Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 299

 

                                                                                                                      

 

 

 

 

 

 

  2022         02           28                                  2022/ШЦТ/299

 

 

           

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж,

      Нарийн бичгийн дарга С.Энх-Амар,

   Улсын яллагч Б.Оюунцэцэг,

   Хохирогч Б.Т,

Өсвөр насны шүүгдэгч О.Э, түүний хууль ёсны төлөөлөгч Ё.Оюудай, түүний өмгөөлөгч А.Буяндэлгэр нарыг оролцуулан тус шүүхийн “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Эд холбогдох эрүүгийн 2206 00000 0123 дугаартай дугаартай хэргийг 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Өсвөр насны шүүгдэгч О.Э нь 2021 оны 12 дугаар сарын 22-ны оройн 22 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Старт ап" рестораны гадна талд хохирогч Б.Тын толгойн тус газарт нь гараараа цохисны улмаас биед нь толгойны орон хуйханд шарх, зүүн зовхинд цус хуралт, зулгарал, нүдний алиманд цус харвалт гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                               

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Өсвөр насны шүүгдэгч О.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Хатанбаатар гэдэг найзынхаа төрсөн өдрийг тэмдэглэсэн. Тэгээд төрсөн өдрийг нь тэмдэглэж дуусаад гэрээс нь гараад явсан. Манай Амраа гэж дүү хоёр хүн дээрэлхээд байна гэж дуудсан.  Тэгээд би дүү дээрээ очоод хаана байна гэсэн чинь манай дүү жоохон худлаа ярьсан юм шиг байсан. Тэгээд би тэр “стартап” гэсэн баар руу ороод тэр хоёр казахтай муудалцаад болиод явж байсан.  Тэгээд энэ ахтай таараад энэ ахтай жоохон маргалдсан.” гэв.

           

Хохирогч Б.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Тэр өдөр орой 7 цаг өнгөрч байхад урд талын хэдэн найзууд ирсэн.  Тэгээд гурвуулаа бас жоохон юм яриад манайд 2 шил архи уусан. Тэгээд ерөнхийдөө дуусаад манай хажуу талд Вэлмарт хүнсний дэлгүүр байдаг. Тэндээс хүүдээ тараг, ундаа авчхаад гараад ирсэн чинь манай хашаан дотор баахан хүүхдүүд бужигнаад байсан.  Тэгэхээр юу болсон бэ? гэсэн чинь манай эхнэр энэ залуу ийм асуудал үүсгээд байна гэсэн. Яах вэ зүгээр шүүгдэгч зулгаасан гэж хэлж байна. Тэр бол үнэн. Гэхдээ ямар учраас ингэсэн бэ? гэхээр зодъё, цохьё гэсэн зүйл байгаагүй. Яг ямар асуудал гээд учрын олох гээд куртикнээс зулгаасан чинь манайх хоёр шаттай ажил руу орохын тулд хоёр дамжлагатай шаттай. Яг эхний хоёр шатанд гишгэх хооронд хойшоо татаж унагаагаад юу ч мэдэлгүйгээр нүдсэн. Тэгээд би цустайгаа хутгалдаад тэгээд орж цус угаагаад яг юу болсон бэ? гээд камер шүүсэн чинь энд хоёр казах байх ёстой гэсэн хэдэн залуучууд учир зүггүй өшиглөсөн асуудал болсон байгаа юм. Тэрнээс урьд таньдаг мэддэг, өш хонзонгийн асуудал байхгүй. Анх удаа тэгэхэд харсан.” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Тын: “Би Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Старт Ап” нэртэй рестораныг ажиллуулаад... 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 20 цаг 40 минутад 7-8 хориод насны залуучууд орж ирсэн. Тухайн залуучууд орж ирээд манай ресторанд үйлчлүүлж байсан хүмүүстэй муудалцаж байгаад гараад явсан байсан. Би тухайн үед дэлгүүрээс ундаа, тараг зэрэг зүйлс аваад ажил руугаа орох гэтэл манай ажлын хашаанд 7-8 залуучууд 2 залуутай маргалдаад зогсож байхаар нь манай ажлын яг урд байхаар нь асуудлыг шийдэх гэж хамгийн маргаан үүсгээд байсан нэг залууг ажил руугаа ороод учрыг нь олъё гэж бодоод заамдаад оруулах гэтэл тал талаас цохиод, намайг унагаасан. Тэгээд би нүүрээ дараад хэвтэж байсан чинь зугтаагаад алга болсон." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 5 дахь тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Х.Амантайгийн "Тэгсэн чинь “Start up” гэх газрын эзэн нэг согтуу ах тэр хүүхдүүдэд зодуулчихсан 21 цагийн орчимд орж ирсэн бөгөөд нөгөө хүүхдүүд зугтаагаад явсан байсан." /хавтаст хэргийн 7 дахь тал/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч П.Амарсанаагийн "Би хувцсаа өмсөөд О.Этэй очоод уулзсан. О.Э нь манай найз Номинжинтой хамт гоймон идээд сууж байсан. Тэгээд юу хийж байгаа юм хаанаас явж байгаа юм бэ гэж асуусан чинь 38 дугаар байрны биллиардаас ирлээ. Би сая ганцаараа казахуудтай танай байрны хажууд бааранд зодоон хийчихлээ гэж хэлсэн. Тэгээд баарны гадаа баарны эзэн гэх ах О.Эийн шилэн хүзүүн хэсгээс нь бариад хоёр тийшээ хүчтэй сэгсэрсэн, тэгэхээр нь О.Э та болиоч ээ яагаад байгаа юм бэ гэсэн чинь тэр ах О.Эийг хараасан чинь О.Э тэр ахыг цохиод тэр ах газарт унасан одоо яах вэ гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би одоо яаж байгаа юм бэ, би мэдэхгүй гэж хэлээд бид гурав CU дэлгүүрээс гараад салаад явсан." /хавтаст хэргийн 14 дэх тал/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч М.Амарбилэгийн “Би баарнаас гараад гадаа зогсож байсан чинь ардаас О.Э ах, Ирмүүн ах хоёр баарны эгчид хөөгдөөд гарч ирсэн бөгөөд Дөлгөөнбаяр ах яг гаднаас ирж таарсан. Тэгээд явцгаая гээд байж байсан чинь баарны эзэн гэх ах О.Э ахын куртикнээс татаад алив ороод ир гээд байсан. Тэгсэн чинь О.Э ах баарны эзэнд хандаж ахаа та байж бай тайван ярилцъя гэсэн чинь тэр ах О.Э ахын толгойг барьж байгаад толгойг нь мөргөх гээд духаараа ойртоод шилэн хүзүүнээс нь бариад байсныг. Тэгээд О.Э ах тэр ахыг 2 удаа нүүр хэсэгт нь баруун гараараа цохисон чинь тэр ах газарт унаад үлдсэн." /хавтаст хэргийн 16 дахь тал/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 838 дугаартай "1. Б.Тын биед толгойн оройн хуйханд шарх, зүүн зовхинд цус хуралт, зулгарал, нүдний алиманд цус харвалт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үзүүлэхээс өмнө 24 цагийн дотор үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо." гэх дүгнэлт /хавтаст хэргийн 23, 24 дэх тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд өсвөр насны яллагдагч О.Эийн: “Өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлтэй байн Энэ хэргийг би ганцаараа үйлдсэн бөгөөд надтай хамт байсан хүүхдүүд энэ үйл явдалд оролцоогүй, ямар нэгэн гэм буруугүй. Би хохирогчид учирсан бодит хохирол болон эмчилгээний зардлыг төлөх болно гэдгээ илэрхийлж байна." /хавтаст хэргийн 51 дэх тал/ гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

 

 Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 36 дугаар хуудас),

Байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 368 дугаар хуудас),

            Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 35 дугаар хуудас) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

           

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч “Өсвөр насны шүүгдэгч О.Э нь 2021 оны 12 дугаар сарын 22-ны оройн 22 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Старт ап" рестораны гадна талд хохирогч Б.Тын толгойн тус газарт нь гараараа цохисны улмаас биед нь толгойны орон хуйханд шарх, зүүн зовхинд цус хуралт, зулгарал, нүдний алиманд цус харвалт гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Улсын яллагч шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцуулах саналтай.” гэх дүгнэлт гаргасан. Өсвөр насны шүүгдэгч нь гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

            Үйл баримтын талаарх дүгнэлт

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Өсвөр насны шүүгдэгч О.Э нь хохирогч Б.Тын биед толгойн оройн хуйханд шарх, зүүн зовхинд цус хуралт, зулгарал, нүдний алиманд цус харвалт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үзүүлэхээс өмнө 24 цагийн дотор үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн гэмтлийн хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь үйл баримт тогтоогдож байна.

 

Эрх зүйн дүгнэлт

                     

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан

 

Өсвөр насны шүүгдэгч О.Э нь хохирогч Б.Тын эрүүл мэндэд халдаж зодсон байдал нь хохирогч нарын Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Өсвөр насны шүүгдэгч О.Эийн үйлдэл нь дээрх гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлийн хувьд өсвөр насны шүүгдэгч хохирогч хоорондын үл ойлголцлоос болж үүдсэн байна гэж үзэв.

 

Хохирол, хор уршгийн талаар

 

            Хохирогч Б.Т нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол болон цаашид гарах эмчилгээний зардал, ажилгүй байсан хугацааны цалинтай холбоотой мөнгийг нэхэмжилсэн ч нотлох баримтын шаардлага хангасан 417.500 төгрөгийг нэхэмжилсэн тул өсвөр насны шүүгдэгч О.Э нь хохирогч Б.Тд 417.500 төгрөгийг төлөх төлбөртэй гэж үзэж шүүх хуралдаанд хохирлыг бүрэн барагдуулсан тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.  

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу өсвөр насны шүүгдэгч О.Э нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Улсын яллагч: “Өсвөр насны шүүгдэгч О.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  шүүхээс тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх саналтай байна. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэх саналыг гаргаж байна. Хохирогчид хохиролд 420000 төгрөг төлж барагдуулсан тул бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж байна.” саналыг гаргасан.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “Өсвөр насны шүүгдэгч нь урьд ял шийтгэлгүй, анх удаа гэмт хэрэгт холбогдсон. Эрүүгийн хуулийн ерөнхий 6.5 дугаар зүйлд заасан 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйл зааснаар хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байгаа. Энэ хүүхэд дандаа бусдыг өмөөрсөн байдалтай хэрэгт холбогдсон байгаа. Өнөөдөр шүүхэд дуудагдаад маш их зүйлийг ойлгосон байгаа. Мөн цагийн ажил хийгээд ээж аавдаа тус дэм болж байсан нөхцөл байдал байгаа. Нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулахгүйгээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлд заасан ял оногдуулахгүйгээр тэнсэж, хүмүүжлийн чанартай арга хэмжээ авах буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар зан үйлээ засах хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч өгөхийг хүсэж байна. Энэ хүүхдэд үүнээс өөр боломж байхгүй. Энэ хүүхдэд нэг удаа боломж олгож өгнө үү.” гэв.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Мөн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа байдал, хохирлоо бүрэн барагдуулсан, оюутан зэрэг хувийн байдал, улсын яллагчийн санал, өмгөөлөгчийн санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэв.

                                                                     

 

Бусад асуудлаар

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгч О.Эийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1  дүгээр зүйлүүдэд заасныг  тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Өсвөр насны шүүгдэгч О.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч О.Эийг 120 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч О.Э нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Өсвөр насны шүүгдэгч О.Эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3 дахь заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч О.Эд авсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Баянзүрх дүүргийн хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад үүрэг болгосугай.

 

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгч О.Э нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гэм хорын хохиролтой холбоотой баримтаа нөхөж бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэйг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч өсвөр насны шүүгдэгч О.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.МӨНХТУЛГА