Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэрэнчимэдийн Мөнхтулга |
Хэргийн индекс | 105/2022/0455/Э |
Дугаар | 469 |
Огноо | 2022-03-30 |
Зүйл хэсэг | 27.10.2.2., |
Улсын яллагч | Б.Дэлгэрмаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 469
2022 03 30 2022/ШЦТ/469
-
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхтулга даргалж,
нарийн бичгийн дарга Б.Хонгорзул,
улсын яллагч Б.Дэлгэрмаа /цахимаар/,
шүүгдэгч О.З нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн О.Зд холбогдох эрүүгийн 2203 00000 0166 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.З нь 2022 оны 02 дугаар сарын 22-ны 18 цаг 04 минутын үед Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, “Баянцээл” төвийн баруун талын замд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан заалтыг зөрчиж, согтуурсан үедээ “Toyota Harrier” маркийн 88-20 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад, мөн дүрмийн 11.14-т заасан заалтыг зөрчиж, Ч.Ц жолоочтой “Toyota Prius” маркийн 43-20 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөж, “Toyota Prius” маркийн 43-20 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь явган хүний зохицуулдаггүй гарцаар гарч байсан явган зорчигч О Г.Г нарыг мөргөж, Оийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч О.Зд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн хэргийг шүүх хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Шүүгдэгч О.Зд шүүхийн хэлэлцүүлэгт: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-9 дүгээр хуудас/,
Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл “2022 оны 02 сарын 22-ны өдөр 19 цаг 00 минут Отгон-Очир овогтой О.Зг драйгер багаж ашиглан шалгахад 2.08% тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо.” /хх-ийн 11 дүгээр хуудас/ гэх тэмдэглэл,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Оийн “Явган хүний гарцаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлтэй зам хөндлөн гарч байх үед ертөнцийн зүгээр урд талаас ирж байсан саарал өнгийн Т.Приус-20 маркийн автомашин бид нарт зам тавьж өгөөд зогссон. Тэгэхээр нь бид нар зам хөндлөн гарах гээд алхтал бид нарт зам тавьж өгөөд зогсож байсан Т.Приус машины араас хар өнгийн Т.Харрейр маркийн автомашин маш хурдтай ирээд Т.Приус-20 маркийн машины араас хүчтэй мөргөсөн ба Т.Приус-20 мөргүүлээд урагшлахдаа Г.Г бид хоёрыг мөргөсөн.” /хх-ийн 19-21 дүгээр хуудас/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Ч.Цэвээндоржийн “Сансарын Баянцээл төвийн баруун талын замаар ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлтэй зорчих хэсгийн 3-р эгнээгээр явж байгаад миний урд талд явган хүний зохицуулдаггүй гарцаар 4 явган зорчигч зам хөндлөн гарах үед машиныхаа хурдыг хасаад зогсоод тэр хүмүүст зам тавьж өгөөд зогсож байтал гэнэт араас машин мөргөөд миний жолоодож явсан машиныг түрээд явсан. Тэр үед явган хүний гарцаар ертөнцийн зүгээр баруунаасаа чиглэлтэй гарч байсан 2 хүн миний машинд мөргүүлээд шидэгдэж унасан ба би машинтайгаа түрэгдээд 20-30 метр орчим яваад зогссон.Харрейр машины жолоочийг драйгер багажаар үлээлгэхэд 2.08% согтолттой байна гэсэн. ” /хх-ийн 29-31 дүгээр хуудас/ гэх мэдүүлэг
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ю.Отгонтуяагийн “Машин дотроо ганцаараа сууж байсан чинь гэнэт хүчтэй чимээ гарахаар нь би юу болчхов гээд машинаасаа буугаад харсан чинь замын явган хүний гарц дээр 2 эрэгтэй хүн машинд дайруулсан байдалтай газар унасан байсан ба явган хүний гарц өнгөрөөд хар өнгийн Харрейр маркийн автомашин аваараа татаад зогсож байгаа харагдсан. Тэр үед бас нэг саарал машин араасаа мөргүүлсэн байдалтай зам дээр зогсож байсан.” /хх-ийн 59 дүгээр хуудас/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ш.Содхүүгийн “Т.Приус-20 маркийн автомашин бид нарт зам тавьж өгөөд зогссон. Тэр үед О, Г.Г хоёр бага зэрэг түрүүлээд алхаад явтал бид нарт зам тавьж өгөөд зогсож байсан Т.Приус-20 маркийн автомашины араас хар өнгийн Т.Харрейр маркийн автомашин маш хурдтай ирээд араас нь мөргөсөн. Тэр үед Т.Приус-20 маркийн автомашин тэр эрчиндээ урдуур нь зам гарч байсан О, Г.Г нарыг мөргөөд цаашаа яваад зогссон.” /хх-ийн 62 дугаар хуудас/ гэх мэдүүлэг
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Нарандуламын “Намайг ослын газарт очиход саарал өнгийн Т.Приус-20 маркийн автомашины хойд талаас нь О.Згийн жолоодож явсан Т.Харрейр маркийн автомашин мөргөсөн байдалтай байсан. Ослын улмаас мөргүүлсэн хоёр хүүхдийг гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан байсан. Тэр үед О.З архи уусан байсан.” /хх-ийн 65 дугаар хуудас/ гэх мэдүүлэг,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 3600 дугаартай “1. Оийн биед ахар сүүлний Co2, Co3, Co4-р нугалмын хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой шинэ гэмтэл болно. 2. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, тухайлбал авто ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй.” /хх-ийн 74-77 дугаар хуудас/ гэх дүгнэлт
“Ашид билгүүн” ХХК №22 “Эзэмшигчийн нэр: Бичил глобус Финанс ББСБ Үйлдвэр загвар: “Toyota Prius-20” Улсын дугаар: 43-20 УНЛ ...Үнэлгээгээр тогтоогдсон дүн: 3,233,000” гэсэн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан” /хх-ийн 106-110 дугаар хуудас/,
Мөрдөгчийн 265 дугаартай магадлагаа “1.Toyota Harrier маркийн 88-20 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч О.З нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг ...эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 11.14. “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна.” гэсэн заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.” /хх-ийн 109-110 дугаар хуудас/ гэсэн магадлагаа
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 147 дугаар хуудас/,
Жолоодох эрхийн лавлагаа /хавтаст хэргийн 148 дугаар хуудас/,
Байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 145 дугаар хуудас/,
Тээврийн хэрэгслийн лавлагаа /хавтаст хэргийн 149 дүгээр хуудас/,
Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 150 дугаар хуудас/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 143 дугаар хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч “Шүүгдэгч О.З нь 2022 оны 02 дугаар сарын 22-ны 18 цаг 04 минутын үед Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, “Баянцээл” төвийн баруун талын замд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан заалтыг зөрчиж, согтуурсан үедээ “Toyota Harrier” маркийн 88-20 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад, мөн дүрмийн 11.14-т заасан заалтыг зөрчиж, Ч.Цэвээндорж жолоочтой “Toyota Prius” маркийн 43-20 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөж, “Toyota Prius” маркийн 43-20 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь явган хүний зохицуулдаггүй гарцаар гарч байсан явган зорчигч О Г.Г нарыг мөргөж, Оийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай.” гэх дүгнэлт гаргасан бөгөөд шүүгдэгч О.З нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч О.З “Баянцээл” төвийн баруун талын замд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан заалтыг зөрчиж, согтуурсан үедээ “Toyota Harrier” маркийн 88-20 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад, мөн дүрмийн 11.14-т заасан заалтыг зөрчиж, Ч.Цэвээндорж жолоочтой “Toyota Prius” маркийн 43-20 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийн араас мөргөж, “Toyota Prius” маркийн 43-20 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь явган хүний зохицуулдаггүй гарцаар гарч байсан явган зорчигч О Г.Г нарыг мөргөж, Оийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт эргэлзээгүй тогтоогдож байна.
Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 3600 дугаартай “1. Оийн биед ахар сүүлний Co2, Co3, Co4-р нугалмын хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой шинэ гэмтэл болно. 2. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.”гэх гэмтэлүүд тус тус учирчээ.
Мөрдөгчийн 265 дугаартай магадлагаагаар “1.Toyota Harrier маркийн 88-20 УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч О.З нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг ...эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 11.14. “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна.” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Мөн явган зорчигч О нь Замын Хөдөлгөөний дүрмийн 5.6. “Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, хайс, хашилтгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгч хөндлөн гарна...” гэсэн заалтыг зөрчсөн гэжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар дээрх үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, нотолбол зохих зүйл бүрэн хангалттай тогтоогдсон байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч О.Згийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дахь заалтад зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж” гэмт хэргийг хуульчилж заасан байдаг.
Шүүгдэгч О.З нь “Toyota Harrier” маркийн 88-20 УБӨ улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа “Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 12.3 Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэсэн заалтыг зөрчсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч О.Згийн Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь хэсэгт заасан заалтыг зөрчсөн идэвхтэй үйлдэл хийж, энэхүү үйлдлийн улмаас хохирогч Оийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан хоёрын хооронд шалтгаант холбоотой байна гэж үзэв.
Иймд шүүгдэгч О.Зг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.З нь “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн, гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх ба түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй байх тул хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,
мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад О.З нь хохирогч Оийн эмчилгээний зардалд 1,139,900 төгрөгийг төлсөн. Иргэний нэхэмжлэгч Ч.Цэвээндоржийн эмчилгээний зардал болон тээврийн хэрэгслийн хохиролд нийт 4,239,000, иргэний нэхэмжлэгч Г.Гийн эмчилгээний зардалд 207,600 төгрөгийг тус тус төлж хохирлыг бүрэн барагдуулсан байна.
Хохирогч О, иргэний нэхэмжлэгч Ч.Ц нар нь хохирлоо барагдуулж авсан, миний зүгээс гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлтийг мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу О.Зд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 2 жил хүртэл хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах саналыг танилцуулж, О.З нь уг саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зуржээ.
Шүүх шүүгдэгч О.Зд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Зд оногдуулсан эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тооцохыг дурдаж.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэв.
Бусад асуудлаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч О.З нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, жолооны үнэмлэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж холбогдох байгууллагад нь хүргүүлж шийдвэрлэв.
Шүүгдэгч О.Зд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О.Зг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “ Согтуулсан үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дах заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч О.Згийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Шүүгдэгч О.Зд тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэж, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.З нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Зд оногдуулсан эрх хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
6. Шүүгдэгч О.Згийн жолоочийн үнэмлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлж холбогдох байгууллагад хүргүүлсүгэй.
7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч О.З нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч О.Зд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА