Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пунцагийн Золзаяа |
Хэргийн индекс | 182/2016/01321/и |
Дугаар | 001/ХТ2021/00189 |
Огноо | 2021-03-09 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2021 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 001/ХТ2021/00189
2021 03 09 001/ХТ2021/00189
........... ХХК-ний нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч П.Золзаяа, Х.Сонинбаяр, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШШ2019/00913 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 1433 дугаар магадлалтай,
........... ХХК-ний нэхэмжлэлтэй
...........ХХК-д холбогдох
Тоног төхөөрөмж бэлтгэн нийлүүлэх, суурилуулах гэрээг цуцалж, гэрээний төлбөрт төлсөн 24 025 000 төгрөг, төхөөрөмжид зориулагдсан картын үнэ 460 000 төгрөг, картын дэвсгэр дээрх бичилтийн үнэ 200 000 төгрөг, алданги 16 156 800 төгрөг, нийт 40841 800 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, гэрээний үлдэгдэл төлбөрт 8 288 600 төгрөг, алданги 4 144 300 төгрөг, нийт 12 432 900 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн өмгөөлөгч Д.Бум-Аюушийн гаргасан хяналтын гомдлоор
шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Жигмэддагва, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Эрхэмбаяр, хариуцагчийн төлөөлөгч Б.Түвшинбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Д.Бум-Аюуш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ........... ХХК нь ...........ХХК-тай 2013 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр 13/135 тоот Тоног төхөөрөмж бэлтгэн нийлүүлэх, суурилуулах гэрээг байгуулсан. Энэхүү гэрээгээр гүйцэтгэгч ...........ХХК нь 32 313 600 төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийг чанарын шаардлага хангасан, биет байдлын болон эрхийн доголдолгүйгээр захиалагчид гэрээ байгуулагдсанаас хойш 30 хоногийн дотор нийлүүлж, ажлын 5 хоногийн дотор зохих шаардлагын түвшинд суурилуулж хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. Захиалагчийн зүгээс гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж гэрээ байгуулсан өдөр гэрээний үнийн дүнгийн 60 хувийн төлбөр болох 17 625 600 төгрөгийг төлсөн ба гэрээний 10 дугаар зүйлийн 10.5 дахь хэсэгт заасны дагуу тоног төхөөрөмж угсрахад зайлшгүй шаардлагатай зориулалтын суурь цементэн тавцан болон харуулын путикийг бид сарын дотор хийж гүйцэтгэсэн. Гэтэл гэрээ байгуулснаас хойш сарын дараа, гэрээ ёсоор тоног төхөөрөмжөө хүлээлгэн өгсөн байх ёстой тэр үед ...........ХХК-ийн захирал Б.Түвшинбаяр нь хүсэлт гаргасны дагуу 10 дугаар сарын 30-нд гэрээний 22 хувьтай тэнцэх төлбөр болох 6 400 000 төгрөгийг шилжүүлсэн. Гэтэл ...........ХХК нь тухайн төхөөрөмжийг нийлүүлэх гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй. Үүнд, гэрээгээр нийлүүлэх тоног төхөөрөмжийг тохирсон хугацаанд нийлүүлээгүй, хугацаа хэтрүүлж нийлүүлэхдээ гэрээгээр тохирсон тоо хэмжээгээ дутаасан. ...........ХХК гэрээний дагуу нийлүүлэх 4 метрийн урттай 3 ширхэг зогсоолын хаалт нийлүүлэхээс 1 хаалт, дагалдах тоног төхөөрөмжийг нь дутаасан ба огт захиалаагүй байсан. Үүнийгээ захирал Б.Түвшинбаяр нь тайлбарлахдаа захиалгадаа оруулаагүй мартсан байна лээ, дахин захиалъя хэмээн 2014 оны хаврыг хүргэсэн. Гэрээгээр талууд карт уншигч төхөөрөмжийг -45с +65с-д ажиллах чадвартай байхаар тохиролцсон. Гэтэл карт уншигч төхөөрөмж нь энэ шаардлагыг хангахгүй байсан. Баянзүрх их дэлгүүрийн туслах зам нь урдаасаа болон хойноосоо хоёр чиглэлээр машин явах нийтийн батлагдсан эзэмшлийн газар юм. Гэтэл дараа нь авчирсан захиалгадаа оруулаагүй мартсан гэх 3 дахь зогсоолын хаалт, түүний төхөөрөмж нь карт уншигч, машин орж гарахад машины цаг бүртгэж талон хэвлэх боломжгүй, зөвхөн харуулын байрнаас онгойлгох системтэй хаалтыг нийлүүлсэн байсан. 2014 оны 04 дүгээр сарын 10-нд анх тоног төхөөрөмжийг угсран туршилт хийхэд доор дурьдсан доголдлууд үүссэн учраас хүлээж авах боломжгүй болсон. Тухайлбал, Зогсоолын талбайд карт авч орсон машин картаа хүлээн авагч төхөөрөмжид хийж уншуулахад хариу үйлдэл үзүүлэхгүй, хаалт онгойхгүй байсан. Энэ нь карт хүлээн авагч төхөөрөмжийн тэжээлийн блок үйлдвэрийн гэмтэлтэй байсантай холбоотой бөгөөд үүний улмаас төхөөрөмжид хангахуйц хүчдэлийг өгч чадахгүй, карт уншигч нь ажиллахгүй байна гэсэн дүгнэлтийг ...........ХХК-ийн ажилтнууд хийж шинэ төхөөрөмж захиалахаар болсон. Иймд 2014 оны 04 дүгээр сарын 10-нд анхны туршилт хийх явцад илэрсэн бүхий л алдаатай холбогдуулан Баянзүрх их дэлгүүрийн менежер Б.Болд ...........ХХК-ийн гүйцэтгэлийн Акт үйлдэх баримтуудтай танилцаад 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 58 дугаар албан тоотоор Гэрээт ажлын биелэлтийг хангаж, зөрчлийг бүрэн барагдуулах талаар шаардлага хүргүүлж байлаа. Мөн Хятад улсын Гуандун мужийн Жиньжэнь хотын үйлдвэрлэгчтэй нь холбогдож талуудын гэрээгээр тохиролцсонтой адил карт уншигч, хаалтын төхөөрөмжийн техникийн үзүүлэлт, үнийн тарифыг авахад гэрээнд тусгагдсан нөхцөлүүдээс зөрүүтэй байсан нь бусдыг мэхэлж гэрээ хийсэн гэж дүгнэхэд хүргэж байна. Тухайлбал, карт уншигч төхөөрөмж нь тухайн үйлдвэрээс и-мэйлээр ирүүлсэн баримтад -25 +65 хэмд зөвхөн ажиллах боломжтой байжээ. Иймд гэрээний дагуу биет байдлын болон эрхийн доголдолгүй бүтээгдэхүүн захиалагчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй тул гэрээг бүхэлд нь цуцалж, ...........ХХК-иас гэрээний төлбөрт төлсөн 24 025 000 төгрөг, төхөөрөмжид зориулагдсан тусгайлсан картын үнэ 460 000 төгрөг болон картын дэвсгэр дээрх бичилтийн үнэ 200 000 төгрөг, талуудын гэрээний 12.1, 12.5 дахь заалт болон Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу гэрээний үүргээ биелүүлээгүйн алданги болох 16 156 800 төгрөг, нийт 40 841 800 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ........... ХХК-ийн нэхэмжлэлд ..............ХХК-ийн захирал Б.Түвшинбаяр нь надад зайлшгүй шаардлагатай мөнгөний хэрэгцээ байна, танай төхөөрөмжүүдийг захиалсан удахгүй Монголд ирнэ, гэрээний төлбөрөөс нэмж өгөөч гэсэн хүсэлт тавьсан тухай... дурдсан байна. Уг мөнгийг өөртөө бус, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээр тухайн байгууллагын тоног төхөөрөмжтэй холбоотой зардлыг санхүүжүүлэх зорилгоор хүссэн бөгөөд тухайн үед уг тоног төхөөрөмжүүдийг захиалсан байсан бус тухайн үед орж ирсэн байсан болно. Тоног төхөөрөмжийг нийлүүлэх гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэсэн нь үндэслэлгүй бөгөөд дараах тайлбараар няцааж байна. Тоног төхөөрөмжийг тогтоосон хугацаанд суурилуулсан. Ярилцаж тохиролцсоны дагуу 3 ширхэг автомат хаалт, 2 ширхэг орох гарах төхөөрөмж болон бусад дагалдах хэрэгслүүдийн хамт нийлүүлэхээр гэрээ байгуулсны дагуу нийлүүлж угсарсан. Тоног төхөөрөмжийн бусад эд ангиудад алдаа зааж байсан тухай дурдсан нь худал болно. Гэрээт ажлын биелэлтийг хангаж, зөрчлийг бүрэн барагдуулах талаар дурдсан байна. Тухайн ажлын даалгаврыг тогтоосон хугацаанд хийж гүйцэтгэн ажилд бэлэн болгосон.Төхөөрөмжийг суурилуулж дуусаад Б.Болдод хэвийн ажиллагааны үйл явцыг шалгуулж ажил хүлээлцэх акт үйлдээд Т.Жигмэддагва захирлаар гарын үсэг зуруулж тамгалуулна гэж хэлээд аваад явсан. Улмаар актыг баталгаажуулж өгөлгүй байсаар Т.Жигмэддагва ажил ихтэй байна, шүүх хуралтай байна эсвэл Япон улсад эмчилгээнд явсан гэх мэт шалтгаан тоочсоор 2014 оны 7-8 сарын үед Б.Болд нь ажлаасаа гарсан байсан. Тоног төхөөрөмжийг ажилд оруулж 14-21 хоног ажиллуулах, энэ хугацаанд тухайн систем дээр ажиллах операторыг сургах байсан. Удаа дараа оператор гаргаж өгөхийг шаардсан боловч хүн бэлэн биш байна, хөрш 2 байгууллагатай тохиролцоонд хүрээгүй гэсээр тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан. ...........ХХК нь өнөөг хүртэл бодитой онош тогтоож албан ёсоор дүгнэлт гаргаагүй, ажилтнууд нь ирээд засаж чадалгүй төхөөрөмжийнхөө зарим хэсэг эд зүйлсээсээ аваад буцааж хийх, солих гэх мэтээр ирж байгаад сүүлдээ сураггүй болсон гэдэг нь худал бөгөөд энэ хугацаанд бид гэрээний үлдэгдэл төлбөрийг нэхэмжилсэн албан тоот өгөх зэргээр хандаж байсан. Компьютер, програм хангамжийн талаар гаргасан гомдлын тухайд: Компьютер, програм хангамж ажиллуулах техникийн үзүүлэлт шаардлагыг хангалттай илүү хангасан компьютер, програм хангамж болохыг нотлох материалыг хүргүүлж байсан болно. Мөн 2013 онд Windows ХР үйлдлийн систем дэлхий нийтэд ашиглаж байсан ба одоо ч ашиглагдаж байгаа. Тухайн хяналтын компьютерийн програм хангамжийн ажиллах хүчин чадал нь үйлдвэрлэлийн шаардлагыг бүрэн хангаад зогсохгүй илүү хүчин чадалтайг нотлох баримтыг хавсаргав. 2014 оны 04 дүгээр сард тоног төхөөрөмжийг бүрэн ажиллуулж хүлээлгэн өгсөн боловч актыг зураагүй, хүлээн авахаас татгалзсан болон өөр ямар нэгэн тайлбар өгөөгүй байсаар 2014, 2015 оныг дуусгасан. Иймд, тус компанийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд манай компанийн зүгээс гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн болохыг дээр дурдсан тайлбаруудаар баталж байна гэжээ.
Хариуцагч ...........ХХК-ийн төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Бид гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж тоног төхөөрөмжийг хугацаанд нь заасан газарт суурилуулсан бөгөөд ........... ХХК нь гадаах дэлгүүрийн орц гарцын асуудлаа бусад байгууллагуудтай тохиролцож чадаагүйн улмаас шийдвэрлээгүй хугацаа алдаж тоног төхөөрөмжийг хэвийн ажиллахад саад болж байсан. Бид ........... ХХК-д тоног төхөөрөмжийг суурилуулан хэвийн үйл ажиллагаанд оруулан хүлээлгэн өгөх оролдлогыг олон удаа хийсэн боловч ерөнхий захирал Т.Жигмэддагва нь уг асуудлыг манай байгууллагыг төлөөлөн н.Болд гэдэг хүн хариуцаж байгаа болохоор түүнд хүлээлгэн өг гэсний дагуу хүлээлцэх актыг үйлдэн н.Болдод гарын үсэг зуруулахаар өгсөн боловч өнөөдрийг хүртэл бидэнд нэг хувийг буцаан өгөөгүй ба н.Болд нь ажлаасаа гарсан байсныг олж мэдсэн. Тоног төхөөрөмжийг суурилуулсны дараа баталгаат хугацаа дуусахаас өмнө төхөөрөмжид бага зэргийн саатал гарч байсан ба түүнийг бид цаг хугацаанд нь засварлаж ажиллагаанд бэлэн болгож байсныг дурдаж байна. Талуудын хооронд байгуулсан гэрээний дагуу захиалагч тал болох ........... ХХК нь тоног төхөөрөмж хэвийн үйл ажиллагаанд орсон, цаашид маргах зүйлгүй гэсэн шалтгаанаар төлбөрөө төлөөд явж байсан ба дэлгүүрийн эрхлэгч н.Болд, ажлаас гарснаас хойш төлбөрөө төлөлгүй удааж гэнэт шүүхэд манай байгууллагыг хариуцагчаар татан нэхэмжлэл гаргасан болно. Манай байгууллагын зүгээс удаа дараа албан бичиг, амаар төлбөрийн үлдэгдлээ төлж барагдуулахыг шаардаж байсан бөгөөд захирал Т.Жигмэддагва нь янз бүрийн шалтаг шалтгаан тоочиж үлдэгдэл төлбөрийг төлөхөөс зайлсхийж байсныг бид хуулийн байгууллагаар шалгуулна хэмээн мэдэгдэж байсныг дурьдаж байна. Иймд ........... ХХК-иас 2013 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 13-135 дугаар гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэг, 12 дугаар зүйлийн 12.2, гэрээний нэмэлт өөрчлөлтөд тус тус зааснаар гэрээгээр тохиролцсон 32 313 600 төгрөгийн тоног төхөөрөмж, суурилуулалтын ажлын үлдэгдэл төлбөр 8 288 600 төгрөг, уг үлдэгдэл төлбөрийн алданги 4 144 300 /2016 оны 12 сарын 08 өдрийн байдлаар, 1136 хоногоор/ төгрөг, нийт 12 432 900 төгрөгийг гаргуулах шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч ........... ХХК-ийн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Захиалагч талын Баянзүрх их дэлгүүрийн гаднах машины урсгалыг шийдвэрлэх асуудал нь 2 талын зэргэлдээх байгууллагуудаас огт хамааралгүй, өөрийн эзэмшлийн талбайд суурилуулж байгаа асуудал юм. Мөн хариуцагч тал тоног төхөөрөмжийг суурилуулж хүлээлгэн өгөх оролдлогыг захиалагч тал болох ........... ХХК-ийн захирал Т.Жигмэддагва надад албан ёсоор хүлээлгэн өгөх талаар нэг ч удаа асуудал тавьж байгаагүй, нэг ч удаа ирж уулзаагүй, ялангуяа Баянзүрх их дэлгүүрийн менежер Б.Болд нь талуудын гэрээнд ямарваа нэгэн байдлаар оролцоогүй нь тухайн төхөөрөмжийг хүлээн авах ч эрхгүй этгээд бөгөөд Б.Болд нь 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр ...........ХХК-ийн нийлүүлсэн тоног төхөөрөмжийн карт уншигч нь картаа хүлээн авахгүй, уншихгүй, компьютерт суурилсан програм нь алдаа заан ажиллахгүй талаар албан шаардлага бичүүлж ...........компанид хүргүүлж байсан.Ийнхүү ...........ХХК нь 2013 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр байгуулсан 13/135 тоот гэрээний дагуу биет байдлын болон эрхийн доголдолгүй тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээний үүргээ биелүүлээгүйгээс уг төхөөрөмжийг гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглах боломжгүй болгосон бөгөөд энэ талаар удаа дараа албан шаардлага, мэдэгдлүүдийг хүргүүлж байсан боловч сураггүй алга болж өнөөг хүртэл дээрх гэрээний 1 дүгээр зүйлийн 1.2, 4 дүгээр зүйлийн 4.4, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй тул гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШШ2019/00913 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч ...........ХХК-иас 24 025 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ........... ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 13 005 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч ........... ХХК-д холбогдох гэрээний үлдэгдэл төлбөрт 8 288 600 төгрөг, алданги 4 144 300 төгрөг, нийт 12 432 900 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ........... ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 362 159 төгрөг, хариуцагч ...........ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 214 000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ...........ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 278 075 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ........... ХХК-д олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 1433 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 182/ШШ2019/00913 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад .............. ХХК-иас төлбөртэй авто зогсоолын тоног төхөөрөмжийг буцаан гаргуулж, ...........ХХК-д олгосугай. гэсэн хэсэг нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн улсын тэмдэгтийн хураамж 492 500 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч Д.Бум-Аюуш хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд нь хэрэгт цугларсан нотлох баримтууд, тайлбарууд, хэргийн үйл баримтанд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлтийг өгч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу хэрэглэж шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болж чадаагүйд гомдолтой байна. Үүнд: шийдвэрийн үндэслэх нь хэсэгт хариуцагч ...........ХХК гэрээ байгуулахаас өмнө 2013 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн төлбөртэй зогсоолын төхөөрөмжийн үнийн саналыг хүргүүлсэн байх бөгөөд зогсоолд орох болон гарах төхөөрөмж, зогсоолын автомат хаалт нь үнийн саналд дурдсанаар -40-+55 хэм гэж тодорхойлсон бөгөөд талуудын хооронд байгуулсан гэрээний хавсралт 1-д заасан тоног төхөөрөмж нь дээрх үнийн саналд дурдсан тоног төхөөрөмжийг худалдахаар талууд тохиролцжээ. Өөрөөр хэлбэл талууд гэрээндээ тоног төхөөрөмжийн чанарын талаар тухайлан заасан байх бөгөөд чанарын хувьд шаардлага хангаагүй тохиолдолд биет байдлын доголдолтой гэж тооцогдоно. Төлбөртэй авто зогсоолын иж бүрэн систем тоног төхөөрөмж гэж худалдсан дээрх тоног төхөөрөмжийг тухайн зориулалтаар нь ашиглах боломжгүй байгаа тохиолдолд доголдолтой эд хөрөнгө гэж үзнэ. Уг нөхцөл байдал нь хэрэгт үзлэгээр авагдсан “Шэнжен сентурифеэр индастри” ХХК нь ................ ХХК-д хүргүүлсэн и-мэйлээр SJS-РS003А загварын зогсоолын авто хаалтын үндсэн удирдлагын техникийн үзүүлэлт нь -25 хэмээс +65 хэм гэж тодорхойлсон байх бөгөөд хариуцагч ...........ХХК-ийн үнийн саналд дээрх тоног төхөөрөмжийг -40-+55 хэм гэж тодорхойлжээ. Өөрөөр хэлбэл төлбөртэй авто зогсоолын иж бүрэн систем тоног төхөөрөмжийн хавсралтад заасан тоног төхөөрөмж -40-+55 хэмд ажиллахгүй, харин -40-+65 хэмд ажиллах техникийн үзүүлэлттэй байх бөгөөд уг төхөөрөмжийн хувьд доголдолтой эд хөрөнгө үзэхээр байна. Маргаж буй тоног төхөөрөмж нь гэрээнд зааснаас чанарын хувьд доголдолтой буюу биет байдлын хувьд доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн байх тул Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1.1-д заасан биет байдлын доголдолтой хөрөнгийг худалдан авагчид шилжүүлсэн гэх нэхэмжлэлийн гомдол үндэслэлтэй байна гэж эд хөрөнгийн талаарх доголдлыг дүгнээд энэхүү дүгнэлтдээ хууль зүйн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэжээ. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт шүүхийн үндэслэл болсон нотлох баримт гэх “хэрэгт үзлэгээр авагдсан “Шэнжен сентурифеэр индастри” ХХК нь ........... ХХК-д хүргүүлсэн и-мэйлээр SJS-РS003А загварын зогсоолын авто хаалтын үндсэн удирдлагын техникийн үзүүлэлт нь -25 хэмээс +65 хэм гэж тодорхойлсон и мэйл” нь үнэхээр “Шэнжен сентурифеэр индастри” ХХК-аас ирсэн гэдэг нь тодорхойгүй, мөн гэрээ байгуулахаас өмнө 2013 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн төлбөртэй зогсоолын төхөөрөмжийн үнийн саналыг хүргүүлсэн байх бөгөөд зогсоолд орох болон гарах төхөөрөмж, зогсоолын автомат хаалт нь үнийн саналд дурдсанаар -40-+55 хэм гэж бичихдээ ард талд нь халаагчтай гэсэн тодотгол орсон байдаг. Энэ нь халаагчтай тохиолдолд -40-+55 хэмд ажиллах утгыг илэрхийлж байгааг гэрээний хавсралтаар хүргүүлэхдээ талууд ярилцаж тохиролцсон байдаг. Шүүх гэрээ байгуулахаас өмнө 2013 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн төлбөртэй зогсоолын төхөөрөмжийн үнийн санал буюу гэрээний хавсралтад дурдсан халаагч гэж юу болох, халаагчтайгаар -40-+55 хэмд тоног төхөөрөмж ажиллах эсэх болон -40-+55 ажиллахыг “Шэнжен сентурифеэр индастри” ХХК нь ........... ХХК-д хүргүүлсэн и-мэйлд үзлэг хийх биш тусгай мэдлэгтэй шинжээчээр тогтоолгох ажиллагаа зэргийг тус тус бүрэн гүйцэтгэсний дараа хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн хэргийг эцэслэн шийдвэрлэх байсан. 2.Мөн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болох нэхэмжлэгч талын хүсэлтээр оролцсон гэрчүүд болох Ж.Төмөрбат, Б.Жалбуу нар нь төлбөртэй зогсоолын төхөөрөмж нь суурилуулсан даруйдаа 6 сар ажиллаж байсан талаар гэрчилсэн мэдүүлэг өгсөн байхад бичгийн нотлох баримтуудаар үнэлэлгүйгээр эх сурвалж нь тодорхойгүй баримтыг үнэлэн хууль зүйн дүгнэлт хийн хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу хэрэглэсэн тул Монгол улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4-т заасны дагуу шийдвэр магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч ........... ХХК нь хариуцагч ...........ХХК-д холбогдуулан гэрээнээс татгалзаж, 24 025 000 төгрөгийг буцаан гаргуулахаас гадна хохирол болох картын үнэ 460 000 төгрөг, картын дэвсгэр дээрх бичилтийн үнэ 200 000 төгрөг, алданги 16 156 800 төгрөг, нийт 40 841 800 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг, хариуцагч гэрээний үлдэгдэл төлбөрт 8 288 600 төгрөг, алданги 4 144 300 төгрөг, нийт 12 432 900 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.
Анхан шатны шүүх хариуцагчаас 24 025 000 төгрөгийг гаргуулж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх гэрээнээс татгалзах үр дагаврыг бүрэн шийдвэрлэж нэхэмжлэгчээс тоног төхөөрөмжийг гаргуулж хариуцагчид олгохоор шийдвэрт өөрчлөлт оруулжээ.
Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчдын эрхийг хязгаарласан, зөрчсөн алдаа гаргаагүй байна.
Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх ба найруулгын шинжтэй алдаа гаргасныг залруулж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.
2013 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан автозогсоолын тоног төхөөрөмж бэлтгэн нийлүүлэх, суурилуулах гэрээг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээ гэж үзсэн шүүхийн дүгнэлт хууль зөрчөөгүй байна.
Хэрэгт байгаа баримтаар ...........ХХК 2014 оны 4 сард тоног төхөөрөмжийг суурилуулж, хүлээлгэн өгсөн, гэрчүүдийн мэдүүлгээр 6 сар гаруй хугацаанд уг тоног төхөөрөмжийг ашиглан, авто зогсоолыг ажиллуулсан, ........... ХХК урьдчилгаа төлбөрт 24 025 600 төгрөгийг төлсөн боловч гэрээний зүйл доголдолтой тул гэрээнээс татгалзсан, тоног төхөөрөмжийн үзүүлэлт гэрээнд заасан шаардлага хангаагүй, доголдолтой болох нь тогтоогдсон, хөөн хэлэлцэх хугацаа, гэрээний талууд өгсөн авснаа буцаах үүрэг зэрэг эрх зүйн асуудлаар давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 254 дүгээр зүйлийн 254.1, 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэг нийцсэн дүгнэлтийг хийжээ. Гэрээний 4.1-т баталгаат хугацааг 12 сар гэж талууд тогтоосон, энэ хугацаанд доголдол илэрсэн нь тогтоогджээ.
Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-т зааснаар худалдан авсан эд хөрөнгө доголдолтой бол худалдан авагч гэрээг цуцлах эрхтэй байна.
Хариуцагч нь нийлүүлсэн тоног төхөөрөмж Монгол улсын стандартад нийцсэн гэдгийг нотлоогүйгээс гадна 1 хаалт, дагалдах тоног төхөөрөмжийг нийлүүлээгүй, карт уншигч төхөөрөмж -40 градуст ажилладаг, эсвэл энэ байдлыг хангахын тулд халаагч нийлүүлсэн болохыг баримтаар нотлоогүй, эд хөрөнгө доголдолгүй болохыг нотлоогүй тул гомдлыг хангах боломжгүй гэж үзэв.
Талууд шаардлага болон татгалзлаа өөрөө нотлох үүрэгтэй. Шүүх зохигчийн өгсөн баримтын хэмжээнд хэргийг хянан шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 67 дугаар зүйлийн 67.1.1, 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн зохицуулалтыг зөрчөөгүй тул хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 1433 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “.............. ХХК-иас... гэсний өмнө ...болгосугай гэснийг ...болгож...” гэж нэмж оруулж, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 492 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЦАГААНЦООЖ
ШҮҮГЧИД Х.СОНИНБАЯР
Д.ЦОЛМОН
Х.ЭРДЭНЭСУВД
П.ЗОЛЗАЯА