Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 221/МА2016/0260

 

 

 

Иргэн З.У нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Д.Батбаатар, шүүгч Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Дэлгэрмөрөн, нэхэмжлэгч З.У, Ц.Б, Г.Б, Ц.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э,  гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н нарыг оролцуулан Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 11 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч З.У гаргасан давж заалдах гомдлоор З.У нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Засаг дарга, аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,    

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч З.У  2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:

“...Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/329 дүгээр захирамжийг хүчингүй болгож, аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан төсөл сонгон шалгаруулалтад оролцож авсан 080154429 нэгж талбарын дугаартай нийтийн зориулалттай орон сууцын газар эзэмших эрхийг сунгаж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт даалгах, аймгийн Засаг даргын 2007 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 07, 2010 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 496 дугаар захирамжийн тус тус П.М холбогдох хэсгийг, П.М газар эзэмших эрхийн гэрчилгээг А.Б шилжүүлсэн 2011 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 467 дугаар захирамж, 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 548 дугаар захирамжийн “З т” ХХК-д холбогдох хэсгийг, 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/329 дүгээр захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулах”-ыг хүсчээ. 

Хоёр. Хариуцагч Дархан-Уул аймгийн Засаг дарга А.Энхболдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э 2015 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Маргаан бүхий газар анх П.М нэр дээр байж байгаад А.Б, дараа нь “З т” ХХК-ийн эзэмшилд шилжсэн байдаг. Тус бүр дээр нь Засаг даргын захирамж гарсан. “З т” ХХК, З.У газартай холбогдсон маргааныг 3 шатны шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрүүд байгаа. Энэ шийдвэрүүдийг үндэслэн Дархан-Уул аймгийн Засаг дарга А/285 дугаар захирамжийг А/329 дүгээр захирамжаар өөрийн бүрэн эрхийн хүрээнд хүчингүй болгосон нь хууль зөрчөөгүй харин ч 3 шатны шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэж үзэж байгаа.

Харин А/285 дугаар захирамж нь “З т” ХХК-д холбогдсон. Уг захирамжид З.У эрх ашиг огт хөндөгдөөгүй. Гэтэл З.У  дээрх захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаад байгаа нь үндэслэлгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гурав. Хариуцагч Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нямдорж 2016 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Засаг даргын шат дараалсан захирамжуудаар урьд хүний эрх нь хязгаарлагдаж дуусгавар болсон гэж үзэж байгаа. Дээрх захирамжууд нь үндэслэлтэй эсэх талаар манайх үнэлэлт дүгнэлт өгөх эрхгүй байгууллага. Энэ маргаанд шүүхийн шийдвэр яаж гарахаас хамаарч шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэрлэх болно” гэжээ.

Дөрөв. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н 2016 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...З.У газар эзэмшихтэй холбоотойгоор гарсан маргааныг 3 шатны шүүхээр шийдвэрлэсэн. З.У  нь энэ асуудлыг захиргааны хэргийн шүүхэд биш Дархан-Уул аймгийн Засаг даргад хандаж шийдвэрлүүлж, хохирлоо гаргуулж авах ёстой. З.У  маргаан бүхий газрын шударга эзэмшигч гэж нэг бус удаа шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбар дээр дурдсан байдаг. Нэхэмжлэлийн шаардлага болон нэмэгдүүлсэн шаардлага гэж хэлбэрийн хувьд өөр харагдаад байгаа боловч агуулгын хувьд нэг зүйл.

Захиргааны актыг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамжийг З.У  биелүүлэхгүй явсаар барилгаа барьж дуусгачхаад улсын комисст хүлээлгэн өгөөд 6 айл оруулсан байдаг. Энэ нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл. Тухайн үед барилга барих үйл ажиллагаагаа зогсоосон бол өнөөдрийг хүртэлх ийм их хэмжээний хохирол гарах ёсгүй. Аймгийн Засаг даргад “...захирамжаа дахин хянаж өгнө үү” гэж гомдол гаргасан байх ба Засаг даргаас 30 хоногийн дотор шийдвэрлэх хугацаа болоогүй байхад шүүхэд нэхэмжлэл гаргасан нь захиргааны журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг хангаагүй байхад, гомдлыг шийдвэрлэх хуулийн хугацаа дуусаагүй байхад шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хууль зөрчсөн.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, нотлох баримт зэргийг бүгдийг нь өмнө нь шүүхээр шийдвэрлэсэн. Иймд захиргааны хэрэг үүсгэсэн захирамжаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д зааснаар хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Тав. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 11 дүгээр шийдвэрээр:

“...Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.9-д заасныг удирдлага болгон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч З.У “Дархан-Уул аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт холбогдох аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан төсөл сонгон шалгаруулалтад оролцож авсан 080154429 нэгж талбарын дугаартай нийтийн зориулалттай орон сууцын газар эзэмших эрхийг сунгаж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохыг даалгах” шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, “Дархан-Уул аймгийн Засаг даргын 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/329 дүгээр захирамж, 2007 оны 1 сарын 9-ний өдрийн 07, 2010 оны 12 сарын 14-ний өдрийн 496 дугаар захирамжийн П.Мөнхцэцэгт холбогдох хэсэг, 2011 оны 10 дугаар сарын 10-ний өдрийн 467 дугаар захирамжийн А.Баянмөнхөд холбогдох хэсэг, 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 548 дугаар захирамжийн “З т” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгох шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Зургаа. Нэхэмжлэгч Д.У дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

Нэг. “...А/329 дүгээр захирамж Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль, Газрын тухай хууль болон Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны тогтоолыг үндэслэсэн үндэслэл бүхий захирамж байх бөгөөд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 19 дүгээр зүйлийн 19.2.6-д Захиргааны хэргийн шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэх гэснийг хэрэгжүүлсэн байнагэжээ.

Үүнд З.У  миний бие Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр багийн 4 дүгээр хорооллын 4 дүгээр байрны зүүн урд байрлах 500 м.кв газрын эзэмших эрхийг төсөл сонгон шалгаруулалтад ялагч болж олж авсан бөгөөд уг газар дээрээ 10 давхар 50 айлын орон сууцны барилгыг 2014 оны 6 дугаар сарын 3-ны өдрөөс эхлэн барьж, 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр улсын комисс хүлээн авч ашиглалтанд оруулж, иргэд, оршин суугч, захиалагч нар байрандаа орж үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулан авсан.

Өөрөөр хэлбэл З.У  миний бие өөрийн хүсэлтээр өөрөө сонгон Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр багийн 4 дүгээр хороололд оршин 500 м.кв газрын эзэмших эрхийг олж аваагүй бөгөөд төрийн байгууллагаас зарласан төсөл сонгон шалгаруулалтад оролцон ялагч болон эзэмших эрхийг олж авсан.

Дархан-Уул аймгийн Засаг дарга нь 2013 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 430 дугаар захирамжаар З т ХХК-д олгон газар эзэмших эрхийг Газрын тухай хуульд заасан төлбөр төлөөгүй, үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр хүчингүй болгосон байх бөгөөд уг газар дээрээ төсөл сонгон шалгаруулалт зарласан байдаг. Үүнийг З тХХК-ийн нэхэмжлэлтэй Дархан-Уул аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр оролцохдоо мэдсэн.

Улмаар Захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 10 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 190 дүгээр магадлал, Монгол улсын дээд шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 174 дүгээр тогтоолоор “...Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д газрын төлбөр төлөгч нь газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээнд өөрөөр заагаагүй бол жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улирал бүрийн эхний сарны 25-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно гэж заасны дагуу гэрээнд заасан тухай жилийн төлбөрийг дараа жилийн эхний сарын 1-ний дотор төлөх ёстой байтал нэхэмжлэгчийн 2013 оны газрын төлбөрөө төлөөгүй гэж буруутгах үндэслэлгүй, мөн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсэгт газар эзэмших гэрээг жил бүрийн гэрээ байгуулсан өдрөөр тасалбар болгон дүгнэх үүргийг газар эзэмшүүлэгч хүлээхээр, мөн Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8 дахь хэсэгт гэрээний биелэлтийг талууд жил бүр дүгнэх үүрэгтэй байтал хариуцагч газрын төлбөр төлөх хугацаа болоогүй байхад мөн гэрээний биелэлтийг дүгнэлгүй, шууд нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь тогтоогдож байна...” Хариуцагч нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хууль бусаар цуцалсан захирамжийг үндэслэн нэхэмжлэгчийн эзэмшиж байсан газраас 233 м.кв-г төсөл сонгон шалгаруулалтаар З.У т олгож нийт 500 м.кв газрыг эзэмшүүлсэн болох нь нотлогдож байна...гэсэн дүгнэлтүүдийг хийж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.

Тодруулбал дээрх шийдвэрүүдээр Дархан-Уул аймгийн Засаг даргын 2013 оны 430 дугаар захирамжийг Газрын тухай хуульд заасан газрын төлбөр төлөх хугацаа болоогүй байхад З т ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байна гэж дүгнэн хүчингүй болгож З т ХХК-ийн газар эзэмших эрхийг сэргээн шийдвэрлэсэн болохоос З т ХХК-д дахин гэрээ гэрчилгээ олгохыг даалгаж шийдвэрлээгүй юм.

Тиймээс Дархан-Уул аймгийн Засаг дарга Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасан эрх хэмжээнийхээ хүрээнд дээрх шүүхийн шийдвэрүүдийн дагуу 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн А/285 дугаар захирамжаар холбогдох хууль тогтоомжид заасан үндэслэлээр З т ХХК-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн болно.

Гэтэл шинээр томилогдсон Засаг дарга А.Э 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/329 дугаар захирамжаар өмнөх Засаг даргын захирамжийг хүчингүй болгон З т ХХК-тай дахин гэрээ хийж гэрчилгээ олгохоор шийдвэрлэсэн нь төрийн байгууллага өөрсдийнх нь буюу Дархан-Уул аймгийн Засаг даргын 2014 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 30 дугаар захирамжаар төсөл сонгон шалгаруулалт зарлаж уг төсөл сонгон шалгаруулалтад оролцон ялагч болж эзэмших эрх олж авсан иргэн миний эрхийг ашгийг зөрчиж байна.

Хоёр. “...Аймгийн Засаг даргын А/285 дугаар захирамжаар П.М холбогдох хэсэг, З т ХХК-ийн эзэмших эрхийг тус тус хүчингүй болгон шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, хамааралгүй байнагэжээ.

З.У  миний бие Дархан-Уул аймгийн Засаг даргын А/285 дугаар захирамж нь иргэн миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж маргаагүй. Харин Дархан-Уул аймгийн Засаг дарга А.Энхболд нь А/329 дүгээр захирамжийг гарган “З т” ХХК-ийн эзэмших эрхийг сэргээн шийдвэрлэхдээ төрийн байгууллага буюу Дархан-Уул аймгийн Засаг дарга асан С.Насанбатын захирамжаар төсөл сонгон шалгаруулалт зарлаж уг төсөл сонгон шалгаруулалтад оролцсон шударгаар газар эзэмших эргийг олж авсан миний эрхийг зөрчиж шийдвэрлэсэн нь хууль бус гэж маргаж байгаа билээ. Гэтэл Захиргааны хэргийн анхан шатны шүүх Дархан-Уул аймгийн Засаг даргын А/285 дугаар захирамж нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй гэж дүгнэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Засаг даргын А/329 дүгээр захирамжаар А/285 дугаар захирамжийг бүхэлд нь хүчингүй болгосон атлаа өмнөх захирамжаар захирамжилсан газар эзэмшихтэй холбоотой өргөн хүрээг хамарсан асуудлыг цаашид хэрхэх, яаж шийдвэрлэх талаар огт дурдаагүй, орхигдуулсан нь газрыг хууль тогтоомжид заасан зохих журмын дагуу үнэнчээр, шударгаар олж авсан газар эзэмшигч З.У эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл болсон.

Гурав. “...нэхэмжлэгч нь дээрх газрыг 2014 оны 5 дугаар сарын 9-ний өдрөөс эзэмшсэн байх ба нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан шаардлагад дурдагдсан Д.М болон “З т” ХХК-д олгогдсон газар нь нэхэмжлэгчид газар олгогдсон хугацаанаас өмнө буюу 2007-2012 онуудад шийдвэрлэгдсэн байх бөгөөд тухайн үед нэхэмжлэгч З.У  нь 2007-2012 онуудад тухайн газрыг эзэмших тухай хүсэлтээ холбогдох байгууллагуудад гаргаж байгаагүй гэдгээ тайлбарлаж байгаагаас үзэхэд П.М, “З т” ХХК-тай холбоотой гарсан шийдвэрүүдийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байна” гэжээ.

Дархан-Уул аймгийн Засаг даргын 2014 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 30 дугаар захирамжаар Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр багийн 4 дүгээр хорооллын 4 дүгээр байрны зүүн урд байрлах 500 м.кв газар дээр төсөл сонгон шалгаруулалт зарласан. Үүний дагуу миний бие уг төсөл сонгон шалгаруулалтад оролцон ялагч болж газар эзэмших эрхийг олж авсан.

Өөрөөр хэлбэл миний бие маргаан бүхий газар дээр эзэмших хүсэлт гаргаж үүнийг Засаг дарга шийдвэрлэсэн асуудал биш бөгөөд газрын төсөл сонгон шалгаруулах комиссын 2014 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн дүгнэлт нь хүчин төгөлдөр, миний бие уг газрыг эзэмших эрхтэй байгаа юм.

2011 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 467 дугаар Засаг даргын захирамжаар 400 м.кв талбайтай газар эзэмших эрхийг Засаг дарга шилжүүлэхдээ мөн өөрийн дураар 200 м.кв газар буюу тухай аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй газрыг нэмж үндэслэлгүйгээр 200 м.кв талбайг П.Мөнхцэцэгийн газар гэж ямар нэгэн хуулийн үндэслэлгүйгээр гаргасан. Газар эзэмших эрхийг нэмэгдүүлж олгох тухай захирамжгүйгээр дур мэдэн гаргасан. Гэтэл газрын байцаагч нь А.Б 2011 оны 10 дугаар сарын 11-ний өдөр гэрээ хийхдээ мөн л дур мэдэн 200 м.кв талбайг нэмж нийт 800 м.кв болгосон нь хууль зөрчсөн. 3асаг даргын 467 дугаар захирамжаар бол 400 м.кв талбайг бусдад шилжүүлэх ёстой. Нэмж олгож байгаа газрын тухайд мөн л Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсэгт “Аймаг нийслэл сум дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд эзэмшүүлж болохоор зааснаас бусад газарт газар эзэмшүүлэхийг хориглоно” гэж заасныг зөрсөн Газрын алба барилга хот байгуулалтын газар нь мөн л дээрх заалтыг зөрчснөөс гадна Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.7-т “Засаг даргын шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуй нэгж. байгууллагатай газар эзэмшүүлэх ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж эрхийн гэрчилгээ олгох” гэж заасныг зөрчсөн. Засаг дараа нь хууль зөрчин 400 м.кв газар шилжүүлэхдээ 467 дугаар захирамжаар 600 м.кв болгосон байхад Газрын алба дахин үндэслэлгүйгээр 200 м.кв газар нэмж олгосон. Хуулиараа бол газрын алба Засаг даргын шийдвэрийг үндэслэн олгох ёстой байтал 600 м.кв олго гэхэд нэмж 800 м.кв болгон гэрээ хийсэн нь хууль зөрчжээ.

2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 548 дугаар захирамжийн 10 дахь хэсэгт “З т” ХХК-д холбогдох хэсгийн тухайд мөн л Засаг дарга “З т” ХХК-ийн эзэмшиж байсан 800 м.кв талбай дээр 400 м.кв талбайг нэмэгдүүлсэн захирамж гаргахгүйгээр олгосноос өнөөгийн газрын давхцал үүссэн байна. Энэ мөн л газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгаагүй хориглосон газрыг олгосон нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх заалтыг зөрчиж байна.

Мөн Захиргааны хэргийн анхан шатны шүүх уг хэргийг шийдвэрлэхдээ миний өмгөөлөгчийг шүүх хуралдаанд оролцуулаагүй, хүндэтгэн үзэх шалтгаанаа нотолсон баримттайгаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг тавихад уг хүсэлтийг шийдвэрлэхгүйгээр шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцүүлсэн, нотлох баримт гаргуулах, гэрчийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргасан ч хүсэлтийг хүлээн авч шийдвэрлээгүй зэргээс үзэхэд шүүх уг хэргийг шударгаар шийдвэрлэсэн эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ надад төрсөн.

Иймд Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны дугаар сарын 2-ны өдрийн 11 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Захиргааны хэргийн анхан шатны 6 дугаар шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 10 дугаар шийдвэр, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 174 дүгээр тогтоолоор “З т” ХХК-ийн 1200 м.кв газар эзэмших эрхийг хүчингүй болсонд тооцсон Дархан-Уул аймгийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 430 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгосноос гадна уг газрын 233 м.кв-ыг оруулан нийт 500 м.кв газрыг нэхэмжлэгч З.У т эзэмшүүлсэн Засаг даргын 2014 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 231 дүгээр захирамжийн давхацсан буюу 233 м.кв-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, өөрөөр хэлбэл эдгээр хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчийн тухайд 233 м.кв газрыг эзэмших эрхгүй болсон байна.  

Иймд одоогийн нэхэмжлэлийн шаардлага хангагдаж, Засаг даргын 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн А/285 дугаар захирамж хүчинтэй үлдсэн ч 233 м.кв газрыг эзэмших нэхэмжлэгчийн эрх сэргэхгүй. Анх 2007 онд П.М эзэмшүүлсэн 400 м.кв газрын хэмжээ хэрхэн нэмэгдэж 1200 м.кв болсон, мөн П.М уг газар хэрхэн “З т” ХХК-ийн эзэмшилд шилжсэн талаарх үйл баримт дээр дурдсан шүүхийн шийдвэр, тогтоолд дүгнэгджээ.

Гэхдээ “З т” ХХК-ийн эзэмшил газрын тодорхой хэсгийг давхцуулан нийт 500 м.кв газрыг нэхэмжлэгч анх өөрөө хүсэлт гаргаж аваагүй, харин аймгийн Засаг даргын Тамгын газар, Газрын харилцаа, хот байгуулалтын газраас зарласан төсөл сонгон шалгарлуулалтад оролцож шалгарсны үндсэн дээр Засаг даргын 2014 оны 231 дүгээр захирамжаар эзэмших эрх олгогдсон, улмаар уг газартаа 10 давхар, 50 айлын орон сууцны барилга барьж, 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын актаар хүлээлгэн өгсөн зэргээс үзэхэд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосноор нэхэмжлэгчид ямар нэгэн хохирол учрах үндэслэлгүй, харин үүссэн асуудлыг Засаг дарга өөрөө хариуцах ёстой.  

Учир нь хариуцагчаас “З т” ХХК-ийн 1200 м.кв газар эзэмших эрхийг 2013 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 430 дугаар захирамжаар хүчингүй болгосны дараа 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу дээрх газрын 233 м.кв-ыг хамруулан нийт 500 м.кв газрыг нийтийн орон сууцны зориулалтаар эзэмшүүлэхээр сонгон шалгаруулалт зарласан байна.

Эндээс дүгнэхэд “З т” ХХК-ийн эзэмшил газартай давхцал бүхий 233 м.кв газрыг эзэмшсэнтэй холбогдуулж нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл байхгүй болно.

Нэхэмжлэгчээс Засаг даргын 2015 оны А/285 дугаар захирамжтай маргаагүй, энэ талаар ч нэхэмжлэлийн ямар нэгэн шаардлага байхгүй байхад анхан шатны шүүхээс “...Засаг даргын А/329 дүгээр захирамжийг хүчингүй болгож А/285 дугаар захирамж сэргэснээр миний газар эзэмших эрхтэй зөрчилдөнө гэсэн тайлбарыг нэхэмжлэгчээс гаргасан гэж үзээд А/285 дугаар захирамж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, нэхэмжлэгчид хамааралгүй байна...” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, нэхэмжлэгчээс ч шүүх хуралдаанд ийм агуулгатай тайлбар гаргаагүй байх тул энэ талаарх давж заалдах гомдол үндэслэлтэй боловч энэ нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үр дагаврыг бий болгохгүй. 

Мөн маргааны үйл баримттай холбоотой бус харин урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдсэн талаар гэрчийн мэдүүлэг авахуулах хүсэлтийг хангаагүйгээс нэхэмжлэгчийн эрх зөрчигдөөгүй, өөрөөр хэлбэл шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаагүй, Ц.Ж өмгөөлөгчийн болон түүнтэй шүүх хуралдаанд оролцох тухай нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаагүй ч нэхэмжлэгч тухайн шүүх хуралдаанд Г.Б өмгөөлөгчтэй оролцсон зэргээс үзэхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдсөн, нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан гэх үндэслэл тогтоогдсонгүй.

Засаг даргын 2015 оны А/329 дүгээр захирамжид үндэслэл болгосон анхан шатны шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 10 дугаар шийдвэрийг “177 дугаар тогтоол” гэж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 190 дүгээр магадлалыг “41 дүгээр тогтоол” гэж тус тус буруу бичсэн байх ч энэ нь мөн л нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд уг захирамжийг хүчингүй болгох үндэслэлд үл хамаарна.

Харин нэхэмжлэгч нэхэмжлэлийн зарим шаардлагаасаа татгалзсантай холбогдуулан түүнд үүсэх хууль зүйн үр дагаврыг шүүх хуралдаанд танилцуулсан эсэх, үр дагавар танилцуулсан баримтад гарын үсэг зуруулж, баталгаажуулах ажиллагаа хийгдсэн эсэх нь тодорхойгүй, мөн татгалзлыг шүүхийн шийдвэрээр батлахдаа Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсгийг удирдлага болгох шаардлагатай байсныг тус тус тэмдэглэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.2, 87 дугаар зүйлийн 87.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 11 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч З.У давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй. 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Б.МӨНХТУЯА

ШҮҮГЧ                                                                       Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Э.ЛХАГВАСҮРЭН