Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2016/0233

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.З нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Дэлгэрмөрөн, нэхэмжлэгч Б.З , түүний өмгөөлөгч П.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н нарыг оролцуулан Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 02 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч Б.З , хариуцагч Дорноговь аймгийн Засаг дарга болон Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н нарын гаргасан давж заалдах гомдлоор иргэн Б.З нэхэмжлэлтэй, Дорноговь аймгийн Засаг дарга, тус аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл, аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны даргад тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,    

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч Б.З  2015 оны 3 дугаар сарын 6-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагадаа:

“...Дорноговь аймгийн Засаг даргын 2015 оны Б/10 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Б/13 дугаар захирамжийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлж, аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын болон тус албаны улсын ахлах байцаагчийн албан тушаалын аль тохироход нь томилохыг холбогдох этгээдэд даалгах, мөн тус Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын сонгон шалгаруулалттай холбоотой эрх зүйн актуудын өөрт холбогдох хэсгийг бүхэлд нь илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлж, үндэслэлгүйгээр төрийн албанаас чөлөөлөгдсөн 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс шүүхийн шийдвэр гаргах хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулан, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт зохих бичилт хийлгүүлэх”-ийг хүсчээ. 

Хоёр. Хариуцагч Дорноговь аймгийн Засаг дарга П.Г 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“...Засгийн газрын 2014 оны “Хуулийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” 327 дугаар тогтоолоор Төсвийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, орон нутагт төсвийн эрхийг шилжүүлж байгаатай холбогдуулан улс, орон нутгийн төсөв, санхүүгийн сахилга батыг дээшлүүлэх, хариуцлагатай хяналтын тогтолцоог бүрдүүлэх зорилгоор Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын санхүүгийн хяналт, шалгалтын чиг үүргийг Сангийн яаманд шилжүүлж, чиг үүрэг шилжсэнтэй холбогдуулан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын санхүүгийн хяналт, шалгалтын чиг үүргийг хэрэгжүүлдэг орон тоог уг тогтоолын /Дорноговь аймаг 6 байцаагч/ дагуу аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанд шилжүүлж ажиллуулахаар шийдвэрлэсэн байдаг.

Үүний дагуу аймгийн Засаг даргаас дээрх тогтоолын хэрэгжилтийг хангаж 2014 оны “Санхүүгийн хяналт, аудитын алба байгуулах тухай” А/577 дугаар захирамжаар аймгийн Засаг даргын дэргэдэх албыг 6 орон тоотойгоор /албаны дарга 1, албаны ахлах улсын байцаагч 1, албаны улсын байцаагч-4/ байгуулж, 2014 оны “Түр орлон гүйцэтгэгч томилох тухай” Б/46 дугаар захирамжаар Б.З г 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс томилон тогтоолын хэрэгжилтийг хангаж ажилласан.

Аймгийн Засаг даргын дэргэдэх хэлтэс, алба /агентлаг/-ны дарга нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т “Төсвийн байгууллага нь түүний үйл ажиллагааг үр ашигтай удирдлагаар хангаж ажлын үр дүнг хариуцах үүрэг бүхий төсвийн шууд захирагчтай байна”, мөн 4 дүгээр зүйлийн 4.18-д “төсвийн бусад байгууллагын дарга /захирал, эрхлэгч/ тухайн байгууллагын төсвийн шууд захирагч тул төрийн захиргааны удирдах албан тушаалд томилогдох нэг ажилтныг Улсын Их Хурлаас тогтоосон журмын дагуу сонгон шалгаруулж Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн дүгнэлтээр томилох” зохицуулалтын дагуу Дорноговь аймгийн Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлд удирдах ажилтны сонгон шалгаруулалтын захиалгыг өгч зарлуулан холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажилласан.

2014 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс Засгийн газрын 327 дугаар тогтоолыг хэрэгжүүлж ажиллах чиг үүргийг Сангийн яамнаас 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 10-1/5938 дугаар албан тоотоор ирүүлсний дагуу Санхүүгийн хяналт, аудитын албыг яаралтай байгуулж үйл ажиллагааг нь хэвийн үргэлжлүүлэх, төрийн албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байсан тул албан ёсны үйл ажиллагааны дүрмийг батлахаас өмнө мөн албаны даргын ажлын байрын тодорхойлолтыг Засгийн газрын 2012 оны “Дотоод аудитын дүрэм батлах тухай” 129 дүгээр тогтоолын дагуу албаны үйл ажиллагааг шилжүүлэх үүднээс ажлын байрны ерөнхий тодорхойлолтыг батлан үүрэг гүйцэтгэгчийг шууд томилж ажиллуулж байсан бөгөөд 2015 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн “Санхүүгийн хяналт, аудитын албан үйл ажиллагааны дүрэм батлах тухай” А/04 дүгээр захирамжаар шинээр уг албаны дүрмийг баталж, уг дүрмийн дагуу тухайн албаны даргын ажлын байрын тодорхойлолтыг шинэчлэн гаргасан нь хууль зөрчсөн үйлдэл мэт ташуу ойлгогдож байгааг залруулж байна.

Өөрөөр хэлбэл албаны үйл ажиллагааны дүрэмтэй уялдуулан ажлын байрын тодорхойлолтыг 2015 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр гаргасан нь хууль зөрчсөн үйлдэл биш гэж үзэж байна. Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулах хариуцлагатай албыг байгуулахад цаг хугацаа шаардлагатай байсныг энд дурдах байна.

Иймд Б.З гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах боломжгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Гурав. Хариуцагч Дорноговь аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн дарга С.Б 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

“...Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 327 дугаар тогтоолоор аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Санхүүгийн хяналтын чиг үүргийг аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албанд шилжүүлэхтэй холбогдуулан аймгийн Засаг даргын 2014 оны А/577 дугаар захирамжаар Засаг даргын дэргэд Санхүүгийн хяналт, аудитын албыг 6 орон тоотойгоор байгуулан түүний дарга буюу төсвийн шууд захирагчийн ажлын байрны тодорхойлолтыг аймгийн Засаг даргаас шинэчлэн боловсруулж батлуулан аймгийн Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлд ирүүлсэн.

Аймгийн Засаг даргын дэргэдэх хэлтэс, алба /агентлаг/-ны дарга нь төсвийн шууд захирагч тул Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолын дагуу аймгийн Засаг даргын 2015 оны 1/31 тоот албан бичгээр тус ажлын байрны захиалгыг ирүүлснээр Салбар зөвлөлөөс 2015 оны 26 дугаар тогтоолоор арван байгууллагын захиалгыг баталгаажуулан Төрийн албаны зөвлөлд хүргүүлж, 2015 оны 2 дугаар сарын 6-ны өдөр сонгон шалгаруулалтыг хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулсан.

Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд ирүүлсэн ажлын байрын захиалгын шаардлага, ажлын байрын тодорхойлолтыг тус зөвлөл өөрчлөх эрх байдаггүй.

Мөн Төрийн албаны зөвлөлийн 2015 оны 550 тоот албан бичгээр ирүүлсэн зөвлөмжөөр Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын албан тушаалд томилогдох албан хаагчийг шилжиж очсон албан хаагчаас шууд томилно гэсэн эрх зүйн зохицуулалтгүй тул энэхүү албан тушаалд томилогдох удирдах ажилтныг Төрийн албаны тухай хуулийн 35.1.6, Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоол, Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 14 дүгээр тогтоолын дагуу сонгон шалгаруулалтад оруулах нь зүйтэй гэсэн чиглэл ирүүлсэн.

 Иймд аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын ажлын байрны сонгон шалгаруулалтыг илт хууль бус гэж үзэх үндэслэлгүй” гэжээ.

Дөрөв. Хариуцагч Дорноговь аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга Х.О 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“...Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын албан тушаалд Х.О би Дорноговь аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн Салбар зөвлөлийн 2015 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 35 тоот тогтоол, Авилгатай тэмцэх газрын 2015 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 03/1689 дүгээр дүгнэлтийг тус тус үндэслэж гаргасан аймгийн Засаг даргын 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн Б/13 дугаар захирамжаар томилогдсон.

Тухайн үед 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Б.Номуунбаатараар ахлуулсан ажлын хэсэг ажил хүлээлцэхээр Мэргэжлийн хяналтын газрын байранд байрлах тус албаны өрөөнд ирсэн боловч албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.З  ажлаа хүлээлцэж өгөх албагүй гэсэн шалтгаанаар албаны тамгыг бусдад орхиж, ажлаа хаяж явсан байсан. Энэ нь тус төрийн албан хаагчийн ёс зүйн ямар хэмжээнд байгааг итгэсэн үйлдэл байсан. 

Гэвч Б.З г холбогдох эрх бүхий албан тушаалтантай зөвшилцөж, тус  албаны ахлах байцаагчаар томилох хүсэлтэй байсан боловч өнөөг хүртэл албан ёсоор ажил хүлээлцэх актан дээр гарын үсэг зураагүй, нэг ч удаа ахлах байцаагч болох хүсэлтэйгээ уламжлаагүй. Тус алба нь 2015 оны 11 сарын 18-ны өдөр хүртэлх хугацаанд ахлах байцаагчгүй үйл ажиллагаагаа явуулсаар ирснийг нэхэмжлэгч өөрөө маш сайн мэдэж байсан.

Албаны өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулахтай холбогдуулан санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч, дотоод аудитор томилох шаардлагатай байсан тул бүх ажилчдаас өөрсдийнх нь нэрийг дэвшүүлж, санал солилцсоны үндсэн дээр аймгийн Засаг даргатай зөвшилцөж А.Амгаланзаяаг 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн албаны даргын Б/08 тоот тушаалаар Санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч, дотоод аудитороор томилсон.

Иймээс манай албанд улсын ахлах байцаагчийн орон тоо байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэх боломжгүй” гэжээ.

Тав. Гуравдагч этгээд Х.О 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

“...Миний хувьд Төрийн албаны салбар зөвлөлөөс зохион байгуулсан сонгон шалгаруулалтын хүрээнд аймгийн Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн Б/13 дугаар захирамжаар Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны даргаар томилогдсон. Нэхэмжлэгчийн эрх зөрчигдөж байгаа талаар надад мэдэх зүйл байхгүй. Мөн миний эрх, ашиг сонирхол ч хөндөгдөж болзошгүй нөхцөл байдал үүсээд байгааг ойлгож байна. Хаана буруу шийдвэр гаргасныг мэдэхгүй. Хуулийн хүрээнд шийдвэрээ гаргаж өгнө үү” гэжээ.

Зургаа. Гуравдагч этгээд А.А 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

“...Миний хувьд 2009 оноос тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын санхүүгийн хэлтэст улсын байцаагчаар ажиллаж байгаад Засгийн газрын 2014 оны 327 тоот тогтоолын дагуу аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албанд байцаагчаар томилогдон ажилласан.

Ингээд 2015 оны 11 сарын 18-ны өдрөөс тус албаны ахлах байцаагчаар ажиллах болсон. Ахлах байцаагчаар хэнийг ажиллуулах асуудлыг албаны хамт олны хурлаар шийдвэрлэсний хүрээнд намайг уг албан тушаалд томилсон” гэжээ.

Долоо. Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 02 дугаар шийдвэрээр:

“...Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 11 дүгээр зүйлийн 11.6, 17 дугаар зүйлийн 17.3, 17.5, 17.6, 27 дугаар зүйлийн 27.2.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Б.З нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, түүнийг Дорноговь аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч, дотоод аудиторын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахаар томилохыг хариуцагч Дорноговь аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны даргад даалгаж, Дорноговь аймгийн Засаг даргын 2015 оны Б/10 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, Б/13 дугаар захирамжийг илт хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх, аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын албан тушаалд томилохыг даалгах, мөн тус Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын сонгон шалгаруулалттай холбоотой эрх зүйн актуудын өөрт холбогдох хэсгийг бүхэлд нь илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, ажилгүй байсан 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх нийт ажлын 213 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 10.645.314 төгрөгийг Дорноговь аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны төсвөөс гаргуулан нэхэмжлэгчид олгож, нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр нөхөн төлж, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид даалгаж” шийдвэрлэжээ.

Найм. Хариуцагч Дорноговь аймгийн Засаг дарга болон Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд 2016 оны 2 дугаар сарын 12-ны өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: 

...Б.З г “Түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлөх тухай” Б/10 дугаар захирамжийг шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн атлаа нэхэмжлэгчийн эрх ашиг нь хөндөгдөөгүй албан тушаалд эргэн томилох шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл Засаг даргын гаргасан “Түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлөх тухай” Б/10 дугаар захирамжийг шүүх хүчин төгөлдөр гэж үзэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож тухайн шийдвэр хууль ёсны болохыг тогтоосон атлаа Б.З г тус албаны ахлах байцаагчийн албан тушаалд томилохыг даалгасан нь шүүхийн шийдвэр хоёр салаа утга агуулгатай гаргасан гэж үзэхүйц байна.

Мөн Б.З  нь албаны даргын албан тушаалд аймгийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн “Түр орлон гүйцэтгэгч томилох тухай” Б/46 дугаар захирамжаар томилогдож ажилласан. Харин 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн “Санхүү хяналт, аудитын алба байгуулах тухай” А/577 дугаар захирамжаар аймгийн Засаг даргын дэргэдэх албыг 6 орон тоотойгоор /албаны дарга 1, ахлах улсын байцаагч 1, албаны улсын байцаагч 4/ байгуулсан. Шүүхийн шийдвэрээр эргэн тогтоолгох гээд байгаа улсын ахлах байцаагч нь энэхүү захирамжаар тусдаа ажлын байр байсан. Үүнийг нэхэмжлэгч өөрөө тухайн албан тушаалд томилогдохоосоо өмнө мэдэж байсан.

Нэхэмжлэгч тус албаны даргаар ажиллахгүй, мөн улсын ахлах байцаагчаар ажиллах хүсэлтэй зэргээ тухай үед гаргасан бол албаны даргаар заавал томилон ажиллуулах шаардлага байгаагүй. Харин ч төрийн албан хаагчийг дэмжиж албан тушаал ахиулан томилсон байгаа. Гэтэл сонгон шалгаруулалтад амжилтгүй оноо авч ажлын байраа хадгалан үлдэж чадаагүй байж хувийнхаа байгууллагад ажиллаж байгаа мэт дараагийн албан тушаалд томилон ажиллуулах шийдвэрийг шүүхээс гаргаж байгаа нь төрийн албаны мөн чанар, үйл ажиллагааны тасралтгүй үргэлжлэх зарчмыг алдагдуулж байна гэж үзэж байна.

Мөн Б.З  нь ямар нэгэн санал, гомдолгүйгээр албаны даргын ажил үүргийг 2014 оны 12 дугаар сарын 3-наас 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл гүйцэтгэсэн. Энэ нь нэхэмжлэгч тус албаны даргын албан тушаалд ажиллах хүсэл эрмэлзэлтэйг илэрхийлдэг. Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчаар дараагийн албан хаагч гуравдагч этгээд А.А холбогдох хууль дүрэм журмын дагуу томилогдон ажиллаж байна.

Гуравдагч этгээдийн Монгол Улсын Үндсэн Хууль, Төрийн албаны тухай хуулиар олгогдсон үндсэн эрх, нийгмийн баталгаа нь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 02 дугаар шийдвэрээр хөндөгдсөн. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2 дахь хэсэгт заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулж, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор үнэлээгүй гэж үзэж байна.

Иймд Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 02 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг дахин хянан шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Ес. Нэхэмжлэгч Б.З  дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдөр гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Санхүүгийн хяналт аудитын алба шинээр байгуулагдсантай холбогдуулан албаны даргын удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтын захиалга өгөх үйл явц нь илт хууль бус болох нь хавтас хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байгаа бөгөөд эрх бүхий албан тушаалтан нь /Аймгийн Засаг дарга/ үүнийг мэдсээр байж илт хууль бусаар ажлын байрны захиалгыг хүргүүлж, сонгон шалгаруулалт зарлуулснаар миний эрх ашиг хөндөгдөж зөрчигдсөн байхад шүүх тал бүрээс нь нягталж үзээгүй гэж үзэж байна. Тухайлбал:

1.Засгийн газрын 2014 оны 327 тоот тогтоолоор аймгийн Мэргэжлийн хяналтын газрын харьяанд байсан санхүүгийн хяналтын чиг үүрэг аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албанд шилжсэнээр Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасны дагуу миний эрхэлж байсан хэлтсийн дарга, улсын ахлах байцаагчийн ажлын байрны тодорхойлолтод заагдсан чиг үүрэг нь Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын эрхлэх ажлын чиг үүрэг болж ажлын байрны тодорхойлолт батлагдсан. /Хариуцагч нь Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга, улсын ахлах байцаагч гэсэн албан тушаал дээр ажлын байрны тодорхойлолтыг баталсан болно/

Гэтэл аймгийн Засаг дарга нь Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын ажлын байрны тодорхойлолтыг батлахдаа илт хууль бус үйл ажиллагаа явуулж Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасныг зөрчиж, өмнө нь мөрдөгдөж байсан Мэргэжлийн хяналтын газрын Санхүүгийн хяналтын хэлтсийн дарга, улсын ахлах байцаагчийн ажлын байрны тодорхойлолтын ерөнхий шаардлагын түвшингээс дордуулан ажлын туршлагыг “хяналтын салбарт 3-аас доошгүй жил” болгон баталж өгсөн боловч Төрийн албаны зөвлөлийн Дорноговь аймаг дахь салбар зөвлөлд албаны даргын сонгон шалгаруулалтын захиалгыг өгөхдөө ажлын байрны тодорхойлолтын туршлага хэсгийг “хяналтын салбарт ажилласан туршлагатай байх” гэж дахин засаж Төрийн албаны зөвлөлийн Дорноговь аймаг дахь Салбар зөвлөлд удирдах албан тушаалтны захиалгыг хүргүүлсэн нь хууль зөрчөөгүй үйлдэл үү?

Үүнийг шүүх ач холбогдол өгч нягталж шалгаагүй. Зөвхөн “2015 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн А/04 дүгээр захирамжаар Санхүүгийн хяналт, аудитын албаны үйл ажиллагааны дүрмийг баталж, үүнтэйгээ холбогдуулан тус албаны даргын ажлын байрны тодорхойлолтыг ч мөн өдөр баталсан байна” гэж үзсэн нь хариуцагч аймгийн Засаг дарга нь 2015 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр албаны даргын ажлын байрны тодорхойлолтын туршлага хэсгийг 3 жил болгон баталж өгснийг гэрчлэх албан тушаалтнууд байсаар байхад энэ талаар гэрчээс асууж тодруулаагүй, албаны даргын ажлыг эрхлэх хүнд нь тохируулан ажлын байрны тодорхойлолтыг баталж, ажлын байрны захиалгыг хүргүүлсэн нь Төрийн албаны зөвлөлийн 2004 оны 34 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 4 дэх хэсэгт ажлын байрны тодорхойлолтыг батлахдаа “ажил эрхлэгчид бус, тухайн байгууллагын зорилт, чиг үүргийг үр нөлөөтэй хэрэгжүүлэх шаардлагатай нийцүүлэн ажлын байрны шинжилгээ, үнэлгээний үр дүнд тулгуурлан боловсруулна” гэснийг хэрэгжүүлээгүй, хавтас хэрэгт авагдсан нотлох баримтад ач холбогдол өгөөгүй болно.

Шүүх Мэргэжлийн хяналтын газрын Санхүү, хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын хэлтсийн дарга, улсын ахлах байцаагчийн ажлын байрны тодорхойлолт болон Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын ажлын байрны тодорхойлолтыг харьцуулж үзэхэд хэлтсийн даргын ажлын байрны үндсэн чиг үүргийн хүрээнд хамаарах зарим чиг үүргүүд нь хэвээр хадгалагдан үлдсэн ч шинээр бий болсон албан тушаал нь ангиллын хувьд өөрчлөгдсөн, улмаар тухайн байгууллагын шууд захирагч тул тэрээр байгууллагыг төлөөлөх, ажилтнуудыг томилж чөлөөлөх эрхтэй зэргээр ерөнхий чиг үүрэг нь өөрчлөгдсөн гэж үзсэн боловч тухайн албаны даргын чиг үүрэг нь хуучин эрхэлж байсан албан тушаалаас шаардлага нь өндөршиж, тухайн албан тушаалын хариуцлага өндөр болсон мэтээр тайлбарласан мөртлөө хуучин эрхэлж байсан ажлын байрны тодорхойлолтын туршлага хэсгийг дордуулан баталж, албан тушаал эрхлэх хүнд нь тохируулан тухайн ажлын байрны захиалгыг зориудаар илт хууль бусаар зарлуулахаар албан бичиг хүргүүлсэн нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна.

Ямар шалтгаанаар ажлын байрны тодорхойлолтын туршлага хэсгийг ажил эрхлэх хүнд нь тохируулан дордуулж батлан /хавтас хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байгаа болно/ удирдах албан тушаалтны ажлын байрны захиалга хүргүүлснийг шүүх тогтоогоогүй. /шүүх хуралдаанд хариуцагч талаас энэ талаар асуусан боловч тодорхой тайлбарлаагүй нь шүүх хурлын тэмдэглэлд тэмдэглэгдсэн байгаа/

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 327 дугаар тогтоолоор Мэргэжлийн хяналтын газрын харьяанд байсан санхүүгийн хяналтын чиг үүргийг аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албанд шилжүүлж, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасны дагуу шилжүүлэн томилж ажиллуулахаар Сангийн сайдаас удаа дараа албан бичиг ирүүлсэн бөгөөд ажлын байрны тодорхойлолтыг дордуулан баталж, төрийн жинхэнэ албан хаагчийн эрх ашгийг хөндөх талаар дээрх тогтоолд тусгагдаагүй болно.

Шүүх Засгийн газрын тогтоол, Сангийн сайдаас ирүүлсэн албан бичиг, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ирүүлсэн өргөдлийн хариу, Төрийн албаны зөвлөлийн Дорноговь аймаг дахь Салбар зөвлөлийн магадлах комиссын дүгнэлтэд ач холбогдол өгөөгүй, шинжлэн судлаагүй байна.

Засгийн газрын 129 дүгээр тогтоолоор батлагдсан “Дотоод аудитын дүрэм”-д заагдсан албаны дотоод аудиторт тавигдах шаардлагатай нийцүүлж албаны даргын ажлын байрны тодорхойлолтыг баталсан эсэхийг нягтлаагүй мөн тухайн албан тушаалд сонгон шалгаруулалтын үр дүнгээр томилогдсон албан тушаалтан нь хариуцагчийн хуучин эрхэлж байсан ажил, албан тушаалтны ажлын байрны тодорхойлолтын туршлага хэсэгт нийцэж буй эсэхийг тодруулж нотлох баримтыг гаргуулаагүй гэж үзэж байна. /албаны даргын ажлын байрны тодорхойлолтын туршлага хэсгийг ямар шалтгаанаар дордуулан баталсныг сонгон шалгаруулалтын үр дүнгээр томилогдсон албан тушаалтны нийгмийн даатгалын дэвтэрт хийгдсэн бичилтээр нотлогдох боломжтой/

Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын сонгон шалгаруулалтыг зарлуулах шаардлагатай гэж үзсэн бол миний хуучин эрхэлж байсан албан тушаалын ажлын байрны тодорхойлолтын туршлага хэсгийг дордуулан батлахгүйгээр захиалгыг хүргүүлэх боломжтой байсныг шүүх хянаж шалгалгүйгээр шийдвэр гаргасан. /Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад өгсөн өргөдлийн хариу, мөн Төрийн албаны зөвлөлийн Дорноговь аймаг дахь салбар зөвлөлийн Маргаан хянан шалгах комиссын дүгнэлтээр нотлогдож байгаа/

Мөн Албаны даргын ажлын байрны тодорхойлолтын туршлага хэсгийг Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагч, дотоод аудиторын ажлын байрны тодорхойлолттой харьцуулахад улсын байцаагчийн ажлын байранд тавигдах туршлага хэсэгт “мэргэжлээрээ 3-аас доошгүй жил” гэсэн шаардлага тавьсныг дурдах нь зүйтэй юм.

2.Захиргааны хэргийн анхан шатны шүүх нь “...Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д зааснаар төсвийн шууд захирагчийн орон тоо шинээр бий болсон, өөрөөр хэлбэл төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалын сул орон тоо гарсан гэж үзэх үндэслэл болж байна” гэж үзсэн.

Гэтэл “Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” Улсын Дээд шүүхийн 2010 оны 08 тоот тогтоолын 4-т “хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасан сул орон тоо гарсан гэж хуулийн 23, 24, 25 дугаар зүйл, 26 дугаар зүйлийн 26.1.3-т заасан үндэслэлээр төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаалаас нь бууруулсан, төрийн албанаас чөлөөлөгдсөн, халагдсан болон төрийн жинхэнэ албан хаагч нас барсны улмаас тухайн албан тушаалын ажлын байр суларсан байхыг хэлнэ. Хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 17 дугаар зүйлийн 17.3-т төрийн албанд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангаагүй этгээд тухайн албан тушаалд ажиллаж байгааг “сул орон тоо гарсан” гэдэгт хамааруулж үзнэ” гэж тодорхой тайлбарласан байхад миний эрхэлж байсан албан тушаалыг сул орон тоо гэж үзсэн нь үндэслэлгүй юм.

Мөн сул орон тоо биш гэж үзэх үндэслэл нь Засгийн газрын 2014 оны 327 дугаар тогтоолоор Мэргэжлийн хяналтын газрын харьяанд байсан санхүүгийн хяналтын 6 орон тоон дээр 5 албан хаагчийг шилжүүлсэн боловч Төрийн албаны зөвлөлийн Дорноговь аймаг дахь Салбар зөвлөлд сонгон шалгаруулалтын захиалгыг хүргүүлэхээс өмнө аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн сангийн хэлтэст дотоод аудитын мэргэжилтнээр ажиллаж байсан албан хаагчийг дээрх тогтоолыг үндэслэл болгон тус албанд шилжүүлэн батлагдсан орон тоогоор ажиллуулсан байхад шүүх энэ байдлыг нягтлан шалгаагүй, сонгон шалгаруулалтыг зарлахаас өмнө батлагдсан 6 орон тоон дээр 6 албан хаагч ажиллаж байсан байхад нотлох баримтыг гаргуулаагүй бөгөөд сул орон тоо гэж үзэх үндэслэлгүй байгааг тодорхой харуулж байна. /Засгийн газрын 2014 оны 327дугаар тогтоолд хамааралгүй албан тушаалтныг шилжүүлснийг яагаад огт анзаарахгүй байгааг энд дурдах нь зүйтэй/

3. Шүүх зөвхөн сонгон шалгаруулалт явагдсан үйл явцыг нягтлан шалгаж, дүгнэлт гаргасан бөгөөд тус албаны даргын сонгон шалгаруулалтын захиалгыг хүргүүлсэн үйл явц нь илт хууль бус байхад тал бүрээс нь судалж шинжлэлгүйгээр шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Иймд миний хуучин эрхэлж байсан ажил албан тушаалын ажлын байрны тодорхойлолтын туршлага хэсгийг дордуулан ажил эрхлэх хүнд нь тохируулан баталж, албаны даргын сонгон шалгаруулалтын захиалгыг хүргүүлсэн нь илт хууль бус бөгөөд захиалгыг хүргүүлснээр миний төрийн албанд ажиллах эрх зөрчигдөж эхэлсэн тул албаны даргын удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалттай холбогдох гомдлыг тал бүрээс нь дахин нягтлан шалгаж хянан шийдвэрлэж өгнө үү.

Миний бие Монгол Улсын Үндсэн хууль холбогдох бусад хууль тогтоомж, хүний эрхийг илэрхий зөрчин ажил эрхлэх хүнд нь тохируулан ажлын байрны тодорхойлолтыг дордуулан засаж батлан удирдах албан тушаалтны захиалгыг хүргүүлж, сонгон шалгаруулалтыг 2015 оны 2 дугаар сарын 6-ны өдөр зохион байгуулж явуулах гэж байгааг 2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр зар мэдээллээс олж хараад энэхүү хууль бус үйлдлийг нэн даруй нягтлан шалгаж засаж залруулахыг хүссэн өргөдөл, нэхэмжлэлийг  Дорноговь аймгийн Захиргааны хэргийн 7 дугаар шүүхэд 2015 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр, мөн дээрх сонгон шалгаруулалт болохоос өмнө 2015 оны 2 дугаар сарын 4-ний өдөр Төрийн албаны зөвлөлд болон Төрийн албаны зөвлөлийн Дорноговь аймаг дахь Салбар зөвлөлд тус тус гаргаж байсныг тухайн үед эрх бүхий албан тушаалтнууд мэдсээр байж холбогдох арга хэмжээг аваагүй, илт хууль бус үйлдлийг таслан зогсоохыг хүсээгүй” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.3, 32.5.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангагдаагүй, иймд дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Дорноговь аймгийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн А/577 дугаар захирамжаар Санхүүгийн хяналт, аудитын албаны бүтэц, орон тоог “Албаны дарга 1, албаны ахлах улсын байцаагч 1, улсын байцаагч 4 буюу нийт 6 орон тоотой байх”-аар баталсан, мөн албаны дарга нь улсын ахлах байцаагч байхаар ажлын байрны тодорхойлолтод заажээ.

Нэхэмжлэгч Б.З тухайд албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн Б/46 дугаар захирамжаар томилогдож 3 сар гаруйн хугацаанд ажиллаж байгаад 2015 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн Б/10 дугаар тушаалаар чөлөөлөгдсөн байна.

Гэтэл энэхүү тушаалыг хүчингүй болгуулах, мөн Х.Оюунтуяаг албаны даргаар томилсон Засаг даргын 2015 оны Б/13 дугаар захирамж, Төрийн албаны зөвлөлийн Дорноговь аймаг дахь Салбар зөвлөлөөс гаргасан Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын албан тушаалд томилогдох сонгон шалгаруулалттай холбоотой гаргасан эрх зүйн актуудыг бүхэлд нь илт хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх, ажил, албан тушаалд томилохыг даалгах нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл зэргээс үзэхэд Б.З  нь Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын, эсхүл дээр дурдсан бүтцийн дагуу тус албаны улсын ахлах байцаагчийн 1 орон тооны аль тохироход нь томилохыг даалгах бус харин өмнө эрхэлж байсан албаны даргын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллах хүсэл сонирхолтой болох нь давж заалдах гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.  

Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхээс Б.З г Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагч буюу дотоод аудиторын албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулахаар томилохыг тус албаны даргад даалгаж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулахаар шийдвэрлэснээр нэхэмжлэлийн шаардлага хангагдсан гэж ойлгогдох боловч нэхэмжлэгчээс энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байгаа нь шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн тодруулаагүй гэж үзэхээр байна.

Түүнчлэн Салбар зөвлөлөөс гаргасан Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын ажлын байрны сонгон шалгаруулалттай холбоотой эрх зүйн актууд гэдэгт чухам ямар шийдвэрүүдийг хамруулж байгааг тодруулалгүйгээр нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь ойлгомжгүй, гэтэл Б.З  2016 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө энэ хүрээнд сонгон шалгаруулалт зарласан, мөн одоогийн дарга Х.Оюунтуяаг удирдах ажилтны нөөцөд бүртгэсэн, нэр дэвшүүлсэн зэрэг шийдвэрүүдийг хүчингүй болгуулахыг хүссэн байх бөгөөд энэ тухайгаа ч давж заалдах шатны шүүх хуралдаанд илэрхийлсэн болно.

Мөн энэхүү өөрчилсөн шаардлагадаа “...Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга, эсвэл улсын ахлах байцаагчаар томилохыг хариуцагчид даалгах” гэж бичсэнээ эдгээр албан тушаалын аль тохироход нь гэсэн утгаар биш, харин аймгийн Мэргэжлийн хяналтын газарт эрхэлж байсан ажил, албан тушаалыг Санхүүгийн хяналт, аудитын албанд ийнхүү 2 салгаж баталсантай холбогдуулж, нөгөөтэйгүүр албаны дарга нь ахлах байцаагчийн эрхтэй байдаг учраас ийнхүү тодруулсан, түүнээс улсын ахлах байцаагч буюу дотоод аудиторын албан тушаалд томилогдох шаардлага огт гаргаагүй гэж тайлбарлаж байгаагаас үзэхэд анхан шатны шүүхээс эдгээр нэхэмжлэлийн шаардлагуудыг бүрэн тодруулсны үндсэн дээр хэргийг дахин шийдвэрлэх шаардлагатай байна.

Б.З гаас “Төрийн албаны зөвлөлийн Дорноговь аймаг дахь Салбар зөвлөлөөс гаргасан Санхүүгийн хяналт, аудитын албаны даргын албан тушаалд томилогдох сонгон шалгаруулалттай холбоотой гаргасан эрх зүйн актуудыг бүхэлд нь хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байхад шүүхийн шийдвэрт “өөрт холбогдох хэсгийг” гэж нэмж бичсэн гэснийг болон нэхэмжлэлийн тодруулсан шаардлагын хүрээнд нэмэлт нотлох баримт бүрдүүлэх шаардлагатай эсэхийг маргааныг дахин шийдвэрлэхдээ анхаарах нь зүйтэй болохыг тэмдэглэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.2, 88 дугаар зүйлийн 88.1.4, 88.3.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 02 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж, буцаан олгосугай.

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй. 

 

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

 

ШҮҮГЧ                                               Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                               Б.ТУНГАЛАГСАЙХАН      

ШҮҮГЧ                                               Э.ЛХАГВАСҮРЭН