Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 451

 

 

 

 

 

 

 

   2022        03          28                                     2022/ШЦТ/451

 

-          

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхтулга даргалж,

нарийн бичгийн дарга Б.Хонгорзул,

улсын яллагч Д.Марал /томилолтоор/,

шүүгдэгч Н.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Е” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Н.Төд холбогдох эрүүгийн 2206 00722 0689 дугаартай хэргийг 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн,

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Н.Т нь Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 90-39 УАО улсын дугаартай, тоёота акуа маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байхдаа такси үйлчилгээ авахаар гар өргөсөн иргэн Л.Эг машиндаа суулгаад нисэхийн дэнжийн автобусны буудал дээр буулгаад буцахдаа машины арын суудал дээр унасан байсан Л.Эгийн эзэмшлийн, нууц код нь 166116 дугаартай Хаан банкны виза картыг аван, улмаар уг картыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 14 цагийн үед Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Вizассi төвийн В1 давхрын Хаан банкны бэлэн мөнгөний машинаас 30,000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 04 цагийн үед Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн урд талын Хас банкны бэлэн мөнгөний машинаас 270,000 төгрөг тус тус гарган авч, иргэн Л.Эд 305,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Н.Т шүүхийн хэлэлцүүлэгт: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Хэргийн үйл баримтын талаар

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Л.Эгийн: “2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ажлынхантайгаа гадуур явж байгаад такси барьж гэртээ харьсан. Тэгээд өглөө цүнхээ хамт ажилладаг Амарзаяагаас асуухад надад байна гэхээр нь очиж авах гэтэл гар утас нь холбогдохгүй байсан. Маргааш нь 12 дугаар сарын 23-ны өглөө Амарзаяагаас очиж гар цүнхээ автал Худалдаа хөгжлийн банкны карт байхгүй байсан. Асуусан чинь мэдэхгүй гэж хэлсэн. Маргааш нь миний данснаас 30,000 төгрөгийн зарлага гарсан гэж мессеж ирсэн. 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 270,000 төгрөгийн зарлага гарсан байна гэж мессеж ирсэн. Тэгэхээр нь худалдаа хөгжлийн банкны лавлах руу залгаж асуухад Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлгийн хажууд байрлах Хас банкны бэлэн мөнгөний машинаас уншуулж авсан байна гэж хэлсэн”. /хавтаст хэргийн 11-12 дахь хуудас/ гэх мэдүүлэг,

“Дамно” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б31-22-207 дугаартай: Худалдаа хөгжлийн банкны карт нь зах зээлийн үнэлгээгээр нийт 5,000 төгрөгөөр үнэлэгдэв.” гэх хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 21-22 дахь хуудас/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 25-26 дахь хуудас/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хавтаст хэргийн 30-32 дахь хуудас/,

Хаан банкны 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 29/76 дугаартай албан бичиг /хавтаст хэргийн 28 дахь хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Н.Тийн “Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна." /хавтаст хэргийн 41 дэх хуудас/ гэх мэдүүлэг

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 35 дугаар хуудас),

Байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 46 дугаар хуудас),

            Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 44 дугаар хуудас), зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

            Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч Н.Т нь такси үйлчилгээ авахаар гар өргөсөн иргэн Л.Эг машиндаа суулгаад нисэхийн дэнжийн автобусны буудал дээр буулгаад буцахдаа машины арын суудал дээр унасан байсан Л.Эгийн эзэмшлийн, нууц код нь 166116 дугаартай Хаан банкны виза картыг аван, улмаар уг картыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж мөнгөний машинаас 305,000 төгрөгийн хохирол учруулсан байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна.

 

Гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцуулах саналтай.” гэх дүгнэлт гаргасан. Шүүгдэгч Н.Т нь уг дүгнэлттэй маргаагүй болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд “Гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэргийг хуульчилсан байдаг.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Т нь “Гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх ба түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, хохирогчийг хохиролгүй болгосон, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

 

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэйгэж тус тус зааснаар шүүгдэгч Н.Т бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй байх ба хохирогч Л.Э нь гэм хорын хохирол  305,000 төгрөгийг төлсөн байх тул шүүгдэгч Н.Т нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу Н.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг танилцуулж, Н.Т нь уг саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.

 

Шүүх шүүгдэгч Н.Төд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

           

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Т нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч Н.Төд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Н.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгө завшихгэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Тийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Н.Т нь оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд төлөх үүрэгтэй бөгөөд төлөөгүй тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Н.Т нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Төд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ц.МӨНХТУЛГА