээ зөрчиж, өөрийн нэр дээр гэрчилгээ гаргасантай холбогдуулан нэхэмжлэгчийн зүгээс Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан бөгөөд 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 01628 тоот захирамж, мөн 02738 тоот захирамжуудаар дээрх үл хөдлөх хөрөнгүүдийн хууль ёсны өмчлөгч болохыг тогтоолгосон.

Мөн “М” ХХК болон “УХБ” ХХК-иудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.6.2, 156 дугаар зүйлийн 156.3, 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасан заалтуудыг зөрчиж байгуулагдсан учраас уг барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж байна. Мөн “УХБ” ХХК-ийн хувьд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3, 23.4 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн. Учир нь үл хөдлөх хөрөнгө барьцаалагдсан үеэс захиалагч байсаар байтал хуульд заасан шаардлагыг хангаж барьцааны гэрээ байгуулагдаагүй учир уг гэрээний Ш.Сын өмчлөлийн 05, 18 тоот орон сууцнуудад холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү.

Мөн Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт зааснаар үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжих ёстой. Гэтэл “М” ХХК нь өнөөдрийг хүртэл Ш.Сд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж, шилжүүлж өгөөгүй, гэхдээ “М” ХХК нь Ш.Сыг өмчлөгч мөн гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Ийм учраас “М” ХХК-д дээрх орон сууцнуудыг барьцаанаас чөлөөлөхийг даалгаж, үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр гаргаж өгөхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “УХБ” ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Анирмаа, Б.Баялагмаа нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Банкны барьцаанд барьцаалсан үл хөдлөх хөрөнгүүд нь 'М ХХК-ийн өмчлөлийн хөрөнгө гэдэг нь эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогддог тул нэхэмжлэгч талаас гаргаж байгаа зээлийн гэрээ, зээлийн барьцааны гэрээг байгуулахад өмчлөгч этгээдээс зөвшөөрөл аваагүй гэсэн тайлбар нь хууль зүйн үндэслэлгүй. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэгт заасны дагуу үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг тогтооход улсын бүртгэлийн гэрчилгээг үндэслэх бөгөөд үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэх хууль ёсны шаардлага тавигддаг. Иймээс зээлийн барьцааны гэрээ байгуулах үед нэхэмжлэгчийг дээрх үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэсэн, эсхүл улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэл хийсэн баримт байхгүй байсан тул иргэн Ш.Саас зөвшөөрөл авах шаардлагагүй.

Энэ хэрэгт Ш.Сыг өмчлөгч гэж үзсэнтэй холбоотой захирамж нь уг хэрэгт оролцоогүй “УХБ” ХХК-ийн хувьд нэгэнт тогтоогдсон үйл баримт биш юм. Дээрх барьцаа хөрөнгүүдийн хувьд хууль ёсны өмчлөгч нь “М” ХХК байгаа нь Улсын бүртгэлийн гэрчилгээгээр нотлогддог учраас Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т заасны дагуу эрхийн улсын бүртгэл нь үнэн зөв байх зарчимд үндэслэн тухайн хөрөнгүүдийг барьцаалсан. Иймд “М” ХХК болон “УХБ” ХХК-иудын хооронд байгуулагдсан зээлийн барьцааны гэрээ нь хууль зүйн хувьд хүчин төгөлдөр байх тул зээлийн барьцааны гэрээний дээрх орон сууцанд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Мөн “М” ХХК нь 2010 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн зээлийн барьцааны гэрээгээр “УХБ” ХХК-д барьцаалсан. Өнөөдрийн байдлаар дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл дуусгавар болоогүй байх тул орон сууцнуудыг барьцаа хөрөнгөөс чөлөөлөх боломжгүй юм. Талуудын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээний дагуу орон сууцнуудыг барьцаанаас чөлөөлөх шаардлага гаргах эрх бүхий этгээд нь “М” ХХК бөгөөд Ш.С нь зээлийн гэрээний оролцогч биш тул ийнхүү шаардах эрхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “М” ХХК-ийн төлөөлөгч Б.Чинзориг шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ш.С нь дээрх гэрээнд заасны дагуу төлбөр тооцоог 2007 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 2010 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл бүрэн төлж дуусгасан бөгөөд 2010 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 83, 84, 148/01 дугаартай Орон сууц захиалагчтай байгуулах худалдах-худалдан авах нэмэлт гэрээг байгуулж, тус компаниас байрны үлдэгдэл төлбөр болох 77 058 ам.доллараас 37 058 ам.долларыг хөнгөлж, үлдэгдэл төлбөр нь 40 000 ам.доллар болгосон бөгөөд нийт 476 662 ам.долларыг төлсөн. Төлбөр тооцоог хийхдээ тус компанийн Капитрон банкин дахь 3053002467 тоот харилцах дансанд 2007 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 149 802 ам.доллар, 2008 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 226 860 ам.долларыг шилжүүлж, 2007 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 30 000 ам.доллар, 2008 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 30 000 ам.доллар, 2010 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 40 000 ам.долларыг тус тус бэлнээр төлж дуусгасан.

Тухайн орон сууц, авто зогсоол нь иргэн Ш.Сын өмч хөрөнгөөр бий болсон ба үүнийг дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 102ШШ2015/01628 дугаар захирамжаар, 2015 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 102/ШШ2015/02738 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн 11 дүгээр Зайсангийн тойруу Blue Sky хотхоны 44А байрны 05, 18 тоот орон сууц болон тус байрны зоорийн давхарт байрлах 49, 178, 190 тоот авто зогсоолуудын хууль ёсны өмчлөгчөөр тогтоосон тул манай компанийн зүгээс дээрх шийдвэрүүдэд хүндэтгэлтэй хандаж байна. Тус компани Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсангийн гудамж, Blue sky хотхоныг 2007 оноос эхлэн барьж, 2010 оны 10 дугаар сард ашиглалтанд оруулж дуусгасан бөгөөд уг хотхоныг барихын тулд “Капитрон банк” ХХК болон “УХБ” ХХК-иас эргэлтийн хөрөнгийн зээл авсан. Үүний нэг болох “УХБ” ХХК-тай 2010 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн ЗГ0002/100319, ЗБГ0002/100319 тоот зээл, барьцааны гэрээ байгуулж, 3 158 000 еврог 2 сарын хугацаатай зээлж, зээлийн барьцаанд Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу 46А тоот 50 хувийн гүйцэтгэлтэй 3,200 м.кв талбай бүхий дуусаагүй барилга, 55 хувийн гүйцэтгэлтэй 44А тоот дуусаагүй барилгыг тус тус барьцаалсан. Зээлийн хүүнд 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүртэл 50 052 еврогийн хүү төлсөн бөгөөд 2010 оны 5 дугаар сарын 19-ний өдөр ЗНГ0003/100519 тоот Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ, ЗБГ0003/100519 тоот Зээлийн барьцааны гэрээг байгуулж 90 хувийн гүйцэтгэлтэй 47 айлын орон сууцыг “УХБ” ХХК-ийн шаардлагаар барьцаалсны нэг нь иргэн Ш.Сын өмчлөлийн орон сууц бөгөөд банк болон манай компани түүнд мэдэгдэлгүйгээр барьцаалснаа хүлээн зөвшөөрч байна.

“УХБ” ХХК нь зээлийн барьцаанд орон сууцнуудыг барьцаалахдаа Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгийн тодорхойлолтод иргэн, хуулийн этгээдээс барьцаалж байгаа эд хөрөнгийг эрх бүхий хүмүүс газар дээр нь нэг бүрчлэн үзэж өгсөн үнэлэлт, дүнг тусгасан байна. Зээлийн эд хөрөнгийг шалгасан баримтад дээрх тодорхойлолтыг үндэслэн, уг хөрөнгийн бүрэн бүтэн байдал, үнэ чанар зэргийг бичнэ гэж заасныг зөрчиж, барьцааны хөрөнгийг биечлэн нягтлан шалгаж үзэлгүйгээр зээлийг олгосон. Учир нь тухайн зээлийг олгох явцад буюу 2010 оны 3 сард 50, 55 хувийн гүйцэтгэлтэй биш, бүрэн хэмжээгээр баригдсан, хэдийгээр 2010 оны 10 сард улсын комисс хүлээн авсан хэдий ч иргэд 2009 оны 12 сараас нүүн орж эзэмшиж, ашиглаж байсан бөгөөд иргэн Ш.С нь тэдний нэгэн адил 2010 оны 4 сард төлбөрийг дуусгасан учир 5 сараас эхлэн гэрээний дагуу орон сууцандаа амьдарч, ашиглалтын төлбөрөө төлж байсан нь үнэн болно.

Манай компани тухайн зээлийн төлбөрийг “УХБ” ХХК-д бүрэн төлж барагдүүпсан байна. “УХБ” ХХК нь зээлийн төлөлт дууссанаас хойш өнөөдрийг хүртэл 3 жил гаруй хугацаа өнгөрөөд байхад барьцаа хөрөнгийг чөлөөлөөгүй, мөн зээлийн өр төлбөр нэхэмжилж нэг ч удаа шүүхэд хандаж байгаагүй, банкны эрх ашиг огт хөндөгдөөгүй болохыг дурдах нь зүйтэй байна. Иймд нэхэмжлэгчийн “УХБ” ХХК-тай 2010 оны 5 дугаар сарын 19-ний адөр байгуулсан ЗБГ0003/100519 тоот Зээлийн барьцааны гэрээний Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсангийн гудамж, Блю скай хотхоны 44А дугаар байрны 05 болон 18 тоот 4 өрөө орон сууцанд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй болно гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д зааснаар “УХБ” ХХК-д холбогдох 2010 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн ЗБГ0003/100519 дугаартай “М” ХХК болон “УХБ” ХХК-иудын хооронд байгуулагдсан Зээлийн барьцааны гэрээний Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан тойруу, 44А байрны 148.4 м.кв талбай бүхий 05 тоот орон сууц, мөн байрны 148.4 м.кв талбай бүхий 18 тоот орон сууцнуудад холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай Ш.Сын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 117 дугаар зүйлийн 117.1, 65 дугаар зүйлийн 65.1.3-т зааснаар Ш.Саас “М” ХХК-д холбогдуулан гаргасан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсан тойруу, 44А байрны 148.4 м.кв талбай бүхий 05 тоот орон сууц, мөн байрны 148.4 м.кв талбай бүхий 18 тоот орон сууцнуудыг барьцаанаас чөлөөлөхийг даалгаж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээнүүдийг нэхэмжлэгчийн нэр дээр гаргуулж өгөхийг тус тус даалгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 396 145 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Доржсүрэн давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалд нийцээгүй, шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6 дахь хэсэгт зааснаар барьцаалагч нь барьцаалах эрхгүй болохыг мэдэж байсан бөгөөд мэдэх боломжгүй байсан гэж үзэх боломжгүй. Учир нь Орон сууц захиалгын гэрээний хувьд тухайн маргаж буй үл хөдлөх хөрөнгө нь хэний захиалгаар баригдсаныг шалгах боломжтой байсан бөгөөд орон сууцыг захиалсан этгээд орон сууцаа эзэмшиж байсныг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан мэтээр дүгнэн шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Мөн зээлийн гэрээг анх байгуулахдаа 2 сарын хугацаатай байгуулж, нэмэлт өөрчлөлт оруулахдаа 7 сарын хугацаатай буюу богино хугацаагаар байгуулсан нь захиалагчид мэдэгдэлгүйгээр зээл олгож, хүүгийн орлого олох санаа зорилготой байсан нь харагддаг. Анхан шатны шүүх шийдвэртээ "... хариуцагч “УХБ” ХХК нь зээлийн хувийн хэргийг бүрдүүлэхдээ барьцааны хөрөнгийг газар дээр нь очиж шалгах үүргээ хэрэгжүүлсэн талаарх баримтыг хэрэгт өгөөгүй боловч ... нэхэмжлэгч Ш.Сыг 05 болон 18 тоот үл хөдлөх хөрөнгийг эзэмшиж байсан гэж үзэх боломжгүй юм ... өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Ш.Сыг маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг банкинд барьцаалах үед буюу 2010 онд шударгаар эзэмшиж байсан буюу оршин сууж байсан болох нь хэрэгт авагдсан орон сууц захиалах, гүйцэтгэх гэрээ, үнэ төлсөн баримт зэргээр тогтоогдохгүй байна ... " гэжээ.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3 дахь хэсэгт "... зээлийн хувийн хэрэгт зээлийн барьцаанд бариулах эд хөрөнгийн тодорхойлолт ..."-ыг бүрдүүлнэ, 23.4 дахь хэсэгт "... эд хөрөнгийн тодорхойлолтод иргэн, хуулийн этгээдээс барьцаалж байгаа эд хөрөнгийг ... эрх бүхий хүмүүс газар дээр нь очиж, нэг бүрчлэн үзэж үнэлэлт, дүнг тусгасан байна. Зээлийн эд хөрөнгийг шалгасан баримтад дээрх тодорхойлолтыг үндэслэн уг хөрөнгийн бүрэн бүтэн байдал, үнэ, чанар зэргийг бичнэ ..." гэж заасныг зөрчиж, барьцааны хөрөнгийг биечлэн үзээгүйгээс зээлийн барьцаанд барьцаалсан хөрөнгө гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг зөрчсөн хэлцэл байгуулсан. Энэ талаарх үүргээ хэрэгжүүлсэн эсэх талаар баримт байхгүй, хэрэгт өгөөгүй гэдгийг дүгнэсэн атлаа улсын бүртгэл хүчинтэй байгаагаас нэхэмжлэгчийг эзэмшиж байсан гэж үзэх боломжгүй гэх дүгнэлтийг хийсэн нь хэт нэг талыг барьсан үндэслэлгүй, дүгнэлт болсон гэж үзэж байна.

Хариуцагч “М” ХХК нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа нэхэмжлэгчийг уг үл хөдлөх эд хөрөнгө ашиглалтад орсноос хойш өөрийн үл хөдлөх эд хөрөнгөө эзэмшиж байгаа, захиалагчид мэдэгдэлгүйгээр зээлийн барьцаанд тавьсан, банк хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй, төлбөрийг бүрэн барагдуулсан байтал барьцаа хөрөнгүүдийг чөлөөлөхгүй байгаа зэргийг тодорхой тайлбарласан.

Гэтэл шүүх хэрэгт цугларсан нотлох баримтууд болон талуудын тайлбарыг бодитоор үнэлэлгүй нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд гомдолтой байна. Мөн гүйцэтгэгч “М” ХХК нь орон сууц захиалгын гэрээнд заасан хугацаанд орон сууцнуудыг ашиглалтанд оруулаагүй ба олон сая төгрөгийн үнэтэй хөрөнгүүдээ хүлээн авахгүй, эзэмшихгүй, ашиглахгүй байх ямар ч үндэслэл байхгүй байтал шийдвэрт "... нэхэмжлэгч Ш.С нь маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг банкинд барьцаалах үед буюу 2010 онд шударгаар эзэмшиж, оршин сууж байсан болохоо баримтаар нотлоогүй, энэ үүргээ хэрэгжүүлээгүй болно ... " гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9-д заасныг зөрчиж зээлийн барьцааны гэрээ байгуулсан нь хэрэгт цугларсан баримтаар тодорхой нотлогдож байхад шүүх анхаарч үзээгүй байна.

Хариуцагч “М” ХХК нь хариу тайлбараараа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, захиалагчид мэдэгдэлгүй богино хугацаанд зээл аваад буцаагаад төлөх зорилготой байснаа илэрхийлсэн байхад шүүх шүүхээс гадуурх урьдчилан шийдвэрлүүлэх журмыг зөрчсөн гэж дүгнэсэнд гомдолтой байна. Нэгэнт захиалгын гэрээний дагуу төлбөрөө бүрэн төлсөн байх тул хариуцагчид даалган шийдвэрлэх боломжтой юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

            Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохих журмын дагуу явуулж, нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлэн хэргийг шийдвэрлэсэн боловч зохигчдын хоорондын маргаанд хамааралтай хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйг зөвтгөн өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

            Нэхэмжлэгч Ш.С нь хариуцагч “УХБ” ХХК-д холбогдуулан барьцааны гэрээний Ш.Сын эд хөрөнгөд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, хариуцагч “М” ХХК-д холбогдуулан орон сууцнуудыг барьцаанаас чөлөөлж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Хариуцагч “УХБ” ХХК нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргаж, хариуцагч “М” ХХК-ийн хувьд татгалзаж маргаагүй.

            Хариуцагч “М” ХХК, “УХБ” ХХК-иуд 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн зээлийн гэрээгээ мөн оны 5 дугаар сарын 19-ний өдөр нэмэлт өөрчлөлт оруулан, улмаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ЗБГ0003/100519 тоот барьцааны гэрээ байгуулан “М” ХХК-ийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 90 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгуудыг барьцаалжээ. Талуудын байгуулсан барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11, 12 дугаар зүйлд заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ байх бөгөөд анхан шатны шүүхийн энэ талаарх дүгнэлт зөв байна. /хх-33-38/

            Дээрх барьцаа хөрөнгөд нэхэмжлэгч Ш.Сын “М” ХХК-иас худалдаж авсан 44а байрны 05 болон 18 тоот орон сууцнууд орсон байх ба нэхэмжлэгч нь “тухайн орон сууцыг эзэмшиж байхад шалгаагүй, өмчлөгчөөс зөвшөөрөл аваагүй” гэх үндэслэлээр барьцааны гэрээний өөрийн хөрөнгөд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэл гаргажээ.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар хариуцагч “М” ХХК-ийг 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 44А байрны 05 болон 18 тоотод байрлах 148.4 м.кв талбай бүхий дөрвөн өрөө 90  хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэж, байрыг улсын комисс 2010 оны 10 сард хүлээн авсан үйл баримт тогтоогдож байна. /хх-27-32/ Нэхэмжлэгч тал орон сууцыг ашиглалтад орохоос өмнө эзэмшилдээ байлгаж байсан гэх тайлбараа баримтаар нотлоогүйн гадна дээрх үйл баримтаар түүний тайлбар няцаагдсан гэж үзнэ. Түүнчлэн хариуцагч “УХБ” ХХК нь ашиглалтад ороогүй, 90 хувийн гүйцэтгэлтэй барилгыг барьцаалсан учир тухайн үл хөдлөх эд хөрөнгийн эзэмшлийг шууд шалгах боломжгүй байхын зэрэгцээ Банк, эрх бүхий хуулийн этгээдийн төлбөр тооцоо, мөнгөн хадгаламжийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3, 23.4 дэх хэсэгт заасны дагуу барьцааны эд хөрөнгийг очиж үзэх үүргээ биелүүлээгүй нь хариуцагч нарын хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй юм. Иймээс хариуцагч нарын хооронд байгуулсан барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэлд хамаарахгүй тул анхан шатны шүүх нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий болжээ.

Мөн нэхэмжлэгч Ш.Сын, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлж, 44А байрны 05 болон 18 тоот орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх шаардлагыг хангах боломжгүй байна. Учир нь дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 01628 дугаар захирамжаар “М” ХХК-ийн, Ш.Сын Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны 44А байрны 05 болон 18 тоот орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталсан байх тул Ш.Сыг өмчлөгчөөр тогтоогдсон гэж үзнэ. Үүний дагуу Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт зааснаар улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг эрхээ шилжүүлж байгаа болон уг эрхийг олж авч байгаа этгээдийн хэн нь ч гаргах эрхтэй бөгөөд тухайн эттээдийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргах эрхийг Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн гуравдугаар бүлэгт заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн газар эдлэхээс хариуцагч нарын эрх хэмжээний асуудал биш учир энэ нэхэмжлэлийн шаардлагын хариуцагч нь “УХБ” ХХК болон “М” ХХК биш юм.

Нөгөөтэйгүүр Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3 дахь хэсэгт барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн хөрөнгө байж болохоор заасан бөгөөд барьцааны эрх дуусгавар болох тохиолдлыг хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заажээ.

Хариуцагч “М” ХХК нь “УХБ” ХХК-иас авсан зээлийн гэрээний үүргээ биелүүлж дууссан гэх боловч үүнийгээ баримтаар нотлоогүй байна. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасан барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсон үйл баримт баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэгч Ш.Сын өмчлөлийн 05 болон 18 тоот үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлөх нөхцөл бий болоогүй гэж үзнэ. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасан урьдчилан шийдвэрлүүлэх журам зөрчсөн гэх үндэслэлээр нэхэмжлэлийн 2 дахь шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь алдаатай болсон байх боловч энэ нь шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах орхиж, анхан шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2017/01531 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг “1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч Ш.Сын, “УХБ” ХХК, “М” ХХК-иудад холбогдуулан гаргасан 2010 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн ЗБГ003/100519 дугаартай зээлийн барьцааны гэрээний 05 болон 18 тоот орон сууцнуудад холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгчийн нэр дээр гаргуулж, барьцаанаас чөлөөлөхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Ш.Сын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 536 545 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

        ШҮҮГЧИД                                       Э.ЗОЛЗАЯА

                                                           Ч.ЦЭНД