Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 45

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Урангуа даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Номинтунгалаг,

Улсын яллагч: Өмнөговь аймаг дахь Сум дундын 1-р прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бямбадорж,

Шүүгдэгч: К.Хуандаг /өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2, 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ахтай овогт Көлшийн Хуандагт холбогдох 201616010070 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1966 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Баян-Өлгий аймагт төрсөн, 50 настай, эрэгтэй, казак, тусгай дунд боловсролтой, хөдөө аж, ахуйн механик, жолооч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Говь транс ложистик” ХХК-д жолооч ажилтай байсан, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баян-Өлгий аймаг, Өлгий сумын 9-р баг, Хөх хадын 44-11 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шангалгүй, Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 32 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар шийтгэгдэж байсан, Ахтай овогт Көлшийн Хуандаг /РД: БЭ66111517/

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч К.Хуандаг нь 20165 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хугацаа нь дууссан өөрийн эзэмшлийн Е1004108 дугаартай энгийн гадаад паспортыг ашиглах зорилгоор түүний 6 дугаар хуудсан дахь 10.01.2015 гэсэн сунгалтын 2015 гэх албан ёсны бичвэрийн арын 5-ын тоог 9-ийн тоо болгон өөрчилж, сунгалтын хугацааг 10.01.2019 болгон хуурамчаар үйлдэж, ашигласан,

Дээрх сунгалтын хугацааг нь 10.01.2015 болгож хуурамчаар үйлдсэн Е1004108 дугаартай үндэсний энгийн гадаад паспортыг ашилан 2016 оны 05 дугаар сарын 27, 2016 оны 05 дугаар сарын 30, 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтоор давтан үйлдлээр хууль бусаар Монгол улсын хил нэвтэрсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хуралдаанд шүүгдэгч К.Хуандаг мэдүүлэхдээ: “...Би Баян-Өлгий аймгийн иргэн. Ахуй амьдралаа дээшлүүлэх зорилгоор зурагтаар гарсан зарын дагуу Гашуун сухайтын боомтод үйл ажиллагаа явуулдаг  “Говь транс ложистик” ХХК-д ажил хийхээр ирсэн. Би тухайн паспортоор өмнө нь удаа дараа улсын хилээр нэвтэрч байсан. Ийм гэмт хэрэгт холбогдсондоо харамсаж байна. Миний зүгээс ашиг хонжоо олох зорилго байгаагүй. Үр хүүхдүүддээ тус болохыг бодсон. Та бүгдээс уучлалт гуйж байна” гэв. 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Өмнөговь аймгийн Улсын бүртгэл, статистикийн улсын бүртгэлийн газрын дарга С.Бямбабаатарын: “...Гадаад паспорт нь өөрөө Монгол Улсын өмч байдаг ба иргэн хүн эзэмшилдээ авснаас хойш тухайн паспортыг сунгуулах, ашиглах, хэрэглэх эрх нээгддэг боловч бусдад шилжүүлэх, засварлах, гэмтээх, үрэгдүүлэх зэргийг хориглодог. 2011 оноос хойш гадаад энгийн паспортын хугацааг 5 жилийн хугацаатай сунгахад 12,500 төгрөгийн төлбөр тушаадаг болсон. Ахтай овогт Көлшигийн Хуандаг нь Монгол Улсын энгийн паспортын хугацааг засварлаж хил нэвтэрсэн үйлдлээс манай байгууллагад ямар нэг хохирол учраагүй” гэсэн мэдүүлэг / хавтаст хэргийн 77-78-р хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Иргэний харьяалал шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Өмнөд бүс дэх газрын Гашуун сухайт хилийн боомт хариуцсан тасгийн дарга Т.Тайванжаргалын: “...2016 оны 06 дугаар сарын 04-ний өдөр манай ажилтан Зургаан-Од надад “эргэлзээтэй гадаад паспорттой хүн байна та ирж үзээч гэж” мэдэгдсэн. Тэгээд би очоод гүнзгийрүүлсэн шалгалт хийхэд К.Хуандаг гэдэг хүний гадаад паспортын хугацаа сунгасан огноо засвартай байж магадгүй байсан. Энэ өдөр амралтын өдөр байсан учир би удирдлагадаа танилцуулж чиглэл авч ажилласан. Тэгээд Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэл газраас асуулгахад 1 дэх өдөр ажил дээрээ очоод хариу хэлье гэсэн. Бид хугацаа сунгасан газраас засвар хийгээд тамга дарж баталгаажуулаагүй байж магадгүй гэж лавлахад 1 жилийн хугацаатай сунгалт хийгдсэн байна гэсэн хариуг Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн газраас мэдэгдсэн. Тэгээд энэ асуудал хуурамч бичиг баримт ашиглаж хууль бусаар хил нэвтэрсэн гээд тагнуулын байгууллагад шилжүүлсэн” гэсэн мэдүүлэг / хавтаст хэргийн 79-80-р хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд шатанд гэрч Иргэний харьяалал шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Өмнөд бүс дэх газрын Гашуун сухайт хилийн боомтын шалгагч О.Мөнхгалын: “...2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр би нүүрсний гарах чиглэлд үүрэг гүйцэтгэж байсан. К.Хуандаг гэдэг хүн өглөө татсан машинуудын дунд орж оочирлож байгаад штамб даруулах гэж гадаад паспортоо өгсөн. Тэгээд би гадаад паспортыг нь шалгахад 2013 онд дууссан байсан. Тэгээд арагшаа эргүүлээд харахад 2014 он хүртэл 1 жилээр сунгаад дахиад 2019 он хүртэл 5 жилээр сунгалт хийгдсэн байна гэж харсан. Тэгээд би К.Хуандагаас “та ойрд хил гараагүй юм уу” гэж асуухад “Сүхбаатар аймагт ажиллаж байгаад ажилгүй болоод нүүрсний машин барьж байна” гэж хэлсэн. Тэгээд би штамб дараад урагшаа гаргасан. Энэ үед хүн их дараалалтай байсан. Манай шинэ бүртгэлийн системд хугацаа дууссан гэж гарч байсныг би 2019 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл хүчинтэй гэж шивээд оруулсан” гэсэн мэдүүлэг / хавтаст хэргийн 81-85-р хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч “Говь Транс Ложистик” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ядамсүрэнгийн: “...Би К.Хуандагийг сайн танихгүй. 2016 оны 05 дугаар сарын 20-ны үеэр Улаанбаатар хот байдаг төвд ажилд ороод Өмнөговь аймагт томилогдож ирээд 84-25 УНЗ “Хово” маркийн автомашин хүлээлгэн өгсөн. Тэгээд хамгийн анхны эрээсийн чиглэл нь Цагаан хаднаас Тавантолгой-Гашуунсухайт-Ганцмодны чиглэлд 2016 оны 05 дугаар сарын 23-ны орой 20 цагийн үед хөдөлж, 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр буцаж хилээр орж ирсэн. Тэгээд тавантолгойн уурхай ачихаа болилоо гээд 2016 оны 05 дугаар 26-ны өдөр “Эрдэнэс таван толгой” ХХК-иас мэдэгдсэн. Манай компани 2016 оны 05 дугаар 26-ны өдрөөс нүүрс зөөхөө түр зогсоогоод 10-аад хоногийн дараа ажил дахин эхэлсэн” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 86-87-р хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Иргэний харьяалал шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Өмнөд бүс дэх газрын Гашуун сухайт хилийн боомтын шалгагч А.Мөнхжаргалын: “...Би Гашуун сухайт-18 гэсэн хилийн шалганы штанмп эзэмшдэг. 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Өмнөд бүс дэх газрын Гашуун сухайт боомтын нүүрсний гарах чиглэлд зорчигчийн баримт бичиг шалгаж байсан. К.Хуандагийг шалгахад гадаа паспорт зөрчил илрээгүй улсын хилээр хэд хэдэн удаа нэвтэрсэн байсан учир түүнийг хараад хилээр нэвтрүүлсэн. Би К.Хуандагийн гадаад паспортыг анзаараагүй, уншигчид хийж шалгаж үзэхэд ISM программ дээр шивэгдэж байсан. Он сарыг нь анзаараагүй байх” гэсэн мэдүүлэг / хавтаст хэргийн 90-92-р хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Иргэний харьяалал шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Өмнөд бүс дэх газрын Гашуун сухайт хилийн боомтын шалгагч Ц.Билгүүнзаяагийн: “...Би К.Хуандагийг хилээр нэвтрүүлэхдээ хүчинтэй хугацааны сунгалтыг засвартай байсныг анзаараагүй байна” гэсэн мэдүүлэг / хавтаст хэргийн 93-95-р хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Иргэний харьяалал шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Өмнөд бүс дэх газрын Гашуун сухайт хилийн боомтын ахлах мэргэжилтэн О.Түмэнцогтын: “...К.Хуандагийн гадаад паспортын зөрчлийг манай шалгагч С.Зургаан-Од 06 дугаар сарын 04-ний өдөр илрүүлээд над дээр ирсэн би түүнийг нарийвчлан шалгаж үзсэн гадаад паспортын сунгалт хэсгийн урд хуудаснаас үзэхэд 2019 он гэх бичигтэй, хуудасны ардаас үзэхэд 2015 он гэх бичигтэй байсан учир тасгийн дарга Тайванжаргалд танилцуулж, тасгийн даргын шийдвэрээр зөрчлийн материал бүрдүүлэн Тагнуулын байгууллагад шилжүүлсэн” гэсэн мэдүүлэг / хавтаст хэргийн 99-100-р хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Иргэний харьяалал шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Өмнөд бүс дэх газрын Гашуун сухайт хилийн боомтын шалгагч С.Зургаан-Одын: “...2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Гашуун сухайт боомтын нүүрсний гарах чиглэлд үүрэг гүйцэтгэж байх үед К.Хуандаг шалгуулахаар ирсэн. Би үүргийн дагуу гадаад паспортыг шалгаж үзэхэд уг гадаад паспортын 2 дахь сунгалтын арын 2019 он гэсний 9-ийн тооны арын дэвсгэр нь цайрсан харагдсан. Би нарийвчлан үзэж шалгахад 9 гэсэн тооны дээр хар өнгийн балаар засаж бичсэн харагдсан, тэгээд үүргийн дагуу тасгийн дарга Т.Тайванжаргалд мэдэгдэж гадаад паспортыг хүлээлгэн өгсөн. К.Хуандагаас “та гадаад паспортоо хаана сунгуулсан бэ” гэж асуухад тэрээр “ах нь ядарсан амьдралтай хүн гээд амьдралаа яриад эхэлсэн”, бас “зүгээр миний дүү ямар нэг асуудал байхгүй, намайг явуулчих би урд нь яваад л байсан ш дээ” гэж хэлээд миний асуусан асуултад хариулахгүй байсан. Би 3 дахь удаагаа асуухад ”би хаана сунгуулснаа мэдэхгүй байна, миний хүүхдүүд паспортыг сунгуулаад надад авчирч өгсөн” гэж хэлсэн эхлээд сандарч хэсэг байгаад уцаарлаж эхэлсэн” гэсэн мэдүүлэг / хавтаст хэргийн 101-103-р хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Өмнөговь аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч ажилтай Ш.Еркинбекийн: “...Манай гадаад паспортын сунгалтын бүртгэлд 2014 онд Көлшигийн Хуандаг гэдэг хүн Е1004108 дугаарын паспортоо нэг жилийн хугацаагаар сунгуулж паспортын хугацаа нь 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр дуусахаар бүртгэгдсэн байна. Паспортын хугацаа нь сунгуулсан бүртгэлийн дэвтэрт бид сунгуулсан хугацаа болон дуусах хугацааг нь бичиж паспортыг эзэнд нь өгөхдөө гарын үсэг зуруулдаг юм. К.Хуандагийн хувьд гадаад паспортоо 1 жилээр сунгуулсан ба 1 жилээр сунгуулахад 2,000 төгрөгийн төлбөр төлдөг. Санхүүгийн баримтад хүртэл 2014 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр К.Хуандаг 2,000 төгрөг манай дансанд тушаасан баримт нь байна” гэсэн мэдүүлэг / хавтаст хэргийн 106-р хуудас/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний хэлтсийн бичиг баримтын ахлах мэргэжилтэн С.Сэлэнгийн: “...Би ТЕГ-ын мөрдөн байцаагчийн шинжилгээ хийлгэх тогтоолын дагуу шинжилгээ хийхэд К.Хуандагийн гадаад паспортын 6 дугаар хуудсанд байх 2 дахь сунгалтын 2019 гэсэн бичвэрийн 9 гэсэн тооны хэсгийг шинжилж үзэхэд цаасны гадаргуу гэмтсэн 5 гэсэн тооны дээд хэсгийг арилгаж хар өнгийн будагчтай зүйлээр дээрээс нь нэмж засварлаж 9-ийн тоо болгосон шинж тэмдэг илэрсэн. К.Хуандагийн гадаад паспортын 6 дугаар хуудсанд байх 2 дахь сунгалтын 5-ын тооны  дээд хэсгийг хусаж арилган цаасны гадаргууд гэмтэл үүсгэсэн уг хэсэгтээ хар өнгийн будагчтай зүйлээр дугуй хэлбэрээр дүрс үүсгэн нэмж зурсан байна. Уг гадаад паспортын засвар нь цаасны гадаргууд гэмтэл үүсгэсэн шинж тэмдэгт үндэслэн гар аргаар хийгдсэн засвар байна гэж үзсэн” гэсэн мэдүүлэг / хавтаст хэргийн 123-125-р хуудас/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Иргэний харьяалал шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Өмнөд бүс дэх газрын Гашуун сухайт хилийн боомт хариуцсан тасгийн дарга Т.Тайванжаргалын “Зөрчлийг шалгасан нотломж” / хавтаст хэргийн 13-р хуудас/

Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтсийн мөрдөн байцаагч, дэслэгч Э.Лхагважамцын 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Ахтай овогт Көлшигийн Хуандагийн Е1004108 дугаартай үндэсний энгийн гадаад паспортонд үзлэг хийсэн тухай тэмдэглэл / хавтаст хэргийн 52-65-р хуудас/

Тагнуулын ерөнхий газрын Увс аймаг дахь газрын ахлах мөрдөн байцаагч Б.Батболд 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын 20103-2014 оны “Бүртгэлийн дэвтэр”, “Тооцоо нийлсэн акт” гэсэн бүртгэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, хуулбарласан баримтууд / хавтаст хэргийн 66-71-р хуудас/

Ахтай овогт Көлшигийн Хуандагийн Е1004108 дугаартай үндэсний энгийн гадаад паспортыг эд мөрийн баримтаар тооцсон тухай тогтоол /хавтаст хэргийн 72-р хуудас/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний хэлтсийн бичиг хэрэг баримтын ахлах шинжээч С.Сэлэнгийн 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 3882 дугаартай дүгнэлт: Шинжилгээнд ирүүлсэн Е1004108 сери дугаартай Көлшиг Хуандаг гэх эзэмшигчтэй гадаад паспортын 6 дугаар хуудсанд байх сунгалтууд нь шинжилгээнд тэнцэнэ, Е1004108 сери дугаартай Көлшиг Хуандаг гэх эзэмшигчтэй гадаад паспортын 6 дугаар хуудсанд байх 10.01.2019 гэсэн бичвэрт 5-ын тоог 9-ийн тоо болгон засварласан /хавтаст хэргийн 117-118-р хуудас/

Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 11/8023 дугаартай албан бичиг /хх-ийн 143-р хуудас/

Ахтай овогт Көлшигийн Хуандагийн 2013 оноос хойш улсын хилээр нэвтэрсэн тухай лавлагаа /хх-ийн 154-р хуудас/

Баян-Өлгий аймгийн улсын бүртгэл, статистикийн газрын 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 603 дугаартай албан бичиг болон “Сунгалтын бүртгэлийн дэвтэр”-ийн хуулбарууд /хх-ийн 155-157-р хуудас зэрэг болно.

Дээрх баримтуудаас дүгнэхэд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна.

Шүүгдэгч К.Хуандагийг Е1004108 дугаартай хугацаа нь дууссан өөрийн эзэмшлийн энгийн гадаад паспортын 6 дугаар хуудсан дахь 10.01.2015 гэсэн сунгалтын бичвэрийн арын 5-ын тоог 9-ийн тоо болгон өөрчилж, сунгалтын хугацааг 10.01.2019 болгон хуурамчаар үйлдэж, ашигласан,

Мөн дээрх хугацааг хуурамчаар үйлдсэн Е1004108 дугаартай үндэсний энгийн гадаад паспортыг ашиглан 2016 оны 05 дугаар сарын 27, 2016 оны 05 дугаар сарын 30, 2016 оны 06 дугаар сарын 02-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтоор давтан үйлдлээр Монгол улсын хил хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч, иргэний нэхэмжлэгч Өмнөговь аймгийн Улсын бүртгэл, статистикийн улсын бүртгэлийн газрын дарга С.Бямбабаатарын “...Бид хугацаа сунгасан газраас засвар хийгээд тамга дарж баталгаажуулаагүй байж магадгүй гэж лавлахад 1 жилийн хугацаатай сунгалт хийгдсэн байна гэсэн хариуг Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн газраас мэдэгдсэн. Тэгээд энэ асуудал хуурамч бичиг баримт ашиглаж хууль бусаар хил нэвтэрсэн гээд тагнуулын байгууллагад шилжүүлсэн...” гэх мэдүүлэг,

гэрч Өмнөд бүс дэх газрын Гашуун сухайт хилийн боомтын шалгагч С.Зургаан-Одын “...2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Гашуун сухайт боомтын нүүрсний гарах чиглэлд үүрэг гүйцэтгэж байх үед К.Хуандаг шалгуулахаар ирсэн. Би үүргийн дагуу гадаад паспортыг шалгаж үзэхэд уг гадаад паспортын 2 дахь сунгалтын арын 2019 он гэсний 9-ийн тооны арын дэвсгэр нь цайрсан харагдсан. Би нарийвчлан үзэж шалгахад 9 гэсэн тооны дээр хар өнгийн балаар засаж бичсэн харагдсан, тэгээд үүргийн дагуу тасгийн дарга Т.Тайванжаргалд мэдэгдэж гадаад паспортыг хүлээлгэн өгсөн. К.Хуандагаас “та гадаад паспортоо хаана сунгуулсан бэ” гэж асуухад тэрээр “ах нь ядарсан амьдралтай хүн гээд амьдралаа яриад эхэлсэн”, бас “зүгээр миний дүү ямар нэг асуудал байхгүй, намайг явуулчих би урд нь яваад л байсан ш дээ” гэж хэлээд миний асуусан асуултад хариулахгүй байсан. Би 3 дахь удаагаа асуухад ”би хаана сунгуулснаа мэдэхгүй байна, миний хүүхдүүд паспортыг сунгуулаад надад авчирч өгсөн” гэж хэлсэн эхлээд сандарч хэсэг байгаад уцаарлаж эхэлсэн” гэх мэдүүлэг,

гэрч Өмнөговь аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч ажилтай Ш.Еркинбекийн: “...Манай гадаад паспортын сунгалтын бүртгэлд 2014 онд Көлшөгийн Хуандаг гэдэг хүн Е1004108 дугаарын паспортоо нэг жилийн хугацаагаар сунгуулж паспортын хугацаа нь 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр дуусахаар бүртгэгдсэн байна. Паспортын хугацаа нь сунгуулсан бүртгэлийн дэвтэрт бид сунгуулсан хугацаа болон дуусах хугацааг нь бичиж паспортыг эзэнд нь өгөхдөө гарын үсэг зуруулдаг юм. К.Хуандагийн хувьд гадаад паспортоо 1 жилээр сунгуулсан ба 1 жилээр сунгуулахад 2,000 төгрөгийн төлбөр төлдөг. Санхүүгийн баримтад хүртэл 2014 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр К.Хуандаг 2,000 төгрөг манай дансанд тушаасан баримт нь байна” гэх мэдүүлэг,

Тагнуулын ерөнхий газрын Увс аймаг дахь газрын ахлах мөрдөн байцаагч Б.Батболд 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэл, статистикийн газрын 2003-2014 оны “Бүртгэлийн дэвтэр”, “Тооцоо нийлсэн акт” гэсэн бүртгэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, хуулбарласан баримтууд,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний хэлтсийн бичиг хэрэг баримтын ахлах шинжээч С.Сэлэнгийн 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 3882 дугаартай дүгнэлт зэргээр хангалттай нотлогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2, 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, зохих ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

Шүүгдэгч К.Хуандаг өөрийн эзэмшлийн гадаад паспортыг 2014 онд 5 жилийн хугацаагаар сунгуулсан гэх боловч түүний мэдүүлэг нь Тагнуулын ерөнхий газрын Увс аймаг дахь газрын ахлах мөрдөн байцаагч Б.Батболдын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч Ш.Еркинбекийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр няцаагдаж байна.

Шүүгдэгч нь Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 32 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар шийтгэгдэж байсан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3 дахь хэсэгт зааснаар ялгүй болсон тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж тооцлоо.

 Шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч К.Хуандаг нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, бусдад төлөх хохирол төлбөргүй зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний хувийн байдал, амьдралын нөхцөл байдал зэргийг харгалзан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

К.Хуандаг нь цагдан хоригдсон хоноггүй, хохирол төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдвал зохино.

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан №Е1004108 дугаартай гадаад паспортыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Улсын бүртгэлийн ерөнхий газарт шилжүүлэх нь зүйтэй.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ахтай овогт Көлшийгийн Хуандагийг хууль бусаар давтан үйлдлээр Монгол улсын хил нэвтэрсэн, хугацаа нь хэтэрсэн гадаад паспортыг ашиглах зорилгоор хуурамчаар үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч К.Хуандагийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хорих, мөн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ сар баривчлах ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.Хуандагт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялд мөн хуулийн тусгай ангийн 233 дугаар зүйлийн 233.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 сарын баривчлах ялыг багтааж, түүний эдлэх ялыг 2 /хоёр/ жил хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч К.Хуандагт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн К.Хуандагийн Е1004108 дугаартай энгийн гадаад паспортыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Улсын бүртгэлийн ерөнхий газарт шилжүүлсүгэй.

6. Шүүгдэгч К.Хуандаг нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч К.Хуандагт оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол К.Хуандагт авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсгүүдэд зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.   

 10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ШҮҮГЧ                                   Ц.УРАНГУА