Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пунцагийн Золзаяа |
Хэргийн индекс | 102/2019/0046/и |
Дугаар | 001/ХТ2021/00173 |
Огноо | 2021-03-04 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 001/ХТ2021/00173
2021 03 04 001/ХТ2021/00173
...........ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2019/01905 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 1609 дүгээр магадлалтай,
...........ийн нэхэмжлэлтэй
...........од холбогдох
Хохиролд 350 000 ам доллар буюу 922 246 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баттулга, хариуцагчийн өмгөөлөгч А.Зоригтбаатар нарын гаргасан хяналтын гомдлоор
шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Батбуян, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баттулга, хариуцагчийн өмгөөлөгч А.Зоригтбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.
Нэхэмжлэгч ........... шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ану-Үжин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч ........... нь 2006 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр нэхэмжлэгч ...........ийн Монгол улсад үүсгэн байгуулагдсан ........... ХХК-д гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа өөртөө тушаал гарган 2014 оны 7 дугаар сарын 24-ний өдөр нийт 350.000 ам долларыг хувьдаа орон сууц авах зорилгоор хувьцаа эзэмшигчдийн зөвшөөрөлгүйгээр авахаар шийдвэр гаргаж, уг мөнгийг 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр мөнгө олгох хүсэлт гаргаж хүлээн авсан байдаг. ........... ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч ОХУ-ын ...........ээс 2014 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн ...........ыг гүйцэтгэх захирлын ажлаас чөлөөлөх тушаал гаргасан. ........... нь ажлаас халагдах болохоо мэдмэгцээ өөртөө тус мөнгийг бэлнээр олгохыг хүссэн өргөдлийг 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр гаргаж, өөрөө гарын үсэг зурж, мөнгө олгох зөвшөөрөл өгч мөн өдрөө 350.000 ам долларыг бэлнээр хүлээн авсан байдаг. Дээрх үйлдлийн талаар ........... ХХК болон ........... нь 2015 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хийгдсэн дотоод аудитын шалгалтаар олж мэдсэн. Аудитын шалгалтын үеэр тухайн зөрчил илэрсэн бөгөөд хувьцаа эзэмшигч нар мэдсэн. Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-д заасанчлан ........... нь ........... ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа эрх бүхий албан тушаалтнаар тооцогдон ажиллаж байсан. Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.4-д заасанчлан эрх бүхий албан тушаалтан дараах үүргийг хүлээнэ гэсний дагуу үүргийг нь дурдсан байгаа. Үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа сонирхлын зөрчлөөс зайлсхийх, сонирхлын зөрчил үүсэх тухай бүрт нь мэдэгдэх үүргийг хүлээсэн. ........... ХХК-ийн дүрмийн 8.5-д гүйцэтгэх захирал нь хувийн зорилгоор компанийн нэрийн өмнөөс гэрээ хэлцэл байгуулахыг хатуу хориглосон зохицуулалт байгаа. Гэтэл ........... нь холбогдох хууль, компанийн дүрэм журмыг зөрчин өөрт олгогдсон эрх мэдлийг хэтрүүлсэн байна. Тэтгэмж олгох эсэх асуудлыг хувьцаа эзэмшигчдийн хурлаар олонхийн саналаар шийдвэрлэх ёстой байхад ........... нь ямар нэгэн байдлаар зөвлөлдөөгүй өөртөө их хэмжээний тэтгэмж авсан. ........... гаргасан шийдвэртээ Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д заасан ажил олгогч нь энэ хуулийн 37.1.6, 40.1.2, 40.1.3-д заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд 1 сар түүнээс дээш хугацааны дундаж цалин орлоготой тэнцэх хэмжээний тэтгэмж олгоно гэж заасан үндэслэлээр өөртөө шийдвэр гаргаж тухайн мөнгийг авсан байдаг. Хэдийгээр ........... нь хөдөлмөрийн харилцаанд оролцдог боловч өөрийнхөө хувьд компанийн ажилтанд тооцогдох тул Компанийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.8, 76.1.9 болон 83.1-д заасанчлан Гүйцэтгэх удирдлага нь компанийн дүрэм болон төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-тай байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна. гэсэн байгаа. ТУЗ байхгүй учир ...........од Хөдөлмөрийн тухай хуулийн 42.1-д заасны дагуу тэтгэмж олгох асуудлыг ОХУ-ын ........... шийдвэрлэх бүрэн эрхтэй байсан. Гэтэл өөрт олгогдоогүй буюу хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэгдэх эрхийг хэрэгжүүлсэн нь Компанийн тухай хууль болон компанийн дотоод дүрэм журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Иймд ........... ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болох ОХУ-ын ........... нь гэм хорын хохирлыг арилгуулахаар ...........оос 350.000 ам доллар буюу 922.246.500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ..........., түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баттулга шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хувьцаа эзэмшигчдийн шийдвэргүйгээр тушаал гаргасан энэ талаар Компанийн тухай хуулийн 62.4-д энэ талаар заасан гэж маргаж байна. Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.4-д хэрэв төлөөлөн удирдах зөвлөлгүй байх юм бол гүйцэтгэх удирдлагын цалин, урамшуулалыг тогтоох гэсэн байгаа. Үүнд юу гэж заасан бэ гэхээр тушаалд урамшуулал гэж байхгүй, харин тэтгэмж гэж л байгаа. Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлд тэтгэмж олгохтой холбоотой асуудлыг зааж өгсөн. Хувьцаа эзэмшигчдийн шийдвэр гарсан уу, зайлшгүй гарах шаардлагатай байсан уу гэдэг асуудал дээр тайлбар хийхэд Монгол улсад ОХУ-аас импортолж байгаа нефтийн бүтээгдэхүүнүүдийг борлуулах холбогдох байгууллагуудын удирдлагаар ажиллаж байсан. 2001-2006, 2006-2008 оны хооронд холбогдох байгууллагуудын гүйцэтгэх захирлаар 2008-2014 оны хооронд ........... ХХК-ийн гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж байгаад ажлаас чөлөөлөгдөх тушаалын дагуу ажлаасаа чөлөөлөгдсөн. Хувьцаа эзэмшигчтэй 2006 оны 6 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээ хэрэгт авагдсан байгаа. Уг гэрээгээр 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөр тушаал гаргаж ...........ыг гүйцэтгэх удирдлагаас нь чөлөөлөх, тухайн хөдөлмөрийн гэрээг цуцласан байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн дагуу шагнал урамшуулал, тэтгэмж авах эрхтэй, уг гэрээгээр Монгол улсын хууль, Компанийн тухай хуульд заасан бусад эрхтэй гэж тусгайлан зааж өгсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1,Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлд заасан бөгөөд тэтгэмж авч байгаа асуудал нь энэ хуулийн шаардлагыг хангаж байна гэж үзэж байгаа. Компанид учруулсан хохирол гэж үзээд нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлоод байгаа нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгээд тайлбарлахад ........... ХХК-ийн дүрмийн 8.1-д компанийн өдөр тутмын үйл ажиллагааг компанийн гүйцэтгэх захирал хэрэгжүүлнэ, хэрэгжүүлэхдээ компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлж шагнал урамшуулал, тэтгэмж олгох эрхтэй гэж заасан байдаг. Дүрэмд зааснаар ажилчидтай өөрөө хөдөлмөрийн гэрээ байгуулна, шагнал урамшуулалыг олгоно гэсэн байдаг. Үүнтэй холбоотой маш олон ажилчдын шагнал урамшуулалыг зөвхөн хариуцагч олгож байсан. Холбогдох бүх баримтуудыг өгсөн, нэхэмжлэгч тал ч энэ талаар маргадаггүй. Бусад ажилчдад олгож байгаа шагнал, урамшуулал, тэтгэмж нь компанийн гүйцэтгэх захиралд ч ажилчдын нэгэн олгогдоно гэж хөдөлмөрийн гэрээнд заасан тул заавал хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр тэтгэмж олгох асуудал яригдахгүй. Иймд нэгдүгээрт тэтгэмжтэй холбоотой асуудал нь Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлд хамаарахгүй юм байна. Хоёрдугаарт хариуцагчийн гаргасан шийдвэр нь Хөдөлмөрийн тухай хууль, Компанийн тухай хуульд заасан зүйл байна. Нэхэмжлэгч тал Компанийн тухай хуулийн 89 дүгээр зүйлийг үндэслэлээ болгоод тайлбарлаад байна. Хариуцагч компанийн эрх бүхий албан тушаалтан байсан. Эрх бүхий албан тушаалтны хувьд сонирхлын зөрчилтэй хэлцэл хийх ёсгүй байсан гэсэн ерөнхий агуулгыг яриад байна. Хариуцагчтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу хариуцагчид тэтгэвэр, тэтгэмж, ажлаас халагдахтай холбоотой бүхий л асуудлаар эрхийг нь бүрэн олгосон, ийм эрх нь олгогдсон учир тушаалыг гаргасан байгаа. Ер нь ажлаас халагдсан үед 1 сар түүнээс дээш хугацаагаар тэтгэмж олгоно гэсэн байгаа. Өмнөх гүйцэтгэх удирдлагууд нь ажлаасаа халагдахдаа өөрөө тушаал гаргаад тэтгэмж авдаг байсан. Өөрөөр хэлбэл 200-300 мянган ам долларын тэтгэмж авдаг байсан нь жишиг болсон харагдаж байгаа. Өнөөдрийн мөрдөгдөж байгаа Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д ажлаасаа халагдахдаа 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авах асуудлыг зохицуулсан байдаг. ...........ыг ажлаас халагдсан тушаалыг харахаар хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр тушаал гарсан харагддаггүй зөвхөн гүйцэтгэх удирдлагын тушаалаар ажлаас халагдсан харагддаг. Ямар үндэслэлээр ажлаас халагдсан нь тодорхойгүй. Мөн ажлаас халагдахад нь тэтгэмжтэй холбоотой асуудал дурдагдаагүй, зөвхөн ажлаас халагдсан, дараагийн гүйцэтгэх удирдлагыг сонгосон ийм л асуудал байгаа. Өмнөх орос захирлууд нь ийм л жишгээр тэтгэмж авч байсан үүнийгээ Алтан шүхэр гэж нэрлэдэг байсан. Хариуцагч өөрт олгогдсон эрхийн дагуу уг тушаалыг гарган тэтгэмж авсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2019/01905 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Харчин болд овогт Дашийн ...........оос 922.246.500 төгрөг гаргуулж ........... ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4.769.200 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагч ...........оос улсын тэмдэгтийн хураамжид 4.769.200 төгрөг гаргуулж ........... ХХК-д олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 1609 дүгээр магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2019/01905дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 769 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баттулга хяналтын гомдолдоо: Магадлалыг хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт заасныг үндэслэн дараах гомдлыг гаргаж байна. ...Давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Нэгдүгээрт. Магадлалын хянавал хэсэгт “...хариуцагч ........... нь 2006 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл ОХУ-ын ...........НХН-ийн үүсгэн байгуулж 100 хувь хувьцааг нь эзэмшдэг ........... ХХК /........... ХХК/-ийн гүйцэтгэх захирлаар ажилласан үйл баримт хэрэгт авагдсан болон шүүх хуралдаан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байгаа ба анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь үндэслэлтэй” гэжээ. Гэтэл давж заалдах шатны шүүх хариуцагч ...........ыг “...........” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байсан гэдгийг хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас анхаарч үзэлгүй анхан шатны шүүхийн шийдвэрт хөтлөгдөн дүгнэлт хийсэн байна. Учир нь хавтаст хэрэгт авагдсан дараах баримтуудаар хариуцагч ........... нь хөдөлмөрийн гэрээний дагуу гүйцэтгэх захирлын албан тушаал хашиж байсныг нотлоно. Нэг. 2006 оны 06 дугаар сарын 01-ний өдөр ...........той байгуулсан хөдөлмөрийн гэрээ, Хоёр. 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн “...........” ХХК-ийн цор ганц үүсгэн байгуулагчийн шийдвэр гэхийн 1 дэх заалтаар “........... ХХК-ийн гуйцэтгэх захирал Даш овогтой ...........той хөдөлмөрийн гэрээг 2014 оны 09 дугээр сарын 02-ны өдрөөс цуцалсугай” гэж, Гурав. Нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд гаргасан тайлбар зэргээр хариуцагчийн хөдөлмөрийн гэрээний дагуу үүрэг гүйцэтгэж байсан гэдэг. Дээрхээс авч үзвэл 2006 оны 06 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээ 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийг дуустлах хугацаанд үйлчилсэн болох нь нотлогдож байхад шүүх тухайн гэрээнд заасан зохицуулалтуудыг авч үнэлэхгүйгээр талуудын хооронд байгуулагдаагүй гэрээний төрөл гаргаж шийдвэрлэх нь хуульд нийцээгүй. Тодруулбал зохигчид хөдөлмөрийн гэрээний дагуу гүйцэтгэх захирлын ажил үүрэг гүйцэтгэж байсан гэдэгтэй маргахгүй байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хальж Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан гэрээ байгуулагдсан байна гэж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн нь хариуцагчийн эрх зүйн байдлыг илт дордуулсан. “...........” ХХК нь ОХУ-н төрийн өмчит ...........ийн охин компани бөгөөд тухайн компани гадаад улсад үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийнхээ гүйцэтгэх удирдлагыг бичгээр байгуулаагүй гэрээгүйгээр ажиллуулна гэсэн ойлголт байхгүй. Харин хоёр шатны шүүхийн дүгнэлт хийсэн шиг хариуцагч ........... нь “...........” ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалыг бичгээр байгуулаагүй хөлсөөр ажиллах гэрээний дагуу гүйцэтгэх ямарч боломжгүй юм. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д “байнгын ажлын байр” гэж ажил олгогчийн заасан ажлын байранд тогтоосон горимын дагуу түүнээс олгосон хөдөлмөрийн багаж хэрэгслээр ажил олгогчийн удирдлага дор цалин авч гүйцэтгэх ажил үүргийг” гэж зааснаар компанийн гүйцэтгэх удирдлага бол байнгын ажлын байранд хамаарагдана. Ийнхүү Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт зааснаар “...байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно” гэж зааснаар гүйцэтгэх захирлын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс өөр хөлсөөр ажиллах гэрээ байгуулах боломжгүй байтал хоёр шатны шүүх хөлсөөр ажиллах гэрээ гэж үзсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Нөгөөтэйгүүр Улсын дээд шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн зөвлөмжөөр Хөдөлмөрийн гэрээ ба бусад ойролцоо төрлийн гэрээний ялгааны талаар тайлбарлахдаа “Хөдөлмөрийн гэрээ болон иргэний хөлсөөр ажиллах гэрээ субъект, гэрээний зүйл, нийгмийн даатгал төлөх журам зэргээр адил шинжийг агуулдаг боловч ажлын байр гэрээний хугацааны үргэлжлэх хугацаа, цалин хөлс, ажлын хөлс, ажил гүйцэтгэх байдал, гэрээ цуцлагдах журам зэрэг нь өөр байдаг. Тухайлбал хөдөлмөрийн гэрээнд ажилтанд олгох цалин хөлсний хэмжээг талууд тохирох ба сард 2 ба түүнээс дээш удаа олгохоор, харин хөлсөөр ажиллах гэрээнд хөлсний хэмжээг өөрсдөө тогтоож ажил дууссаны дараа эсхүл ажлын явцад хэсэгчлэн олгоно. Мөн хөдөлмөрийн гэрээнд ажилтан нь байгууллагын дотоод журам, ажил албан тушаалын тусгай журам, норм нормативын дагуу ажил үүргээ гүйцэтгэдэг бол хөлсөөр ажиллах гэрээний ажиллагч нь гэрээнд заасны дагуу ихэвчлэн өөрийн боломжоор ажил үүрэг гүйцэтгэдэг, гэрээг хугацаанаас өмнө дуусгавар болгох талаар хөдөлмөрийн гэрээний талуудын хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 38,39,40 дүгээр зүйлд заасан үндэслэлээр, харин хөлсөөр ажиллах гэрээний талууд Иргэний хуулийн гэрээнээс татгалзах, гэрээ цуцлах нийтлэг үндэслэлийн дагуу өөр өөр байдлаар цуцлагдана” гэжээ. Дээрх зөвлөмжөөс үзвэл зохигчдын хооронд үүссэн маргаан нь Хөдөлмөрийн гэрээнд хамаарагдаж байгаагаар мөн хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан болох нь нотлогдож байна. Тодруулбал хариуцагч гүйцэтгэх удирдлагын албан тушаалыг 6 жилийн хугацаанд хөлсөөр ажиллах гэрээний дагуу гүйцэтгэх боломжгүй, цалин хөлсийг сард 2 удаа авч байсан байдаг, гүйцэтгэх захирлын албан тушаалыг хөдөлмөрийн хуульд заасан журам норм нормативын дагуу гүйцэтгэж байсан, нэхэмжлэгч нь гүйцэтгэх захирлын албан тушаалыг дуусгавар болгохдоо хөдөлмөрийг гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан зэргээс авч үзвэл Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийг үндэслэсэн байх тул зохигчдын хооронд Хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан байна. Хоёрдугаарт. Магадлалын хянавал хэсэгт “.............. ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа ........... нь өөрт олгогдоогүй эрхийг эдэлж өөртөө 350 000 ам.доллар олгосон нь хууль зөрчсөн компанийн эрх бүхий албан тушаалтан буюу гүйцэтгэх захирлын хувиар хувьцаа эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр компанийн мөнгөн хөрөнгийг захиран зарцуулж өөртөө тэтгэмж олгохоор сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргаж хариуцагч нь Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн ...хүрээнд ажиллах сонирхлын зөрчсөн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ” гэжээ. Хариуцагч ........... нь нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний хүрээнд өөрт олгогдсон эрхийн дагуу урамшуулал олгосон. Компанийн тухай хуулийн Гүйцэтгэх захирал гэсэн 83 дугаар зүйлийн 83.6-д “гүйцэтгэх удирдлага нь ...хувьцаа эзэмшигчийн хуралтай байгуулсан гэрээний үндсэн дээр үйл ажиллагаа явуулна” гэж зааснаар ОХУ-н “Юкос” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн 2006 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 05 тоот шийдвэрээр “...........” ХХК (хуучнаар “...........” ХХК)-ийн гүйцэтгэх захирлаар томилогдож 2006 оны 06 дугаар сарын 01-ний өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Тус хөдөлмөрийн гэрээ нь 2006 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн “...........” ХХК-ийн үүсгэн байгуулагчийн шийдвэрээр дуусгавар болсон. Хавтаст хэрэгт авагдсан энэхүү хөдөлмөрийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-ийн 4-т Монгол улсын Компанийн тухай хуулийн хэмжээнд бие даан Компанийн өмч болон хөрөнгийг захиран зарцуулах”, мөн зүйлийн 14-т “Хөдөлмөрлөснийхөө төлөө урамшуулал авах эрх эдлэнэ”, мөн гэрээний 5 дугаар зүйлийн 5.1-д “Компанийн дотоод дүрэм журам, Компанийн дүрэм, Монгол улсын хууль тогтоомжоор тогтоосон компанийн ажилтнуудад олгодог баталгаа, хөнгөлөлтүүд нь хариуцагч буюу гүйцэтгэх захирлын хувьд нэгэн адил үйлчилнэ” гэж гэрээгээр зохигчид тохирсон. Улмаар хөдөлмөрийн гэрээнд заасан дээрх эрхийн дагуу Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлд зааснаар тэтгэмж авсан нь хуульд нийцсэн. Өөрөөр хэлбэл хариуцагч нь компанийн өмч хөрөнгийг захиран зарцуулах, тэтгэмж, урамшуулал, нөхөн олговор олгох эрх нь Хөдөлмөрийн гэрээний 2.1 дүгээр зүйлийн 4 болон 14 дэх хэсэг, 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар олгогдож “...........” ХХК-ийн өмч хөрөнгийг захиран зарцуулах эрх нээлттэй байсан бөгөөд энэ эрхийн дагуу хувьцаа эзэмшигчээс зөвшөөрөл авах шаардлагагүй байсан байхад давж заалдах шатны шүүх энэхүү нотлох баримтад тулгуурлаагүй дүгнэлт хийсэн үндэслэлгүй байна. Гуравдугаарт. Магадлалын хянавал хэсэгт “…хариуцагч ........... нь ...922 246 500 төгрөгийн хохирол учруулаагүй гэж тайлбарлаж байгаа боловч тайлбар, татгалзлын үндэслэлээ баримтаар нотолж чадаагүй, гүйцэтгэх захирлын хувьд тушаал гаргахдаа хувьцаа эзэмшигчийн зөвшөөрлийг аваагүй болох нь нотлогдсон байна” гэжээ. Гэтэл хариуцагчийн хувьд хохирол учруулаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогддог. Нэг. Нэхэмжлэгчийн үндэслэл болгосон 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Аудитын дүгнэлт гэсний зөрчлүүд гэх 3 дугаар зүйлийн 3.1-д “........... халагдах үедээ 350 мянган долларын хэмжээтэй буюу 42.5 сарын дундаж цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг авсан” гэж дүгнэсэн. Тухайн дүгнэлтээр “...........” ХХК-нд хариуцагч тэтгэмж авснаараа тус компанид хохирол учруулсан гэж ганц ч үг үсэг байхгүй. Хоёр. “...........” ХХК-ийн 2014 оны санхүүгийн тайланд хавтаст хэрэгт хавсаргагдсан. Тухайн тайланд хариуцагчаас авлагатай талаар тусгаагүй, харин ч 2014 оны санхүүгийн тайлангийн Орлогын дэлгэрэнгүй тайланд Ерөнхий ба удирдлагын зардал гэдэгт хариуцагчийн олгосон тэтгэмжийг тайлагнасан байдаг. Өөрөөр хэлбэл хохирол хүлээсэн гэдэг “...........” ХХК нь энэ бол хохирол биш харин удирдлагын зардал гэж тайлагнасан байна. Түүнчлэн “...........” ХХК-ийн 2014 оны санхүүгийн жилийн эцсийн тайланд “Од бүртгэл аудит” ХХК нь аудит хийж үнэн зөв тайлагнасан болохыг дүгнэсэн. Дээрх хоёр баримтаас үзэхэд хариуцагч нь нэхэмжлэгчид хохирол учруулаагүй болох нь нотлогддог бөгөөд харин нэхэмжлэгч хариуцагчийг хохирол учруулсан болохыг нотолж чаддаггүй. Дөрөвдүгээрт. Зохигчдын хооронд хөдөлмөрийн харилцаанаас маргаан үүссэн байдаг. Энэхүү хөдөлмөрийн харилцаанаас үүссэн маргааныг нарийвчлан зохицуулсан Хөдөлмөрийн хуулиар шийдвэрлэх ёстой гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3 дах хэсэгт заасан нэхэмжлэлийг мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын дотор хариуцагчийг ажлаа хүлээлгэж өгсөн өдөр буюу 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс хойш шүүхэд нэхэмжлэл гаргахаар байна. Гэтэл тушаал гарснаас хойш 4 жил өнгөрсний дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг. Энэ нь Нэгд. Хөдөлмөрийн хуулиар заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Хоёрт хөдөлмөрийн гэрээнээс үүссэн маргааныг шийдвэрлэж байгаа тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт зааснаар “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна” гэж заасны дагуу мөн Иргэний хуулиар хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад хоёр шатны шүүх шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй. Тавдугаарт. Зохигчид эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулаагүй тул хөдөлмөрийн тухай хуулийн 138 дугаар зүйлийн 138.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчид эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болохгүй байтал хоёр шатны шүүхээс хариуцагчид эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэсэн үндэслэлгүй гэж үзэж байна. Эцэст дүгнэхэд нэхэмжлэгч нь хариуцагчтай 2006 оны 06 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу албан тушаал хашиж байсан гэдэгтэй талууд маргахгүй байхад 2 шатны шүүх хүчин төгөлдөр хөдөлмөрийн гэрээг нь хөлсөөр ажиллах гэрээ гэж тайлбарлах нь хуульд нийцэхгүй байхаас гадна хөдөлмөрийн гэрээнд заагдсан эрхийнхээ дагуу хариуцагч бусад ажилчидтай адил урамшуулал, тэтгэмж авах эрхийг нь хязгаарласан дүгнэлт хийх нь шудрага бус байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч А.Зоригтбаатар хяналтын гомдолдоо: Магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн тул дараахь үндэслэлүүдээр эс зөвшөөрч, энэхүү гомдлыг хяналтын журмаар гаргаж байна. Үүнд: 1. Магадлалын хянавал хэсэгт “Хариуцагч ........... нь 2006 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 2014 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл ОХУ-ын “...........” НХН-ийн үүсгэн байгуулж 100 хувь хувьцааг эзэмшдэг “...........” ХХК /........... ХХК/-ийн гүйцэтгэх захирлаар ажилласан үйл баримт хэрэгт авагдсан болон шүүх хуралдаан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байгаа ба анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь үндэслэлтэй” хэмээн дурьджээ. Гэвч давж заалдах шатны шүүх дээрх байдлаар талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдсан гэж дүгнэхдээ маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй бөгөөд Иргэний хуулийн 359.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 24.1 дэх хэсгийг хэрэглээгүй байна. Учир нь хариуцагч ........... нь ........... ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан талаар талууд маргаагүй /ажиллаж байсан болох нь бусад баримтаар нотлогддог/ бөгөөд хариуцагчийн ажиллаж байсан ........... ХХК-ийн Гүйцэтгэх захирлын албан тушаал нь байнгын ажлын байр юм. Нэгэнт хариуцагчийн ажиллаж байсан ажлын байр /........... ХХК-ийн Гүйцэтгэх захирал/ нь байнгын ажлын байр тул Хөдөлмөрийн тухай хуулийн 24.1-д “Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй. Байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээнээс бусад төрлийн гэрээ байгуулахыг хориглоно” гэж заасны дагуу хөдөлмөрийн гэрээг байгуулах үүрэгтэй бөгөөд талуудын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн. Гэвч давж заалдах шатны шүүхээс Хөдөлмөрийн тухай хуулийн 24.1 дэх хэсгийн зохицуулалтыг хэрэглээгүйн улмаас талуудын хооронд үүссэн хөдөлмөрийн харилцааг хөлсөөр ажиллах гэрээ хэмээн буруу дүгнэсэн байна. /2019.06.26-ны өдрийн шүүх хуралдаанд талуудын хооронд үүссэн харилцаа нь хөлсөөр ажиллах гэрээний харилцаа мөн эсэх талаар мэтгэлцээгүй бөгөөд шүүхийн зүгээс ч дээрх асуудлаар асуулт, хариулт явуулаагүй болно. Мөн давж заалдах шатны шүүх хуралдаанд гомдлын энэхүү үндэслэлийн талаар тайлбарласан/ 2.Магадлалын хянавал хэсэгт “.............. нь өөрт олгогдоогүй эрхийг эдэлж өөртөө 350 000 ам.доллар олгосон нь хууль зөрчсөн, компанийн эрх бүхий албан тушаалтан буюу гүйцэтгэх захирлын хувиар хувьцаа эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр компанийн мөнгөн хөрөнгийг захиран зарцуулж өөртөө тэтгэмж олгохоор сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргаж, хариуцагч нь Компанийн тухай хуулийн 84.4.1, 84.4.4-т заасан хуулийн хүрээнд ажиллах, сонирхлын зөрчсөн гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ” хэмээн дүгнэсэн. Гэвч Компанийн тухай хуулийн 84.4.1-д “хууль болон компанийн дүрэм, журамд заасан бүрэн эрхийн хүрээнд ажиллаж, эрх мэдлээ хэрэгжүүлэх”, мөн хуулийн 84.4.4-т “шийдвэр гаргахдаа сонирхлын зөрчлөөс зайлсхийж сонирхлын зөрчил үүсэхээр бол энэ тухайгаа тухай бүр мэдэгдэх” гэж тус тус заасан ба хариуцагчийн зүгээс хуулийн дээрх зохицуулалтуудыг зөрчөөгүй юм. Өөрөөр хэлбэл хариуцагчийн зүгээс Компанийн дүрэм болон хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйл /Ашиг сонирхлын зөрчил/, Компанийн тухай хуулийн 89 дүгээр зүйлд заасан сонирхлын зөрчилтэй хэлцэл хийгээгүй болно. Учир нь Компанийн тухай хуулийн 89.1-д “Компанийн энгийн хувьцааны 20 буюу түүнээс дээш хувийг дангаараа, эсхүл түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран эзэмшиж байгаа хувьцаа эзэмшигч, компанийн эрх бүхий албан тушаалтан, түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээд нь өөрийн ажиллаж байгаа болон хувьцааг нь эзэмшиж байгаа компанитай дор дурдсан харилцаанд орсон бол компанитай, эсхүл түүний хараат болон охин компанитай сонирхлын зөрчилтэй хэлцэл хийх этгээдэд тооцогдоно” гэж заасан бөгөөд мөн хуулийн 89.1,1-89.1.3-т сонирхлын зөрчилтэй хэлцэлд тооцогдох харилцааг тусгасан. Гэвч хариуцагч ........... нь Компанийн тухай хуулийн 89.1.1-89.1.3-т заасан харилцаанд ороогүй тул түүнийг сонирхлын зөрчилтэй хэлцэл хийсэн гэж үзэх үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.4.4-т заасан сонирхлын зөрчил нь мөн хуулийн 89.1.1-8.1.3-т тус тус заасан үндэслэлүүдээр хэрэгжсэн байх ёстой. Харин хариуцагч ........... нь Компанийн тухай хуулийн 89.1.1-89.1.3-т заасан сонирхлын зөрчил үүсгээгүй, Хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлд заасан ашиг сонирхлын зөрчлийг бий болгоогүй тул Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.4.4-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй. Гэтэл давж заалдах шатны шүүх Компанийн тухай хуулийн 84 дүгээр үндэслэхдээ мөн хуулийн 89.1.1-89.1.3-т заасан хуулийн зохицуулалтыг хэрэглээгүйн улмаас хууль ёсны дүгнэлт хийж чадаагүй. 3. Магадлалын хянавал хэсэгт “...хариуцагч өөрт олгогдсон эрхийн дагуу уг тушаалыг гарган тэтгэмж болгон 350 000 ам.доллар авсан, ........... ХХК-д 922 246 500 төгрөгийн хохирол учраагүй...” гэж тайлбарлаж байгаа боловч тайлбар, татгалзлын үндэслэлээ баримтаар нотолж чадаагүй, гүйцэтгэх захирлын хувьд тушаал гаргахдаа хувьцаа эзэмшигчийн зөвшөөрлийг аваагүй болох нь нотлогдсон байна” хэмээн дурьджээ. Гэтэл ........... ХХК-ийн 2014-2016 онуудын санхүүгийн тайлан, 2014-2016 онуудад хийгдсэн хөндлөнгийн хараат бус аудитын дүгнэлтүүдэд хариуцагч ...........ыг 922 246 500 төгрөгийн хохирол учруулсан, эсхүл 922 246 500 төгрөгийн тэтгэмжийг хууль бусаар өөртөө шилжүүлэн авсан талаар огт дурьдаагүй байдаг. Харин ч 2014-2016 онуудын санхүүгийн тайлан, хөндлөнгийн хараад бус аудитын дүгнэлтүүдэд ........... ХХК нь нягтлан бодох бүртгэлийг үнэн зөв хөтөлж тайлагнасан, хууль тогтоомж зөрчсөн зүйл илрээгүй талаар дурьдсан байдаг. Хэрэв ........... нь хувьцаа эзэмшигч ...........НХН-ийн зөвшөөрөлгүйгээр хууль бусаар тэтгэмж авсан байсан бол хариуцагчийн уг үйлдэл санхүүгийн тайлан болон хөндлөнгийн хараат бус аудитын дүгнэлтээр илрэх нь хэнд ч ойлгомжтой юм. /350 000 ам.долларын гүйлгээг 2014 оноос хойш нэхэмжлэгч мэдээгүй байх ямар ч боломж байхгүй/ Өөрөөр хэлбэл ...........од олгосон 350 000 ам.долларын тэтгэмжийг ........... ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ганбаатар болон ...........НХН-ийн зүгээс мэдэж, хүлээн зөвшөөрч байсан тул ........... ХХК-ийн зүгээс 2014 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд 350 000 ам.долларыг удирдлагын зардалд багтаан тайлагнасан байдаг. /2014 оны жилийн эцсийн санхүүгийн тайланг Гүйцэтгэх захирал Д.Ганбаатар баталгаажуулсан байдаг/ Дээрхээс дүгнэхэд нэхэмжлэгчийн зүгээс 350 000 ам.долларын тэтгэмжийг хүлээн зөвшөөрч, санхүүгийн тайландаа удирдлагын зардалд хамааруулан тайлагнаж байсан ба 350 000 ам.долларын хохирол учирсан талаарх үйл баримтыг ИХШХШТХ-ийн 25.2.2, 38.1-д тус тус заасны дагуу нотолж чадаагүй. Гэтэл давж заалдах шатны шүүх хэргийн материалд авагдсан нэхэмжлэгчийн 2014-2016 онуудын санхүүгийн тайлан, Од бүртгэл Аудит ХХК-ийн хараат бус, хөндлөнгийн аудитын тайлан зэргийг нотлох баримтаар үнэлэлгүй орхигдуулсан. Мөн хариуцагч ........... нь хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсон эрхийн хүрээнд дээрх тэтгэмжийг 2014 онд авсан бөгөөд ийнхүү авсныг хувьцаа эзэмшигч зөвшөөрөөгүй гэж дүгнэх хууль зүйн үндэслэл байхгүй болно. Учир нь ........... ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан ...........ын 2014.07.24-ний өдөр №14/2014 тоот тушаал гаргаж, 350 000 ам.долларын тэтгэмж авсан ба уг тушаал нь 2014.07.24-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд ........... ХХК-д хадгалагдаж байгаа болно. Хариуцагч ...........той байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2014.09.01-ний өдрөөр тасалбар болгон цуцалж, мөн өдөр Д.Ганбаатарыг ........... ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилсон байдаг. Ийнхүү ...........той байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, түүний ажлыг Д.Ганбаатарт хүлээлгэн өгөхдөө 2014.07.24-ний өдрийн тушаалыг шинээр томилогдож буй гүйцэтгэх захирал болон хувьцаа эзэмшигчдийн зүгээс сайтар мэдэж байсан ба жишгийн дагуу тэтгэмжийг хүлээн зөвшөөрч байсан болно. Мөн ........... ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон Д.Ганбаатар нь 2014 он болон түүнээс хойшхи санхүүгийн болон татварын тайланг гаргасан бөгөөд дээрх тайлангуудыг гаргахдаа 2014.07.24-ний өдрийн тушаалаар олгогдсон тэтгэмжийг мэдээгүй байх ямар ч боломжгүй юм. Нөгөөтэйгүүр ........... ХХК-ийн дүрмийн 6 дугаар зүйлийн 6.з.д-д “Үүсгэн байгуулагч нь Компанийн бүх бичиг баримттай танилцах, үүний дотор гүйцэтгэх захирлаас гаргасан шийдвэр болон санхүүгийн бүх тайлан зэрэг хамаарна” гэж заасан ба уг эрхийн дагуу үүсгэн байгуулагч нь гүйцэтгэх захирлаас гарч буй бүхий л шийдвэр, тушаалтай танилцдаг байна. Дээр дурьдсан үйл баримтуудаас үзэхэд ...........НХН-ийн зүгээс ...........ын тэтгэмжид олгосон 350 000 ам.долларыг мэдээгүй гэж үзэх үндэслэлгүй бөгөөд ........... ХХК-д 922 246 500 төгрөгийн хохирол учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй болно. 4. Хариуцагч ........... болон ........... ХХК-иудын хооронд байгуулагдсан 2006.06.01-ний өдрийн Хөдөлмөрийн гэрээний 2.1-д “Монгол Улсын Компанийн тухай хуулийн хэмжээнд бие даан Компанийн өмч болон хөрөнгийг захиран зарцуулах”, “Хөдөлмөрлөснийхөө төлөө урамшуулал авах /Гүйцэтгэх захирал дараахь эрх эдэлнэ/”, мөн гэрээний 5.3-т “Аливаа үндэслэлээр гэрээг хугацаа нь дуусахаас өмнө Компанийн санаачилгаар цуцалвал Компани нь Гүйцэтгэх захиралд 20 000 /хорин мянга/-аас доошгүй ам.долларын хэмжээний нөхөн олговор олгоно” гэж тус тус заасны дагуу дээрх 350 000 ам.долларыг өөртөө шилжүүлэн авсан. Өөрөөр хэлбэл талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээгээр олгогдсон эрхийн хүрээнд хариуцагч нь 20 000 ам.доллараас дээш хэмжээний тэтгэмжийг авах эрхтэй бөгөөд уг эрхийн хүрээнд тогтсон жишгийн дагуу дээрх төлбөрийг өөртөө шилжүүлэн авсан. /Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан тул хариуцагч нь хөдөлмөрийн гэрээний дагуу 20 000 ам.доллараас дээш хэмжээний тэтгэмжийг авах эрхтэй байна/ Гэвч давж заалдах шатны шүүх дээрх гэрээний зохицуулалтуудыг үнэлэлгүйгээр орхигдуулсан бөгөөд хэргийг бүхэлд нь хянах үүргээ биелүүлээгүй. 5. Хариуцагч ........... нь ........... ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулж, талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн болох нь нэхэмжлэгч ...........НХН-ийн 2014.09.01-ний өдрийн шийдвэр шийдвэр болоод нэхэмжлэгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар бүрэн нотлогддог. Тухайлбал: ...........НХН-ийн 2014.09.01-ний өдрийн шийдвэрийн 1 дэх хэсэгт “........... ХХК-ийн Гүйцэтгэх захирал Даш овогтой ...........той хөдөлмөрийн гэрээг 2014 оны 09 сарын 02-ны өдрөөс цуцалсугай” хэмээн дурьдсан байдаг. /хэргийн материал №1-хуудас-15/ Мөн хариуцагч ........... нь ........... ХХК-тай 2006.06.01-ний өдөр Хөдөлмөрийн гэрээг байгуулсан бөгөөд уг хөдөлмөрийн гэрээний дагуу ........... ХХК-ийн Гүйцэтгэх удирдлага /захирал/-ын эрх, үүргийг хэрэгжүүлж байсан ба ........... ХХК-ийг ........... ХХК-д нэгтгэхдээ хариуцагч ...........ыг ........... ХХК-ийн Гүйцэтгэх захирлын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулсан. Хариуцагч ...........ыг ийнхүү ........... ХХК-д Гүйцэтгэх захирлаар үргэлжлүүлэн ажиллуулахдаа хөдөлмөрийн гэрээг тусгайлан байгуулаагүй бөгөөд ........... ХХК-тай байгуулсан 2006.06.01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээний дагуу үргэлжлүүлэн ажиллуулсан. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40.4-т “Аж ахуйн нэгж, байгууллагын харьяалал, өмчлөгч өөрчлөгдсөн нь хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэл болохгүй” гэж заасны дагуу ........... ХХК-ийг ........... ХХК-д нэгтгэхдээ ........... ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан ...........ыг ........... ХХК-ийн гүйцэтгэх захирлаар үргэлжлүүлэн ажиллуулсан ба хөдөлмөрийн гэрээг цуцлаагүй юм. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 23.3-т “Хөдөлмөрийн хугацаатай гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцно” гэж заасны дагуу ........... ХХК-тай байгуулсан 2006.06.01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болоход ...........НХН-ийн зүгээс хөдөлмөрийн гэрээг цуцлах, дуусгавар болгох арга хэмжээ аваагүй бөгөөд харин ч ........... ХХК-ийн Гүйцэтгэх захирлын албанд тушаалд ажиллуулж байсан. Иймд талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн тул Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтаар маргааныг шийдвэрлэх ёстой атал давж заалдах шатны шүүх талуудын хооронд үүссэн харилцааг Хөлсөөр ажиллах харилцаа үүссэн хэмээн буруу дүгнэсэн юм. 6. ...........НХН шаардах эрхийн тухайд: Компанийн тухай хуулийн 84.7 дахь хэсэгт зааснаар ...........НХН нь ........... ХХК-д учирсан хохирлыг хариуцагчаас шаардах эрхгүй юм. Учир нь Компанийн тухай хуулийн 84.7-д “Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, гүйцэтгэх удирдлага нь энэ хуулийн 84.4-т заасан үүргээ биелүүлээгүй бол компанийн хувьцаа эзэмшигч уг албан тушаалтнаар компанид учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй” гэж заасан. Гэтэл хариуцагч ........... нь Компанийн тухай хуулийн 84.4.1, 84.4.4-т тус тус заасныг хэрхэн зөрчсөн, зөрчсөн зөрчил нь ямар баримтаар нотлогдож байгаа талаар давж заалдах шатны шүүх нотлох баримтад тулгуурлан дүгнэлт хийж чадаагүй бөгөөд хуулийн дзэрх заалтыг зөрчсөн болох нь нотлогдоогүй тул мөн хуулийн 84.7-д заасан урьдчилсан нөхцөл хангагдаагүй юм. Мөн ...........НХН нь ........... ХХК-ийн өмнөөс шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болох нь дараахь баримтуудаар үгүйсгэгддэг. Тухайлбал: ........... ХХК-ийн дүрмийн 8.4-т Гүйцэтгэх захирал нь Монгол Улсын нутаг дэвсгэрт болон гадаадад компаниа төлөөлж компанийн нэрийн өмнөөс гэрээ хэлцэл байгуулах, шүүх болон арбитрын шүүхийн үйл ажиллагаанд оролцох, санхүүгийн баримт бичигт гарын үсэг зурах эрхтэй” гэж заасан ба дүрмийн дээрх зохицуулалт болон Компанийн тухай хуульд заасны дагуу ........... ХХК нь шүүхийн үйл ажиллагаанд бие даан оролцохоор компанийн үүсгэн байгуулах баримт буюу дүрмээр тохиролцсон байна. Нэгэнт ........... ХХК-ийг үүсгэн байгуулах баримт бичиг буюу компанийн дүрэмд шүүхийн үйл ажиллагаанд компанийг Гүйцэтгэх захирал төлөөлнө гэж заасан тул хувьцаа эзэмшигч болох ...........НХН-ийн зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргах эрх байхгүй болно. 7. Нэхэмжлэлийн шаардлага, түүний хууль зүйн үндэслэлийн тухайд: 1. ...........НХН нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж “........... ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан ...........ын компанид хохирол учруулж хууль бусаар хувьдаа завшсан мөнгө болох 350 000 ам.доллар 922 246 500 төгрөгийг түүнээс гаргуулж өгнө үү” гэх нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Нэхэмжлэгч ...........НХН-ээс гаргасан энэхүү нэхэмжлэлийн шаардлага нь тодорхойгүй байх ба нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй тул шүүх ИХШХШТХ-ийн 62.1.4, мөн хуулийн 65.1.11-д тус тус заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх ёстой байсан. Өөрөөр хэлбэл хариуцагч ...........оос 922 246 500 төгрөгийг гаргуулж, уг төлбөрийг ...........НХН нь өөртөө олгуулах, эсхүл ........... ХХК-д олгуулахаар шаардаж байгаа эсэх нь нэхэмжлэлийн шаардлагад тодорхой дурьдагдаагүй байтал хариуцагч ...........оос 922 246 500 төгрөгийг гаргуулж, ........... ХХК-д олгуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Хэрэв анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэсэн тохиолдолд маргааныг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн дээрх тодорхойгүй шаардлагыг тодруулж, хариуцагч нарт гардуулсны үндсэн дээр маргааныг шийдвэрлэх үүрэгтэй атал энэхүү үүргээ биелүүлэлгүйгээр маргааныг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэж байна. /Хариуцагч, түүний төлөөлөгч болон өмгөөлөгчийн зүгээс 922 246 500 төгрөгийг ...........НХН-т олгуулахаар шаардсан гэж ойлгож байгаа болно/ 8. Хариуцагч ........... нь 922 246 500 төгрөгийн хохирлыг нэхэмжлэгчид учруулсан хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлж, нэхэмжлэлийн шаардлагыг нотлох зорилгоор 2015.09.07-ны өдрийн Дотоод аудитын дүгнэлтийг шүүхэд ирүүлсэн. Гэвч 2015.09.07-ны өдрийн Дотоод аудитын дүгнэлтийн орчуулга нь бүрэн бус бөгөөд 39 хуудас дүгнэлтээс зөвхөн 6 хуудас дүгнэлтийг орчуулгаар батлуулж шүүхэд ирүүлсэн ба уг дүгнэлтийг нэхэмжлэлийн үндэслэлээ болгосон. Мөн дотоод аудитын шалгалт нь зорилгоо дараахь байдлаар тодорхойлсон байдаг. Үүнд: -РН-Монголия ХХК-ийн удирдлагын загвар болон байгууллагын үйл ажиллагаа нь НК ...........НХН-ийн худалдааны бодлогод нийцэж буй байдлыг дүгнэх -Монголын зах зээл дээр хийгдэж буй газрын тосны бүтээгдэхүүн хэлэлцээрүүдийн хэрэгжилтийн үр ашигтай байдлыг шалгаж дүгнэх -Эдгээр хэлэлцээрүүдийн орлогын байдал нь зах зээлийн нөхцөл байдал, үзүүлэлтүүд болон байгууллагын хэрэгцээ шаардлагад нийцэж буй эсэхийг тогтоох. Гэтэл дотоод аудитын дүгнэлтэд ........... нь 350 000 ам.долларын тэтгэмж авсан нь хууль зөрчсөн хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд аудитын дүгнэлт нь зорилгодоо нийцээгүй тул тус аудитын дүгнэлтийг үнэлэх боломжгүй юм. Мөн тус дотоод аудитын дүгнэлтийг ...........НХН-ийн 2 ажилтан гаргасан байх ба аудитын дүгнэлтийг гаргахдаа хуулбар баримтуудыг үндэслэн дүгнэлт гаргасан ба ...........той байгуулсан хөдөлмөрийн гэрээг дүгнэлгүйгээр түүнийг хууль зөрчсөн хэмээн дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. /...........той байгуулсан хөдөлмөрийн гэрээг ...........НХН-ийн зүгээс аудиторт ирүүлээгүй талаар дүгнэлтэд тодорхой дурьдсан байдаг/ Нөгөөтэйгүүр тус аудитын дүгнэлтийг гаргахдаа Монгол Улсын хууль тогтоомжийн хуулбар хувь дээр үндэслэн дүгнэсэн талаар дурьдсан байх ба 2003.05.23-ны өдрийн Компанийн тухай хуульд үндэслэн уг дүгнэлтийг гаргасан талаар дурьдсан. Гэвч Монгол Улсад 2003.05.23-ны өдөр батлагдсан Компанийн тухай хууль гэх хууль байхгүй ба ийнхүү байхгүй хуулийн хуулбарт үндэслэн дүгнэлт гаргаж болохуу. Дээрх байдлаар нэхэмжлэлийн үндэслэл болсон Дотоод аудитын дүгнэлт нь үндэслэлгүй бөгөөд түүнийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлага нотлогдсон гэж үзэх үндэслэлгүй юм. Гэтэл давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл болсон дээрх нотлох баримтыг нотлох баримтаар үнэлээгүй бөгөөд зөвхөн 350 000 ам.долларын тэтгэмж авснаараа компанид хохирол учруулсан гэж дүгнэсэн нь ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсгийг зөрчсөн. 9. Хохирол учирсан эсэх тухайд: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгийг тус тус үндэслэн хариуцагчийг компанид 922 246 500 төгрөгийн хохирол учруулсан хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй болно. Учир нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан ба хуулийн тус зохицуулалтад заасны дагуу ........... ХХК-д 922 246 500 төгрөгийн хохирол учирсан байх ба уг хохирол нь баримтаар тогтоогдох ёстой. Гэтэл ........... ХХК-ийн 2014-2016 онуудын санхүүгийн тайлан, 2014-2016 онуудад хийгдсэн хөндлөнгийн хараат бус аудитын дүгнэлтүүдэд хариуцагч ...........ыг 922 246 500 төгрөгийн хохирол учруулсан, эсхүл 922 246 500 төгрөгийн тэтгэмжийг хууль бусаар өөртөө шилжүүлэн авсан талаар огт дурьдаагүй байдаг. Харин ч 2014-2016 онуудын санхүүгийн тайлан, хөндлөнгийн хараад бус аудитын дүгнэлтүүдэд ........... ХХК нь нягтлан бодох бүртгэлийг үнэн зөв хөтөлж тайлагнасан, хууль тогтоомж зөрчсөн зүйл илрээгүй талаар дурьдсан байдаг. Өөрөөр хэлбэл ...........од олгосон 350 000 ам.долларын тэтгэмжийг ........... ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ганбаатар болон ...........НХН-ийн зүгээс мэдэж, хүлээн зөвшөөрч байсан тул ........... ХХК-ийн зүгээс 2014 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд 350 000 ам.долларыг удирдлагын зардалд багтаан тайлагнасан байдаг. Дээрхээс дүгнэхэд нэхэмжлэгч нь ........... ХХК-д 922 246 500 төгрөгийн хохирол учирсан гэж үзэж байгаа тохиолдолд 922 246 500 төгрөгийн хохирол учирсан талаарх баримтыг ИХШХШТХ-ийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус заасны дагуу шүүхэд гарган өгөх үүрэгтэй. Гэвч хэргийн материалд авагдсан баримтуудад хариуцагч ........... нь ........... ХХК-д 922 246 500 төгрөгийн хохирол учруулсан талаарх баримт байдаггүй тул ИХ-ийн 497.1 дэх хэсэгт заасан хохирол учирсан байх нөхцөл хангагдахгүй бөгөөд ИХ-ийн 497.1 дэх хэсгийг хэрэглэх хууль зүйн боломжгүй. 10. Хариуцагч ........... болон ........... ХХК, түүний хувьцаа эзэмшигч ...........НХН-үүдийн хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн тул маргааныг Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтаар шүүх шийдвэрлэх ёстой атал шүүх талуудын хооронд үүссэн харилцааг буруу дүгнэж, Хөдөлмөрийн тухай хуулийг огт хэрэглээгүй. Учир нь хөдөлмөрлөх явцдаа буюу хөдөлмөрийн харилцаанд ажилтан нь байгууллагад хохирол учруулсан гэж үзэх тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 129.1 “Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” гэж заасны дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс 2014.07.24-ний өдрөөс хойш 4 жилийн дараа шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129.1-д заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн. Анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгч болон өмгөөлөгчийн зүгээс дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж мэтгэлцсэн боловч шүүх дээрх үйл баримт огт дүгнэлт хийлгүй орхигдуулсан. 11. ...........НХН-ийн Гүйцэтгэх захирал ...........нь Б.Ану-Үжин, Ж.Майзориг нарт 2018.08.18-ны өдөр итгэмжлэл олгосон бөгөөд уг итгэмжлэлийг үндэслэн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл ...........НХН-ийн Гүйцэтгэх захирал ...........-ээс Б.Ану-Үжин, Ж.Майзориг нарт олгосон итгэмжлэлд төлөөлөгч нарын эдлэх эрхийг тусгайлан заасан байх ба уг эрхүүдэд ИХШХШТХ-ийн 25.1.2-т заасан “шүүх хуралдаанд оролцох” эрхийг олгоогүй бөгөөд мөн хуулийн 25, 26 дугаар зүйлүүдзд заасан эрхийг бүрэн олгосон эсэх талаар дурьдаагүй байдаг. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн төлөөлөгч нарт ИХШХШТХ-ийн 25.1.2-т заасан шүүх хуралдаанд оролцох эрхийг олгоогүй тул төлөөлөгч нар нь шүүх хуралдаанд оролцох, мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэх эрхгүй атал анхан шатны шүүх шүүх хуралдаанд оролцох эрхийг төлөөлөгч нарт олгосон мэтээр тайлбарлаж, маргааныг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн үндэслэлд хамаарах юм. Мөн ...........НХН-ийн захирлуудын зөвлөлийн хурлаар ...........-ийг гүйцэтгэх захирлаар томилсон орос хэл дээрх шийдвэрийг ирүүлсэн ба уг шийдвэрийг Консул-Зөвлөх Д.Энхтуяа гэрчилсэн байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс Консул-Зөвлөх Д.Энхтуяагийн гэрчилсэн шийдвэрийг орчуулгаар баталгаажуулсан байх ба уг баталгаажуулсан орчуулгад МУ-ын ЭСЯ-ны нотариатаар баталгаажуулсан Ц.Ганболд гэх хүний нэр тэмдэглэгдсэн байдаг. /Д.Энхтуяа гэх хүн ягаад Ц.Ганболд хувирав/ Дээрх баримтаас үзэхэд ...........-ийг томилсон шийдвэр /эх хувь/ болон түүний орчуулга нь хоорондоо илтэд зөрүүтэй тул эдгээр баримтыг ИХШХШТХ-ийн 40.2-т заасны дагуу нотлох баримтаар үнэлэх боломжгүй. Нэгэнт ...........-ийг томилсон шийдвэр /эх хувь/ болон түүний орчуулгыг нотлох баримтаар үнэлэх боломжгүй тул уг шийдвэрийг үндэслэн Б.Ану- Үжин, Ж.Майзориг нарт олгосон итгэмжлэлийг эргэлзээгүй гэж үзэх үндэслэлгүй тул тус итгэмжлэл нь хүчингүй болох бөгөөд хүчингүй итгэмжлэлийг үндэслэн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй тул ИХШХШТХ-ийн 117.1-д заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх ёстой юм. Гэвч давж заалдах шатны шүүх дээрх илэрхий үйл баримтыг мэдсэн атлаа хэт нэг талыг барьж итгэмжлэл болон дээрх баримтуудыг нотлох баримтын шаардлага хангасан мэтээр тайлбарлаж, маргааныг шийдвэрлэснээрээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. 12. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлийг Иргэний хуулийн 497.1 дэх хэсэг хэмээн тайлбарласан ба анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн хэмээн дүгнэсэн атлаа Иргэний хуулийн 497.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэж, эрх зүйн зөрүүтэй дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Учир нь талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх үзсэн тохиолдолд Иргэний хуульд заасан гэрээнээс үүдэлтэй гэм хор, хохирлын эрх зүйн зохицуулалт хэрэглэгдэх ёстой атал хуулийн дагуу үүсэх үүргийн харилцааны зохицуулалт болох Иргэний хуулийн 497.1 дэх хэсгийг хэрэглэж, хууль хэрэглээний алдаа гаргасан тул тус шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй. /Гэхдээ талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээний харилцаа бус хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн болно/ Мөн хэргийн материалд авагдсан компанийн дүрэмд ...........Монгол ХХК /Монгол хэлээр/, ........... ХХК /Орос хэлээр/ гэж тус тус тэмдэглэгдсэн байх тул ИХШХШТХ-ийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.4-т тус тус заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх тохиолдолд Роснфеть Монголия ХХК-д бус ...........Монгол ХХК-д төлбөрийг олгохоор шийдвэрлэх ёстой. Гэтэл давж заалдах шатны шүүх дээрх баримтад дүгнэлт хийгээгүй бөгөөд ...........Монгол ХХК-д бус ........... ХХК-д төлбөрийг олгохоор шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй болох үр дагаврыг үүсгэх ба уг алдааг хяналтын шатны шүүх хуралдаанаас залруулах боломжгүй юм. Дээр дурьдсанчлан давж заалдах шатны шүүх маргааныг шийдвэрлэхдээ маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй бөгөөд хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эрх зүйн харилцааг зөв тогтоож чадаагүй ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн тул давж заалдах шатны шүүхийн 2019 оны №1609 дүгээр магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй. /........... ХХК-д хохирол учирсан нь тогтоогдоогүй байхад зөвхөн тэтгэмж авсан гэх үйлдлээр нь хариуцагчийг хохирол учруулсан хэмээн үндэслэлгүй дүгнэлт хийсэн/ Иймд магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч ОХУ-ын ........... нь хариуцагч ...........од холбогдуулан хохирол 350 000 ам.доллар буюу 922 246 500 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, “...ажил олгогч гэрээг цуцалсан тул тушаал гаргаж, компанийн дүрэм, хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн тухай хуулийн 42.1-д зааснаар тэтгэмж авсан, компанид хохирол учруулаагүй...” гэж маргажээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.
Шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах хуулийн үндэслэлтэй байна.
Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг тодорхойлох, хэргийн нөхцөл байдал, маргааны зүйлийн талаар Иргэний хуулийн холбогдох зохицуулалтад нийцсэн эрх зүйн дүгнэлт хийх үүргээ анхан болон давж заалдах шатны шүүх хангалттай биелүүлсэн гэж үзэх боломжгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгон, хэргийг дахин хянан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Нэхэмжлэгч нь ОХУ-ын ...........НХНийгэмлэг байхад шүүх өөр хуулийн этгээд буюу ........... ХХК-д холбогдох шийдвэр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчжээ.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа хохирол гэж байгаа боловч нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлохдоо ...........ыг албан тушаалтны хувьд компанийн дүрмийг зөрчсөн гэснээс гадна хөдөлмөрийн хуульд заасан тэтгэмжийг хувьцаа эзэмшигчдийн хурлаас шийдвэрлэдэг журмыг үндэслэсэн байхад шүүх эдгээр нөхцөл байдлыг тодруулж, хийвэл зохих дүгнэлтийг хийгээгүй, улмаар хэрэглэвэл зохих хэм хэмжээг хэрэглэсэн эсэхийг дүгнэх боломжгүй болжээ.
Компанийн гүйцэтгэх захирлын албан тушаалд хөлсөөр ажиллах гэрээний шинж илүү байдаг боловч ........... нь өдөрт ажлын 8 цаг ажиллаж, сар бүр тогтмол цалин авч, ээлжийн амралт эдэлдэг, ........... ХХК-д ажиллахдаа ........... ХХК-тай байгуулсан 2006 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр үргэлжлүүлэн ажиллаж, гэрээгээр тохирсон цалин хөлсийг авч байсан гэсэн тайлбар, баримтыг гаргасан. Маргаж буй талууд гэрээний харилцааг хөдөлмөрийн гэрээ эсвэл хөлсөөр ажиллах гэрээ алин болохыг тодорхойлж хэлээгүй, шүүх энэ талаар тодруулж, зохих дүгнэлтийг хийж чадаагүй байна.
Шүүх хэрэг хянан шийдвэрлэх дээрх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргах нь зүйтэй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 102/ШШ2019/01905 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 1609 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 4 769 183 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧИД Г.ЦАГААНЦООЖ
Д.ЦОЛМОН
Х.ЭРДЭНЭСУВД
П.ЗОЛЗАЯА